Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00689

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00689

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00683 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С- нь П ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид ерөнхий инженерийн ажил албан тушаалыг хашиж эхэлсэн өдрөө компаниас 8 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Л.С- нь ажлаас гарсан болон хувийн ашиг сонирхлын зөрүүтэй үйлдэл гаргасан тохиолдолд 8 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буцаан авах нөхцөлөөр талууд тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэвч хөдөлмөрийн гэрээний харилцаа ажилтны хүсэлтээр дуусгавар болсон. Зээлийн гэрээнд зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй боловч зээлийг буцаан төлөх тодорхой нөхцөлийг тусгасан. Л.Сэлэнгийг ажлаасаа чөлөөлөгдөхөөс өмнө болон чөлөөлөгдсөний дараа зээлийг буцааж төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүнд нэг ч төгрөг буцаан төлөөгүй. Иймд хариуцагч Л.С-эс зээлийн гэрээний үүрэг болох 8 500 000 төгрөг, зээлийн хүү 850 000 төгрөг, нийт 9 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Би 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр П ХХК-д усны инженер албан тушаалд 800 000 төгрөгийн цалинтайгаар орсон ба ажилдаа ороод 7 хоногийн дараа компанийн зүгээс ерөнхий инженерээр ажиллах санал тавьсан. Ийнхүү санал тавихдаа компаниас надад 8 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлүүлэх, сарын үндсэн цалин 1 500 000 төгрөг, үүнээс зээлийн төлбөрт 700 000 төгрөгийг cap бүр суутгаж байя гэсэн саналыг би хүлээн зөвшөөрсөн. Компанийн зүгээс гэрээ байгуулахгүй удсаар байгаад 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан мөнгө зээлдүүлсэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед компанид өөрийн нийгмийн даатгалаа 1 500 000 төгрөгөөр тооцож төлүүлье, мөн цалингаа 1 500 000 төгрөгөөр бүтнээр аваад буцаад 700 000 төгрөгөө төлье гэсэн боловч компанийн хувьд нийгмийн даатгал, татвар их төлөх тулд 800 000 төгрөгөөр цалингийн чинь бодоод 700 000 төгрөгийг суутгаж байя гэсэн. Миний бие уг зээлийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар cap хүртэл тус компанийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа цалингаасаа cap бүр 700 000 төгрөгийг суутгаж бүрэн төлсөн болно. Улмаар зээлээ бүрэн төлж дуусаад тус ажлаас гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх маргаан байхгүй. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаатайгаар зээлдүүлэх, Л.С- нь ажлаас гарсан болон хувийн ашиг сонирхлын зөрүүтэй үйлдэл гаргасан тохиолдолд 8 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буцаан төлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээний хугацаа нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд Л.С- нь үндсэн зээлийн төлбөрөөс буцааж нэг төгрөг ч төлөлгүй 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа хаяж явсан бөгөөд "Хөдөлмөрийн гэрээ" болон "Пальмдейра" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажил олгогчийн зүгээс "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш өдрөөр ажлын байраа орхисон нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гаргасан. Энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, гэрч нарын мэдүүлгийг туйлын үнэн зөв хэмээн ойлгож, бусад бичгийн нотлох баримттай харьцуулж дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч Л.С- нь нэхэмжлэгч "Пальмдейра" ХХК-д "Ерөнхий инженерээр 1 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж, үүнээс зээлийн төлбөрт 700 000 төгрөгийг сар бүр суутгуулж байсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүхийн зүгээс хэрэгт авагдаагүй нотлох баримтыг зохиомлоор бий болгож, хариуцагчийн тайлбарыг дангаар нь нотлох баримтад тооцож үнэлэлт дүгнэлт өгсөн нь илт хууль бус шийдвэр гэж үзнэ. Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, "Пальмдейра" ХХК-ийн цалингийн тооцооны хүснэгтүүд, ажилд авах тухай тушаал болон хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын лавлагаа, Голомт банкны цалингийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн тайлбартай нийцэх бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болохыг нотолно. Мөн баримтуудаар хариуцагч Л.С- нь 1 000 000 төгрөгийн үндсэн цалинтай байсан бөгөөд цалингийн хүснэгтээс хариуцагчийн ажиллавал зохих хоног, түүнээс ажилласан хоног, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ХАОАТ, бусад суутгал зэргийг хасан гар дээр олгосон цалин нь тодорхой харагддаг бөгөөд хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өсгөн "Голомт" банкны дансны хуулгатай таардаг. Мөн шүүх ажил олгогчоос 1 500 000 төгрөгийн хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлөгдөх тул зээлийн төлбөрт суутгагдах 700 000 төгрөгийг хасч, 800 000 төгрөгөөр шимтгэл тооцохоор болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба энэ нөхцөл байдлыг хариуцагч тал нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үүргээ бодитой хэрэгжүүлээгүй байхад хэрэгжүүлсэн, нотлох баримтаар нотлогдсон мэтээр буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Л.С- нь "Пальмдейра" ХХК-д 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл нийт 12 сарын хугацаанд ажиллахдаа сар бүр 700 000 төгрөгийг цалингаас суутгуулж байгаагүй бөгөөд суутгасан талаарх баримт хэрэгт огт байдаггүй. Мөн шүүхийн шийдвэрт Л.Сэлэнгийг зээлийн төлбөрийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, түүгээр ч зогсохгүй хариуцагч Л.С- "Пальмдейра" ХХК нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож тэрээр ажлаас чөлөөлөгджээ. Иймд нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь ямар нотлох баримтыг үнэлж, мөн дүгнэлтийг хийж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа юм. Мөн Л.С- "Пальмдейра" ХХК нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож тэрээр ажлаас чөлөөлөгджээ гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Болортунгалаг, Б.Батнавч, Э.Хонгорзул нар нь хариуцагчийн цалин 1 500 000 төгрөг байсан гэдгийг хариуцагч Л.С-эс өөрөөс нь сонссон талаар хэлдэг болохоос өөр гуравдагч этгээд буюу нэхэмжлэгч байгууллагын удирдах, төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар сонсоогүй, мэдээгүй байдаг ба хариуцагчийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ болон бусад тушаал шийдвэрийг нэг ч удаа олж харж байгаагүй, огт мэдэхгүй тухай мэдүүлдэг нь гэрч нарын мэдүүлгийг туйлын үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн нэр бүхий гэрч нар нь талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад байгаагүй, мөн хэлцлийн талаар мэдэхгүй, уг зээлийг төлж барагдуулсан эсэх, хэрхэн төлдөг байсан эсэхийг мэдэхгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн. Энэ талаар шүүх хуралдааны дуу болон дүр бичлэгт тодорхой бичигдсэн байгаа бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нотолгооны бусад эх сурвалжаар давхар нотлогдоогүй тул нотолгооны хэрэгсэл болох ач холбогдолгүй байна. Мөн шүүхийн зүгээс зээлийн гэрээнээс үүссэн эрх зүйн харилцаа, хөдөлмөрийн гэрээнээс үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт ойлгоогүй, тухайн хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ...П ХХК-иас ерөнхий инженер Л.С-д 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 8 500 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай зээлдүүлэв... гэсэн мөнгө зээлдүүлсэн баримтад /хх-ийн 11/ үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч Л.С- нь зээлийн төлбөрийг цалингаас суутган төлж барагдуулсан гэж тус тус маргажээ.

Хариуцагч Л.Сэлэнгийн 1 сарын цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээнд 1 000 000 төгрөг гэж, ажилд томилсон тушаалд 900 000 төгрөг гэж, нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд 800 000 төгрөг гэж тус тус зөрүүтэй байхад зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хариуцагчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна.

Хэрэгт П ХХК-ийн дотоод журам, тус байгууллагын бүтэц, орон тооны талаар болон гэрчээр мэдүүлэг өгсөн инженер, ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт авагдаагүй тул гэрчийн мэдүүлэгт үндэслэн хариуцагч Л.Сэлэнгийг П ХХК-ийн ерөнхий инженерээр 1 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж, үүнээс зээлийн төлбөрт 700 000 төгрөгийг сар бүр суутгуулж байсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тайланд ажилтанд олгосон зээлийн мөнгөн хөрөнгө хэрхэн тусгагдаж байсан, нэхэмжлэгч байгууллагын ерөнхий инженерийн цалин хөлс, бусад инженер, архитекторч нарын цалин хөлснөөс багаар тогтоогдсон учир шалтгаан тус тус тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан ..шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00683 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 164 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОЛОО

Н.БАТЗОРИГ