Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01251

 

“Камдер” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03746 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1336 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Камдер” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ган-Эрдэнэд холбогдох,

Гэрээний үүрэгт /алданги/ 71 533 852 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор 75 956 609 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадралын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанбагана, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Д.Ган-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Камдер” ХХК нь 2012 оны 6 дугаар  сарын 22-ны өдөр Д.Ган-Эрдэнэтэй 801/2/71 дугаартай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 1 м.кв талбайг 1 620 ам.доллар, нийт 170 618 ам.доллараар тохиролцон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун /Encanto town/ хотхоны 801 дүгээр байр, 2 дугаар орц, 10 давхарын 71 тоотын 105,32 м.кв талбай бүхий орон сууцыг Д.Ган-Эрдэнэд хүлээлгэн өгөх, Д.Ган-Эрдэнэ үнийг гэрээнд заасны дагуу төлөхөөр болсон.Гэрээ байгуулсан өдөр орон сууцны урьдчилгаанд 6 хувийг Д.Ган-Эрдэнэ төлөх бөгөөд үлдсэн хувийг төлөх хуваарийг талууд хавсралтаар тохирон баталгаажуулсан. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, орон сууцны барилга дээр 2013 оны 11 дүгээр сарын 11-нд улсын комисс ажиллуулж, захиалсан байр бүрэн ашиглалтад орж, орон сууцны байрыг 12 дугаар сарын 28-нд Д.Ган-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн. Захиалагч Д.Ган-Эрдэнэ нь гэрээний хавсралтад заасны дагуу хугацаандаа төлсөн. Харин  дөрөв дэх шатны төлбөр 40 хувь буюу 68 247,36 ам.долларыг 2013 оны 6 дугаар сарын 30-нд төлөх ёстой байсан боловч 2013 оны 8 дугаар сарын 14-нд 10 хувь буюу 17 538 ам.долларыг 45 хоног, 9 дүгээр сарын 06-нд 6 хувь буюу 9 560 ам.долларыг 23 хоног, 11 дүгээр сарын 7-нд 17 хувь буюу 29 036 ам.долларыг 62 хоног, 11 дүгээр сарын 21-нд 8 хувь буюу 13 514 ам.долларыг 14 хоногийн хугацаагаар тус тус хэтрүүлсэн төлсөн. 2013 оны 6 сард орон сууц ашиглалтад хараахан ороогүй байсан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг “Камдер” ХХК-ийн хувьд бүрдүүлсэн байсан. Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын акт 2013 оны 12 дугаар сарын 18-нд гарсан байхад түүнээс өмнө буюу 10 дугаар сарын 07-нд Голомт банкнаас Д.Ган-Эрдэнэд орон сууцны санхүүжилтийн зээлийг олгох шийдвэр гарч, зээлийн мөнгө 11 дүгээр сарын 07-нд компанид шилжигдсэн.“Камдер” ХХК нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст, “Захиалагч нь Голомт банкны зээлээр орон сууцны үнийг бүрэн төлсөн...” гэсэн агуулгатай бичиг хийж өгсөн явдал бол гагцхүү ордерийг гаргуулах зорилготой байсан бөгөөд энэ нь алданги шаардах эрхийг үгүйсгэх баримт биш юм. Талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээний 8.1-д “Захиалагч нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д алдангийн агуулга, хэмжээг заасантай гэрээний 8.1 дэх заалт нийцэж байна.Манай нэхэмжлэлийн шаардлага бол Д.Ган-Эрдэнийн дөрөв дэх шатны төлөлт 68 247.36 ам.долларыг хугацаа хэтрүүлж төлсөнтэй холбоотой алданги шаардаж байгаа бөгөөд уг алдангийн хэмжээ 35 800.22 ам.доллар болж байна. Хугацаа хэтэрсэн хоног тутамд оногдох алдангийг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ам.долларын ханш 1 998.14 төгрөгөөр бодож, алданги 35 800.22 ам.доллар буюу 71 533 852 төгрөгийг хариуцагч Д.Ган-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Камдер” ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 801/2/71 дугаартай Энканто таун хотхоны 305 дугаар байрны 67 тоотод байрлах 105 32 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 620 ам.доллараар үнэлж, нийт 170 618 ам.доллар төлөх орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. “Камдер” ХХК-тай байгуулсан гэрээний 3.2 дахь заалтыг үндэслэн орон сууцыг ашиглалтад орсноос хойш би банкны барьцаанд орон сууцаа тавьж лизингээр орон сууцны сүүлийн 40 хувийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Ийм учраас гэрээний төлбөр төлөх хуваарь дээр “Лизинг 2013 оны 6 сард 40 хувь” гэж бичсэн.Гэтэл “Камдер” ХХК нь амалсандаа хүрээгүй. Гэрээнд заасан 2013 оны 6 дугаар сард очиж үзэхэд барилгын явц удаашралтай, төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжгүй, дахин хэдэн сараар хойшлох нь тодорхой байсан. Миний хувьд гэрээ ёсоор 06 сард захиалсан шинэ байрандаа нүүж орно гэсэн төлөвлөгөөтэй, амьдарч байсан хуучин байраа хямд зарсан байсан тул би хүнд байдалд орсон. “Камдер” ХХК гэрээнд заасан хугацаандаа байраа хүлээлгэн өгсөн бол миний дансанд орон сууцны 40 хувийн төлбөрийг төлөх мөнгө бэлэн байсан тул төлбөрийг төлөх боломж 100 хувь байсан.Барилгын явцтай танилцаж, орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулахыг хэд хэдэн удаа шаардаж борлуулалтын албаны дарга н.Доржхандад энэ тухай хэлж ярилцахад 06 сард өгөх ёстой үлдэгдэл мөнгөө өгөх шаардлагагүй, харин наад мөнгөө банкинд хадгалаад хүүгээр нь байр түрээсэлж асуудлаа шийд гэж зөвлөсөн. Мөн манай талаас гэрээ ёсоор орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тул ямар нэгэн асуудал гаргахгүй гэж хэлсэн. Иймд гэрээний дагуу би, байр ашиглалтад оронгуут төлбөрөө төлөх үүрэгтэй байсан тул мөнгөө “Камдер” ХХК-ийн дансанд хийгээгүй.2013 оны 12 дугаар сарын 28-нд Камдер ХХК-иас байрандаа ороход болно гэсэн мэдэгдэл аваад, нүүн ороход хотхоны 2 дахь айл болж байлаа. Орон сууц ашиглалтад орох хугацаа хойшлогдсоноос үүдэлтэй “Камдер” ХХК алданги тооцохгүй гэдгээ нотолсон баримтууд байдаг. “Камдер” ХХК-тай түүний барьж буй орон сууцанд “Орон сууцны зээл” олгохоор тохиролцсон байсан. Голомт банкны салбар нь хэт өндөр ачаалалтай байсны улмаас зээл олгох асуудлыг удаашруулж, зээл гаргахгүй байсан. Энэ нь надаас хамаараагүй учраас мөн алданги тооцох ёсгүй. Давагдашгүй хүчин зүйл буюу биднээс хамааралгүй банкны дотоод үйл ажиллагаа нөлөөлсөн. Бидэнд 06 сард байраа авах мөнгө байсан ч багахан хэмжээний мөнгө нэмж банкнаас зээлэх хэрэг байсан тул анх гэрээ ёсоор 7 сарын эхээр Голомт банкинд зээлийн хүсэлт өгсөн боловч 14 хоногийн дараа Энканто хотхон зөвхөн Голомт банкны Солонго салбар дээр гэрээ хийсэн байна хэмээн Солонго салбар руу шилжүүлсэн.Тухайн үед Солонго салбараас зээл авах нь тэнд үүссэн зээл хүсэгчдийн ачаалал ихэссэн мөн банкны ажилтны хомсдолтой байдал зэрэг шалтгаанаар зээл хойшилсоор байсан. Ингээд биднээс үл хамаарах банкны дотоод ажлын зохион байгуулалтаас шалтгаалан 10 сард зээл гарсан хэдий ч “Камдер” ХХК-ийн ажилтан ирж гарын үсэг зурах ёстой гэж мөн л олон хоног хойшлуулсан нь надаас хамаарахгүй миний хувьд давагдашгүй хүчин зүйл болж, байр маань ашиглалтад хугацаа алдаж орох хооронд долларын ханшны зөрүүний алдагдлаа нэмж 50 сая төгрөг банкнаас зээлэхэд хүрсэн. Гэрээний төлбөрийг валютаар тооцсоноос үүдэн мөн бидэнд хохирол учирсан.Анх байрыг авахад 2012 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар 1 ам.доллар 1 333 төгрөг буюу нийт 170 618 ам.доллар нь төгрөгт шилжүүлэхэд 227 434 327 болж энэхүү 3 өрөө байрыг худалдан авахаар байсан ч уг компанийн гэрээг төгрөгөөр ханш тохирч төлөх боломжгүй байсны улмаас анх тооцоолсон үнээс илүү 244 804 920 төгрөг болж, валютын ханшны зөрүү 17 370 593 төгрөг болж захиалагч миний хувьд алдагдал болсон. Иймд дээрх гэрээний төлбөрийн хэрэгсэл ам.доллараар хийгдсэн тул Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус тохиролцоо болсон. Иймд “Камдер” ХХК-ийг алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:...“Камдер” ХХК нь орон сууцыг барьж 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.Иймд гэрээний дагуу 2013 оны 2 дугаар улирлын сүүлчийн хоногоос хойш хуанлийн 60 хоногоос эхлэн буюу 2013.8.28-наас 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 85 хоногийн алданги /гэрээний нийт үнэ 170 618 х 0.1% = 170.62 ам.доллар х 85 хоног= 14 502. 7 ам.доллар/ 14 502.7 ам.долларыг нэхэмжилж байна. Энэ нь 2016 оны 2 сарын 21-ны өдөр Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам.доллар 2 029.30 төгрөг тул 29 430 329 төгрөг болно.Мөн би өөрийн амьдарч байсан орон сууцыг худалдан борлуулж “Камдер” ХХК-иас худалдан авсан орон сууцныхаа төлбөрт төлсөн бөгөөд орон сууц түрээслэн амьдарч байсан. “Камдер” ХХК нь орон сууц ашиглалтад оруулах гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс миний бие орон сууц үргэлжлүүлэн түрээсэлж байр ашиглалтанд орох хүртэл хугацаагаар амьдарсан. Тодруулбал, 2012.12.20-ны өдөр иргэн Б.Дэлгэрмаатай орон сууц хөлслөх гэрээг байгуулж, түүний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 1 сарын 1 300 000 төгрөгөөр хөлсөлж амьдарсан ба 2013.6.20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөрт 7 800 000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт 4 665 600 төгрөг нэхэмжилж байна.Гэрээнд орон сууцны үнийг 170 618 ам.доллар, автомашины зогсоолын үнийг 20 000 ам.доллар бүгд 190 618 ам.доллар гэж гэрээний үнийг тогтоож, тохиролцсон. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан. “Камдер” ХХК нь орон сууц, автозогсоолын үнийг ам.доллароор тогтоосон нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ам.доллараар үнийг тогтоосон хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсанаар орон сууцны үнийг төлөх үүрэг үүссэн. 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам.доллар 1333.98 төгрөг байна.Иймд тухайн орон сууцыг анх худалдан авах үеийн ханшаар орон сууцны үнийг тодорхойлбол тус 3 өрөө орон сууцны нийт үнэ 227 600 000 төгрөг, гараашийн үнэ 11 000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 26 700 000 төгрөг байна. Орон сууц худалдан авахдаа ...нийт 258 068 370 төгрөг орон сууц ашиглалтанд орохоос өмнө төлсөн байна. Анх гэрээ байгуулах үед тогтоосон үнээс 30 467 370 төгрөг илүү төлсөн байна. Гарааш, авто зогсоол худалдан авахдаа ...нийт 30 293 310 төгрөг төлсөн. Анх гэрээ байгуулах үед тогтоосон үнээс 3 593 310 төгрөг илүү төлсөн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр “Камдер” ХХК-иас орон сууц, автозогсоолын үнэд илүү төлсөн 34 060 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн алдангид 29 430 329 төгрөг, хохирол 12 465 600 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн дагуу 34 060 680 төгрөг, нийт 75 956 609 төгрөгийг “Камдер” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Д.Ган-Эрдэнийн захиалсан 305 дугаар байр 2013 оны 2 дугаар улиралд ашиглалтад орж амжихгүй нь гэрээ байгуулсны дараа тодорхой болсон бөгөөд манай компани Д.Ган-Эрдэнэд барилга ашиглалтад орох хугацаа 4 дүгээр улирал болж хойшилсон тухай мэдэгдсэн. Мөн 2012.6.22-ны 801/2/71 дугаартай орон сууцны захиалгын гэрээний 11.1-д гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчсөн байна.Иймд 29 430 329 төгрөгийн алданги тооцох үндэслэлгүй юм. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахтай холбоотой маргаан биш тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар орон сууц хөлсөлсний зардал 7 800 000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэн нэгэн өөрийн таних, мэдэх хүнтэй орон сууц хөлслөх гэрээг бичиж болно. Манай компани талбай дутуу орон сууц хүлээлгэж өгсөн гэх Д.Ган-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ асуудлаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг одоогоор хүлээн аваагүй, уг шүүхийн шийдвэрийг хүлээн аваад давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаа болно.Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тул банкны зээлийн хүүнд 4 665 600 төгрөг илүү төлсөн гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ган-Эрдэнэ нь гэрээ хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр өөрийн байгуулсан гэрээнээс татгалзаагүй, байраа хүлээн авсан байж, одоо гэрээ хууль зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус үр дагавар үүссэн тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах солилцоо хийгддэг.Иймд Д.Ган-Эрдэнийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03746 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ган-Эрдэнээс 51 773 204 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Камдер” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 19 760 648 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4. 227.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Камдер” ХХК-иас 33 437 957 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ган-Эрдэнэд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 42 518 652 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Камдер” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640 132 төгрөг, хариуцагч Д.Ган-Эрдэнийн төлсөн 537 733 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Д.Ган-Эрдэнээс 416 816 төгрөг гаргуулан “Камдер” ХХК-д, “Камдер” ХХК-иас 251,39 төгрөг гаргуулан Д.Ган-Эрдэнэд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1336 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03746 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Д.Ган-Эрдэнээс 71 533 852 төгрөг гаргуулах тухай “Камдер” ХХК-ийн нэхэмжлэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “Камдер” ХХК-иас 75 956 609 төгрөг гаргуулах тухай Д.Ган-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Камдер” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 140 төгрөг, хариуцагч Д.Ган-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээний төлбөрийн 40 хувийн үлдэгдэл 69.648,4 ам.доллар төлөх үүргээ зориуд биелүүлээгүй. Энэ нь түүний шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа “Камдер ХХК гэрээнд заасан хугацаандаа байраа хүлээлгэн өгсөн бол миний дансанд орон сууцны 40 хувийн төлбөрийг төлөх мөнгө бэлэн байсан тул төлбөрийг төлөх боломж 100% байсан” гэж бичсэнээр нотлогдсон. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд төлбөрийг барилгын ажлын явцтай уялдуулахаар заагаагүй юм.Гагцхүү байр хугацаандаа ашиглалтад ороогүй гэдгээр шалтаглаж хариуцагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул түүнийхээ төлөө гэрээнд заасан хариуцлага хүлээх естой. Барилга ашиглалтад орсны дараа банкнаас зээл авахаар тохирсон гэх хариуцагчийн тайлбар нь хариуцагч барилга ашиглалтад орсон 2013 оны 12 дугаар сараас өмнө 10 дугаар сарын 07-ны өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээл авсан, зээлийн 50.000.000 төгрөг буюу 29.036 ам.доллар нь 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд орсноор няцаагдсан.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 10 дугаар талд байгаа “Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд орон сууцаа гэрээнд заасан хугацаанд улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүргээ банкны зээлд хамрагдах замаар биелүүлэхэд нөлөөлсөн” гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1336 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:  

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэж, талуудын үүрэг, үүрэг гүйцэтгэх хугацаа болон болзол, үүргээ гүйцэтгээгүйн төлөө хүлээх хариуцлага, үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл зэрэг гэрээний гол нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу тайлбарлан тодорхойлжээ.

Гэрээний талуудын хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ хожимдуулан гүйцэтгэсэн, ийнхүү хожимдуулсаны нөхцөл, талуудын гэм буруугийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж, хариуцагч Д.Ган-Эрдэнээс төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлсэний төлөө анз гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т нийцжээ.

Шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1., 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж үзлээ.     

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1336 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 515 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН