Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/36

 

 

 

       

     2018            05             09                                            2018/ДШМ/36

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Б, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Мөнхтүвшин,

            Хохирогч: Д.З,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.М,

            Хохирогчийн өмгөөлөгч: Д.Халзан,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Мөнхцэцэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 он 03 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Б-д  холбогдох, эрүүгийн 1720001660086 дугаартай, 2 хавтас 397 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогч Д.З, хохирогч М.Төийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Халзан нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ........ суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д-ийн Б /РД: ИЖ72070103/-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшингээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байрлах Түшлэг уул гэх газарт 32-08 ДГА улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас онхолдож улмаар зорчигч Д.Зын эрүүл мэндэд хүндэвтэр, М.Тө-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Б-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Тоёота Истима маркийн ...... ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Бд олгож,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Бгаас 629044 төгрөгийг гаргуулан хохирогч Төв аймгийн ....... сумын Ерөнхий боловсролын сургуульд зураг технологийн багш ажилтай, Төв аймаг ....... сум, Хайрханы 4 дүгээр баг Байшинт ...... тоотод оршин суух, Д.З-д, 107718 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Дийн хууль ёсны төлөөлөгч Өмнөговь аймаг ...... сумын Булгийн ......тоотод оршин суух Ц.Цэцэгмаад тус тус олгож, хохирогч М.Төийн хууль ёсны төлөөлөгч Б.Мн нэхэмжлэлийн шаардлагаас 53409558 төгрөгний хэсгийг, хохирогч Д.Зын нэхэмжлэлийн шаардлагаас 2596251 төгрөгний хэсгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Дийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас 979000 төгрөгний хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хохирогч М.Тө болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.М, хохирогч Д.З, иргэний нэхэмжлэгч Ц.Д нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин Тө болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.З давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч миний биед хүндэвтэр гэмтэл учирч эрүүл мэнд, цаг хугацаа, эд хөрөнгийн асар их хохирол хүлээсэн. Гэтэл шүүхээс өчнөөн хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулсан этгээдэд ганцхан жилийн тэнсэх ял оногдуулсан дүр үзүүлэн шийтгэсэнд гомдолтой. Бд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Бид нар эмчилгээний зардалд осолд орсон 11 сараас 4 сар хүртэлх цалингаа нэхэмжилж, нягтлан бодогчийнхоо тамга тэмдэгтэй цалингийн хүснэгтийг авчирсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед нийгмийн даатгалын дэвтэрээ авчирч чадаагүй юм.  Цаашдаа бид нар өөр орон нутаг холоос дахин дахин ирэх чирэгдэлтэй байна. Д.Б бид нарыг эрүүл мэндээр хохироочихоод өөрөө яаж хөнгөн ял шийтгэл авах вэ гэж анхаарснаас биднийг хурдан түргэн хугацаанд эмчлүүлж эдгээх, хохирол төлбөрийг шуурхай төлж барагдуулах талаар хүн ёсны сэтгэл гаргаагүй. Би 2018.04.17-ны өдөр ажилдаа орсон. Цалин нэхэмжлэхэд анги даалт, хөдөө орон нутагт ажилладаг 10% бодогдоогүй, зөвхөн үндсэн цалин бодогдсон байсан, харин сая ажилдаа ороод  эдгээрийг оруулж бодоод нэхэмжилмээр байна. Би 2 кг-аас дээш юм өргөж чадахгүй, өргөхөөр хүзүүнээс дээшээ хөшөөд, удаан хугацаагаар суухаар толгой руугаа хөшиж өвдөөд байгаа. Би өөрөө багш мэргэжилтэй хүн учраас байнгын зогсоогоороо 6-7 цаг ажилладаг, их ярьдаг хүнд ажлаа хийхэд үнэхээрийн хэцүү байдаг. Ажилдаа ороод дөнгөж сар болоход ядраад, эмнэлэгт хэвтэх дугаар бичүүлчихээд байж байна. Байнгын эм тариа хэрэглэж байна. Нэг тариа гэхэд 84000 төгрөг. Шүүх хуралдаанаас хойш эмчлүүлсэн баримтаа бүрдүүлээд авчирсан байгаа. Би нөхөртөө эмээ захихаар эрэгтэй хүн л хойно баримтаа авахгүй ирэх үе зөндөө. Манайх хөдөө суманд байдаг. Би аймагт байхдаа өөрөө эм тариагаа авсан баримтаа нэмээд нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж байгаа. Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хохирогч М.Тө-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Д.Халзан нар давж заалдсан гомдолдоо: Миний хүү М.Тө нь 2017.11.09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах Түшлэг уул гэх газарт 32-08 ДГА дугаартай Тоёота Истима маркийн машиныг жолоодож явсан Д.Б-гийн шууд буруугаас болж хүнд гэмтэл авч үүрдийн тахир дутуу болсон. Миний зүгээс Бгаас анхан шатны шүүх дээр нотлох баримтаар гаргаж өгсөн 2009558 төгрөг нэхэмжилсэн мөн өмгөөлөгчийн хөлс 1400000 төгрөг нийт 3409558 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх бүгдийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний нэхэмжилж байгаа 2009558 төгрөгийн хувьд эмчилгээний зардал гэж өгсөн 3785410 төгрөгнөөс тусдаа нэхэмжилж байгаа мөнгө гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Өмгөөлөгчид төлсөн 1400000 төгрөгийн хувьд Бгийн буруутай үйл ажиллагааны улмаас өмгөөлөгч хөлслөн авсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дэх зүйлийн 1.1-д хохирогч түүний хууль  ёсны төлөөлөгч гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч өмгөөлөгчид төлөх зардал гэснийг гэм буруутай хүнээс өмгөөлөгчид төлсөн зардлыг гаргуулна гэж ойлгож байгаа. Анхан шатны шүүхээс Бд оногдуулсан ял шийтгэлийн хувьд хэтэрхий хөнгөн ял оноосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж хохирогч миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхэд 17 настай, одоо татаж унадаг болчихсон. Улаанбаатар хотод тархины бичлэгт оруулах гэсэн мөнгөгүй болоод оруулж чадсангүй. Эхнэр бид 2 хоёулаа тэтгэвэрт байдаг, хоёулаа тэтгэврийн зээл авчихсан учраас бид хоёрт ямар ч мөнгө байхгүй. Хүүхдийнхээ ирээдүйг бодож байна. Бичиг баримтыг нь Солонгос улс руу явуулсан. Хариу нь удахгүй ирэх байх. Нэхэмжилсэн мөнгөө гаргуулж авмаар байна гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Д.Халзан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүгдэгч Бгаас нийт 3409558 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хохирогчийн зүгээс гомдол гаргасан. 3409558 төгрөг нь эмчилгээний зардал 2009558 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1400000 төгрөгийг гаргаагүйд гомдолтой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тов тодорхой заалт байсаар байхад өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул дээрх мөнгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Мөн шүүгдэгчид  хөнгөн ял шийтгэл оногдуулсанд хохирогчийн зүгээс гомдолтой байна гэж давж заалдсан гомдолдоо дурдсан  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нарын хохирлыг нотлох баримтын хэмжээнд гаргаж шийдвэрлэсэн. Ял шийтгэлийн хувьд Д.Б-гийн ар гэрийн байдал 10 настай, 2 оюутан хүүхэдтэй, хохирлыг тодорхой хэмжээнд төлж барагдуулсан, цаашдаа гарах хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн амлалт өгсөн учраас заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан байгаа. Ял шийтгэлийн хувьд шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Хохирлын хувьд Дд шийтгэх тогтоолоор 107718 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Д.Зад 629044 төгрөгийг төлөхөөр тогтоолд дурдагдсан ба 200000 төгрөгийг төлсөн, одоо 429044 төгрөгийн төлбөр үлдсэн байгаа. Хохирогч нар хохирсон учраас гомдолтой байгаа байх, гэхдээ аливаа хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдаг. Хохирогч Д.З тухайн үед хамгаалах бүсээ зүүж явсан бол гэмтэл авах байсан уу, үгүй юу. Ямар ч хүн машинд ороод хамгаалах бүсийг зүүх үүрэгтэй. М.Тө, Ц.Д нарыг Америк улсад тэмцээнд оруулахаар авч яваа хүн шүү дээ, гэтэл ядаж нийтийн вагоноор аваад явах сэтгэл байхгүй, замын унаанд суулгаад явсан байдаг. Ийм хариуцлагагүй үйлдлээс болоод энэ хүүхдүүд хохирчихоод байгаад харамсаж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бодитой үнэн зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх Д.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн зарим хэсгийг нь төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ авсан. Хохирогч М.Төийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн нэхэмжилсэн хохирлоос 2498698 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Өмгөөлөгчийн хөлс 1400000 төгрөг болон цаашид гаргах зардал болох нийт 53409558 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Д.Зын хувьд эмчилгээний зардал 3674544 төгрөгийг нэхэмжилснээс Б нь 2760000 төгрөгийг төлсөн байдаг тул 629400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн З нь цалингийн зөрүүг нэхэмжилсэн боловч нийгмийн даатгалын дэвтэр хавтаст хэрэгт авагдаагүй байсан учраас шүүх цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолдоо дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд 32-08 ДГА улсын дугаартай Тоёото Истима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зорчин явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Д.Зын биед хүзүүний 6-р нугалмын шахагдсан хугарал, нугасны гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч М.Төт гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал 3-р зэрэг, гавлын хатуу хальсан дээрх болон тархины эд дэх цусан хураа бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосон албадлагын арга хэмжээ авсан тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Д.З, хохирогч М.Төийн хууль ёсны төлөөлөгч Б.М нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь ослын талаарх Замын Цагдаагийн шинжээчийн 26 тоот, /1-р хх-ийн 111/,  хохирогч Д.З, хохирогч М.Тө нарын эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 361, 360 дугаар, /1-р хх-ийн 75, 78/, иргэний нэхэмжлэгч Ц.Д, О.Батсайхан нарын биед шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн тухай шинжээчийн 355, 356 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 83, 89/, хохирогч  Д.З, хохирогч М.Төийн хууль ёсны төлөөлөгч Б.М нарын мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Ц.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаа, иргэний нэхэмжлэгч О.Батсайхан нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байгаа ба хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэлүүд байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд хангалттай шалгаж тодруулсан байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг хэрэглээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг анхаараагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэх шаардлага нь нэгдүгээрт шүүгдэгчийг тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай нарийвчилсан тодорхой зохицуулалт нь учраас,

Хоёрдугаарт тэнсэгдсэн шүүгдэгч тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдол гарвал прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх  мөн зүйлийн 4-т зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулах учиртай юм.

Харин хохирогч нарт учирсан хохирлыг тооцохдоо холбогдох зарим нотлох баримтын эх сурвалжийг шалгалгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Энэ нь иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын нэхэмжилсэн гэм хорын хохирлын нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлээгүй, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар үнэлж, шалгаагүй байна.

Хохирогч Д.З эмчилгээ, унааны зардалд 3720.344 төгрөг,  хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг хасаад ажилгүй байсан хугацааны цалинд 2219.251 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг тооцоход шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний төлбөрт өгсөн 2760.000 төгрөгийг хасаад 1009.044 төгрөг төлөгдөх байсныг 629.044 төгрөг гэж дутуу тооцсон.

Ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийн зөрүү болох 2219.251 төгрөгийг хавтаст хэрэгт авагдсан нягтлан бодогчоос гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, цалингийн карт зэрэгт үндэслэн хохирогчид олгох үндэслэлтэй байхад нэхэмжлэлийг хангаагүй байна. Иймд хохирогч Д.Зын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч М.Төийн хууль ёсны төлөөлөгч Б.М эмчилгээний зардалд 5.794.968 төгрөгийг нэхэмжилдэг ба шүүгдэгчийн зүгээс 3.785.410 төгрөгийг хохирогчийн эмчилгээнд зориулж бэлнээр болон эмчилгээний зардалд төлсөн нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчээс гаргаж өгсөн зардлын баримтууд зэргээр тогтоогдож байгаа боловч эдгээр зардлаас гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөөс зарцуулсан 2588.208 төгрөгийн баримтууддаа үндэслэн хохирлоо нэхэмжилсэн байхад шүүгдэгчээс төлсөн 3.785.410 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болсон.

Хохирогч М.Төийн хувьд гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал 3-р зэрэг, гавлын хатуу хальсан дээрх болон тархины эд дэх цусан хураа бүхий хүнд гэмтлийн улмаас одоо биеийн эрүүл мэнд нь сайжрахгүй байгаа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон хэргийн материалаас харагдаж байгаа, байнгын эмчилгээ, сувилгаа шаардлагатай байгаа байдлыг харгалзан шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан гэх 2588.208 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй ба харин сэтгэл санаа, цаашид гарах эмчилгээний зардалд 50.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, сэтгэл санааны хохирлоо яаж тооцож байгаа зэрэг нь тодорхойгүй тул жичдээ иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж хангуулах эрхийг нь олгох, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчид төлсөн 1400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй зөв болсон гэж үзлээ.

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Ц.Дийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаа эмчилгээ, унааны зардал, АНУ-ын визний төлбөрт нийт 1.151.218 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс визний төлбөрийн баримт хэрэгт хавсаргагдаагүй тул жичдээ нэхэмжлэх эрхээр хангаж, харин Улаанбаатар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум хүртэлх замын зардлын шатахууны зардалд 500.000 төгрөгийг нэхэмжилсэн нь зарлагын баримт хавтаст хэрэгт авагдсаныг тооцоогүй орхигдуулсныг нэмж гаргуулах, нэхэмжлэлээс 18.700 төгрөгийн хоолны зардлыг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хохирогч нар, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа дахин иргэний журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэй гэж 2 өөр шийдвэрийг гаргасан нь 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.8-д заасан шаардлагуудыг хангаагүй буюу “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” зэргийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүрэн тусгах гэсэн шаардлагуудыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хохирогч нарын давж заалдсан гомдлуудыг хангаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3,  39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 1.5, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Бгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд орших суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж,  тэнссэн 1 жилийн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,  мөн хуулийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг тус тус авсугай” гэж,

            6 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Бгаас 629.044 төгрөгийг гаргуулан хохирогч Төв аймгийн Өндөр ширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд зураг технилогийн багш ажилтай, Төв аймаг Өндөрширээт сум Хайрханы 4 дүгээр баг, Байшинт 1-2 тоотод оршин суух, Алаг овогт Дашзэвэгийн З /УС81012107, утас 99790112/-д, 107.718 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Алгуу овогт Цэцэгмаагийн Д /КД 00222712/-ийн хууль ёсны төлөөлөгч Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Булгийн 02-10 тоотод оршин суух Алгуу овогт Цэрэндоржийн Цэцэгмаа /КД 68032604, утас 88550554/-д тус тус олгож, хохирогч М.Төийн хууль ёсны төлөөлөгч Б.Мн нэхэмжлэлийн шаардлагаас 53.409558 төгрөгний хэсгийг, хохирогч Д.Зын нэхэмжлэлийн шаардлагаас 2.596251 төгрөгний хэсгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Дийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас 979.000 төгрөгний хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

            “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Д.З-д эмчилгээ, унааны зардалд 1009.044 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 2219.251 төгрөг, бүгд 3228.295 төгрөгийг,  хохирогч М.Тө-ийн эмчилгээ, унааны зардалд нэхэмжилсэн 2588.208 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Б.М-д, хохирогч Ц.Д-ийн эмчилгээ, унаа, зочид буудлын зардалд гаргасан 607.718 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаад шүүгдэгч Д.Б-гаас тус тус гаргуулж олгох,  хохирогч М.Төийн хууль ёсны төлөөлөгч Б.Мн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 1400.000 төгрөгийг, хохирогч Ц.Дийн хоолны зардал 18.700 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай “ гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Халзан нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА                             

                                                                                                       А.САЙНТӨГС