Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/01044

 

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 05 сарын 01 өдөр

                Дугаар 183/ШШ2019/01044

                   Улаанбаатар хот
 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ОСНААУГХҮТ-д холбогдох,

 

Хариуцагч: “А” СӨХ-д холбогдох,

 

Хариуцагч: Б.Д-д холбогдох,

 

Хариуцагч: Д.Б-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3.706.573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .............. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ............. тоот орон сууцны өмчлөгч бөгөөд манай дээд айл болох ................. тоот орон сууцнаас байнга ус алдаж, их хохирол учруулж байна. Энэ талаар удаа дараа зохих газарт нь гомдол гаргасан боловч дээд айлын буруу биш, ажилдаа хариуцлагагүй ханддаг байр хариуцсан инженер, слесарийн буруу биш, сар бүр төлбөрөө авдаг СӨХ-ны ч буруу биш болоод эцэст нь би хохирч үлдээд байна. Сүүлд буюу 2018 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд дээд айлаас ус алдсаны улмаас манай гэр бүрэн усанд автаж, миний эд хөрөнгөд доорх бодит хохирол учраад байна. Үүнд: Тааз бүхэлдээ нэвчиж замаск, эмульс, шавар нь нурсан, сангийн шугамууд дагаж таазны шаварнууд нурж нүх үүссэн, тог цахилгааны монтаж утаснууд ил гарч тог тасарсан, 4 гэрлийн чийдэн, 6 разетка шатсан, 00 өрөөний тааз, хананы плита нэвчиж норж ховхорсон, обойнууд усанд нэвчиж бүрэн ховхорч урагдсан, шкаб, гал тогооны тавилга усанд нэвчиж салж унасан, хивс усанд нэвчиж дахин ашиглах боломжгүй болж өмхөрсөн, шал бүхэлдээ усанд автаж, хулдаас ховхорч мөөгөнцөртсөн, байр бүхэлдээ чийг мөөгөнцөрт автаж цаашид хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Одоогоор гэрт маань хүн амьдрах боломжгүй таазнаас ус алдсан хэвээр байна. Хөрөнгө үнэлгээний “ХХ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээгээр 1.947.373 төгрөгийн хохирол, хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээгээр 799.200 төгрөг, нийт 2.746.573 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн би орон сууцаа Д гэдэг хүнд 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар хөлслүүлдэг байсан бөгөөд дээд айлаас ус алдсаны улмаас гэрээ цуцлагдаж, би 7, 8 дугаар саруудын төлбөрт 800.000 төгрөгийг буцааж төлж хохирсон. Иймд буруутай хариуцагчаас нь Хөрөнгө үнэлгээний “ХХ” ХХК-иар дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр 160.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээгээр 1.947.373 төгрөг, хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээгээр 799.200 төгрөг, гэрээ цуцлагдсанаас буцаан төлсөн төлбөр 800.000 төгрөг, нийт 3.706.573 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ОСНААУГХҮТ” итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын шуурхай үйлчилгээний албанд 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 11 минутанд дуудлага ирж, ...... 3 тоот орон сууцны оршин суугчаас “дээрээс ус алдаад байна” гэсэн. Ингээд дуудлагын засварчин очоод дээд айлд орж, шугамын алдагдлыг шалгахад 3 давхрын айл буюу 11 тоотоос ус алдаж байсан. Уг айл нь эзэнгүй, ус их хэмжээгээр алдаж, хохирол учруулж байсан тул байраар нь халуун усыг хааж, хэрэгцээний халуун усны таширын ф15, 20 хаалт 2 ширхэгийг сольж, усны алдагдлыг зогсоосон. Тухайн өдөр ээлжийн инженер Н 11 тоотын эзэнтэй утсаар холбогдож, учир байдлыг хэлэхэд ”хөдөө явж байна, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ирнэ” гэсэн. Гэвч 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн ба засварчин Т 11 тоотын инженерийн шугам сүлжээг нь шалгахад шал таазны завсарын хэрэгцээний халуун усны босоо шугам цоорсон байсан учир манай байгууллагаас шаардлагатай сантехникийн материалыг гаргаж, ф20мм-н 7 у/м хэрэгцээний халуун усны босоо шугам, холбох хэрэгслийн хамт сольж, засварлан усны алдагдлыг зогсоосон болно. Манай байгууллага нь гадна шугам сүлжээ болон узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Хариуцагч “А” СӨХ-ны төлөөлөгч Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” СӨХ-ны харъяа ............... байрны 11 тоотын айлаас 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ус алдаж байна гэсэн дуудлага конторт ирсэн. СӨХ-ны дарга Ц-руу утасдаж тухайн айлын утас байна уу гэж асууж байсан. 11 тоот айл нь СӨХ-ны төлбөрт сүүлийн 3, 4 жил төлөөгүй, СӨХ-той харьцдаггүй юм. Айл дотор байгаа хэрэгцээний халуун хүйтэн усны шугам нь айлын өмч учраас айл өөрөө үзэж, шалгаж, шугамаа солиулах ёстой байдаг ба СӨХ-д хамааралгүй юм. СӨХ-д подваль дотор байгаа 1 давхарын айл руу орох хүртэлх инженерийн шугам сүлжээ хамаарагддаг. Иймд 11 тоотын айл нь хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам гэмтэлтэй байсан бол өөрсдөө солиулах шаардлагатай байсан. Удаа дараа хэлээд байтал уг айл нь арга хэмжээ авч шугамаа солиулаагүй байна. Иргэний хариуцлагагүй байдлаас болж 7 болон 3 тоот руу ус алдсан байна гэж үзэж байгаа тул хариуцлага хохирлыг 11 тоотоос гаргуулах нь зүйтэй болно. Айлын доторх өмчлөлийг СӨХ хариуцахгүй юм гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдахдаа дээд давхарын айл буюу ............... байрны 11 тоот айлаас ус алдсан тул эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3.706.573 гаргуулна гэжээ. Гэтэл тухайн үед манай орон сууцны дангаар өмчлөх хэсэг буюу өмчлөгчдийн хариуцах хэсгээс ус алдаагүй, бидний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учраагүй тул 3.706.573 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч “А” СӨХ-оос гэм хорын хохиролд 3.706.573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, хариуцагч “ОСНААУГХҮТ”, Б.Д, Д.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Т-ын “...гэм хорын учирсан 3.706.573 төгрөгийг буруутай хариуцагчаас нь гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар “...буруугүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбар гаргаж талууд мэтгэлцжээ.

Б.Т-ын өмчлөлийн ...... дүгээр байр, 3 тоот орон сууцанд 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд харалдаа дээд давхарын 7, 11 тоот айлуудын шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо /завсар дундын ф20 мм-ийн/ далд шугам цоорч ус алдсан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ........ дүгээр шинжээчийн “...... дүгээр байр, 3 тоот орон сууцанд 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд харалдаа дээд давхарын 7, 11 тоот айлуудын шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо /завсар дундын ф20 мм-ийн/ далд шугам цоорч ус алдсан байна. Тус орон сууцны барилга нь 2002 онд ашиглалтад орсон ба ашиглалтад орсноос хойш уг халуун усны шугам солигдоогүй байгаа нь “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм” БНбД13-04-03-н хүснэгт-2 “...халуун ус дамжуулах шугам 15 жил, угаалтуур 10 жил, суултуур 15 жил, хаалт 8 жил” заалтыг хангахгүй байна” гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Т-ын өмчлөлийн орон сууцанд ус алдсаны улмаас түүнд “...орон сууцанд засвар хийлгэхэд 1.947.373 төгрөг, норж гэмтсэн эд хөрөнгө 799.200 төгрөг, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан “ХХ” ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн 160.000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсаны дагуу буцаан 800.000 төгрөг төлж, нийт 3.706.573 төгрөг”-ийн гэм хор учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “ХХ” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн В18-102 дугаар, В18-101 дүгээр тайлан, “ХХ” ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “хөрөнгийн үнэлгээнд 160.000 төгрөг төлсөн” тухай баримт, Б.Т болон Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ээр нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй тул гэм хор учруулсан этгээдээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т нь 3.706.573 төгрөгийг шаардах эрхтэй юм.

 

...... дүгээр байр, 7, 11 тоот айлуудын шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо /завсар дундын ф20 мм-ийн/ далд шугам цоорч ус алдсан нь 2002 онд ашиглалтад орсноос хойш уг халуун усны шугам солигдоогүйгээс үүдэлтэй гэх үйл баримт нотлогдсон тул Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9, 46.14-т “барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих үүрэгтэй, барилга байгууламжийн ашиглалтын хугацааны 15 жил тутамд барилга байгууламжийн төлөв байдалд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагаар дүгнэлт гаргуулж, холбогдох арга хэмжээг авна” гэж заасан, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “мэргэжлийн байгууллага нь орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах” гэж заасан, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ”, 5 дугаар зүйлийн 5.8-д “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу хариуцагч “А” СӨХ-ны гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч Б.Т-д дээрх гэм хор учирсан нь гэж үзэхээр байна.

Зохигчид “А СӨХ нь ...............дүгээр байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцаж байгаа” талаар маргаагүй болохыг дурдав.

Иймд хариуцагч “ОСНААУГХҮТ”, Б.Д, Д.Б нар Б.Т-д гэм хор учруулсан болох нь нотлогдоогүй тул хариуцагч “А” СӨХ-оос гэм хорын хохиролд\ 3.706.573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, хариуцагч “ОСНААУГХҮТ”, Б.Д, Д.Б- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс хариуцагч “А” СӨХ болон иргэдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “А” СӨХ-оос гэм хор 3.706.573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, хариуцагч “ОСНААУГХҮТ”, Б.Д, Д.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 74.255 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ...............дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралтын дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 189.392 төгрөгийг хариуцагч “А СӨХ-оос гаргуулан шинжээчийн Төрийн банкин дахь ...... тоот дансанд оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                      ШҮҮГЧИД                                                         Ж.СЭМЖИД

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ          

                                                                                               Ц.ОЮУНБИЛЭГ