Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 13

 

“К.Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

 нэхэмжлэлтэй, хариуцагч ,

Ж.Ө, Ө.А нарт холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Баттөр, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01333 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “К.Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , Ж.Ө, Ө.А нарт холбогдох

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 9.884.453.31 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 9.989.453.31 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч “К.Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч , Ж.Ө, Ө.А нар нь К.Банктай 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр № ЗГ20-22 дугаартай "Зээлийн гэрээ-г байгуулж, 15.000.000 /Арван таван сая/ төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй,

Хот байгуулалтын салбарын МОН2301 төслийн зээлийн /Шинээр байшин барих/ зориулалтаар 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан.

 Банк зээлдэгчийн К.Банкин дахь 2035041556 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч  нь К.Банктай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №БГ 20-22-01 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах зүйлсийг барьцаалуулсан.

        Үүнд:Улсын бүртгэлийн Ү-2101020606 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000502160 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг, Булаг 17 гудамж 46 тоот хаягт байршилтай, 72.60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2101014319 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000318951 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг, Булаг 17 гудамж 46 тоот хаягт байршилтай, 550.0 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар болно. Барьцааг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн.

         Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5.671.265.79 төгрөг, зээлийн хүүнд 5.492.064.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.415.44 төгрөг тус тус төлсөн.Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй болно. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.

         Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 9.328.734.21 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 544.805.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 10.913.88 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 9.884.453.31 төгрөг, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нотариатын зардал 5.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй болно.

          Хариуцагч , Ж.Ө, Ө.А нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 9.884.453.31 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөгийн хамт гаргуулж "К.Банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №БГ20-22-01 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцааны зүйлүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Миний бие К.Банкнаас 2015 оны 3-р сард 15.000.000 төгрөгийг сарын 0.75, жилийн 9 хувийн хүүтэйгээр Хот байгуулалтын МОН2301 төслийн зээлд хамрагдан авч шинээр байшин барьж орсон. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж зээлийн эргэн төлөлтийг хууль тогоомжийн дагуу төлж ирсэн. Харин Коронавирус (Ковид-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар миний бие харилцаж байсан банк татан буугдсан ч тухайн банкийг төлөөлж байсан төлөөлөгчтэй уулзан дээрх шийдвэрийн хүрээнд зээлийн төлөлтийг бүр хойшлуулах биш хүүгээ төлж байхаар харилцан тохиролцсон.

Өөрөөр хэлбэл миний хүсэлтийг банкны төлөөлөгч хүлээн авснаар зээлийн гэрээний үндсэн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж харин хүүг төлж байх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Тухайн үед тус банкны төлөөлөгч гэж нэг эмэгтэй байсан. Ингээд миний бие 2020 оны 03 сараас эхлэн зээлийн хүү болох 80.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүрэл төлсөн харин 10 дугаар сарын 01-ээс нэг л өр хуримтлагдах юм байна гэж үзээд зээлдээ төлдөг байсан дүнгээр буюу үндсэн зээл, хүүгийн хамт 190.000 төгрөг төлж хууль тогтоомжийн дагуу зээлээ төлсөөр ирсэн.

Гэтэл К.Банкны эрх хүлээн авагчаас Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж гэрээг хугацаанаас өмнө цуцлан зээлийг бүхэлд эргэн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Би дээрх зээлийг 2025 оны 04 сар хүртэл хугацаагаар авсан. Ингэж авахдаа өөрийн бэр тай хамтарч авсан. Гэтэл эрх хүлээн авагч уг зээлэнд ямар ч хамааралгүй Ө.Аыг хариуцагчаар татаж оруулсан нь мөн үндэслэлгүй байна.

Ийнхүү зээлийн гэрээ болон төр засгаас гаргасан бодлого шийдвэрийн хүрээнд өөрийн 2015 онд авсан 15.000.000 төгрөгийн зээлээ хэвийн байдлаар төлсөөр байхад банкны эрх хүлээн авагчаас зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 9.884.453 төгрөг төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01333 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-д заасныг баримтлан хариуцагч , Ж.Ө, Ө.А нараас 8.942.734.21 төгрөг гаргуулан К.Банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч , Ж.Ө, Ө.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГ-20-22-01 тоот барьцаат зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-21010206060 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000502160 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг, булаг 17-4б тоот хаягт байршилтай, 72.6 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-2101014319 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000318951 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг, булаг 17-4б тоот хаягт байршилтай, 550 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас 158.033 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01333 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Өгийн төлсөн 386.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан. Нэхэмжлэгч шүүх хуралдааны үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Өгийн төлсөн 386.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж 9.889.453.31 төгрөгөөс 386.000 төгрөгийг хасаж 9.503.453.31 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг гаргахдаа тооцооллын алдаа гаргаж 8.942.734.21 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар заасан байгаа тул хариуцагч нараас гаргуулах 9.503.453.31 төгрөгийг шүүхийн шийдвэрт засаж тусгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “К.Банк” ХХК-ийн эрх хүлээн авагч нь хариуцагч , Ж.Ө, Ө.А нараас зээлийн гэрээний үүрэгт 9.884.453.31 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг нийт 9.889.453.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй сар бүр зээлийн гэрээний графикийн дагуу төлөхийг хүсэж тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд “К.Банк” ХХК нь хариуцагч , Ж.Ө нартай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг сарын 0.75 хувийн, жилийн 9 хувийн хүүтэй, шинэ байшин барих зориулалтаар 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар зээл авсан байна.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг баг, 17 дугаар гудамж 4б тоотод байршилтай 72.60 м2 талбай бүхий хувийн сууц, 550м2, талбай бүхий газрыг барьцаалж, зээл авч ашигласнаас хойш үндсэн зээлд 5.671.265.79 төгрөг, зээлийн хүүнд 5.492.064 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 11.415.44 төгрөг тус тус төлсөн, үлдэгдэл зээлийг гэрээнд заасан хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг нь тогтоогдсон байна.

“К.Банк” ХХК нь 2020 оны 09 дүгээр сард татан буугдсан бөгөөд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилжээ.

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ө.Аыг хамтран зээлдэгчээр нэмсэн байна.

Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул шүүх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2.-т зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 451, 453, 225 дугаар зүйлүүдэд нийцжээ.

Шүүх хариуцагч нарыг  2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9.328.734.31 төгрөг, хүү 544.805.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.913.88 төгрөг нийт 9.884.453.31 төгрөг төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн атлаа хариуцагч нараас 8.942.734.21 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, тооцооны алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч байгууллагын давж заалдсан гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01333 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд “8.942.734 төгрөг” гэснийг “9.503.453.41 төгрөг” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “158.033 төгрөг” гэснийг “167”005 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.472 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол

 

гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ