Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0698

 

“Шимт газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гончигдорж, М.Баянзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Шимт газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.3, 46.1.8, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-ийн “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Өсөх-Урам” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2016 оны 05 сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр, “Шимт газар” ХХК-ийн тендерээс татгалзсан 2016 оны 05 дугаар 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Өсөх-Урам” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөсөн Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Өсөх-Урам” ХХК-ийг дахин шалгаруулсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Шимт газар” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Өсөх-Урам” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сангийн яамны дээрх 5/4011 тоот бичгийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/411 дүгээр албан бичгээр “Өсөх-Урам” ХХК-аас Дархан сумын шинэ хуучин Дарханыг холбосон 8 км автозамын ажлын гэрээ, явц, захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт, инженер техникийн ажилчдын талаарх мэдээллийг авахад ...тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байх тул “инженер техникийн ажилчид болон техникийн чадавхийн үзүүлэлтийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн” гэх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тайлбар үндэслэлтэй байна” гэх тухайд:

Тайлбар:

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Захиалагч шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг бичгээр ирүүлнэ”, 14.8-д “Захиалагч энэ зүйлийн 14.7-д заасан мэдээллийг тендерт оролцогчийн тухайн гэрээг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхийг үнэлэхэд харгалзан үзнэ “ гэж заасан байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.2 (г)-д “Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн нийт барилгын ажлын өртөг, хугацаа, байршил зэргийг харуулсан жагсаалт”, мөн ТОӨЗ 5.2 (д)-ийн 2-т “Улсын болон Нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй ажлыг гэрээгээр хийсэн, хийгдэж байгаа /дуусаагүй/ болон гэрээгээр хийгдэх ажлуудын өртөг, хугацаа, байршил зэргийг харуулсан жагсаалт, уг гэрээнүүдийн гүйцэтгэл, явц, хийгдэх гэрээний талаар захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлнэ”, мөн ТОӨЗ 14.1 (ж)-ийн 6-д “Тендерт оролцогч нь өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтнуудыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан байна.

Ийнхүү тендерийн баримт бичигт хийж гүйцэтгэсэн болон хийж гүйцэтгэж байгаа барилгын ажлын талаарх мэдээллийг шаардсаар байхад “Өсөх-Урам” ХХК нь Дархан Уул аймгийн Дархан сумын шинэ хуучин Дарханыг холбосон автозамын ажлын талаарх мэдээллийг тендерийн саналдаа хавсарган ирүүлээгүй нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

•          “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийн саналд хавсарган ирүүлсэн “Тендерт шалгарч
хийж гүйцэтгэсэн ижил төстэй барилга угсралтын ажлууд”, “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн барилга угсралтын ажлууд 2014-2015 он” гэсэн жагсаалт

•          Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2016.06.17-ны өдрийн 3/411 дугаар албан бичиг

•          “Өсөх-Урам” ХХК-ийн 2016.06.17-ны өдрийн 171/2016 тоот албан бичиг

Анхан шатны шүүх нь “Өсөх-Урам” ХХК захиалагчийн тавьсан шаардлагын дагуу “мэдээлэл ирүүлэх үүрэг”-ийг биелүүлээгүй, хууль болон тендерийн баримт бичигт тавьсан шаардлагыг зөрчсөн үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь тодруулга авах нэрээр “Өсөх-Урам” ХХК-ийн нэмэлт материал авч, түүнийг үнэлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно.”, 25.2-т “Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд анхан шатны шүүх энэ хууль бус үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

“Өсөх-Урам” ХХК нь тендерийн баримт бичигт шаардсаны дагуу “мэдээлэл ирүүлэх үүргээ биелүүлээгүй” үйлдэл, үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг үнэлж, дүгнэхийн оронд “Өсөх-Урам” ХХК-ийн нэмж ирүүлсэн нэмэлт материалын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлаж, энэ нь “инженер техникийн ажилчид болон техникийн чадавхийн үзүүлэлтийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн” Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзээд ... Үнэлгээний хороо нь хуулиар өөрт олгогдсон чиг үүргийнхээ дагуу шийдвэр гаргажээ гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруугаар тайлбарласан гэж үзэж байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Л. Бат.мөнх нь “Өсөх-Урам”ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажилд орсон, мөн 2016 оны 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын тайлангийн НД 8 маягтад байхгүй зэрэг нь ТОӨЗ 5.3 /г/-д заасныг хангаагүй” гэсэн гомдлыг Үнэлгээний хорооны гишүүд хуралдаанаар хэлэлцээд олонхийн саналаар тухайн шаардлагыг “Өсөх-Урам” ХХК хангасан гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна,.” гэх тухайд:

Тайлбар.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж заасан байна

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.3 (г)-д “Ерөнхий инженер, усны барилга байгууламжийн инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тендерт оролцогчийн үндсэн орон тооны ажиллах хүч байна. Үүнийг нотолж тухайн ажиллагсдын нэрсийн дагуу 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын нийгмийн даатгалын газар нь албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг НД7, НД 8 маягтаар ирүүлнэ. Шинээр ажилд орсон бол Нийгмийн даатгалын дэвтрийн эхний 1 дүгээр хуудас болон Даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нотариатаар гэрчлүүлсэн ажилд томилсон тушаалын хамт ирүүлнэ. Гэрээг хариуцаж ажилласан туршлагатай байх хугацаа 3 жил” гэж заасан байна.

Энэ шаардлагын дагуу “Өсөх-Урам” ХХК-ийн усны барилга байгууламжийн инженер Л.Батмөнх нь:

•          “Өсөх-Урам” ХХК-ийн үндсэн орон тооны ажилтан байх ёстой

•          “Өсөх-Урам” ХХК-ийн 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын нийгмийн даатгалын НД 8 маягтад нэр нь байх ёстой

•          Л.Батмөнхийн гэрээг хариуцаж ажилласан туршлага нь 3 жил байх ёстой.

Гэтэл “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийн саналд хавсарган ирүүлсэн инженер Л.Батмөнхийн материал нь тендерийн баримт бичгийн энэ шаардлагыг хангаагүй болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байна.

•           Сангайн яамны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/4011 дүгээр “Гомдол хянан үзсэн тухай” албан бичигт “Захиалагчийн зүгээс тус тендерт “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулах эрх олгосон “Өсөх-Урам” ХХК-ийн усны барилга байгууламжийн инженерээр санал болгосон Л.Батмөнх нь Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэл бүртгэх дэвтэр ирүүлсэн, 2016 оны 1 болон 2 дугаар сард нийгмийн даатгал төлсөн талаарх НД8 маягтад Л.Батмөнхийн нийгмийн даатгал төлсөн талаар тэмдэглэл байхгүй байгаа нь ТОӨЗ 5.3 /г/ -д “Ерөнхий инженер, усны барилга байгууламжийн инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тендерт оролцогчийн үндсэн орон тооны ажиллах хүч байна. Үүнийг нотолж тухайн ажиллагсдын нэрсийн дагуу 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын нийгмийн даатгалын газар нь албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг НД7, НД 8 маягтаар ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангахгүй байна” гэж заасан.

•          “Өсөх-Урам” ХХК-ийн ирүүлсэн тендерт хавсарган ирүүлсэн Л.Батмөнхийн “Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэл бүртгэх хуудас” нь өөрөө Л.Батмөнх уг компанид үндсэн ажилтнаар ажилладаггүй болохыг нотолж байна. Л.Батмөнхийн нийгмийн даатгалын дэвтрийг ирүүлээгүй байхад Үнэлгээний хороо түүний гэрээ хариуцаж, мэргэжлээрээ ажилласан жил нь 3 жил гэдэг шаардлагыг ямар нотлох баримтыг үндэслэж хангасан гэж үзсэн нь тодорхойгүй.

•          Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн “Өсөх-Урам” ХХК болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан НХААГ-16/0130 тоот Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлтийн ажлын гэрээнд “Өсөх-Урам” ХХК-ийг төлөөлж Ерөнхий инженер Ч.Гантөмөр, инженер Т.Чунаг гэж хүмүүс гарын үсэг зурсан байна. /Жич: “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийн саналд Ерөнхий инженерээр Д.Энхболд гэж материал ирүүлсэн/. Үүнийг шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа “энэ маргаан өөрөө тендерийн хорооны шийдвэртэй холбоотой асуудал, гэрээ бол дараагийн асуудал” гэж тайлбарласан нь зөвхөн тендерт ялахын тулд инженер техникийн ажилтнуудын материалыг бүрдүүлж өгсөн болохоо нотолж байна.

Шүүгч дээрх нотлох баримтуудыг үнэлээгүйгээр барахгүй тэр талаар дурдсангүй. Харин “...Үнэлгээний хорооны гишүүд хуралдаанаар хэлэлцээд олонхийн саналаар тухайн шаардлагыг “Өсөх-Урам” ХХК хангасан гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн үйлдэл гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:” 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;” 27.1.2-д “техникийн тодорхойлолт;”

27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөх цөл, шаардлага” гэж,

27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж,

27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Үнэлгээний хорооны дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн үйлдэлд үнэлэлт, дүгнэлт хийхийн оронд “...олонхийн саналаар тухайн шаардлагыг “Өсөх-Урам” ХХК хангасан гэж үзсэнийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...”Өсөх-Урам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ундармаа нь тендерт оролцогчийн боловсруулсан тендерийн агуулга, үнэтэй холбоотой хуудсанд өөрөө гарын үсэг зурсан нь ТОӨЗ 14 дүгээр зүйл “Тендерийн иж бүрдэл” гэсэн хэсгийн /г/-д “Тендерт оролцогчийг төлөөлж ТОӨЗ 22 дугаар зүйлд заасны дагуу тендерт гарын үсэг зурах этгээдийн гарын үсгийг баталгаажуулж бичгээр гаргасан байх, түүний итгэмжлэл” гэж заасныг зөрчөөгүй ...” гэх тухайд:

Тайлбар.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4 дүгээр зүйлийн 4.4-д Тендерт оролцогч нь эрх бүхий эсэхийг дараах мэдээлэл, нотлох баримтад үндэслэн тогтооно. Үүнд: тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл, мөн зааварчилгааны 14 дүгээр зүйл “Тендерийн иж бүрдэл” гэсэн хэсгийн (г)-д “Тендерт оролцогчийг төлөөлж ТОӨЗ-ны 22 дугаар зүйлд заасны дагуу тендерт гарын үсэг зурах этгээдийн гарын үсгийг баталгаажуулж бичгээр гаргасан байх, түүний итгэмжлэл”, мөн зааварчилгааны 22 дугаар зүйлийн 22.2-т “Тендерт оролцогчийн боловсруулсан тендерийн агуулга, үнэтэй холбоотой бүх хуудсанд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурна” гэж заасан байна.

Тендерт оролцогч нь “Өсөх-Урам” ХХК буюу хуулийн этгээд. Тус компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, компанийг төлөөлж тендерийн үнийн санал гаргах, гэрээ байгуулах зэрэг эрхийг баталгаажуулах, эрх бүхий эсэхийг нотлох зорилгоор тендерийн баримт бичигт “итгэмжлэл” шаардсан байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, хавтаст хэрэгт авагдсан “Өсөх-Урам” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Өсөх-Урам” ХХК нь иргэн Маамуу овогтой Төмөртогоо гэсэн нэг хувьцаа эзэмшигчтэй болох нь тогтоогдож байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч М.Төмөртогоогийн зүгээс Г.Ундармаад олгосон эрх хэмжээг тодорхойлсон гэрээ болон итгэмжлэл “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийн санал болон тендерийн бусад баримт бичигт байхгүй байна.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл”-ийг их хэмжээний хэлцэл, 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж тус тус заасан байна.

“Өсөх-Урам” ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар актив буюу хөрөнгийн нийт дүн нь 2 721 758 578 төгрөг байх бөгөөд Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажлыг 881 547 145 төгрөгөөр гүйцэтгэхээр тендерийн үнийн санал гаргаж, гэрээ байгуулсан нь Компанийн тухай хуулийн дагуу активын нийт дүнгийн 25 хувиас дээш давсан их хэмжээний хэлцэл байна. Энэхүү их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг Хувьцаа эзэмшигч өөрөө гаргах эсхүл хувьцаа эзэмшигчийн тухайлан өгсөн итгэмжлэлээр Гүйцэтгэх захирал гаргах эрхтэй байсан байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн итгэмжлэлийн зорилго болон түүний агуулга хуульд нийцэж байгаа эсэх, Гүйцэтгэх захирал Г.Ундармаагийн эрхийн хүрээг тодорхойлж, дүгнэлт хийлгүйгээр шууд “Г.Ундармаа нь тус компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, “Өсөх-Урам” ХХК нь нэхэмжлэгчээр оролцсоныг тендертэй холбоотой асуудлаар эрүү, иргэн, захиргааны хэрэгт хариуцагчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм“ гэх тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсныг шүүх, энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” бол тендерт оролцогчийг ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэж заасан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар магадлалаар “Тендер шалгаруулалтад ялсан “Өсөх-Урам” ХХК нь Худалдах худалдан авах гэрээний дагуу шинэ автобус нийлүүлэх үүрэгтэй байсан боловч шинжээчийн дүгнэлтээр тус компанийн нийлүүлсэн автобус нь гэрээнд заасан чанар байдлын хувьд шаардлага хангахгүй болохыг тогтоосон учир “Өсөх-Урам” ХХК-ийн гаргасан автобусыг хүлээн авч, үнийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” байна.

Тодруулбал, энэ шүүхийн шийдвэр, магадлалаар “Өсөх-Урам” ХХК нь худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч ““Өсөх-Урам” ХХК нь нэхэмжлэгчээр оролцсоныг тендертэй холбоотой асуудлаар эрүү, иргэн, захиргааны хэрэгт хариуцагчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дахь заалтыг илт буруугаар тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Ийнхүү Үнэлгээний хороо нь Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Өсөх-Урам” ХХК-ийг шалгаруулахдаа

•          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан Ерөнхий нөхцөлийг хангаагүй “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийг хянаж, үнэлэх ажиллагаа хийж хууль зөрчсөн

•          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага, захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн тендер” гэж үзэн “хамгийн сайн” тендер гэж үнэлэн хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг дутуу үнэлж, зохих хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хууль бус захиргааны актыг хэвээр үлдээлээ.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 641 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учир уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр “Өсөх-Урам” ХХК-ийг сонгон шалгаруулсан, “Шимт газар” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/160 дугаар захирамжийн 6 дугаар хавсралтаар “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах Үнэлгээний хороог байгуулснаар Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 /Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана/-т зааснаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, нийтэд зарлажээ.

Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 5.3-ын (г) [1]-д “гэрээнд заасан ажилтай төрөл, дүнгээрээ дүйцэх ажил дээр Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд зааснаас доошгүй хугацаанд нь гэрээг хариуцаж ажилласан туршлага бүхий ерөнхий инженертэй байх”-аар,

Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны Хоёрдугаар бүлэг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3 (г) [2]-д “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ХАБЭА-ны сургалтад хамрагдсаныг нотолж гэрчилгээний /сертификат/-хуулбарыг нотариатаар батлуулж ирүүлэх”-ээр,

“Ерөнхий инженер, Усны барилга, байгууламжийн инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тендерт оролцогчийн үндсэн орон тооны ажиллах хүч байна. Үүнийг нотлох тухайн ажиллагсдын нэрсийн дагуу 2016 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын Нийгмийн даатгалын газар нь албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг НД7, НД8 маягтаар ирүүлнэ. Шинээр ажилд орсон бол Нийгмийн даатгалын дэвтрийн эхний 1 дүгээр хуудас болон “Даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийг нотариатаар гэрчлүүлсэн ажилд томилсон тушаалын хамт ирүүлэх”-ээр, ажлын туршлагыг 3 жил байхаар заажээ.

“Өсөх-Урам” ХХК-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Усны барилга байгууламжийн инженерээр Л.Батмөнхийг томилсон тухайн инженер нь Борнуурын услалтын систем, /2004 он/, “Аригшан” ХХК-д ерөнхий инженер /2010-2015 он/, Багануур дүүргийн үерийн хамгаалалтын далан суваг зэрэг ажлуудад ажилласан гэж төсөлтэй холбоотой ажлын туршлагыг 4 жил гэж тодорхойлон ирүүлсэн,  тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаас Л.Батмөнхийг Гидротехникч инженерийн дээд боловсролын диплом, Усан хангамж, ус цэвэрлэгээ мэргэжлээр Барилгын инженерийн магистрын дипломтой, усны барилгын инженер мэргэжлээр 25 жил ажилласан нь шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч компанийн тухайд тендерт ирүүлсэн бичиг баримтыг хэлэлцэж, машин механизм дутуу ирүүлсэн, өндөр үнэ санал болгосон нь тогтоогдсон бөгөөд Тендерийн үнэлгээний хороо уг үндэслэлээр ирүүлсэн тендерээс нь татгалзсан, энэ тохиолдолд гуравдагч этгээд “Өсөх-Урам” ХХК-ийг тендерийн шаргаруулсны улмаас нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

2. “Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлтийн ажил”-ын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “Өсөх-Урам” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөсөн Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

ТОӨЗ 14.1 (ж)-ийн 6-д “Тендерт оролцогч нь өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтнуудыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заажээ.

“Шимт газар” ХХК-аас гаргасан ялангуяа “Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хуучин Дарханыг холбосон автозамын ажлын талаарх мэдээллийг тендерийн саналдаа ирүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авч хянаад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/4011 дүгээр албан бичгээр ““Шимт газар” ХХК-ийн санал болгосон Далангийн индүү нь 5 тонн байгаа нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 5.3 /в/-д “Далангийн индүү 10 тонн байх” шаардлагыг хангаагүй, барилгын инженер Б.Дэнсмаа нь ТОӨЗ-ны 5.3 /г/-д “Барилгын инженер 3 жилийн ажлын туршлагатай байх” гэсэн шаардлагуудыг хангаагүй тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж, мөн холбогдох байгууллагаас тодруулж, дахин үнэлгээ хийхийг мэдэгджээ.

Энэ хүрээнд Үнэлгээний хороо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5-1060, “Дархан барилга захиалагч” ОНӨААТҮГ-ын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/05 дугаар албан бичгүүд болон “Өсөх-Урам” ХХК-аас ирүүлсэн тодруулгыг хангалттай гэж үзэн “Өсөх-Урам” ХХК-ийг дахин шалгаруулж, тус хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 /тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх/-т нийцжээ.

Тодруулбал, “Өсөх-Урам” ХХК 2014-2015 онд Дархан-Уул аймгийн шин хуучин Дарханыг холбосон 8 км замын эхлэл болох 2.488 км автозамын зорчих хэсгийг 100 хувь хийж дуусгасан нь Худалдан авах ажиллагааны газарт явуулсан “Дархан барилга захиалагч” ОНӨААТҮГ-ын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/05 дугаар албан бичгээр  тогтоогджээ.

Тиймээс хариуцагчийг “Өсөх-Урам” ХХК-ийн тендерийн бичиг баримтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 /Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана/-т заасныг зөрчин хүлээн авсан гэж буруутгах боломжгүй.

Үүнээс үзвэл “Өсөх-Урам” ХХК-ийг дахин шалгаруулсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй бөгөөд энэ талаар “тендерийн баримт бичигт шаардсаны дагуу мэдээлэл ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хууль бус үйлдэлд дүгнэлт өгөөгүй” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн “Өсөх-Урам” ХХК-ийн Тендерийн бичиг баримтад тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Ундармааг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн, тендерт оролцогчийн боловсруулсан тендерийн агуулга, үнэтэй холбоотой хуудаст гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан нь ТОӨЗ-ны 14 дүгээр зүйл “Тендерийн иж бүрдэл” гэсэн хэсгийн /г/-д “Тендерт оролцогчийг төлөөлж ТОӨЗ-ны 22 дугаар зүйлд заасны дагуу тендерт гарын үсэг зурах этгээдийн гарын үсгийг баталгаажуулж бичгээр гаргасан байх, түүний итгэмжлэл” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гүйцэтгэх үүргийг итгэмжлэл олгосон этгээд өөрөө гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн гэн үндэслэл болохгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 “Өсөх-Урам” ХХК нь “Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан, улмаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар магадлалаар тухайн иргэний хэргийг шийдвэрлэсэн нь тендертэй холбоотой асуудлаар эрүү, иргэн, захиргааны хэрэгт хариуцагчаар оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэснийг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 641 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “28 дугаар зүйлийн 28.7, 28.7.4, 46.1, 46.1.8, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР