Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00682

 

 

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00682

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 103/ШШ2021/00055 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ийн хариуцагч Ц.Э-д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагч Ц.Э , хариуцагчийн өмгөөлөгч Д.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоотод байрлах 18304299518180 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 0.7 га газрын хууль ёсны өмчлөгч байсныг Г-2208000082 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэлд хавсаргасан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Гэтэл хариуцагч Ц.Э нь 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уг газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан тул нэхэмжлэгч Б.Г-ийн Ц.Э тай байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Ц.Э нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж Б.Г өөрөө нотариат дээр хүрэлцэн ирээгүй байхад дээрх үл хөдлөх хөрөнгө болох газрыг 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байна. Ц.Э гийн энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон бусад үйл баримтаар нотлогдооно. Тухайн газар нь 2 өмчлөгчтэй байсан нэг өмчлөгч нь М.Ц юм. Бэлэглэлийн гэрээний ард талд М.Ц ын иргэний үнэмлэхийг хуулбарласан байгаа хэдий ч М.Ц аас Ц.Э-д газар бэлэглээд байгаа үйл баримт уг гэрээнээс харагддаггүй. М.Ц аас шилжүүлсэн гэж байгаа бол Б.Г тай байгуулсан бэлэглэлийн гэрээтэй адил бэлэглэлийн гэрээг М.Ц тай байгуулах шаардлагатай. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч Б.Г гэж хүнээс газар худалдаж аваагүй харин Ш.Б гэж хүнээс худалдаж авсан гэсэн байдаг. Ш.Б нь Б.Г гэж хүний өмнөөс үл хөдлөх хөрөнгийг худалдах эрхтэй байсан талаарх баримтаа хариуцагч тал гаргаж өгөөгүй, хэргийн оролцогч өөрийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан үндэслэлээ нотлох үүрэгтэй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа газрыг газрын өмчлөгч биш өөр хүнээс авсан болохоо нотолсон. 2020 оны 02 дугаар сард Б.Г Увс аймгийн Газрын албанд газар өмчлөхөөр очиход та Багануур дүүрэгт газартай юм байна гэж хэлээд хавтаст хэрэгт авагдсан лавлагааг өгөхөд тэрээр анх газартай болохоо мэдсэн. Хариуцагч нь Б.Г г Увсаас авчирсан гэж худлаа ярьж байна. Бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед буюу 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Г Увс аймагт байгаагүй, Улаанбаатар хотод амьдарч, Драгон төвд ажилладаг байсан ба Драгон төвд ажиллаж байсан нь нийгмийн даатгал төлж байсан хувь хэмжээгээр нотлогдоно. Монгол Улсын иргэн нэг л удаа гэр бүлийн зориулалттай газар өмчлөх эрхтэй, Б.Г-ийн өмчлөлийн энэ газрыг Ц.Э хууль бусаар авч, түүний газар өмчлөх эрхийг зөрчиж байна. Ш.Б гаас Б.Г руу газар хууль ёсны дагуу шилжиж, Б.Г д өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Ц.Э үнэхээр энэ газрыг худалдаж авах гээд байгаа бол өмчлөгч биш этгээд болох Ш.Б тай холбогдох шаардлага байгаагүй. Хариуцагчийн тайлбарт ямар ч логик байхгүй байна. Хариуцагчийн яриад байгаа н.С гэх мэт тэр олон хүмүүсийг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Иймд Б.Г , Ц.Э нарын байгуулсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.Б тай гэрээ хийхгүй бол газрыг чинь худалдаж авахгүй гэж хэлсэн, тэгээд би нотариат орсон. Тэр үед Ш.Б надад н.Б , Г.Д нар өөрөөс нь газрыг худалдаж авна гээд бэлэглэлийн гэрээ байгуулаад мөнгөө өгөхгүй газрын гэрчилгээг аваад алга болсон гэсэн. Би гэрчилгээгээ авахын тулд Г.Д дээр цагдаа н.Наранцацрал, н.Оосордавга нарын хамт 4 удаа очсон, тэр үед Г.Д надад н.Б ын хүүхэд Б.Г газрын гэрчилгээг аваад Увс аймаг руу явсан гэж хэлсэн. Би Увс аймгийн Архивын дарга н.Эрдэнэцэцэгээс Б.Г-ийн хаягийг асууж н.Ханд гуайн дүү нарын хамт гэрт нь очсон, тухайн үед Б.Г ээжийн хамт амьдардаг байсан. Гэрт нь ороод газрыг Ш.Б гаас худалдаж авсан тухайгаа яриад, одоо би Увс аймгийн Эрүүгийн шүүхэд хандана гэхэд та шүүхэд хандаад хэрэггүй аав амьд байхдаа ийм зүйл хийсэн, М.Ц тай гурвуулаа хамт нотариат оръё гээд Багануур дүүрэг рүү ирсэн, ингээд Ш.Б гуай бид дөрөв хамтдаа нотариат орж бэлэглэлийн гэрээг байгуулсан. Би М.Ц , Б.Г нарын үнэмлэхийг хулгай хийгээгүй. н.Ю , н.Б нар нь н.Ц нотариатчийн хажууд материалыг нь хувилдаг байсан, тэд нарт ийм хэрэг гараад байна гэхэд манай нөхөр хуурамч юм хийдэггүй байсан, бид хоёр гэрчээр орно гэж хэлсэн. Багануур дүүргийн Газрын албанаас та Ш.Б д газрын төлбөрийг төлсөн, уг газрыг бэлэглэлийн гэрээгээр Б.Г ас авсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгье гэж хэлсэн. Өчигдөр Б.Г-ийн салсан нөхөр М.Ц тай ярихад газар бэлэглэсэн үйл баримтыг гэрчлээд өгөх боломжтой гэж хэлсэн. М.Ц ын ээж нь намайг Б.Г-ийн иргэний үнэмлэхийг хулгайлаагүй энэ бүх зүйл бол Б.Г-ийн хийсэн зүйл гэж хэлсэн. Мөн манай хоёр хөрш н.Ганболд, н.Оюунчимэг нар Б.Г г нэг ч удаа энэ хашаанд ирж бууж байгаагүйг нотлох боломжтой гэж хэлсэн. Би анх 2 тал хашаа авсан, одоо энэ газартаа амьдраад 17 жил болж байна, 4 өрөө байшин, 4 машины гарааш барьсан. Газраа худалдаж аваад 4 жилийн турш Ш.Б гуайтай хамт амьдарсан, сүүлд би охиныг нь Дорнодын Халх гол сумаас олж н.С гуайтай уулзуулж тэднийх Дарханы Хонгор сум руу нүүсэн. Улсын халамжийн төвөөр н.С гуайг хайлгахад одоо Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа юм байна. Энэ үйл баримтыг ч н.С нотлоод өгөх боломжтой. Би хүний паспортыг хулгай хийж гэрээ байгуулаагүй, Б.Г өөрөө Увс аймгаас паспортоо барьж ирээд надтай гэрээ байгуулсан. М.Ц Б.Г дандаа аавтайгаа ийм луйвар хийдэг, Б.Г бид хоёр газрын мөнгийг өгөөгүй байхад надаас салаад Увс руу явсан гэж хэлсэн. Тухайн үед бэлэглэлийн гэрээг байгуулахад би М.Ц ыг Төв аймгийн Мөнгөнморьт сумаас өөрөө авч ирсэн. М.Ц ын ээж нь Б.Г хашаа худалдаж авна гэж аавтайгаа хамт луйвар хийгээд хүүг минь шоронд оруулсан, өмнө болсон бүх нөхцөл байдлыг гэрчлэх боломжтой гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоотод байрлах 18604299518180 дугаартай 655 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2208000052 дугаартай газрыг 2005 онд худалдан авахад н.Б гуай газрыг авна гээд гэрчилгээг өгөхгүй байсан, Ш.Б гуай намайг газрын гэрчилгээг авч байж мөнгөө өгнө гэхэд н.Б , Г.Д хоёр газрыг худалдаж авна гээд мөнгөө өгөхгүй гэрчилгээг аваад алга болсон гэж хэлж байсан. Тэгээд би Ш.Б гуайгаас 3 тал хоосон газар 2 500 000 төгрөгөөр худалдан авч нотариат болон Газрын албанд баримтжуулсан. Хашааны эзэн Ш.Б гуай н.Б , Б.Г хоёрт худалдсан гэж газрын гэрчилгээ өгч нэр солиогүй, энэ хоёр газрын гэрчилгээг булааж худал хэлж авсан. Нотариатч н.Ц , н.Б /Г-ийн аав/, Ш.Б гуай нар нас барсны дараа ийм маргаан гарч байгаад би үнэхээр гайхаж байна. Анх газрыг худалдаж авахад Ш.Б , н.С гуай нар намайг 2 500 000 төгрөгийг бэлэн өгчих гэхээр нь би 17 дугаар байрны ломбардын н.Цэцэгээ эгчээс мөнгө зээлсэн. Ш.Б гуай надад гэрчилгээг нь Б.Г аваад явсан юм чи мөнгөө бэлэн өгснөөрөө өөрөө гэрчилгээгээ олоод авчих гэсэн. Би дараа нь ямар нэгэн гэрчилгээ гараад ирж магадгүй учраас нотариат орж гэрчлүүлэх шаардлагатай гэсний дагуу уг газрыг худалдсан нь үнэн гэсэн бичиг Ш.Б гуай бичиж нотариатаар гэрчлүүлсэн. Би 2009 онд хашаагаа худалдаж авч, хашаандаа буусан, 2011 онд өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсон. Иймд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот газрын хууль ёсны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэж газрын өмчлөл Б.Г гаас Ц.Э руу шилжсэн. Энэ газрын өмчлөх эрх Ц.Э-д өөрт нь байгаа. Өнөөдөр харин өмчлөл шилжүүлсэн гэрээ нь хууль бус байсан эсэх маргааныг хэлэлцэж байна. Шүүхээс ямар нэгэн байдлаар Ц.Э гийн өмчлөх эрхэд халдаагүй байхад дахиад өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 106 дуаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд зааснаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот газрыг Б.Г-ийн өмчлөлөөс Ц.Э-ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хэлцлийг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоож, хариуцагч Ц.Э гийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот, 18604299518180 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2208000052 дугаарт бүртгэгдсэн 655 м.кв газрыг Ц.Э гийн өмчлөлөөс Б.Г-ийн өмчлөлд шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э гаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г д, хариуцагч Ц.Э гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 103/ШЗ2020/00758 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлах, 18604299518180 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2208000052 дугаарт бүртгэгдсэн 655 м.кв газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2208004285 дугаартай хувийн сууц, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Хариуцагч Ц.Э гийн шүүхийн шийдвэрийн 3-5 хуудсанд байгаа шүүхэд өгсөн тайлбарыг анхан шатны шүүх үнэлээгүй. ...Гэтэл хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ш.Б гаас М.Ц , н.Б ын Б.Г д 699.46 м.кв газрыг бэлэглэсэн гэрээнд Б.Г-ийн гарын үсэг байдаг. Энэ гэрээгээ бүүр мартаж орхисон юм уу, огт Б.Г гэрээ хийгээгүй, аав н.Б нь Б.Г-ийн өмнөөс гарын үсэг зурсан уу гэдэг асуудал нь зөрүүтэй хэвээр байна. Б.Г энэ бэлэглэлийн гэрээгээ ч мэдэхгүй байдаг. Энэ Б.Г-ийн яриад байгаа зөрүүтэй байдал нь хариуцагч Ц.Э гийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хариу тайлбарт бичиж хэлснээр ...Увс аймгийн эрүүгийн шүүхэд хандана гэхэд та шүүхэд хандаад хэрэггүй аав амьд байхдаа ийм балиар зүйл хийчихсэн юм байна лээ гэдэг үгтэй тохирдог. Анхан шатны шүүх энэ байдлын үнэн зөв байдлыг тогтоогүй...энэ гэрээний талаар дурдаж дүгнэлт хийгээгүй, хэргийн анхны үнэн зөв учгийг тайлж чадаагүй. Шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудсанд байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2747 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 3669 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь эх гэрээнээс шинжлэн судлаагүй. Учир нь хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд Монголын нотариатчдын танхимын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 268 дугаартай албан тоотод ...Нотариатч агсан Д.Ц-ийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хууль зүй дотоод хэргийн сайдын 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/126 дугаар тушаалаар хүчингүй болгосон бөгөөд тухайн үед түүний архивын материалууд нь Монголын нотариатчдын танхимд хадгалагдан үлдээгүй талаар дурдсан. Иргэдийн нотариат дээр хийсэн гэрээнүүдийн эх хувь нь Монголын нотариатчдын танхимын архивт хадгалагдан үлдэж маргаан гарсан тохиолдолд шинжээч эх гэрээнд гарын үсгийн баталгаа хийх ёстой. Багануур дүүргийн улсын бүртгэл ортол Б.Г өөрөө гэрээгээ аваачиж өгдөг учир сольсон байх магадлалтай. Г.Д гэрч Б.Г , аав н.Б нарыг зальтай, хүмүүсээс мөнгө мах авсан, тэр өрийг нь би төлсөн гэж хэлсэн мэдүүлгээс харахад мэдэгдэж байна.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх тусгай хугацаа тооцох хэрэгт хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа тооцож хууль хэрэглээний алдаа гаргасан. Хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхээр заасан хэргүүд байдаг. Бэлэглэлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх нь бэлэглэлийн гэрээгээр шаардаж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил г.м тусгай хугацааг хэтрүүлэн нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бэлэглэлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дах хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсан.

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 70 200 төгрөг тушаасан байна. Үнэ тодорхойгүй нэхэмжлэлд төлдөг улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба улсын тэмдэгтийн хураамжаа бүрэн төлөөгүй байдал нь нэхэмжлэлийг буцаах үндэслэл болж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Газрыг авахад хэн мөн төлсөн талаар үнэлэлт өгөөгүй. Хэн газрын мөнгө төлбөр төлсөн, шударга эзэмшигч, хууль ёсны эзэмшигч хэн бэ гэдгийг зөв тогтоож чадаагүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч мөн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан заалтыг хэрэгжүүлээгүй. Ц.Э 2008 онд Ш.Б гуайгаас 2 500 000 төгрөг /Энэ мөнгийг өгсөн баримт бэлэглэлийн гэрээнд байдаг. Б.Г 1 ч төгрөг Ш.Б д өгсөн баримт байдаггүй/ газрыг худалдаж авсан. Б.Г болон аав н.Б нар нь 1 ч төгрөг өгөөгүй, бэлэглэлийн гэрээ хийсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, 1 ч төгрөг Ш.Б д өгөөгүй Б.Г г тухайн газрын хууль ёсны өмчлөгч болгож шударга ёсонд нийцээгүй, тухайн үеийн үйл баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй шийдвэр гаргасан. Ц.Э ажилласан жил, тэтгэвэр тэтгэмж шүүхээр болон бусад байгууллагаар тогтоолгох ажлыг 20 гаруй жил хийсэн. Ш.Б эхнэр Ч.Сэржмядаг, Ч.Сэржмядагийн хүү Чойжилсүрэн нарыг тэтгэвэр тэтгэмжид оруулж өгч байсан. Ш.Б д өгсөн 2 500 000 төгрөгт Чойжилсүрэнгийн ажлыг хөөцөлдсөн хөлсийг оруулаад энэ газрыг авсан. Энэ талаар ажлын дэвтэрт үзлэг хийх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Би 17 дугаар байрны ломбардны Цэцгээ эгчээс 2 500 000 төгрөг зээлж Ш.Б д өгсөн талаар шүүхэд үнэн зөв байдлаа Ц.Э хэлэхэд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүйгээр барахгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.Э гийн өмчлөх эрхэд халдсан шийдвэр гаргасан. 000072600 дугаартай, Г-2208000052 улсын бүртгэлийн гэрчилгээтэй Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот 655 м.кв газрын хууль ёсны өмчлөгч Ц.Э гэж улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлд хууль ёсоор бүртгэгдсэн 2008 онд Ш.Б гаас худалдаж аваад 13 жил шударга өмчлөгч байхад өмчлөл шилжүүлж шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас давж шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээг хүчингүй болгох шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнгүй.

Гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй, мөн хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан гэрч Г.Д гийн гар бичмэл баримтыг шүүх үнэлээгүй. Гэрч Г.Д нь н.Б ын газар АДРА-гийн бас нэг газар, н.Б ын үнэтэй хөөргийг Б.Г д өгөөгүй хашаануудыг худалдсан байдлаасаа болж үнэн зөвийг шүүх хуралдаанд бүрэн хэлж өгөөгүй. Гэрчийн мэдүүлгийг үнэлж өгнө үү. ...Гэрч оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй. Нотариатч Д.Ц уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн. Түүний эхнэр н.Ю , охин н.Б нарыг гэрчээр оролцуулах талаар шүүхэд хүсэлт тавихад хүлээж аваагүй. Ажлын дэвтэрт үзлэг хийх, гэрч оролцуулах, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт зэрэг хүсэлтийг шүүх хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ц.Э-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу өмчлөх эрх бусдад шилжсэн үр дагаврыг арилгуулах буюу өмчлөх эрхээ буцаан шилжүүлж авах үр дагавар үүссэн гэж хууль хэрэглээний хувьд зөв шийдвэрлэсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар тодорхой үүрэг үүсээгүй байхад эд хөрөнгө, түүнтэй холбоотой өмчлөх эрх шилжсэн тохиолдолд түүнийг буцаах үүрэг үүсдэг байна.

 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт байх 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнд Б.Г гарын үсэг зурсан гэх байдал тогтоогдоогүй боловч түүний хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч буюу гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрийн өмчлөх эрхийг сэргээлгэх агуулгыг тодруулах шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэл тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Маргааны зүйл болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоотод байрлах 18304299518180 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 699.46 м.кв газар нь Б.Г , М.Ц нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр дээрх маргаан бүхий газар тэдгээрийн өмчлөлөөс иргэн Ц.Э гийн өмчлөлд шилжсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Э гийн нэр дээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлээр шилжсэн баримт хэрэгт авагдсан байна. Энэ тохиолдолд өмчлөх эрхийг хүчингүй болгож өөрийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэл нь хариуцагч Ц.Э гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцох агуулгатай, сөрөг шаардлагад мөн тухайн газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нь хэлцлийн нөгөө тал хоёр оролцогчийн нэг болох М.Ц ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан маргаж буй газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг шаардлагын агуулга тодорхой бус байна. Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн өмчлөх эрхээ буцаан авахаар хариуцагч Ц.Э нь уг газрын хууль ёсны өмчлөгч атлаа сөрөг нэхэмжлэлдээ өмчлөлийн талаар маргажээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ зааж буй үндэслэлүүд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг удаан хугацаанд өөрийнхөө эзэмшилд байлгасан, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зардал гарсан, түүнчлэн тухайн газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авахдаа бэлэглэл нэртэй боловч худалдан авч 2 500 000 төгрөг төлсөн гэсэн агуулгатай байгаагаас үзэхэд өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тохиолдолд өөрт үүсэх сөрөг үр дагаврыг арилгуулахтай холбоотой байх тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулгыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах аргуудын төрлүүдийг тодорхойлсон, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т эрхийг хүлээн зөвшөөрөх, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх-ээр заасан ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулгыг тодруулснаар хуулийн дагуу эдлэх ямар эрхийг хүлээн зөвшөөрүүлэх эсхүл эрх зөрчсөн ямар үйлдэл зогсоолгох гэж байсан зэрэг тодорхой болох учиртай.

 

Зохигчдын хоорондын маргааны зүйл болох газар, түүний бүрдэл хэсэг зэрэг эд хөрөнгөтэй холбоотойгоор хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжүүлэн авсан, уг эд хөрөнгийг эзэмшилдээ байлгахтай холбоотой үүссэн үр дагавар зэрэг талуудын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлдээ зааж буй үндэслэлүүдэд хамаарах хуулийн зохицуулалтуудыг зөв хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй болжээ. Иргэний хуулийн 89-95 дугаар зүйлд эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигч нарын хооронд үүсэх эрхийн харилцааг зохицуулсан байх бөгөөд хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд өөрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс зохих хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа бол түүнээс ямар үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 103/ШШ2021/00055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ