Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00729

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00729

 

Т ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00418 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч ШО ХХК, А.О-, Ч.Б-, МО ХХК, ЗБДС-д тус тус холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 104 138 063 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагч МО ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БМБД ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-ын өмгөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ШО ХХК, А.О- нар нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 1 000 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхээр зорилгоор авсан. Зээлдэгч нар зээл авсан өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж зээлийг төлөөгүй нийт 296 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан. Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх шугамын зээлийн үндсэн зээлийн төлбөр 999 709 694.47 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 170 383 399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12 369.42 төгрөг, нийт 1 170 105 463 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Мөн зээлдэгч ШО ХХК, А.О- нар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 850 000 000 төгрөгийг сарын 1.008 хувь буюу жилийн 12.12 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай төслийн зээл авсан. Зээлдэгч нар зээл авсан өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг нийт 286 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 850 000 000 төгрөг, хүү 83 958 600.15 төгрөг, нийт 933 958 600.15 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Хариуцагч ЗБДС- болон Т ХХК, зээлдэгч ШО ХХК-ууд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлан даалтын гурвалсан гэрээгээр зээлдэгч ШО ХХК, Т ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1090/18/91 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу олгогдсон 850 000 000 төгрөгийн зээлийн 58.82 хувь буюу 499 970 000 төгрөгт хариуцагч ЗБДС- батлан даалт гаргасан. Дээрх зээлийн гэрээний 2.2, 3.2 заасан үүргүүдийн хүрээнд зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцох ба дээрх гэрээнүүдийн аливаа заалтыг зөрчсөн бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж зээл хэвийн төлөгдөхгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг удаа дараа зээлдэгчид өгсөн. Гэвч хариуцагч ШО ХХК, А.О- нар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1090/18/91 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир хамтран ажиллаж зээлийг төлүүлэх, батлан даагчийн зүгээс арга хэмжээ авч ажиллах мэдэгдлийг хариуцагч ЗБДС-д хүргүүлсэн. Мөн хариуцагч ШО ХХК нь зээлээ төлөлгүй 400 хоног өнгөрсөн, банк удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг хүргүүлсэн. Улмаар барьцаа хөрөнгө, батлан даалтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, хариуцагч ЗБДС-гийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг бий болсон ба энэ дагуу банкнаас нэхэмжилсэн боловч татгалзсан хариу авсан. ЗБДС-гийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар ямар зорилгоор байгуулагдсан, хэнд хэдэн төгрөгийн батлан даалт гаргах, батлан даах хэмжээгээр дүрмийн сангийн хэмжээг тодорхойлж тусгасан зэрэг нь тодорхой байна.

Иймд дээрх зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч ШО ХХК, А.О- нараас 2018 оны 9 дүгээр дүгээр 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зээлийн үндсэн үлдэгдэл 999 709 694.47 төгрөг, хүүгийн төлбөр 170 383 399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12 369.42 төгрөг, нийт 1 170 105 463 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан төслийн зээл 850 000 000 төгрөгөөс хариуцагч ЗБДС-гаас батлан даалтын гурвалсан гэрээгээр хүлээсэн үүрэг болох 499 970 000 төгрөг, хариуцагч ШО ХХК, хамтран зээлдэгч А.О- нараас үлдэх 350 030 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 83 958 600.15 төгрөг, нотариатын зардал 74 000 төгрөг, нийт 434 062 600 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл, хариуцагч ШО ХХК, А.О- болон тухайн зээлүүдийг батлан даасан хариуцагч Ч.Б-, МО ХХК нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд тус тус 1 604 168 063 төгрөг, хариуцагч ЗБДС-гаас 499 970 000 төгрөг, нийт 2 104 138 063 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн хариуцагч Ч.Б-, МО ХХК нарт холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийг шаардсан тул тэдгээрээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зээлийн үндсэн үлдэгдэл 999 709 694.47 төгрөг, хүүгийн төлбөр 170 383 399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12 369.42 төгрөг, нийт 1 170 105 463 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан төслийн зээлийн 350 030 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 83 958 600.15 төгрөг, нотариатын зардал 74 000 төгрөг, нийт 434 062 600 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хэрэв зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн барьцааны гэрээний зүйлс болох хариуцагч МО ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204096072 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж 27 тоот хаягт байршилтай, оффиссийн зориулалттай 233.7 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Ү-2204096073 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж, 27/1 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай 375.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ч.Б-гийн өмчлөлийн нэгж талбарын 18660303671742 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал дунд даваа 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, 25 000 м.кв талбайтай газрын эзэмших эрх, мөн улсын бүртгэлийн Ү-2206032380 дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 9/7А тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай хувийн сууц,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээний зүйлс болох хариуцагч Ч.Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205017674 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27 тоот хаягт байршилтай, цэцэрлэгийн зориулалттай 264.99 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-ын өмчлөлийн нэгж талбарын 18639311577761 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27 тоот хаягт байршилтай, 189 м.кв талбайтай газрын эзэмших эрх, хариуцагч МО ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204096072 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж, 27 тоот хаягт байршилтай оффиссийн зориулалттай 233.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Ү-2204096073 дугаартай Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж, 27/1 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай 375.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18660303671742 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал дунд даваа 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, 25 000 м.кв талбайтай газрын эзэмших эрх, Улсын бүртгэлийн Ү-2206032380 дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 9/7А тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч ШО ХХК, А.О- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ШО ХХК, А.О- нартай хамт 2018 онд нэхэмжлэгч Т ХХК-аас 1 000 000 000 төгрөг, мөн 850 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан. 850 000 000 төгрөгөөр цагаан будаа цайруулах үйлдвэр барьсан, харин 1 000 000 000 төгрөгийг БНХАУ-аас импортолсон цагаан будаа импортлох зорилготой авсан боловч 2019 оны 1 дүгээр улиралд импорт хариуцсан компанийн үйл ажиллагаанд доголдол үүссэн учраас зээлийг төлөх чадваргүй болсон. Энэ талаар нэхэмжлэгч Т ХХК-д албан бичгээр мэдэгдсэн. Манай компани 2019 оны 12 дугаар сард цагаан будаа импортлох чөлөөтэй нэвтрэх эрх үүссэн ба эхний импортын цагаан будаа ирж байхад Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас Сүхбаатар аймгийн Бичилтийн боомт бүр хаагдсан. Уг боомтод 1 300 000 000 төгрөгийн цагаан будаа өнөөдрийг хүртэл гацсан байдалтай байна. БНХАУ-д боомт хаагдсан тухай хүсэлт өгөхөөр зөвхөн Бичилтийн боомтоор импорт хийгдэх ёстой гэх тайлбарыг өгдөг. Төслийн зээлийн хувьд зориулалтын дагуу зарцуулж үйлдвэрээ барьсан бөгөөд үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд 1 800 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Анх газраа зээлийн барьцаанд тавих үед БМБД ХХК-д 2 эзэмшигч байсан. Миний бие цагаан будаа цайруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын дотоод хэрэгцээг 100 хувь хангах чадвартай төслийг эхлүүлсэн. Бид ОХУ-д очиж цагаан будааны үр тариалж, 2019 онд тариалан эрхэлж байсан БНХАУ-ын иргэд хил нэвтрэх боломжгүй болж өнөөдрийг хүртэл тариалалтаа явуулж чадахгүй гацсан байгаа. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хувьд 840 000 000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан байсан ба 600 000 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрт шилжүүлж, 240 000 000 төгрөгийн төлбөрийг импорт зогссонтой холбоотойгоор шилжүүлээгүй байсан. Цар тахалтай холбоотойгоор Бичилтийн боомтоос 3 000 тонн цагаан будаа импортолж ирүүлэх зөвшөөрлөө ашиглаж чадаагүй. Цагаан будаа цайруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар эдийн засгийн нөөц бололцоо өндөр болох нь харагдаж байсан. Уг үйлдвэрт өнөөдрийн яригдаж байгаа 2 зээлийн төлбөр болох 1 850 000 000 төгрөгөөс гадна өөрийн хөрөнгөөр нийт 3 000 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Манай компанид хугацаа хэрэгтэй, бид эргэлтийн хөрөнгөгүйгээс болж зогсоогүй, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил гаалийн хориг тогтсонтой холбоотойгоор зогссон. Сүхбаатар аймгийн Бичилтийн боомтоос очоод өөрсдөө ачаагаа авъя гэхээр зөвхөн газрын тос болон хүнсний бүтээгдэхүүнийг л нэвтрүүлдэг. Цагаан будааны хадгалах хугацаа нь 3 жил байдаг. Хил гаалийн харилцаа хэвийн хэмжээнд ажиллахад бид нар зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулах боломжтой. Нэгэнт импортлоход бэлэн байгаа цагаан будаагаа өөр боомтоор дамжуулан авъя гэхээр анх хилээр нэвтрүүлэх бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт хийгдсэн боомтоор нэвтрүүлэх боломжтой гэсэн хариу өгдөг. Бид сарын 5 000 юанийн төлбөр төлж хилийн цаана байгаа агуулахад хадгалдаг бөгөөд зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу зээлээ зарцуулсан учраас зөрчил гаргаагүй. Хонхорт байрлах үл хөдлөх эд хөрөнгө 600 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгө бус харин 1 800 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт хийгдсэн ирээдүйн үйлдвэрлэлтийн хотхон болохоор төлөвлөсөн газар байдаг. Эвлэрэн хэлэлцэж тодорхой хугацаа олгохыг хүсэж байна. Үйл ажиллагаа хэвийн горимд ажиллаж байх үедээ сард 60 000 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийн ашигтай ажилладаг. Тэгэхээр уг хоёр зээлийг бүрэн төлөх чадвартай гэж үзэж байна. Би 2021 оны 11 дүгээр сар хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулах боломжтой хувилбараар зээлийн эргэн төлөлтийн график гаргасан. Хэрэв уг эвлэрлийн гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Бид өөрийн амьдарч байгаа орон сууцаа худалдан борлуулж газраа чөлөөлж авах саналыг бүх боломжит хувилбараар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгч хүлээж аваагүй гэжээ.

 

Хариуцагч МО ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БМБД ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МО ХХК, БМБД ХХК-ууд зээлийн үүргийг барьцаа хөрөнгийн батлан даагчаар оролцсон. Зээлийн эргэн төлөлт ямар шалтгааны улмаас доголдсон талаар хариуцагч тодорхой тайлбарласан. 1 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 24 сар, 850 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 96 сар гэж тус тус тохирсон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй, мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг зохих ёсоор төлөх боломжгүй байгааг харгалзаж үзэхгүйгээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч өөрийн буруугүй үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг зөрчсөнд тооцохгүй байхаар зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар Хонхорын хөндийг ажлын байраар хангаж, тэнд байрлах бүх айлыг тог цахилгаанаар хангадаг гэжээ.

 

Хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай сан нэхэмжлэгч Т ХХК-ийн харилцагч ШО ХХК, А.О- нарын 850 000 000 төгрөгийн зээлийн 58.82 хувьд батлан даалт гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан. Уг батлан даалтын гурвалсан гэрээний 1.4, 1.5, 2.2, 2.3-д Т ХХК болон ЗБДС-гийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээнүүдийн талаар дурдаж, манай байгууллагаас батлан даалтын үүргийг гүйцэтгэхдээ батлан даалтын ерөнхий гэрээг баримтлахаар тохирсон. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн батлан даалтын гурвалсан гэрээгээр 850 000 000 төгрөгийн зээлийн гэрээний 58.82 хувийн батлан даалт гаргасан ч батлан даалтын үүрэг гүйцэтгэх тодорхой нөхцөл заасан. Гэтэл уг гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй байна. Ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангах, ямар нөхцөл бүрдээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангахгүй байх талаар 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээнд заасан. Батлан даалтын гурвалсан гэрээ нь зөвхөн хариуцагч ШО ХХК, А.О- нарын 850 000 000 төгрөгийн зээлийн 58.82 хувийн батлан даасан. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр батлан даалтын ерөнхий гэрээний нөхцөлийг талууд тохиролцсон. Энэ хэрэг маргааны хувьд Т ХХК-д шаардах эрх үүссэн эсэхийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн батлан даалтын гэрээний ерөнхий шаардлагыг шалгах шаардлагатай. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн батлан даалтын ерөнхий гэрээний 2.3б.1, 2.3б.2, 2.4с, h хавсралтын 1.1.2, .1.2, 1.12, 1.12.1 заалтуудад тусгайлан зохицуулсан. Тухайн 2.3б.1, 2.3б.2 заалтууд нь батлан даалтын үүргийн гүйцэтгэлийн 50 хувийг урьдчилгаа байдлаар тодорхой нөхцөл хангагдсаны дараагаар төлж барагдуулна, зээлийг төлөлт хийх талаар мэдэгдэх, уулзах гэх мэт ажиллагаа хийгдсэний дараагаар үүргийн гүйцэтгэл урьдчилгаа 50 хувийг төлж барагдуулна. Үлдэгдэл төлбөрийг зээлийн шаардлагатай баримт бичгийг батлан даалтын санд хүргүүлснээр төлөлт хийгдэх юм. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлдэгч зээлийн төлбөрөө төлөх ямар ч боломжгүй болсон тохиолдолд ЗБДС- үүссэн эрсдэлийн 60 хувийг хариуцаж, 40 хувийн эрсдэлийг банк хариуцахаар тохирсон заалт талууд хооронд байгуулсан гэрээнд байдаг. Урьдчилгаа 40 хувийг нэхэмжлэгч Т ХХК нь ЗБДС-гаас нэхэмжлээгүй байж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхэд иргэний хэрэг үүссэний дараагаар гэрээнд заасан 60 хувийг төл гэсэн нэхэмжлэл хүргүүлсэн. ЗБДС-гаас уг үйлдлийг нэгэнт шүүхэд иргэний хэрэг үүссэн байгаа учраас шүүхээр шийдвэрлэхээр болсон тухай хариуг өгсөн. Батлан даалтын гэрээ, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа учраас нийт дүнгээр нь хариуцагч нар нэхэмжлэгч Т ХХК-д төлөх ёстой. Батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй. Хэн нь хэдэн төгрөг төлөх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ нөхцөл байдал нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараагаар үлдэх төлбөрийн 60 хувийг ЗБДС- төлж, үлдэх 40 хувийг банк өөрөө хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 850 000 000 төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөөр хангах этгээдээр оролцсон. Уг барьцаа хөрөнгийг хариуцагч Ч.Б-д 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн өгсөн. Тус барилгыг барьцаа хөрөнгөөр хангуулах холбоотойгоор 189 м.кв газар эзэмших эрхийг зээлийн барьцаанд тавьсан. Талуудын хооронд хэлцэл хийгдэж 450 000 000 төгрөгөөр цэцэрлэгийн барилгыг худалдан борлуулсан. Манай зүгээс хариуцагч ЗБДС-гийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Учир нь, Д.О-ын хувьд Ч.Б-гийн үйл ажиллагааны талаар мэдэж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэвч нэхэмжлэл гаргах үед хамгийн түрүүн БНХАУ-д ковид 19 вирус тархаж хил хаагдсан ба зээлийн гэрээг 96 сарын хугацаатайгаар байгуулсан байгааг анхаарах ёстой. Хэрэв 3 200 000 000 төгрөгийн цагаан будаа байгаа бол тухайн үйл ажиллагаатай холбоотой гаалийн мэдүүлэг гэх мэт баримтыг цуглуулсан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан байх гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус үндэслэн хариуцагч ШО ХХК, А.О- нараас 1 475 996 806.75 төгрөгийг, хариуцагч ЗБДС-гаас 499 970 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128 171 256.36 төгрөгт холбогдох болон хариуцагч Ч.Б-, МО ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ШО ХХК, А.О-, ЗБДС- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч.Б-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27 тоот хаягт байрлах Ү-2205017674 тоот улсын бүртгэлийн дугаартай 264.99 м.кв талбайтай цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-ын эзэмшлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27 тоот хаягт байрлах 18639311577761 нэгж талбарын дугаартай цэцэрлэгийн зориулалттай 189 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын эрх, хариуцагч МО ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж, 27 тоот хаягт байрлах Ү-2204096072 тоот улсын бүртгэлийн дугаартай 233.7 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус компанийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж, 27/1 тоот хаягт байрлах Ү-2204096073 тоот улсын бүртгэлийн дугаартай, 375.5 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БМБД ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал, дунд даваа 2 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах 18660303671742 нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай 25,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын эрх, хариуцагч Ч.Б-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 9/7А тоот хаягт байрлах Ү-2206032380 тоот улсын бүртгэлийн дугаартай 242 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 748 840.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШО ХХК, А.О- нараас 7 608 134 төгрөг, хариуцагч ЗБДС-гаас 2 675 800.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т ...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодогдсон 168 838 250.99 төгрөгийн хүүнээс 84 419 125.49 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодогдсон бөгөөд төлөх ёстой 83 675 973.58 төгрөгийн зээлийн хүүнээс 41 837 986.79 төгрөгийг тус тус хасч тооцох нь дээр дурдсан нөхцөл байдалд нийцнэ гэжээ. Хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ямар заалтыг удирдлага болгосон нь тодорхойгүйгээр 2 зээлийн хүүний 50 хувь буюу нийт 128 171 256.36 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Т ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ШО ХХК, ЗБДС- нарт холбогдуулан хоёр зээлийн үлдэгдэл 2 104 064 063 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн хамтран хариуцагчаар хамтран зээлдэгч А.О-, батлан даагчаар иргэн Ч.Б-, МО ХХК, гуравдагч этгээдээр барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.О-, БМБД ХХК нарыг татан оролцуулсан. Шүүх хуралдаан хариуцагч талаас шалтгаалан олон удаа хойшилж 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан бөгөөд 389 хоногийн дараа буюу нэг жил, 33 хоногийн дараа шийдвэр гарсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 850 000 000 төгрөгийн сарын хүү нь 1.008 хувь буюу 8 568 000 төгрөг, нэг жилийн хүү 102 816 000 төгрөг байна. Харин 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 1 тэрбум төгрөгийн сарын хүү 1.6 хувь буюу 16 000 000 төгрөг, жилийн хүү 192 000 000 төгрөг байна. Нийт 294 816 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан болох хүртэл нэхэмжлэх боломжтой байсан ч банкнаас энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэлгүйгээр зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр байтал шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр бичмэл нотлох баримт байхгүй байхад зээлийн хүү 128 171 256.36 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ШО ХХК нь зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэх, будаа цайруулах, будааны бизнес нь ковид-19-ийн нөхцөл байдалтай холбоотой эсэх, үйлдвэр барьсан эсэх, хийлийн цаана их хэмжээний будааны татан авалт нь үлдсэн талаарх баримтууд байхгүй атал Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шүүхэд хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 холбоотойгоор 2019 оны 12 дугаар сараас эхлэн зарим улс оронд бүртгэгдэж, 2020 оны 02 дугаар сараас эхлэн манай улс хилээ хаасан боловч бараа, материал түүний татан авалт, нийлүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд одоо ч энэ төрлийн үйл ажиллагаа огт хаагдаагүй. Мөн банкны зүгээс зээлдэгчийн зээлийн хүүг бүтэн 398 хоног нэхэмжлээгүй, нийт 294 800 000 төгрөгийг нэхэмжлээгүй нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж үзэж болно. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хүү хассан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй бөгөөд маргааныг бодит үнэнийг тогтоохдоо ...хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож буй Батлан даалтын ерөнхий гэрээнд дүгнэлт хийлгүй, хамтран хариуцахаар батлан даалт гаргасан байна гэсэн ерөнхий дүгнэлт хийж, хамтран хариуцагч ЗБДС-гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

ЗБДС- Т ХХК-ийн харилцагч ШО ХХК-ийн зээлд батлан даалт гаргахдаа талуудтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулсан. Уг батлан даалтын гэрээ нь Батлан даалтын ерөнхий гэрээний хүрээнд хийгдэж байгаа тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийн талаар дэлгэрэнгүй тусгаагүй, үүрэг гүйцэтгэх нөхцөлд ерөнхий гэрээг баримтлахаар 2.2-т заасан. Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа удаа дараа энэ талаар тайлбарлаж мэтгэлцсэн байхад шүүхээс буруу дүгнэсэн байна. Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3.b, 2.3.b(ii), 2.4.с, Н.1.2.5, Н.1.12, Н.1.12.1 заалтуудад Зээлийн үндсэн төлбөрийн хугацаа 90-ээс дээш хоногоор хэтэрсэн тохиолдолд батлан даалтын дүнгийн урьдчилгаа 50 хувийг ЗБДС- төлнө, үлдсэн 50 хувийг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа төлнө. ЗБДС-гийн төлөх нийт дүн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараах дүнгийн 58.82 хувь байх талаар тохиролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Шүүх Батлан даалтын ерөнхий гэрээний холбогдох заалтын талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн ЗБДС-гаас 499 970 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МО ХХК, ШО ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БМБД ХХК-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

Хариуцагчийн зүгээс шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны дагуу хариуцагч ШО ХХК, А.О- нараас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 999 709 694.47 төгрөг, зээлийн хүү 84 419 125.49 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн 41.8 хувь буюу 350 030 000 төгрөг, хүү 41 837 986.79 төгрөг нийт 1 475 996 806 төгрөгийг тус тус гаргуулан шийдвэрлэснээс нийт хүү 126 257 112 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нарын зүгээс цагаан будаа импортлох бизнесийн үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрхлэх боломжгүй болсон бөгөөд 2019 оны 12 дугаар сард цар тахлын анхны тохиолдол БНХАУ-д илэрч 2020 оны 01 дүгээр сараас эхлэн гадаад улсруу зорчих боломжгүй болж Монгол Улсын хил дээр нийт 3000 тонн орчим импортын цагаан будаа гацаж өдрийн 5 000 юань төлж агуулахад хадгалуулж байгаа болно. Энэ нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн заасан хуулийн заалтын дагуу зээлдэгч нарыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж үзэх боломжгүй. Гэвч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан хоёр зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас нийт 126 257 112 төгрөгийн хүү гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Коронавируст халдвар /ковид-19/-ын дар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлан дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн агуулга нь дэлхий нийтийг хамарч цар тахал гарсантай холбогдуулан эдийн засгийн аюулгүй байдлыг ханган бизнес эрхлэгчдийг дэмжих, хамгаалах талаар зохицуулсан бөгөөд тус хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна.

Мөн хариуцагч ЗБДС-гаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн 52.82 хувийг 499 970 000 төгрөгөөр тооцон шийдвэрлэсэн нь буруу. Дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 850 000 000 төгрөг, хүү 41 837 986.79 төгрөгийн үүргийг тус тус гүйцэтгэх ёстой гэж үзсэн боловч хариуцагч ЗБДС-гаас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нийт гүйцэтгэх үүргийн 52.82 хувийг хариуцах ёстой атал гагцхүү үндсэн зээлээс хариуцна хэмээн дүгнэж хүүг бүхэлд нь хариуцагч ШО ХХК, А.О- нараас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрээр хариуцагч ШО ХХК, А.О- нараас зээлийн гэрээний хүүд 126 257 112 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 999 709 694.47 төгрөг, зээлийн хүү 170 383 399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 369.42 төгрөг, нийт 1 170 105 463 төгрөгийн төлбөрийг, нотариатын зардал 74 000 төгрөгийн хамт зээлдэгч ШО ХХК, А.О-, Ч.Б- нар болон батлан даагч Ч.Б-, МО ХХК-аас,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 850 000 000 төгрөгийн 41.18 хувь болох 350 030 000 төгрөг, зээлийн хүү 8 958 600 төгрөг, нийт 433 988 600,15 төгрөгийг зээлдэгч ШО ХХК, А.О- нар болон батлан даагч Ч.Б-, МО ХХК-аас,

850 000 000 төгрөгийн 58.82 хувь буюу 499 970 000 төгрөгийг хариуцагч ЗБДС-гаас тус тус гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч ШО ХХК, А.О- нар нь үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрсөн, харин дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Хятад ард улсын хилээр цагаан будаа оруулах боломжгүй нөхцөл байдал үүсч, төлөвлөсний дагуу төслөө хэрэгжүүлж чадаагүй нь өөрөөс шалтгаалаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

1/ Т ХХК болон ШО ХХК, Ч.Б-, А.О- нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 1090/18/33 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Т ХХК нь 1 000 000 000 төгрөгийг сарын 1.6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 1090/18/91 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 850 000 000 төгрөгийг сарын 1.008 хувь, жилийн 12.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай бизнесийн төслийн зээлийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, дурдсан хоёр гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна. /хх1-11-13, 31-34/

 

Зээлдүүлэгч Т ХХК нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 850 000 000 төгрөгийг ШО ХХК-ийн дансанд тус тус шилжүүлжээ. /хх1-79, 81/

 

Зээлдэгч нар нь 1 000 000 000 төгрөгийн зээлийн хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд ашиглаж, үндсэн зээлийг хугацааны эцэст, зээлийн хүүг сар бүрийн 10-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 57 843 835.62 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 233 579 200.81 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 121 627 269.10 төгрөг, нийт 413 050 305 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байжээ. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 300 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 112 760 000 төгрөгийн зээлийг тус тус нэмж авч, зээлийн үлдэгдэл нь 999 709 694.47 төгрөг болсон, зээлийн хүүд 69 788 779.37 төгрөгийг төлжээ. /хх1-79-85/

 

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээгээр 850 000 000 төгрөгийн зээлийг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 96 сарын хугацаатай зээлж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сар тутам 8 749 643.26 төгрөгийн хүүг, энэ өдрөөс хойш 16 661 900 төгрөгийн зээл, зээлийн хүүг сар бүрийн 20-ны өдөр тогтмол төлөх үүрэг хүлээсэн ч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, 850 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн хүүд 23 012 851 төгрөг төлсөн байна.

 

Дээрхээс үзвэл зээлдэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй байх бөгөөд зээлдүүлэгч тал нь зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгах мэдэгдлийг зээлдэгчид удаа дараа хүргүүлж, зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, гэрээний үүргийн зөрчлийг арилгах боломжтой эсэхээр зээлдэгч талтай 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, мөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 8 дугаар сарын 26-ны өдөр тус тус уулзаж, зээл хугацаандаа төлөгдөхгүй байгаа шалтгаан, цаашид зөрчлийг арилгах боломжтой эсэх талаар харилцан санал гаргаж, ярилцсан ч үр дүн гараагүй байна. /хх1-104-136/

 

Иймд үүргээ зөрчсөн талд зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоож, боломж олгосон боловч үр дүн гараагүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан зээлийн эргэн төлөлтийн тооцооллын баримтад үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хүүгийн хэмжээг 238 627 030.36 төгрөг гэж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хүүгийн хэмжээг 106 688 825.49 төгрөг гэж дүгнэсэн шүүхийн тооцоолол баримтад үндэслэгдсэн байна.

 

Иймд төлбөл зохих зээлийн хүүгийн дүнгээс зээлдэгчийн гэрээ тус бүрт төлсөн 69 788 779.37 төгрөг болон 23 012 851.88 төгрөгийг хасч, 238 627 030.36 төгрөг/168 838 250.99 +83 675 973.58/-ийн хүүгийн төлбөрийн үлдэгдлийг, үндсэн зээлийн хамт төлүүлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийг хүүгийн хамт буцаан төлөх гэрээний үндсэн үүрэг болно.

 

Зээлдэгч ШО ХХК, Ч.Б-, А.О- нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн шалтгааныг цагаан будааг БНХАУ-аас импортолж чадахгүй байгаа нь Хятад улсын хил хаасантай холбоотой өөрөөс шалтгаалаагүй гэж тайлбарласан нь гэрээний үндсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд төлбөл зохих зээлийн хүүгийн 50 хувийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл болгосон зээлийн хүүг нэхэмжлэх нь зээлдэгчийн үйл ажиллагаанаас олсон орлогоос нь зээлийнхээ үр шимийг хүртэх агуулгыг илэрхийлсэн зээлийн гэрээний зарчимд нийцэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцэхгүй.

 

Иймд хоёр зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд төлбөл зохих нийт 238 627 030.36 төгрөгийн 50 хувийг төлбөл зохих төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлгүй бөгөөд 128 171 256.36 төгрөгийн хүү нэмж гаргуулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй, харин хүү төлөхгүй гэх үндэслэлээр 128 171 256.36 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 12 369.42 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд шаардсан нь зээлдэгчийн хариуцлагад хамаарах бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэлэн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцжээ. Мөн нотариатын зардалд 74 000 төгрөг шаардсаныг гэрээний үүргээ зөрчсөнөөс гарсан хохирол гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасанд нийцэх бөгөөд шүүхийн дурдсан дүгнэлтийг нэхэмжлэгч эсэргүүцээгүй болно.

 

2/ Т ХХК-ийн ЗБДС- болон ШО ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1090/18/91-04 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ-гээр ЗБДС- нь зээлийн 850 000 000 төгрөгийн 58,82 хувьд батлан даалт гаргасан байна. /хх1-72-75/

 

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд үндсэн зээл болох 850 000 000 төгрөгийн 58.82 хувь болох 499 970 000 төгрөгийг ЗБДС-гаас нэхэмжилснийг шүүх хангасан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Зээлдэгч Т ХХК болон ЗБДС, зээлдэгч ШО ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 2.1-т батлан даагчийн батлан даах хэмжээг олгогдсон зээлийн 58.82 хувь гэж талууд харилцан тохиролцож тогтоожээ. /хх1-72-75/

 

Иймд зээлдүүлэгч Т ХХК нь гэрээний дээрх заалтын дагуу 499 970 000 төгрөгийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсгийг Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж зааснаар ЗБДС-гаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн батлан даалтын ерөнхий гэрээний 2.3. Батлан даалтын үүргийг гүйцэтгэх хэсгийн а/-д заасан зээл төлөх чадваргүй байдал бий болж, үргэлжилж байгаа, зээл төлөх чадваргүй байдал бий болсон өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн урьдчилсан нөхцлүүд хангагдсан, Төрийн банкнаас Батлан даалтын үүрэг гүйцэтгүүлэх нэхэмжлэх-ийг ЗБДС-д хүргүүлсэн, Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ гэсэн хуулийн шаардлага хангагдсан байна. /хх1-163, 225/

 

Иймд хариуцагч ЗБДС-гаас хууль болон батлан даалтын гэрээний дагуу 499 970 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэл бүхий гэж үзэх бөгөөд батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

3/ Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч тал биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, МО ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204096072 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж 27 тоот хаягт байршилтай, оффиссийн зориулалттай 233.7 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө /хх1-62/, мөн улсын бүртгэлийн Ү-2204096073 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж, 27/1 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай 375.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /хх1-63/, Ч.Б-гийн өмчлөлийн, нэгж талбарын 18660303671742 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал дунд даваа 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, 25 000 м.кв талбайтай газрын эзэмших эрх, мөн улсын бүртгэлийн Ү-2206032380 дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 9/7А тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай хувийн сууцыг /хх1-64/, БМБД ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал, дунд даваа 2 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах нэгж талбарын 18660303671742 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 25 000м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг /хх1-14-25, хх2-40/ тус тус барьцаалсан.

 

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор мөн өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, Ч.Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205017674 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27 тоот хаягт байршилтай, цэцэрлэгийн зориулалттай 264.99 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /хх1-61/, Д.О-ын өмчлөлийн нэгж талбарын 18639311577761 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27 тоот хаягт байршилтай, 189 м.кв талбайтай газрын эзэмших эрх /хх1-67/, МО ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204096072 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж, 27 тоот хаягт байршилтай оффиссын зориулалттай 233.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /хх1-62/, мөн улсын бүртгэлийн Ү-2204096073 дугаартай Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал /13140/ гудамж, 27/1 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай 375.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /хх1-63/, БМБД ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал дунд даваа 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18660303671742 дугаартай, 25 000 м.кв талбайтай газрын эзэмших эрх /хх1-65/, Ч.Б-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206032380 дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 9/7А тоот хаягт байршилтай, 242 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан байна.

 

Дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн бичгээр байгуулах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

Барьцааны гэрээний зүйлд БМБД ХХК, МО ХХК, Д.О- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх багтсан, барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш компанийн эрх бүхий этгээд өөрчлөгдсөн байгаа нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болох зохицуулалтыг зөрчихгүй, шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

 

Хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4/ Мөн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1090/18/33 дугаартай зээлийн гэрээний үүргээ зээлдэгч тал биелүүлээгүй тохиолдолд МО ХХК, Ч.Б- нар нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцаж барагдуулах нөхцөл бүхий 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1090/18/33-02, 1090/18/33-3 дугаартай батлан даалтын гэрээг Т ХХК-тай байгуулсан байна. /хх1-26-29/

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1090/18/91 дугаартай зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд МО ХХК болон Ч.Б- нар нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцаж барагдуулах нөхцөл бүхий 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1090/18/91-02, 1090/18/91-3 дугаартай батлан даалтын гэрээг Т ХХК-тай байгуулжээ. /хх1-53-56/

 

Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө өөрийн үүрэгтэй холбоотой батлан даалт гаргах боломжгүй, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийн Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэсэн зохицуулалтад нийцэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэн хариуцагч Ч.Б-, МО ХХК нарт 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 999 709 694.47 төгрөг, зээлийн хүү 84 419 125.49 төгрөг, нийт 1 168 547 945.46 төгрөгийг зээлдэгч ШО ХХК, А.О- нартай хамтран хариуцах үндэслэлгүй гэж Ч.Б-, МО ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон, зохигчид шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийг хангасан хэсгийн мөнгөн дүнгийн хэмжээг 1 604 168 062 төгрөг болгон өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамж хуваарилсныг мөн өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ШО ХХК, А.О- нар болон ЗБДС-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 475 996 806.75 төгрөгийг гэснийг 1 604 168 062 төгрөгийг гэж өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагаас 128 171 256.36 төгрөгт холбогдох болон гэснийг хасч,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 7 608 134.00 төгрөг гэснийг 8 178 790 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ЗБДС-гаас төлсөн 2 657 800 төгрөг, хариуцагч МО ХХК-аас төлсөн 789 300 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Т ХХК-ийн төлсөн 798 807 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ