Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 157

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,                     

           улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэгмид овогт Нийттайвангийн Баасансүрэнд холбогдох 1708025120488 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-556 тоот хашааны гадаа согтуугаар ямар ч шалтгаангүйгээр иргэн Э.Эрдэнэхуягтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Н.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-556 тоот хашааны гадаа согтуугаар ямар ч шалтгаангүйгээр иргэн Э.Эрдэнэхуягтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-2-4/

- хохирогч Э.Эрдэнэхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед эхнэр Энхзулын хамт Амарбаяраас зээлсэн мөнгөө авах гээд гэрт нь очсон. Би машиндаа үлдээд эхнэр Энхзул Амарбаяртай хашааных нь гадаа уулзаад зогсож байхад Энхзулын нөхөр Баасансүрэн хашаанаасаа гараад ирэхээр нь би мэндлэх санаатай “сайн уу” гэхэд “чи мэнд мэддэг хэн бэ” гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан. Бид хоёр давхралдаад газар унасан. Баасансүрэн миний уруул руу духаараа мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-7-9/

- гэрч Б.Амарбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр намайг гэрт байхад 11:00 цагийн үед манай найз Энхзул нөхөр Эрдэнэхуягийг дуудахаар нь гараад Энхзултай уулзаад зогсож байтал нөхөр Баасансүрэн гарч ирээд “хэн юун хүн бэ” гэхэд “Энхзул байна” гэсэн бөгөөд Энхзулд “60.000 төгрөгийн өртэй юм” гэхэд Эрдэнэхуяг нь Баасансүрэнг машин руу түлхээд, тонгорч унагаасан. Тэгээд тэр 2 босоод ирэхээр нь больчихлоо гэж бодоод Энхзул руу харах хооронд Эрдэнэхуяг “энэ намайг мөргөчихлөө, миний шүдийг гэмтээчихлээ, цагдаад дууд” гээд Баасансүрэн эхнэр лүүгээ хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-14-16/

- гэрч Б.Энхзулын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн орчим нөхөр Эрдэнэхуягийн хамт Амарбаяртай уулзахаар очсон. Эрдэнэхуяг машиндаа үлдсэн байсан. Амарбаярын нөхөр машин руу явж очоод Эрдэнэхуяг машинаас буугаад тэр барьцалдаад байснаа газар зууралдаад унасан. Амарбаярын нөхөр Эрдэнэхуягийн нүүр лүү мөргөчихсөн...гэх мэдүүлэг /хх-17-18/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14321 дугаартай шинжээчийн:...Э.Эрдэнэхуягийн биед 1 шүдний сулрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-27/

- яд шалгах хуудас /хх-42/

- шүүгдэгч Н.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ Энхзолын хамт 1 шил архи хувааж уусан. Гэр лүүгээ орох гэхэд Амарбаяр хүнтэй юм ярилцаад байгаа бололтой байхаар нь “юун хүмүүс вэ, яах гэж яваа юм бэ” гэхэд эхнэр Амарбаяр “Зулаа л байна ш дээ, надаас мөнгө авах гэж ирсэн байна” гэсэн. Машины цонхоор нэг залуу юм хэлэхээр нь би “чи дуугүй бай, чамтай яриагүй байна” гэхэд нөгөө залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд намайг тонгороод газар унагаагаад, нэг удаа толгой руу өшиглөсөн. Тонгорч унаад ноцолдох үед би гар хөлөө сарвалзуулахдаа нүүр аманд нь ганц, нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-40-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Н.Баасансүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

   Хохирогч Э.Эрдэнэхуяг нь ямар нэгэн саналгүй /хх-56/ гэжээ. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.      

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Н.Баасансүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Баасансүрэнг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Баасансүрэнд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Бнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Баасансүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР