Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 641

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мө, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч Н.А нарыг оролцуулан “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Ш” ХХК 

Хаяг: С дүүрэг, хороо, гудамж, тоот 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Сын талбай 7

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Багатойруу, Самбуугийн гудамж, Засаг захиргааны IV байр

Гуравдагч этгээд: “Ө” ХХК

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум,

Нэхэмжлэлийн шаардлага: Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2016 оны 5 сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр, “Ш” ХХК-ийн тендерээс татгалзсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Ө” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөсөн Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгаартай зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Ө” ХХК-ийг дахин шалгаруулсан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ш” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зарлагдсан НХААГ- дугаартай “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендерт оролцсон юм. Гэтэл хариуцагч байгууллагаас 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/339 тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасны дагуу тендерийн үнэ хамгийн бага гэж үнэлэгдээгүй тул манай байгууллагын тендерээс татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтын дагуу “Ө” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсныг мэдэгдсэн. 

Дараах шалтгаануудаар тендер шалгаруулалт хууль бус явагдсан гэж үзэж байна: 

1. “Ө” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ХААГ- дугаартай “Хатуу хучилттай автозам 1.79км /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1 хороо хонхор тосгон/ ажил” гүйцэтгэгчээр шалгарч 1.748.437.848,0 /Нэг тэр бум долоон зуун дөчин найман сая дөрвөн зуун гучин долоо мянга найман зуун дөчин найман/ төгрөгийн гэрээг байгуулсан. Мөн 2014 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай Хуучин, шинэ Дарханыг холбосон 8 км замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 6.293.284.400,0 /зургаан тэрбум хоёр зуун ерэн гурван сая хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийн гэрээг байгуулан, ашиглалтад хүлээлгэн өгөөгүй байна. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(в)-д заасан зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд, ТОӨЗ (в)-д заасан инженер, техникийн ажилтнууд ХААГ- дугаартай “Хатуу хучилттай автозам 1.79км/Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1 хороо Хонхор тосгон/ ажил” Хуучин-Шинэ Дарханыг холбосон 8 км замын барилга угсралтын ажил”-тай давхцах тул техникийн чадавхийн үзүүлэлтийг хангах үндэслэлгүй. 

2. “Ө” ХХК нь “Хуучин-Шинэ Дарханыг холбосон 8 км замын барилга угсралтын ажил” ХААГ- дугаартай “Хатуу хучилттай автозам 1,79км /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1 хороо хонхор тосгон/ ажилтай зэрэгцэн хийгдэх тул санхүүгийн чадавхийг хангах эсэхийг үнэлгээнд харгалзан үзээгүй.

3. Tендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(в)-д “Далангийн индүү 10тн-2ш гэж заасан байгаа. Худалдан авах ажиллагааны газраас худалдан авсан тендерийн баримт бичгийн “Баруун уулын хамгаалалтын үерийн хамгаалалтын 2016 онд засвар шинэчлэлт хийх шаардлагатай хэсгийн ажлын төсөв /пк3+22-пк11+79,4/-ийн машин, механизмын ашиглалтын тооцоо хэсэгт 28017 кодтой индүү 18,6682 м/цаг ажиллахаар заагдсан байгаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төсөв зохиох программын 28017 цифртэй машин механизм нь 5 тн жинтэй индүү байгаа болно. 5 тн хүчин чадалтай индүү нэг хоног хүрэхгүй буюу 18,6682 м/цаг ажиллах ажилд 10 тн хүчин чадалтай индүү 2ш шаардлагатай гэж заасан нь үндэслэлгүй, илт хууль зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар тодруулж өөрчилж байна. Үүнд: 

1. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр, “Ш” ХХК-ийн тендерээс татгалзсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах;

2. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Ө” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөсөн Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 зөвлөмжийг хүчингүй болгуулах;

3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/320 тоот “Ө” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгасан захиргааны актыг хүчингүй болгуулах;

4. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг дахин шалгаруулсан 2016 оны 6 сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах; 

5. “Ш” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгах. 

Өмнө нь гаргасан НХААГ- дугаартай “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалт хууль бус явагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Учир нь тендер шалгаруулалт бүхэлд нь биш зөвхөн тендерийг үнэлсэн үнэлгээтэй холбоотой захиргааны актуудыг хүчингүй болгуулж, “Ш” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаатай холбоотой болно. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

Нэг. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.3(г)-д “Ерөнхий инженер, У байгууламжийн инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан нь тендерт оролцогчийн үндсэн орон тооны ажиллах хүч байна. Үүнийг нотлох тухайн ажиллагсдын нэрсийн дагуу 2016 оны 0 сар, 02 дугаар сарын Нийгмийн даатгалын газар нь албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг НД7, НД8 маягтаар ирүүлнэ” гэж заасан байна. 

Гэтэл “Ө” ХХК-ийн тендерийн саналд ирүүлсэн у байгууламжийн инженер Л******* овогтой Б*******ийн нэр нь “Ө” ХХК-ийн 2016 оны 0 сар, 02 дугаар сарын НД8 маягтад байхгүй, Харин зөвхөн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ажилд авсан тушаалыг ирүүлсэн байгаа нь мөн үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас ирүүлсэн байгаа нь ТОӨЗ 5.3(г)-д заасан шаардлагыг хангаагүй болохыг нотолж байна.

Хоёр. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.2(г)-д “Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн нийт барилгын ажлын өртөг, хугацаа, байршил зэргийг харуулсан жагсаалт”, мөн ТОӨЗ 5.2(д)-ийн 2-т “Улсын болон нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй ажлыг гэрээгээр хийсэн, хийгдэж байгаа болон гэрээгээр хийгдэх ажлуудын өртөг, хугацаа, байршил зэргийг харуулсан жагсаалт, уг гэрээнүүдийн гүйцэтгэл, явц, хийгдэх гэрээний талаар захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлнэ”, мөн ТОӨЗ 14.1(ж)-ийн 6-д “Тендерт оролцогч нь өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтнуудыг танилцуулах бөгөөд давхцсан тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан байна. 

Гэтэл “Ө” ХХК-ийн тендерийн саналд Дархан Уул аймгийн Дархан сумын шинэ хуучин Дарханыг холбосон автозамын ажлын талаарх мэдээллийг тусгаагүй нь дээр дурдсан шаардлагыг хангаагүй байна. Энэ үйлдэл нь уг компанийн тендерийн саналд хавсарган ирүүлсэн жагсаалт, хожим НХААГ-аас тодруулга хүсэх тухай албан бичгийн хариуд “Ө” ХХК-ийн ирүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 171/2016 тоот албан бичгээр нотлогдож байна. ТШӨХ-д заасан шаардлагын дагуу заавал ирүүлэх ёстой мэдээллийг зохих ёсоор ирүүлээгүй байгаа нь “Ө” ХХК-ийн ажлын туршлага болон техник, санхүүгийн чадавхийг үнэлэх боломжийг бий болгоогүй, улмаар Үнэлгээний хороо уг компанийн чадавхийг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэж байна. 

Түүнээс гадна 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан “Хатуу хучилттай автозам 1,79км /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1 хороо хонхор тосгон/ ХААГ-” тендерт “Ө” ХХК нь шалгарсан боловч мөн энэ тухай мэдээллийг тендерийн саналд тусгаж ирүүлээгүй байна. 

Гурав. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 14 дүгээр зүйл “Тендерийн иж бүрдэл” гэсэн хэсгийн (г)-д “Тендерт оролцогчийг төлөөлж ТОӨЗ-ны 22 дугаар зүйлд заасны дагуу тендерт гарын үсэг зурах этгээдийн гарын үсгийг баталгаажуулж бичгээр гаргасан байх, түүний итгэмжлэл”, мөн зааварчилгааны 22 дугаар зүйлийн 22.2-т “Тендерт оролцогчийн боловсруулсан тендерийн агуулга, үнэтэй холбоотой бүх хуудсанд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурна” гэж заасан байна. 

“Ө” ХХК нь НХААГ-т ирүүлсэн тендерийн саналдаа итгэмжлэгдсэн бичиг хавсаргасан байх бөгөөд уг бичигт Л******* овогтой М******* нь “Ө” ХХК-ийг төлөөлж “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлийн газар”-ын ажлын тендерийн баримт бичигт, ...гэрээ хэлцэл, ...албан бичигт гарын үсэг зурах эрхтэй” гэсэн байна. Гэтэл тендерийн үнийн санал, бусад холбогдох баримт бичигт Г.У гарын үсэг зурсан нь ТОӨЗ-ийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. 

Дүгнэлт хэсэг:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-д “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй “Ө” ХХК-ийн тендерийг татгалзалгүйгээр хамгийн сайн тендер гэж шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. 

“Ш” ХХК-д ирүүлсэн Үнэлгээний хорооны дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэснийг үндэслэж манай компанийн тендерийг шалгаруулаагүй байна. Тодруулбал, “Ш” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендер гэж үзэж, үнийн саналаар нь үнэлж шалгаруулаагүй байна. “Ө” ХХК-ийн тендерийг “шаардлага хангаагүй тендер” гэж тендерээс татгалзах үндэслэлтэй тул шаардлага хангасан “Ш” ХХК–ийн тендерийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 0 сарын 16-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/66 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын /ЧД,БГД/ 11.0 км” гүйцэтгэгчийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн А/160 захирамжийн дагуу байгуулагдсан Үнэлгээний хорооны сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулсан. 

“Ш” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Нэг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага хэсэгтээ “…Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(в)-д заасан зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд ТОӨЗ 5.3(в)-д заасан инженер техникийн ажилтнууд ХААГ- дугаартай “Хатуу хучилттай автозам 1,79км /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1 хороо хонхор тосгон/ ажил”, “Хуучин-Шинэ Дарханыг холбосон 8 км замын барилга угсралтын ажил”-тай давхцах тул техникийн чадавхийн үзүүлэлтийг хангах үндэслэлгүй. ...тус ажилтай зэрэгцэн хийгдэх тул санхүүгийн чадавхийг хангах эсэхийг үнэлгээнд харгалзан үзээгүй” гэжээ. 

“Ө” ХХК-ийн НХААГ- дугаартай “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын тендерт ирүүлсэн тендерийн бичиг баримтад тус хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд удирдан ажиллах инженер техникийн ажилтнаар Ерөнхий инженер бөгөөд У байгууламжийн инженер Д.Э, У байгууламжийн инженер Л.Б*******, ХАБЭА-ын ажилтан Ё.Э, барилгын инженер Д.Ж нарын нэрийг ирүүлсэн. Энэ нь тендерийн баримт бичгийн ТШӨХ (ТОӨЗ) 5.3(г)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байна. 

Сангийн яамны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 5/4011 дугаар дүгнэлтийн дагуу манай газраас 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3/411 дугаар албан бичгээр “Ө” ХХК-аас Шинэ Хуучин Дарханыг холбосон 8км автозамын ажлын гэрээ, явц, захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт, инженер техникийн ажилчдын талаарх мэдээллийг авсан. 

“Ө” ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр “Tус компанийн ХАБЭА инженер Ё.Э нь Дархан-Уул аймгийн 2,4 км авто замын ажилд ажиллаж байгаа боловч уг авто замын ажлын авто замын зорчих хэсэг болон газар шороо, замын далангийн ажил хийгдэж дууссан байгаа тул тус компанийн ХАБЭА-ын инженер А.М******* нь уг ажилд ХАБЭА-аар орлон ажиллах боломжтой болно” гэсэн мэдэгдэл ирүүлсэн. 

Mөн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5-1060 дугаар албан бичгээр “Ө” ХХК нь Дархан Уул аймгийн Дархан сумын шинэ хуучин Дарханыг холбосон 8 км автозамын ажлын эхний ээлжийн ажил болох 2.48 км авто замын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр 2014 оноос хойш ажиллаж байна. “...Одоогийн байдлаар уг гэрээт ажлын авто замын зорчих хэсэг, газар доогуурх байгууламжийн ажлууд нь зураг төсвийн дагуу хийгдэж дууссан байна” гэсэн тодорхойлолт, Дархан барилга захиалагч орон нутгийн өмчит ААТҮГ-ын дарга Г.Эын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/05 дугаар албан бичгээр “2014-2015 онд “Ө” ХХК нь Дархан-Уул аймгийн шинэ хуучин Дарханыг холбосон 8км автозамын ажлын эхлэл болон 2,48 км авотзамын зорчих хэсгийг 100 хувь хийж дуусгаад байна. Гэрэлтүүлэг, тохижилтын ажил хийгдсэний дараа ашиглалтад хүлээлгэн өгнө” гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн байна. 

Иймд “Ө” ХХК нь шинэ хуучин Дарханыг холбосон 8 км автозамын ажлын зорчих хэсэг болон газар доогуурх байгууламжийн хэсгийг 100 хувь гүйцэтгэсэн байх тул инженер техникийн ажилчид болон техникийн чадавхийн үзүүлэлтийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм. 

ХОЁР. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт “Tендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(в)-д “Далангийн индүү 10тн-2ш гэж заасан байгаа. …5 тн жинтэй индүү байгаа болно. 5 тн хүчин чадалтай индүү нэг хоног хүрэхгүй буюу 18,6682 м/цаг ажиллах ажилд 10тн хүчин чадалтай индүү 2ш шаардлагатай гэж заасан нь үндэслэлгүй, илт хууль зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичгийг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэг зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт...” тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасан. 

“Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил” тендер нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад нээлт хийсэн бөгөөд нэхэмжлэгч “Ш” ХХК нь тендерийн баримт бичигт заасан нөхцлийг хүлээн зөвшөөрч тус ажлыг гүйцэтгэх тендерийн саналаа ирүүлсэн байдаг. Иймд “Ш” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн А/160 захирамжийн 6 дугаар хавсралтаар “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ыг зохион байгуулах Үнэлгээний хороо 5 гишүүнтэй байгуулагдсан. 

Үнэлгээний хороо 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичгийг боловсруулан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эрх бүхий тендерт оролцогчдоос цахим хэлбэрээр материалаа ирүүлэх тухай урилга гарган нээлттэй тендер зарласан. Тендерийн урилгыг “Өдрий сонин”-ны 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн. Мөн өдөр Сангийн яамны www.e-procurement.mn сайтад байршуулсан. 

Уг тендерийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим хэлбэрээр ирүүлсэн ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчид, үнэлгээний хорооны гишүүдийг байлцуулан тендерийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхэд: 

“Э” XXК, “Б” XXК, “Ш” XXК, “Ө” XXК, “Э” XXК, “С” XXК, “Ө” XXК, “В” XXК, “У” XXК, “М” ХХК, “А” XXК, “С*******” XXК, “М*******” XXК, гэсэн нийт 13 компани тендерт оролцох саналаа ирүүлснийг нээлтийн тэмдэглэлд тэмдэглэж, гарын үсгээр баталгаажуулсан. 

Үнэлгээний хороо 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан. Уг хурлаар шаардлага хангасан компаниуд болох “Ш” ХХК, “Ө” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасны дагуу “Ө” ХХК-ийг Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шалгаруулсан. 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүргүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сангийн яаманд “Ш” ХХК, “У” ХХК-ууд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/4011 тоот албан бичгээр хянан үзэж “3ахиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Шалгарсан компаниас тодруулга авч үнэлгээг дахин хийх нь зүйтэй” гэж үзсэн тул Үнэлгээний хороо 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ө” ХХК-аас тодруулга авах тухай албан бичиг хүргүүлсэн. “Ө” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тодруулгын хариуг ирүүлсэн. Үнэлгээний хороо 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж “Ө” ХХК-ийн ирүүлсэн тодруулгатай танилцан Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хурлын шийдвэрийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тус тендерт шалгарсан “Ө” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ө” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ- дугаартай “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарч 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр уг ажлыг 881.547.115 төгрөгөөр гүйцэтгэх гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан болно. Уг гэрээнд болон холбогдох хуулийн дагуу урьдчилгаа төлбөрийн баталгааг Капитрон банкинд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан эх үүсвэргүй зээлийн гэрээ байгуулж, баталгааг гаргуулж, 160.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр авсан бөгөөд уг төлбөрийг техник хяналтын зардал болон цемент, арматур, төмөр бетон хавтан, мод банз зэрэг шаардлагатай материалд зарцуулсан болно. 

Уг тендерт оролцсон “Ш” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан тендер шалгаруулалтыг хууль бус гэж үзэж байгаа шалтгаануудад дараах тайлбарыг гаргаж байна: 

1. “Манай компанийн гүйцэтгэж байгаа авто зам, барилгын ажлууд дээр инженер техникийн ажилчид болон машин механизмууд давхцаагүй бөгөөд тендерийг үнэлэх журам болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлэгдсэн болно. Хуучин-Шинэ Дарханыг холбосон 2,488 км автозамын ажлын автозамын зорчих хэсэг 2015 онд дууссан ба одоо санхүүжилт саатсанаас явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажил хүлээгдэж байна. 

Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 1 хороо хонхор тосгоны 1.79 км авто замын ажилд ажиллаж байгаа ИТА нь энэхүү үерийн хамгаалалтын засвар, шинэчлэлтийн ажилд ажиллаж байгаа ажилчидтай давхцаагүйг нотлох тендерт өгсөн жагсаалтыг хавсаргав.

2. Манай компанийн гүйцэтгэж байгаа Хуучин-шинэ Дарханыг холбосон 8км замын эхлэл 2,488 км автозамын ажил нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо хонхор тосгоны 1.79 км авто замын ажил нь 60 орчим хувийн гүйцэтгэлтэй ажил хэвийн явагдаж байна. Мөн уг тендерийн баримт бичигт шаардагдсан урд онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан болон түүнд тусгагдсан борлуулалтын орлогын хэмжээ нь санхүүгийн үндсэн шалгуурыг хангасан болно. 

3. Нэхэмжлэлд дурдсан гурав дахь шалтгаан нь манай байгууллагад хамааралгүй байна. НХААГ болон Нийслэлийн Засаг дарга нь үнэлгээний хороог бүрдүүлэн зохих хууль журмын дагуу тендерийн баримт бичгийг боловсруулдаг гэж ойлгож байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зарлагдсан НХААГ- дугаартай “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах тендерт нийт нэр бүхий 13 компани, аж ахуйн нэгж оролцсоноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг үндэслэн гуравдагч этгээд “Ө” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулжээ. 

Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд анх гаргасан “...НХААГ- дугаартай “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалт хууль бус явагдсаныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан болно. 

1. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр, “Ш” ХХК-ийн тендерээс татгалзсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

2. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Ө” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөсөн Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 зөвлөмжийг хүчингүй болгуулах,

3. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Ө” ХХК-ийг дахин шалгаруулсан 2016 оны 6 сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, 

4. “Ш” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгах. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Үнэлгээний хорооны 2016 оны 5 дугаар 20-ны өдрийн шийдвэр, 2016 оны 6 дугаар 20-ны өдрийн шийдвэрийг Үнэлгээний хорооны тэмдэглэл хэлбэрээр гаргасан шийдвэр гэж тодруулсан болно. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/160 “Үнэлгээний хороо байгуулах” захирамжийн 6 дугаар хавсралтаар “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байна. 

Дээрх Үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Ш” ХХК болон “Усны газар” ХХК-аас гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд “...ТОӨЗ 5.3/в/-д “Далангийн индүү /10 тонн/ гэсэн шаардлагыг хангахгүй, мөн санал болгосон барилгын инженер Б.Д******* нь тус ТОӨЗ 5.3/г/-д “Барилгын инженер 3 жилийн ажлын туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангаагүй бах тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. ...тендерт шалгарсан “Ө” ХХК нь ТОӨЗ 5.2/д/-д хамаарах шаардлагыг хангахгүй байх тул энэ талаар холбогдох байгууллагаас тодруулга авсны үндсэн дээр дахин үнэлгээ хийх нь зүйтэйг мэдэгдэж байна...” гэсэн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/4011 тоот албан бичгийг  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт болон гомдол гаргагч нарт хүргүүлсэн байна. 

Сангийн яамны дээрх 5/4011 тоот бичгийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3/41 албан бичгээр  “Ө” ХХК-аас Дархан сумын шинэ хуучин Дарханыг холбосон 8 км автозамын ажлын гэрээ, явц, захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт, инженер техникийн ажилчдын талаарх мэдээллийг авахад “...“Ө” ХХК-ийн ХАБЭА инженер Ё.Э нь Дархан-Уул аймгийн 2,4 км авто замын ажилд ажиллаж байгаа боловч уг авто замын авто замын зорчих хэсэг болон газар шороо, замын далангийн ажил хийгдэж дууссан тул тус компанийн ХАБЭА-н ажилтан А.М******* нь уг ажилд ХАБЭА-аар орлон ажиллах боломжтой болно...” гэсэн мэдэгдлийг  “Ө” ХХК ирүүлжээ. 

Mөн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5-1060 тоот албан бичгээр  “...“Ө” ХХК нь Дархан Уул аймгийн Дархан сумын шинэ хуучин Дарханыг холбосон 8 км автозамын ажлын эхний ээлжийн ажил болох 2,48 км авто замын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр 2014 оноос хойш ажиллаж байна, ...одоогийн байдлаар уг гэрээт ажлын авто замын зорчих хэсэг, газар доогуурх байгууламжийн ажлууд нь зураг төсвийн дагуу хийгдэж дууссан байна...” гэх тодорхойлолт, “Дархан барилга захиалагч” ОНӨААТҮГ 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/05 дугаар албан бичгээр  “...2014-2015 онд “Ө” ХХК нь Дархан-Уул аймгийн шинэ хуучин Дарханыг холбосон 8 км автозамын ажлын эхлэл болон 2,48 км автозамын зорчих хэсгийг 100 хувь хийж дуусгаад байна. Гэрэлтүүлэг, тохижилтын ажил хийгдсэний дараа ашиглалтад хүлээлгэн өгнө” гэх тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байх тул “инженер техникийн ажилчид болон техникийн чадавхийн үзүүлэлтийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн” гэх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тайлбар үндэслэлтэй байна. 

Мөн “Ө” ХХК-ийн тендерийн баримтаас  дүгнэхэд “Ө” ХХК-ийн өмнөх онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан болон түүнд тусгагдсан борлуулалтын орлогын хэмжээ нь санхүүгийн үндсэн шалгуурыг хангасан болох нь тогтоогдож байна. 

Үнэлгээний хороо дээрх асуудлыг тодруулж, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаж гишүүдийн олонхийн саналаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хурлын шийдвэрийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх...” гэж тус тус заасны дагуу Үнэлгээний хороо нь хуулиар өөрт олгогдсон чиг үүргийнхээ дагуу шийдвэр гаргажээ гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн гаргасан “...Л.Б******* нь “Ө” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орсон, мөн 2016 оны 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын тайлангийн НД8 маягтад байхгүй зэрэг нь ТОӨЗ 5.3/г/-д заасныг хангаагүй...” гэсэн гомдлыг Үнэлгээний хорооны гишүүд хуралдаанаар хэлэлцээд олонхийн саналаар тухайн шаардлагыг “Ө” ХХК хангасан гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. Учир нь тус тендерийн баримт бичигт хавсаргасан Л.Б*******ийн Гидротехникч инженерийн дээд боловсролын диплом, “Усан хангамж, ус цэвэрлэгээ” мэргэжлээр “Барилгын инженер”-ийн Магистрын диплом, Л.Б******* нь 25 жил усны барилгын инженер мэргэжлээр ажилласан, холбогдох байгууллагад ажилласан туршлага байгаа зэрэг баримтаар  нотлогдож байна.

Мөн “Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3/в/-д “Далангийн индүү 10 тонн 2 ширхэг гэж заасан байгаа, ...5 тонны хүчин чадалтай индүү нэг хоног хүрэхгүй буюу 18.6682 м/цаг ажиллах ажилд 10 тонн хүчин чадалтай индүү 2 ширхэг шаардлагатай гэж заасан нь үндэслэлгүй, илт хууль зөрчсөн” гэх тухайд. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ... ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заажээ.

Тиймээс нэгэнт захиалагчаас ирүүлсэн шаардлагын дагуу боловсруулсан тендерийн баримт бичгийн дагуу сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, мөн энэ талаар “Ш” ХХК нь дээрх хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан байна. 

Нэхэмжлэгчийн “...“Ө” ХХК нь НХААГ-т ирүүлсэн тендерийн саналдаа итгэмжлэгдсэн бичиг хавсаргасан байх бөгөөд уг бичигт “Л******* овогтой М******* нь “Ө” ХХК-ийг төлөөлж “Баруун уулын үерийн хамгаалалтын засварын шинэчлэлтийн ажил”-ын тендерийн баримт бичиг, ...гэрээ хэлцэл, ...албан бичигт гарын үсэг зурах эрхтэй” гэсэн байна. Гэтэл тендерийн үнийн санал, бусад холбогдох баримт бичигт Г.У гарын үсэг зурсан нь ТОӨЗ-ны 22 дугаар зүйлд заасан шаардлагын хангаагүй” гэх гомдлын тухайд. 

“Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.У нь тендерт оролцогчийн боловсруулсан тендерийн агуулга, үнэтэй холбоотой хуудсанд өөрөө гарын үсэг зурсан нь ТОӨЗ 14 дүгээр зүйл “Тендерийн иж бүрдэл” гэсэн хэсгийн /г/-д “Тендерт оролцогчийг төлөөлж ТОӨЗ 22 дугаар зүйлд заасны дагуу тендерт гарын үсэг зурах этгээдийн гарын үсгийг баталгаажуулж бичгээр гаргасан байх, түүний итгэмжлэл” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гүйцэтгэх үүргийг итгэмжлэл олгосон этгээд өөрөө гүйцэтгэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд Г.У нь тус компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.3-д “...27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу Үнэлгээний хороо тухайн тендерийн үнэлгээг хийж дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар гуравдагч этгээд “Ө” ХХК-ийг тус тендерт сонгон шалгаруулсныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар магадлалыг хэрэгт нотлох баримтаар цуглуулсан бөгөөд уг иргэний хэрэгт “Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, “Ө” ХХК нь нэхэмжлэгчээр оролцсоныг тендертэй холбоотой асуудлаар эрүү, иргэн, захиргааны хэрэгт хариуцагчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтээгүүр Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 201 тоот тодорхойлолт нь эрх бүхий байгууллагын албан ёсны баримт учраас Үнэлгээний хороо түүнийг үндэслэж шийдвэрлэсэн байна. 

Мөн “Хатуу хучилттай авто зам 1.79 км /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 1 хороо Хонхор тосгон/” барилгын ажил гүйцэтгэх гэрээг гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн ерөнхий захирал М.Т*******, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Б******* нар 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулжээ. Харин Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зарлагдсан НХААГ- дугаартай “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах тендерт оролцох тендерийн баримтыг “Ө” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 121/2016 тоот албан бичгээр эцсийн байдлаар хүргүүлснээс үзэхэд “цаг хугацааны хувьд “Хатуу хучилттай авто зам 1.79 км /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 1 хороо Хонхор тосгон/” барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах эсэхээ мэдэх боломжгүй байсан” гэх гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1/575 тоот албан бичгээр  дээрх 1.79 км авто замын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа талаар тодруулга ирүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв. 

Үнэлгээний хороо хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаж гишүүдийн олонхийн саналаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Үнэлгээний хорооны тэмдэглэлийг хүргүүлж, зохих журмын дагуу гэрээ байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3/425 дугаар албан бичгээр эцсийн байдлаар мэдэгдсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагадаа “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/320 тоот “Ө” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгасан захиргааны актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна”, 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу тендерийн захиалагч нь тус тендерт шалгарсан “Ө” ХХК-тай гэрээ байгуулах эсэх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байна. 

Түүнчлэн захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон байх ёстой. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг дахин сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 6 сарын 20-ны өдрийн тэмдэглэл хэлбэрээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул “...“Ш” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгах...” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 0 сарын 26-ний өдрийн А/66 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн хавсралтаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталснаар “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын санхүүжилт 2016 онд хийгдэж, 2017 онд дуусахаар төлөвлөсөн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д “...зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх” гэж заасан байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.3, 46.1.8, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2016 оны 5 сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр, “Ш” ХХК-ийн тендерээс татгалзсан 2016 оны 5 дугаар 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Ө” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөсөн Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Ө” ХХК-ийг дахин шалгаруулсан 2016 оны 6 сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ш” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 5 зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ДОЛГОРСҮРЭН