Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00182

 

 

 

2021 03 09 001/ХТ2021/00182

 

 

 

 

В.Даваанамжилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00882 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1148 дугаар магадлалтай,

В.Даваанамжилын нэхэмжлэлтэй,

Д.Жамъянд холбогдох

 

2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх Вош штерн Монголиа ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг Н.Энхтөр болон В.Даваанамжил гэх хүмүүс эзэмшиж байсан. Иргэн Д.Жамъян гэж хүн холбогдоод хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшинэ гэсэн байдлаар уулзсан. В.Даваанамжил нь өөрийн хувьцааны 10 хувийг Н.Энхтөрд бэлэглэж, энэ хоёр хүн 50/50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Үүний дараа В.Даваанамжил өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Д.Жамъянд худалдан борлуулах, хувьцаанд ногдох эрхийг худалдах гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн агуулга нь В.Даваанамжил нь өөрийн хувьцааг Д.Жамъяанд шилжүүлэн Д.Жамъян нь 50 хувийн хувьцаатай төлбөр болох 800,000,000 төгрөгийг иргэн В.Даваанамжилд төлж барагдуулна гэсэн агуулгатай гэрээ байдаг. Тухайн гэрээнд төлбөрийн нөхцөлийг өөрөөр тохиролцсон. Компанид хөрөнгө оруулах замаар төлбөр төлнө гэсэн агуулгаар тусгасан. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаад Д.Жамъян тухайн үед энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны хувьцаа эзэмшигч болоогүй байсан ч компанийн үйл ажиллагаанд оролцоод явсан. Ингээд явж байгаад улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлөхгүй. Удаа дараа шаардахад Д.Жамъян таны төлбөрийг төлнө гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээд албан ёсоор хувьцаа эзэмшигч болмоор байна, гэхдээ 800,000,000 төгрөгөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд татварын асуудал илүү өндөр яригдах учраас гэрээний үнийн дүнг багасгаад 264,541,750 төгрөг болгох асуудлыг удаа дараа хэлсэн байдаг. Ингээд 2013 оны 04 сарын 09-ний өдөр 13/01 гэсэн дахин өөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлээд В.Даваанамжил хувьцаа эзэмшигчээс хасагдаад иргэн Д.Жамъян тухайн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Д.Жамъян гэж хүн гарч ирснээр В.Даваанамжил, Н.Энхтөр нарыг үйл ажиллагаанаас нь тусгаарласан. Компанийн эд хөрөнгийг барьцаанд тавиад зээл авчихдаг. Одоо компанийн үйл ажиллагаа зогссон. Ерөнхийдөө үйл ажиллагаа бүрэн зогсоод Д.Жамъян гэдэг хүний харуул хамгаалалтын дор түгжээтэй 4 жил болж байна. Н.Энхтөр нь одоо хувьцаагаа буцаан авах нэхэмжлэл гаргаад шийдэгдсэн байгаа. 2013 оны 04 сарын 09-ний өдрийн гэрээ бол хуульд заасан тодорхой шаардлага зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан бусад хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл юм. Үндсэн талуудын зорилго нь 2010 оны гэрээ байсан нь хариуцагчийн хариу тайлбараар нотлогддог. Энэ асуудлаар 2015 онд В.Даваанамжилын гомдлоор Д.Жамъянд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний журмаар явуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хэрэгт иргэн Д.Жамъян, Н.Энхтөр нарын мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлэгт 2013 оны 04 сарын 09-ний өдрийн гэрээний талаар талууд огт дурдаагүй. Талуудын хүсэл зориг 2010 оны 12 сарын 08-ны өдрийн 01 тоот гэрээ байсан юм. Мөн хариуцагч 2010 оны гэрээний үүргийг биелүүлсэн гэдэг тайлбарыг удаа дараа хэлдэг. Эрүүгийн хэрэгт шалгаж байх явцад шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Уг шинжээчийн дүгнэлт нотлох баримтын журмаар шүүхэд авагдсан. Энэ дүгнэлтээр Макс групп иргэн Д.Жамъяны өмнөөс ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулаагүй, үүрэг хүлээгээгүй болохыг нотолсон. Энэ асуудалд иргэн Д.Жамъян гэж орж ирээд В.Даваанамжилыг шүүхэд өгсөн байгаа. Түүний дансанд орсон тэтгэврийн мөнгийг нь хураагаад авдаг асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шүүхийн журмаар шийдүүлж, В.Даваанамжилын зөрчигдсөн эрхийг сэргээж 2010 оны болон 2013 оны 04 сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр нь сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Д.Жамъян нь 2010 оны 12 сарын 08-ний өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан нь үнэн бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийн нийт дүн нь 727,008,671 төгрөг болсон болно. Харин ч Вош штерн Монголиа ХХК-ийн хувьцааг хамтран ажиллах хөрөнгө оруулалт авах нэрийдлээр хариуцагч Д.Жамъянтай байгуулсан гэрээний 5 дугаарт тусгагдсан гэрээний үүргээ одоо хэр нь биелүүлээгүй байгаа. Тиймдээ ч хариуцагчийн оруулсан хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлэх оролдлогыг удаа дараа гаргасны нэг жишээ үйлдэл бол хариуцагч Д.Жамъянг 2010 оны 12 сарын 08-ны өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдан-худалдан авах, шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан боловч гэрээгээр залилан хууран мэхэлсэн гэх үндэслэлгүйгээр гүтгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагад гомдол гарган эрүүгийн хэргийг үүсгүүлэн шалгуулсан бөгөөд энэхүү хэрэгт Д.Жамъянгийн оруулсан хөрөнгө оруулалтыг нь цагдаагийн байгууллага шинжээч томилон ажиллуулж шалган уг дүгнэлтээр Д.Жамъян үүргээ гүйцэтгэж, харин ч нэхэмжлэгч В.Даваанамжил үүргээ гүйцэтгээгүй болохыг тогтоон баримтжуулсан нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 173 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Энэхүү эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг үйлдэн нэхэмжлэгчид танилцуулсан боловч дахин гомдол гаргаж шалгуулж байснаар 2017 оны 09 сарын 14-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 654 дүгээр Прокурорын тогтоолын дагуу Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн болно. Энэ мэтчилэн хариуцагч нь өөрийн эзэмшиж байсан хувьцааг хариуцагчаас худалдан авах элдэв аргыг хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолд Иргэний хуулийн 6 бүлгийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг дараах байдлаар тайлбарласан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг, агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг л гэж ойлговол зохино. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн нь энэхүү хэлцлийг дүр үзүүлээгүй, гадаад илэрхийллийг бодитой хэрэгжүүлснээр утга алдагдаагүй хэлцэл болсныг нотлон харуулж байгаа юм. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлдээ иргэн Д.Жамъян тус компанийн 50 хувийн хувьцааг дээрх халхавчилсан гэрээний дагуу шилжүүлэн авсан хэдий ч эхний буюу үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсаар байна гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч В.Даваанамжилын Вош штерн Монголиа ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00882 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар В.Даваанамжил, Д.Жамъян нарын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Вош штерн Монголиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Даваанамжилын эзэмшлийн 50 хувийн хувьцаа болон хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг Д.Жамъянд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1,480,659 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1148 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Энэ хэргийг 2019.04.12-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 183/ШШ2019/00882 тоот шийдвэрийг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэсэн. Хариуцагчийн давж заалдах гомдлоор уг хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2019.06.19-ний өдөр 1148 тоот магадлалыг гаргаж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхээс "... 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 183//ШШ2019/00882 дугаар шүүгчийн захирамж гаргасан атлаа гэрчийг асуулгүйгээр шийдвэрлэснийг ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ гэжээ. Шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж шүүхээс ханган шийдвэрлэсэн хэдий ч хариуцагчийн зүгээс гэрчээр асуулгах этгээдийн холбогдох мэдээлэл буюу хаяг, холбоо барих утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгөөгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт ...нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан бөгөөд энэ заалт нь оролцогчийн хүсэлтээр шүүх гэрчийн мэдүүлэг авах талаар зохицуулснаас бус гэрчийг эрэн олох, холбоо тогтоох хаяг зэргийг шүүхийн зүгээс бүрдүүлнэ гэсэн агуулгагүй болно. Уг холбогдох мэдээллийг шүүхэд гарган өгөх үүрэг хэргийн оролцогчдод хамаарах бөгөөд хүсэлт гаргасан оролцогчийн зүгээс гэрчтэй холбоо тогтоох мэдээллийг өгөөгүй тохиолдолд шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй юм. Шүүхийн зүгээс гэрчийн мэдээллийг гаргаж өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч хариуцагч уг үүргээ биелүүлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс уг асуудлаар удаа дараа холбогдох тайлбар, хүсэлтийг шүүхэд гаргаж байсан бөгөөд тухай бүрийн шүүх хуралдааныг тэмдэглэлд тусгагдсан болно. 2019 оны 04 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй учир нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Шүүхээс "... шүүх 2019 оны 04 сарын 03-ны өдөр хэргийн оролцогчийг биечлэн оролцох эрхээр хангах, нотлох баримтыг танилцуулаагүй байгаа талаар зааж уг асуудлаар шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулалгүй, шүүх хуралдааныг түүний эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсгийг зөрчсөн гэжээ. Гэвч шүүхийн дээрх тайлбар нь бодит байдалтай нийцээгүй байна. 2019 оны 04 сарын 03-ны өдөр хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй учир шүүх хуралдаан хойшилсон хэдий ч 2019 оны 04 сарын 07-ны өдөр хариуцагч нь шүүх дээр хэргийн материалтай танилцсан. Тус хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримттай танилцан гарын үсэг зурсан байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс уг үйл баримтыг бүрэн шинжлэлгүй 2019 оны 04 сарын 03-ны өдрийн байдлаар нотлох баримттай танилцаагүй гэж дүгнэж буй нь учир дутагдалтай байна. 2019 оны 04 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс шинээр нотлох баримт гаргаагүй бөгөөд хариуцагчийн танилцсан баримтын хүрээнд шүүх хуралдаан явагдсан болно. Хариуцагчийн зүгээс 2019 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд хурал хойшлуулах тухай хүсэлт болон П.Ичинхорлоо гэх хүнийг 2019 оны 04 сарын 11-ний өдөр яаралтай тусламж дуудан үзүүлсэн тухай бүртгэлийн хуудсыг гарган өгсөн. Гэвч тухайн баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй баримт болно. Учир нь тухайн П.Ичинхорлоо гэх хүн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ямар харилцаа, хамааралтай болох нь огт тодорхойгүй бөгөөд уг бүртгэлийн хуудас нь ямар нэгэн байдлаар ноцтой үр дагаварт хүргэх өвчний талаар агуулгагүй гагцхүү шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн баримт байсан болно. Уг хүсэлт нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг удаа гарч буй асуудал биш бөгөөд 2019 оны 04 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ямар нэгэн нотлох баримтгүйгээр мөн дээрхтэй адил тайлбарыг хэлж хурал хойшлуулсан. Нэхэмжлэгч тал болон шүүхийн зүгээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжоор хангасан гэж үзэж байна.

Мөн шүүхээс "... 2010 оны 12 сарын 08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн атлаа хэлцлээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан хуулийн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ гэжээ. Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг алдаатай гэж үзэж буй бол залруулан шийдвэр гаргах боломжтой байсан. Тус хэргийн хувьд 2 өөр гэрээний асуудал яригдаж буй бөгөөд 2013 оны гэрээний хувьд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн учир хүчин төгөлдөр бус болсон бөгөөд харин 2010 оны гэрээний хувьд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн зүгээс татгалзаж өөрийн шилжүүлсэн хувьцааг буцаан шаардсан болно. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд дээрх дүгнэлтээс халиагүй бөгөөд 2013 оны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох, мөн Вош штерн Монголиа ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, харин хариуцагчийн зүгээс гэрээний үүрэг биелэгдсэн хэмээн үзэж мэтгэлцсэн, уг асуудалд холбогдох нотлох баримтыг талууд гаргаж өгсөн. Тодруулбал, хариуцагч нь шүүхэд хүсэлт гаргаж Чингэлтэй дүүргийн прокурорын газрын архиваас уг хэрэгт холбогдох шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулсан бөгөөд уг баримтаар хариуцагч нь 2010 оны гэрээг бүрэн хэрэгжсэнийг нотолно гэж тайлбарлаж байсан болно. Тийм байтал, тус хэргийг хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүх эсрэг зохицуулалт бүхий хуулийг хэрэглэсэн гэх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болжээ. 2010 оны тус гэрээ нь 800 сая төгрөгийн үнийн дүнтэй байсан хэдий ч хариуцагчийн зүгээс иргэн В.Даваанамжилд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй атлаа компаниас нь хөөж, дахин орох боломжгүй болгосон. Өнөөдрийн байдлаар, иргэн Д.Жамъяны тусгай харуул хамгаалалт буюу эзэмшилд буй компанийн үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмж нь огт ашиглагдахгүй байгаа бөгөөд чанараа алдсан, борооны дусал зэргээс үүдэн их хэмжээгээр элэгдэлд орсон байдалтай байна.

2. Давж заалдах шатны шүүхийн 2019.06.19-ний өдрийн 1148 тоот магадлал нь хүчингүй тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт зааснаар Магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэжээ. Гэвч тус магадлалд шүүх бүрэлдэхүүнд орсон бүх шүүгчид гарын үсэг зураагүй буюу шүүх хуралдаан даргалагч шүүгч гарын үсэг зураагүй байна. Өөрөөр хэлбэл, Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хүчин төгөлдөр бус шүүхийн магадлалыг гаргасан байна. Эцэст нь дурдахад, хариуцагч Д.Жамъяны хувьд өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн В.Даваанамжилыг хууран мэхэлж гэрээ байгуулсан бөгөөд гэрээнийхээ үүргийг өнөөг хүртэл огт гүйцэтгээгүй, өөрийнх нь хувьцаа эзэмшиж байсан компанид огт оруулдаггүй бөгөөд эдийн засгаар маш ихээр хохироож байна. Тухайн компанийн үйлдвэр байрладаг газар нь иргэн В.Даваанамжилын эзэмшилд байдаг бөгөөд Д.Жамъяны зүгээс тухайн газрыг мөн ямар нэгэн төлбөр төлөхгүй ашиглаж байгаа бөгөөд Газрын албанаас тухайн газрын төлбөрийг иргэн В.Даваанамжилын тэтгэврээс шууд суутган авдаг болно. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.19-ний өдрийн 1148 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/00882 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

В.Даваанамжил нь Д.Жамъянд холбогдуулан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх В.Даваанамжил, Д.Жамъян нарын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Вош штерн Монголиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Даваанамжилын эзэмшлийн 50 хувийн хувьцаа болон хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг Д.Жамъянд даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчингүй... гэжээ.

 

Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ба магадлал хүчинтэй болсноос хойш түүний агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсгээ зурна.

 

Нэхэмжлэгч В.Даваанамжилын нэхэмжлэлтэй Д.Жамъянд холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлийн 167.1, 167.4, 168 дугаар зүйлийн 168.1.5-т нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1148 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2019/10956 дугаар шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД