Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 443

 

А.М д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ, нарын оролцогчтой хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 521 дүгээр магадлалтай, А.М д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял,

2009 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.17, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 11 жил 10  хоног хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 13 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, А овогт А-ийн М нь Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Зэвсэг хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.М ыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.М ын Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 69А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. А.М д оноосон ялын зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх саналтай байна. Учир нь, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” ямар ч үйлдэл байхгүй. Зэвсэг болох бууг хэрэглэсэн эсхүл зэвсгийн чанартай зүйл гэж олж тогтоосон ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй. Улсын яллагч “буу байсан” гэж үзээд байгаа бол энэ бууг заавал олж тогтоох нь анхаарвал зохих асуудал юм. Шүүгдэгч А.М ын үйлдсэн хэргийг нотолсон баримтуудыг үзэх юм бол ихэвчлэн хохирогчийн өгсөн удаа дараагийн мэдүүлэг байдаг.

Шүүгдэгч А.М  нь ...нууцаар хууль бусаар авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, цагдаа дээр анх удаа өөрөө ээж Ч-ийн хамт ирж мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагдуулсан.

Хохирогч Т Т гийн “Намайг айлган сүрдүүлж, зодож цохиогүй, ... Буугаараа тулгаагүй, чиглүүлээгүй, буудна гээгүй” гэх удаа дараагийн мэдүүлгээр А.М  нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн, довтолсон үйлдэл харагдахгүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсныг харуулж байна. Хэрэв айлган сүрдүүлсэн гэж үзвэл заналхийлсэн хэрэг байж болох юм.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд А.М ын үйлдэлд тохирох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх тухай заасан. А.М  нь гэмт хэргийн улмаас учруулсан 1,162,000 төгрөгийн ...хохирлыг нөхөн төлж одоо ямар ч хохирол байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Гэтэл М  хэрэг үйлдсэн өдрөө Архангай аймгийн Цахир сум руу ах Гэлэгдоржийнх руу явсан байдаг тул Гэлэгдоржийг гэрчээр асууж болох байсан.

...Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад иргэдийн төлөөлөгч оролцсон. Иргэдийн төлөөлөгчийн саналаар ч А.М ыг “буу буюу зэвсгийн чанартай зүйл ашигласан нь нотлогдохгүй учир хүндрүүлэх нөхцөл байхгүй” гэж үздэг.

А.М ыг гэмт хэрэг үйлдэх үедээ заналхийлэх зорилгоор ашигласан бууны талаар хэргийн материалд дугаар болон бүртгэлийг олж тогтоосон баримт огт тусгагдаагүй, буу эзэмшдэг бол Цагдаагийн газрын бүртгэл мэдээллийн баримт хэрэгт байхгүй.

Орчуулагч П, Н нар орчуулга хийх чадвартай эсэх, … мөн албан ёсны орчуулга хийх эрхтэй хүмүүс гэдгийг нотлон тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно ...” хэмээн заажээ. Энэ эргэлзээгүй гэх байдал тогтоогдоогүй, …хэт нэг талыг буюу хохирогч, түүний орчуулагч нарын өгсөн мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг шийдвэрлэсэн.

А.М д хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хийсэндээ гэмшсэн, ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх боломжтой байсан. А.М ын ял шийтгэл нь түүний гэм буруутай үйлдлийн нийгмийн хор уршигт тохирохгүй байна.

Түүний энэ удаагийн үйлдэл нь хохирлын байдлаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, учруулсан хохирлоо нөхөн төлсөөр байхад ...А.М д 8 жил 9 сарын урт хугацааны хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх бус улам нийгмээс тусгаарлаж байгааг харуулж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь зөвхөн тухайн этгээдийг цээрлүүлэхэд оршдоггүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...А.М д холбогдох хэргийг өмнө нь хяналтын шатны хурлаар хэлэлцээд прокуророос зэвсэг хэрэглэсэн гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн байна гэж үзээд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлсэн.

Прокуророос А.М д холбогдох хэргийг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг гэж зүйлчилснээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Энэ хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн А.М д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.М  нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, .... оршин суух Австрали улсын иргэн Т Т гийн гэрт нь орж, хар өнгийн буу мэт зүйл ашиглан айлган сүрдүүлж, заналхийлж довтлохдоо “money” /мөнгө/ хэмээн хэлж нэхэн бэлэн 200,000 төгрөг, 400 ам.доллар, Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн карт 1 ширхэг зэргийг авсан нөхцөл байдал хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх дээрх үйл баримтад тулгуурлан А.М ыг зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, урьд ял шийтгүүлж, тэнсэн суллагдсан буюу эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага “гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал”-д нь тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, улмаар хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, А.М ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийг мөрдөн шалгах явцад А.М ын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг гэх зүйл нь олдоогүй боловч тухайн нөхцөл байдлыг мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, түүнийг дамжмал байдлаар нотолсон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн “Дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэсэн хууль зүйн дүгнэлтэд хүрсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзсэн болно.

Чухамдаа харагдах байдал нь хүйтэн болон галт зэвсэгтэй адил боловч гэмтэл учруулах боломжгүй, хэрэгтэн ч түүнийг мэдэж байсан зэрэг тохиолдол бүр нь шууд зэвсэг хэрэглээгүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгохгүй бөгөөд гэмт хэрэг нэг бүрийн онцлог, үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгтэн, хохирогчийн хувийн зан төрх, сэтгэхүйн тухайн үеийн байдал, хэрэг үйлдсэн орон зай, цаг хугацаа, сүрдүүлгэнд хэрэглэсэн зүйлийн дүрс хэлбэр, шинж чанар зэргээс хамаарч ялгамжтай хууль зүйн дүгнэлт хийгдэх ёстой.

Энэ хэргийн тухайд А.М  нь гартаа барьсан зүйлээ буу буюу галт зэвсэг гэж ямар нэг эргэлзээгүйгээр хохирогчид зориуд ойлгуулж, улмаар хохирогчийг айлган сүрдүүлж, хохирогч үүнээс нь айж эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болно гэсэн сэтгэхүйн харьцаа нь бодит байдалд шүүгдэгчийн хүсэл зоригийн дагуу хэрэгжиж, зэвсэг хэрэглэсэн дээрмийн гэмт хэрэг төгссөн байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд довтлохоор “заналхийлэх” нь бодит байдалд хохирогчийн бие махбодь, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүй бөгөөд заналхийлэл үр дүнд хүрсэн үгүй нь ч гэмт хэргийн шинжийг хангахад нөлөөлөхгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болохыг анхаарч дүгнэлт хийж байвал зохино.

Дээрмийн гэмт хэргийн заналхийлэл нь тухайн үедээ аюул, хохирол учруулах бололцоотой байдгаараа “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргээс ялгагдаж байдаг бөгөөд энэхүү өрсөлдөх хэм хэмжээг илүү нарийвчлан зааглаж тайлбарлан хэрэглэх ёстойг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн “хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 521 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН