Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 636

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч Н.Цэрэнлхам, Н.Цэрэндэжид, Б.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амартайван, гуравдагч этгээд Ч.Өгөөдэйбаатар, гэрч Б.Пүрэвсүрэн нарыг оролцуулан иргэн Н.Цэрэнлхам нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Намсрайжавын Цэрэндэжид, Эрдэнэтуяагийн Лхамжав, Энхболдын Энхбаяр, Цэрэндэжидийн Энхбаяр, Цэрэндэжидийн Эрдэнэтуяа, Бүнчингийн Хишигбаяр, Намсрайжавын Цэрэнлхам

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Чинбаатарын Өгөөдэйбаатар, Надмидын Ариунаа, Борын Хулан, Дамбын Сумъяа, Ёндонгийн Нямаа, Батноровын Сувд, Гомбын Гантөгс

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэрэнлхам нарын 7 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид 2001 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд газар эзэмших тухай өргөдлөө өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод болон Газрын албаны дарга асан Ч.Очир нарын хариуцлагагүйн улмаас 10-аад жил хөөцөлдсөний эцэст 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг үндэслэн газрын гэрчилгээ авсан. Гэтэл 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/179 дүгээр захирамжаар бидний газрын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснээс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 243 дугаар тогтоол гарах хүртэл 3 шатны шүүхийн үйл ажиллагаа үргэлжлэн эцсийн шийд гарсан юм.

Энэ хугацаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 5-6 удаа Чингэлтэй дүүргийн газрын албанд шалгалт хийж зохих акт, албан бичгийг өгч байсан боловч Чингэлтэй дүүргийн Газрын алба нь тодорхой арга хэмжээ аваагүй. Үүний нэг тод жишээ бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/1489 тоот мониторингийн дүгнэлт гэрчилнэ.

Бидний өргөдөл гаргасан 2001 оноос хойш Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга, байцаагч нар үл ялих шалтгаанаар газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй, бие бие рүүгээ явуулсаар Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга 5 хүн, газрын албаны байцаагч 6 хүнээр солигдож, гар дамжин царайчилж явах хооронд бидний барьсан модон хашааг 2009 онд Ё.Бор гэгч нь хөлсний ажилчдаар хүч түрэн буулгуулж, суурин дээр нь төмөр хашаа татаж явснаар бидний эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж газраа дээрэмдүүлсэн хэвээр байна.

Ингэж Чингэлтэй дүүргийн Газрын албаны үе үеийн зарим нэг албан хаагч, ажилтнуудын хүнд суртал, хууль бус үйл ажиллагааны буруугаас болж 3 дахь үед нь бидний өмчлөх эрхийг зөрчиж, давхардуулан газар олголт хийснээс шүүхийн шатанд асуудал үүсэж 3 шатны шүүхийн шийдвэрт хуурамч бичиг баримт үйлдэн, тамгаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь шүүх маргааны явцад тодорхой болсон.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнлхам миний бие Нийслэлийн Засаг даргад энэхүү газрын маргаантай асуудлаар өргөдлөө гаргасан бөгөөд одоог хүртэл хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Дээрх иргэдэд бидний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг маань давхардуулан газар олгосон хууль бус захирамж гаргасан бөгөөд эдгээр иргэд нь энэхүү бус захирамжаа ашиглаж, одоо амьдарч байгаа газрын маань орц, гарцыг хааж, нойл руу ч орох боломжгүй болгож, 3 шатны шүүхийн шийдвэрээр авсан газар руу маань хашаагаа түрж орж, хашаагаа барьж байгаа энэ бүх үйлдэл нь энэхүү захиргааны хууль бус актаас үүдэлтэй юм.

Тодруулбал нэхэмжлэгч нарын газар нь баруунаасаа зүүн тийш цувж байрласан, тэр хавьд амьдардаг айлуудын хамгийн баруун захын газрууд бөгөөд Ц.Эрдэнэтуяа, Ц.Эрдэнэчимэг нар нь газраа хууль ёсоор эзэмших эрхийн гэрчилгээтэй, Н.Цэрэнлхам нь уг газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон талийгаач Ц.Бямбадоржийн эхнэр, шүүхийн шийдвэрээр хамтран амьдарч байсан нь тогтоогдсон. Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нар нь 2001 оноос хойш газраа хашаалан эзэмшиж, газраа албан ёсоор эзэмшихээр хүсэлтээ эдгээр нэр бүхий 7 хүнээс түрүүлж гаргаад шийдэгдээгүй байсан.

Нэхэмжлэгч бидний газрын хойд болон зүүн талаар залгаа айлууд хашаа хатгасан, баруун талд ой тулсан, урд хэсгээрээ нарийн гудамжтай боловч уг нарийн гудамжны амыг эдгээр иргэд нь төмөр хаалга суулган орц гарцыг маань хаасан байдалтай байгаа бөгөөд баруун талдаа ой руу орсон хэсэгт нэг айлын газар авах хүсэлтийг нэхэмжлэгч Б.Хишигбаяр нь гаргасан боловч ой руу орсон гээд олгоогүй хэрнээ одоо тэнд нэр дурдагдсан 2 хүнд газар олгосон, бусад этгээдүүдийн газар нь нэхэмжлэгч Н.Цэрэнлхам /Ц.Бямбадорж/-ын газраас бусад нэхэмжлэгч нарын газартай бүхэлдээ давхцалтай, Н.Цэрэнлхамын газартай хэсэгчлэн давхцаж, бүх нэхэмжлэгчийн нарын газрын орц гарцыг хаасан байгаа юм.

Мөн нэхэмжлэгч Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр нар нь эдгээр нэр бүхий 7 хүнд газар олгохоос өмнө газар эзэмших хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргаад шийдвэрлэгдээгүй байтал ийнхүү сүүлд өргөдлөө гаргасан нэр бүхий 7 иргэнд хууль бус шийдвэрээр олгосон.

Хамгийн гол нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дээрх иргэдэд газар олгохдоо нэхэмжлэгч бидний газар дээр давхардуулан, газрын асуудлаар шүүхэд маргаж байгаа суудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин хууль бус захирамж гаргаж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн асуудал боллоо гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамж нь нэхэмжлэгч бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж, газраа чөлөөтэй эзэмших боломжгүй болгохын зэрэгцээ дээрх Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй, уг тогтоолоор сэргээсэн эрхийг маань эдлүүлэхгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Н.Цэрэнлхам нь дүүргийн Засаг даргын 2012 оны А/179 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны шүүхэд нэхэмжлэл гарган, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Өгөөдэйбаатар оролцож, 3 шатны шүүхээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Иргэн Н.Цэрэндэжид нь мөн Гүнтэд байршилтай газарт нэхэмжлэл гаргасны дагуу иргэн Бөөрөнхийгийн Мягмарсүрэнг гуравдагч этгээдээр татсан захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэлгүй олон жил болж байна.

Иргэн Н.Цэрэнлхам, Н.Цэрэндэжид, тэдгээрийн хүүхдүүд болох Э.Лхамжав, Э.Энхбаяр, Ц.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнтуяа, Б.Хишигбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ч.Өгөөдэйбаатар нарын 7 иргэний газрын байршилтай давхцалгүй, маргаан бүхий байршилд нэхэмжлэл гаргагч иргэд өмнө нь хүсэлт гаргаж байгаагүй тул дүүргийн Засаг даргын захирамжаар нэр бүхий 7 иргэнд захирамж гаргаж, газрыг эзэмшүүлсэн байна.

Иймд иргэн Н.Цэрэндэжид, Н.Цэрэнлхам нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох “дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумьяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах’' нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Ч.Өгөөдэйбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Ц.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэтуяа, Б.Хишигбаяр, Н.Цэрэнлхам нарын иргэд нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хүсэлт бүхий нэхэмжлэлд дараах хариултыг өгч байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжаар Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарын иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд нийцүүлэн гаргасан захирамж юм.

Нэхэмжлэл гаргасан доорх Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Ц.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэтуяа, Б.Хишигбаяр, Н.Цэрэнлхам нарын нэр бүхий иргэд нь 2000 оноос Гүнтийн зуслангийн иргэдийн газрыг булаацалдаж байнгын хэрүүл маргаан үүсгэж байдгийг болон нэхэмжлэгч Н.Цэрэнлхам нь өөрийн төрсөн дүү Н.Цэрэндэжидийн төрсөн хүү Ц.Бат-Эрдэнэтэй нийлж ойр хавийн иргэдийг айлган дарамталдаг болно, Н.Цэрэндэжид өөрийн хүү Ц.Бат-Эрдэнэтэй нийлэн иргэн Мягманжав болон түүний хүүхдүүдийн газрыг өөрийнх гэж хашаан дотор нь гэрээ барьдаг. Гэрийг нь хашаанаасаа гаргаад өөрсдийнх нь амьдардаг хашаанд буулгачихаар дотор нь байсан алтан гулдмай, алтан бурхан алга болчихлоо гэж бусдыг гүтгэн доромжилж үе удмаар чинь хараана гэж айлган сүрдүүлдэг. Талийгаач Ц.Бямбадорж, Н.Цэрэнлхам нарын тэжээвэр нохойнууд нь мал эмнэлгийн гэрчилгээгүй ямар ч вакцинд хамрагдаагүй тэдгээрийг уяхгүйгээр сул тэжээдэг, нохойгоороо бага насны хүүхдийг минь болон эхнэрийг маань уруулахыг завдсан, эзэмшил газартаа хашаа барих гэхээр нохойгоо сул тавьдаг, бидний эзэмшил бие засах газрыг ашиглаад байхаар нь бие засах газраа түгжчихээр манай байшингийн хойд талд нүх ухаад ил бие засах газар хийгээд цогтой үнс нурмаа ил асгана, хашаа болон саравч эвдлэн сүйтгэдэг, миний эзэмшлийн цахилгааны кабелийг сүхээр цавчдаг, зуслангийн цагдаад хуурамч дуудлага өгдөг, Сансар кабелийн телевизийн зуслангийн урд талд 4 айлын газрыг булаан авч байшин барин бусдад зарсан зэргийг Гүнтийн зуслангийн ойролцоо оршин суугч иргэд гэрчлэх болно.

Нэхэмжлэлийн үндэслэлд 10-аад жил хөөцөлдсөний эцэст 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг үндэслэн авсан. Гэтэл 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/79 тоот захирамжаар бидний газрын гэрчилгээг хүчингүй болгосон гэж бичжээ. Бидний гэдэг нь нэхэмжлэл гаргасан дээрх нэр бүхий 7 иргэнийг хэлж байна гэж ойлгож байна. Иймд эдгээр нэр бүхий 7 иргэнд газар эзэмших эрхийг олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 тоот захирамж болон нэр бүхий долоон иргэний гэрчилгээг хүчингүй болгосон 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/79 тоот захирамжуудыг гаргуулахыг хүсэж байна. 

Нэхэмжлэлийн үндэслэлд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/1489 тоот “Мониторингийн дүгнэлт” гэрчилнэ гэсэн нь 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/1489 тоот Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд “Арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” гэсэн албан тоот юм.

Энэ албан тоот нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг илт зөрчин хэн нэгний эрх ашигт нийцүүлэн гаргасан болох нь дараах байдлаар нотлогдсон. 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Газрын албанд гомдол гаргахад Нийслэлийн Газрын албанаас 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9/3294 албан тоотоороо өргөдөлд дурдсан таны асуудал Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж байна гэсэн боловч 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/1489 тоот Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд “Арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” гэсэн албан тоотыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд гаргасан болно. Мөн нэхэмжлэлд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 243 тоот тогтоол гарах хүртэл 3 шатны шүүхийн үйл ажиллагаа үргэлжлэн эцсийн шийд гаргасан юм гэсэн нь дээрх албан тоотыг хууль зөрчин гаргасан нь огноогоор нотлогдоно. 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Газрын албанд гомдол гаргахад Нийслэлийн Газрын албанаас 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9/3294 албан тоотын эх хувийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн үндэслэлд хуурамч бичиг баримт үйлдэн, тамгаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь шүүх маргааны явцад тодорхой болсон байдаг гэжээ. Шүүхээс хэн гэдэг албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэн, тамгаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсныг тогтоосныг баримтаар нотлох ёстой. Хэн нэгний гэм буруутай эсэхийг зөвхөн Монгол Улсын шүүх тогтоодог учир хэн нэгнийг гүтгэн доромжлохоо зогсоохыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнлхам болон нэхэмжлэгч нараас шаардаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд хууль бус захирамжаа ашиглаж, одоо амьдарч байгаа газрын маань орц гарцыг хааж нойл руу ч орох боломжгүй болгож, 3 шатны шүүхийн шийдвэрээр авсан газар руу маань хашаагаа түрж орж хашаагаа барьж байгаа нь хууль бус актаас үүдэлтэй гэжээ.

3 шатны шүүхийн шийдвэрээр авсан газар руу маань гэж хэний газрыг хэлж байгаа нь тодорхойгүй ба миний ойлгосноор талийгаач Ц.Бямбадоржийн газрыг хэлээд байх шиг байна. Газар эзэмшигч Ц.Бямбадорж түүнтэй хамтран амьдрагч Н.Цэрэнлхам нар нь Байгаль орчны болон Газрын тухай хуулиудыг зөрчиж байсныг мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд бие засах газар барьсныг нотлох баримтыг эх хувиар нь нэхэмжлэлд өгөх хариу тайлбарт хавсаргав.

Н.Цэрэнлхам нь уг газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон талийгаач Ц.Бямбадоржийн эхнэр, шүүхийн шийдвэрээр хамтран амьдарч байсан нь тогтоогдсон гэжээ. 

Талийгаач Ц.Бямбадоржийн эхнэр Н.Цэрэнлхам нь, шүүхийн шийдвэрээр хамтран амьдарч байсан нь тогтоогдсон гэдэг нь ойлгомжгүй юм. Эхнэр нь нөхөртэйгөө хамтран амьдарч байсан гэсэн нь бүр ойлгомжгүй. Өв залгамжлалын хуулийн дагуу талийгаач Ц.Бямбадоржийн эзэмшиж байсан газрыг түүний ууган охин эзэмших болохоос биш хамтран амьдрагч гэх Н.Цэрэнлхам эзэмших эрхгүй гэж харагдаж байна. Захиргааны хэргийн шүүхээс Н.Цэрэнлхамыг хамтран амьдарч байсныг л тогтоосон болохоос өв залгамжлалын хуулийн дагуу газрыг эзэмшинэ гэж тогтоогоогүй учир талийгаач Ц.Бямбадоржийн нэрийн өмнөөс өргөдөл гомдол гаргах нь хууль бус юм. Хэрвээ Н.Цэрэнлхам нь Ц.Бямбадоржийн хууль ёсны эхнэр юм бол тэдний гэрлэлтийн баталгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас гаргуулахыг хүсэж байна. 

Нэхэмжлэлийн үндэслэлд Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нар нь газраа хашаалан эзэмшиж, газраа албан ёсоор эзэмшихээр хүсэлтээ эдгээр нэр бүхий 7 хүнээс түрүүлж гаргаад шийдэгдээгүй гэжээ.

Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нар нь хууль бусаар газраа хашаалан эзэмшиж байгаад газраа албан ёсоор эзэмшихээр хүсэлтээ хүргүүлжээ. Мөн Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нар нь хаана ямар солбицол бүхий газарт газар эзэмшихээ хүссэн кадастрын зураглал болон бүртгэлийн дэвтрийн эх хувийг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас гаргуулна уу. 

Нэхэмжлэлийн үндэслэлд нэхэмжлэгч бид нарын орц гарцыг хаасан, Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нарын хүсэлтийг газрын алба шийдээгүй, нэхэмжлэгч Н.Цэрэнлхам (Ц.Бямбадорж)-ын газраас бусад нэхэмжлэгч нарын газартай бүхэлдээ давхцалтай, Н.Цэрэнлхамын газартай хэсэгчлэн давхцаж, бүх нэхэмжлэгч нарын газрын орц гарцыг хаасан гэжээ. Эдгээр нэхэмжлэлийн хариуг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас нэхэмжлэгч болох нэр бүхий 7 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдтэй мөн координат бүхий баталгаажсан кадастрын зургуудтай нь давхцаж байгаа талаар, орц гарц хаасан талаар тодруулга лавлагааг гаргуулахыг хүсэж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамж нь нэхэмжлэгч бидний газар эзэмших эрхийг ноцтой ноцтой зөрчиж, газраа чөлөөтэй эзэмших боломжгүй болгохын зэрэгцээ дээрх Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй, уг тогтоолоор сэргээсэн эрхийг маань эдлүүлэхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэний газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн 3асаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжаар ноцтой

зөрчиж байгаа талаар болон Монгол Улсын Дээд шүүхийн хэдэн оны хэдэн тоот хэн хэнд хамаарах Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэн гэгч албан тушаалтан биелүүлэхгүй байгаа талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулахыг хүсэж байна. 

Нэхэмжлэл гаргасан Э.Лхамжав, Э.Энхбаяр, Ц.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэтуяа, Б.Хишигбаяр нар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд амьдардаггүй бөгөөд эдгээр иргэдийн талаар анх удаа сонсож байгаа болно. 

Иймд нэхэмжлэгч Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Ц.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэтуяа, Б.Хишигбаяр, Н.Цэрэнлхам нарын нэхэмжлэлийн шаардлага болох “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгожээ. Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэн дараах хоёр үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд:

1. Ц.Эрдэнэтуяа, Ц.Эрдэнэчимэг, Н.Цэрэнлхам нар хууль ёсоор газар эзэмших эрхтэй байтал бидний газартай давхцуулан гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон, орц гарц хаасан гэх үндэслэлийн тухайд.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяа, Ц.Эрдэнэчимэг нар Чингэлтэй дүүрэг, Гүнтийн зусланд 700 м.кв газрыг эзэмших эрхтэй болжээ. Эдгээр иргэдэд эзэмшүүлсэн газар нь гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газартай давхцалгүй болох нь эзэмшил газрын кадастрын зургаас  тодорхой харагдаж байна. Шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэгээр болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяагийн эзэмшил газар дээр ээж Н.Цэрэндэжид нь гэр барин амьдарч байгаа болох нь тогтоогдсон. 

Нэхэмжлэгч Н.Цэрэнлхам нь иргэн Ц.Бямбадоржтой хамтран амьдарч байсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд тэрээр Ц.Бямбадоржийн эзэмшил газар дээр давхцуулан, орц гарцыг хаан гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх эрх олгосон гэж нэхэмжлэлдээ дурджээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжаар иргэн Ц.Бямбадоржид газар эзэмших эрх олгожээ. Энэхүү газар эзэмших эрхийг өвлөж авахаар хүсэлт гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан хүн одоогоор байхгүй байгаа бөгөөд шүүх энэ тухай холбогдох лавлагааг  Монголын Нотариатчдын танхимаас гаргуулсан болно. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Н.Цэрэнлхам нь иргэн Ц.Бямбадоржийн эзэмшил газрын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. 

Гэсэн ч шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэгээр  Н.Цэрэнлхам нь Ц.Бямбадоржийн эзэмшил газар дээр гэр барин амьдардаг, гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газар нь иргэн Ц.Бямбадоржийн эзэмшиж байсан газартай давхцалгүй, нэхэмжлэгч Н.Цэрэнлхамын орц гарцыг хаагаагүй болох нь тогтоогдсон.

2. Нэхэмжлэгч Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нар 2001 оноос хойш газраа хашаалан эзэмшиж, хүсэлтээ албан ёсоор гуравдагч этгээд 7 иргэнээс өмнө гаргаад байхад шийдвэрлээгүй гэх үндэслэлийн тухайд.

Нэхэмжлэлийн дээрх үндэслэлийн дагуу шүүхээс Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны албанаас нэхэмжлэгч 4 иргэн албан ёсоор хүсэлтээ гаргаж байсан эсэхийг тодруулахад 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1181 дүгээр албан бичгээр  “Иргэн Э.Лхамжав, Б.Хишигбаяр, Э.Энхбаяр нар нь манай албанд хүсэлт гаргаж байсан гэх материал манай албаны архивт өнөөдрийн байдлаар байхгүй байна” гэх хариуг ирүүлсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа “...маргаан бүхий байршилд нэхэмжлэгч нар өмнө нь хүсэлт гаргаж байгаагүй” гэснээс дүгнэхэд нэхэмжлэгч Э.Лхамжав, Б.Хишигбаяр, Э.Энхбаяр нар маргаан бүхий газрын байршилд газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. 

Харин нэхэмжлэгч Н.Цэрэндэжидийн тухайд, тэрээр гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газраас тусдаа, өөр газарт газар эзэмших хүсэлт гаргаж, кадастрын зураг хийлгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна. 

Нэхэмжлэлд хавсаргасан өргөдлийн бүртгэлийн дэвтрийн хуулбараас  Э.Лхамжав, Э.Энхбаяр, Н.Цэрэндэжид, Ц.Эрдэнэтуяа, Ц.Эрдэнэчимэг нар хүсэлт гаргасан тухай харагдах боловч эдгээр хүсэлтүүд нь газар хүссэн өргөдөл эсэх нь, маргаан бүхий байршилд газар эзэмших тухай хүсэлт байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тус хүсэлтүүдийг Чингэлтэй дүүргийн Газрын алба Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг үндэслэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хаасан байгааг дурдах нь зүйтэй байна. Одоо эдгээр хүсэлтүүд нь дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны архивт байхгүй болно. 

Дээрх 5 иргэнээс Н.Цэрэндэжид нь 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр , Ц.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэтуяа нар 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  тус тус газар эзэмших тухай хүсэлтээ гаргаж байснаас харахад 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байжээ гэж шүүх дүгнэлээ. 

Үүнтэй холбоотой баримтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэн Э.Бат-Эрдэнэ, Н.Цэрэндэжид нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох 2012/0100/3 индекстэй захиргааны хэрэг дэх нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаас хуулбарлаж, хэрэгт хавсаргав.

Нэхэмжлэгч 7 иргэн нэхэмжлэлдээ “...бусад этгээдүүдийн газар нь нэхэмжлэгч Н.Цэрэнлхам /Ц.Бямбадорж/-ын газраас бусад нэхэмжлэгч нарын газартай бүхэлдээ давхцаж, орц гарц хаасан” тухай дурдсан бөгөөд ингэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүх хуралдааны үед хэний газар нь хэний газартай хэрхэн давхцаж байгааг тодорхой дурдаж чадаагүй бөгөөд ерөнхийлөн, тойм байдлаар маргаж байгааг дурдах нь зүйтэй байна. 

Мөн нэхэмжлэгч нар маргаан бүхий газар дээр огт амьдарч байгаагүй бөгөөд тэр газрын орчим нь уулын бэлд, зүүн тал руугаа налуу гадаргуутай бөгөөд тус газрыг тэгшилсэн шинж, зассан гэрийн буйр, байшингийн суурь байсан ул мөр огт байгаагүй болно. 

Иймд нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяа, Ц.Эрдэнэчимэг нарын хууль ёсоор эзэмшиж буй газар нь, Н.Цэрэнлхамын ашиглаж буй иргэн Ц.Бямбадоржийн газар нь, Н.Цэрэндэжидийн хүсэлт гаргасан газар нь тус тус гуравдагч этгээдүүдийн эзэмшил газартай давхцалгүй, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нар маргаан бүхий газрын байршилд газар эзэмших хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга маргаан бүхий газрын байршилд гуравдагч этгээд 7 иргэнд газар эзэмшүүлсэн захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д тус тус заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/-д заасан шаардлагад нийцсэн шийдвэр байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Н.Цэрэнлхам нарын 7 иргэний “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДОЛГОРСҮРЭН