Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 710

 

Э.Энхтайванд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                  

          Прокурор Ц.Гансүлд,

          Ялтан Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,    

          Хохирогч Г.Нацагдорж,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2016 0107 0123 дугаартай Э.Энхтайванд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хаад боржигон овгийн Энхбатын Энхтайван, 1987 оны 8 дугаар сарын 7-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зуухны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 26 дугаар гудамжны 456 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧД87080718/,

          Э.Энхтайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 7 дугаар гудамжны 650Б тоотод хамтран амьдрагч З.Ариунтуяаг “зээлсэн мөнгө өг” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодсон үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Г.Нацагдоржийн өгзөг рүү хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

         

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Энхтайваны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Энхтайванг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг хэрэглэн танхайрсан гэм буруутайд тооцож, Э.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Э.Энхтайванд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Энхтайванд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Энхтайваны цагдан хоригдсон нийт 202 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн брюкэн болон дотуур өмдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Э.Энхтайваны гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул хохирлын баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Ялтан Э.Энхтайван давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Нацагдоржийг тухайн үед юунаас болж хутгалснаа санахгүй байгаа. Өөрт сонсгосон хуулийн зүйл анги, гэмт үйлдлийг талаар надад маргах зүйл байхгүй. Гол нь хохирогчийн эмчилгээний зардал, төлбөрт маргаантай байна.

            Г.Нацагдоржийг хутгалснаас хойш 2-3 хоногийн дараа Улаанбаатар төмөр замын эмнэлэг дээр очиж шархыг нь цэвэрлүүлэн, оёдол тавиулж, боолт хийлгэж өгсөн. Үүнээс гадна эхний удаа талийгаач З.Ариунтуяагийн хамт 250.000 төгрөг, 2 дахь удаагаа 150.000 төгрөг нийт 400.000 төгрөг бэлнээр эмчилгээнд нь зориулж өгсөн.

Дараа нь 280.000 төгрөгөнд тооцож “Портер” нүүрс буулгаж өгсөн. Гэтэл хохирогч нэг ч төгрөг аваагүй гэж зүтгээд байгаад гайхаж байна. Мөнгө хүлээлгэж өгсөн баримт үйлдээгүйдээ харамсаж байна. Хэрэв талийгаач З.Ариунтуяа амьд байсан бол үүнийг гэрчлэх байсан.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос эмчилгээний зардалд хэдэн төгрөг хүлээн авсан болохыг байцаагч асууж тодруулаагүй, хохирогч нэг болохоор 600.000 төгрөг, эсхүл 400.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж боловч хавтаст хэрэгт 1 хуудас ч баримт хавсаргаагүй байдаг. Баримт байсан бол ямар нэгэн аргаар хохирлыг барагдуулах талаар санаачлага гаргах байсан.

Хохирогч Г.Нацагдоржтой уулзаж хэдэн төгрөг хэрэгтэй байгаа талаар асуухаар гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй, утсаар залгахад утсаа авдаггүй, энэ байдлаас болж миний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд надад оногдуулсан хорих ялаас дээрх байдлыг харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэв.    

Ялтан Э.Энхтайваны өмгөөлөгч Ж.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Хохирогч Г.Нацагдорж нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 600.000 төгрөг, шүүх хуралдаанд 400.000 төгрөг нэхэмжилж байна гэж байгаа боловч хавтаст хэрэгт нэг ч баримт хавсаргаагүй, ямар эмчилгээ хийлгэсэн, ямар эм тариа хэрэглэснээ мэдэхгүй байгаа нь түүний нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг илтгэж байгаа юм. Иймд хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй учир ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хүлээж авна уу...” гэв.

 

            Хохирогч Г.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөр барагдуулсан, гомдол саналгүй, ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

            Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Энхтайванд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

 

          Э.Энхтайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 7 дугаар гудамжны 650Б тоотод хамтран амьдрагч З.Ариунтуяаг “зээлсэн мөнгө өг” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодсон үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Г.Нацагдоржийн өгзөг рүү хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Нацагдоржийн “...Э.Энхтайван нь талийгаач З.Ариунтуяаг татаж, чангаагаад хоёр хацар луу нь алгадаад “чи бос, миний мөнгийг өгөөдөх” гэхэд нь З.Ариунтуяа нойрмог, согтуурхан “чи юу яриад байгаа юм бэ, би чамд өргүй” гээд буцаад орон дээрээ дээшээ хараад хэвтэж байхад Э.Энхтайван гэрийнхээ унинаас барьж байгаад З.Ариунтуяагийн цээж болон толгой дээр нь хэд хэд дэвссэн. Тэгэхээр нь би босож очоод Э.Энхтайваныг түлхэж унагаахад Э.Энхтайван “та нар бүгдээрээ нутгархаж, намайг бөөрөлхөж байна, би гарч шээчихээд орж ирээд ална” гэж хэлээд гараад явсан..., З.Ариунтуяаг хойш нь орлуу түлхчихээд “чамайг гүйцээгээд алчихья, худлаа үхсэн юм шиг унтаад” гээд босч гал тогооны шүүгээний зүг очоод эргээд харахдаа гартаа урт хутга барьчихсан З.Ариунтуяа руу ухас хийхээр нь би босч очоод хутгатай гарыг нь барьж авах гээд чадалгүй З.Ариунтуяагийн цээжин дээр нь дараад хэвтэхэд Э.Энхтайван миний араас өгзөг рүү минь хутгалсан...” /хх 5-8, 9-10, 132/,

 

Гэрч С.Нарангэрэлийн “...Намайг унтаж байхад манай нөхөр Г.Нацагдорж “хөөе чи хүн аллаа шүү дээ” гээд орилоход нь сэртэл Э.Энхтайван хоолныхоо шүүгээний шургуулганаас хүрэн иштэй том хутга аваад манай нөхрийн зүүн гуя луу нь хутгаараа хатгасан...” /хх 16-20, 21/,

 

 Гэрч Д.Цэвээндоржийн “...Э.Энхтайван, З.Ариунтуяа хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаад Э.Энхтайван нь талийгаачийг “миний 5.0 сая төгрөгийг өг, тэгээд зайл” гээд орон дээр хэвтэж байхад нь гэрийнхээ унинаас барьж байгаад цээж болон толгой дээр нь дэвсээд байхаар нь Г.Нацагдорж бид хоёр түүнийг салгаж, би Э.Энхтайванг гэрээс нь аваад гарах гэхэд “та муусайнууд нийлж намайг зодох гэж байна уу” гээд над руу агсраад байсан. ...үүдний амбаар түгжчихсэн, гэрт орилоод явчихаар нь би “наад хаалгаа онгойлго” гэхэд Нарангэрэл хаалга онгойлгож өгсөн. Гэрт ороход гэрийн баруун орон дээр Г.Нацагдорж өмдөө тайлчихсан, гуянаас нь цус гарчихсан “наадах чинь намайг шаачихлаа шүү дээ” гээд, дэргэд нь С.Нарангэрэл, З.Ариунтуяа нар “чи яаж байгаа юм бэ” гээд зогсож байсан. Э.Энхтайван гэрийнхээ хойморын орны өмнө гартаа хүрэн иштэй хутга барьчихсан зогсож байхаар нь хутгын салгаж авсан...” /хх 22-26, 27/,

 

Гэрч Ш.Нарангэрэлийн “...унтаж байхад З.Ариунтуяа гэрийн хаалга нүдэж орж ирээд “Э.Энхтайван гэртээ хүн хутгалчихлаа, хамт явцгаая” гээд Э.Энхтайваны гэрт очсон. Тэгээд гэрт нь очиход Э.Энхтайваны гар, хөлийг нь хүлчихсэн байдалтай газар хэвтэж байсан. Э.Энхтайванд хутгалуулсан Г.Нацагдорж гэх залуу гэрийн хойморт газар байсан орны матрас дээр сууж байсан...” /хх 28-30/,

 

Гэрч Я.Зидаабазарын “... “Э.Энхтайван хүн хутгалчихлаа” гээд эхнэр бид хоёр Э.Энхтайваны гэрт очиход Э.Энхтайван газар хүлээтэй хэвтэж байсан...” /хх 31/,

 

Гэрч Ц.Цэцэглэнгийн “...намайг ажил дээр байхад Нарангэрэл над руу утсаар яриад “манай нөхөр Г.Нацагдорж хүнд хутгалуулчихлаа, ажлаасаа шарх боох шаардлагатай юм аваад ир” гэхээр нь иод, марль, спирт аваад очсон. Би “хүнд хутгалуулсан юм бол Гэмтэл орохгүй яасан юм бэ” гэхэд “хороололд явж байгаад танихгүй хүнд хутгалуулсан” гэж Г.Нацагдорж хэлж байсан...” /хх 34-35/,

 

Гэрч С.Жамбалнямбуугийн “...Э.Энхтайваны дагуулж ирсэн хүний биед үзлэг хийхэд “зүүн талынхаа өгзөгт 2 см орчим урт, 2 см гүнтэй, цэвэр шарх байсан. Үзүүлж байгаа хүнээс “энэ яасан шарх вэ” гэж асуухад “өчигдөр орой санаандгүй байж байгаад хатгуулчихсан юм” гэж хэлсэн...” /хх 36-37/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг өмд нь шинжилгээнд тэнцэнэ, шинжилгээнд ирүүлсэн өмднүүдийн саарал брюкэн өмдөнд үүссэн 4 см уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна, уг уранхай нь бага зэрэг бохирлогдсон байх тул шинэвтэр уранхай байна, саарал брюкэн өмдөнд үүссэн 4 см уранхай нь нэг удаагийн болон нэг цаг хугацаанд, нэг багаж зэвсгээр үүссэн байж болно...” гэсэн 4819 тоот шинжээчийн дүгнэлт /хх 39-41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Нацагдоржийн биед зүүн өгзөгт сорви гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 12188 тоот шинжээчийн дүгнэлт /хх 44-45/,

Ялтан Э.Энхтайваны сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Э.Энхтайванд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтны гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Гэвч Э.Энхтайван нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Нацагдорж нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “…хохирол барагдсан, гомдол саналгүй, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тайлбар, хүсэлт гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзэж Э.Энхтайванд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ талаар гаргасан ялтан Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

 

“...Э.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар Э.Энхтайваныг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

3 дахь заалтыг “...Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтайванд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар Э.Энхтайванд оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

 

 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтайванд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтайванд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ