Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0452/З |
Дугаар | 221/МА2017/0668 |
Огноо | 2017-09-14 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2017/0668
2017 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2017/0668 | Улаанбаатар хот |
“М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Г.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0621 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, “М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0621 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6, 46.1.7-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “М Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дүгээр багцын 760546700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 тоот “Гэрээ байгуулах тухай” албан бичиг, “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-20, 21, 22” гэрээ зэрэг захиргааны актуудын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дүгээр багцад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүхийн “М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр нь дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, нэхэмжлэгчид давуу байдал олгосон, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэж байна.
1. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан талаар:
Нэхэмжлэгч “М Т” ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдуулан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017.02.01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэх гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760 546 700 /долоон зуун жаран сая таван зуун дөчин зургаан мянга долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасны дагуу гуравдагч этгээд “Айвико интернэшнл” ХХК-ийн зүгээс энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар хариу тайлбар гаргасан.
Гэвч анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхэд даргалагч шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж-аас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017.02.01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэх гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760 546 700 /долоон зуун жаран сая таван зуун дөчин зургаан мянга долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий тендерийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн бөгөөд тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага /захиргааны акт биш байсан тул/-д хариу тайлбар өгөхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр гарахад “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017.02.01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэх гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760 546 700 төгрөгийн үнэ бүхий тендер шалгаруулалтын ажиллагаа буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 “гэрээ байгуулах тухай” албан бичиг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Айвико интернэшнл” ХХК-тай байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-20, 21,22” гэрээ зэрэг захиргааны актуудын Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаар багцад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, хууль бус шийдвэр болсон байна.
Шүүхээс хүчингүй болгосон 3 эрх зүйн актыг нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар бичгээр нэхэмжлэл гаргаагүй, тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг “тендер”-ийг хүчингүй болгуулах болгож өөрчилсөн байхад шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээгүй, хэлэлцэгдээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлд хамааралгүй захиргааны актуудыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэрэг хэлэлцэж эхлэхэд өөрчилсөн буюу дэмжсэн нэхэмжлэлийн шаардлага болох “тендер”-ийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй байсан ба Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгохоор заасан тул захиргааны огт биш юм.
“Тендер” нь захиргааны акт биш тул уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй бөгөөд энэ талаар хариу тайлбарыг гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нараас гаргаж шүүх хуралдааны явцад удаа дараа гаргаж байсан.
Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө захиргааны акт биш, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар гаргаж, маргаагүй, нэхэмжлэгч эрх зүйн 3 актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бичгээр гаргаагүй, хариуцагч, гуравдагч этгээд хариу тайлбар өгөөгүй байхад шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг илтэд үл хүндэтгэсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлсон, хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэрт заасанчлан өөрчлөөгүй, бичгээр гаргаж өгөөгүй тул хэрэв бичүүлж, хэрэгт авсан бол хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэл бүрдэнэ.
2. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн талаар: Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017.02.01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэх гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760,546,700 төгрөгийн үнэ бүхий тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл тендер шалгаруулалтыг зарласныг эс зөвшөөрсөн байдаг.
Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон 3 эрх зүйн актыг эс зөвшөөрч байгаа болон түүний үндэслэлийн талаар огт дурдагдаагүй, энэ талаар маргаагүй ба хариуцагчаас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 “гэрээ байгуулах тухай” албан бичиг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “А И” ХХК-тай байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-20, 21, 22” гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсний дараа ч бичгээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчлөөгүй, маргаагүй байдаг.
“М Т” ХХК-ийн 2017.02.14-ний өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, 2017.02.22-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус тус гаргаж өгсөн албан бичиг /гомдол/-ээс үзэхэд давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэх гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760,546,700 төгрөгийн үнэ бүхий тендер шалгаруулалтыг зарласныг 2017.02.01-ний өдөр мэдсэн талаар дурдсан боловч 2017.05.17-ны өдөр буюу уг захиргааны актыг мэдсэнээс хойш 3 сар 17 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Анхан шатны шүүх “анхнаасаа шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад захиргааны хэрэг үүсгэсэн” тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.
Энэ талаар шүүхийн шийдвэрт гэрээний ерөнхий нөхцөлийн 26.1-д зааснаар хариуцагч байгууллагууд руу удаа дараа албан бичиг хүргүүлж, хариуг авсан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй" гэж дүгнэсэн байх ба энэ нь хуульд үндэслээгүй, гэрээний маргааныг шийдвэрлэхтэй холбоотой гэрээний заалтыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг шүүх хэрэглэх ёстой бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2017.02.22-ны өдөр гомдол гаргасан боловч түүний хариуг өгөөгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1 -т заасан гомдлыг хянан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй зэрэг үйл баримтаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм. Үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0621 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “М Т” ХХК нь анх гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг хариуцагчаар татаж, “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн зарласан “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760 456 700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах” гэж шаардлагаа тодорхойлсон, шүүх уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.
Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан “... Үнэлгээний хорооны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 дугаар албан бичиг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон “Айвико интернейшнл” ХХК-тай байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-21” гэрээ зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдохгүй байна.
Хэрэгт (2 дугаар хавтас, 52 дахь тал) нэхэмжлэлийг тодруулсан гэх бичгээр ирүүлсэн хүсэлт байх боловч түүнийг шүүх хуралдааны дараа өгснөө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендер шалгаруулалтын үйл ажиллагаа буюу 2017 онд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл ажиллагааг хүчингүй болгуулах” гэж анх тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ.
Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг жил бүр шинэчлэн явуулж хүн амын эрүүл мэндийн үйлчилгээ явуулж буй эмнэлгүүдийг хангадаг байх бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/40 дүгээр албан бичгээр харьяа байгууллагуудын 2017 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг нийтэд нь сонгон шалгаруулах тендерийн ажиллагааг зохион байгуулж өгөхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хүссэний дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тендер сонгон шалгаруулалт зарлан явуулжээ.
Уг тендер сонгон шалгаруулалтаар НХААГ-17/0003-21 дугаартай 760 456 700 төгрөгийн үнэ бүхий “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн” гэх нэр бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх 21 дүгээр багцад “Айвико интернейшнл” ХХК “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчоор шалгарсны дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас түүнтэй 2017 оны 05 дугаар сарын 15-аас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч “М Т” ХХК-ийн 2016 оны тендер сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болгож эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь нэг талаас нэхэмжлэгч “М Т” ХХК нь 2016 онд зохих журмын дагуу тендер шалгаруулалтад оролцож, “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчоор шалгарсан, уг тендер сонгон шалгаруулалтын талаар маргаан үүссэн боловч уг сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоож эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн эрүүл мэндийн газартай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн нийлүүлэх” гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсны дагуу уг барааг эмнэлгүүдэд 2017 оны 7 дугаар сар хүртэл нийлүүлсэн болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... 07 сар хүртэл нийлүүлсэн, төлбөрийн 50 хувийг авсан байгаа ...” гэх тайлбар, хэрэгт авагдсан Наркологийн эмнэлгийн 2017.04.26-ны өдрийн 27, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн 2017.04.26-ны өдрийн 1/250, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2017.04.26-ны өдрийн 53, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн 2017.04.27-ны өдрийн 218 дугаар албан бичгүүдэд “М Т” ХХК-ийн нийлүүлж буй шингэн ... учир дутагдалтай, цаашид анхаарах шаардлагатай” гэж дурдсан байдал зэргээр тогтоогдож байна.
Нөгөөтээгүүр хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... М Т ХХК-ийн нийлүүлж буй шингэн доголдолтой байсан учраас гэрээг цуцалж, 2017 онд нийлүүлэх этгээдийн сонгон шалгаруулах захиалгыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн ...” гэж дурдсанаас үзвэл 2016 оны тендер шалгаруулалтын дагуу байгуулсан гэрээний талууд үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, гэрээг зохих журмын дагуу цуцалсан эсэх талаар маргаантай байна.
Үүнээс дүгнэвэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 онд нийлүүлэх этгээдийг тендер сонгон шалгаруулсан шийдвэрүүдийн улмаас зөрчигдөөгүй.
Харин Иргэний хуульд заасны дагуу худалдах-худалдан авах гэрээний тал буюу Нийслэлийн эрүүл мэндийн газрын гэрээгээ зохих ёсоор цуцалсан эсэх, 2017 оны 09 дүгээр сарын 12 хүртэл барааг худалдаж авах гэрээний үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул энэ талаарх маргаанаа шийдвэрлүүлж нэхэмжлэгч нь учирсан хохирлоо хуулийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжтой.
Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхааралгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрээнд өөрчлөлт оруулаагүй, гэрээний үүргээ хэн нь биелүүлээгүй талаар хангалттай нотлох баримт байхгүй байхад 2016 оны тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний нэг тал болох захиалагч Нийслэлийн эрүүл мэндийн газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд “... барааг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, гэрээнд хяналт тавих, гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн оролцоогүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 онд уг эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх этгээдийг сонгон шалгаруулсан шийдвэрүүд болон түүний үр дүнд байгуулсан “... 2018 оны 03 дугаар сарын 01 хүртэл нийлүүлэх” гэрээг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “М Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн зарласан “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760 456 700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Айвико интернэшнл” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ