Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0771

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цоодол, Б.Наранцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бүрэнжаргал, М.Отгонбаатар, Б.Батсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Итгэлбатын гаргасан давж заалдах гомдлоор, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын байцаагч Ч.Батбилэг, Б.Итгэлбат, Г.Энхманлай нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр шийдвэрээр:  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэвэр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Итгэлбат давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, даргад холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийг гаргахдаа дараах байдлаар буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

1. Шүүх дүгнэлт хэсэгт: “Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлийн журмыг удирдах зөвлөл батлах ёстой”  гэж дүгнэсэн байна. Компанийн дүрэмд гишүүнчлэлийн журмыг батлах талаар байхгүй байна. Сангийн сайдын баталсан “компанийн дүрэм” нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиас давуу хүчин чадалгүй бөгөөд хуулийн заалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

2. Зөрчил тогтоогдсон эсэх тухайд: “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц этгээд бөгөөд үнэт цаасны арилжаа эрхлэгчид сонголтгүйгээр гэрээ байгуулдаг. Энэ байдлыг далимдуулан харилцан тохиролцолгүйгээр гэрээний нөхцөл тулгасан нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл юм.

Хуулиар тодорхой эрх хэмжээ олгоогүй байхад үндэслэлгүй төлбөр хураамж /гишүүнээр элсэх өргөдлийг хянан шийдвэрлэх үйлчилгээний хөлс 500 000 төг, гишүүнчлэлийн элсэлтийн хураамж 15 000 000 төг, гишүүнчлэлийн жилийн хөлс 2 500 000 төг/ авч байна. Эдгээр төлбөрийг төлөөгүй тохиолдолд брокер диллерийн компаниудын арилжаанд оролцох эрхийг нь хязгаарласан байна.

Энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүй шалгуур үзүүлэлт тогтоох” гэж заасныг зөрчсөн гэж үзэж захиргааны шийтгэл ногдуулсан. Дээрх зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 201 дүгээр тушаал болон бусад баримтаар нотлогдож байна.

3. Торгууль ногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн тухайд: Үндэслэлгүй төлбөр хураамж нэхсэн, үүнийг нь төлөөгүй тохиолдолд арилжаанд оролцох эрхийг нь хязгаарлаж байгаа үйл ажиллагаа нь бүхэлдээ үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаанд гарч байгаа зөрчил юм.

Монголын Хөрөнгийн биржийн холбогдох зах зээл нь үнэт цаасны арилжааны зах зээл бөгөөд гишүүнчлэлийн хураамж нь өөрийн бие даасан зах зээлийн бараа бүтээгдэхүүн биш юм. Гэтэл шүүх гишүүнчлэлийн хураамжийг бие даасан бараа бүтээгдэхүүн гэж үзсэн нь буруу байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дугаартай шийдвэрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 1/1320 дугаар албан бичигтэй холбоотой хэсгээс бусад бүх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэвэр болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдох дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас дээрх шийдвэрийн зарим хэсгийг, тодруулбал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон, улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэвэрийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргажээ.

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна гэж үзэв. Анхан шатны шүүх үзэхдээ а. Өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгүүлэхээсээ өмнө гишүүнчлэлийн журмыг баталсан тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг хамаарахгүй,  б. Гишүүнчлэлийн журмыг батлахдаа арилжаад оролцогч компаниудын саналыг авсан гэж дүгнэжээ.

А. “Өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгүүлэхээсээ өмнө гишүүнчлэлийн журмыг баталсан тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг хамаарахгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн тухайд: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Монгол Улсын үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрхийг Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээд хэрэгжүүлнэ” гэж заажээ. Монголын хөрөнгийн бирж нь үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага мөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийгөө зохицуулах байгууллагаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. Гэхдээ энэхүү хуулийн заалтыг “үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүй яваад байвал ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж ойлгож хэрэглэх үндэслэлгүй.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр батлагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдсөн байна. Энэхүү хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “өөрийгөө зохицуулах байгууллага” гэдэгт “Хөрөнгийн бирж” хэмээн тухайлан нэрлэн заажээ. Эндээс дүгнэхэд Монголын хөрөнгийн бирж нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хуулийн дээрх заалтын дагуу “өөрийгөө зохицуулах байгууллага” гэдэгт хамаарах болжээ.

Түүнчлэн хавтаст хэргийн 2 дугаар хавтас 72 дугаар хуудсанд авагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1/409 дугаар албан бичигт нэхэмжлэгч хуулийн этгээд нь “...өөрийгөө зохицуулах байгууллага” мөн болохоо илэрхийлж байжээ. Иймд “өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгүүлэхээсээ өмнө батлан гаргасан” гэдэг үндэслэл нь буруу байна.

Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг “Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д хамааралтай эсэх тухайд давж заалдах шатны шатны шүүх “хамаарахгүй” гэж үзэв.

Учир нь: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах...”   гэж заасан нь ерөнхий зохицуулалт байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “хөрөнгийн бирж” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан бөгөөд 73 дугаар зүйлийн 73.1-д “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас бусад өөрийгөө зохицуулах байгууллагын эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж илүү  нарийвчлан заажээ.

Өөрөөр хэлбэл “Монголын хөрөнгийн бирж” гэдэг оноосон нэртэй үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн тухайд эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал биш байна. Иймд угаасаа “Монголын хөрөнгийн бирж” гэдэг өөрийгөө зохицуулах байгууллагын тухайд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг хамаарахгүй байна. Дээрх үндэслэлээр улсын байцаагчийн дүгнэлтэд ““Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн  гишүүнчлэлийн журам”-ыг батлан гаргахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журмыг бүх гишүүдийн хурлаар батлах ...” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Б. Улсын байцаагчийн дүгнэлтийн өөр нэг үндэслэл болох “...үнэт цаасны компаниудтай хамтран ажиллах гэрээний загварыг баталж, улмаар гэрээг байгуулахдаа харилцан тохиролцолгүй, нэг талын хүсэл зоригийг тусгахгүйгээр, тулгаж байгуулдаг” гэсэн тухайд:  Анхан шатны шүүх “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гишүүнчлэлийн журам нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/07 дугаар тогтоолоор батлагджээ. ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийг давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоосон байна. Бирж нь “Гишүүнчлэлийн журам”-ыг боловсруулах, батлахдаа хамтран ажилладаг байгууллага, аж ахуй нэгжээс тухайлбал гишүүн компаниуд, “Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ, Санхүүгийн зохицуулах хорооноос санал авч журамдаа тусгаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж өрөөсгөл дүгнэлт хийжээ. Хэдийгээр хэлбэрийн хувьд хамтран ажилладаг байгууллагуудаас санал авах талаар мэдэгдсэн боловч уг саналуудыг хэрхэн тусгасан нь тодорхойгүй, гуравдагч этгээдийн “саналыг авдаггүй, авсан ч тусгадаггүй” гэх үгүйсгэсэн тайлбарын эсрэг ямар нэгэн няцаалтыг нэхэмжлэгч гаргаж чадаагүй, зөвхөн санал авсан гэдгээс өөр тайлбаргүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх гэрээг нь хүлээн зөвшөөрөхгүй бол, түүнчлэн тогтоосон мөнгийг саадгүй төлөхгүй бол үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарладаг болох нь тогтоогджээ. Иймд хэлбэрийн хувьд санал авсан гэдгээр нь дүгнэж, улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Итгэлбатын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар шийтгэврийн тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Учир нь “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох” гэж заасны дагуу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж торгууль ногдуулсан бөгөөд дээрх зөрчлийг хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй төдийгүй тус шийтгэврээр 64.636.543 төгрөгийн торгууль ногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж,  “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2014 оны нийт орлогоос тооцож торгууль ногдуулсан болох нь тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28, 73 дугаар зүйлийн 73.1, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож, “Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5/40 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1320 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР