Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/03618

 

 

 

 

 

 

 

2021 11 10 101/ШШ2021/03618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .........................................., П ХХК-ийн /РД: ............./ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........................................тоотод оршин суух, Лхагвадоржийн Сд /РД: ШВ............../ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.350.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.С нь тус компанид 2017 оны 5 сарын 17-ны өдрөөс усны инженерээр ажилд орсон ба 2017 оны 9 сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ерөнхий инженерийн албан тушаалыг хашиж эхэлсэн.

Тэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөө П ХХК-иас 8.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэн авсан ба ажлаас гарсан болон хувийн ашиг сонирхлын зөрүүтэй үйлдэл гаргасан тохиолдолд 8.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буцаан авах нөхцлөөр харилцан тохиролцон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг удирдлага болгон зээлийн гэрээг түүнтэй байгуулсан.

П ХХК болон Л.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ ажилтны хүсэлтээр дуусгавар болсон.

Мөн 2018 оны 5 сарын 31-ний өдөр Л.Сд сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ ёсоор зээлсэн мөнгийг 10 хувийн хүүтэй буцааж авахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Л.Сэс үндсэн зээл 8.500.000 төгрөг, зээлийн хүү 850.000 төгрөг, нийт 9.350.000 төгрөгийг гаргуулж П ХХК-д олгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.С шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.С нь 2017 оны 5 сарын 17-ны өдөр П ХХК-д усны инженер албан тушаалд сарын 800.000 төгрөгийн цалинтай ажилд орсон ба ажилд орсноос хойш 7 хоногийн дараа компанийн зүгээс ерөнхий инженерээр ажиллах санал тавьсан.

Ийнхүү санал тавихдаа 8.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, сарын үндсэн цалинг 1.500.000 төгрөг гэж тохирон үүнээс зээлийн төлбөрт сар бүр 700.000 төгрөгийг суутгаж байя гэсэн.

Л.С уг саналыг хүлээн зөвшөөрч ажилд орсноос хойш 7 хоногийн дараагаас ерөнхий инженерээр ажиллах болсон. Компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж байгаад 2017 оны 9 сарын 15-ны өдөр нөхөн гэрээ байгуулан мөнгө зээлдүүлсэн баримт дээр гарын үсэг зуруулсан.

Тухайн үед компанид өөрийн нийгмийн даатгалаа 1.500.000 төгрөгөөр тооцож төлүүлье, мөн цалингаа 1.500.000 төгрөгөөр бүтнээр аваад буцаагаад 700.000 төгрөгөө төлье гэсэн боловч компанийн хувьд нийгмийн даатгал, татвар их төлөх тул 800.000 төгрөгөөр цалинг чинь бодоод 700.000 төгрөгийг суутгаж байя гэсэн.

Л.С нь тус компанид 2017 оны 5 сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 сарыг дуустал хугацаанд ажилласан бөгөөд уг хугацаанд тус компанид ажиллаж байхдаа цалингаасаа сар бүр 700.000 төгрөгийг суутгуулан, зээлээ бүрэн төлөөд тус ажлаас гарсан. Иймд П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Л.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн зээл 8.500.000 төгрөг, зээлийн хүү 850.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч П ХХК нь Л.С ажлаасаа чөлөөлөгдсөн ч зээлээ төлөөгүй. Иймд түүнээс үндсэн зээл 8.500.000 төгрөг, зээлийн хүү 850.000 төгрөг, нийт 9.350.000 төгрөгийг гаргуулна,

Хариуцагч Л.С Тус компанид 2017 оны 5 сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 сарыг дуустал ажилласан. Ажилд орсноос хойш 7 хоногийн дараа ерөнхий инженерээр сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилласан. Цалингаасаа сар бүр 700.000 төгрөгийг суутгуулан зээлээ төлж дуусгасан гэж тус тус маргаж байна.

 

Л.С нь П ХХК-д 2017 оны 5 сарын 17-ны өдрөөс тус компанийн усан хангамж, ариутгах татуургын инженерээр ажиллаж эхэлсэн ба ийнхүү ажиллах явцдаа 2017 оны 9 сарын 15-ны өдөр ажил олгогч П ХХК-иас 8.500.000 төгрөгийг зээлэн авсан бөгөөд тэрээр тус компанид 2018 оны 5 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

 

Ийнхүү Л.С нь П ХХК-д 2017 оны 5 сарын 17-ны өдрөөс ажиллаж эхэлсэн хэдий ч ажилтан Л.Стэй 2017 оны 9 сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан тухайд зохигч хэн аль нь мөн тайлбарлалаа.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д ... Хөдөлмөрийн гэрээ ажил олгогч болон ажилтны санаачлагаар цуцлагдах, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээх тохиолдол, мөн хөдөлмөрийн гэрээ хуульд заасан аль нэг үндэслэлээр дуусгавар болох тохиолдолд ажил олгогчоос ажилтанд шилжүүлэн өгсөн 8.500.000 төгрөгийг үл маргах журмаар ажилтан нь ажил олгогчид буцаан төлнө гэж заасан байна.

/ХХ-ийн 6-11, 38, 119-122 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Талуудын хооронд 2017 оны 9 сарын 15-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Ажилтны цалин хөлсийг 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл 1.000.000 төгрөг, 2018 оны 7 сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 сарын 1 өдөр хүртэл 1.500.000 төгрөгийн хөлс олгоно. Үүнээс цааш хугацаанд цалинг ажилчинтай дахин тохиролцоно гэж заажээ.

 

Хариуцагч Л.С нь нэхэмжлэгч П ХХК-д ажиллахдаа 2017 оны 5 сард 444.444 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 93.333,24 төгрөг,

2017 оны 6 сард 900.000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгалын шимтгэлд 189.000 төгрөг,

2017 оны 7 сард 720.000 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 151.200 төгрөг,

2017 оны 8 сард 770.370 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 161.777,70 төгрөг,

2017 оны 9 сард 923.076 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 193.845,96 төгрөг,

2017 оны 10 сард 1.000.000 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 210.000 төгрөг,

2017 оны 11 сард 1.000.000 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 210.000 төгрөг,

2017 оны 12 сард 240.000 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 50.400 төгрөг,

2018 оны 1 сард 884.615 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 203.461,45 төгрөг,

2018 оны 2 сард 863.636 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 198.636,28 төгрөг,

2018 оны 3 сард 884.615 төгрөгийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд 203.461,45 төгрөгийг тус тус төлж байсан нь талуудын тайлбар, Л.Сэлэнгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Л.Сэлэнгийн Голомт банк дахь 3105109766 тоот дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, П ХХК-ийн цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.

/ХХ-ийн 38, 71-102, 121-122, 124-136,

 

Дансранжамцын Болортунгалаг 2021 оны 3 сарын 3-ны өдрийн хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

...Би П ХХК-д 2017 оны 6 сараас 2018 оны 1 сар хүртэл хугацаанд барилга бүтээцийн инженерээр ажилласан. ... Миний сарын үндсэн цалин 1.500.000 төгрөг. ... Л.С ерөнхий инженерээр ажиллаж байсан ба би удирдлагад нь ажиллаж байсан. ... Зээлийн хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Ярианаас нь ажиглахад цалингийнх нь талыг суутгах юм шиг ярьж байсан. 800.000 төгрөг гар дээрээ авдаг гэж байсан... гэжээ.

 

Баттогтохын Батнавч 2021 оны 3 сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Намайг ажилд ороход Л.С ерөнхий инженерээр ажиллаж байсан. Миний цалин сард 1.500.000 төгрөг. Л.С зээл авсан, цалингаасаа хасуулаад явдаг гэж байсан. Надаас бага цалин авдаг байсан. 1.500.000 төгрөгийн цалин авдаг, 800.000 төгрөгийг нь зээлэнд хасуулдаг гэж хэлж байсан санаж байна... гэжээ.

 

Энхбатын Хонгорзул 2021 оны 3 сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Би 2017 оны 6 сараас 2018 он хүртэл тус компанид архитекторчоор ажилласан. Миний сарын цалин 1.500.000 төгрөг байсан. Хагас сайнд ажилладаг болж таарсан тул би нялх хүүхэдтэй учраас ажиллахгүй, уг өдрийн цалингаа хасуулдаг байсан. Л.С ерөнхий инженерээр ажиллаж байсан. 8.500.000 төгрөгийн зээлтэй, цалингаасаа суутгуулах гэрээтэй гэж сонсож байсан. Ерөнхий инженер бидний өмнөөс хариуцлага хүлээдэг тул биднээс бага цалин авах боломжгүй ... гэжээ.

/ХХ-ийн 39-41, 143-162 дугаар тал/

 

Нэхэмжлэгч П ХХК-ийн Л.Сэлэнгийг усан хангамж, ариутгах татуургын инженерийн ажилд авах тухай 2017 оны 5 сарын 17-ны өдрийн тушаалд түүний цалинг 900.000 төгрөг, Л.Стэй байгуулсан 2017 оны 9 сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд цалинг нь 1.000.000 төгрөг гэж тус тус тусгасан бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр дэх олгогдсон цалин хөлсөөс зөрүүтэй байгаа нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсоныг дурдлаа.

 

Нэхэмжлэгч П ХХК-ийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн баримтад ... ерөнхий инженерээр ажилладаг Л.Сд 2017 оны 9 сарын 15-ны өдөр 8.500.000 төгрөг ... зээлдүүлэв гэж, мөн тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 31-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд усан хангамж, ариутгах татуургын инженер ажилтай Л.Сэг ... ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж 2018 оны 5 сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалсугай хэмээн тус тус зөрүүтэй тусгагджээ.

/ХХ-ийн 11, 120 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 сарын 21-ний өдрийн 11261 дугаар захирамжаар нэхэмжлэгч талаас Л.С, Д.Болортунгалаг, Э.Хонгорзул, Б.Батнавч нарын ажлын байрны тодорхойлолт, П ХХК-ийн дотоод журам, байгууллагын бүтэц, орон тоотой холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

2021 оны 8 сарын 9-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгч тал ... Тус компани ... 2020 оны 3, 4 сарын үед түрээслэж байсан газраасаа нүүн компанийн бичиг баримтуудыг захирал Х.Ханхайрханы гэрт аваачсан. ... Захирлын гэрт буй баримтуудыг үзэхэд манайхаас гаргуулахаар шийдвэрлэсэн баримтууд байхгүй тул нотлох баримтаар өгөх боломжгүй байна. ... Санхүүгийн баримтууд байхгүй гэх тайлбар гаргажээ.

/ХХ-ийн 195-200, 202-207 дугаар тал/

 

2021 оны 8 сарын 13-ны өдрийн 12731 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс П ХХК-ийн 2017 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн ба Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын 2021 оны 8 сарын 20-ны өдрийн 02/949 тоот албан бичгээр ирүүлсэн П ХХК-ийн 2017 оны баталгаажсан санхүүгийн тайланд ажилтан Л.Сд олгосон 8.500.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тусгаагүй бөгөөд тусгаагүй талаараа нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.

/ХХ-ийн 212-236 дугаар тал/

 

П ХХК-ийн 2021 оны 11 сарын 9-ний өдрийн албан бичигт ...1161 дугаар захирамжаар шаардсан нотлох баримтууд байхгүй болно. Учир нь П ХХК нь үүсэн байгуулагдан цагаас хойш ажлын байрны тодорхойлолт үйлдэж байгаагүй бөгөөд ажилтан албан хаагчидтай ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ байгуулсаны үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүсдэг болно гэжээ.

/ХХ-ийн 238 дугаар тал/

 

Талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд Л.С нь П ХХК-д ерөнхий инженерээр сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллан, 2017 оны 5 сараас 2018 оны 5 сар хүртэл сар бүр зээлийн төлбөр 700.000 төгрөгийг суутгуулан уг зээлээ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Л.Сд 8.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтад ажлаас гарсан болон хувийн ашиг сонирхлын зөрүүтэй үйлдэл гаргасан тохиолдолд уг мөнгийг 10 хувийн хүүтэй буцаан авна гэж тусгасан ба тэрээр дээр дурдсан ашиг сонирхлын зөрүүтэй гэх үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна Л.Стэй байгуулсан 2017 оны 9 сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.5-д 8.500.000 төгрөгийг хүүтэйгээр буцаан төлөх талаар заагаагүй ажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Сд холбогдох 9.350.000 төгрөг гаргуулах тухай П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Сд холбогдох 9.350.000 төгрөг гаргуулах тухай П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжаар хариуцагч Л.Сэлэнгийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 9.350.000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН