Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00711

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00711

 

Д.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00512 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2018/06236 дугаар захирамжаар Д.С-, А.М- нараас 42 092 784 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Барьцааны хөрөнгө болох Д.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29-210 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016354 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж үнэлгээ тогтоосон. Тус үнэлгээний мэдэгдлийг ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч В.Д 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ХЭ ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан-тай танилцаж хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, хотын төвдөө ордог, өндөр үнэтэй зарагддаг 2 өрөө орон сууцыг 82 247 300 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд үнэлгээ нь хэт бага, миний хувийн өмчийг хямдаар үнэлэн хохироож байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 6236 дугаар шийдвэрээр Д.Б-, Д.С-, А.М- нараас 42 077 784 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Б-од Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20380596/07 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016354 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 байр, 210 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19261694/01 тоот тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй хамтран хариуцагч Д.С-, А.М- нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр улсын хилээр гадаадад гарсан бүртгэл авагдсан бөгөөд мэдэгдлийн хугацаанд 11 007 000 төгрөг төлж барагдуулсан болон 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19261694/04 дугаар тогтоолоор барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, талуудад үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-630 дугаар албан бичгээр хариу ирүүлж, талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9-447 дүгээр шинжээч томилох тогтоолоор ХЭ ХХК-ийн захирал, үнэлгээчин 202006003 дугаар тусгай зөвшөөрөлтэй Б.Б-г томилон, эрх үүргийг тайлбарлан өгч, дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш албан тоот, үнэлгээний тайлангаар 82 247 300 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар талууд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 4-189/34635, 4-189/34636, 4-189/34634 дугаар албан бичиг, үнэлгээний тайланг хуулбарлан үнэлгээг мэдэгдэж, эрх үүргийг танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205016354 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 210 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэн бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ХЭ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд Д.Б-ын өмчлөлийн хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, хотын төвдөө ордог, өндөр үнэлгээтэй зарагддаг 2 өрөө орон сууцыг 82 247 300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хэт бага, хямдаар үнэлсэн. Тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 90 000 000 төгрөгөөс дээш үнэлгээтэй, энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 42 077 784 төгрөгийг гаргуулахаар А ХХК нэхэмжилснийг хариуцагч Д.С-, А.М-, Д.Б- нар хүлээн зөвшөөрч, 2018 оны 4 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд Д.Б-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 210 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016354 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2018/06236 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. /хх46-48/

 

Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/12958 дугаар шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 101/ГХ2019/01075 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх43-44, 49-50/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага зээлийн барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 210 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016354 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19261694/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19261694/04 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч Д.Б-, Д.С-, А.М- нар нь 180 000 000 төгрөг гэсэн санал гаргасан, /хх70/ харин А ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй байна. /хх77/ Талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлгээ хийлгэхээр ХЭ ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор томилжээ. /хх78/

 

Томилогдсон шинжээч 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 210 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016354 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 82 247 300 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4-189/34634, 4-189/34635, 4-189/34636 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.

/хх85-99, 100, 102, 103/

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Үнэлгээг ижил байршил дахь тухайн үед худалдан борлуулахаар зарлагдсан орон сууцны үнэлгээтэй харьцуулан, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, насжилт, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан зах зээлийн хандлагаар тогтоосон талаар үнэлгээний тайланд тусгагджээ.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч дээрх аргачлал, дүгнэлтийг баримтаар няцаагаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул түүний шаардлагаар үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн төлбөр төлөгч Д.Б- нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л-гээр дамжуулан 2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй танилцсан /хх-104/ байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг шүүхэд 7 хоногт буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөрт багтаан гаргах ёстой.

 

Д.Б-ын нэхэмжлэлийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан /хх-1/, шүүх хуралдаанд мөн өдөр нэхэмжлэл гаргасан /хх-107/ талаар тодруулсан байх тул хуульд заасан хугацаанд багтаан нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ