Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 634

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, хариуцагч Б.И*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, М.О*******, Ц.Хуяг оролцуулан “М*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын байцаагч Ч.Б*******, Б.И*******, Г.Э******* нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “М*******” ТӨХК

 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын байцаагч Ч.Б*******, Б.И*******, Г.Э*******

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр

Гуравдагч этгээд: “М*******” ГҮТББ

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэвэр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ТӨХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК /цаашид Бирж гэх/ нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот Улсын байцаагчийн шийтгэврээр 64,636,543 төгрөгийн торгууль ногдуулсныг, түүнд гаргасан гомдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 тоот шийдвэрийг тус тус эс зөвшөөрч Өрсөлдөөний тухай хуулийн 26.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Захиргааны актын талаар: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Биржийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 тоот Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтийн Гурав. “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дүгнэлт” хэсэгт “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72.2-т “Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах уг дүрэм, журмыг Хороонд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. Гэтэл хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад “М*******” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/07 тоот тогтоолоор “М*******” ТӨХК-ийн гишүүнчлэлийн журмыг баталсан байна. “М*******” ТӨХК-ийн гишүүнчлэлийн журмын 7.1.1-д “Гишүүнээр элсэх өргөдлийг хянан шийдвэрлэх үйлчилгээний хөлс - 500,000 төгрөг”, 7.1.2-т”гишүүнчлэлийнэлсэлтийн хөлс-15,000,000 төгрөг”, 7.1.3-д “Гишүүнчлэлийн жилийн хөлс - 2,500,000 төгрөг гэж тогтоосон байна. Мөн тус тогтоолоор үнэт цаасны компаниудтай хамтран ажиллах гэрээний загварыг баталж, улмаар гэрээг байгуулахдаа харилцан тохиролцолгүй, нэг талын хүсэл зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулдаг байна. Иймд дээрх үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах ... худалдааны арга хэрэглэх” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэжээ. 

Мөн уг дүгнэлтэд үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5/143 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага тавьсан. 

Уг албан шаардлагын “...ШААРДАЖ байна” хэсэгт “1. “М******* ТӨХК”-ийн гишүүнчлэлийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/07 тоот тогтоолоор баталсан журмыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72.2-т “Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах ба уг дүрэм, журмыг Хороонд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу бүртгүүлэх 2. Мөн тус тогтоолоор үнэт цаасны компаниудтай хамтран ажиллах гэрээний загварыг баталж улмаар гэрээг байгуулахдаа харилцан тохиролцолгүй, нэг хүсэл зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулж буй үйлдлийг зогсоож гэрээг харилцан тохиролцож байгуулах” гэжээ. 

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 38 тоот Шийтгэвэр тавигдсан. 

Уг шийтгэвэрт”...”М*******” ТӨХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5 дахь заалтыг зөрчиж зөрчил гаргасан тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.2 дахь заалтыг үндэслэн 64,636,543 төгрөгийн шийтгэл ногдуулсныг... дансанд оруул” гэжээ. 

Уг шийтгэвэрт нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1/815 дугаар албан бичгээр гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 тоот албан бичгээр Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг хүлээн авсан.

 Уг шийдвэрт “Өрсөлдөөний тухай хуулийн 26.1.3-д “улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж заасан бөгөөд тус газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаартай дүгнэлтэд танай зүгээс манайд болон шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд улсын байцаагчийн хүчин төгөлдөр дүгнэлт хяналт шалгалтын явцад цугласан холбогдох нотлох баримтад үндэслэн танай компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5-д”эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.2-т заасны дагуу 64,636,543 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 5/40 тоот Улсын байцаагчийн дүгнэлтийн талаар: 

1. Улсын байцаагчийн дүгнэлтээр “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72.2-т “Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах ба уг дүрэм, журмыг Хороонд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж дүгнэсэн байна. Гэтэл хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад “М*******” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/07 тоот тогтоолоор “М*******” ТӨХК-ийн гишүүнчлэлийнжурам баталсан байна” гэсэн буюу Биржийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл бус БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ байх ёстой гэж, Бүх гишүүдийн хурлаар уг журмыг батлуулах ёстой гэж үзжээ. Энэ асуудлын хүрээнд нэхэмжлэгч тал дараах үндэслэлийг гаргаж байна. Үүнд:

а.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.1-д “Монгол Улсын үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрхийг Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээд хэрэгжүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороо /цаашид Хороо гэх/-д бүртгүүлээгүй бол өөрийгөө зохицуулах байгууллага гэж үзэхгүй, уг хуульд заасан өөрийгөө зохицуулах байгууллагын зохицуулалт хамаарахгүй болно.

Улсын байцаагчийн дүгнэлт 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Бирж нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хорооны 379 дүгээр тогтоолоор өөрийгөө зохицуулах байгууллага болж, бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, дүгнэлт гаргах үед Хороонд өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгүүлээгүй байсан, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн өөрийгөө зохицуулах байгууллагатай холбоотой зохицуулалт манайд хамааралгүй байсан болно.

Иймд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72.2 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

b.Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 73.1-д “...ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГААС БУСАД өөрийгөө зохицуулах байгууллагын эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан. Уг хуулийн 4.1.28-д зааснаар Хөрөнгийн бирж нь “Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага” бөгөөд эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байх зохицуулалт манайд хамааралгүй байна.

c.Дээрх үндэслэлийн дагуу уг хуулийн 73.2.1-д бүх гишүүдийн хурал нь “энэ хуулийн 72.1-д заасан дүрэм, журмыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах” эрхтэй байхаар заасан зохицуулалт нь манайд хамааралгүй байна.

Иймд Улсын байцаагч Хөрөнгийн биржийн эрх барих дээд байгуулпага нь Бүх гишүүдийн хурал байх, холбогдох журмыг Бүх гишүүдийн хурлаар батлаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Биржийн удирдлага, зохион байгуулалт нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхийг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар, түүний эрх олгосноор Сангийн яам хэрэгжүүлж байна. Хувьцаа эзэмшигч буюу Сангийн яам нь Компанийн тухай хуулийн 62.1.1-д заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 140 дүгээр тушаалаар “Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн дүрмийг баталсан бөгөөд дүрмийн 7.3.16-д “Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд хамаарах журам, заавар батлах” эрхийг Төлөөлөн Удирдах Зөвлөл хэрэгжүүлэхээр зааж өгсөн байна. Төлөөлөн Удирдах Зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд Гишүүнчлэлийн журмыг 2014 оны 2614/07 дугаар тогтоолоор баталж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.1.4-д заасны дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Журам батламжлах тухай” 1/4341 тоот албан бичгийн дагуу журмаа батламжлуулсан болно.

Биржийн ТУЗ нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн дүрэмд заасан бүрэн эрхийнхээ дагуу Гишүүнчлэлийн журмыг баталсан бөгөөд ийнхүү хууль, дүрмээр олгогдсон эрхийнхээ дагуу үйл ажиллагаа явуулсныг буруутгаж буй нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47.2.7-д заасан “үнэт цаасны арилжаа эрхлэхэд шаардлагатай бусад дүрэм, журам”-ыг батлах тухай заасан заалттай зөрчилдөж байгаа буюу Арилжаа эрхлэх байгууллагын эрхийг эдэлж, үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

2. Улсын байцаагчийн дүгнэлтээр “...Гишүүнчлэлийн журмын 7 дугаар зүйлийн 7.1.1-д “гишүүнээр элсэх өргөдлийг хянан шийдвэрлэх үйлчилгээний хөлс-500,000 төгрөг”, 7.1.2-д “гишүүнчлэлийн элсэлтийн хөлс-15,000,000 төгрөг”, 7.1.3-д “гишүүнчлэлийн жилийн хөлс 2,500,000 төгрөг” гэж дүгнэсэн байна.

Бирж нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47.4.3-д “тогтоосон журмын дагуу үнэт цаасны арилжаа зохион байгуулах зорилгоор тодорхой эд хөрөнгийг төлбөртэй ашиглуулах”, 49.3-д “Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй” гэж заасны дагуу үзүүлж буй үйлчилгээний төлбөр, хураамжаа өөрөө тогтоон мөрдүүлдэг.

Гишүүнчлэлийн журмаар төлбөр, хураамжийг тогтоон мөрдүүлж буй зорилго нь Үнэт цаасны компаниуд Биржийн арилжаанд оролцохдоо тасралтгүй, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, арилжаа явуулах байр, техник, тоног төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгсэл, мэдээллийн сүлжээ, мэргэжлийн зөвөлгөө, мэдээллээр хангахад оршино. Биржийн ТУЗ-ийн 2012оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Биржийн Гишүүнчлэлийн журамд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан бөгөөд тус журмаар хураамж, төлбөрийг нэмэгдүүлсэн нь дараах эдийн засгийн болон техникийн үндэслэлтэй болно. Үүнд:

a.Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэглээний үнийн индекс, инфляцийн түвшинтэй уялдан арилжаанд оролцогч үнэт цаасны компаниудын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдон гарах зардлууд тогтмол нэмэгдэж байсан ч үйлчилгээ үзүүлж байгаатай холбоотой хураамж, төлбөрийг 2003 оноос 2012 он хүртэл огт нэмэгдүүлээгүй.

b.Арилжаанд оролцогч Үнэт цаасны компаниудад үзүүлж буй үйлчилгээний төлбөр, хураамжийг шинэчлэн тогтоох үед буюу 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Биржийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд 168 тэрбум байсан нь 2003 оны мөн үеэс 43.7 дахин, өдрийн дундаж гүйлгээний дүн 120.3 дахин тус тус өссөн ба Монгол Улсын инфляцийн түвшин 2003 оныхоос 245%-иар өөрчлөгдсөн тухайн үеийн нөхцөлд 2003 онд тогтоосон хувь хэмжээгээр гишүүний хураамж, төлбөрийг авч байх нь байгууллагын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөхүйц байсан.

c.Бирж нь техникийн болон үйл ажиллагааны туслалцаа үзүүлэх ажиллагааг жил бүр сайжруулан ажиллаж ирсэн. Тухайлбал: 2011-2012 oнуудад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Үнэт цаасны компаниудын ашиглаж буй телефон утас, ширээ, сандал буюу тавилга эд хогшлын шинэчлэлд 43.6 сая төгрөг, компьютер хэрэгслийн шинэчлэлд 14.2 сая төгрөг зарцуулсан.

d.Арилжаа явуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр Биржийн арилжааны танхимд иж бүрэн засвар үйлчилгээг хийж, арилжаалагдаж буй үнэт цаасны мэдээллийг харуулах электрон самбар, дэлгэцийг байрлуулан тохижуулсан.

е. Бирж нь үйлчилгээний үл тасалдах байдлыг ханган арилжаанд оролцогч үнэт цаасны компани бүрийн арилжааны суурин утасны ярианы төлбөрийн суурь хураамжийн 50 хувийг хөнгөлж, арилжаа явуулах ажлын байрны цахилгаан, дулаан, ус, цэвэрлэгээ, харуул хамгаалапт зэрэг үйлчилгээгээр тогтмол үнэ төлбөргүй хангаж ирсэн.

f. Үнэт цаасны компани бүр алсаас буюу ажлын байрнаасаа арилжаанд оролцох нөхцөл, боломжийг бий болгож холбогдох програм хангамжийг шинээр суулгасан бөгөөд энэхүү технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Үнэт цаасны компаниуд харилцагчдынхаа захиалгыг түргэн шуурхай биелүүлэх, зардлаа хэмнэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг боломжтой болсон.

g. Арилжаанд оролцогчид алсаас арилжаанд оролцох боломжгүй болох нөхцөл байдалүүссэн тохиолдолд Биржийн арилжааны танхимаас арилжаанд оролцох нөхцөл боломж нь мөн хангагдсан байдаг.

h. Биржээс зах зээлд ажиллаж буй боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор үнэт цаасны компаниудын мэргэжилтнүүдийг 2011 онд Лондонгийн хөрөнгийн биржийн сургалт, мөн шинэ системийн хэрэглээний сургалтуудад үнэ төлбөргүй хамруулсан.

i. Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан Ажлын мастер гэрээний дагуу олон улсын жишигт нийцсэн дүрэм, журам, дэд бүтцийг нэвтрүүлж, зах зээлийг олон нийтэд сурталчлах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр тогтмол ажиллаж байна.

j. Биржийн гишүүнээр элсэх үнэт цаасны компанийн төлөх хураамж 2001-2003 онд 5,000,000+10,000,000 төгрөг, 2003-2012 онд 3,000,000+8,000,000 төгрөг байсан бөгөөд 2012 онд дараах үндэслэлүүдээр 15,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

• Арилжааны систем, програм хангамжийг сайжруулан олон улсын стандартад нийцүүлэн шинэчилсэн.

• Хэрэглээний үнийн индекс, инфляцийн түвшин өссөн.

• Олон улсын жишгээр, бусад улсын хөрөнгийн биржүүдийн элсэлтийн хураамжийн төлбөрийн дагуу элсэлтийн хураамжийг тогтоох шаардлага үүссэн (элсэлтийн хураамжийн зорилго нь үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй гишүүн байгууллагуудын хариуцлагатай байх нэг үндэслэл болдог бөгөөд зах зээлд харилцагчдын өмнө хариуцлага хүлээх чадваргүй хуулийн этгээдүүд ихээр бий болох эрсдлээс сэргийлэх зорилготой тогтоогддог)

Он

Инфляци

Элсэлтийн хураамж инфляци тооцсон дүнгээр

2003

4.7

5,000,000.00

2004

11.0

5,550,000.00

2005

9.5

6,077,250.00

2006

6.0

6,454.039.50

2007

15.1

7,602,858.53

2008

22.1

9,283,090.27

2009

4.2

9,672,980.06

2010

13.0

10,930,467.47

2011

10.2

11,903,279.07

2012

14.0

13,569,738.14

 

к. Биржийн гишүүн үнэт цаасны компанийн жилийн төлбөр 2001-2003 онд 700,000 төгрөг, 2003-2012 онд 500,000 төгрөг байсан бөгөөд 2012 оноос 2,500,000 төгрөг болон нэмэгдсэн. Ийнхүүнэмэгдүүлэхдээ хэрэглээний үнийн индекс, инфляцийн түвшний өсөлт, гишүүн байгууллагуудад үзүүлдэг бусад үйлчилгээний чанарыг сайжруулсан, цаашид мөн сайжруулах зорилгоор нэмэгдүүлсэн.

Он

Гишүүнчлэлийн жилийн төлбөр

инфляци

Гишүүнчлэлийн

төлбөр инфляци тооцсон дүнгээр

2003

500,000.00

4.7

500,000.00

2004

500,000.00

11

555,000.00

2005

500,000.00

9.5

607,725.00

2006

500,000.00

6.2

645,403.95

2007

500,000.00

17.8

760,285.85

2008

500,000.00

22.1

928,309.03

2009

500,000.00

4.2

967,298.01

2010

500,000.00

13

1,093,046.75

2011

500,000.00

8.9

1,190,327.91

2012

2,500,000.00

14

1,356,973.81

2013

2,500,000.00

12.5

1,356,973.81

2014

2,500,000.00

11

1,526,595.54

2015

2,500,000.00

8

1,694,521.05

2016

2,500,000.00

7

1,813,137.52

 

I. Биржийн Гишүүнээр элсэхийг хүсэгч Үнэт цаасны компаниас өргөдлийн хураамжийн төлбөр 500,000 төгрөгийг Биржийн ТУЗ-ийн 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор авахаар шийдвэрлэсэн. Гишүүнээр элсэхийг хүсэн өргөдөл гаргаж буй компанийн ирүүлсэн материалыг хянах ажлыг 3 мэргэжилтэн ажлын 15-20 өдөр зарцуулан гүйцэтгэдэг бөгөөд бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг шалгах, тодруулах, лавлагаа авах, зөвөлгөө, өгөх зэрэг ажиллагаа хийхтэй холбоотой гарах зардлуудыг тооцон энэхүү хураамжийг авахаар шийдвэрлэсэн болно.
3. Мөн Улсын байцаагчийн дүгнэлтээр “...үнэт цаасны компаниудтай хамтран ажиллах гэрээний загварыг баталж, улмаар гэрээг байгуулахдаа харилцан тохиролцолгүй, нэг талын хүсэл зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулдаг байна’’ гэж дүгнэсэн байна.
Бирж нь “Гишүүнчлэлийн журам” болон гишүүн үнэт цаасны компаниудтай байгуулж байгаа гэрээг боловсруулах явцад мэргэжлийн байгууллагууд болох Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, болон Үнэт цаасны компаниудаас журмын төсөл, гэрээний төсөлд санал авах албан тоот хүргүүлж хариу ирүүлсэн саналыг харилцан ойлголцож шийдвэрлэх замаар тусган ажиллаж ирсэн.
2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/272 дугаар албан бичгээр гишүүн үнэт цаасны компаниудаас санал авахаар хүргүүлсэн, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны 2014 оны 240 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу санал, Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 3/3217 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус тусгаж баталсан болно.
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн гишүүн үнэт цаасны компаниуд болох брокер, дилерийн компаниудынсанаачилгаар үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар брокер, дилерийн 46 компанийг хамруулан үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоо бөгөөд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ зорилгынхоо хүрээнд гишүүдтэй холбоотой эрх бүхий байгууллагуудаас гаргаж буй хууль, тогтоол, шийдвэрүүд нь үнэт цаасны зах эээлд оролцогч бүх талуудын эрх ашигт хэрхэн нийцэж байгаа талаар гишүүдийн байр суурийг тодорхойлсон санал, хүсэлт, шийдвэрийг зохих ёсоор илэрхийлж, шийдвэрлүүлдэг байгууллага юм.
Уг эрхийнх нь хүрээнд Биржийн Гишүүнчлэлийн журмыг батлахдаа МҮЦАЭХ-ны саналыг авч тусгасан нь журмын хавсралтаар баталсан 2 талын гэрээг Бирж нэг талын хүсэл зоригийг тулган гэрээ байгуулж байгаа гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний Хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж заасан. Бирж нь гишүүн байгууллагууддаа Гишүүнчлэлийн журам болон хамтран ажиллах гэрээний төслийг хүргүүлж санал авч, мөн холбогдох уулзалтуудыг зохион байгуулж байсан болно. Түүнчлэн гэрээг байгуулагч аливаа этгээд тухайн гэрээнд өөрийн санал хүсэлтээ тусгах эрхийг Биржийн зүгээс хязгаарлаж байгаагүй, нэмэлт санал хүсэлт гаргах эрхийг хориглож, хязгаарласан заалт тухайн гэрээний төсөлд байхгүй бөгөөд гэрээ байгуулагч нөгөө талын саналыг хүлээж аваагүй тухай маргаан, гомдол гарч байгаагүй болно.
Мөн үнэт цаасны компаниудтай байгуулж буй Гэрээний төслийн 1.3-д “…талуудын хүсэлтээр харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулж болно” хэмээн заасан нь гэрээний нөгөө тал тухайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг хөндөөгүй болохыг нотолж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хөрөнгийн Бирж нь гэрээг байгуулахдаа харилцан тохиролцолгүй, нэг талын хүсэл зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулдаг тухай нотолгоо гаргах шаардлагатай юм.
Дээрх үндэслэлүүдээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 тоот Улсын байцаагчийн дүгнэлт илт хууль байх тул Улсын байцаагчийн уг дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох эсхүл хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч өгнөүү.
Улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэвэрийн талаар: Улсын байцаагчийн шийтгэвэрт Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5 дахь заалтыг зөрчсөн тул...” гээд “Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.2-т заасныг үндэслэн 64,636,643 (жаран дөрвөн сая, зургаан зуун гучин зургаан мянга таван зуун дөчин гурав) төгрөгийн шийтгэл ногдуулсан” гэжээ.
1. Өрсөлдөөний тухай хуулийн 7.1-д “ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох” гэж заасныг зөрчсөн гэснээс үзэхэд Бирж нь “ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БӨГӨӨД ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛГҮЙ ТОГТООСОН” гэж үзжээ.
Бирж нь маргаж буй төлбөр хураамжийг 2003 оноос эхлэн тогтоож ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2012 онд шинэчлэн тогтоосон, давамгай байдалтай аж ахуйн нэгжээр 2014 онд тогтоогдсон (Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 1/821 тоот албан бичгээр тус байгууллагыг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Биржийг давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоосон талаар дурджээ). Давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж тооцогдохоос өмнө уг төлбөр хураамжийг тогтоосон нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж байна.
2.Өрсөлдөөний түхай хуулийн 27.1.2-т “энэ хуулийн ... 7.1-д заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг ТУХАЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрөв хүртэл хувьтай ТЭНЦЭХ хэмжээний төгрөгөөр торгох” гэжээ.
Улсын байцаагчийн 2015 оны 5/40 тоот дүгнэлтэд “...гишүүнээр элсэх өргөдлийг хянан шийдвэрлэх үйлчилгээний хөлсийг - 500,000 төгрөг, ... гишүүнчлэлийн элсэлтийн хөлс - 15,000,000 төгрөг,... гишүүнчлэлийн жилийн хөлс - 2,500,000 төгрөг гэж тогтоосон байна” гэсэн буюу Биржид бүртгэлтэй брокер, диллерийн компаниудад үзүүлэх үйлчилгээний хөлсийг тогтоосон байна” гэжээ.
Энэ үндэслэлээр акт тавьж Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.2 дахь хэсгийг үндэслэсэн бол уг зүйлд зааснаар торгуулийн дүнгээ тооцохдоо “ТУХАЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН”-ний өмнөх жилийн борлуулалтын орлого буюу өмнөх жилийн ГИШҮҮНИЙ ХУРААМЖ-аас тооцох ёстой байтал байгууллагын өмнөх жилийн баланст тусгагдсан НИЙТ ОРЛОГО-оос тооцсон нь буруу болсон байна.
Монголын Хөрөнгийн Биржийн 2014 оны тайлан тэнцэл дэх нийт орлого 6.4 тэрбум төгрөг байсан. Үүнээс 5.6 тэрбум төгрөг нь Засгийн газрын санхүүжилт бөгөөд Засгийн газартай байгуулсан Мастер гэрээний дагуу хийгдэж буй мэдээллийн төхнологийн шинэчлэл /МIТ систем/-ийн зардалд төлөгддөг шууд санхүүжилт бөгөөд энэхүү санхүүжилт нь Хөрөнгийн Биржийн орлого огтхон ч биш юм. Үлдсэн 729.9 сая нь цэвэр үйл ажиллагааны орлого юм. Үүнээс Улсын байцаагчийн актад хууль зөрчсөн гэж тодорхойлсон гишүүний хураамж, төлбөрөөс 2014 онд нийт 76.6 сaя төгрөгийн орлого Хөрөнгийн Биржид орсон болно.
Иймд торгуулиа дээрх дүнгээс бус 2014 оны тайлан тэнцэлд орлого гэж тусгагдсан нийт 6.4 тэрбум төгрөгөөс тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Шийтгэврийн хуудасны доод хэсэгт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18.5-д заасны дагуу гомдол гаргах хугацааг заасан боловч гомдол гаргах хугацааг 10 хоног гэж заасан нь Өрсөлдөөний тухай хуулийн 26.1.3-д “улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” эрхтэй байхаар нарийвчлан заасан зохицуулалтыг зөрчсөн байна.
4. Мөн захиргааны шийтгэл ногдуулахдаа шийтгэврийн хуудаст нэхэмжлэгчийн ямар үйлдэл, эс үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа, уг үйлдэл, эс үйлдлийг яаж шалгасан, ямар нотлох баримтаар тогтоосон талаар огт бичигдээгүй. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18.4-т “.. шийтгэвэрт ЗӨРЧИЛ ХЭЛЭЛЦСЭН ОН, САР, ӨДӨР, шийдвэр гаргасан албан тушаалтны нэр, эрхэлсэн ажил, ЗӨРЧИЛ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ҮЕД ТОГТООГДСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ, хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, гаргасан шийдвэрийг заана” гэсэн хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна. Хуульд заасан уг агуулгын шаардлагыг хангаагүй нь тухай захиргааны актыг ойлгомжгүй, хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.
Улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэврийг бүхэлд нь хүчингүй болгох эсхүл илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “М******* ТӨХК нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ бүрэн дэмжиж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн “Нэхэмжлэлийн шаардлага” хэсгийн 1-д “2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “хүчингүй болгуулах эсхүл илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж өөрчилж байгааг хүлээн авна уу. Улсын байцаагчийн 2015 оны 5/40 дугаар дүгнэлтийн талаар дараах нэмэлт тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хяналт шалгалт явуулахдаа хуульд заасан дараах процессын алдаа гаргасан. Хяналт шалгалтын явцад хяналт шалгалтын нөхцөл байдал, илэрсэн зөрчил, улсын байцаагчийн санал дүгнэлт, зөрчлийн талаар шалгуулагчийн санал хүсэлтийг харах боломжтой бичиг баримтыг улсын байцаагч үйлдэж, шалгуулагч этгээдэд танилцуулах хуульд тухайлан заасан процесс хийгдээгүй.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана: 5.9.1”шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал”, 5.9.2 “улсын байцаагчийн санал, дүгнэлт”, 5.9.3 “шалгуулагч этгээдийн санал, хүсэлт”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11.3-д “Зөрчлийг хянан шалгах ажиллагаанд зөрчлийн тухай” тэмдэглэл хөтлөх... ажиллагаа хамаарна” гэж заасан.
Гэтэл улсын байцаагч хяналт шалгалт хийх явцад хуульд заасан тэмдэглэл үйлдээгүй, ямар нэг тэмдэглэл шалгуулагч этгээдэд танилцуулаагүй. Уг тэмдэглэлийг үйлдээгүйгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг Улсын байцаагч зөв ойлгож хэрэглэж байгаа эсэх, шалгалтын явцад тухайн зохицуулалттай холбоотойгоор шалгуулагч байгууллагын зүгээс тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх зэрэг ач холбогдол бүхий процесс, боломж нь хаагдсан гэж үзэж байна. Дээрх хуульд тухайлан заасан процессыг хийлгүйгээр Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Э*******, Б.И******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:”Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, даргад холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 19-нийөдрийн 1/20 дугаартай удирдамжийн дагуу “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК болон “Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байдаг.
Хяналт шалгалтаар “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн гишүүнчлэлийн журмын 7 дугаар 7.1.1-д “гишүүнээр элсэх өргөдлийг хянан шийдвэрлэх үйлчилгээний хөлсийг-500,000 төгрөг, ... гишүүнчлэлийн элсэлтийн хөлс-15,000,000 төгрөг,... гишүүнчлэлийн жилийн хөлс- 2,500,000 төгрөг” гэж тогтоосон, үнэт цаасны компаниудтай хамтран ажиллах гэрээний загварыг баталж, улмаар гэрээ байгуулахдаа харилцан тохиролгүй, нэг талын хүсэл зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулдаг зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.
“Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72.2-т “Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах ба уг дүрэм, журмыг Хороонд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж дүгнэсэн байна. Гэтэл хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад “М*******” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/07 тоот тогтоолоор “М*******” ТӨХК-ийн гишүүнчлэлийн журам баталсан байдаг.
Энэ үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 12 дугаар зүйлийн 12.10-д”хууль ёсны ашиг сонирхолд харшлах ... худалдааны арга” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзээд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргасан.
Өрсөлдөөний тухай хуулийн 26 дүгээр зүйлийн 26.1.3-д “улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж заасан бөгөөд тус газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаартай дүгнэлтэд “М*******” ТӨХК-ийн зүгээс тус байгууллагад болон шүүхэд ямар нэг гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
Иймд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн гаргасан 2015 оны 5/40 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул Захиргааний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Улсын байцаагчийн акт буюу дүгнэлт гарснаас хойш түүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй 5 сар болсон тул улсын байцаагчийн хүчин төгөлдөр дүгнэлт, хяналт шалгалтын явцад цугласан холбогдох нотлох баримтад үндэслэн тус компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д”эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.2-т заасны дагуу 64,636,543 (дөрвөн сая зургаан зуун гучин зургаан мянга таван зуун дөчин гурав) төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлтэй болсон тул улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 00000038 тоот шийтгэврийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнөүү” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, даргад холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Тус газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0000038 тоот шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан “М*******” ТӨХК-ийн гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу хянан үзэж, холбогдох хариуг өгсөн байдаг.
Нэр бүхий компаниудаас ирүүлсэн гомдол, мэдээллээр “М*******” ТӨХК-ийн үйл ажиллагаанд 2015 оны 01/20 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргаж улмаар зөрчлийг арилгуулахаар 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 5/143 улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Уг албан шаардлагыг хүлээн авч биелүүлэх боломжгүй талаар 2015 оны 8 дугаар сарын 28-ныөдрийн 1/606 дугаартай албан бичгээр “М*******” ТӨХК-аас хариу ирүүлсэн байдаг.
Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж заасан бөгөөд тус газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаартай дүгнэлтэд “М*******” ТӨХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
Улсын байцаагчийн акт буюу дүгнэлт гарснаас хойш түүнийг хүчингүй болгуулахаар Шүүхэд хандаагүй 5 сар болсон тул улсын байцаагчийн хүчин төгөлдөр дүгнэлт, хяналт шалгалтын явцад цугласан холбогдох нотлох баримтад үндэслэн тус компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д”эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.2-т заасны дагуу 64.636.543 (дөрвөн сая зургаан зуун гучин зургаан мянга таван зуун дөчин гурав) төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлтэй болсон тул улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 00000038 тоот шийтгэврийг хүчингүй болгох боломжгүй талаар 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг.
Өрсөлдөөний тухай хуулийн 26.2-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байдаг.
Гэтэл “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хандсан нь дээрх хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрөөсөн байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “М*******” ГҮТББ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Холбоо нь дээрх нэхэмжлэлтэй танилцсаны дагуу дараах байдлаар тайлбар гаргаж байна.
2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 19, 21, 22 дугаар зүйлд зааснаар үнэт цаасны бүртгэлийн шалгуур, гишүүдэд болон мэргэжлийн ажилтанд тавих шаардлага, элсэлтийн болон жилийн хураамжийн хэмжээг тогтоож мөрдөх, гишүүнд суудлын эрх олгох, бүртгэх журам заавар гаргах бүрэн эрхтэй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 19.2.4-д зааснаар Хорооны зөвшөөрснөөр өөрийн үйл ажиллагаанд мөрдөх журам, зааврыг гарган мөрдөх үүрэгтэй байдаг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар журам заавраа хэлэлцүүлэлгүйгээр, улмаар Хорооноос гишүүн байгууллагуудаасаа санал авч хэлэлцүүлж, харилцан зөвшилцөж шимтгэл хураамжаа тогтоохыг үүрэг болгосоор байтал М******* нь үнэт цаасны зах зээл дээр давамгай байдлаа хууль бусаар ашиглаж шимтгэл хураамжийг гишүүн байгууллагатай харилцан зөвшилцөөгүй, торгуулийн болон бусад арга хэмжээгээрээ дарамтлан брокер дилерийн компанитай хүчээр гишүүнчлэлийн гэрээ байгуулж ирсэн.
Түүнчлэн М*******ноос 2011 оноос эхлэн “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн удирдлагад хандаж албан бичгээр болон удаа дараагийн албан уулзалтаар Хөрөнгийн биржийн гишүүнчлэлийн гэрээ, журам болон шимтгэл, хураамжийг харилцан тохиролцож тогтоох талаар санал, зөвлөмж болон шаардлага зэргийг удаа дараа хүргүүлж байсан боловч санал, хүсэлтийг харгалзалгүй тулган шаардаж өөрийн хүсэл зорилгод нийцүүлэн давамгай байдлаа ашиглан шийдвэр гаргаж ирсэн. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр ах ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоо”, 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах ... худалдааны арга хэрэглэж” гэх заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хүчингүйд тооцохыг хүсэж байна” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
“М*******” ГҮТББ-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүсэлт гаргасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 1/20 дугаар удирдамжийг  баталж, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулжээ. Ийнхүү шалгалтаар улсын байцаагч Ч.Б*******, Б.И*******, Г.Э******* нар “Монголын Хөрөнгийн бирж” ХХК-ийн үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж дүгнэн албан шаардлага хүргүүлж, шийтгэвэр ногдуулсан байна. 
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 
Дээрх дүгнэлтээр “М*******” ТӨХК-ийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах ба уг дүрэм, журмыг Хороонд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчин Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гишүүнчлэлийн журмыг баталсан гэж, хамтран ажиллах гэрээний загварыг баталж, уг гэрээг байгуулахдаа харилцан тохиролцолгүй, нэг талын хүсэлт зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулдаг, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “Эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах ... худалдааны арга хэрэглэх гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ. 
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Монгол Улсын үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрхийг Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээд хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийгөө зохицуулах байгууллагаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гишүүнчлэлийн журам  нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/07 дугаар тогтоолоор буюу өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгүүлэхээсээ өмнө батлагджээ. Иймд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах...”гэх зохицуулалт нэхэмжлэгчид хамаарахааргүй байна. 
Сангийн яам нь Компанийн тухай хуулийн 62.1.1-д заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 140 дүгээр тушаалаар “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн дүрмийг  баталсан байх бөгөөд дүрмийн 7.3.16-д “Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд хамаарах журам, заавар батлах” эрхийг Төлөөлөн Удирдах Зөвлөл хэрэгжүүлэхээр зааж өгсөн байна. Төлөөлөн Удирдах Зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд Гишүүнчлэлийн журмыг баталж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.1.4-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан байна. 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийг давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоосон байна. Бирж нь “Гишүүнчлэлийн журам”-ыг боловсруулах, батлахдаа хамтран ажилладаг байгууллага, аж ахуй нэгжээс тухайлбал гишүүн компаниуд, “М*******” ГҮТББ, Санхүүгийн зохицуулах хорооноос санал авч журамдаа тусгаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна. 
Хамтран ажиллах гэрээний төслийн 1.3-д “…талуудын хүсэлтээр харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулж болно” хэмээн заасан нь гэрээний нөгөө тал тухайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг хязгаарлаагүй болохыг харуулж байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд хамтран ажиллах гэрээний загварыг баталж, уг гэрээг байгуулахдаа харилцан тохиролцолгүй, нэг талын хүсэлт зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулдаг гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дүгнэлтэд дурдсан Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. 
Дүгнэлтэд “...гишүүнээр элсэн өргөдлийг хянан шийдвэрлэх үйлчилгээний хөлс - 500.000 төгрөг, ...гишүүнчлэлийн элсэлтийн хөлс - 15.000.000 төгрөг, ...гишүүнчлэлийн жилийн хөлс - 2.500.000 гэж тогтоосон” гэж дурдсан нь ойлгомжгүй буюу дээрх төлбөр хураамжийг авах ёсгүй байсан, эсвэл хэт өндөр тогтоосон гэх хоёр үндэслэлийн аль нь болохыг тодорхойлоогүй байна. 
Гишүүнчлэлийн журам батлах явцад М*******ноос ирүүлсэн саналын 6.1.2-т “...элсэлтийн хураамжийг нэмэгдүүлэх”  гэсэн байх бөгөөд ийнхүү нэмэгдүүлснээр чадваргүй арилжаа эрхлэгч компаниудыг зах зээлээс шахан гаргах, оруулахгүй байх тухай дурджээ. Гэвч хариуцагч болон гуравдагч этгээд шүүх хуралдаанд “Ийнхүү элсэлтийн босгыг өндөр тогтоосноороо шударгаар өрсөлдөх, жижиг аж ахуй нэгж, компаниудыг зах зээлд орох боломжийг хязгаарлаж, хааж байна. ...Дээрх санал нь брокер, дилерийн том том цөөн хэдэн компаниудын өгсөн санал байна” гэсэн тайлбар хийснийг дурдах нь зүйтэй байна. 
“М*******” ГҮТББ нь өөрийн гишүүнчлэлийн 45 компанийн өмнөөс, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс “Бид орлогынхоо дийлэнх хувийг тогтмол “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-д өгдөг байтал жилийн хураамж 2.500.000 авч байгаа нь үндэслэлгүй” гэж маргадаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гишүүнчлэлийн журмаар тогтоосон элсэлтийн хураамж нь өндөр эсэх, жилийн хураамж авч байгаа нь үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэхийг судалж, инфляцийн түвшинтэй харьцуулан дүгнэх нь зүйтэй байна. Дээрх үндэслэлүүдээр Улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлт нь хууль бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.И*******ын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар шийтгэврийг  илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 
    “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох” гэж заасны дагуу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж торгууль ногдуулсан бөгөөд дээрх зөрчлийг хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байна. 
Мөн тус шийтгэврээр 64.636.543 төгрөгийн торгууль ногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2014 оны нийт орлогоос  тооцож торгууль ногдуулсан байна. Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “энэ хуулийн 6.2, 7.1-д заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрөв хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу зөвхөн гишүүнчлэл, элсэлтийн хураамж, төлбөрөөс олсон орлогоос 4 хүртэлх хувиар тооцон торгууль ногдуулах нь хуульд нийцнэ.
Иймд тус 38 тоот шийтгэврийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай, хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнээд  илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК Улсын байцаагчийн 2015 оны 38 дугаар шийтгэвэрт гомдол гаргасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга хариу өгч улсын байцаагчийн шийтгэврийг үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн байна. 
Өрсөлдөөний тухай хуулийн 26.1.3-д “улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга улсын байцаагчийн 38 дугаар шийтгэврийг урьдчилан шийдвэрлэх журмаар хянаснаараа хариуцагч болохгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан улсын байцаагчийн 2015 оны 38 дугаар шийтгэвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохоос биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар албан бичиг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,  үр дагавар үүсгээгүй байна гэж шүүх дүгнэлээ. 
Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно. 
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 103.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэвэр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 
3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Н.ДОЛГОРСҮРЭН