Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/357

 

 

 

 

 

 

 

 

 

2023         10            10                                 2023/ШЦТ/357

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр /онлайн/,

шүүгдэгч Л.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт  Л-ийн Л-ид холбогдох эрүүгийн 2325000000411 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 0 дугаар “ххх” жижүүр ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Л-ийн Л- /рд: хх00000000/.

                                                                                

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод хохирогч Н.Т-тай маргалдан татаж газар унаган, нүүр толгой бие хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “дагз яс, суурь, ламбдойд заадасны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн цусархаг няцрал, их тархины дагз, бага тархины хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шуу, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн шагайд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Л.Л-ийн: ...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Н.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний санаж байгаагаар 2023 оны 07 сарын 16-ны өдрийн бүтэн сайн өдөр байсан санагдаж байна өглөөний 10 цагийн орчимд өөрийн Баянцагаан багийн 0-0 тоот гэрээсээ гараад ажлынхаа газар болох Чандмань төвд байрлах оффисын цэвэрлэгээний ажлаа хийж дуусгачихаад 12 цагийн орчимд Л.Л-ийн 0 багийн 0-0 тоот хаягтай гэрт нь ганцаараа очиж Л.Л- бид хоёр 1 шил 0.5 литрийн хэмжээтэй Алтан чингис архийг хуваан ууж дуусгаж, би гэрээс нь гараад харих гээд явж байсан чинь замд нутгийн С- ахтай таарч эргээд Л.Л-ийн гэрт нь очиж, би эргэж гараад дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Хар экс архийг худалдан авч Л.Л-ийн гэрт орж бид гурав архийг хуваан ууж дуусгасан. Бид гурав архийг дуусгаж С- ахын гэрт очиход Ц.Б-, Ж.Э- нар нь байж байсан, тэгээд бид нар С- ахынд сууж архи ууж байхдаа архиндаа согтож ухаангүй болоход нэг мэдсэн чинь Л.Л-ийн гэрт ирчихсэн байсан бөгөөд гэртээ харина гээд цүнхээ аваад хашааных нь хаалгаар гарах гэсэн чинь Л.Л- араас ирээд татаж газар толгойгоор минь савж унагаагаад байшин руугаа чирч оруулаад нүүр толгой биеийн хэсгүүд рүү гараараа цохиж зодоод байсан. Тэгээд уг өдрөө Л.Л-ийн гэрт хоноод маргааш нь гэртээ ирсэн. Яг яагаад намайг цохиж зодох болсон шалтгааныг мэдэхгүй байна. Намайг Л.Л- зодож байхад өөр хүн байгаагүй, бид хоёр л хамт байсан. Л.Л- нь 3,200,000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглээрэй гэж надад бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн. Би гомдолгүй. Миний зүгээс өөр гаргах санал, хүсэлт, гомдол нэхэмжлэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,

 

-Гэрч Ж.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би эхнэр Б-гийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах /яг хаягийг нь мэдэхгүй гэх/ С- ахынд очиж өвсийг нь хадаж өгөөд С- ах бид гурав 0.75 литрийн хэмжээтэй архи хуваан ууж байхад 2023 оны 07 сарын 16-ны өдрийн үдээс хойш гаднаас Н.Т-, Л.Л- хоёр нэлээд согтолт өндөртэй орж ирээд Н.Т- Л.Л-ийг бусадтай хардан орилоод агсам тавиад байсан. С- ах Н.Т-, Л.Л- хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан бөгөөд эхнэр бид хоёр С- ахынд С- ахын хамт хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/, 

 

-Гэрч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би нөхөр Ж.Э-ын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 00 тоот гэртээ байж байхад С- ах орж ирээд хашааны өвс хадаад өгөөч гэж нөхөр бид хоёрыг Дэнж багт байрлах /хаягийг нь хэлж мэдэхгүй/ гэртээ дагуулан очиж нөхөр бид хоёр өвсийг нь хадаж өгөөд С- ах бид гурав 0.75 литрийн хэмжээтэй архи хуваан ууж байхад 2023 оны 07 сарын 16-ны өдрийн үдээс хойш гаднаас Н.Т-, Л.Л- хоёр согтолт ихтэй орж ирсэн. Тэгээд удалгүй байж байсан чинь Н.Т- Л.Л-ийг хүнтэй хардаж орилоод түүн рүү агсам тавиад байсан чинь С- ах манайх хэрүүл маргаан хийдэг газар биш гээд Н.Т-, Л.Л- хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд нөхөр бид хоёр С- ахынд С- ахын хамт хоносон бөгөөд Н.Т- Л- хоёр дахин орж ирээгүй, бид нартай ч холбогдоогүй, Н.Т-, Л.Л- хоёр анх орж ирэхэд биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй хэвийн зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,

 

-Гэрч Ц.О- мөрдөн шалгах ажиллагаанд: "...Манай ээж Н.Т- нь Ц.Ц, ах Ц.Б нарын хамтаар Баянцагаан багийн Хуучин тосгоны 0-0 тоотод амьдардаг. Би тусдаа гараад 2 жил болж байна, гэхдээ ээжтэйгээ байнга холбоотой гэрээрээ ирж очин байдаг. Ээж ххх төвд оффисын үйлчлэгчийн ажил хийдэг. Хүнд зодуулсан цагаас хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Л.Л- гэдэг хүнтэй найз нөхдийн харилцаатай гэсэн өөр зүйл надад хэлэхгүй байгаа. Хаяа даа архи уух гээд байдаг талтай. Ээжийн бөөр өвддөг, ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, сэтгэц эрүүл, хөдөлмөрийн чадвартай ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ толгойдоо авсан гэмтлээс болж бие нь муу болсон. Би 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянцагаан багийн Хуучин тосгоны 0-0 тоот хуучин гэртээ очиход ээж Н.Т-ын нүүр нь хөхөрч хавдсан, толгой нь өвдөж хэвтрийн байдалтай хүнд зодуулсан гэмээр байсан бөгөөд хоолоо идэж чадахгүй их хүнд байж байхаар нь юу болсон талаар асуухад надаас эхлээд нуугаад байсан, тэгээд хэд хоногийн дараа биеийн байдал нь эрс муудахаар нь би Бүсийн оношилгоо эмчилгээний төвд дагуулан очиж эмчид үзүүлсэн чинь толгойдоо маш хүнд гэмтэл авсан байсан тэгээд надад Л.Л- гэдэг хүний гэрт байж байхад түүнд зодуулсан гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Яагаад нуугаад байсан шалтгааныг мэдэхгүй байна. Угаасаа хүнд зодуулсан нь ойлгомжтой харагдаж байсан. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хагалгаанд орох боломжгүй гээд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын төвд хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Л.Л- гэдэг хүний гэрт зорилгогүйгээр архи уух гээд л очсон гэсэн, тэгээд архи уусан байхдаа түүнтэй маргалдсан чинь толгойгоор нь газар савж унагаан зодсон гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,

 

Шүүгдэгч Л.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Н.Т- согтуу манай гэрт ороод ирчихсэн Б чинь Т-ай унтдаг гэнэ суух гэж байгаа юм гэхээр нь хүний амьдрал ямар хамаатай юм гэсэн чинь миний нүүрийг гараараа маажихаар нь хүн хол юманд явах гэж байхад чинь гээд түүнийг өөрөөсөө холдуулан түлхсэн чинь дагз хэсгээрээ зуухны урд шал руу савж унасан, тэгээд гэрээс гүйн гараад явахаар нь араас нь гараад чирч байшин руугаа оруулж ганцаараа согтуу яваад яах юм, амраад яв гээд унтуулсан. Тэгээд удалгүй гэртээ харина гээд ганцаараа явсан. Би түүний толгойд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, харин бусад гэмтэл нь хэрхэн яаж үүссэнг үнэхээр мэдэхгүй байна. Би түүнд эмчилгээний төлбөр гэж нийт 3,800,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн 639 дугаартай:

1. Н.Т-ын биед дагз яс, суурь, ламбдойд заадасны шугаман хугарал, тархины баруун зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн цусархаг няцрал, их тархины дагз, бага тархины хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шуу, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-36х/,

 

- Шинжээч эмч Э.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд: “...Н.Т-ын биед учирсан дагз яс, суурь, ламбойд заадасны шугаман хугарал, тархины баруун зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн цусархаг няцрал, их тархины дагз бага тархины хатуу хальсан доорх цусан хураа амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд үүссэн цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт зүүн шагайд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тус гэмтлүүдийн үед "саруул үе" гэж байдаг. Энэ үед ямар нэгэн зовуурь шинж тэмдэг илрэхгүй байх боломжтой ба ихэнх тохиолдол толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Саруул үе нь хүний биеийн онцлог, цусны шингэн төлөв байдал зэргээс хамаарч хэдэн цагаас хэдэн сар хүртэл ч үргэлжилдэг ба цусан хураа, няцрал нэмэгдэх тусам зовуурь нэмэгдэж болно. Дагз яс, суурь, ламбдойд заадасны шугаман хугарал, тархины баруун зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн цусархаг няцрал, их тархины дагз, бага тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох болон унах үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х/,

 

  • Иргэний нэхэмжлэгч Б.Даваачимэг мөрдөн шалгах ажиллагаанд: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг.зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд Н.Т-ын нь хэвтэн эмчлүүлж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,386,000 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/,

 

- Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шинжээч эмч нарын 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “...Магадлуулагч Л.Л- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц, мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан, магадлуулагч Л.Л- нь сэтгэцийн өвчингүй болно. Магадлуулагч Л.Л- нь өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай, мөн хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /хх-ийн 47х/,

 

         -Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн 29-18 тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6х/,

 

         -Шүүгдэгч Л.Л-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод хохирогч Н.Т-тай маргалдан татаж газар унаган, нүүр толгой бие хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “дагз яс, суурь, ламбдойд заадасны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн цусархаг няцрал, их тархины дагз, бага тархины хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шуу, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн шагайд зулгаралт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Л.Л- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Л.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

         

          Хохирогч Н.Т- эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ /хх-ийн 124х/ гэсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогчийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т ”... гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж заасан.

 

          Иргэний нэхэмжлэгч Б.Даваачимэг нь “хохирогч Н.Т-д эмчилгээ тусламж үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 5,386,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн бөгөөд 1,354,000 төгрөгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан тул шүүх нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Л.Л-оос 1,354,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,032,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

   оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Л-ид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ийн Л-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-ид оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Т-д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Н.Т- нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Л.Л-оос 1,354,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгож, иргэний нэхэмжлэлээс 4,032,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.НАРМАНДАХ