Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 0070

 

 

 

 

 

 

 

Л.Лид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Д

Шүүгдэгч                                                       Л.Л

Иргэний нэхэмжлэгч                                  Б.Д

Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний нэхэмжлэгч Б.Д-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Лид холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Л-н Л,

 

Л.Л нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ         аймгийн          сумын              багийн             тоотод байрлах гэртээ хохирогч Н.Т-тай маргалдан, түүнийг газар унаган, нүүр толгой бие хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Л.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овогт Л-н Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-н Лийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лид оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Т-д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийпдвэрлэх ажиллагаанд төдөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Хохирогч Н.Т нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж,

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Л.Л-оос 1.354.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгож, иргэний нэхэмжлэлээс 4.032.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Д давж заалдах гомдолдоо:

 

... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хохирогч Н.Т-н гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан дэлгэрэнгүй лавлагааг тус аймгийн цагдаагийн байгууллагын албан бичгийн дагуу нотлох баримтаар гарган өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад зааснаар иргэний нэхэмжлэгчээр оролцох тайлбар мэдүүлэг өгч оролцсон болно.

Гэвч анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй атлаа шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийг оролцуулалгүй хэлэлцэж, Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  төлөөлөгч Б.Д-н хэргийн оролцогчоос авсан тайлбар мэдүүлэг болон хохирогч Н.Т-д эмчилгээ тусламж үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 5.386.000 төгрөгийн зардлын дэлгэрэнгүй лавлагаагаар нотолсон баримт хэрэгт авагдсан байна.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Орхон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мэс заслын тусламж үйлчилгээний 1.354.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн атлаа бусад тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.032.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Манай байгууллага нь Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ” байгуулан иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээг нэхэмжлэлийн шалгуурын дагуу хянаж санхүүжилтийг олгодог бөгөөд тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан.

Иймд нийтийн эрх ашгийн төлөө төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү … гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Л тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Б.Д тайлбартаа: ... гэм буруутай этгээдээс хохирол төлбөрөө гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Л.Лид холбогдох эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч Б.Д-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Л.Л нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ           аймгийн              сумын              багийн        тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Н.Т-тай маргалдан, түүнийг газар унаган, нүүр толгой бие хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Лийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Н.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

         Шүүгдэгч Л.Л нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд буюу түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

 

            Хэргийн бүх ажиллагааг хянавал нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтан Б.Д нь ... шүүх хуралдаанд оролцуулаагүй, ... төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

            Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэл буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.Т-д эмчилгээ тусламж үзүүлэхэд гарсан 5.386.000 төгрөгийн зардлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэж 1.354.000 төгрөгийг шүүгдэгч Л.Лоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иргэний нэхэмжлэлийн зарим хэсэг болох 4.032.000 төгрөгийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд иргэний нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 5.386.000 төгрөгийн зардлын дэлгэрэнгүй лавлагаагаар нотолсон баримт хэрэгт авагдсан, ...67 хуудас баримтыг хавсаргав ...” гэсэн байх боловч энэ талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүйгээс гадна, шүүх хуралдаанд гаргасан түүний “хууль мэдэхгүй ..., өөрийн эрх үүргээ сайн ойлгоогүй” гэсэн тайлбар нь хуульд заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарахгүй ба шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

           

            Харин Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ... эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй юм.

 

            Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан тул эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 4.032.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын “... шүүх хуралдаанд оролцуулаагүй ...” гэсэн хэсгийн тухайд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч ... оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно” гэж,     мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч ... ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Д нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... 4.032.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “... 4.032.000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний нэхэмжлэгч Б.Д-н давж заалдах гомдолд дурдсан  “...шүүх хуралдаанд оролцуулаагүй ... ” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, “... төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь үндэслэлтэй...”  гэсэн хэсгийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР