Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00754

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00754

 

 

 

 

Б.Т-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01044 дугаар шийдвэртэй, Б.Т-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10, А- СӨХ, Б.Д-, Д.Б нарт холбогдох, гэм хорын хохиролд 3 706 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч А- СӨХ-ны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтулга, хариуцагч А- СӨХ-ны төлөөлөгч Д.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, шинэ хороолол, 12/1 дүгээр байр, 3 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд дээд давхрын 11 тоот орон сууцнаас байнга ус алдаж, хохирол учруулсан. Энэ талаар зохих газарт нь гомдол гаргасан боловч дээд айл, хариуцсан инженер, слесар, сууц өмчлөгчдийн холбооны буруу биш болоод эцэст нь хохирч байна. 2018 оны 7 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд дээд айлаас ус алдсаны улмаас манай гэр усанд бүрэн автаж, тааз бүхэлдээ нэвчиж замаск, эмульс, шавар нурсан, сангийн шугамууд дагаж таазны шавар нурж нүх үүссэн, цахилгааны монтаж утаснууд ил гарч тог тасарсан, 4 гэрлийн чийдэн, 6 разетка шатсан, ариун цэврийн өрөөний тааз, хананы плита, хананы цаас усанд нэвчиж бүрэн ховхорч урагдсан, шүүгээ, гал тогооны тавилга салж унасан, хивс дахин ашиглах боломжгүй болсон, шал бүхэлдээ усанд автаж, хулдаас ховхорч мөөгөнцөртсөн, орон сууц бүхэлдээ чийг мөөгөнцөрт автаж цаашид хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Вендо ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээгээр 1 947 373 төгрөг, хөдлөх хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээгээр 799 200 төгрөг, нийт 2 746 573 төгрөгийн хохирол гарсан. Мөн орон сууцыг М.Дашт 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар хөлслүүлдэг байсан бөгөөд дээд айлаас ус алдсаны улмаас гэрээ цуцлаж, 7, 8 дугаар сарын төлбөрт 800 000 төгрөгийг буцааж төлсөн. Иймд буруутай хариуцагчаас Вендо ХХК-иар дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр 160 000 төгрөг, нийт 3 706 573 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтулга тайлбартаа: Манай байгууллагын шуурхай үйлчилгээний албанд 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 11 минутад дуудлага ирж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, шинэ хороолол, 12/1 байр, 3 тоотын оршин суугчаас дээрээс ус алдаад байна гэсэн. Дуудлагын засварчин очиж дээд айлд орж, шугамын алдагдлыг шалгахад 3 давхрын айл буюу 11 тоотоос ус алдаж байсан, айл эзэнгүй, ус их хэмжээгээр алдаж, хохирол учруулж байсан тул байраар нь халуун усыг хааж, хэрэгцээний халуун усны таширын ф15, 20 хаалт 2 ширхгийг сольж, усны алдагдлыг зогсоосон. Ээлжийн инженер Г.Нарантуяа айлын эзэнтэй утсаар холбогдож, учир байдлыг хэлэхэд хөдөө явж байна, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ирнэ гэсэн боловч 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн, засварчин Ч.Түмэнжаргал 11 тоотын инженерийн шугам сүлжээг шалгахад шал таазны завсрын хэрэгцээний халуун усны босоо шугам цоорсон байсан. Шаардлагатай сантехникийн материалыг гаргаж, ф20мм-н 7 у/м хэрэгцээний халуун усны босоо шугам, холбох хэрэгслийн хамт сольж, засварлан усны алдагдлыг зогсоосон. Манай байгууллага гадна шугам сүлжээ, узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч А- СӨХ-ны төлөөлөгч Б.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны харьяа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 11 тоот айлаас 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ус алдаж байна гэсэн дуудлага конторт ирсэн. Сууц өмчлөгчдийн холбоо руу утасдаж тухайн айлын утас байна уу гэж асуусан. 11 тоот айл сүүлийн 3, 4 жилийн хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй. Орон сууц дотор байгаа хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам нь айлын өмч учраас айл өөрөө үзэж, шалгаж, шугамаа солиулах ёстой байдаг тул СӨХ-д хамааралгүй. Харин подваль доторх 1 давхрын айл руу орох хүртэлх инженерийн шугам сүлжээ СӨХ-д хамаардаг. Иймд 11 тоотын айл нь хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам гэмтэлтэй байсан бол өөрсдөө солиулах шаардлагатай байсан. Удаа дараа хэлээд байтал уг айл нь арга хэмжээ авч шугамаа солиулаагүй. Иргэний хариуцлагагүй байдлаас болж 7 болон 3 тоот руу ус алдсан гэж үзэж байгаа тул хариуцлага, хохирлыг 11 тоот айлаас гаргуулах нь зүйтэй. Орон сууц доторх өмчлөлийг СӨХ хариуцахгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дээд давхар болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ хорооллын эко 12 дугаар байрны 11 тоот айлаас ус алдсан тул эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3 706 573 төгрөг гаргуулна гэжээ. Гэтэл тухайн үед манай орон сууцны дангаар өмчлөх хэсэг буюу өмчлөгчдийн хариуцах хэсгээс ус алдаагүй, бидний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учраагүй тул 3 706 573 төгрөгийг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А- СӨХ-оос гэм хорын хохиролд 3 706 573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10, Б.Д-, Д.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А- СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 74 255 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар шинжээчийн зардалд 189 392 төгрөгийг хариуцагч А- СӨХ-оос гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А- СӨХ-ны төлөөлөгч Б.Цэцэгмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны "А-" СӨХ нь нэхмэлийн шар байрнуудыг хариуцан ажилладаг бөгөөд СӨХ-д хамаардаг орон сууцнууд дахин төлөвлөлтөд орж, нурааж байгаа болно. 2005 онд Шинэ хороолол 12/1 байр нь тус СӨХ-д хамаарч, Эко 12-3 гэсэн нэртэй явдаг. 2018 оны 7 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд 11 тоотын Д.Бийнх 7, 3 тоот руу халуун ус алдсан байсан. Тухайн айл эзэнгүй, хөдөө явсан гэсэн. Утасны дугаараа өгөөгүй, хүн нь гэртээ байхгүй байсан байна. ОСНААУГ-ын ХҮТ-10 ОНӨААТҮГ-аас над руу утасдаж 11 тоотын утас байна уу гэж асуусан. 11 тоотын Д.Б нь сууц өмчлөгчдийн холбоотой харьцдаггүй, утасны дугаараа өгдөггүй, 2014 оноос хойш төлбөр төлөөгүй, доод айл руу удаа дараа ус алдсан учир яагаад ус алдаад байгаа юм бэ, шугамаа солиулсан юм уу гэхэд зүй бус үг хэлж, танд ямар ч хамаагүй, манай асуудал гэдэг байсан. 12/1 байр нь 5 давхар 1 орцтой 19 өрхтэй тоосгон орон сууц юм. Оршин суугчид нь 2013 оноос байраа бусдад түрээслүүлж, 8-9 айл СӨХ-ны төлбөр төлдөг, бусад нь төлдөггүй. СӨХ нь айлаас гаднах дундын эзэмшлийн эд хөрөнгө болох хаалга, цонх, шат, орцны гэрэл, цэвэрлэгээ, подваль дотор байгаа айл руу орох хүртэлх инженерийн шугам сүлжээг хариуцан ажилладаг. Айл дотор байгаа шугам сүлжээ нь тухайн айлын өмч учраас манай СӨХ-д хамааралгүй. 11 тоотын Д.Бийнх хэрэгцээний халуун усны шугамаа солихдоо 11 тоотын шал, 7 тоотын тааз болох хэсэгт 20-30 см шугамыг солилгүй зөвхөн өөрийнхөө гэр рүү орсон хэсгийг сольсон байгаа юм. Иймээс 7, 3 тоот айлууд руу ус алдсан. Уг нь энэ хэсгийг гүйцэд сольсон бол ус алдахгүй байсан. Айлын буруутай үйл ажиллагаанаас болж ус алдсан төлбөрийг А- СӨХ нь төлөх үндэслэлгүй тул Б.Т-д 3 706 573 төгрөг гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь харуицагч А- СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10, Б.Д-, Д.Б нарт холбогдуулан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд учирсан хохирол 2 746 573 төгрөг, орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсаны улмаас бусдад төлсөн 800 000 төгрөг, үнэлгээний хөлс 160 000 төгрөг, нийт 3 706 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12/1 дүгээр байрны 7, 11 тоот орон сууцны шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо, далд шугам цоорч 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ус алдсанаар Б.Т-ы өмчлөлийн 3 тоот хаягт байрлах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд 2 746 573 төгрөгийн хохирол учирсан нь Вендо ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн орон сууцыг хөлслөх гэрээ цуцлагдаж 800 000 төгрөгийг хөлслөгчид буцаан төлсөн төлбөр, хөрөнгө үнэлгээний ажлын хөлс 160 000 төгрөг, нийт 3 706 573 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна. Талууд ус алдсан улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч нар хохирлыг эс зөвшөөрч маргажээ. /хх5-38,105-106/

 

Иймд нэхэмжлэгч Б.Т-д 3 706 573 төгрөгийн гэм хорын хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар буруутай этгээдээс хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх тухайн гэм хорын хохирол хариуцагч нарын хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар дээрх гэмтэл үүссэн халуун усны босоо далд шугам нь дундын өмчлөлд хамаарч байна.

 

Мөн хариуцагч А- СӨХ-ны төлөөлөгчийн ... 11 тоот орон сууцны өмчлөгч Б.Д-, Д.Б нар эзэнгүй байх үед ус алдснаас ус алдаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан тул төлбөрийг хариуцахгүй... гэх тайлбар болон гомдол үндэслэлгүй. Учир нь Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгана гэж заасан.

 

Үүнээс гадна Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулна гэж, Орон сууцны тухай 3 дугаар зүйлийн 3.1.6-т мэргэжлийн байгууллага гэж орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээдийг хамруулахаар заажээ. Иймээс хариуцагч А- СӨХ нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-тай хамтран дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо, далд шугамын хэвийн ажиллагаанд хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Т-ы үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс шинжээчээр томилогдсон Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-098/04 дугаар дүгнэлтээр халуун усны босоо далд шугам цоорч ус алдсан нь тухайн шугамын ашиглалтын хугацааг хэтрүүлснээс үүссэн болох нь тогтоогдсон. /хх105/

 

Барилга, байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг нормд заасан 15 жилийн хугацаанд дээрх шугам хоолойг солиогүй, хуульд заасан баталгаат хугацааг хэтрүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна гэж заасан тул нэхэмжлэгч Б.Т-ы үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд учирсан хохирлыг А- СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч А- СӨХ-оос 1 853 286 төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-аас 1 853 286 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгох нь Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин хариуцагч Б.Д-, Д.Б нарын хувьд нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан буруутай гэж дүгнэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохиролд хариуцагч А- СӨХ-ноос 1 853 286 төгрөг, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-аас 1 853 286 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, хариуцагч Б.Д-, Д.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А- СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 44 603 төгрөг, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-аас 44 603 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-098/04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралтын дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 189 392 төгрөгийг хариуцагч А- СӨХ-оос 94 696 төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-аас 94 696 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК дахь шинжээчийн 104400291015 тоот дансанд оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А- СӨХ-ны төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 256 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА