Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00737

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00737

 

 

МСГ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00412 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч МСГ ХХК-ийн хариуцагч Б.Д-, Ч.С- нарт холбогдуулан гаргасан 50 158 875.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагч болон хариуцагч Ч.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Э, түүний өмгөөлөгч А.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа:

Б.Д-, Ч.С- нар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 12002404 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 46 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 46 байрны 79 тоотод орших Улсын бүртгэлийн Ү-2203007050 дугаартай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн 36 361 366.94 төгрөг, зээлийн хүү 12 744 162.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 053 346 төгрөг, нийт 50 158 875.23 төгрөгийн зээлийн өртэй болж 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулаагүй. Иймд Б.Д-, Ч.С- нараас МСГ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 158 875.23 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 10005746 дугаартай барьцааны гэрээнд заасан 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Улсын онцгой комиссоос үндсэн хүүг тооцохгүй, авахгүй гэх ямар нэгэн тогтоол шийдвэр гаргаагүй. Харин 6 сарын хугацаатайгаар үндсэн хүүг хойшлуулах, ангиллыг бууруулахгүй байх шийдвэр гарсан. Өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй, цаашид хэзээ төлөх нь мэдэгдэхгүй байгаа тул зээлийг хүүг бууруулахгүй, нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Гуравдагч этгээдийн гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Зээлийг олгохдоо хууль, журмын дагуу олгосон. Салбарын эрхлэгч О.М- гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь гүйцэтгэх захирлаас эрх олгосон шийдвэр байх шаардлагагүй. Салбарын зээлийн багцыг хариуцаж, зээлийг бүрэн олгодог. Зээлийг олгож, салбарын тамга тэмдгийг дарсан. Эдийн засагч Н.Ц-г зээл олгохдоо байрыг биечлэн очиж үзээгүй гэж байна. Хэрэгт Н.Ц-гийн тайлбар авагдсан, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Э-, Б.Д- нар түрээсийн гэрээ байгуулсан байсан, барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулсан. МСГ ХХК-ийн салбар нь тусдаа гэрчилгээтэй гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч Ч.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д- шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүүхдийн эрүүл аюулгүй хооллолтын байдлыг сайжруулах хоол тэжээлээс хамааралтай өвчин эмгэгийн тархалтыг бууруулахын тулд Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Сайдын 2018 оны А/621 тоот үндэс болгон Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдлыг бууруулах, түүнээс үүссэн өвчин эмгэгийг эмчлэн сувилах арга зүйг түгээн дэлгэрүүлэх инновацийн төслийг хэрэгжүүлэхээр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нийгэмд үйлчлэх ажлын хүрээнд Монголд анхны Бяцхан үйлстэн цэцэрлэгийг нээн ажиллуулж байна. МСГ ХХК-аас 46 000 000 төгрөгийн зээлийг авсан. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 50 158 875.23 төгрөгөөс 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хугацаанд бодогдсон зээлийн хүү 5 391 282.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 784 064.61 төгрөг, нийт 6 175 346.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх хэсгийг төлнө. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг орон сууцыг барьцаанд тавихаас өмнө Д.Э-тай хувь лизингийн гэрээ хийж худалдсан.Тус худалдах, худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамжны, 46 дугаар байрны, 79 тоот орон сууцыг Э.Э-д шилжүүлж өгөх ёстой. Мөн Ковид-19 цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр хариуцагч Б.Д-гийн эрхэлж буй үйл ажиллагааг бүрэн зогсоосон, нийтэд илэрхий үйл баримт тул тухайн үеийн Улсын онцгой комиссын шийдвэрийг шүүхэд гаргаж өгөх зайлшгүй шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд уг хугацааны үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Э.Э- шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МСГ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцааны үл хөдлөх хөрөнгө нь миний бодитоор эзэмшиж, ашигладаг /амьдран суудаг/, цаашилбал өмчлөх эрхийг нь хууль ёсоор өв залгамжлан авах ёстой хөрөнгө байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын маргаан хэрхэн шийдвэрлэгдэх нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12002404 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргаж байна. Би Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу барьцааны хөрөнгийг өмчлөх эрх бүхий этгээд мөн болно. Э.Э- миний эцэг Д.Э- нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Д-тэй харилцан тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу нэг талаас худалдагч Б.Д- нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 79 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч Д.Э-д шилжүүлж өгөх, нөгөө талаас худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийн төлбөрөөс 37 000 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 28 000 000 төгрөгийг гэрээний 3-т заасан хуваарьт хугацааны дагуу төлж барагдуулахаар тохирсон. Улмаар миний эцэг Д.Э- нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлснөөр үл хөдлөх хөрөнгөд хүүхдүүдийн хамтаар амьдарч эхэлсэн ба 2018 оны 11 дүгээр сард үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ болох 65 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгасан. Миний эцэг Д.Э- нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авч чадалгүйгээр, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний эмнэлэгт нас барсан. Иймд миний төрсөн дүү Э.М-, Э.С- нар Э.Э- миний бие тус тус аавынхаа хууль ёсны өв залгамжлагчид болсон ба Э.М- нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, харин Э.С- нь 2020 оны 6 дугаар 26-ны өдөр тус тус өвлөх эрхээсээ татгалзсан.Э.Э- миний бие өөрийн эцэг Д.Э-гийн шаардах эрхийг өв залгамжлах эрхтэй болсон. Э.Э- нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэг болон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээнд тус тус заасны дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээ дэх худалдан авагчийн шаардах эрх, өвлөх эрхтэй дор ганц өв залгамжлагч нь болж үлдсэн. Гэтэл худалдагчид нь орон сууцны өмчлөх эрхийг зохих ёсоор шилжүүлж өгөхгүй, худалдан авагч талд мэдэгдэлгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийг өөр хоорондоо байгуулсан. Тус хэлцлийн үндсэн дээр Ш.Ц, Ч.С-, Б.М нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс хасагдаж, худалдагч Б.Д- нь орон сууцыг дангаар өмчлөх эрхийг авч үлдсэн. Энэхүү нөхцөл байдлаас харахад худалдагчдын өөр хоорондоо байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл байсан ба Б.Д- нь тус өмчийн эрх зүйн хэлцлийн үндсэн дээр бусад өмчлөгчдийн субъектив эрхээс гадна орон сууц худалдах, худалдан авах гэрээ дэх үндсэн үүргийг нь ч мөн адил өөртөө давхар шилжүүлж авсан. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцэл нь өмчийн эрх зүйн хэлцэл байх тул маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орж, хамтран өмчлөгчдийн тоо хасагдсанаас үл хамааран, өмнөх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний худалдагч Б.Д-гийн үндсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр үлдэх ёстой. Б.Д- нь 65 000 000 төгрөгийг худалдан авагчаас бүрэн хүлээж авсан, мөн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Д.Э-гийн хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Б.Д- нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төлбөр тооцоо дууссан тухай баримтыг үйлдэж, нотариатчаар баталгаажуулж өгснөөр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 болон 196 дүгээр зүйлийн 196.1.2-т заасны дагуу Д.Э-гийн хууль ёсны өв залгамжлагч болон Б.Д- нарын хооронд хүчин төгөлдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ шинээр байгуулагдсан гэж боломжтой. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт заасны дагуу өмнөх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ заалтууд, тус гэрээний 5 дугаар заалт үргэлжлүүлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой гэж үзэж байна. Иймд өвлүүлэгч Д.Э- болон Б.Д- нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 тоот Өвлөх эрхийн гэрчилгээнд тус тус заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 79 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг Э.Э-ий өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Д-д даалгаж өгнө үү.

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12002404 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл нь тус гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу аливаа компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь зөвхөн гүйцэтгэх захирал байна. Компани нь гүйцэтгэх захирлаас өөр этгээдээр төлөөлүүлэх бол төлөөлөгчдөө Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу заавал итгэмжлэл олгох ёстой. Мөн компанийн салбар, төлөөлөгчийн газар, тэдгээрийн албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6 дахь хэсэгт заасны дагуу өөрт нь хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл олгогдсоноос бусад тохиолдолд компанийг төлөөлөх, бие даасан үйл ажиллагаа явуулах эрхгүй. Нэхэмжлэгч МСГ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад 2015 оны 10 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Ө.Ц нь нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэсэн бүртгэлтэй байна. Гэтэл талуудын хоорондын маргааны зүйл болоод байгаа барьцааны гэрээнд тус компанийн гүйцэтгэх захирал бус, харин салбарын эрхлэгч О.М-, эдийн засагч Ш.Ц нар гарын үсэг зурсан байна. Цаашилбал тэдгээрийг холбогдох гэрээнд гарын үсэг зурах, тодорхой үйлдэл хийхийг зөвшөөрсөн хүчин төгөлдөр итгэмжлэл эсхүл албан тушаалыг нь нотлох баримт хэргийн материал болон маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдаагүй байна. Иймд тэдгээр нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдүүд байжээ. Ийнхүү барьцаалагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсны зэрэгцээ барьцаалуулагч Б.Д- ч мөн адил барьцааны гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан. Учир нь цаг хугацааны хувьд тус гэрээнээс өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Д- болон Д.Э- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлд уг орон сууц худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй байна гэж заасан ба талууд нь худалдагч талын эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх болох орон сууцыг бусдад барьцаалуулах эрхийг дээрх заалтаар хязгаарласан байсан. Иймд нэг талаас нэхэмжлэгч компанийн ажилтнууд нь байгууллагаа зохих ёсоор төлөөлөх эрхгүй этгээдүүд байсан, нөгөө талаас хариуцагч нь орон сууцыг барьцаалуулах эд хөрөнгийн эрх нь хязгаарлагдсан этгээд байсан тул тэдгээрийн хоорондын барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд барьцааны гэрээнд тавигдах тусгай журмыг хуульчилсан ба тус 11 дүгээр зүйлийн 11.1.9-т зааснаар талууд нь гэрээндээ барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тодорхой заах ёстой. Мөн барьцаалуулагч буюу улсын бүртгэлд мэдүүлэг гаргагч нь гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.9, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу өөрийн гаргаж байгаа мэдүүлэг, бөглөсөн барьцаалбар түүний хавсралт болох баримт бичгүүдэд маргаан бүхий орон сууц нь Д.Э-д худалдагдсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, мөн орон сууцны бодит эзэмшил нь худалдан авагчид аль хэдийнээ шилжсэн болохыг үнэн зөвөөр нь мэдүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл Б.Д- нь энэхүү үүргээ биелүүлээгүй барьцаалбарын мэдүүлгийг худал мэдүүлсэн байна. Энэ үүргийн зөрчил нь нэхэмжлэгч МСГ ХХК-д ч хамааралтай. Нэхэмжлэгч нь тухайн зээлийн санхүүжилт бүр дээр хувийн хэргийг зохих ёсоор үүсгэж, барьцаанд авч байгаа эд хөрөнгийг шалгах ёстой байсан. Шалгах үүргээ биелүүлсэн бол Д.Э-г тус орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсныг, төлбөр бүрэн төлөгдсөнийг, маргаан бүхий орон сууцны эзэмшил нь худалдан авагчид аль хэдийн шилжсэнийг, цаашилбал талуудын хооронд ирээдүйд маргаан үүсэж болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд зээлийн гэрээний харилцаанд тогтмол оролцдог энэ төрлийн гэрээ байгуулах хангалттай туршлагатай атлаа хуульд заагдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн үндэслэл журмыг ноцтойгоор зөрчсөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, маргаан бүхий орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү. Худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар эд хөрөнгийг барьцаалах эрхийг хязгаарласан байсан. Эд хөрөнгийг барьцаалах эрхийг хязгаарласан байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зөрчиж, МСГ ХХК-тай барьцааны гэрээ байгуулж байгаа нь холбогдох хууль дүрмийг зөрчиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Б.Д-, Ч.С- нарын МСГ ХХК-ийн салбарын эрхлэгч О.М-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 12002404 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 79 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Э-д шилжүүлж өгөхийг Б.Д-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ч.С-, Б.Д- нараас 50 158 875.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 46 байрны 79 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203007050 дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гээс 482 950 /дөрвөн зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Э.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МСГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 944 /дөрвөн зуун далан найман мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж МСГ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т давж заалдах гомдолдоо:

... Б.Д-, Ч.С- нартай МСГ ХХК-ийн салбарын эрхлэгч О.М- нь өөрийн албан тушаал, нэрээ бичиж, гарын үсэг зурж, салбарын тамга тэмдэг дарж 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 12002404 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан хуулийн этгээдийн эрхтэй оролцох боломжгүй гэсэн хирнээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь шүүх хуралдааны үед тогтоогдсон гэж логик алдаатай дүгнээд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар МСГ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн эрх ашгийг илт хохироосон. Шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдол бүхий гэрээний талуудын төлөөлөх, бие дааж гэрээ байгуулах эрхтэй эсэхийг нягталж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр зайлшгүй нотлох баримт шаардагдвал захирамж гарган талуудаас шаардан авах түүнчлэн нягтлах дүгнэх ажиллагааг бүрэн хийгээгүй шийдвэрлэсэн.

Барьцааны зүйлийн үл хөдлөх эд хөрөнгө дангаар өмчлөгч Б.Д- зээл авах үедээ хөрөнгөө барьцаалж зээл авах эрх дуусгавар болсон гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, оролцогч нарын тайлбарт хийсэн шүүгчийн дүгнэлт нь үндэслэлгүй, учир дутагдалтай байна.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Ш.Ц, Б.М, Б.Д-, Ч.С- нар хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөр хоорондоо хийж Б.Д- дангаар өмчлөгч болсон боловч Д.Э-тай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэг талаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулах, нөгөө талаас гэрчилгээг нэр дээр тодорхой хугацаанд шилжүүлэхээр тохирсон байсан. Гэвч талууд ямар ямар эрх эдэлж, үүрэг хүлээх, хэзээ дуусгавар болох, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн эсэх өөрөөр хэлбэл энэхүү хэлцэл хүчин төгөлдөр эсэх байдлын талаар эрх зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй гуравдагч этгээдээс гаргаж байгаа бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр байна. Хэрэг маргааны зүйл болох гуравдагч этгээдийн хэлцлийн шаардлага үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хуульд заасан үндэслэл журам, хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй. МСГ ХХК, Б.Д- нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх хэт нэг талыг баримталсан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож, Б.Д-, Ч.С- нараас 50 158 875.23 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 10005746 дугаартай барьцааны гэрээнд заасан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 100 айл гудамж 46 байр, 79 тоот тоотод орших Улсын бүртгэлийн Ү-2203007050 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч МСГ ХХК нь хариуцагч Б.Д-, Ч.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 158 875 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12002404 тоот зээлийн гэрээгээр 46 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлдүүлснийг зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу буцаан төлөөгүй, үндсэн зээлийн 36 361 366 төгрөгийн, зээлийн хүүгийн 12 744 162 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 1 053 346 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарласан бол хариуцагч татгалзлаа гэрээг салбарын эрхлэгч О.М-тай байгуулсан нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, төлөөлөх эрхгүй этгээдийн бусадтай байгуулсан гэрээний үүргийг МСГ ХХК шаардаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гээд, О.М-д гэрээ байгуулах эрх буюу итгэмжлэл олгогдсон нь нотлогдсон тохиолдолд үндсэн зээлийн үлдэгдэл 36 361 366 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Б.Д-, Ч.С- нарын МСГ ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээгээр зээлдэгч нар нь 46 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар 24 сарын хугацаатай зээлж, сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн, зээлдүүлэгчээс гэрээний дагуу 46 000 000 төгрөг шилжүүлснийг хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 638 633 төгрөгийг үндсэн зээлд, 13 382 061 төгрөгийг зээлийн хүүд, 57 304 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд, нийт 23 077 998 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх1-10-15/

Дээр дурдсан үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.

 

МСГ ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх 1/190 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт дахь хуулийн этгээдийн нэгжийн тэмдэглэл хэсэгт Салбар-2, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, худалдаа үйлчилгээний зориулалттай байрны 106 тоот хаягт гэж бүртгэгдсэн, компанийн зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг тус салбарын эрхлэгч О.М- төлөөлөн байгуулж, гарын үсэг зуржээ. /хх1-8/

 

Компанийн салбар нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж бөгөөд Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт зааснаар салбар нь компанийн нэрийн өмнөөс зээлийн үйл ажиллагаа явуулах, мөн зүйлийн 7.10 дахь хэсэгт зааснаар өөрийн салбарын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг компани хариуцах зохицуулалттай байна.

 

Иймд салбарын олгосон зээлийн үйл ажиллагаанаас үүссэн үр дагавар буюу зээлийн төлбөрийн үлдэгдлийг зээлдэгч нараас гаргуулахаар МСГ ХХК нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх тул анхан шатны шүүхээс компанийг төлөөлөх эрхгүй салбарын эрхлэгчийн байгуулсан гэрээний үүргийг МСГ ХХК шаардах эрхгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой гэж үзэв.

 

Зээлдүүлэгч ББСБ нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 46 000 000 төгрөг шилжүүлснийг зээлдэгч хүлээн авсан, зээлийг ашигласан хугацаанд нийт 23 077 998 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн ч 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй, нийт 50 158 875 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй нь тогтоогдсон байна. /хх1-23/

 

Гэрээний 1.3.4-т зээлдэгч зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргийг биелүүлж дуусгах хүртэл төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж талууд харилцан тохиролцжээ.

 

Иймд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

2020 оны 02 дугаар сараас улс орон даяар Ковид-19 цар тахлын улмаас хорио цээр тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт боловч үүнтэй холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон зээлдэгч аж ахуйн нэгжийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргасан баримтгүй байна.

 

Иймд 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш тооцсон зээлийн хүү 5 391 282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 784 064 төгрөг, нийт 6 175 346 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 50 158 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, зээлдэгч Б.Д- нь улсын бүртгэлийн Ү-2203007050 дугаар бүртгэлтэй өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 46 дугаар байрны 79 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх1-16-21/

 

Барьцааны гэрээний зүйл болох орон сууцны талаар гуравдагч этгээд Э.Э- дараах үндэслэлээр маргаан үүсгэж, МСГ ХХК болон Б.Д- нарын хооронд байгуулагдсан, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах бие даасан шаардлага гаргаж, өөрийн эцэг Энхзаяа уг орон сууцыг худалдан авч, үнийг төлсөн гэж тайлбарласан.

 

Б.Д- нь барьцааны гэрээний зүйл болох 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр /хх-78/ Д.Э-д худалдсан, худалдан авагч нь үнэ 65 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтыг зөвшөөрч маргаагүй. /хх1-142/

 

Хэрэгт Ч.С-, Ш.Ц, Б.Д-, Б.М нарын Д.Э-тай хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ авагдсан, Ч.С-, Ш.Ц, Б.М нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн гэрээнд Б.Д- гарын үсэг зурсан баримт авагдсан байна. /хх2-239-245/

 

Д.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нас барж өв нээгдсэнээр түүний хууль ёсны өвлөгчид болох төрсөн хүүхдүүд болох охин Э.М-, Э.С- нар нь өвлөх эрхээс татгалзсан тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Э.Э дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар шаардах эрхтэй байна.

 

Барьцааны зүйл нь гэрээ байгуулах үед барьцаалуулагч Б.Д-гийн өмчлөх эрхэд бүртгэлтэй, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд барьцааны зүйлтэй холбоотойгоор үүссэн өөр бусад этгээдийн шаардах эрх бүртгэгдээгүй байжээ.

 

Ийм учраас орон сууцны өмчлөгчөөр Б.Д- бүртгэгдсэн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийг үндэслэн барьцаалагч ББСБ нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээгээр орон сууцыг барьцаалсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэл үнэн зөв гэж тооцох тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүргээ Б.Д- биелүүлээгүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа-г дутуу хийсэн нь улсын бүртгэлийг үгүйсгэх, хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, шилжүүлэн авч байгаа талуудын хэн нь ч улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргах эрхтэй ба Б.Д-, Д.Э- нар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулахдаа гэрээний 6-д гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж харилцан тохиролцжээ. Гэвч хууль болон гэрээнд зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хэн аль нь хүсэлт гаргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсээгүй, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болоогүй байх тул гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүйгээр, хууль зөрчиж бусдад барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд Э.Э-ий барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, маргаан бүхий орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээг хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзэх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шаардах эрх барьцаалагчид үүсчээ.

 

Иймд хариуцагч Б.Д- төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин гуравдагч этгээд Э.Э-ий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг Б.Д-д даалгах бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Б.Д- нь Д.Э-гаас худалдах, худалдан авах гэрээний дагуу 65 000 000 төгрөг төлснийг хүлээн авсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түүний хууль ёсны өвлөгч болох Э.Э-д шилжүүлэх үүрэгтэйгээ зөвшөөрсөн байна. Иймд худалдан авагч тал нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авснаа үндэслэн бие даасан шаардлага гаргасныг хангаж, орон сууцны өмчлөх эрхийг Э.Э-д шилжүүлэхийг Б.Д-д даалгаж, гуравдагч этгээдийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд Э.Э-ий бие даасан шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 46 дугаар байрны 79 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Э-д шилжүүлэхийг Б.Д-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул Б.Д-, Ч.С- нарын МСГ ХХК-ийн салбарын эрхлэгч О.М-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 12002404 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гуравдагч этгээд Э.Э-ий шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.С-, Б.Д- нараас 50 158 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МСГ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 46 дугаар байрны 79 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын олгосугай гэснийг олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С-, Б.Д- нараас 408 744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МСГ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгон, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 944 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ