Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“Х.х.к” ХХК-нд

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Баттөр, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х.х.к” ХХК-нд холбогдох

 

 “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Б миний бие “Х.х.к” ХХК-ийн Хаан бууз ГОК АБК салбарт туслах тогоочоор ажилладаг байсан юм. Гэтэл намайг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/87 тушаалаар ажлаас халлаа. Би өөрийгөө ажлаас халагдах хэмжээний буруутай үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна. Намайг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын цагаар ажлын байранд худалдаа наймаа хийсэн гэж буруутгасан. Тэр өдөр би Зш футволкыг О, Нарантуяа, Энхмөрөн гуравт өгсөн. Эд бараа дэлгэж, сонгуулж үнэ хөлс ярилцаж наймаалцсан явдал болоогүй. Би хүний захиалсан юмыг л авчирч өөрсдөд нь өгсөн. Олон ажилчдын ажлыг алдагдуулж урт хугацаагаар ажлаас нь хөндийрүүлж бараа зараагүй. Өөрийн ажлын өрөөнд суурилуулсан камерыг ажил эхлэхийн өмнө тогооч Д.Аийн хамтаар хөдөлгөж үзэгдэх орчноо хязгаарласан. Үүнээс болж камер гэмтэж 132.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа ирэхэд тэр камер нь доошоо унжчихсан байхаар нь тогооч А дээш босгож тогтоосон. Би камер унжсан байгааг хараад тогоочид хэлсэн. Тогооч А скочоор дээш нь болгож тогтоосон. Бид ямар нэгэн зорилгоор камерыг эвдэж, үзэгдэх орчныг хязгаартай болгох зориудын үйлдэл огтоос хийгээгүй. 2020 он 05 дугаар сарын 22-ны өдөр компанийн эд зүйл болох 15ш кофе зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн гэжээ. Би энэ 15ш кофег өөртөө хэрэглээгүй гэрээт Онцгой Байдлын Ерөнхий Газрын ээлжийн ажилчид өдөр бүр салат цай, кофе, талх бэлтгэж нийлүүлэх гэрээний дагуу ажилчдад 15ш кофе хүргүүлсэн. Энэ нь гэрээний 5.10.1.5-д зааснаар цай, кофе сонголтоор нь хүргэх ёстой тул кофе авъя гэснээр нь хүргүүлсэн. Жолооч Ганбаатар авч явж хүргэж өгсөн. Хоёр байгууллагын хоорондын гэрээний дагуу хөдөлмөрийн гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тийм учраас би өөрийгөө хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Иймд Г.Б намайг “Х.х.к” ХХК-ийн Хаан бууз ГОК АБК салбарын туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн төлөөлөгч Б.Замбагацэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар тайлбартаа:

Г.Бгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын байранд ажлын цагаар хувцас хэрэглэл ажилчдад зарж ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн үндсэн үүрэг даалгаварт заагдаагүй байхад өөрийн ажлын өрөөнд суурилуулсан камерыг ажил эхлэхийн өмнө тогооч Д.Аийн хамтаар хөдөлгөж үзэгдэх орчноо хязгаарласан. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр компанийн эд зүйл болох 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч өөрийн нөхөртөө явуулсан зэрэг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг удаа дараа болон хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан. /Г.Б нь хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан/. Ийнхүү зөрчил гаргасан тухай асуудлыг компанийн удирдлагын багийн хурлаар хэлэлцэхэд эдгээр зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан төдийгүй би кофе авсан нь үнэн, худалдаа наймаа хийсэн нь үнэн, камерыг хөдөлгөхөд оролцсон нь үнэн, мөн ахлах тогтооч Ө.Дуламсүрэнг та энэ асуудлыг өөр дээрээ аваад гараач гэж өмнөөс нь өргөдөл хуурамчаар бичиж, гарын үсгийг ятгаж зуруулсан маань үнэн гэж асуудлыг хүлээн зөвшөөрч тайлбар бичиж байсан хүн гэнэт одоо яагаад өөр тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна.Гаргасан зөрчлийн талаар холбогдох ажилтан мэдээлж, удирдлагын багийн гишүүд ажилтан Г.Бгаас асууж тодруулахад өөрөө хүлээн зөвшөөрч өөр тайлбар *******, миний буруу гэсэн. Дээрх зөрчил гаргасныг холбогдох ажилтнууд гэрчилдэг. Мөн бусад баримтуудаар ч нотлогддог. Манай байгууллага Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг, хоол үйлдвэрлэл явуулдаг үйлчилгээний байгууллага бөгөөд үйлдвэрийн ажилчдын халуун хоолоор хангах энэ хариуцлагатай ажлыг бид үйлдвэрийн дүүрэгт явуулдаг. Иймээс хатуу сахилга баттай ажиллахыг ажилчдаас бид шаардаж хөдөлмөрийн гэрээ, дотоод журамдаа тусган ажилладаг. Гэтэл Г.Б нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01210 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн “Х.х.к” ХХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.Бг “Х.х.к” ХХК-ийн Хаан бууз ГОК АБД салбарын туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл байсан юм. Дараах нөхцөл байдлыг шүүх анхаараагүй. 15ширхэг кофе Г.Бгийн биеэс гараагүй. ӨӨрөөр хэлбэл ажил олгогч нь ажил тарах үед ажилтнуудын бие, цүнх, сав хувцсанд нь үзлэг нэгжлэг хийдэг гэх бөгөөд тэр үед Г.Бгаас тэр хувьдаа авсан гэх 15 ширхэг кофе гараагүй. Тийм учраас түүнийг 15 ширхэг кофег хувьдаа авсан гэж үзэх үндэслэл *******. 15 ширхэг кофе нярваас дутсан духай баримт *******. Ямар нэгэн хохирол төлбөрийн асуудал яригдаагүй. 15 ширхэг кофе хэрэв Г.Б авч гарсан эсвэл нөрөх лүүгээ явуулсан бол 15 ширхэг хаан сүүтэй цай, 15 ширхэг кофе илүү гарсан, дутсан тухай төлбөрийн акт гэдэг юм тухайн нярав, заалны зохион байгуулагч Энхтуяа хоёрын аль нэг дээр гарсан байх ёстой. Гэтэл тийм акт гараагүй байгаа нь 15 ширхэг кофе алга болоод түүнийг Г.Б авсан гэдэг нь үгүйсгэгдэнэ. 15 ширхэг кофег тэр өдөр Онцгой байдлын газрын гал унтраах анги руу гэрээт цагдаагийн алба хаагчдад хүргүүлсэн байж болох юм. Тэгвэл 15 ширхэг кофе гэрээний дагуу захиалгаар хоол хүргэдэг, авдаг газар л очсон байна. Авч хэрэглэх ёстой хүмүүс нь аваад хэрэглэж. “Х.х.к” ХХК болон “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5.10.3-т “Цай, кофе сонголтоор нийлүүлэх тухай заалт байна” Үүний дагуу захиалагч тал цайны оронд кофе сонгож. Байгууллагад ямар ч хохирол учраагүй байна. “Хаан хүнч катеринг” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.8.11-д “Компанийн өмч, хөрөнгө, эд зүйл /бүртгэлтэй болон бүртгэлгүй өдөр тутамд хэрэглэгддэг түүхий эд бүтээгдэхүүн, материал, хаягдал бүтээгдэхүүн, бусад/-ыг зохих зөвшөөрөлгүй авсан, авч гарсан, авч гарахыг завдсан, авч гарахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, завшин үрэгдүүлсэн, ашигласан, худалдсан, нуун дарагдуулсан, гэмтээсэн, чанар байдлыг алдагдуулсан, хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлсэн... бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тусгажээ” Мөн хөдөлмөрийн гэрээнд энэ заалтыг оруулсан байна. Гэтэл “Х.х.к” ХХК-ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/87 дугаартай тушаалд ...15 ширхэг кофе, зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн...гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд зөвшөөрөлгүйгээр хувьдаа ямар нэгэн эд зүйл авч хэрэглэсэн бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах тухай заалт ******* байна. Өөрөөр хэлбэл 15 ширхэг кофе захиалагчид хүргэгдсэн байхад, үүнээс болж компанид хохирол учраагүй байхад өөрөө 15 ширхэг кофег ууж хэрэглээгүй байхад 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн гэж үзэх ёсгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан заалт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

15 ширхэг кофе Г.Бгийн биед нэгжлэг хийхэд гараагүй, 15 ширхэг кофе нярваас дутсан баримт *******, ямар нэгэн хохирол төлбөрийн асуудал яригдаагүй гэжээ. Тэгвэл Г.Б 15 ширхэг кофег хоолны хамт тусад нь уутанд хийж жолоочоор нөхөртөө хүргүүлсэн тул энэ нь Г.Бгаас  гарах үндэслэл угаасаа *******. 15 ширхэг кофег нярваа  биш хоолны зааланд үйлчлүүлэгсдэд өгч байсан кофеноос авсан учраас нярваас дутах боломжгүй. Г.Бгийн авсан гэх 15 ширхэг кофег хохирол төлбөр гэж тавихаасаа урдаар түүний зөвшөөрөлгүй авсан үйлдлийг буруутгасан. Мөн 15 ширхэг кофег тэр өдөр Онцгой байдлын газрын гал унтраах ангид ажиллаж байсан нөхөртөө өгч явуулсан болох нь Болормаагийн өөрийн тайлбар, гэрч Ганбаатар, Дуламсүрэн болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. “Х.х.к” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх  гэрээний 5.10.3-т “Цай кофе сонголтоор нийлүүлэх тухай заалт байдаг” Гэхдээ тухайн өдөр кофе биш хаан сүүтэй цай явуулсан нь гэрч Оюунномингийн мэдүүлгээр нотлогддог. Г.Б компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.4.13-т заасан “...Компанийн хөрөнгө /бүртгэлтэй болон бүртгэлгүй өдөр тутмын хэрэглэгддэг түүний эд, бүтээгдэхүүн, материал, хаягдал бүтээгдэхүүн, бусад/-ыг зохих зөвшөөрөлгүй авахгүй байх” гэсэн үүргээ зөрчиж, мөн журмын 10.8.-11-д заасан заалтыг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 3.2.8-д заасан “Компанийн хөрөнгө /бүртгэлтэй болон бүртгэлгүй өдөр тутмын хэрэглэгддэг түүхий эд бүтээгдэхүүн, материал, хаягдал бүтээгдэхүүн, бусад/-ыг зохих зөвшөөрөлгүй авсан гэсэн” заалт дахь сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн бөгөөд нөхөртөө явуулсан болохоо өөрөө тайлбарласан учраас хувьдаа хэрэглэсэн байна гэж үзсэн. Иймээс Г.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажилд эгүүлэн тогтоох үндэслэл ******* байсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэхдээ шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Болормаагийн гаргасан гурван зөрчлөөс Г.Бгийн ажлын байранд ажлын цагаар хувцас хэрэглэл ажилчдад зарж, ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй учир камер хөдөлгөж үзэгдэх орчноо хязгаарласан гэх зөрчил нь давтан зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Ажил олгогчийн зүгээс Г.Бг эдгээр гурван зөрчлийг гурвууланг нь гаргасан гэж үзэж байгаа. Харин шүүх камер хөдөлгөсөн, 15 ширхэг кофе зөвшөөрөлгүй авсан нь тогтоогдож байна гэж үзсэн. Тэгвэл Г.Бгийн хөдөлмөрийн сахилыг удаа дараа буюу давтан, мөн Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх нь зүйтэй байсан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.-д заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Б нь “Х.х.к” ХХК-нд холбогдуулан туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Х.х.к” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/87 дугаар  дугаар тушаалд үндэслэн тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Г.Б нь “Х.х.к” ХХК-ны “Хаан бууз ГОК” АБК салбарт туслах тогоочоор ажиллаж байсан ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1., 131.1.3., дахь заалт компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4.1., 5.4.13., 10 дугаар зүйлийн 10.1., 10.2., 10.8.11., 10.8.12 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5., 3.2.8., 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2., 4.3.9., 4.3.10 дахь заалт, ерөнхий менежер Б.Шинэбаярын илтгэх хуудас, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн удирдлагын багийн хурлын тэмдэглэл, камерын бичлэгийн хуулбар, туслах тогооч Г.Бгийн тайлбар, салбар хариуцсан менежерийн сануулах хуудас зэргийг үндэслэн Г.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын байранд ажлын цагаар бараа бүтээгдэхүүн ажилчдад зарж ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн үндсэн үүрэгт заагдаагүй байхад өөрийн ажлын өрөөнд суурилуулсан камерыг ажил эхлэхийн өмнө тогооч Аийн хамт хөдөлгөж, үзэгдэх орчныг хязгаарласан, камер гэмтээж 132.000 төгрөгийн хохирол учруулсан зөрчил, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр компанийн эд зүйл болох 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч хувьдаа ашигласан зөрчил тус тус гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх нэхэмжлэгч Г.Бг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Б нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн гэх зөрчил нь гэрч Н.Энхтуяагийн “ажилчид хоолонд ороод нэлээд ачаалалтай үед зөөврийн салат дутаад байна, кофе хэрэгтэй гэхэд нь зөвшөөрөөгүй тэгэхэд өөрөө ууттай кофег задлаад аваад явсан манай заалнаас гарах ёсгүй, нярваас авах ёстой” гэсэн мэдүүлэг, гэрч Дуламсүрэнгийн “хоол савлаарай гээд хэдэн прошкитэй уут авчирч өгсөн, хатаагчнаас зөөврийн халуун сав авч ирэхэд кофе хийсэн шүү гэж хэлж байсан” гэх  мэдүүлэг, гэрч Шинэбаярын “удирдлагын баг хуралдахад Г.Б уг кофег нөхөртөө явуулснаа хүлээн зөвшөөрч байсан” гэсэн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, Г.Б нь тухайн үед Онцгой байдлын ээлжийн ажилчдад явуулсан гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч тайлбараа нотлох баримтаар  нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгч Г.Бгийн энэ үйлдэл нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.9., 4.3.10.-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцогдсон  ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдвол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг хуульчилжээ.

Харин ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд дурьдсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын байранд ажилчдад бараа бүтээгдэхүүн зарж ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн гэх зөрчил нотлох баримтаар тогтоогдоогүй байх ба ажлын байранд байрлах камерыг  хөдөлгөж үзэгдэх орчныг  хязгаарласан гэх зөрчилдөө сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байна. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Г.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ