Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Г.М, 

Шүүгдэгч Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М,

Хохирогч М.Т-н хууль ёсны төлөөлөгч Б.М,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Х,

Хохирогч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1720001660086 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Идэр суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 10-21 насны 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Д.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байрлах Түшлэг уул гэх газарт 32-08 ДГА улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас онхолдож улмаар зорчигч Д.З-н эрүүл мэндэд хүндэвтэр, М.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн 32-08 ДГА улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслээр Замын-Үүд сумаас 3 хүн аваад Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Тухайн үед миний охин О надтай хамт явсан. Намайг явснаас хойш 1 хоногийн дараа хамтран амьдрагч Э.П өөрийн эзэмшлийн автомашинтайгаа Замын-Үүд сумаас Улаанбаатар хотод очсон. 11 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр маань надад “Замын-Үүд сум руу явах хэдэн хүн хямдхан олчихлоо. Тэр мөнгөөр бензинээ хийгээд явъя” гэсэн. Тэгээд би 23 цаг 30 минутын орчимд зуун айлын ард байрлах Хангай хотхоны гаднаас 3 залууг очиж авсан. Мөн манай нөхрийн машинд сууж байсан нэг эмэгтэй миний машинд суусан. Ингээд би машиндаа 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн, охин О нарыг суулгаад Замын-Үүд сум руу гарсан. Э.П өөрийнхөө автомашинтай миний араас явж байсан. Наашаа ирэх замдаа Болор гэх цайны газар дээр зогсож 20 минут амарсан. Тэгээд өглөөний 06 цаг 30 минутын орчимд Сайншанд сумын наад талд байрлах Тэс петролиум шатахуун түгээх станц дээр зогсож би дотогш орж кофе уусан... Тэгээд уг шатахуун түгээх станцаас 07 цагийн орчимд хөдөлсөн байх. Сайншанд сумаас гараад ойролцоогоор 20 орчим км явж байхдаа би өгсүүр зам руу гарсан. Энэ үед өөдөөс нэг том тэрэг зам голлож миний урсгал руу шахаж орж ирсэн. Тухайн үед ард талд сууж явсан Б гэх залуу хэлэхдээ “ямар аймар шахаж орж ирж байна. Том тэрэгнүүд ер нь их шахах юм аа” гэж хэлж байсан. Тэгээд том тэрэгтэй зөрөөд уруу зам руу буусан. Тэгээд хэсэг явж байгаад замын зүүн тал руу гулсаад уначихсан… Удалгүй түргэн тусламжийн автомашин ирж бид нарыг Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Бид нартай зөрөөд цагдаагийн машин явж байгаа харагдсан. Би Сайншанд сумаас хөдлөөд явахдаа 80-90 км цагийн хурдтай явсан. Тэгээд өгсүүр зам руу гарахад хурд саарсан. Цааш уруу зам руу ороход ойролцоогоор 70 км цагийн хурдтай явж байсан. Би Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэж амрах гэж очсон тул очсоноосоо хойш 3 хоног амарсан. 11 дүгээр сарын 08-ны өдөр унтаад оройны 20 цагт боссон болохоор нойрыг хангалттай авсан байсан… Би өөрөө бүс зүүсэн байсан байх. Учир нь машин унасны дараа охин маань уйлахаар нь би охиноо авах гэтэл бие маань нэг юманд тээглээд, татагдаад байсан. Тухайн үед би сандарсан байсан тул юунд татагдсаныг мэдээгүй. Сүүлд нь бодоод байхад би бүстэй байсан юм шиг байгаа юм. Зорчигчдоос миний хажууд талын суудал дээр сууж байсан З бүсгүй байсан. Харин ард талд сууж байсан зорчигчид бүс зүүсэн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Ер нь би машиндаа суусан хүмүүст бүс зүүх талаар хэлдэг. Гэхдээ тухайн үед өөрийнхөө машинд суусан зорчигчдод энэ талаар хэлж байсан үгүйгээ санахгүй байна...Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт хохирол учруулсандаа харамсаж байна. Хохирогч М.Т-т 2,785,410 төгрөг өгсөн байсан өнөөдөр 1,000,000 төгрөг өгсөн, нийт 3,785,410 төгрөгийг өгсөн. Хохирогч Д.З-д нийт 3,145,000 төгрөг өгсөн. Нөхөрт нь 780,000 төгрөг, бас нэг 80,000 төгрөг өгсөн энэ баримтгүй байгаа. Өнөөдөр 400,000 төгрөгийг өгсөн. Хохирогч Ц.Д-д 64,500 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Б 120,000 төгрөг нэхэмжилсэн өгсөн. Хохирол төлбөр гарвал төлж барагдуулна... ” гэсэн  мэдүүлэг /1хх-ийн 5-7/,

- Хохирогч Д.З мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрээн хот руу сургуулийн 1 дүгээр улиралын амралтаар өвлийн хувцас авахаар вагоноосоо хоцорчихоод таксигаар явахаар эрэгтэй хүн явна гээд саарал өнгийн жижиг машин олоод суучихсан байж байхад машинаа солихоор болсон гээд саарал өнгийн Истима маркийн машинд суусан тэгээд тэр машинтайгаа шөнө 00 цагийн орчим хөдлөөд 100-н айлын Хангай захын тэндээс 3 хүн аваад Замын-Үүд орох гээд явж байхдаа нөгөө эмэгтэй жолооч машинаа их муу бариад байсан бөгөөд өөрөө хэлэхдээ би машиндаа дасахгүй байгаа гэж хэлж байсан замдаа явж байхдаа хүртэл нэг том машинтай их ойрхон зөрж байсан тэгээд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт үүрээр яг цагийг нь сайн мэдэхгүй байна нөгөө эгч маш их хурдтай буюу 120 гарчихсан явж байсан тэгээд цаашаа явж байгаад би зүүрмэглэчихсэн байсан тэгээд л нэг сэрэхэд машин доошоо харчихсан байсан. Осол болох үед би ганцаараа явж байсан хамт явж байсан хүмүүсээ танихгүй. Жолооч түүний охин бас танихгүй гурван хүн байсан.Зам тээврийн осол юунаас болж гарсан эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн үед унтаж явсан. Би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан, би хамгаалах бүс хэрэглээгүй мөн жолооч хамгаалах бүсгүй явсан бөгөөд надад хамгаалах бүс хэрэглэх талаар сануулж үг дуугараагүй. Ослын улмаас миний хүзүүний 6-р үед хугарсан, гурван хавирга хугарсан гэмтэл авсан уг гэмтэлдээ хагалгаанд орж хүзүүнд бортого суулгуулсан цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэ гэсэн. Осол болох үед тээврийн хэрэгслийг Б жолоодож явсан. Замын нөхцөл байдлыг мэдэхгүй би унтаж явсан, жолооч миний мэдэхээр ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй, осол болох үед хэдэн километр цагийн хурдтай явж байсан эсэхийг мэдэхгүй. Ер нь хотоос гараад их болгоомжтой явж байсан. Нөхөр нь гэх залуу хурдан яваач гээд загнаад байсан. Зам жаахан халтиргаатай байсан их болгоомжтой явж байсан. Нөхөр маань ирж авсан 300,000 төгрөгөөр бензин хийсэн баримтгүй юм. 2,760,000 төгрөгийг өгсөн. Нийтдээ 3,674,544 төгрөг нэхэмжилсэн үүнээс Д.Б эгчийн өгсөн 2,760,000 төгрөгийг хасна.  Өнөөдөр эмний зардал 45,800 төгрөг, өнөөдөр шүүх хуралд ирсэн болон буцах зардал 48,700 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,178,045 төгрөг үүнээс листний зөрүү 958,794 төгрөгийг хасч 2,216,251 төгрөг нийт 3,225,295 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41/,

- Хохирогч М.Т-н хууль ёсны төлөөлөгч Б.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний хүү М.Т нь Улаанбаатар хотод байрлах Барилгын коллежид гагнуурчны ангид сурч байсан юм. Миний хүү 2017 оны 09 дүгээр сард О ХХК-д дадлагын ажил хийхээр хуваарилагдаж, уг ХХК-ийн захирал Б гэх хүнтэй танилцсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орчимд Т надад хэлэхдээ “Ааваа би Америк руу явж сурах боллоо. Монголын нэрийг гаргах гагнуурчин болно. Б багш авч явахаар болсон” гэж хэлсэн. Тухайн үед нь би Б багштай уулзаад хүүгээ түүнд өгч явуулах итгэмжлэлийг нотариат дээр очиж хийлгэсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны орой миний хүү багш Б, мөн Д гэх хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд автомашинаар гарсан. Тэд Бээжин хотоос АНУ-руу онгоцоор ниснэ гэж хэлж байсан. Маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цаг өнгөрч байхад Б миний утас руу залгаад “Бид нар осолд орчихлоо. Танай хүү өнгөрчих шиг боллоо. Та замын машинаар яаралтай Сайншанд сум руу гар” гэж хэлсэн. Би 14 цагийн орчимд Сайншанд сум руу машинаар гараад, оройны 19 цагийн орчимд очсон. Намайг очиход хүү маань эмнэлэгт ухаангүй байсан. 9 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт тархины хагалгаанд орж, 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлээд, дараа нь ГССҮТ-рүү шилжсэн. Тэнд очоод дахин тархины хагалгаанд орсон. Миний хүүгийн гавлын яс цоорч үйрсэн. Хагалгаагаар тэр хэсгийг авч, нөхсөн. Биеийн баруун хэсэг огт мэдээгүй. Хонгоны яс нь юманд цохигдсоноос болж цоорсон. Ер нь биеийн байдал маш хүнд байсан...Хөгшин бид хоёр тэтгэвэрт байдаг. Мөнгөгүйгээс болж хүүгийн маань эмчилгээ тасарчихаад байгаа. Эрүүл саруул хүүг минь ийм болгосонд гомдолтой байна. 5,794,968 төгрөг нэхэмжилсэн үүнээс 3,785,410 төгрөгийг өгсөн. Үлдэх 2,009,558 төгрөгөн дээр нэмж өмгөөлөгчийн хөлс 1,400,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 50,000,000 төгрөг нийт 53,409,558 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31-33/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 сарын 08-ны орой 00 цагийн үед Улаанбаатар хотоос Т, Б болон жолоочийн охин нэрийг нь мэдэхгүй байна тэгээд жолооч болон жолоочийн хажуугийн суудалд нэг танихгүй эмэгтэй хүн явсан. 2017 оны 11 сарын 09-ний өглөө 07 цагийн үед Сайншанд гэх газар очсон тэндээс хөдлөөд би унтаад өгсөн тэгсэн удалгүй гэнэт миний толгой руу хажууд байсан чемидон цохисон тэгэхэд нь би сэрсэн тэгсэн юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Машин дээшээ хараад унасан бодвол халтирсан юм шиг байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Би АНУ руу үзэсгэлэн худалдаанд оролцохоор найз Т, захирал Б нарын хамт явахаар болоод Хятад Улсын Бээжин хотоос онгоцоор нисэхээр болсон тэгээд замын унаанд дайгдаад явсан юм. Тухайн машинд Т, Б захирал болон жолооч Б гэх хүн байсан өөр Б-н хүүхэд болон танихгүй нэг эмэгтэй хүн явсан. Би Улаанбаатар хотоос тухайн машинд хойд талын суудал дээр Т-н хамт сууж явсан миний урд талын суудалд захирал Б болон жолоочийн хүүхэд нар сууж явсан тэгээд урд жолооч болон танихгүй эмэгтэй нар сууж явсан. Би Улаанбаатар хотоос гараад л шууд унтсан осол болох үед ч гэсэн унтаж явсан учир яг юунаас болж осол гарсан талаар мэдэхгүй байна миний бодлоор гулгасан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-56/,

- Иргэний нэхэмжлэгч Ц.Д хууль ёсны төлөөлөгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 сарын 08-ны орой Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү АНУ руу онгоцоор шууд явна гэж байгаад Хятад улсын Бээжин хотоос АНУ руу явахаар болсон байсан ямар хүмүүстэй явсан талаар нь мэдэхгүй. АНУлсад гагнуурын тэмцээнд орохоор явж байсан юм. Эмчилгээний зардал мөнгө гэх зүйл огт аваагүй Шанд гэх газар миний хүүхэд осолд ороход Улаанбаатар хотоос ахыг нь явуулж авахуулсан тэгэхэд зардал 60,000 төрөг болсон, буудалд нэг хоноход 55,000 төгрөг, Улаанбаатар хотод ирээд Өмнөговь аймгийн Мандал Овоо сумаас 500,000 төгрөгөөр бензин хийж очиж авчирсан. Сумын эмнэлэгт хэвтүүлэхэд 90,000 төгрөгний эм тариа авч өгсөн энэ бүгдийг нэхэмжилж байна…Одоогоор миний хүүхдийн биеийн байдал дээрдсэн гэхдээ өвчин намдаах эм хэрэглэж байгаа… Манай хүүхэд АНУ руу явахаар 450,000 төгрөгөөр виз даруулсан байсан тухайн ослоос болоод явж чадаагүй учир тухайн мөнгийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал мөнгийг нь гаргаад өгчихвөл миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52/,

- Иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны орой Замын-Үүд явахаар Ц.Д, М.Т нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зарын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум явах Тоёота Истима маркийн автомашинд суугаад Замын-Үүд рүү шөнийн 23 цагийн үед хөдөлсөн юм. Тухайн үед уг автомашинд нийт 6 хүн явж байсан ба автомашиныг Д.Б гэх эмэгтэй жолоодож явж байсан ба жолоочийн эсрэг талын суудалд 30 гаран насны эмэгтэй, голын суудалд би, миний зүүн талын суудалд 10 гаран насны жолооч гэх эмэгтэйгийн охин, хамгийн арын суудалд Д, Т хоёр сууж явж байсан юм. Тэгээд хотоос хөдлөөд Д, Т, би болон жолоочийн охин бид нар унтчихсан байсан юм. Тухайн үед жолооч болон жолоочийн хажууд сууж явж байсан эмэгтэй хоёр хоорондоо юм яриад явж байсан юм. Тэгээд өглөө 08 цагийн үед би унтаж байгаад сэрэхэд Сайншанд сумын бензин колонк дээр ирж зогсоод бензин авч байгаад бид нар хөдөлсөн юм. Тэгээд уг газраас хөдлөөд 10 орчим км 110 км цагийн хурдтай явж байхаар нь би уг жолооч эмэгтэйд хандан чи арай хурдан яваад байгаа юм биш үү гэж хэлэхэд миний үгийг тоосон шинжгүй улам хурдаа нэмээд яваад байсан юм. Тэгээд өгсүүр замаар явж байгаад доошоогоо уруудаад тэгш зам дээр явж байгаад гэнэт жолооч эмэгтэй үрүүлээ бага зэрэг хөдөлгөх шиг болсон. Тэгээд л машин онхолдсон ба би хэсэг хугацаанд шоконд орчихсон байсан юм. Тухайн үед би компаний ажлаар, гадаадад захиалга өгөх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотруу явж байсан юм. Тухайн үед Д, Т нарын хамт явж байсан юм. Тухайн үед би унтаж байгаад дөнгөж сэрээд л явж байсан. Зам тээврийн осол нь жолоочийн хариуцлагагүй байдал, мөн хурдаа хэтрүүлж явснаас болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Уг ослын улмаас миний мөр болон цээж хэсгээр өвдөж байсан, мөн би цусаар 7 хоног гаруй шээсэн юм. Би харъяа дүүргийнхээ эмнэлэг болох Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 8 хоног хэвтэж эмчлүүлсэн...Би маш их гомдолтой байна. Замын-Үүд рүү явахад би замын зардал 120,000 төгрөг төлсөн, мөн бүтэн жил төлөвлөсөн ажлаа алдсан учир гомдолтой байна…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-46/,

- Шинжээчийн 2017 оны 11 сарын 25-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэнд: 1. Тоёота Истима маркийн 32-08 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг мөн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт /1хх-ийн 111/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. М.Т-н биед гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал 3-р зэрэг, гавлын хатуу хальсан дээрх болон тархины эд дэх цусан хураа, баруун нүд хөмсөг орчим цус хуралт, баруун гарын сарвууны ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал 3-р зэрэг, гавлын хатуу хальсан дээрх болон тархины эд дэх цусан хураа гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүд хөмсөг орчим цус хуралт,баруун гарын сарвууны ар талд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлт /1хх-ийн 75/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.З-н биед хүзүүний 6-р нугалмын шахагдсан хугарал, нугасны гэмтэл, цээжний хэнхэрцэгийн шахагдсан гэмтэл, цээжний зүүн талд 6-р хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн хүзүүний 6-р нугалмын шахагдсан хугарал, нугасны гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, цээжний хэнхэрцэгийн шахагдсан гэмтэл, цээжний зүүн талд 6-р хавирганы далд хугарал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно

4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэсэн дүгнэлт /1хх-ийн 78/,

- Д.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /1хх-ийн 116,118/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 119/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-16/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 19/,

- Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 18/,

- Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 2-11, 13-23, 26, 28-47/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Дээрх нотлох баримтуудаар Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байрлах Түшлэг уул гэх газарт Тоёота Истима маркийн 32-08 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож улмаар зорчиж явсан хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Д.Б-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.З-н “...Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт үүрээр яг цагийг нь сайн мэдэхгүй байна нөгөө эгч маш их хурдтай буюу 120 гарчихсан явж байсан тэгээд цаашаа явж байгаад би зүүрмэглэчихсэн байсан тэгээд л нэг сэрэхэд машин доошоо харчихсан байсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч Ц.Д-н “…2017 оны 11 сарын 09-ний өглөө 07 цагийн үед Сайншанд гэх газар очсон тэндээс хөдлөөд би унтаад өгсөн тэгсэн удалгүй гэнэт миний толгой руу хажууд байсан чемидон цохисон тэгэхэд нь би сэрсэн тэгсэн юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Машин дээшээ хараад унасан бодвол халтирсан юм шиг байсан…” гэсэн, иргэний нэхэмжлэгч О.Б “…өглөө 08 цагийн үед би унтаж байгаад сэрэхэд Сайншанд сумын бензин колонк дээр ирж зогсоод бензин авч байгаад бид нар хөдөлсөн юм. Тэгээд уг газраас хөдлөөд 10 орчим км 110 км цагийн хурдтай явж байхаар нь би уг жолооч эмэгтэйд хандан чи арай хурдан яваад байгаа юм биш үү гэж хэлэхэд миний үгийг тоосон шинжгүй улам хурдаа нэмээд яваад байсан юм. Тэгээд өгсүүр замаар явж байгаад доошоогоо уруудаад тэгш зам дээр явж байгаад гэнэт жолооч эмэгтэй үрүүлээ бага зэрэг хөдөлгөх шиг болсон. Тэгээд л машин онхолдсон ба би хэсэг хугацаанд шоконд орчихсон байсан юм…” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 26, 360, 361 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт эмнэлэгийн тусламж дуудаж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй болон түүний хувийн байдал, шүүгдэгч гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзсэн болно.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү…” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь хохирогч нарт учирсан хор уршиг арилаагүй байна. Харин шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж,  2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Тоёота Истима маркийн 32-08 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Т-н хууль ёсны төлөөлөгч Б.М “... эмчилгээний зардал 5,794,968 төгрөгөөс П.Б-н өгсөн 3,785,410 төгрөгийг хасна. Нэмж өмгөөлөгчийн хөлс 1,400,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 50,000,000 төгрөг нийт  53,409,558 төгрөг” нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа болон хагалгаа хийхэд шаардагдсан материал болох 2 хх-ийн 30-39, 42 хуудсанд авагдсан баримтаар  /1,600+18,648+6,000+3,000+9,000+2,500+15,500+13,000+12,000+21,000+73,500+20,000+76,100+7,000+95,000+32,800+65,600+10,000+1,200+3,750+5,150+5,200+9,700+1,500+3,300+70,000+7,500+5,600+19,000+43,000+20,000+10,000+15,000+94,500+1,450,000+42,000+3,400 +40,000+2,500+70,000+8,500+78,500+3,400+3,750/ 2,498,698 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн төлсөн 3,785,410 төгрөгийг хасаж тооцоход хохирогчид төлбөр гаргуулах боломжгүй байна. Өмгөөлөгчийн хөлс нь хохирогчийн эрхээ хэрэгжүүлж байгаатай холбоотой зардал тул хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй мөн цаашид гарах эмчилгээний зардал 50,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хохирогч Б.М-н шаардлагаас 53,409,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Д.З “...эмчилгээний зардалд 3,674,544 төгрөг, шүүх хуралд ирсэн болон буцах зардал 48,700 төгрөг, эм тариа 45,800 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2,216,251 төгрөг, үүнээс Д.Б-н өгсөн 2,760,000 төгрөгийг хасаад 3,225,295 төгрөг” нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эм тариа хагалгааны зардал болох 2хх-ийн 23, 75-77 хуудсанд авагдсан /100,000+2,759,000+ 76,194+ 15,000+ 8,250+94,000 +49,000+54,100+85,000+54,000+48,700+22,500+23,300/ 3,389,044 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба шүүгдэгчийн төлсөн 2,760,000 төгрөгийг хасаад 629,044 төгрөгийг шүүгдэгч Д.Б-с хохирогчид гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй /цалингийн зөрүү нэхэмжилсэн боловч хэрэгт нийгмийн даатгалын дэвтэр, ХЧТА тэтгэмжийн талаар баримтгүй/ 2,596,251 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт иргэний нэхэмжлэгч Ц.Ц 1,151,218 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтаар эм тариа, бензиний зардал 2хх-ийн 4, 7, 8 хуудсанд авагдсан /55,000+53,018+64,200/ 172,200 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба үүнээс шүүгдэгч Д.Б-н төлсөн 64,500 төгрөгийг хасч 107,718  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангахгүй 979,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч  О.Б 120,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн байна. /2хх-ийн 46/,

Хохирогч Д.З, хохирогч М.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.М, иргэний нэхэмжлэгч Ц.Д нар нь цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б овогт Д.Б-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Тоёота Истима маркийн 32-08 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Б-д олгосугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-с 629,044 төгрөгийг гаргуулан хохирогч Т аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуульд зураг технологийн багш ажилтай, Т аймаг Ө сум Х 4 дүгээр баг тоотод оршин суух, А овогт Д.З /107,718 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А овогт Ц.Д-н хууль ёсны төлөөлөгч Ө аймаг М сумын тоотод оршин суух А овогт Ц.Ц-д тус тус олгож, хохирогч М.Т-н хууль ёсны төлөөлөгч Б.М-н нэхэмжлэлийн шаардлагаас 53,409,558 төгрөгний хэсгийг, хохирогч Д.З-н нэхэмжлэлийн шаардлагаас 2,596,251 төгрөгний хэсгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Д-н хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-н нэхэмжлэлийн шаардлагаас 979,000 төгрөгний хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч М.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.М, хохирогч Д.З, иргэний нэхэмжлэгч Ц.Д нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохиролоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.Н