Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00727

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00727

 

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/00279 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаал, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК-ийн Занабазар бизнес төвийн зээлийн эдийн засагчаар 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх харилцааны менежерээр, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Мөнгөн завьяа тооцооны төвийн харилцааны менежерээр ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан бөгөөд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй. Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үндэслэлгүйгээр ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Ажлаас халсан тушаалыг ажил олгогч тухайн үед танилцуулж, мэдэгдээгүй. Ажилтан Ж.А- намайг ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй. Иймд хууль зүйн үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9 794 018 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.А- нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/962 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвд харилцааны менежерээр томилогдон ажиллаж байсан. Тус нэгжид ажиллаж байхдаа удаа дараа зээлийн судалгааг банкны холбогдох дүрэм, зөрчиж хийсэн тул гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол гаргах хугацаа эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 cap байх ба ажилтан хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй. Түүнчлэн, Ж.А- нь Мөнгөн завьяа тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж, банкны холбогдох дүрэм, журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон тул 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Гүйцэтгэх захирлын Б/897 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын дагуу хууль зөрчөөгүй, үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 тоот тушаал, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвийн харилцааны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9 793 855 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг ноцтой зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Ажилтан Ж.А- намайг сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх мэт ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаа учраа өнөөдөр хүртэл ойлгохгүй байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тогтоолыг ажил олгогч 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалаар ноцтой зөрчсөнийг анхан шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Ажил олгогч ажлаас халах тушаал гаргахдаа үндэслэлээ тодорхой заагаагүй байхад анхан шатны шүүх дотоод хяналт шалгалтын газрын шалгалтын тайлангаар тогтоогдож байна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтыг ноцтой зөрчиж, буруу дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх ажлаас халсан үндэслэлийг зөв тодорхойлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Ажилтан намайг буруутгаж ажлаас халсан 171 000 төгрөгийн гүйлгээ нь бэлэн бус гүйлгээ байсан, энэхүү гүйлгээг харилцагч Ж.У- өөрийн биеэр банкинд ирж хийсэн, Төрийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 171 000 төгрөгийн гүйлгээний мемориалын баримтад харилцагч Ж.У- өөрөө гарын үсэг зурсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ж.У-ийн Төрийн банкин дахь 102900049407 тоот дансны хуулга, Хаан банкин дахь 5431068214 тоот дансны хуулга, гэрч Ж.У-, Б.Норжмаа нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон байхад ажил олгогчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот хууль бус тушаалыг зөвтгөж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний 7.4.52-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ажилтан Ж.А- миний бие 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр харилцагч Ж.У-ийн баталгаат гарын үсгийн загварыг түүний хүсэлтээр харж өгсөн. Энэ бол харилцагч Ж.У-ийн хүсэлтээр хийгдсэн ажиллагаа болох нь түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Ж.А- миний бие харилцагч Ж.У-ийн баталгаат гарын үсгийн загварыг түүний хүсэлтээр харж өгснийг анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний 7.4.52-т заасан ноцтой зөрчил гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 1272 тоот хөдөлмөрийн гэрээний 7.4.52-т ... гарын үсгийг лавласан бол ноцтой зөрчил-д тооцох талаар харилцан тохиролцож тусгаагүй. Ажилтан Ж.А- би ажлын бус шаардлагаар харилцагч Ж.У-ийн дансыг лавлаагүй, түүний мэдээллийг ашиглаагүй, задруулаагүй. Энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, харилцагч Ж.У- ямар нэгэн гомдол санал гаргаагүй байхад анхан шатны шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх ажил олгогчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалд дурдсан дээрх үндэслэлүүдийг ямар үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил-д хамруулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2-т Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарлажээ. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд дурдсан дээрх үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байхад анхан шатны шүүх ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль бус байна. Анхан шатны шүүх ажилтан Ж.А- намайг ...Хөдөлмөрийн гэрээний 7.4.3, 7.4.28, 7.4.52-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж буруутгажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан Ж.А- надтай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр байгуулсан. Бидний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Гэтэл ажил олгогч 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 тоот тушаалаар ажилтан намайг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнөх асуудлаар буруутгасныг анхан шатны шүүх анхааран үзээгүй байна. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг байгуулахаас өмнө олгогдсон зээлийн асуудлыг сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.3, 7.4.28, 7.4.52-т заасан ноцтой зөрчил гэсэнд хамруулсан нь хууль бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, заалтыг буруу хэрэглэж. хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандсанд гомдолтой байна. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14 500 000 төгрөгийн хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээлийг судлан олгохдоо гуравдагч этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр барьцаалсан. Харилцагч Г.М-од 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14 500 000 төгрөгийг Төрийн банкны Мөнгөн завьяа тооцооны төвөөс зээлдүүлэхдээ зээлийн барьцаанд иргэн Ю.О-ын өмчлөлийн 1 өрөө байрыг байрыг барьцаалсан. Зээлдэгч Г.М-од зээл олгох, зээлийн барьцаанд гуравдагч этгээдийн орон сууцыг барьцаалах зөвшөөрлийг тооцооны төвийн захирал буюу зээлийн хорооны дарга Э.А- олгосон. Энэ нь зээлдэгч Г.М-ын зээлийн хувийн хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн хорооны дарга Э.А-гийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр болон зээлдэгч Г.М-ын зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсоныг анхан шатны шүүх анхааран үзээгүй байна. Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын 25.7.1-д зааснаар зээлийн хэмжээ 20 000 000 төгрөгөөс дээш гарсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө нэмж барьцаалахаар зохицуулжээ. Харин 7 зээлдэгч тус бүрийн зээлийн хэмжээ нь 20 000 000 төгрөгөөс бага байсан учраас зээлийн үйл ажиллагааны журмын 25.7.3-д дагуу цалингийн орлогыг дангаар барьцаалж зээл олгож болно. Анхан шатны шүүх дээр дурдсан журмын холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй. 3 зээлдэгчийн зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас үзэхэд тухайн 3 зээлдэгч өөр банкнаас авсан зээлийн эрхтэй картыг бүрэн хаасан үлдэгдэлгүй байсан учраас нэгэнт хаагдсан зээлийг тооцоололд тусгахгүй, хуулга авах шаардлагагүй болохыг анхан шатны шүүх анхааран үзээгүй байна. Төрийн банкны Кредит картын журам-ын 2 дугаар хавсралтаар кредит карт эзэмших гэрээний 2.11-д заасны дагуу зөвхөн хадгаламж барьцаалсан тохиолдолд данс тусгах ёстой. Харин ажлаас халсан тушаал болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 11 зээлдэгчид олгосон зээл нь кредит картын эрхийн дагуу олгогдсон зээлүүд байсан. Энэ тохиолдолд хугацаатай хадгаламж барьцаалахгүй. Цалингийн болон бизнесийн орлогыг барьцаа болгосон учраас гэрээний 2.11-д заасан дансыг тусгах шаардлагагүй. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн гэрээнд тусгагдаагүй, хэрэгт байхгүй асуудлаар намайг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын 9.3-д зааснаас үзэхэд ажилтныг ажлаас халах сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй болохыг анхан шатны шүүх ойлгоогүй байна. Анхан шатны шүүх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д нийцсэн эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Маргааны зүйл болох тушаалын хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр тушаалын хууль зүйн үндэслэлийг хянахаас татгалзсан нь буруу болсон гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэл нь ажлаас халсан тушаалын үндэслэл болсон сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянахгүй байх, үнэлэлт, дүгнэлт өгөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ж.А- миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 дугаар тушаал, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Ажилтан Ж.А- нь ажил олгогчтой 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр харилцааны менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байсан, гэрээний нөхцлийг талууд харилцан тохиролцож тогтоосон, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх2-58-61/

 

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 дугаар тушаалаар ажилтан Ж.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.3, 5.28.5, 5.28.7, 5.28.28, 5.28.34, 5.28.35, 5.28.48, 5.28.52, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.28, 7.4.34, 7.4.35, 7.4.48, 7.4.52-т заасныг үндэслэн цуцлахдаа 6 зөрчлийг нэрлэн зааж, эдгээр нь Т банкны ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.2, 3.1.4, 4.1.8, 4.1.11, 5.2.1, 5.2.5, 5.2.9, Зээлийн үйл ажиллагааны журмын 9.3, 13.10.9, 25.1.7, 29.6.3-т заасныг зөрчсөн, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын сануулах шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэжээ. /хх1-13/

 

Тушаалын үндэслэлээ нотлохоор хариуцагчаас шүүхэд гаргасан бичгийн баримтыг нэрлэн заасан зөрчил тус бүрээр нь нягталж үзвэл:

1/ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14 500 000 төгрөгийн хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээлийг судлан олгохдоо гуравдагч этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр барьцаалсан нь Зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэх тухайд зээл олгох шийдвэрийг зээлийн хороо шийдвэрлэсэн, зээлдэгч Г.М- нь 12 сарын хугацаатай авсан зээлийг 2020 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу буцаан төлж, зээлийн 2 635 045 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь хугацаа хэтрээгүй, /хх2-62-69, 96-98/, зээл төлөгдөөгүй, банканд эрсдэл үүсч хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болох зохицуулалттай, Зээлийн үйл ажиллагааны журмын 29.6.3-т ...зээлдэгчийн эсхүл түүний нөхөр, эхнэр, хүүхдийн өмчлөлийн бус орон сууц, амины орон сууц болон хашаа байшинг барьцаалахгүй байх гэж заасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд зээлийн судалгааг хийхдээ журмыг зөрчсөн гэж дүгнэхгүйгээс гадна Хөдөлмөрийн гэрээний 7.4.34-т заасан ...зээлийг олгосны дараах хяналтыг хэрэгжүүлээгүйгээс банкинд хохирол учирсан, зээл төлөгдөхгүй байх нөхцөл бүрдээгүй байна.

 

2/ Мөн нийт 6 503 250 төгрөгийн зээлийг 2 зээлдэгчид судлан олгохдоо зээлдэгчийн гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн нэр дээр Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авч өрхийн санхүүгийн боломжийг бүрэн судлаагүй гэсэнтэй холбоотой зээлийн хувийн хэрэг, гэрээ хэрэгт авагдаагүй байна.

 

Төрийн банкны Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвд 2019 оны 11 дүгээр сарын 4-ий өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааг хамруулан ээлжит, эрсдэлд суурилсан шалгалт хийсэн тухай тайланд 2 зээлдэгчид зээл олгохдоо гэр бүлийн гишүүдийн зээлийн мэдээллийн сангийн лавлагаа аваагүй талаар тусгаад, Зээлийн үйл ажиллагааны журмын 9.3-т Зээлийн ажилтан нь зээлдэгчтэй холбогдох этгээд нэг бүрээр зээлийн лавлагааг авч зээлийн төвлөрөл үүсгэхгүй байх, зээлийн давхардал гаргахгүй байхад анхаарлаа хандуулж, аль болох Банкны нэг нэгж дээр нэгтгэн судалж шийдвэрлэхийг чухалчилна гэж заасныг мөрдлөг болгон, аливаа эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхээс сэргийлж ажиллахыг зөвлөжээ. Энэ зөвлөгөөг журам зөрчсөн зөрчилд хамааруулахгүй юм. /хх2-83/

 

3/ 11 зээлдэгчид нийт 48 500 000 төгрөгийн лимиттэй зээлийн эрхтэй картыг олгохдоо Кредит карт эзэмших гэрээнд дансыг буруу тусгасан зөрчил гаргасан гэж тушаалд заасан. Маргаж уг үйл баримттай холбоотойгоор Кредит картын журам шинэчлэн батлах тухай Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/246 дугаар тушаал, уг тушаалын хавсралтаар баталсан Кредит карт эзэмших гэрээ-ний загвар /хх2-47-53/, харилцагч Д.Ү-той байгуулсан 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Кредит карт эзэмших гэрээ-г /хх2-113-117/ хариуцагч талаас шүүхэд гаргасныг харьцуулан үзвэл кредит карт эзэмших гэрээнд дансыг буруу тусгаж, журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Батлагдсан загварын гэрээний нөхцөл гэсэн 2 дахь хэсэгт 2.11, 2.12 гэсэн заалт огт байхгүй байна. Кредит картын загварт байхгүй заалтаар буруутгасан шалгалтын тайлан ойлгомжгүй, зөрчил тогтоогдохгүй байна.

 

4/ Тушаалд 7 зээлдэгчид 44 600 000 төгрөгийн зээл олгохдоо цалинг дангаар барьцаалсан нь Зээлийн үйл ажиллагааны журмын 25.7.1-д барьцааны зүйл нь зээлдэгч, хамтран зээлдэгчийн цалин, нөхөн олговор байхаас гадна хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байна гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Тушаалын энэ үндэслэлтэй холбоотойгоор О.П-, Б.Э, Х.У-, Б.Ж нарын 4 зээлдэгчтэй хийсэн зээлийн гэрээг хариуцагчаас шүүхэд гаргасан, шалгалтын тайланд 7 иргэний зээлтэй холбоотой гэрээний талаар тусгагдсанаас үзвэл гэрээ тус бүрт заасан зээлийн дүн нь нэг сая төгрөгөөс 10 сая төгрөгийн хэмжээтэй байх бөгөөд 20 000 000 төгрөгөөс бага хэмжээний зээлд цалинг дангаар барьцаалсан нь Зээлийн үйл ажиллагааны 25.7.3-т Улаанбаатар хот болон аймгийн төвийн нэгж нь 20,0 сая төгрөгөөс дээш дүнтэй цалингийн зээлд үл хөдлөх эд хөрөнгө барьцаална гэж заасанд нийцсэн, журам зөрчөөгүй байна.

 

5/ Нийт 6 200 000 төгрөгийн лимиттэй зээлийн эрхтэй картыг 3 зээлдэгчид олгохдоо бусад банк дахь зээлийн эрхтэй картуудын төлбөрийг тооцоололд тусгаагүй, данс хаасан хуулгыг аваагүй гэх зөрчил нь 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдөр Д.Б, Ц.М, Э.З нартай байгуулсан зээлийн гэрээтэй /хх2-163-170/ холбоотой байх бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 15-ны тушаалаар шийтгэл ногдуулж байгаа нь сахилгын зөрчил гарснаас хойш 6 сарын дотор шийтгэл ногдуулах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчих юм.

 

6/ Харилцагч банканд өөрийн биеэр ирээгүй байхад төрсөн эгч болох Ж.У-ийн данс, гарын үсгийг ажлын бус шаардлагаар удаа дараа лавласан, гарын үсгийг дуурайлган зурж 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 171 000 төгрөгийн зарлагын гүйлгээг ахлах теллерээр хийлгэсэн нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.48, 7.4.52-т заасан ноцтой зөрчил гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагч талын хүсэлтээр Т банкны Грейпбанк программд Ж.А-ийн сип дугаараар нэвтрэн хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд Ж.А- нь банкны харилцагч болох өөрийн төрсөн эгч Ж.У-ийн харилцах дансыг лавлаж харсан нь системд хадгалагдсан талаар тусгагдсан, мөн баримтыг хуулбарлан хавсаргажээ. /хх1-86-91/

 

Ж.А- нь дансыг лавласан боловч дансны мэдээллийг ашигласан, задруулсан байдал тогтоогдоогүй байх тул ажлын бус шаардлагаар удаа дараа харилцагчийн дансыг лавласан, мэдээллийг ашигласан, задруулсан гэх хөдөлмөрийн гэрээний 7.4.52-т заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.

 

Ж.У-ийн банк хоорондын дансанд 171 000 төгрөгийн бэлэн бус гүйлгээ хийгдсэн нь Т банкны депозит дансны харилцагчийн хуулга, Төрийн банкны 102900049407 данснаас Хаан банкны 5431068214 тоот дансанд 171 000 төгрөг шилжсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн мемориалын баримт /хх1-95/-аар тус тус тогтоогдсон уг гүйлгээ нь хүсэл зоригийнх нь дагуу хийгдсэнийг гэрч Ж.У- шүүхэд мэдүүлжээ. /хх2-197,198/

 

Гүйлгээний баримт дахь хоёр өөр гарын үсэг нь Ж.А- болон Ж.У-ийнх гэж тайлбарласан ба харилцагч гүйлгээг зөвшөөрсөн, орлого зарлагын гүйлгээг нуух зорилгоор хуурамч баримт үйлдсэн, харилцагчийн дансыг уг үйлдэлдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд уг үйлдлийг Хөдөлмөрийн гэрээний 7.4.48 дэх орлого зарлагын гүйлгээг нуун дарагдуулсан, өөрийнхөө буруутай үйлдлийг нуух зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, мөн зорилгоор харилцагчийн данс ашиглах, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан, хуйвалдсан гэх ноцтой зөрчил гэж үзэхгүй. Т банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5.2.1 дэх Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдын үйл ажиллагаанд саад учруулах, хууль бус үйлдэл хийхийг шаардахыг, 5.2.9 дэх Бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, Банкны бус баримт бичгийг тамга тэмдгээр баталгаажуулахыг хориглосныг зөрчсөн гэж сахилгын арга хэмжээ авах үндэслэлгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Хөдөлмөрийн гэрээний 7.4.35-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд зогсоохоор нэрлэн заасан Ажилтны ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг болон Зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтыг зөрчсөн гэж тушаалд заасан үндэслэл тогтоогдохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Ж.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус болжээ.

 

Нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/897 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл тул бие даасан шаардлага гэж үзэж тушаалыг хүчингүй шаардлагагүй болно.

 

Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж, Ж.А-ийг урьд эрхэлж байсан Т банкны Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завьяа тооцооны төвд харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 8 231 750 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах, олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ажилгүй байсан хугацааны олговрыг Ж.А-ийн шүүхэд гаргасан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний сүүлийн 3 сарын хэмжээгээр тооцвол сарын дундаж цалин хөлс 1 291 844 төгрөг, нэг өдрийн цалин хөлс 60 085 төгрөг байна. Ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 6 дугаар 15-ны өдрөөс анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 6 сар 8 хоногийн ажилгүй байсан хугацааны 8 231 750 төгрөг болно.

 

Харин Т банкны Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэснийг ажилтан мэдээгүй байх боломжгүй бөгөөд тушаал гарснаас хойш хуульд заасан хугацаанд гомдол гаргаж эсэргүүцээгүй байх тул тушаал хүчин төгөлдөр болсон байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/00279 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийг Т ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Мөнгөн завъяа тооцооны төв-ийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8 231 750 төгрөгийг хариуцагч Т ХХКас гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговроос суутгаж, дэвтэрт бичилт хийхийг Т ХХК-д даалгаж, үлдэх 1 562 105 төгрөгийн шаардлагыг болон Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2018 дугаар тушаалыг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 146 658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ