Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0699

 

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0699 

Улаанбаатар хот

“О М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч “О М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар хуулийн 7.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, 13.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.3, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.*******, Я.******* нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаартай актын төлбөрийг 29470955.2 төгрөгөөр багасгаж, 29981200 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “О М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ … Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... Нэхэмжлэгч талаас өмнөх дүгнэлтийг татварын улсын байцаагч Ч.*******, Я.******* нар гаргасан байхад дахин удирдамж, томилолт батлахгүйгээр акт гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-ийг зөрчсөн гэж, хариуцагч тал өмнө нь удирдамж, томилолт гаргаж, өмнөх шалгасан зөрчил дээрээ үндэслэж акт гаргасан тул хууль зөрчөөгүй гэж маргасан байна. Татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нар уг актыг үйлдэхдээ өмнөх 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0000000 дугаар дүгнэлтэд үндэслэж, уг дүгнэлтийн хүрээнд актаа гаргасан, дахин санхүүгийн баримт шалгаагүй, шинээр зөрчил илрүүлээгүй байх тул өмнөх удирдамжийн хүрээнд томилолт олгож, акт гаргасныг буруутгах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...татварын улсын байцаагч нар удирдамжгүй шалгалт хийсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ … гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль журам тогтоомжийг үндэслэл болгоогүй.

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-аар татварын хяналт шалгалт хийх журмыг батлан гаргаж 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан. Уг журмын 5 дугаар зүйлийн 5.7-д “Татварын улсын (ахлах) байцаагчаар өмнө шалгасан татвар төлөгчийг давтан шалгуулахгүй байх. Хэрэв энэхүү байдлыг мэдээгүйгээс дахин шалгахаар томилолт олгогдсон бол тухайн татварын улсын (ахлах) байцаагч энэ талаар томилолтыг олгосон албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн. Татварын улсын байцаагч Я.Н, Ч.Ө нар “О М” ХХК-д 2012 оны үйл баримтад хяналт шалгалт хийж 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101168 тоот актаар 6331900 төгрөгийн төлбөр тавьж байсныг компани төлж барагдуулсан. Энэ талаар маргаан бүхий актын хавсралт 1-д тодорхой дурдсан маргаан байхгүй.

Журмын 5.9-д “Татварын хяналт шалгалт хийх томилолт авсан Татварын улсын (ахлах) байцаагч нь өөр ажилд шилжсэн, сэлгэн ажилласан, хууль хяналтын байгууллагад шалгагдан эрх нь түдгэлзсэн, татвар төлөгч болон холбогдох төрийн болон хууль хяналтын байгууллагын албан тушаалтан тодорхой шалтгаанаар тухайн татварын улсын (ахлах) байцаагчаар шалгалт хийлгэхээс татгалзах хүсэлтээ албан ёсоор гаргасан бол шийдвэрийг үндэслэн өмнө олгосон томилолтод өөрчлөлт оруулах, эсвэл хүчингүйд тооцож шинээр олгож болно” гэж заасан. Энэхүү заалтаар бол байцаагч Ч.******* хэзээнээс хяналт шалгалт хийх боломжгүй болсон өдрөөс хойш уг томилолтод өөрчлөлт оруулах байсан. Гэтэл татварын алба анх олгосон томилолтынхоо зөвхөн нэрийг өөрчилж эрх зүйн зөрчил гаргасан.

Журмын 7.11-д “ТХШАЭН-ийн даргыг албан ёсоор түр орлон гүйцэтгэх татварын улсын (ахлах) байцаагч нь томилогдсон хугацаандаа татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхгүй. Хэрвээ зайлшгүй шаардлагаар татварын хяналт шалгалт хийсэн тохиолдолд түүний бичсэн акт, дүгнэлт, илтгэх хуудсыг, тухайн татварын албаны дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурна”

7.12-д “Аймгийн татварын газар, хэлтсийн ТХШАЭН-ийн дарга (татварын улсын ахлах байцаагч)-ийн бичсэн акт, дүгнэлт, илтгэх хуудсыг аймгийн татварын газар, хэлтсийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурна” гэж тус тус заасныг зөрчсөн. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад ТХШАЭН-ийн дарга өөрөө хяналт шалгалт хийгээд үүнийгээ өөрөө баталгаажуулж гарын үсэг зурсан зөрчил байна үүнийг шүүх анхаарч үзээрээ гэж хэлсээр байтал актыг хэвээр баталсан нь хууль дээдлэх зарчмыг үгүй хийж байна. Журмын зохицуулалтаар бол Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн дарга уг актыг хянан баталгаажуулж гарын үсэг зурахаар зохицуулсныг ноцтой зөрчсөн.

Журмын 11 дүгээр зүйлд дараах үйл ажиллагааг хориглосон.

Журмын 11.1.2-д “Татварын улсын (ахлах) байцаагч нь татварын хяналт шалгалт хийхэд оролцоогүй бол Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, илтгэх хуудас, татварын хяналт шалгалттай холбоотой бусад баримт бичигт гарын үсэг зурж, тэмдэг дарах”-ыг хориглосныг зөрчиж хяналт шалгалт хийгээгүй ТХШАЭН-ын дарга Р.******* акт тогтоосон байцаагчаар гарын үсэг зурсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгч нар дүгнэлтээр илрүүлсэн зөрчлөө бид дахин шалгах шаардлагагүй гэж акт тавьж төлбөр тогтоосон гэдэг. Үүнийгээ баталж дүгнэлтийн үргэлжлэл болохоор дахин томилолт олгох шаардлагагүй гэж тайлбарладаг.

Ийнхүү илт эрх зүйн зөрчилтэй актыг шүүх хүчингүй болгох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хоёрдугаарт: 155,403,000 төгрөгийн зөрчлийн тухайд. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... Иргэн Г.Баттогтох нь байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 06-нд, 12 615 000 төгрөгийг 2014 оны 06сарын23-ны өдөр, иргэн Батдулам байрны төлбөр 55 100 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр тус тус төлсөн болох нь кассын орлогын ордер , орлогын баримтаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “77 сая төгрөгтэй холбоотой нөхөн татварыг 2014 оны нэгдүгээр улиралд төлчихсөн. Тэгэхээр маргаан бүхий актыг шүүх хүчин төгөлдөр хэмээн батлах юм бол “О М” ХХК нь улсад илүү татвар төлөх нөхцөл байдал үүсэх гэж байна” гэж маргажээ. Татварын улсын байцаагч нар нь “О М” ХХК-ийн 2012 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, татвар ногдуулсан бөгөөд шалгалт хийгдэх үед дээрх зөрчил илэрсэн, актаар дээрх татварыг ногдуулсны дараа нэхэмжлэгч уг татварыг хүлээн зөвшөөрч төлсөн, шалгалтын хугацаанаас хойш төлөгдсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйл болон “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-д зааснаар шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна гэж мөн үйл баримт болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Маргаан бүхий татварын акт 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Гэтэл компани уг зөрчилтэй холбоотой татварыг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд тайлагнаж холбогдох татварын тооцоо хийснийг шүүх шийдвэрээрээ тогтоосон байна. Хэрвээ татварын байцаагч нар хууль журмын дагуу дахин томилолт авч, шалгалт хийсэн татварын улсын байцаагч актад гарын үсэг зурах зэрэг наад захын хуулийн шаардлагаа хэрэгжүүлсэн бол ийм алдаа дутагдал гаргахгүй хийсвэрээр хяналт шалгалт хийхгүй байсан. Хяналт шалгалтыг журмын дагуу бодитой хийсэн бол Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд торгууль, алданги тогтоох байсан юм. Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах үндэслэл бүрдсэн тул шүүх энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байлаа.

Гуравдугаарт: 144,400,000 төгрөгийн зөрчлийн тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Татварын хэлтсийн улсын байцаагч нарын шалгалт хийх үед “О М” ХХК нь “Тайгам Алтай” ХХК-иас дээрх орон сууцыг худалдан авсан, харин цааш нь худалдсан талаар баримтгүй, акт гарсны дараа 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.М-т бэлэглэсэн нь тогтоогдож байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасан байх тул …” гэж мөн хуулийг буруу хэрэглэсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх эсэх тухай маргааныг шүүх буруу тайлбарлан борлуулалттай шууд холбосон. Орон сууцыг борлуулсан үед компани тэртэй тэргүй нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгаж аваад улсад төлнө. Шүүхийн хэрэглэсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх заалт бол нэмэгдсэн өргийн албан татвараас чөлөөлөх тухай заалт юм. Компани нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөөгүй ба харин уг татварыг төлсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу төлсөн татвартаа хасалт хийсэн юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан хувийн болон ажиллагчдын хэлэлцээд зориулан худалдан аваагүй цаашид борлуулж ашиг олох зорилгоор авсан бараа юм. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт татварын байгууллагаас нэгэнт өршөөлийн хуульд хамруулахаар шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасныг болон утга найруулга, баримталсан хуулийн заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            Татварын улсын байцаагч Ч.Ө, Я.Н нар 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн томилолтын дагуу “О М” ХХК-ийн 2012-2013 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 0000000 дугаар дүгнэлт гаргаж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн боловч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр  тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тус компанийн гаргасан зөрчлийг үгүйсгээгүй бөгөөд уг илрүүлсэн зөрчилд нь татварын улсын байцаагч Я.*******, тус татварын хэлтсийн дарга Р.******* нар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0000000 дугаар актаар хариуцлага ногдуулжээ.

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглосон нь татварын улсын байцаагч нь ямар ч зөвшөөрөлгүйгээр аж ахуй нэгжийг шалгахыг хориглосон агуулгатай. Улсын байцаагч нар нь Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд заасан зөрчилд эрүүгийн хариуцлага ногдуулах үндэслэлгүй болсон тул дээрх хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулсан байх тул ямар ч зөвшөөрөлгүйгээр хийсэн дээрх хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй.

Харин өмнө олгосон томилолтын дугаар, огноог өөрчлөхгүйгээр татварын улсын байцаагч Ч.******* гэсэн нэрийн оронд Я.******* гэж зассан нь төрийн албан хэрэг хөтлөлтийн алдаа мөн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчсөн, илт эрх зүйн зөрчилтэй актыг хүчингүй болгох үүргээ хэрэгжүүлээгүй” гэх гомдлын дагуу нэхэмжлэлийг хангаж, актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

            Нэхэмжлэгч нь актад дурдсан бусдаас авах 77701500 төгрөгийн авлага төлөгдсөний дараа татварыг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тайлагнаж татварын тооцоо хийсэн байхад 09 дүгээр сарын 18-ны өдөр акт гаргаж төлүүлэхээр шийдсэн нь татварыг 2 дахин төлөх нөхцөл байдал үүсгэсэн ...” гэжээ.

            Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж зааснаар авлага буюу орон сууц борлуулсны орлогыг борлуулсан тухайн үед нь санхүүгийн тайлан /2013 оны жилийн эцсийн Орлогын дэлгэрэнгүй тайлан/-д тусгаж, татвараа үнэн зөв ногдуулан төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь санхүүгийн болон татварын тайланд /аккруэл сууриар/ тусгаагүйгээс тухайн орлогод татвар ногдуулаагүй, өөрөөр хэлбэл уг нягтлан бодох бүртгэлийн алдаа нь дээрх хуулийн 21.1-д заасныг зөрчсөн зөрчилд хүргэсэн байх тул татварын улсын байцаагч нар уг зөрчилд нөхөн татвар, торгууль, алдангийг (51 хоногоор тооцон) ногдуулсан нь үндэслэлтэй байна. Нөхөн татварыг нэхэмжлэгч нь татварын хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа төлсөн нь дээрх зөрчлийг гаргаагүй гэж үзэх үндэслэл  болохгүй. Харин актаар тогтоосон нөхөн татварыг төлсөн баримтаа татварын байгууллагад гарган өгсөн тохиолдолд дахин төлүүлэх үр дагаварт хүргэхгүй юм.

            Нэхэмжлэгч “О М” ХХК нь худалдах зориулалтаар 144 сая төгрөгийн орон сууцыг худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах ёстой гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар уг орон сууцыг бусдад бэлэглэсэн нь тогтоогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-д “хувийн хэрэгцээнд худалдаж авсан бараа ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг хасахгүй” гэж заасныг зөрчиж хасалт хийсэн гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаарх гомдолдоо “... хасалт хийх эсэх тухай маргааныг шүүх буруу тайлбарлан борлуулалттай шууд холбосон ...” гэх боловч мөн хуулийн 14.1-д зааснаар хасалт хийх гол үндэслэл нь тухайн барааг ямар зориулалтаар худалдан авсантай холбоотой байх тул хуулийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан”, 14.1.2-д “худалдах зориулалтаар импортолсон” бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор заасны алинд ч хамаарахгүй, тухайн зориулалтаар ашиглаагүй, хувийн хэрэгцээнд ашигласан талаар шүүх дүгнэлт хийхдээ “бэлэглэсэн” баримтыг үнэлснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

            Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар албан бичгээр “... актаар тогтоосон хариуцлагыг өршөөх боломжтой” талаар нэхэмжлэгчид хариу өгсөн, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, актаар тогтоосон төлбөрийг багасгаж, улмаар улсын тэмдэгтийн хураамж 35200 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй, мөн уг маргаанд хамааралгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.8, 13.5, 14.4.3 дахь заалтуудыг баримталсан байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 000000 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “О М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, хоёр дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН  

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ