Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/01421

 

 

 

 

 

  

 

       2022 оны 05 сарын 09 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01421

                                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Г овогтой, Б.Б ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Э албанд холбогдох, 

           

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б..

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У.

Гэрч Г.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Б.Б нь Э албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б нь Э албаны Эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтэн ажилд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар томилогдсон. Гэтэл Э албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул шүүхэд хандаж гомдол гаргаж байна. Б.Б нь өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдэгдэж, танилцуулаагүй болно. Иймд тушаалд дурдсан “сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргасан" гэсэн нь үндэслэлгүй. Мөн Ковид-19 цар тахлын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын гаргасан чиглэлийн дагуу ажил үүргийн тусгай горимд шилжсэн үед албаны дарга Л.Н дуудаж уулзахдаа “албан хаагчид ажилдаа ирээгүй нь хамаагүй, чи яагаад ажилдаа ирдэггүй юм” гэж дайрч давшилсан. Үүний дараа 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсөн. Тушаалд шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бус, хэл амаар удаа дараа доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчсөн гэж гүтгэсэн. Би нэг ч удаа удирдах албан тушаалтантай маргаж байгаагүй, хэл амаар доромжилж үзээгүй. Би байгууллагын ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаагүй. Түүнчлэн би ажил таслаагүй бөгөөд ажлын цаг бүртгэлийн хувьд дүрэм, журмын дагуу бүртгэл явагдаагүй бөгөөд ажилчид бүгд бүртгүүлдэггүй байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Б.Б намайг Э албаны Эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

           

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э албаны Эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтэн Б.Б нь Ажлын албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаасаа халагдсан байдаг. Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтны үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлэхгүй, удирдлагатай зүй бусаар харьцах, шалтгаангүйгээр ажил таслах, ажлын албаны бусад мэргэжилтэнтэй зүй бусаар харьцах зэрэг зөрчил дутагдал гаргаж байсан зөрчилд нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Э албаны даргын Б/09 дугаар тушаалаар Э албаны Хөдөлмөрийн дотоод журмын 12.1-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Ажлын албаны даргаас Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Э албаны Эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтэн Б.Б танилцуулж байсан. Э албаны Эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтэн Б.Б нь уг тушаалтай холбогдуулан тушаалыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй. Б.Б ын хувьд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргаж, шалтгаангүйгээр ажил 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 09, 13-15, 20, 28-30-ны өдрүүдэд, 2020 оны 02 дугаар сарын 14, 17-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдөр тасалсан. Мөн шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бусаар, хэл амаар удаа дараа доромжлох, ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчих зэрэг үйлдлийг давтан гаргасан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Э албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б-02 дугаар тушаал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4431 дүгээр захирамж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01-1329 дүгээр Хариу хүргүүлэх тухай гэсэн баримтуудыг, хариуцагчаас Э албаны даргын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б-09 дүгээр тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б-02 дугаар тушаал, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А-08 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-14 дүгээр тушаал, Цаг бүртгэлийн систем нэвтрүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А-10 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Э албаны дүрэм, цагийн тооцоо, Хөдөлмөрийн гэрээ, тойрох хуудас, Ажлын албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э албаны даргын өрөөнд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Б ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Компьютер хангамжийн хэлтэст байрлах сервер компьютер дахь цагийн бүртгэлийн программын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд Б.Б гарын үсэг зурсан эсэх талаар шинжээч томилж, шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4622 дугаар дүгнэлт, гэрч Г.Баярмагнайгийн мэдүүлэг гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр Б.Б ыг ажлаас нь халсан. Б.Б нь өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдэгдэж, танилцуулаагүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргаж байгаагүй бөгөөд шалтгаангүйгээр ажил тасалж байгаагүй, цагийн бүртгэлийг хурууны хээгээр бүртгэх ажиллагаа нь мөрдөгдөж байгаагүй. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргаж, шалтгаангүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 09, 13-15, 20, 28-30-ны өдрүүдэд, 2020 оны 02 дугаар сарын 14, 17-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдөр ажил тасалсан. Мөн шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бусаар хэл амаар удаа дараа доромжилж, байгууллагын дотоод журам зөрчсөн тул түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Э албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б-02 дугаар тушаал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4431 дүгээр захирамж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01-1329 дүгээр Хариу хүргүүлэх тухай, Э албаны даргын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б-09 дүгээр тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б-02 дугаар тушаал, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А-08 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-14 дүгээр тушаал, Цаг бүртгэлийн систем нэвтрүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А-10 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Э албаны дүрэм, цагийн тооцоо, Хөдөлмөрийн гэрээ, тойрох хуудас, Ажлын албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, Э албаны даргын өрөөнд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Б ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Компьютер хангамжийн хэлтэст байрлах сервер компьютер дахь цагийн бүртгэлийн программын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд Б.Б гарын үсэг зурсан эсэх талаар шинжээч томилж, шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4622 дугаар дүгнэлт, гэрч Г.Б-ийн  мэдүүлэг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.Б нь Э албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан, улмаар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэн, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т зааснаар шүүхээс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж үзэв.

 

4.2. Ажил олгогч Энь ажилтан Б.Б ыг Эрх зүй, хууль, тогтоомжийн мэргэжилтний ажилд томилж, талууд 2018 оны 02 дугаар сарын 01ий өдөр 01 дүгээр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан талаар зохигч маргаагүй болно.

 

4.3. Э албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрмийн 2.5, Э албаны дүрмийн 2.3, хөдөлмөрийн дотоод журмын 5.7, 5.8, 5.9, 6.2.2, 7.11, 12.4-т заасныг үндэслэн Б.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргаж, шалтгаангүйгээр ажил тасалсан, шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бусаар, хэл амаар удаа дараа доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчсөн, төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр ажиллаж байгаа тул 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаас халсугай” гэжээ.

 

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Б.Б нь сахилгын зөрчил давтан гаргасан буюу 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 09, 13-15, 20, 28-30-ны өдрүүдэд, 2020 оны 02 дугаар сарын 14, 17-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдөр ажил тасалсан нь хурууны хээгээр ирц бүртгэсэн ABL программд бүртгэгдсэн баримт, цагийн тооцоо гэсэн нотлох баримтаар нотлогдоно” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр Э албаны ажилтан бүр тогтмол хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэггүй байх бөгөөд Э албаны Хөдөлмөрийн дотоод журмын 7.3-т “Ажлын цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хөтөлж, Ажлын албаны даргаар баталгаажуулна. Энэхүү бүртгэл нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно” гэж заасны дагуу Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 02, 03, 09, 13-15, 20, 28-30-ны өдрүүдэд, 2020 оны 02 дугаар сарын 14, 17-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь нотлогдохгүй байна.

 

4.5. Мөн “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Энь хэвийн байдлаар үйл ажиллагаагаа явуулаагүй болох нь нийтэд илэрхий үйл баримт болно.

 

4.6. Түүнчлэн Б.Б нь шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бусаар, хэл амаар удаа дараа доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

5. Иймд Э албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалд дурдсанаар ажилтан Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч Б.Б ыг Э албаны Эрх зүй, хууль, тогтоомжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Б.Б ын Хөдөлмөрийн гэрээний 1.3-т “...864.211 төгрөгөөр цалинжина, унаа хоолны мөнгө хоногийн 3000 төгрөг” гэж зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 43.126 төгрөгийг /2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны/ ажлын 541 хоногоор тооцож 23.331.166 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Э албанаас гаргуулан нэхэмжлэгч Б.Б од олгох нь зүйтэй болно.

 

7. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Б ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Э албанд даалгав.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э албанаас улсын тэмдэгтийн хураамжид 274.605 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ыг Э албаны Эрх зүй, хууль, тогтоомжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э албанаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23.331.166 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б од олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Э албанд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э албанаас улсын тэмдэгтийн хураамжид 274.605 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД