Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00728

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00728

 

 

В.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00882 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В.Д-ын хариуцагч Д.Ж-д холбогдуулан гаргасан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.О, Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх ВШ ХХК-ийн хувьцааг В.Э-, В.Д- бид 50/50 хувиар эзэмшиж байсан ба В.Д- өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Д.Ж-д худалдан борлуулах, хувьцаанд ногдох эрхийг худалдах гэрээ байгуулсан. В.Д- нь өөрийн хувьцааг Д.Ж-д шилжүүлэх, Д.Ж- нь 50 хувийн хувьцааны төлбөр болох 800 000 000 төгрөгийг В.Д-д төлж барагдуулах гэсэн агуулгаар гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээнд төлбөрийн нөхцөлийг компанид хөрөнгө оруулах замаар төлбөр төлнө гэж өөрөөр тохиролцсон байдаг. Тухайн үед энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны хувьцаа эзэмшигч болоогүй байсан ч Д.Ж- гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаад компанийн үйл ажиллагаанд оролцоод явсан. Төлбөрөө төлөхгүй байсан учраас удаа дараа шаардахад Д.Ж- таны төлбөрийг төлнө, гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээд албан ёсоор хувьцаа эзэмшигч болмоор байна гэж хэлсэн. 800 000 000 төгрөгөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд татварын асуудал илүү өндөр гарах учраас гэрээний үнийн дүнг багасгаад 264 541 750 төгрөг болгох асуудлыг удаа дараа хэлсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 13/01 дугаартай өөр гэрээг дахин байгуулсан. Энэ гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлээд В.Д- хувьцаа эзэмшигчээс хасагдаад иргэн Д.Ж- компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Д.Ж- нь В.Д-, В.Э- нарыг үйл ажиллагаанаас нь тусгаарласан. Компанийн эд хөрөнгийг барьцаанд тавиад зээл авсан. Одоо компанийн үйл ажиллагаа зогсоод, харуул хамгаалалтын дор түгжээтэй 4 жил болж байна. В.Э- нь өөрийн 50 хувийн хувьцаагаа буцаан авах нэхэмжлэл гаргаад шийдвэрлэгдсэн. 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ бол хуульд заасан тодорхой шаардлага зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан бусад хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл юм. Талуудын гэрээний үүрэг нь 2010 оны гэрээгээр тодорхойлогдсон байсан нь хариуцагчийн хариу тайлбараар нотлогддог. Энэ асуудлаар 2015 онд В.Д-ын гомдлоор Д.Ж-д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар явуулах нь зүйтэй гэж үзсэн. Д.Ж-, В.Э- нарын мэдүүлэгт 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний талаар талууд огт дурдаагүй. Талуудын хүсэл зориг 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот гэрээ байсан. Мөн хариуцагч 2010 оны гэрээний үүргийг биелүүлсэн гэдэг тайлбарыг удаа дараа хэлдэг. Эрүүгийн хэрэгт шалгаж байх явцад шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтээр Макс групп Д.Ж-гийн өмнөөс ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулаагүй, үүрэг хүлээгээгүй болохыг нотолсон. Иймд В.Д-ын зөрчигдсөн эрхийг сэргээж 2010 оны болон 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр нь сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Ж- нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан, гэрээний үүргийн гүйцэтгэлийн нийт дүн 727 008 671 төгрөг болсон. ВШ ХХК-ийн хувьцааг хамтран ажиллах хөрөнгө оруулалт авах зорилгоор Д.Ж-тай байгуулсан гэрээний 5 дугаарт тусгагдсан гэрээний үүргээ В.Д- өөрөө биелүүлээгүй. Д.Ж-гийн оруулсан хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлэх оролдлогыг удаа дараа гаргасан. Д.Ж-г 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдан, худалдан авах, шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан боловч гэрээ байгуулах замаар залилан хууран мэхэлсэн гэж үндэслэлгүйгээр гүтгэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагад гомдол гарган 201525031643 тоот эрүүгийн хэргийг үүсгүүлэн шалгуулсан. Д.Ж-гийн оруулсан хөрөнгө оруулалтыг нь цагдаагийн байгууллага шинжээч томилон ажиллуулж шалган Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 173 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.Ж- үүргээ гүйцэтгэж, харин В.Д- үүргээ гүйцэтгээгүй болохыг тогтоож баталгаажуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг үйлдэн нэхэмжлэгчид танилцуулсан боловч дахин гомдол гаргаж шалгуулсан ч Прокурорын тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн нь энэхүү хэлцлийг дүр үзүүлээгүй, бодитой хэлцэл болсныг нотлон харуулж байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Д.Ж- тус компанийн 50 хувийн хувьцааг дээрх халхавчилсан гэрээний дагуу шилжүүлэн авсан хэдий ч эхний буюу үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч В.Д-ын ВШ ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар В.Д-, Д.Ж- нарын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ВШ ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Д-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаа болон хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг Д.Ж-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1 480 659 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийн хангалгүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэмэлт тайлбар, нотлох баримттай танилцах боломж олгоогүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. 6.2, 6.6, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3-т заасныг зөрчиж, хэргийг хянан хянан шийдвэрлэсэн. Миний ээж П.И- 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зүрхний шигдээс гэдэг өвчний улмаас яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тул тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүх дээр биечлэн ирж хурлын тов мэдэгдсэн баримт дээр гарын үсэг зурж, хэргийн материалтай танилцсан. Мөн 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ээжийн биеийн байдал муудаж, яаралтай түргэн тусламжаар дахин эмнэлэгт хүргэгдэж, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ангиографийн шинжилгээнд орох болсон бөгөөд зүрхний хүнд шинжилгээ хийх явцад надаас өөр ар гэрийн хүн байхгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Яаралтай түргэн тусламжийн хуудас-ын хамт 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж дээрх нотлох баримтаар хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж дүгнэн, миний хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны өмнө нэмэлт тайлбар, 8 хуудас нотлох баримт гаргасныг шүүх хүлээн авсан атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад танилцах боломж олголгүйгээр шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 1.1, 25.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.6 дахь хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32019/03148 дугаар захирамжаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй атал 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/Ш32019/04592 дугаар захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэн, гэрчийг оролцуулалгүйгээр иргэний хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Миний зүгээс тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээд болох ВШ ХХК-ийн нягтлан бодогч П Цэрэндуламаас гэрчийн мэдүүлэг авч, хэрэгт хавсаргах хүсэлт гаргасныг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32019/03148 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэтэл миний зүгээс гэрч асуулгах хүсэлтээс татгалзаагүй атал шүүх өмнө нь гаргасан 03148 дугаар захирамжийн биелэлтийг хангахгүйгээр 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/Ш32019/04592 дугаар захирамждаа "... гэрчийн талаарх мэдээллийг хариуцагч шүүхэд ирүүлээгүй тул хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж заан, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Нэхэмжлэгч В.Д- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдах авах, эрх шилжүүлэх, Компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул тус гэрээг хүчингүйд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг иргэн В.Д-д буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад буюу 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулсан Компанийн 50 хувийн эрх хувьцааг худалдах, худалдах авах. эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ-ний талаар маргаагүй байхад хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх дээрх 2 гэрээг байгуулахдаа талууд зөвхөн хувьцааны үнийн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж, бусад хүсэл зоригийг илэрхийлэл хэвээр байгааг огт анхааралгүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоо хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй байх бөгөөд хэлцэл хийгч тал халхавч хэлцлийн хүрээнд ямарваа нэгэн үр дагаврыг бий болгох зорилгогүй байдаг. Харин талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдах авах, эрх шилжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн гэрээ нь ВШ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах хүсэл зоригийг илэрхийлэл бодитоор хэрэгжсэн гэрээ байгааг шүүх анхаарч үзээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч В.Д- нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 183/2019/00402 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардуулсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэмэлт тайлбар гэх баримтад 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дурдсан байх ба шүүх уг тайлбарыг тодруулах байжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа эсхүл нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа эсэхээс хамаарч хариуцагчид гардуулж өгөх, тайлбар авах ажиллагааг хийж гүйцэтгэх учиртай.

 

Түүнээс гадна нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг өөр гэрээг халхавчилсан хэлцэл гэх агуулгаар тайлбарласан атлаа халхавчлагдсан гэх 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг арилгуулах гэсэн агуулгатай тайлбар гаргасан байгааг шүүх тодруулах шаардлагатай.

 

Хэрэв нэхэмжлэгч 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардаж байгаа бол шүүх 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Шүүх 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулахдаа нягтлан бодогч П.Цэрэндуламыг гэрчээр асуулгах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын ВШ ХХК-ийн хүсэлтийг хангасан ч, захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй, мөн оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ өмнөх захирамжийг хүчингүй болгоогүй атлаа гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй гэж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ. /хх30, 37-38, 123/

 

Түүнчлэн, шүүх 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн 183/ШЗ2019/04106 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох болон нотлох баримттай танилцах боломжоор хангах нь зүйтэй гэж хүсэлтийг нь хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх хүсэлтийг баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна. /хх-117,118/

 

Хариуцагч өөрийн ээж П.И-г өвчний учир асрах шаардлагатай талаарх баримтыг шүүхэд ирүүлснийг анхааралгүй, мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны үед гаргасан нэмэлт тайлбар, түүнд хавсаргасан 8 хуудас баримттай хариуцагч тал танилцаагүй байхад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2019/04592 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах хэргийн оролцогчийн эрх, талуудын тэгш байдлыг шүүх хангаагүй гэж үзэхээр байна. /хх 107,117-119, 123/

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөрчлийг залруулах, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гаргасан шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 480 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

  ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ