Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0603/З |
Дугаар | 153 |
Огноо | 2019-05-13 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 153
Б.Тийн нэхэмжлэлтэй, Байгаль
орчин, аялал жуучлалын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын иргэн Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0171 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Т, өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын иргэн Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0171 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0171 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчиж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг газар ашиглах гэрээ байгуулаагүй мөртлөө гэрээгээ зөрчсөн гэх байдлаар шийдвэр гаргаж хөндсөн байна гэж үзжээ.
5. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурван талт гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна. Гэж заасан байдаг.
6. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны 9 дугаар сарын 17-ны өдрийн А/77 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн дагуу 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох гэрээ байгуулах талаар өргөдөл, хүсэлт гаргасан байна. Уг өргөдлийнхөө хариу аваагүй, гэрээ байгуулаагүй нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмыг хэрэгжүүлээгүй байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн зүйлийн 6.1 6.4, 17 дугаар зүйлд заасан байна. Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасныг хэрэгжүүлээгүй анхаарал хандуулаагүй зориуд газрын төлбөр төлөхөөс зугтаасан гэж үзэж байна. Гэрээ байгуулаагүй улмаас Улсын төсөвт асар их хэмжээний хохирол учруулаад байна
7. Нэхэмжлэгч Б.Т нь 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээний талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өргөдөл, гомдол ямар нэгэн байдлаар хандаж байгаагүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагг газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм.
8. Нэхэмжлэгчид урьдчилсан мэдэгдэх, оролцоог хангах үүрэгтэй байсан үүнийг хэрэгжүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзжээ. Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд 27.2, 27.2.2-т заасны дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, мөн 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан талаар хавтас хэрэгт нотлох баримт авагдсан.
9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д” хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч Б.Т нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй нь хэрэгт авагдсан материалуудаар нотлогдож байгаа болно.
10. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0171 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
12. Маргаан бүхий акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын нэхэмжлэгч Б.Тд холбогдох хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”; 40.1.6 дахь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн зохицуулалт байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү газар эзэмшигч буюу ашиглагчийн үүргийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “...гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”; 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга...газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”; 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”; 2-ын 2-т “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэсэн хуулийн зүйл, заалтуудтай холбон “газар ашиглагчийн хуульд заасан эрх, үүрэг нь газар ашиглах гэрээ байгуулснаас хойш үүснэ, харин гэрээ байгуулах нь Засаг даргын үүрэг, гэтэл хариуцагч гэрээ байгуулаагүй атлаа гэрээгээ зөрчсөн гэх байдлаар шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь хууль бус” гэсэн утгатай дүгнэлтүүдийг хийсэн нь буруу байна.
13. Учир нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан нь газар ашиглах харилцааны ерөнхий буюу материаллаг зохицуулалт бөгөөд энэ нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад “газар ашиглах тухай хүсэлт гаргах”; 36 дугаар зүйлийн дагуу төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн “газар ашиглуулах шийдвэр гаргах”; уг шийдвэр гарсан тохиолдолд 37 дугаар зүйлийн дагуу “сум, дүүргийн Засаг дарга газар ашиглагчтай өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран гэрээ байгуулах” журмаар хэрэгжихээр байна. Өөрөөр хэлбэл, газар ашиглах гэрээ байгуулах нь эрх бүхий этгээдийн газар ашиглах эрх олгох тухай нэгэнт гарсан шийдвэрийн дагуу нэг талаас захиргаа /Засаг дарга буюу хамгаалалтын захиргаа/, нөгөө талаас газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээгээр хэлбэржүүлж байгаа явдал юм. Харин эдгээр хуулийн зүйл, заалтын агуулгыг “газар ашиглагчийн эрх, үүрэг нь эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар биш, харин газар ашиглах гэрээ байгуулснаар үүснэ, өөрөөр хэлбэл гэрээ байгуулаагүй тохиолдолд газар ашиглагч газрын төлбөрийг төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүйгээр хэдэн жил ч хамаагүй, магадгүй газар ашиглах хугацааг дуусах хүртэл үргэлжилж болно” гэж тайлбарлах нь хуулийн зорилгод нийцэхгүй юм /энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон сайдын 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойш тооцвол газар ашиглах эрхийн 5 жилийн хугацаа дуустал, газар ашиглах гэрчилгээ олгосон 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш тооцвол 5 жил дуусахаас 4 сарын өмнө хүртэл уг нөхцөл байдал үргэлжилсэн байна/.
14. Тодруулбал, газар ашиглах эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд гэрээ байгуулах нь сум, дүүргийн Засаг даргын үүрэг боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй юм.
15. Гэтэл энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч Б.Т нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-291 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг Түргэний ам нэртэй байршилд 3,0 га талбайг “Хүүхдийн хөдөлмөр амралтын зуслан”-гийн зориулалтаар таван жилийн хугацаагаар газар ашиглах эрхтэй болсон ба 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2013/31 дугаартай гэрчилгээ авсан, мөн энэхүү тушаалын дагуу тэрээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд /хуульд зааснаар дүүргийн Засаг даргад биш/ 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулахаар холбогдох материалын хамт хүсэлт гаргасан боловч шийдвэрлэгдээгүй байна. Ийнхүү хүсэлт гаргаснаасаа хойш нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарах хүртэл 5 жилийн хугацаанд гэрээ байгуулахыг холбогдох этгээдээс шаардаагүй, улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...газар ашиглах гэрээ байгуулахаар удаа дараа захиргааны байгууллагад хандсан боловч гэрээ байгуулаагүй, тиймээс газрын төлбөрөө төлж чадаагүй” гэж маргаж байгаа ч хэрэгт авагдсан нотлох баримтаар энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
16. Нөгөөтэйгүүр, газар ашиглах гэрээ байгуулах нь сум, дүүргийн Засаг даргын үүрэг байтал, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг “гэрээ байгуулаагүй мөртлөө гэрээгээ зөрчсөн гэх байдлаар шийдвэр гаргасан нь хууль бус” гэж шууд буруутгасан шүүхүүдийн дүгнэлт буруу юм.
17. Мөн “сонсох ажиллагааг зохих ёсоор явуулаагүй” гэж хариуцагчийг буруутгасан шүүхүүдийн дүгнэлтийн тухайд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй.
18. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0171 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйл, 36 дугаар зүйл, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Тийн “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын иргэн Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ