Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00635

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01210 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр  сарын 04-ний өдрийн 04 дүгээр магадлалтай,

Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

“Х х к” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие “Х х к” ХХК-ийн “Х б” ГОК АБК салбарт туслах тогоочоор ажилладаг байсан. Гэтэл намайг 2020.06.11-ний өдрийн Б/87 тушаалаар ажлаас халлаа. Би өөрийгөө ажлаас халагдах хэмжээний буруутай үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна. Намайг 2020.05.25-ны өдөр ажлын цагаар ажлын байранд худалдаа наймаа хийсэн гэж буруутгасан. Тэр өдөр би З ширхэг футволкыг н.О, н.Н, Э.Э гуравт өгсөн. Эд бараа дэлгэж, сонгуулж үнэ хөлс ярилцаж наймаалцсан явдал болоогүй. Би хүний захиалсан юмыг л авч ирж өөрсдөд нь өгсөн. Олон ажилчдын ажлыг алдагдуулж урт хугацаагаар ажлаас нь хөндийрүүлж бараа зараагүй. 2020.05.22-ны өдөр ажилдаа ирэхэд тэр камер нь доошоо унжсан байхаар нь тогооч Д.А дээш босгож тогтоосон. Би камер унжсан байгааг хараад тогоочид хэлсэн. Тогооч Д.А скочоор дээш нь болгож тогтоосон. Би энэ 15 ширхэг кофег өөртөө хэрэглээгүй, гэрээт Онцгой байдлын ерөнхий газрын ээлжийн ажилчид өдөр бүр салат, цай, кофе, талх бэлтгэж нийлүүлэх гэрээний дагуу ажилчдад 15 ширхэг кофе хүргүүлсэн. Энэ нь гэрээний 5.10.1.5-д зааснаар цай, кофе сонголтоор нь хүргэх ёстой тул кофе авъя гэснээр нь хүргүүлсэн. Жолооч Б.Г авч явж хүргэж өгсөн. Хоёр байгууллагын хоорондын гэрээний дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Би өөрийгөө хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Иймд Г.Б намайг “Х х к” ХХК-ийн “Х б” ГОК АБК салбарын туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Г.Б нь 2020.05.25-ны өдөр ажлын байранд ажлын цагаар хувцас хэрэглэл ажилчдад зарж ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил, 2020.05.19-ний өдөр өөрийн үндсэн үүрэг даалгаварт заагдаагүй байхад өөрийн ажлын өрөөнд суурилуулсан камерыг ажил эхлэхийн өмнө тогооч Д.А-ийн хамтаар хөдөлгөж үзэгдэх орчноо хязгаарласан. 2020.05.22-ны өдөр компанийн эд зүйл болох 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч өөрийн нөхөртөө явуулсан зэрэг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг удаа дараа болон хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан. Ийнхүү зөрчил гаргасан тухай асуудлыг компанийн удирдлагын багийн хурлаар хэлэлцэхэд эдгээр зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан төдийгүй би кофе авсан нь, худалдаа наймаа хийсэн нь үнэн, камерыг хөдөлгөхөд оролцсон нь үнэн, мөн ахлах тогооч Ө.Д та энэ асуудлыг өөр дээрээ аваад гараач гэж өмнөөс нь өргөдөл хуурамчаар бичиж, гарын үсгийг ятгаж зуруулсан маань үнэн гэж асуудлыг хүлээн зөвшөөрч тайлбар бичиж байсан хүн гэнэт одоо яагаад өөр тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна. Гаргасан зөрчлийн талаар холбогдох ажилтан мэдээлж, удирдлагын багийн гишүүд ажилтан Г.Б-аас асууж тодруулахад өөрөө хүлээн зөвшөөрч өөр тайлбар байхгүй, миний буруу гэсэн юм. Дээрх зөрчил гаргасныг холбогдох ажилтнууд гэрчилдэг. Мөн бусад баримтуудаар ч нотлогддог. Манай байгууллага Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг, хоол үйлдвэрлэл явуулдаг үйлчилгээний байгууллага бөгөөд үйлдвэрийн ажилчдын халуун хоолоор хангах энэ хариуцлагатай ажлыг үйлдвэрийн дүүрэгт явуулдаг. Иймээс хатуу сахилга баттай ажиллахыг ажилчдаас шаардаж хөдөлмөрийн гэрээ, дотоод журамдаа тусган ажилладаг. Гэтэл Г.Б нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.06.11-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01210 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн “Х х к” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр  сарын 04-ний өдрийн 04 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Г.Б  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 142/ШШ2020/01210 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 20216.01.04-ний өдрийн 04 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Шүүхүүд Г.Б намайг ажилд минь эргүүлэн тогтоогоогүй явдалд туйлын гомдолтой байна. Дараах нөхцөл байдлыг анхаарч үзвэл намайг ажлаас үндэслэлгүй халсан болох нь тодорхой юм. 15 ширхэг кофе Г.Б миний биеэс нэгжлэг хийхэд гараагүй. Өөрөөр хэлбэл, ажлаас тарах бүрд бидний бие, хувцас, цүнх саванд үзлэг нэгжлэг хийдэг бөгөөд тэр үед хувьдаа авсан гэх 15 ширхэг кофе гараагүй тул хувьдаа авсан гэж үзэх үндэслэлгүй. Уг 15 ширхэг кофе нярваас дутсан тухай баримт байхгүй. Ямар нэгэн хохирол төлбөрийн асуудал огт яригдаагүй. 15 ширхэг кофег би авч гарсан эсвэл нөхөр лүүгээ явуулсан бол 15 ширхэг хаан сүүтэй цай,15 ширхэг кофе илүү гарсан, дутсан тухай төлбөрийн акт нярав, заалны зохион байгуулагч н.Э хоёрын аль нэг дээр гарсан байх ёстой.

Гэтэл тийм акт гараагүй байгаа нь 15 ширхэг кофе алга болоод түүнийг би авсан гэдэг нь үгүйсгэгдэнэ. Хэн авсан,  хэнээс дутсан бэ гэдэг  нь эхлээд заавал шалгагдаж тогтоогдсон байх ёстой. Онцгой байдлын газрын гал унтраах анги руу гэрээт цагдаагийн алба хаагчдад 15 ширхэг кофег хүргүүлсэн. Цай авахгүй, кофе авна гэнэ шүү гээд хоол савладаг тогооч хэлэхээр нь заалнаас бэлэн байсан кофеноос авч өгсөн. Хаашаа очих захиалгад орсныг мэдэхгүй. Тэр 15 ширхэг кофе гэрээний дагуу захиалгаар хоол хүргэдэг, авдаг газарт л очсон байж таарна. “Х х к” ХХК болон “Э ү” ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.10.3-т “Цай, кофе сонголтоор нийлүүлэх тухай заалттай тул захиалагч тал цайны оронд кофе сонгосон байдаг. Энэ заалтын дагуу 15 ширхэг кофе захиалагч талд хүргэгдэж очсон.

Манай байгууллагад ямар ч хохирол учраагүй. “Х х к” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.8.11-т “Компанийн өмч хөрөнгө, эд зүйл /бүртгэлтэй болон бүртгэлгүй өдөр тутам хэрэглэгддэг түүхий эд бүтээгдэхүүн, материал, хаягдал бүтээгдэхүүн бусад/-ийг зохих зөвшөөрөлгүй авсан, авч гарсан, авч гарахыг завдсан, авч гарахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, завшин үрэгдүүлсэн, ашигласан, худалдсан, нуун дарагдуулсан, гэмтээсэн, чанар байдлыг алдагдуулсан, хулгайн гэмт хэрэг гаргах нөхцөл бололцоог бүрдүүлсэн... бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тусгасан. Хөдөлмөрийн гэрээнд ч энэ заалтыг оруулсан. Гэтэл “Х х к” ХХК-ийн захирлын 2020 оны  Б/87 дугаартай тушаалд …15 ширхэг кофе зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн ...гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд зөвшөөрөлгүйгээр хувьдаа ямар нэг эд зүйл авч хэрэглэсэн бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах тухай заалт байхгүй. 15 ширхэг кофе захиалагчид хүргэгдсэн, үүнээс болж компанид хохирол учраагүй, өөрөө 15 ширхэг кофег ууж хэрэглээгүй байхад намайг 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн гэж үзэх ёсгүй юм.

Шүүх хуралд олон гэрч оролцсон. Хариуцагч талын өмгөөлөгч Д.Н гэдэг хүн тэдгээр гэрчүүдээс /хариуцагч талд ажилладаг/ намайг таних уу, мэдэх үү гэж асууж байсан нь тэднийг өөрийн ажилладаг байгууллагын эсрэг юм яривал хална шүү гэж айлгасантай холбоотойгоор энэ өмгөөлөгч шүүх хурал дээр айлгасан ба тэрээр “Х х к” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажилладаг, энэ хүний оролцоотой удирдах зөвлөлийн хурал болдог. Удирдах зөвлөлийн хурал дээр би болон бусад хүмүүс тогооч нар, манай нөхрийн дүү тогооч Ө.Д хүртэл айсандаа худлаа хэлж байх вэ дээ. Салгалж чичрээд бичиж чадахгүй надаар бичүүлээд өгчихсөн юм.

Анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд намайг таних уу гэсэн Д.Н өмгөөлөгчийн үг байгаа. Удирдах зөвлөлийн хурлыг удирдан явуулсан тэмдэглэл нь ч байгаа. Шүүх хурал дээр гэрч Д.А гэдэг хүн компанийн эсрэг юм яривал хална гэсэн, тэгэхдээ  үнэнийг л хэлье, намайг халахгүй биз дээ гэж ярьсан нь үүнийг нотолно. Нэг ширхэг нь 300 төгрөгийн үнэтэй 15 ширхэг нь 4500 төгрөг болох байх. Хэрэв би кофе авъя гэвэл зүгээр зааланд задгай тавьсан поднос дээр асгасан кофеноос аваад хэрэглэх бүрэн боломжтой. Мөн намайг 15 ширхэг кофе хувьдаа авсан гэж байгаа бол тэр дор нь цагдаа дуудаад шалгаад намайг хулгай хийснийг тогтоочихсон бол гомдохгүй.

Намайг нярваас авах ёстой гэдэг. Гэтэл нярав тэр үед өвчтэй, ажилдаа ирээгүй байсан. Одоо манай гэр бүл ганц нөхрийн цалингаар маш хүнд нөхцөлд амьдарч байна. Ийм хэцүү цаг үед надад муухай хандсанд маш их гомдолтой. Манай байгууллагын дотоод журам, камер гээд өөр ямар ч байгууллагад байдаггүй хүний эрхийг зөрчсөн зүйл их байдаг. Ажилтнуудын хувцас солих өрөө камертай. Иймд намайг ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Б нь 2020.05.22-ны өдөр байгууллагын 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч байгууллагаас гаргасан /бусдад өгч гаргуулсан/ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.9. “компанийн хөрөнгөд хууль бусаар халдсан үйлдэл гаргасан”, 4.3.10-т “компанийн эд хөрөнгө, эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй авсан, байгууллагаас гаргасан” гэх хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарна, иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 /ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах/, 40 дүгээр зүйлийн 40.1.4 “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 131 дүгээр зүйлийн 131.1.3. “ажлаас халах” /хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд хүлээлгэх сахилгын шийтгэл/, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.1, 5.4.13, 10.1, 10.2, 10.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 4.1, 4.2, 4.3.9, 4.3.10 дахь заалтыг тус тус үндэслэн “...Г.Б нь 2020.05.22-ны өдөр компанийн эд зүйл болох 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч хувьдаа ашигласан зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч “Х х к” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.06.11-ний өдрийн Б/87 дугаар тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин маргаан бүхий тушаалд заасан дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний бусад зүйл, заалт буюу нэхэмжлэгчийг “ажлын цагаар бараа бүтээгдэхүүн ажилчдад зарж, ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн” гэх зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн “камер хөдөлгөсөн” зөрчилдөө сануулах шийтгэл хүлээсэн талаар хоёр шатны шүүх дүгнэсэн тул тушаалын эдгээр үндэслэл буруу. Гэхдээ энэ нь маргаан бүхий тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэх буюу бусад үндэслэл /дээр дурдсан зөрчил/-ийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Иймд, “... 15 ширхэг кофег би хувьдаа ашиглаагүй, миний биеэс нэгжлэг хийхэд гараагүй, нярваас дутсан тухай баримт гараагүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүргүүлсэн, байгууллагад хохирол учраагүй, зөрчил гараагүй...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Б-ийн 15 ширхэг кофег заалнаас авч, дур мэдэж бусдаар гаргуулсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 4.3.10-т заасан “компанийн эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан, байгууллагаас гаргасан” гэх зөрчилд хамаарах тул гомдолд дурдсан эдгээр үндэслэлүүд нь тухайн зөрчлийг үгүйсгэхгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01210 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр  сарын 04-ний өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

                        ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             Х.СОНИНБАЯР

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД