Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 24

 

Г.Огийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.У, Л.Э нарт

                                     холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01412 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.У, Л.Э нарт холбогдох,

“Мах худалсаны үнэ 8.521.540 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, /онлайнаар/ нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Миний бие Г.О нь Булаг багийн Капитал банкны хуучин байранд байрлан ажиллаж байгаа Эко буузны цех ажиллуулаг Л.У, Л.Э эгч дүү хоёртой 2020 оны 04 дүгээр сарын 29-ноос хойш буузны цехэд нь мах нийлүүлэн эхэлсэн бөгөөд, тухайн үед багаар аваад тооцоог хийгээд дараагийн махыг зээлээр авдаг байсан боловч, уурхайд нийлүүлж байгаа гэж хэлээд 2020 оны 6 сарын 7,8,15-нд нийт 1 тн буюу 8.521.540 төгрөгийн үнэ бүхий мах аваад түүнээс хойш мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй, очиж уулзахаар хэл амаар доромжлоод мөнгө өгөхгүй байгаа тул нийт 8.521.540 төгрөгийг Л.У, Л.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ. Миний бие Г.О нь Булаг багийн Капитал банкны хуучин байранд байрлан ажиллаж байгаа Эко буузны цех ажиллуулдаг Л.У, Г.Энхнаран эгч дүү хоёртой анх 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш буузны цехэд нь мах нийлүүлж эхэлсэн. Энэ цех нь миний үйл ажиллагаа явуулдаг газраас 100м орчим зайд үйл ажиллагаагаа явуулдаг, манай дэлгүүрт бууз банш нийлүүлдэг байсан. 2020.04.29-ний өдөр 105,5кг*8300 төгрөг=875.650 төгрөгийн мах зээлээр өгсөн. 2020.05.05-ны өдөр 101 кг*8300 төгрөг=838.300 төгрөгийн мах зээлээр өгсөн. 2020.05.12-ны өдөр 193,8кг*8500 төгрөг=1.647.300 төгрөгийн махыг зээлээр өгсөн. /хаврын махны тухайн үеийн ханш өсөх үед бага өсдөг/ Бодолт /875650+838300+164 7300=3.361.250 төгрөг/ , 2020.05.14-ний өдөр Л.У 340000 төгрөгийг бэлнээр хассан. 2020.05.14-ний өдөр Л.Э 660.000 төгрөгийг банкаар шилжүүлж тооцооноос хассан. 2020.05.18-ны өдөр Л.Э 714.000 төгрөгийн тооцоог хассан.Бодолт /3361250-340000-660000-714000=1.647.300 төгрөг буюу сүүлийн тооцоо үлдэгдэлтэй/, Энэ өдөр 2020.05.18-нд Эко буузны цех нь Алтны компанид бууз нийлүүлэхээр болсон тул махны хэмжээг ахиу авмаар байна гэж хэлээд тухайн авсан махны тооцоог дараа сарын 5-10-ны хооронд хийж дуусгаж байна хэмээн тохиролцсон. Ингээд 2020.05.18-ны өдөр 194,1*8500=1.649.850 төгрөгийн үнэ бүхий махыг зээл авсан. 2020.05.24-ний өдөр 187,8*8500=1.596.300 төгрөгийн мах зээл авсан. 2020.05.30-ны өдөр 278,6*8500=2.368.100 төгрөгийн мах зээл авсан.Бодолт/1647300+1649850+1596300+2368100=7.261.550 төгрөг үлдэгдэл тооцоо/ үүнээс 2020.05.30-ны өдөр 1000000 төгрөг хассан. 2020.06.08-ны өдөр 1.101.550 төгрөгийн тооцоог хийж Бодолт /7261550-1000000-1101550=5.160.000/, 5.160.000 төгрөгийн үлдэгдэл өр гарч тооцоо нийлээд дэвтэрт Л.Э гарын зурсан. Энэ үлдэгдэл тооцоог Уурхайгаас 2020.06.10 өдөр мөнгө орж ирэнгүүт дуусгана, дараагийн буузыг өгөх хэрэгтэй байна гэж хэлээд энэ 2020.05.08 өдөр 306.4*8600=2.635.900 төгрөгийн үнэ бүхий мах зээлээр нэмж авсан. Бодолт /5160000+2635900=7.795.900 төгрөгийн үлдэгдэл тооцоо/, Ингээд Уурхайн тооцоо орж ирэхгүй байна гэж хэлээд амласан өдрөөс 5 хоногийн дараа 2020.06.15-ны өдөр Уурхайгаас тооцоо дутуу хийсэн сүүлийн явуулсан буузны тооцооны падааныг олохгүй байгаа гээд удахгүй Уурхай гүйцээж өгнө гэсэн гэж хэлсэн. Энэ өдөр 2020.06.15 өдөр 3.400.000 төгрөгийн тооцоог үлдэгдлээс хасуулсан. Бодолт /7795900-3400000=4.395.900 төгрөг үлдэгдэл тооцоо/ Энэ өдөр 2020.06.15 өдөр 610,3*8800=5.370.640 төгрөгийн үнэ бүхий мах нэмж зээлээр авсан.Бодолт/4395900+5370640=9.766.540 төгрөг үлдэгдэл тооцоо/,Нийт тооцоог 2020.07.10 гэхэд Уурхайгаас мөнгө орж ирэнгүүт дуусгана, 2020.06.10-нд өгөх байсан дутуу тооцоог ойрын хугацаанд Уурхайгаас мөнгөө аваад өгнө гэж ярьсан. /2020.06.15 өдөр авсан 610,3*8800=5.370.640 төгрөгийн тооцоог цагдаад өгсөн мэдүүлэгтээ авсан гэдгээ зөвшөөрсөн/Г.О миний бие махаа авахдаа банкнаас зээл авсан тул зээлээ төлнө гэж учирлан байж 2020.06.26-ны өдөр 1.050.000 төгрөг Л.Эгаас бэлэн авсан. Бодолт/9 766540-1050000=8.716.540 төгрөг үлдсэн/, Гэвч энэ цагаас хойш Л.У, Л.Э нар нь утсаа авахгүй, олон залгасны эцэст утсаа авахаараа Уурхай мөнгө өгөхгүй байна, уурхайгаас мөнгө орж ирэхээр өгнө гээд ер тоодоггүй. Ядаж хийж байгаа буузнаасаа манай дэлгүүрт өгч тооцооноос хасуул гэж тохирсон.2020.06.30 өдөр Эко буузны цехийн ажилчин 130.000 төгрөгийн үнэ бүхий бууз авчирч өгсөн. Бодолт/8716540-130000=8.586.540 төгрөг үлдэгдэл/, Энэ үед танайх буузаа хэзээ, ямар уурхайд өгч явуулдаг вэ? Гэхэд энэ талаар ямар ч ойлголтгүй тийм ихээр бууз хийж ачуулдаггүй гэж хэлсэн. Ингээд би Эко буузны цехийн Л.Э, Л.У 2 руу олон удаа залгасан боловч, утсаа авсангүй. 2020.07.11-ний өдөр Л.Утэй холбогдоод тооцоогоо дуусгаач ээ ярьсан хэлсэн хугацаа чинь өнгөрчихлөө гэсэн боловч талбай дээр хуушуур хийж байгаа Уурхай руу ярих очих мөнгө нэхэх зав байхгүй гэсэн. Надад мөнгө хэрэгтэй байна хуушуур хийж байгаа юм чинь наанаасаа мөнгө гаргаж өгөөч гэхэд энэ танай мах биш танай махыг бүгдийг нь бууз болгоод Уурхай руу явуулсан тийм болохоор мөнгө өгөхгүй, энэ хуушуурын мах бол өөр мах тусдаа мөнгө гэж хэлээд надад мөнгө өгөөгүй.Ингээд 2020.07.11-ний орой хуушуурын асарт нь очсон боловч Л.У, Л.Э хоёр завгүй хуушуур хайрч байсан. Би махаа буцааж авъя гэж хэлтэл маргааш эрт наадмын хүн цуглахаас өмнө ирээд аваарай гэсэн. 2020.07.12-ны өдөр өглөө 8 цагт утасныхаа рекорд дуу бичлэг хийгээд очсон. Тэгтэл наймаа эхлээгүй байхад мөнгө нэхэж ирлээ гэж уурлаад Л.У хэл амаар доромжилсон. Л.Э удалгүй ирж махаа бүгдийг машиндсан энэ махыг гэсгээж машиндаад, дахин хөлдөөгөөд, дахин гэсгээгээд амталж халуунд байлгаад өөрсдөө үнэр уруулсан тухай ярианы бичлэг нь СД-ны З мин10 сек хэсэгт тод бичигдсэн. Л.Этай уулзаж ярилцахад Чамаас өмнө 2 аймар их авсны ашиг тэнд яваа СД-ний 07 мин 00 секундедэд бичигдсэн нь 2020.06.08, 2020.06.15-ны өдөр авсан 306,4* 8600+610,3кг*8800=8.006.540 төгрөгийн тооцоо уурхайгаас хийгдээгүй байгаа Уурхайгаас 10 гаруй сая төгрөгийн авлагатай /СД-ны 11 мин 00 сек/, миний махны мөнгө болон Л.Эгийн буузны ашиг тэнд байгаа тухай ярьсан. Энэ тооцоог баярын амралтын өдрүүд дууссаны дараа өөрийн биеэр очиж мөнгөө авна. Мөнгө өгөхгүй бол тэндээс нь мөнгөнийхөө дүнд таарсан эд авч ирнэ гэж ярьсан. /СД бичлэг 9 мин 11 сек-11мин 15сек/, Үүнээс хойш 2020.08.01-ний тооцооноосоо буузаар хас гэж олон утасдаж 70,000 төгрөгийн бууз авсан.Үүнээс цааш утсаа авахгүй цех нь ажиллахгүй байсан тул 2020.08.12-ны өдөр хандсан. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан. Прокуророос хэрэг л нээхээс татгалзсан тул Шүүх байгууллагад хандаж байна. Иймд 8.521.540 төгрөгийн тооцоог нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Миний бие Л.У нь иргэн Г.Огаас мах авч байсан нь үнэн. Гэхдээ энэ хүний нэхэмжилж байгаа мөнгөн дүн худал нэхэмжилж байгаад гайхаж байна. хүн бодож санаснаараа мөнгө нэхэх зохисгүй санагдаж байна. манайхтай удаа дараа мах нийлүүлье гэж гуйж байгаад нийлүүлсэн, өмхийрсөн махыг үнэд хүргүүлж санаатайгаар нийлүүлсэн. Энэ хүнд хуулийн арга хэмжээ авхуулах хэрэгтэй байх. Манай дүү Л.Э тооцоог хийж байсан. Санхүүгээ хариуцдаг болохоор Г.О гэгч хүүхэд бид хоёрыг залилсан гэж цагдаад шалгуулж байсан, мөн дахиад шүүхэд өглөө, ямар санаатай уулзаж ярилцахгүй яваад байгааг ойлгохгүй юм. Энэ хүнд манай 2.174.640 төгрөгийн тооцоо байгаа нь үнэн. Энэ хүн хаанаас энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хүнээс авснаа тооцохгүй байдаг юм уу. манай талаас гэрч оруулж өмхийрсөн махыг гэрчлэх болно гэжээ.

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу  тайлбартаа:

Миний бие Л.Э нь 2020 оны 05 дугаар сараас хойш өөрийн мах аваач гэсэн хүсэлтээр эгч Л.Утэй нийлэн мах авч хамтарч байсан бөгөөд махаа бэлэн авч мөнгөө бэлэн өгдөг байсан. Контейнер дээр нь энэ нэхэмжилж байгаа мөнгө нь үнэний оргүй худал мөнгө залилан нэхэмжилж байна гэж үзэж байна. учир нь өмнөх бүх тооцоогоо дуусгаад 610,3 мах авсан, тэр 1 жил хадгалсан юм уу, үхсэн малын мах байсан уу сайн мэдэхгүй байна. гэсгээгээд эхнээс нь бууз хийж наадмаар хуушуур хийнэ гээд 170 килограммыг гэсгээсэн. Гэтэл тэр мах давслаад амталсан чинь харлаад, ногоороод нялцгай болоод эвгүй үнэр гарсан. Г.Од хэлээд үзүүлтэл эгчтэй минь маргалдаж надаас гуйж аргалчхаач дээ, хуушуур зүгээр гэж хэлээд явсан. Гэтэл нөгөө мах хуушуур хайрхад эвгүй үнэр гараад байсан тул бүгдийг нь үерийн жалга руу бороонд урсгаж устгасан. Өөрөө маш сайн мэдэж, ирж үзээд явсан. Одоо тооцоо байгаа. Нийт 5.370.340 төгрөгийн мах байснаас 1.496.000 төгрөгийн мах устгаж, 1.500.000 төгрөгийг төлж, 30 килограмм бууз буюу 200.000 төгрөгийн бууз өгч, одоо 2.170.640 төгрөгийг өгөх дутуу байгаа нь үнэн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01412 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-д заасныг баримтлан хариуцагч Л.У, Л.Э нараас 8.521.540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.295 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.У, Л.Э нараас 151.295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан  гомдолдоо:  

            Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01412 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.О тус шүүхэд хандаж иргэн Л.У, Л.Э нараас махны үнэ гэж 8.521.540 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ:нэхэмжлэгч Г.Огийн хариуцагч нартай зөвхөн тооцоо нийлсэн баримт гэж хоёр талын гарын үсэг зуралцсан баримтуудыг үндэслэл болгосон явдал нь учир дутагдалтай болсон. Мах бол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн бөгөөд тэр дундаа малын махыг тээвэрлэх,худалдан авах,худалдахдаа тухайн малынхаа гарал үүслийн бичгийг заавал авч явах ,худалдаж авсан худалдан авагчдаа тухайн малынхаа гарал үүслийн бичгийг махтайгаа хамт өгөх учиртай. Малын мах борлуулж байгаа худалдагч тухайн малынхаа махыг мал эмнэлгээр заавал шинжлүүлсэн шинжилгээний бичигтэй байж махаа борлуулах эрхтэй болох юм.Малын гарал үүслийн бичиг,шинжилгээний бичгүүдээ малын мах худалдан авсан худалдан авагчдаа өгөх учиртай байтал 2020 онд борлуулж байгаа хонины махандаа ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүйн дээр 2019 оны адуу,үхрийн махны гарал үүслийн бичгийг хэрэгт баримтаар өгсөн байгаа юм.Дээр дурдсан нөхцөл байдлуудаас харахад Г.Огийн хариуцагч нарт өгсөн мах нь ямар нэгэн гарал үүслийн бичиг ч байхгүй,шинжилгээний бичиг ч байхгүй,ямар нөхцөлд,ямар хугацаанд яаж хадгалсан,хаанаас тээвэрлэж ирсэн нь тодорхой бус махны маргаан байх бөгөөд хариуцагч нар маргаан бүхий махыг муудсан байсан гэж байгаагаас харахад үхсэн малын мах байх боломжтой гэж үзэж байгаа юм. Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Л.У, Л.Э нарт холбогдуулан мах худалсаны үнэ 8.521.540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-д заасныг баримтлан хариуцагч Л.У, Л.Э нараас 8.521.540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгож шийдвэрлэжээ.

Зохигчдын  хооронд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 105.5 кг махыг нэг килограммыг нь 8.300 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх махыг 875.650 төгрөгөөр худалдаж авчээ.

2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг  хүртэл нийт 7 удаа гэрээ байгуулж зохигчид  мах худалдсан, худалдан авсан  байна. Тодруулбал : 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 101 кг махыг 838,300 төгрөгөөр , 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 193 кг 800 гр махыг 1.647.300 төгрөгөөр , 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 194 кг 100 гр махыг 1.649.850 төгрөгөөр , 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 187 кг 800 гр махыг 1.596.300 төгрөгөөр , 2020 оны 5 дугаар сарын 30-ны 278 кг 600 гр махыг 2.367.100 төгрөгөөр , 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 306 кг 400 гр махыг  2.635.900 төгрөгөөр , 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 610 кг 300 гр махыг  5.370.640 төгрөгөөр нэхэмжлэгч Г.О  худалдаж, хариуцагч Л.У, Л.Э нар худалдан авчээ.

Хариуцагч нар нь дээрх махны үнээс 5 дугаар сарын 14-ний өдөр 340.000 төгрөг бэлнээр, дансаар 660.000 төгрөг, 5 дугаар сарын 18- ны өдөр 714.000 төгрөг бэлнээр, 5 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр, 6 дугаар сарын 8-ны өдөр 1.101.550 төгрөг, 6 дугаар сарын 15- ны өдөр 3.400.000 төгрөг, 6 дугаар сарын 26-ны өдөр 1.050.000 төгрөг төлсөн. 6 дугаар сарын 30-ны өдөр 130.000 төгрөгт тооцож бууз авсан, 7 дугаар сарын 1-ний өдөр 70.000 төгрөг өгсөн, 5 ш хэрчсэн гурилыг 5 мянгаар бодож өгсөн байна.

Хариуцагч нар нь  2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  тооцоогоор  5.160.000 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Тухайн өдрөө 306 кг 400 гр махыг 8.600 төгрөгөөр бодож / төгрөг 2.635.900 /  нэмж авсан. Эцсийн тооцоогоор 8.521.540 төгрөг үлдсэнийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “...талууд 2020 оны 4 сарын 29-ний өдрөөс 6 сарын 15-ны өдөр хүртэл нийт 7 удаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагч нарт хонины махны үнийг тохиролцон тухай бүрд нь жинлүүлэн хэмжээ, үнийг тохиролцон хүлээлгэн өгч байсан байх ба үнийг нь тухайн үед төлөх, дараа төлөх, зээлээр авах зэргээр тооцоог тухай бүр хийж тооцооны дэвтэрт бичиж гарын үсэг зурж баталгаажуулж байсан байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтэр дээрх тооцоон дээр хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулж байсан байх ба нийлүүлсэн махны хэмжээ тухай бүрийн үнийн талаар маргахгүй байна...” гэсэн дүгнэлтийг хийж хариуцагч Л.Э, Л.У нараас 8.521.540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 2.170.640 төгрөгийг  төлнө, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй, муудсан мах нийлүүлсэнийг хаясан гэж хариу тайлбар шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох  баримт  хэрэгт авагдаагүй мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч нар  биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн  давж заалдсан  гомдолд  дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Л.У нь  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан  давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч Л.У нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Б.БАТТӨР