Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00717

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00717

 

 

 

 

Г Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчЖ.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/000427 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б Д- ХХК, Н.Н нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64 764 300 төгрөг гаргуулах тухай үндсэн, Г Э ХХК-аас 44 513 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Нарантуяа, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б Д- ХХК нь 2015 онд Нью тур ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15/1251 тоот гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж Баянзүрх дүүргийн 11 хороо, Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Б Д- ХХК 2015 онд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, үүний улмаас гэрээний үүргээ Г Э ХХК-аар гүйцэтгүүлэх санал тавьсан тул бид 2015 оны 10 дугаар сарын 25-нд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, ерөнхий гэрээнд заагдсан ажлуудыг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Туслан гүйцэтгэх гэрээний 3.1-д гэрээ байгуулсан үеэс хойш (2015 оны 10 сард тухайн жилийн ногоон байгууламжийн ажил дууссан байв) зөвхөн тухайн жилийн буюу 2016 онд хэрэгжүүлэх ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан гүйцэтгэлээр тооцогдоно гэсэн заалт бий. Манай компани туслан гүйцэтгэгчийн хувьд 2016 оны гэрээт ажлыг 98 хувьтай гүйцэтгэсэн тул Нью тур ХХК буюу захиалагч талын ажил хүлээж авах багийн гишүүдтэй гэрээний ерөнхий гүйцэтгэгч Б Д- ХХК-ийн захирал Н.Н гэрээ дүгнэсэн протоколыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн. Энэхүү протоколд 2016 оны гүйцэтгэлд нийт олгох санхүүжилт 185 144 400 төгрөг олгохоос 2015 онд зүлэг ургаагүйгээс тухайн ажлын 46 650 600 төгрөгийг хасаж тооцсон. Энэ нь туслан гүйцэтгэгч Г Э ХХК-ийн 2016 онд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд хамаарахгүй Б Д- ХХК-ийн 2015 онд чанаргүй хийсэн ажлыг хөлс 46 650 600 төгрөгийг нэхэмжилж байна. Б Д- ХХК 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 52/2016 тоот албан бичгээр 185 144 400 төгрөгийн зөрүүг саадгүй олгоно гэж мэдэгдэл ирүүлсэн. Гэтэл Б Д- ХХК нь 2017 оны 9 сард зүлэгний үр, модны тарьц суулгацны үнэ 29 300 000 төгрөгийг Г Э ХХК-аас нэхэмжилж, үүнээс 8 400 000 төгрөгийг Г Э ХХК-аас Б Д- ХХК-д олгох шүүхийн шийдвэр 2018 онд гарсан. Энэ шүүхийн шийдвэр гарсан үеэс бид Б Д- ХХК-аас авах гэрээт ажлын зөрүү 46 650 600 төгрөгийг нэхсэн. 2015 онд Б Д- ХХК-ийн ажил гүйцэтгэх явцад хэрэглэсэн хогны төлбөр, цахилгааны болон зам усалгаа, усалгааны систем хөлдөөсөн акт зэрэг төлбөр тооцоог Г Э ХХК-ийн 2016 онд гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс 2 479 233 төгрөгийг суутгасан. Б Д- ХХК-аас авах ёстой 46 650 600 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу Б Д- ХХК-д төлөх 8 400 000 төгрөгийг хасаж 38 250 600 төгрөг, үүнд 2015 оны Б Д- ХХК-ийн ашиглалтын зардал 2 479 233 төгрөг, Нью тур ХХК нь Г Э ХХК-ийн 2016 оны гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрөөс баталгаат хугацааны барьцаанд 10 хувьд суутгаж, ерөнхий гүйцэтгэгч Б Д- ХХК-д 2017 онд олгосон 18 814 440 төгрөг, Б Д- ХХК-аас Г Э ХХК-д шилжүүлэх ёстой 185 144 400 төгрөгийн зөрүү 13 600 000 төгрөгийг нэмж тооцоход 73 144 200 төгрөг болсон. Энэ 73 144 200 төгрөгөөс Г Э ХХК-аас Б Д- ХХК-д төлөх 16 779 900 төгрөгийг /зүлэгний үр 870,1 кг, ажилчдын цалин 2 750 000 төгрөг, хүрз, жоотуу, тармуур 215 000 төгрөг, элс 4 хово 1 200 000 төгрөг, портер 600 000 төгрөг, хайлаас 733 600 төгрөг /1 834ш х 400 төгрөг/ хасаж тооцоход 56 364 300 төгрөг болно. Тус нэхэмжлэлийг хариуцагч талаас эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргахдаа бараа материал нийлүүлсэн энэ материалын төлбөрт 44 513 800 төгрөг гаргуулах гэж нэхэмжилсэн. Энэ талаар бид нэхэмжлэл гаргахдаа дурдаж, авсан бараа материалаа хассан. Тодруулбал, манай гүйцэтгэлээр авах ёстой 46 650 600 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 8 400 000 төгрөгийг хасаж тооцсон. Гэтэл хариуцагч талаас дээрх 8 400 000 төгрөгийг манайд өгөхгүй, энэ мөнгийг төлүүлэхээр нэхэмжилж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Манай компани нэхэмжлэл гаргахдаа Нью тур ХХК гэрээний баталгааны дагуу суутгаж авч үлдсэн 18 814 440 төгрөгийг Б Д- ХХК авсан ба энэ мөнгө нь манай компанид шилжүүлэх ёстой гэж үзсэн тул дээрх төгрөгийг Нью тур ХХК-аас Б Д- ХХК-ийн хийсэн ажлыг гүйцэтгээгүй гэж үзэж манай гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгаж үлдсэн 46 650 600 төгрөгийг, мөн нийт ажлын хөлснөөс манайд төлөх ёстой 13 600 000 төгрөгийг, Б Д- ХХК-ийн ашиглалтын зардал 2 479 233 төгрөг, нийт 81 544 633 төгрөгийг манай компани авах ёстой. Энэ мөнгөнөөс бид шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой 8 400 000 төгрөг, Б Д- ХХК-аас ажил хийж байх үедээ авсан материалын зардал 16 779 200 төгрөгийг хасаж нийт 56 364 300 төгрөгийг нэхэмжилсэн. Манай компани нь Н.Над өгөх ёстой 8 400 000 төгрөгийг хасаж тооцож нэхэмжлэлээ гаргасан нь алдаатай байсан тул энэ хассан төлбөрийг нэмж нийт 64 764 300 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б Д- ХХК-ийн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нью тур ХХК-тай Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан. Дээрх ажилд Г Э ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хариуцагчийг байлцуулан ажлаа хүлээлгэж өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ болон туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу дээрх ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндсэн үүрэг гүйцэтгэгчээр дамжуулан туслан гүйцэтгэгчид өгөх байсан юм. Гэтэл нэхэмжлэгч тал 2016 оны ерөнхий гэрээний санхүүжилтийг бидний зөвшөөрөлгүйгээр Нью тур ХХК-аас аваад үүнээс хойш туслан гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Ажлаа хаяад явснаас хойш өнөөг хүртэл бид өөрсдийн зардлаар хийж гүйцэтгээд явж байгаа ба ерөнхий гэрээний дагуу баталгаат хугацааны 3 жилд гарсан аливаа асуудлыг зохицуулсан. 2017 оноос хойш үндсэн захиалагч талаас санхүүжилт аваагүй байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэж протокол үйлдсэн гэх баримтыг биднийг байлцуулахгүйгээр хийсэн тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас энэхүү нэхэмжлэлээ шүүхэд 2 дахь удаагаа гаргаж байгаа бөгөөд уг хэрэг анхан, давах, хяналтын шатны шүүхээр хянагдсан байхад анх удаа нэхэмжлэл гаргаж байгаа мэтээр дурдсан. Мөн нэхэмжлэлд дурдагдаад буй 8 400 000 төгрөг нь энэхүү гэрээтэй огт холбоогүй иргэд хоорондын өөр харилцаа юм. Г Э ХХК нь Б Д- ХХК-ийн өмнөөс манай компанийн албан бланкыг ашиглан 1 өдрийн дотор утга тодорхойгүй 2 албан бичгийг Б Д- ХХК-ийн захирал Н.Нын эсрэг ашигласан. Захирал Н.Н гэсэн бичиг нь анх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн гэх боловч 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гарч ирсэн гэх Т.Нарантуяагийн тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Б Д- ХХК, Нью тур ХХК-д миний бие өгсөн гэх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 51/2016 тоот албан бичигт Манай компани танай компанитай хийсэн 15/1251 тоот Бага тэнгэр аялал жуулчлалын төвд ногоон байгууламжийн ажил гүйцэтгэж байна. Б Д- ХХК-ийн захирал Н.Нын эрүүл мэндийн шалтгаанаар бид 2016 оны гэрээт ажлыг Г Э ХХК-аар туслан гүйцэтгэгчийн гэрээгээр гүйцэтгүүлж байгаа нь үнэн болно. Иймд 2016 оны гүйцэтгэлийн санхүүжилтийг Г Э ХХК-ийн 4110176110 тоот дансаар шилжүүлж өгөхийг хүсье захирал Н.Н гэж Г Э ХХК-ийн захирал Т.Нарантуяа нь миний зөвшөөрөлгүй дур мэдэн протокол үйлдсэн. Хуурамч 2 протоколын тухайд манай компани болон Г Э ХХК-ийн хооронд маргаан үүсэж шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Бидний зүгээс Г Э ХХК-ийн захирал Т.Нарантуяа их хэмжээний мөнгө хууль бусаар шилжүүлж авсан гэж үзэж байна. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколд Б Д- ХХК-ийн захирлын гарын үсгийн доор Т.Нарантуяа гарын үсгээ түүнд мэдэгдэлгүйгээр зурсан. Тус баримтын эхийг дахин нотариатаар баталгаажуулсан тамгатай боловч уг албан бичгийг Нью тур ХХК-ийн шүүхэд ирүүлсэн эх хувилбартай харьцуулахад гэрээний хүснэгтийн 1,3,5,7,9,11 хэсгийн харлуулсан хэсэг нь арилсан, албан бичгийн зүүн доод хэсэгт байрлах захиалагч тал гэсэн нэрсийн жагсаалтын гарын үсгүүдийг дуурайлган зурсан шинжтэй бөгөөд баллаж бүдгэрүүлсэн, ахлагч дендрологич Б.Чимид болон ерөнхий нягтлан бодогч М.Алтанзагасын гарын үсэг байхгүй, жагсаалтын сүүлд хуульч Г.Батболдын мэргэжил, нэр, гарын үсэг огт байхгүй, албан бичгийн баруун доод хэсэгт байрлах гүйцэтгэгч тал Б Д- ХХК-ийн захирлын гарын үсэг Н.Н гэсэн дээр Т.Нарантуяа нь өөрийн гарын үсгээ зурсныг арилгаж гарын үсэг нь мэдэгдэхгүй болсон. Г Э ХХК-ийн захирал Т.Нарантуяад огт хамааралгүй Нью тур ХХК Б Д- ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/1251 тоот ажил гүйцэтгэх гэрээнд заагаагүй 56 364 300 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Г Э ХХК-ийн захирал Т.Нарантуяа нэхэмжлэлийн шаардлагаа хуурамч нотлох баримтыг хууль бусаар үйлдэж шинээр илэрсэн нотлох баримт мэт хуурамч нотлох баримтаа ашиглан Б Д- ХХК-ийн авах ёстой мөнгийг Нью тур ХХК-аас 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/1251 тоот ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчин шууд Г Э ХХК-ийн ХХБ-ны 411017610 тоот данс руу 95 814 400 төгрөгийн гүйлгээг дур мэдэн шилжүүлсэн. Тодруулбал, энэхүү хууль бусаар шилжүүлсэн мөнгийг задалж үзвэл 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б Д- ХХК-ийн захирал Н.Нын зөвшөөрлийг авалгүй хуурамч нотлох баримт бүрдүүлэн Нью тур ХХК-аас Г Э ХХК-ийн 411017610 тоот данс руу 59 000 000 төгрөг, мөн Нью тур ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ганболдтой хуйвалдаж 18 500 000 төгрөгийн үнэ бүхий блокийг дур мэдэн бараа солилцоо нэрээр хууль бус худалдан авалт хийсэн. Барьцаа мөнгөний тухайд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/1251 тоот ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дүн 46 650 600 төгрөг, гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлын зөрүү 185 144 400 төгрөгийн ажлыг нэмэлтээр гүйцэтгэх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хооронд хийж гүйцэтгэх нийт дүн болох 231 795 400 төгрөг, энэхүү тайлбарын 3-т тусгасан 86 639 550 төгрөгийг гэрээ гүйцэтгэсний төлбөрт шилжүүлэн авсныг хасаж үлдэгдэл 145 155 450 төгрөгийн үндсэн гэрээний 3.8-д заасны дагуу 10 хувь болох 11 589 750 төгрөгийг барьцаанд суутган авч бүгд нийлээд 95 814 400 төгрөг Нью тур ХХК-аас Г Э ХХК-ийн 411017610 тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 37 751 300 төгрөгийг ямар үндэслэлээр одоо хүртэл манай компанийн дансанд шилжүүлээгүй байна. Б Д- ХХК нь Нью тур ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/1251 тоот ажил гүйцэтгэх гэрээнд нийт ажлын өртөг 280 000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээт үүргээ 93 хувийн гүйцэтгэлтэй хийсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл доорх мөнгийг нь Нью тур ХХК-аас гаргуулан Б Д- ХХК-ийн 5027652858 дансаар авч байсан нь гэрээнийхээ үүргийг биелүүлж байсан нотолгоо болно. Үүнд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 17 639 550 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус Нью тур ХХК-аас Б Д- ХХК-ийн дансаар нийт 86 639 550 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Т.Нарантуяа нь Б Д- ХХК-ийн захирал Н.Нтай уулзан Б Д- ХХК, Нью тур ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/1251 тоот үндсэн гэрээнд Т.Нарантуяад хамааралгүй бөгөөд Б Д- ХХК-ийн гэрээт ажилд танайд ажиллаж байгаа ажилчдын цагийг бүртгэх, хоол хийж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Т.Нарантуяа нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/1251 тоот гэрээний дагуу 185 144 400 төгрөгийн ажил хийсэн мэтээр хуурамч нотлох баримт үйлдэж 95 814 400 төгрөгийг Нью тур ХХК-тай үгсэн хуйвалдаж Г Э ХХК-ийн 411017610 тоот дансаар шилжүүлэн авсан. Б Д- ХХК-ийн захирал Н.Нын албан бичгийг хуурамч байна гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргаж шүүхийн даалгавраар шинжээч томилуулан шалгуулсан боловч албан бичигт зурагдсан Б Д- ХХК-ийн захирал Н.Нын гарын үсэг мөн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсанд гомдолтой байна. Г Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б Д- ХХК-ийн төлөөлөгч Н.Н Г Э ХХК-аас 2016 онд шилжүүлсэн бараа материалын тооцоо болох 44 513 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг сөрөг нэхэмжлэлээ татаж авах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б Д- ХХК-аас 64 764 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г Э ХХК-д олгож, нэхэмжлэгч Г Э ХХК-ийн хариуцагч Н.Над холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Б Д- ХХК нь нэхэмжлэгч Г Э ХХК-д холбогдуулан гаргасан 44 513 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 440 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 149 350 төгрөг, нийт 589 350 төгрөгийн 589 121,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 228,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б Д- ХХК-аас 589 121,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г Э ХХК-д олгож, хариуцагч Б Д- ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 380 519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нью тур ХХК болог Б Д- ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн Зүлэгжүүлэлт, мод буттарих, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж Б Д- ХХК-ийн 2015, 2016 онд нийт 105 894 840 төгрөгийн зардал гаргасан. Мөн 2017, 2018 онд арчилгаа үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ ажилчдын цалинд 51 000 000 төгрөг, бүгд 156 894 840 төгрөгийн зардал гаргаж гүйцэтгэсэн ажлыг Г Э ХХК-ийн захирал Т.Нарантуяа нотлох баримтыг хуурамчаар үйлдэж үндсэн гэрээний 3.10-т Үе шатны санхүүжилтүүдийг төгрөгөөр хийх тохиолдолд ХААН банк ХХК дахь Б Д- ХХК-ийн 5027652858 дугаартай харилцах дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 41107610 тоот дансаар 59 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Нью тур ХХК-ийн 42 тоот төлбөрийн даалгавраар шилжүүлсэн үндэслэлээр манай компаний Нью тур ХХК-ийг хариуцагчаар татаж 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч Б.Долгион, тус дүүргийн прокурор Ц.Майбаяр нарын тогтоол шийдвэрүүд нь нотлож байна. Тодруулбал, Нью тур ХХК, Б Д- ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, ажлыг гүйцэтгэсэн байхад Г Э ХХК-ийн захирал Т.Нарантуяа нотлох баримтыг хуурамчаар үйлдэж бусдын мөнгийг авсан. Г Э ХХК нь Байгалиа дээдэлье ХХК-ийг хариуцагчаар татах эрх бүхий субьект буюу хохирогч биш. Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт хийхээр хурлын тов мэдэгдсэн учир Б Д- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн өдөр шүүх хуралд онлайнаар оролцох тул энэ хэргийн шүүх хуралдааныг тус өдрийн 15 цагт тавиарай гэж мэдэгдсэн. Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар арын 26-ны өдрийн 11 цагт шүүх хурал хийхээр болсон тухай 2021 ны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн учир миний бие 2021 оы 02 дугаар сарын 26-ны өглөө шүүгчийн туслахад хүсэлтээ өгөх гэсэн боловч чөлөө авсан байсан нь манай компанийг хүсэлт гаргах эрх олгоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хохирлын хэмжээ тогтоогдоогүй хэдэн төгрөг гаргаж энэхүү ажлыг яаж хийсэн тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г Э ХХК нь хариуцагч Б Д- ХХК, Н.Н нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64 764 300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, улмаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал мөн өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байсан гэх баримт хэрэгт авагдсан ба цар тахалтай холбоотойгоор шүүхийн үйл ажиллагаа, хэргийн оролцогч нараас цахим болон мэдээлэл хүсэлт авах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой эсэхийг тодруулсан талаар баримт авагдаагүй байна.

 

Хариуцагч тухайн үед шүүх хуралдаанд оролцож байсан гэх баримтаас үзэхэд хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах нөхцөл шаардлага хангагдаагүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Түүнээс гадна маргааны зүйлд хамааралтай хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүйгээс түүнчлэн хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хэрэгт энэ хэргийн нэхэмжлэгч Г Э ХХК нь хариуцагч Нью тур ХХК, Б Д- ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 77 504 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж улмаар тус маргааныг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол авагдсан байна. /1хав-215-219-х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус заасан.

 

Иймд Г Э ХХК-иас Нью тур ХХК, Б Д- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 77 504 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэг нь Г Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б Д- ХХК-д холбогдох 64 764 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн маргаан нь хоорондоо хамааралтай эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Г Э ХХК, Б Д- ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу нийт 185 144 400 төгрөгийн зүлэгжилтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын гүйцэтгэл, ажлаа хүлээлгэж өгсөн гэх зүйл нь Нью тур ХХК-д хүлээлгэн өгсөн баримт болохоос Б Д- ХХК-д гэрээний дагуу 185 144 400 төгрөгийн ажлыг хүлээлгэн өгснийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

 

Г Э ХХК-ийн захирал Т.Нарантуяагийн гарын үсэг зурсан дээрх баримтад Нью тур ХХК-тай Б Д- ХХК-ийг төлөөлөн тооцоо нийлж 46 650 600 төгрөгийн өмнөх жилд хийгдсэн ажлын тооцоог хассан тул уг мөнгийг хариуцагч Б Д- ХХК хариуцах ёстой гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан. Гэтэл Г Э ХХК, Б Д- ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээнд ажлын үнийн дүн тусгагдаагүй учраас дээрх өмнөх жилийн ажлын гүйцэтгэлийг хасаж тооцох замаар үндсэн захиалагчаас авсан төлбөрийн зөрүүг гүйцэтгэгч Б Д- ХХК-аас туслан гүйцэтгэгч Г Э ХХК шаардах эрхтэй гэх байдал тодорхой бус байна. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ асуудлаар талуудаас тодруулж мэтгэлцүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Нью тур ХХК-тай Б Д- ХХК-ийн хооронд энэ асуудлаар маргаантай нөхцөл байдал байгаа эсэх, 2016 онд гүйцэтгэсэн ажлын нийт дүн 185 144 140 төгрөг, эсхүл өмнөх ажлын үлдэлдлийг нийлүүлэн тооцсон эсэхийг зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу туслан гүйцэтгэгч Г Э ХХК болон хариуцагч буюу гүйцэтгэгч Б Д- ХХК-ийн хоорондын маргаан нь үндсэн захиалагч Нью тур ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг тодруулах, гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх шаардлагатай юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/000427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 546 771 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА