Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1336

 

Камдер ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03746 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Камдер ХХК-ийн

Хариуцагч Д.Ган-Эрдэнэд холбогдох

           

Гэрээний үүрэгт /алданги/ 71 533 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Гэрээний үүрэгтэй холбоотойгоор 75 956 609 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Д.Ган-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Камдер ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанбагана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Камдер ХХК нь 2012 оны 6 сарын 22-ны өдөр Д.Ган-Эрдэнэтэй 801/2/71 дугаартай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 1 м.кв талбайг 1 620 ам.доллар, нийт 170 618 ам.доллараар тохиролцон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун /Encanto town/ хотхоны 801 дүгээр байр 2 дугаар орц, 10 давхарын 71 тоотын 105,32 м.кв талбай бүхий орон сууцыг Д.Ган-Эрдэнэд хүлээлгэн өгөх, Д.Ган-Эрдэнэ үнийг гэрээнд заасны дагуу төлөхөөр болсон. Гэрээ байгуулсан өдөр орон сууцны урьдчилгаанд 6 хувийг Д.Ган-Эрдэнэ төлөх бөгөөд үлдсэн хувийг төлөх хуваарийг талууд хавсралтаар тохирон баталгаажуулсан. Хавсралтаар 2012 оны 6 дугаар сарын 22-нд 6 хувь буюу 10 000 ам.доллар, 12 сарын 25-нд 34 хувь буюу 58 247 ам.доллар, 2013 оны 4 сарын 25-нд 20 хувь буюу 34 123,68 ам.доллар, 6 сарын 30-нд 40 хувь буюу 68 247,36 ам.долларуудыг тус тус төлөхөөр тохиролцсон. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, орон сууцны барилга дээр 2013 оны 11 дүгээр сарын 11-нд улсын комисс ажиллуулж, захиалсан байр бүрэн ашиглалтад орж, орон сууцны байрыг 12 дугаар сарын 28-нд Д.Ган-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн. Захиалагч Д.Ган-Эрдэнэ нь гэрээний хавсралтад заасны дагуу хугацаандаа төлсөн. Харин, дөрөв дэх шатны төлбөр 40 хувь буюу 68 247,36 ам.долларыг 2013 оны 6 сарын 30-нд төлөх ёстой байсан боловч 2013 оны 8 дугаар сарын 14-нд 10 хувь буюу 17 538 ам.долларыг 45 хоног, 9 дүгээр сарын 6-нд 6 хувь буюу 9 560 ам.долларыг 23 хоног, 11 дүгээр сарын 7-нд 17 хувь буюу 29 036 ам.долларыг 62 хоног, 11 дүгээр сарын 21-нд 8 хувь буюу 13 514 ам.долларыг 14 хоногийн хугацаагаар тус тус хэтрүүлсэн төлсөн. 2013 оны 6 сард орон сууц ашиглалтад хараахан ороогүй байсан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг Камдер ХХК-ийн хувьд бүрдүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, Камдер ХХК болон Голомт банкны хооронд Энканто таун хотхоны захиалагчтай холбоотой хамтран ажиллах гэрээ хийгдсэн байдаг.

Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын акт 2013 оны 12 дугаар сарын 18-нд гарсан байхад түүнээс өмнө буюу 10 дугаар сарын 07-нд Голомт банкнаас Д.Ган-Эрдэнэд орон сууцны санхүүжилтийн зээлийг олгох шийдвэр гарч, зээлийн мөнгө 11 дүгээр сарын 07-нд компанид шилжигдсэн. Камдер ХХК нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст, "Захиалагч нь Голомт банкны зээлээр орон сууцны үнийг бүрэн төлсөн..." гэсэн агуулгатай бичиг хийж өгсөн явдал бол гагцхүү ордерийг гаргуулах зорилготой байсан бөгөөд энэ нь алданги шаардах эрхийг үгүйсгэх баримт биш юм. Талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээний 8.1-т "Захиалагч нь гэрээний 2.2-д заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө" гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д алдангийн агуулга, хэмжээг заасантай гэрээний 8.1 дэх заалт нийцэж байна. Манай нэхэмжлэлийн шаардлага бол Д.Ган-Эрдэнийн дөрөв дэх шатны төлөлт 68 247.36 ам.долларыг хугацаа хэтрүүлж төлсөнтэй холбоотой алданги шаардаж байгаа бөгөөд уг алдангийн хэмжээ 35 800.22 ам.доллар болж байна. Хугацаа хэтэрсэн хоног тутамд оногдох алдангийг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ам.долларын ханш 1 998.14 төгрөгөөр бодож, алданги 35 800.22 ам.доллар буюу 71 533 852 төгрөгийг хариуцагч Д.Ган-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ган-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Камдер ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 801/2/71 дугаартай Энканто таун хотхоны 305 дугаар байрны 67 тоотод  байрлах  105 32 м.кв бүхий  3  өрөө  орон  сууцыг 1 м.кв-ыг нь 1 620 ам.доллараар үнэлж нийт 170 618 ам.доллар төлөх орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Камдер ХХК-тай байгуулсан гэрээний 3.2 дахь заалтыг үндэслэн орон сууцыг ашиглалтад орсноос хойш би банкны барьцаанд орон сууцаа тавьж лизингээр орон сууцны сүүлийн 40 хувийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Ийм учраас гэрээний төлбөр төлөх хуваарь дээр "Лизинг 2013 оны 6 сард 40 хувь" гэж бичсэн. Гэтэл Камдер ХХК нь амалсандаа хүрээгүй. Гэрээнд заасан 2013 оны 6 дугаар сард очиж үзэхэд барилгын явц удааширалтай, төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжгүй, дахин хэдэн сараар хойшлох нь тодорхой байсан. Миний хувьд гэрээ ёсоор 6 сард захиалсан шинэ байрандаа нүүж орно гэсэн төлөвлөгөөтэй, амьдарч байсан хуучин байраа хямд зарсан байсан тул би хүнд байдалд орсон. Камдер ХХК гэрээнд заасан хугацаандаа байраа хүлээлгэн өгсөн бол миний дансанд орон сууцны 40 хувийн төлбөрийг төлөх мөнгө бэлэн байсан тул төлбөрийг төлөх боломж 100 хувь байсан. Барилгын явцтай танилцаж, орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулахыг хэд хэдэн удаа шаардаж борлуулалтын албаны дарга н.Доржхандад энэ тухай хэлж ярилцахад 6 сард өгөх ёстой үлдэгдэл мөнгөө өгөх шаардлагагүй, харин наад мөнгөө банкинд хадгалаад хүүгээр нь байр түрээсэлж асуудлаа шийд гэж зөвлөсөн. Мөн манай талаас гэрээ ёсоор орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тул ямар нэгэн асуудал гаргахгүй гэж хэлсэн.

Иймд гэрээний дагуу би, байр ашиглалтад оронгуут төлбөрөө төлөх үүрэгтэй байсан тул мөнгөө Камдер ХХК-ийн дансанд хийгээгүй. 2013 оны 12 дугаар сарын 28-нд Камдер ХХК-иас байрандаа ороход болно гэсэн мэдэгдэл аваад, нүүн ороход хотхоны 2 дахь айл болж байлаа. Орон сууц ашиглалтад орох хугацаа хойшлогдсоноос үүдэлтэй Камдер ХХК алданги тооцохгүй гэдгээ нотолсон баримтууд байдаг. Тухайлбал, Камдер ХХК-ийн захирал н.Төгсбаярын гарын үсэгтэй 305.67 тоот төлбөр тооцоогүй тул түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн баримт, үл хөдлөх Хөрөнгийн газарт төлбөр тооцоогоо бүрэн барагдуулсан гэсэн бичиг очиж түүний улмаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ буюу байрны ордер гарсан зэрэг нь алданги нэхэх, тооцохгүй болохыг нотолсон бичиг гэж үзэж байна. Мөн 2013 оны 6 сард бид банкны лизинд хамрагдах зээл авах түүгээр үлдэгдэл төлбөрөө төлөх байсан. Камдер ХХК-тай түүний барьж буй орон сууцанд "Орон сууцны зээл" олгохоор тохиролцсон байсан. Голомт банкны салбар нь хэт өндөр ачаалалтай байсны улмаас зээл олгох асуудлыг удаашруулж, зээл гаргахгүй байсан. Энэ нь надаас хамаараагүй учраас мөн алданги тооцох ёсгүй. Давагдашгүй хүчин зүйл буюу биднээс хамааралгүй банкны дотоод үйл ажиллагаа нөлөөлсөн. Бидэнд 6 сард байраа авах мөнгө байсан ч багахан хэмжээний мөнгө нэмж банкнаас зээлэх хэрэг байсан тул анх гэрээ ёсоор 7 сарын эхээр Голомт банкинд зээлийн хүсэлт өгсөн боловч 14 хоногийн дараа Энканто хотхон зөвхөн Голомт банкны Солонго салбар дээр гэрээ хийсэн байна хэмээн Солонго салбар руу шилжүүлсэн. Тухайн үед Солонго салбараас зээл авах нь тэнд үүссэн зээл хүсэгчдийн ачаалал ихэссэн мөн банкны ажилтны хомсдолтой байдал зэрэг шалтгаанаар зээл хойшилсоор байсан. Ингээд биднээс үл хамаарах банкны дотоод ажлын зохион байгуулалтаас шалтгаалан 10 сард зээл гарсан хэдий ч Камдер ХХК-ийн ажилтан ирж гарын үсэг зурах ёстой гэж мөн л олон хоног хойшлуулсан нь надаас хамаарахгүй миний хувьд давагдашгүй хүчин зүйл болж, байр маань ашиглалтад хугацаа алдаж орох хооронд долларын ханшны зөрүүний алдагдалаа нэмж 50 сая төгрөг банкнаас зээлэхэд хүрсэн. Гэрээний төлбөрийг валютаар тооцсоноос үүдэн мөн бидэнд хохирол учирсан. Анх байрыг авахад 2012 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар 1 ам.доллар 1 333 төгрөг буюу нийт 170 618  ам.доллар нь  төгрөгт  шилжүүлэхэд  227 434 327 болж  энэхүү 3 өрөө байрыг худалдан авахаар байсан ч уг компанийн гэрээг төгрөгөөр ханш тохирч төлөх  боломжгүй  байсны  улмаас  анх тооцоолсон үнээс илүү 244 804 920 төгрөг болж, валютын ханшны зөрүү 17 370 593 төгрөг болж захиалагч миний хувьд алдагдал болсон. Иймд дээрх гэрээний төлбөрийн хэрэгсэл ам.доллараар хийгдсэн тул Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус тохиролцоо болсон. Иймд Камдер ХХК-ийг алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Камдер ХХК нь орон сууцыг барьж 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Иймд гэрээний дагуу 2013 оны 2 дугаар улирлын сүүлчийн хоногоос хойш хуанлийн 60 хоногоос эхлэн буюу 2013 оны 8  дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 85 хоногийн алданги /гэрээний нийт үнэ 170 618 х 0.1% = 170.62 ам.доллар х 85 хоног= 14 502. 7 ам.доллар/ 14 502.7 ам.долларыг нэхэмжилж байна. Энэ нь 2016 оны 2 сарын 21-ны өдөр Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам.доллар 2 029.30 төгрөг тул 29 430 329 төгрөг болно.

Мөн би өөрийн амьдарч байсан орон сууцыг худалдан борлуулж Камдер ХХК-
иас худалдан авсан орон сууцныхаа төлбөрт төлсөн бөгөөд орон сууц түрээслэн
амьдарч байсан. Камдер ХХК нь орон сууц ашиглалтад оруулах гэрээний үүргээ
гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс миний бие орон сууц үргэлжлүүлэн түрээсэлж байр
ашиглалтанд орох хүртзл хугацаагаар амьдарсан. Тодруулбал, 2012 оны 12 сарын
20-ны өдөр иргэн Б.Дэлгэрмаатай орон сууц хөлслөх гэрээг байгуулж, түүний
өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 1 сарын 1 300 000 төгрөгөөр хөлсөлж амьдарсан ба
2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөрт 7 800 000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт 4 665 600 төгрөг нэхэмжилж байна.

Гэрээнд орон сууцны үнийг 170 618 ам.доллар, автомашины зогсоолын үнийг 20,000 ам.доллар бүгд 190,618 ам.доллар гэж гэрээний үнийг тогтоож, тохиролцсон. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж заасан. Камдер ХХК нь орон сууц, автозогсоолын үнийг ам.доллароор тогтоосон нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ам.доллараар үнийг тогтоосон хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдснаар орон сууцны үнийг төлөх үүрэг үүссэн. 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам.доллар 1333.98 төгрөг байна. Иймд, тухайн орон сууцыг анх худалдан авах үеийн ханшаар орон сууцны үнийг тодорхойлбол тус 3 өрөө орон сууцны нийт үнэ 227 600 000 төгрөг, гаражийн үнэ 11 000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 26 700 000 төгрөг байна. Орон сууц худалдан авахдаа ... нийт 258 068 370 төгрөг орон сууц ашиглалтанд орохоос өмнө төлсөн байна. Анх гэрээ байгуулах үед тогтоосон үнээс 30 467 370 төгрөг илүү төлсөн байна. Гарааш, авто зогсоол худалдан авахдаа ... нийт 30 293 310 төгрөг төлсөн. Анх гэрээ байгуулах үед тогтоосон үнээс 3 593 310 төгрөг илүү төлсөн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр Камдер ХХК-иас орон сууц, автозогсоолын үнэд илүү төлсөн 34 060 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, гэрээний үүргийн гүйцэтгэлийн алдангид 29 430 329 төгрөг, хохирол 12 465 600 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн дагуу 34 060 680 төгрөг, нийт 75 956 609 төгрөгийг Камдер ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Алтанбагана шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Ган-Эрдэнийн захиалсан 305 дугаар байр 2013 оны 2 дугаар улиралд ашиглалтад орж амжихгүй нь гэрээ байгуулсны дараахан тодорхой болсон бөгөөд манай компани Д.Ган-Эрдэнэд барилга ашиглалтад орох хугацаа 4 дүгээр улирал болж хойшилсон тухай мэдэгдсэн. Мөн 2012 оны 6 дугаар сарын 22-ны 801/2/71 дугаартай орон сууцны захилгын гэрээний 11.1-д гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд 29 430 329 төгрөгийн алданги тооцох үндэслэлгүй юм. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахтай холбоотой маргаан биш тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар орон сууц хөлсөлсний зардал 7 800 000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэн нэгэн өөрийн таних, мэдэх хүнтэй орон сууц хөлслөх гэрээг бичиж болно. Манай компани талбай дутуу орон сууц хүлээлгэж өгсөн гэх Д.Ган-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ асуудлаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг одоогоор хүлээн аваагүй, уг шүүхийн шийдвэрийг хүлээн аваад давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаа болно. Иймд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тул банкны зээлийн хүүнд 4 665 600 төгрөг илүү төлсөн гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ган-Эрдэнэ нь гэрээ хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр өөрийн байгуулсан гэрээнээс татгалзаагүй, байраа хүлээн авсан байж, одоо гэрээ хууль зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус үр дагавар үүссэн тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах солилцоо хийгддэг. Иймд Д.Ган-Эрдэнэийн шүүхэд гаргасан сөрөг кэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ган-Эрдэнээс 51 773 204 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Камдер ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 19 760 648 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4. 227.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Камдер ХХК-иас 33 437 957 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ган-Эрдэнэд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 42 518 652 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Камдер ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640 132 төгрөг, хариуцагч Д.Ган-Эрдэнийн төлсөн 537 733 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Д.Ган-Эрдэнээс 416 816 төгрөг гаргуулан Камдер ХХК-д, Камдер ХХК-иас 251,39 төгрөг гаргуулан Д.Ган-Эрдэнэд тус тус олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч М.Бадрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хариуцагчийн банкинд төлсөн гэх 4 665 600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зевшөөрөхгүй. Хариуцагч нь тухайн орон сууцны төлбөрийг төлөхдөө өөрийн хөрөнгөөр төлөх үү, эсвэл банкны зээлээр төлөх үү гэдэг нь хариуцагчийн өөрийн сонголт байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг банкны зээл авахуулахаар шахаж шаардаж гэрээ байгуулаагүй. Тийм байхад хариуцагчийн авсан банкны зээлийн хүүг нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлгүй. Тэгээд ч хариуцагч нь уг банкны зээлийн хүүг банкинд төлсөн баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн үндэслэл болгосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00804 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шүүх уг шийдвэрийг нотлох баримт болгон үнэлж ашигласан нь буруу болсон. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянаж магадлал гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан болно.

2. Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийг хэрэглэн орон сууц хөлсөлсний төлбөрт 7 800 000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь өөрийн орон сууцтай байсан болон уг орон сууцаа худалдан борлуулсан гэх нотлох баримт шүүхэд гарган өгөөгүй байж орон сууц хөлсөлсөн гэсэн баримт бүрдүүлж өгсөн. Орон сууцны хөлс төлсөн баримт нь шаардлага хангахгүй, гар бичмэл баримт байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг орон сууцыг хөлсөлж амьдарсан гэх хангалттай нотлох баримт байхгүй байхад шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон.

3. Д.Ган-Эрдэнийн захиалсан 305 дугаар байр 2013 оны 2 дугаар улиралд ашиглалтад орж амжихгүй нь гэрээ байгуулсны дараа тодорхой болсон бөгөөд манай компани гэрээний 3.3 дахь заалтын дагуу Д.Ган-Эрдэнэд барилга ашиглалтад орох хугацаа 4 дүгээр улирал болж хойшилсон тухай мэдэгдсэн. Гэрээний 11.1-д гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох зохицуулалтыг зөрчсөн. Ийм байхад шүүх гэрээний алданги 20 972 357 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Камдер ХХК-ийн алданги шаардсан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 232.3, 232.6 дахь заалтыг үндэслэн хангасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 3.2, 5.1-д зааснаар гүйцэтгэгч орон сууцны барилгыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч хугацаа хэтрүүлэн 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Камдер ХХК-ийн нэхэмжилсэн алданги 51 сая төгрөгийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Учир нь: Захиалагч Д.Ган-Эрдэнэ миний хувьд гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлээгүй. Бид анх гэрээ байгуулахдаа Камдер ХХК нь орон сууцны барилгыг 2013 оны 6 дугаар сард багтааж ашиглалтанд оруулан Улсын комисст хүлээлгэн өгч, захиалагч миний гар дээр түлхүүр өгөх үүрэгтэй байсан. Орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа би банкинд барьцаалан банкны зээлээр үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцож энэ тухайгаа гэрээний 3.2, 5.1-д заасан. Өөрөөр хэлбэл би Камдер ХХК-тай гэрээ байгуулахдаа үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоож, хугацаагаа тохиролцсон. Гэтэл Камдер ХХК нь 2013 оны 6 дугаар сард орон сууцыг барьж Улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтанд оруулах зөвшөөрлийг аваагүй, барилгын гүйцэтгэл 60 хувьдаа ч хүрээгүй байсан тул захиалагч миний бие төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх хугацаа болоогүй байсан юм. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт заасны дагуу Камдер ХХК нь орон сууцыг барьж гүйцэтгэн Улсын комисст өгөөгүй тохиолдолд надаас үлдэгдэл 40 хувийн төлбөрийг шаардах эрхгүй. Камдер ХХК тайлбартаа барилгын ажлыг 2013 оны 4 улиралд ашиглалтанд оруулахаар мэдэгдсэн гэж бичсэн байна. Тэгвэл миний төлбөр төлөх хугацаа ч энэ хугацаагаар хойшлогдох ёстой. Яагаад гэвэл би Камдер ХХК-тай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа банкинд барьцаалан үлдсэн 40 хувийн төлбөрөө лизингээр төлөхөөр тохиролцсон. Иймээс гэрээний 3.2-т заасныг үндэслэн орон сууцыг ашиглалтад орсноос хойш би банкны барьцаанд орон сууцаа тавьж лизингээр орон сууцны сүүлийн 40 хувийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон юм. Ийм ч учраас гэрээний төлбөр төлөх хуваарь дээр "Лизинг 2013 оны 6 сард 40 хувь" гэж бичсэн гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу би мэдэгдсэн өдөр нь үлдэгдэл 13 514 ам доллар буюу 23 595 440 төлснөөр Улсын комисс хүлээн авахаас өмнө би 100 % төлбөрөө төлж, түлхүүрээ 2 хоногийн дараа гардаж авсан. Мөн би Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5-д "Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй" гэж заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлсөн. Би Камдер ХХК-ийн Энканто хотхоны орон сууц захиалагч нараас зээлийн материал хүлээж авч байгаа гэдгийг сонсоод л 2013 оны 7 дугаар сарын 03-нд анх зээлийн материалаа шаардлагатай баримтуудын хамт бүрдүүлэн Голомт банкны Нарантуул салбарт өгсөн. .... миний хүссэн зээл 2013 оны 10 дугаар сарын 07-нд батлагдсан хэдий ч 2013 оны 11 дүгээр сарын 7 өдөр бэлэн бусаар Камдер ХХК-ийн дансанд орсон. Энэ банкнаас зээл удаж гарсан байдал нь Д.Ган-Эрдэнэ миний хүсэл зоригоос шалтгаалаагүй. Миний хувьд давагдашгүй хүчин зүйл болсон. Мөн би яагаад зээл батлагдснаас хойш 1 сарын дараа мөнгө шилжиж байгаа талаар банкнаас асуухад Камдер ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж гарын үсэг зураагүй удсан юмаа гэж ярьж байсан. Энэ бүхэн захиалагч миний хүсэл зоригоос үл хамааран цаг хугацаа өнгөрсөн байхад энэ бүх хугацаанд алдангийг тооцон гаргуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх Камдер ХХК-тай байгуулсан гэрээний талуудын тохиролцоо, үүрэг гүйцэтгэх дарааллыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Иймд Камдер ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

            

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

1. Нэхэмжлэгч “Камдер” ХХК нь хариуцагч Д.Ган-Эрдэнэд холбогдуулан орон сууцны захиалгын гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 71 533 852 төгрөг шаардсаныг хариуцагч Д.Ган-Эрдэнэ эс зөвшөөрч алданги, хохиролд 41 895 929 төгрөг, орон сууц, авто зогсоолын үнэд илүү төлсөн 34 060 680 төгрөг нийт 75 956 609 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч “Камдер” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.Ган-Эрдэнэтэй 801/2/71 дугаартай орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун /Encanto town/ хотхоны 801 дүгээр байрны 71 тоотын 105,32 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1 620 ам.доллар, нийт 170 618 ам.доллараар тооцон, орон сууцны барилгыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулснаас 7 хоногийн дотор захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохиролцжээ.

 

         Дээрх гэрээгээр нэг тал нь орон сууцыг захиалгын дагуу гүйцэтгэн, тодорхой хугацаанд үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө тал төлбөрийг үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэн, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

          Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.

          

         Талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлцэлд тавигдах шаардлагыг хангасан, талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг нь хууль тогтоомжийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшлахгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий хүчин төгөлдөр хэлцэл байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д “захиалагч нь гэрээний 2.2-д заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй ....” тохиолдолд алданги төлөхөөр заасан байна.

Энэхүү анз төлөх тухай тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулахтай нийцсэн байх тул нэхэмжлэгч “Камдер” ХХК нь хариуцагч Д.Ган-Эрдэнээс гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй үндэслэлээр алданги төлүүлэх талаар шаардлага гаргах эрхтэй.

         Хариуцагч Д.Ган-Эрдэнэ нь 170 618 ам.долларыг 4 хувааж төлөх үүрэг хүлээснээс 4 дэх шатны төлбөр 40 хувь буюу 68 247.36 ам.долларыг 2013 оны 6 дугаар сарын 30-нд төлөх үүргээ биелүүлээгүй боловч үүнээс хойш 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 1 069 648 ам.доллар төлсөн байх тул үүргийг хугацаандаа гүйцэтгэсэн гэж үзэхгүй.  

 

       Хариуцагч Д.Ган-Эрдэнийн хувьд гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйд дангаар буруутгах боломжгүй юм. Гэрээний талуудын хэн аль нь гэрээгээр тохирсон үүргээ бүрэн гүйцэтгэсний дараа нөгөө талаас алданги, хохирол шаардах эрх талуудын тэгш эрхийн зарчмын үндсэн дээр үүсдэг.

 

          2013 оны 6 сард орон сууц ашиглалтад ороогүй, “Камдер” ХХК нь гэрээний 3.2-д зааснаар орон сууц ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх хугацааг 5 сар хэтрүүлсэн боловч Д.Ган-Эрдэнийг тогтоосон хугацаанд төлбөрийн үлдэх хэсгийг төлөх үүргээ биелүүлэхэд нь уг нөхцөл байдал нөлөөлөхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар орон сууцны барилгын ажил хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2013 оны 02 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх ба улсын комисс хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор захиалагчид орон сууцыг хүлээлгэж өгөх өдрийг бичгээр мэдэгдэнэ.

 

Энэ нь хариуцагчид орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээлгэсэн заалт биш боловч гэрээнд заасан дээрх хугацаанд нэхэмжлэгч нь орон сууцаа улсын комисст хүлээлгэж өгсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд “Камдер” ХХК-ийг орон сууц ашиглалтанд оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн хувьд гэрээнд зааснаар хариуцагчаас төлбөр төлөх гэрээний үүргийг  гэрээнд заасан графикаар тогтоосон хугацаа буюу 2013 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлөхийг шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд гэрээний дагуу анз шаардах эрхээ алдах журамтай тул алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд орон сууцаа гэрээнд заасан хугацаанд улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүргээ банкны зээлд хамрагдах замаар биелүүлэхэд нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу анз авах эрхээ алджээ.

 

         Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

         2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2013 оны 11 дүгээр сарын 11-нд хүлээн авч, нэхэмжлэгч нь 12 дугаар сарын 28-нд хариуцагч Д.Ган-Эрдэнэд орон сууцаа шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /Хх-77/

 

         Дээрхи гэрээнд нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнг улсын комисст өгөх хугацааг тодорхой заасан боловч хариуцагчид өгөх хугацааг тодорхойлон заагаагүй, улсын комисст хүлээлгэн өгөх хугацаанаас хамаарахаар заасан байна.

 

Хариуцагч Д.Ган-Эрдэнэ орон сууц ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор 2013 оны 6 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 20 хүртэл буюу орон сууц хүлээн авах хүртэл 6 сарын хугацаанд орон сууц хөлслөхөд гарсан зардалд 7 800 000 төгрөг шаардсан нь гэрээний дагуу хүлээсэн үүрэг буюу гэрээ цуцлах, татгалзсан үйл баримттай хамааралгүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр хохирол шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх ажлын үр дүнг хүлээлгэж өгөх хугацааг хэтрүүлсэн, ажил гүйцэтгэгчээс хохирол шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь улсын комисст 2013 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцаа хүлээлгэж өгөх талаар гэрээнд шууд заасан нь зохигчдын хэн аль нь гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх болон улсын комисс өгөх хугацаанаас зөрсөн байх тул нэхэмжлэгч нь гэрээний 3.3-т заасны дагуу хариуцагчид барилга ашиглалтад орох хугацаа хойшилсныг мэдэгдэж байсан талаар баримт авагдсан байх боловч хариуцагчийн зүгээс гэрээний үүргийн зөрчил гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар нөгөө талд мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож байсан тухай баримт байхгүй байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хандаж гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэж, орон сууцаа хүлээлгэж өгөх шаардлага тавьсан нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж, энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Энэхүү урьдчилсан нөхцөл бүрдээгүй байгаа учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хохирол шаардах боломжгүй.

 

          Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас банкинд төлсөн хүү шаардсан хэсгийг шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар урьд нь орон сууцны талбайн зөрүүтэй холбоотой үүссэн үр дагаврын талаархи маргааныг шүүх шийдвэрлэсэн.

 

          Тухайн  үед  захиалагч  энэ  талаар  шаардлага  гаргаж байгаагүйгээс гадна хэрэгт 50 000 000 төгрөгийн зээлийг банкнаас авсан гэх баримт авагдсан боловч тухайн зээлийг орон сууцны талбайг 6 м.кв дутуу байгаагаас үүссэн үр дагавартай шууд шалтгаант  холбоотой  гэж  үзэх  боломжгүй. Өөрөөр  хэлбэл,  гэрээний  нийт  үнийн  дүн 170 000 ам. доллар байсан бөгөөд орон сууцны талбай нь 105,32 м.кв байхаас 98,96 м.кв буюу гэрээнд орон сууцны талбайн зөрүү 6 м.кв дутуу байсан үйл баримт тогтоогдсон боловч 50 000 000 төгрөгийн зээлийг 6 м.кв-ын зөрүүд зориулан авсан, үүнээс шалтгаалан хохирол үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн 4 665 600 төгрөг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Авто зогсоолын болон байрны үнийг ам.доллараар тогтоосон байгааг хуульд нийцээгүй гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Талууд орон сууцны үнийг ам доллараар тохиролцож, төлбөр тооцоогоо доллараар хийх заалт гэрээнд байхгүй. Харин монгол төгрөгөөр төлбөр хийсэн тохиолдолд тухайн өдрийн Голомт банкны ам долларын ханшыг баримтална гэж заасан. Талууд орон сууцны үнийг ам.доллараар тогтоосон боловч үүргийг тухайн ханшаар тооцон монгол төгрөгөөр байгуулсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалт нь барааны үнэ, үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар тодорхойлон тохиролцсныг шууд хориглосон бус харин төлбөр тооцоог гадаад валютаар биш мөнгөн төгрөгөөр хийх агуулгатай. Гэрээнд зааснаар тухайн өдрийн ам.долларын ханшийг монгол төгрөгт шилжүүлэн монгол төгрөгөөр гүйлгээ хийсэн баримтууд болон Голомт банкны дансны хуулгууд хэрэгт авагдсан байна.

 

Иймд гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхгүй.

 

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03746 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Д.Ган-Эрдэнээс 71 533 852 төгрөг гаргуулах тухай “Камдер” ХХК-ийн нэхэмжлэл,

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “Камдер” ХХК-иас 75 956 609 төгрөг гаргуулах тухай Д.Ган-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Камдер” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 140 төгрөг, хариуцагч Д.Ган-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД          

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА