Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 41

 

.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

    хариуцагч Д.О, О.Э, О.О

                                     нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2021/00196 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д.О, О.Э, О.О нарт холбогдох,

“Зээлийн үүрэг 38.500.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч О.О, Д.О, О.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч О.Э, хариуцагч Д.О, О.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нар /онлайнаар/ нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Д.Од 30 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй барьцаагүйгээр итгэлцлийн журмаар 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Зээлийг хүү Эрдэнэзоригтоо байр авах мөнгө дутаад байна, удахгүй банкнаас зээл аваад өгнө гэж  20.0 сая төгрөгийг бэлнээр 10,0 сая төгрөгийг хүү Эрдэнэзоригийнх нь ХААН банкны 5090321975 тоот данс руу мобайлаар шилжүүлж утган дээр нь Д.Од зээлдүүлэв гэж бичиж шилжүүлсэн болно. Ингээд 2019 оны 04 дүгээр 17-ны өдөр Д.О 15 хоногийн хүү 500.000 төгрөгтэй хамт 20.500.000 төгрөгийг миний ХААН банкны данс руу хийлээ гэж хэлээд шилжүүлж өгсөн. Зээлийн үлдэгдэл 10 сая төгрөгийн хүүг Д.О нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөгийг тус тус 2 удаа өгсөн болно. Зээлийн 7 сарын хүүг өгөөгүй их хэмжээний ноолуур хүнд өгөөд мөнгө авч чадахгүй байна гэх болсон. Ингээд зээлийн хугацаа дуусахад Д.Оаас зээлээ төлөхийг удаа дараа шаардахад нөгөө хүнээсээ мөнгөө авч чадахгүй, намайг шүүхэд өгчих гэж гуйх болсон. Би бүүр гайхаад шүүхэд өгөхөөр та хүнээс авсан зээлээ төлөхгүй байж болдог юм уу гэхэд надад хугацаа хэрэгтэй байна. Сүүлийн үед утсаа авахгүй байгаа учраас би шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Зээлийн гэрээний дагуу Д.О нь үндсэн зээл 10,0 сая төгрөгөө төлөлгүй хугацаа хэтэрсэн. Алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлж 5.000.000 төгрөгний алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Д.Оаас үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг төлөгдөөгүй 7 сарын хүү 500.000 төгрөг нийт 15.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Д.Од холбогдуулан 15.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага дээрээ дараах шаардлагуудыг нэмэгдүүлж байна.

Үүнд: Д.Оы гуйсны дагуу 2019 оны 01 сарын 03-нд 10.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 13-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-нд 3.000.000 төгрөг нийт 15 сая төгрөгийг охин О.Оюун-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот дансаар мөн дахин 2019 оны 04 сарын 29-нд 6.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 01-нд 2.000.000 төгрөг нийт 8 сая төгрөгийг хүү О.Эийн 5090321975 дансаар бүгд нийт 23.000.000 төгрөгийг шилжүүлэн зээлдүүлсэн болно. Уг авсан зээлээ Д.О өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.О Д.О надад холбогдуулан гаргасан 15 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. 30.000.000 төгрөгийг Б.Оэс 2019 оны 04 сарын 02-ны өдөр бэлнээр 20.000.000 төгрөг, хүү О.Эийн Хаан банкны 5090321975 тоот дансаар 10.000.000 төгрөг амаар тохиролцож авсан. Бичгээр гэрээ байгуулаагүй. 2. Дээрх гэрээний дагуу зээлж авсан 30.000.000 төгрөгөөс 2019 оны 04 сарын 17-ны өдөр өөрийн охин О.Оюун-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот данснаас нэхэмжлэгч Б.О Хаан банкны 5094282455 тоот данс руу 20.500.000 төгрөг нэг удаа, 10.350.000 төгрөгөөр нэг удаа нийт 30.850.000 төгрөг болгож төлсөн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Б.О Д.О надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 23.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Миний бие О.Оюун-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот дансаар 2019 оны 01 сарын 03-нд 10.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 13-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-нд 3.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг Б.О Хаан банкны 5094282455 тоот данснаас шилжүүлэн авсан. Хүү О.Эийн Хаан банкны 5090321975 тоот дансанд 2019 оны 04 сарын 29-ний өдөр 6.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөг хүлээн авсан. 2. Дээрх 23.000.000 төгрөгийг охин О.Оюун-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот, хүү О.Эийн Хаан банкны 5090321975 тоот дансаар тус тус төлж барагдуулсан. Харин ч миний охин О.О нэхэмжлэгч Б.Од илүү мөнгө өгсөн байдаг юм байна лээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2021/00196 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О, О.О нараас 25.955.000 төгрөг, хариуцагч Д.О, О.Э нараас 7.700.000 төгрөг тус тус гаргуулан Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.845.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.О, О.О нараас улсын тэмдэгтийн хураамжаар 287.725 төгрөг, Д.О, О.Э нараас улсын тэмдэгтийн хураамжаар 138.150 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.О, Д.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан  гомдолдоо:  

Анхан шатны шүүхийн № 196 дугаартай шийдвэрийн О.О, Д.О нараас 25.955.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний зарим хэсгийг миний төлөөлүүлэгч болох О.О, Д.О нар нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт О.О, Д.О нараас 25.955.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж улмаар зээлийн хүү, зээлийн гэрээний дагуу алданги гаргуулахаар, мөн хариуцагч нарын төлсөн төлбөрийг төлөөгүй мэтээр, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: Нэг. Нэхэмжлэгч Б.О болон хариуцагч Д.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байхад шүүх хүчин төгөлдөр гэрээ мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч Б.О нь зээлийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг нь түүний дансны хуулга, хариуцагч нарт 2016 оноос зээл өгч, зээл авч бусдад зээлж байсан байдал, зээлийн үйл ажиллагааны хүрээнд бусад этгээд зээл аваагүй төлөөгүй тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар гурван шатны шүүхээр маргаж байсан тухай нийтэд илэрхий болсон шүүхийн шийдвэрүүдээр, мөн зээлийн үйл ажиллагааг ломбард гэх нэрийн дор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэнбулаг /үйлчилгээний төвийн 2 давхарт Орхон-2 гэх хэсэгт/ худалдааны төвд үйл ажиллагаа байнга явуулдгийг, зээлийн үйл ажиллагааг амьжиргааныхаа эх үүсвэр болгодог атлаа олсон орлогодоо татвар төлж байгаагүйг нотлох Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогддог. Энэ Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуул ийн 15 дугаар зүйл ийн 15.3.4-д зааснаар тусгай зөвшөөрөл авах тухай заалт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалт зэргээр хангалттай нотлогдож байгаа ба зээлийн гэрээг бичгээр байгуулсан, бичгээр байгуулаагүй ч хүү, алданги тооцож авдаг тухай нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэргээр тогтоогдож байхад шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн шаардах эрхийг тогтоохдоо Иргэний хуулийн ерөнхий ангид заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байгаа эсэхийг тогтоож, улмаар зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй эсэх талаарх дүгнэлтийг хийх учиртай. Гэтэл анхан шатны шүүхээс шаардах эрхийн үндэслэлийг тогтоохдоо дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулсан зээлийн гэрээ байгааг дүгнэхгүйгээр зээлийн хүү 500.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу тооцсон алданги 5 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагч О.О, Д.О нараас гаргуулах төлбөрөөр 5.500.000 төгрөгийг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах. Хоёр. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.О шилжүүлсэн төлбөрийг тооцсон атлаа хариуцагч О.О, Д.О нараас нэхэмжлэгчид шилжүүлсэн зээлийн төлбөрүүдийг хасаж тооцохгүйгээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн хаан банкны дансанд хариуцагч О.Оэс шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг хасаагүй байх ба уг төлбөр нь тухайн зээлийн дийлэнх хэсгийг эзэлж байхад орхигдуулсан байна. Нэхэмжлэгчийн зээлийн хүүнд тооцож авсан гэх 4.845.000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцсон нь зөв боловч хариуцагчийн эргүүлэн төлсөн төлбөрүүдийг хасахгүйгээр төлөөгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нийт нэхэмжлэл болох 38.500.000 төгрөгөөс О.Эийн хариуцах төлбөр болох 7.700.000 төгрөг, шаардах эрхгүй төлбөр болох зээлийн хүү, алданги 5.500.000 төгрөг, хариуцагч О.Оюун-Эрдэнийн төлсөн төлбөр 11.000.000 төгрөг, хүүнд тооцож авсан гэх 4.845.000 төгрөгийг тус тус хасвал хариуцагч О.О, Д.О нараас гаргах нийт төлбөр нь 9.455.000 төгрөг болж байхад үүнийг шүүх анхаарахгүйгээр 25.955.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь 16.500.000 төгрөгийг илүү гаргасан байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж О.О, Д.О нараас 25.955.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг нийт 9.455.000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагч нарын төлөөлөгч М.Ганзориг нь О.О, Д.О нараас 25.955.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргахдаа Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, зээлийн гэрээний дагуу хүү, алданги гаргуулахаар мөн хариуцагч нарын төлсөн төлбөрийг төлөөгүй мэтээр шийдсэн нь үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нотлогдсоор байхад хүчин төгөлдөр гэрээ мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь ААҮА-т хуулийн 15.34-т заасан тусгай зөвшөөрөл авах тухай заалт, ИХ-н 56.1.8-р заалт зэргээр нотлогддог гэсний тухайд: ААНТЗ тухай хуулийн 15.2 буюу банк, 15.3.2-т зааснаар ББСБ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагааг тус тус эрхэлдэг. Нэхэмжлэгч Б.О нь ББСБ, хоршоо зэрэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг явуулдаггүй. Эдгээр банк, ББСБ, хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авахаар хуулинд зохицуулагджээ. Нэхэмжлэгч өөрийнхөө мөнгийг хэрхэн яаж зохицуулах тухай хэн нэгнээс зөвшөөрөл авах тухай ойлголт байхгүй юм. Энд иргэн хүн мөнгө зээлж, зээлүүлж болохгүй гэсэн хориглосон хэм хэмжээг ИХ-н 281-р зүйлд заасан зээлийн харилцааг зохицуулсан заалтанд хууль тогтоогч оруулаагүй болно. ИХ-н 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж буй нь тухайн заалтыг буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг хэрхэн яаж хангаж байгаагаа үндэслэл бүхий тайлбарласангүй. Шүүхээс Б.О, Д.О нарын хооронд хийгдсэн мөнгө зээлж авах, өгөх тухай гэрээний харилцааг ИХ-н 281.1-т заасан гэрээний харилцаа юм. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий гэж үзэж байна. Зээлийн гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй гэрээ байгуулсан, субъектийн хувьд эрх зүйн чадамжтай, гэрээний хэлбэрийн хувьд бичгээр хийсэн зэргээрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. Хариуцагчийн эргүүлэн төлсөн төлбөрүүдийг төлөөгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэсний тухайд: ИХШ ХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбарт мэтгэлцэх хүрээнд ямар ямар тооцоог нь дууссан тухай нэхэмжилж буй шаардлагад хамаарахгүй гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж, гүйлгээ хийгдсэн дансны хуулган дахь гүйлгээг үндэслэн тайлбарласан. 2019.04.02-нд зээлдүүлсэн 30.000.000 төгрөгийг зээлэхдээ гэрээг бичгээр хийж, гол нөхцөлийг тохирсон хүү авах, хэрхэн алданги тооцогдох үндэслэлтэй зэрэг ИХ-н 281-р зүйл, 282.3-т нийцсэн зээлийн гэрээ болно. Иймд зээлийн гэрээний дагуу хүү 500.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 10.000.000 төгрөг, нийт 15.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. Нэмэгдүүлсэн шаардлага болох 23.000.000 төгрөг гаргуулахаас хариуцагч О.Оюун-Эрдэнийн дансаар авсан 15.000.000 төгрөг үүнээс хүү гэж авсан 2.570.000 төгрөг төлсөн байгааг хуульд нийцүүлэн хасахад татгалзахгүй. Үүнээс шүүх 570.000 төгрөгийг хасаад 2.000.000 төгрөгийг хасаагүй ба харин түүний оронд нэхэмжлэлд хамааралгүй хариуцагч О.Оюун-Эрдэнийн өмнө нь аваад тооцоог дуусгасан 2019.04.10-нд авсан 30.000.000 төгрөгийн 7 хоногийн хүү 350.000 төгрөг, 2018.12.15-нд 20.500.000 төгрөгийн хүүнүүд болох - 2019.01.15-нд 1.025.000 төгрөгийн хүү, - 2019.02.15-нд авсан 1.000.000 төгрөгийн хүү, - 2019.03.15-нд авсан 1.000.000 төгрөгийн хүүг хасаж тооцсоныг алдаа гэж үзэж байна. Мөн хариуцагч О.Оюун-Эрдэнийн 2019.03.15-ны өдөр нэхэмжлэгч миний дансанд шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг хасаж тооцсонгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч О.О нь нэхэмжлэгч миний ХААН банкны дансанд 2019.03.15-нд 11.000.000 мөн 10.000.000 нийт 21.000.000 төгрөгийг шилжүүлж хийсэн байдаг. Энэ нь хариуцагч О.Оюун-Эрдэнийн 2018.12.15-нд нэхэмжлэгч надаас зээлж авсан 20.000.000 төгрөгийг хүү 1.000.000 төгрөгтэй төлж дуусгасан тооцоо юм. 2018.12.15-нд нэхэмжлэгч надаас 20.000.000 төгрөг авсан гэдэг нь миний ХААН банкны 5094282455 данснаас хариуцагч О.Оюун-Эрдэнийн 5090362526 тоот данс руу “Оюунд зээлдүүлэв” гэсэн гүйлгээний утгатай хийсэн гүйлгээгээр тогтоогдсон байгаа юм. Уг мөнгө шүүхэд нэхэмжилж байгаа мөнгөтэй хамааралгүй, өмнө нь авч байсан зээлийн төлбөр тооцоо тул одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаж тооцох үндэслэлгүй юм. Иймээс хариуцагч Д.О, О.О нарын төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч О.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан  гомдолдоо:

Б.О нэхэмжлэлтэй, О.Э, О.О, Д.О нарт холбогдох зээлийн гэрээний үндсэн төлбөр, зээлийн хүү, алданги нийт 38.500.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийдвэрийн О.Эт холбогдох 7.700.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний зарим хэсгийг миний төлөөлүүлэгч болох О.Э нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрт О.Эоос 7.700.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ түүнийг нэхэмжлэгч Б.Оэс дансаар авсан 8.000.000 төгрөгөөсөө 300.000 төгрөгийг нэг удаа төлсөн өөрөөр төлбөр төлөөгүй мэтээр дүгнэлт хийсэн нь илт үндэслэлгүй байх ба хариуцагчийн гаргаж түүний 2019 оны Хаан банкны 5090321975 дугаартай дансны хуулгаар нэхэмжлэгч Б.Од 5.774.000 төгрөгийг буцааж төлснийг хасахгүйгээр 7.700.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Тодруулбал хариуцагч О.Эоос гаргах зээлийн төлбөрийг шүүх тооцоолохдоо түүний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болох ...6 сая төгрөгийн хүү 300.000 төгрөгийг, 2 сая төгрөгийн хүү 100.000 төгрөгийг тус тус хүүнд авсан гэснээс 300.000 төгрөгийг зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй гэх үндэслэлээр шуух 8 сая төгрөгөөс 300.000 төгрөгийг хасаад үлдсэн 100.000 төгрөг болон 2019 оны 05 дугаар сарын өдөр Б.О эзэмшлийн Хаан банкны 5094282455 дугаартай дансанд “Оюун” гэж бичиж шилжүүлсэн 5.774.000 төгрөгийг хасаагүй нь үндэслэлгүй байна. Ийнхүү хасвал О.Э, Д.О нараас гаргах зээлийн үлдэгдэл төлбөр нь 8.000.000- хүү гэж өгсөн 100.000 төгрөг - хүү гэж өгсөн 300.000 төгрөг- 5.774.000 төгрөг зэргийг хасвал 1.826.000 төгрөгийг Б.Од эргүүлэн төлөхөөр байхад хасаагүй нь буруу байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтанд О.Эоос 1.826.000 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

О.Э нь өөрийн дансаар ээж Оюуныхаа хамт хүсэл зоригоо нэгтгэн 2019.05.31-нд 6.000.000 2019.06.01-нд 2.000.000 тус тус авсан. Тухайн үед би тэдэнд өөрийн мөнгөн хөрөнгөө хүүгүй зээлдүүлэх үүрэггүй тул бусдын адил 5% хүү тооцон тохирч (амаар тохирсон) дансанд нь шилжүүлсэн. Уг мөнгийг данс эзэмшигчийн хувьд О.Э хүлээн авсан. Надад дээрх тохирсноороо 2019.05.31-нд хүү 300.000, 2019.06.01-нд хүү 100.000 нийт 400.000 хүү гэж шилжүүлсэн. Үүнийг хүү тооцсон тохиолдолд бичгээр гэрээ хийнэ гэсэн шаардлага хангаагүй тул зээлсэн 8.000.000-өөс 400.000-ийг хасаж тооцоход татгалзахгүй (хуульд нийцүүлэн) гэж тайлбарласан. Эрдэнэзоригийн ХААН банкны данс нь 5090321975 тоот данс бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч М. Ганзоригийн бичээд байгаа “...5 сарын өдөр 5.774.000 Оюун гэж шилжүүлсэн мөнгийг хасаагүй" гэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2019.04.07-нд 5.000.000-ийг эргүүлж төлөөд 27 хоногийн хүү 224.000. хамт төлсөн тооцоо, 2019.04.02-нд авсан 30.000.000-өөс төлөөгүй үлдсэн 10.000.000-ний хүү 500.000-ний хүү гэж төлөгдсөн тооцоо юм. 2019.04.07-нд надаас авсан нь гэдэг нь миний 5094282455 данснаас О.Эийн 5090321975 тоот данс руу зээл гэсэн гүйлгээний утгатай хийсэн гүйлгээгээр тогтоогдсон байгаа. Энэ 5.000.000-ийг 27 хоног хэрэглээд надад эргүүлээд төлсөн байгаа юм. Энэ авсан мөнгөний тооцоо дууссан тул үүнийг нэхэмжилж буй 8.000.000-ний тооцоонд оруулах ямар ч үндэслэл байхгүй юм. ИХ-ийн 199-р зүйлийн 199.3-т зааснаар өрийн хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохирсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэсэнтэй нийцэж байгаа тул хасч тооцох ямар ч үндэслэлгүй тул О. Эрдэнэзоригийг зөвшөөрөхгүй байгаа гэж өмнөөс нь гомдол гаргаж буй төлөөлөгч М. Ганзоригийн гомдол үндэслэлгүй юм. Харин 100.000 хасагдах ёстойг шүүгч анхааралгүй орхисон бололтой

Нэхэмжлэгч Б.О давж заалдсан  гомдолдоо:

Б.О би тус шүүхийн шийдвэрээр  Д.О, О.О нараас 25.955.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний зарим хэсгийг,  хариуцагч нарт нэмэгдүүлсэн шаардлага болох 23.000.000 төгрөгийг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй гэж үзэн 23.000.000 төгрөгний хүүнд авсан гэх 4.845.000 төгрөгийг хасаж 18.155.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжилж байгаа мөнгөтэй ямар ч хамааралгүй хариуцагч нарын өмнө аваад тооцоо дуусгасан буюу  2019.04.10-нд хариуцагч О.Оюун-Эрдэнийн Хас банкнаас надаас авсан 30.000.000 төгрөгний 7 хоногийн хүү 350.000 төгрөг.  2018.12.15-нд О.О, Д.О нарын авсан 20.500.000 төгрөгний хүү 2019.01.15-нд - 1.025.000 төгрөгний хүү, 2019.02.15-нд - 1.000.000 төгрөг, 2019.03.15-нд - 1.000.000 төгрөгийг тус тус хүүнд хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.  Мөн одоо нэхэмжилж байгаа Д.О, О.Э нарын 2019.04.02-нд зээлийн гэрээ хийж авсан 30.000.000 төгрөгнөөс төлөгдөөгүй үлдсэн 10.000.000 төгрөгний 2019.06.04-нд өгсөн хүү болох 500.000 төгрөгийг хүүнээс хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрт уг зээлийн гэрээгээр авсан мөнгийг хангаж шийдвэрлэсэн мөртлөө дахин нэмэгдүүлсэн шаардлагын мөнгө болох 23.000.000 төгрөгний хүүгээс тус хүүг хасаж тооцсон нь буруу байна. Иймд нийт 3.875.000 төгрөгийг хүүнд хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Нэгэнт зээлийн гэрээг бичгээр хийж зээлийг хариуцагч нарт өгөөгүй учраас хүү авах эрх үүсээгүй гэж шүүх үзэж байгаа учраас нэмэгдүүлсэн шаардлага болох 2019.01.03-нд О.Оюун-Эрдэнийн авсан 10.000.000 төгрөгний хүүд авсан 2019.12.01-нд 500.000 төгрөг, 2019.03.07-нд - 500.000 төгрөг, 2019.05.07-нд 1.000.000 төгрөг болох нийт - 2.000.000 төгрөгийг хасаж тооцох ёстой байх. Иймд хүүний зөрүү 1.875.000 төгрөгийг нэмэгдүүлсэн шаардлага болох 23.000.000 төгрөгний хүүд гэж хассан 4.845.000 төгрөгнөөс хасаж тооцож өгнө үү.  Нэхэмжлэгч би хариуцагч талын илтэд шүүхийг төөрөгдүүлэх зорилгоор яриад байгаа тооцоо төлбөрийг няцаах зорилгоор анхан шатны шүүх дээр би өөрийн ярьсан тооцоо тайлбараа ойлгомжтой болгох үүднээс хүндэтгэн бэлдэж өгөх гэсэн боловч хариуцагч талын төлөөлөгч нар хурал даргалагчийг үл тоон авахуулахгүй гэж хашгирч шүүгч тэдний үгэнд орон аваагүйд би гомдолтой байна. Иймд би анхан шатны шүүх хурал дээр өөрийн ярьсан тооцоо тайлбар болох 2018.12.15-аас 2019.06 сарыг дуустал бидний хооронд хийгдсэн орлого зарлагын тайлбарыг нэг бүрчлэн хүснэгтлэн хавсаргасан болно.

ХЯНАВАЛ

           Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Б.О хариуцагч Д.Од холбогдуулан  үндсэн зээл-10.000.000 төгрөг, зээлийн хүү-500.000 төгрөг, алданги-5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.О, О.Э нарт холбогдуулан зээл - 23.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан ба хариуцагч Д.О “... 30.0 сая төгрөг зээлж аваад 4 сарын 17-ны өдөр 20.500.000 төгрөг,  10.350.000 төгрөг нийт 30.850.000 төгрөг төлсөн..., нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэх, хариуцагч О.О   О.Э “...зээлийн гэрээ байгуулж, зээл авч байгаагүй, ээж маань хааяа мөнгөний хэрэг гарсан үедээ бидний дансаар дамжуулж авч байсан, авсан мөнгөө бүгдийг нь дансаар эргүүлээд төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.

         Шүүх хариуцагч Д.О, О.О нараас зээлийн төлбөр-25.945.000 төгрөг, хариуцагч О.Эоос зээл-7.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.845.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.      

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.О, О.О, О.Э нар  нэхэмжлэгч Б.Оэс  2016 оноос эхлэн 2019 оны 6 сар хүртэлх хугацаанд бэлэн бусаар болон бэлнээр мөнгө зээлж авч байсан, зээлийг  буцаан төлж байсан үйл баримт тогтоогдсон байна.

          Хариуцагч Д.О, О.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

           1. Хариуцагч Д.О нэхэмжлэгч Б.Оэс  2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 30.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3  сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногт 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн үндсэн төлбөрөөс -20.000.000 төгрөг төлж, зээлийн төлбөрөөс 10.000.000 төгрөг үлдсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон ба шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, хариуцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн  гэж үзэж хариуцагч Д.Оаас үндсэн зээлийн төлбөр-10.000.000 төгрөг, хүү-500.000 төгрөг, алданги-5.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-т заасантай нийцсэн байна.

            Хариуцагч Д.О нь зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр уг мөнгийг хэзээ төлсөн нь тодорхойгүй, 4 дүгээр сарын 2-нд зээлж авсан 30.000.000 төгрөгийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 11.000.000 төгрөг шилжүүлж төлсөн  гэж үзэх боломжгүй юм.

            2.Нэхэмжлэгч Б.О хариуцагч О.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 10.000.000 төгрөг, 5 дугаар сарын 3-аас  31-ны өдөр 5.000.000 төгрөг  нийт 15.000.000 төгрөг бэлэн бусаар шилжүүлж зээлдүүлсэн  гэж тодорхойлжээ.

             Хариуцагч О.О зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авч байгаагүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр нэхэмжлэгч Б.Оэс 2019 оны 1 дүгээр сард 10.000.000 төгрөг, 5 дугаар сард 5.000.000 төгрөг хариуцагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн болох нь дансны хуулбар, зохигчийн гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон ба шүүх талуудын зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.  

            Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй өөрөөр хэлбэл “2018 оны 12 дугаар сард зээлж авсан зээлийг төлбөрийн талаар тооцоо хийж хариуцагч О.Оюун-Эрдэнийн дансанд 46.660.000 төгрөгийн шилжүүлэг хийгдэж, нэхэмжлэгч Б.О дансанд 21.112.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж зөрүү 25.548.000 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт хийсэн учир дутагдалтай  болжээ.

           Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасны дагуу хариуцагч О.Оюун-эрдэнийн  зээлийн хүүд тооцож төлсөн төлбөрийг нийт зээлсэн мөнгөний үнийн дүнгээс хасаж тооцох, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зээлийн тооцоог шүүхээс тодорхойлох үндэслэл байхгүй.

            Тухайлбал хариуцагч  нар зээлийн төлбөрийг  буцааж  төлөхдөө   хэзээ авсан зээлээ хэрхэн төлж дуусгасан болох нь тодорхой бус, зээлийн тооцооны талаар нэхэмжлэгчтэй тооцоо нийлж байгаагүй байхад шүүх  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй зээл - 30.0 сая төгрөгийн зээлийн хүү-350.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр авсан 20.500.000 төгрөгийн  зээлийн хүү-1.025.000 төгрөг, зээлийн хүүд тооцож төлсөн 500.000, 470.000, 50.000 төгрөг нийт 2.445.000  төгрөгийг хариуцагчийн зээлж авсан 15.000.000 төгрөгнөөс хасаж тооцсон нь буруу байна.

           Харин талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул  хариуцагч О.Оэс 2019 оны 2,3,5 дугаар  сард шилжүүлсэн 2.000.000 төгрөг /500.0+500.0+1.000.000/-ийг зээлж авсан 15.000.000 төгрөгнөөс хасаж тооцох боломжтой юм.

                Дээрх байдлаас үзэхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан “...зээлийн төлбөрөөс хариуцагч нар 9.445.000 төгрөг төлөх боломжтой тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй тул хууль зүйн үндэслэлгүй гэж  үзэхээр  байна.

          Хариуцагч О.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

           3.Нэхэмжлэгч Б.О хариуцагч О.Эт 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 6.000.000 төгрөг, 5 дугаар сарын 1-ний өдөр 2.000.000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.Эийн 2019 оны 5 дугаар сарын 4-нд  бэлэн бусаар  шилжүүлсэн  5.774.000 төгрөгийг  2019 оны 4 дүгээр сарын 29–ний өдөр авсан 6.000.000 төгрөгийн зээлэнд тооцож төлсөн гэж үзэх боломжгүй  харин  нэхэмжлэгч Б.О гаргасан “... 4 дүгээр сарын 7-ны өдөр зээлж авсан 5.000.000 төгрөг /2.000.000+3.000.000/-ийн  27 хоногийн зээлийн  хүү-224.000 төгрөг, Д.Оы зээлийн үлдэгдэл-10.000.000 төгрөгийн хүү-500.000 төгрөг нийт 5.774.000 төгрөг болгож шилжүүлж авсан...” гэх тайлбарыг хариуцагч няцааж, үгүйсгэж чадаагүй байна.

           Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчийн авсан зээл-8.000.000 төгрөгнөөс 300.000 төгрөг хасаж зээлийн  үлдэгдэл 7.700.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хариуцагч зээлийн төлбөрөөс 1.826.000 төгрөг төлөх ёстой тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

           Нэхэмжлэгч Б.О гаргасан давж заалдах гомдлын тухайд:

          4.Нэхэмжлэгч Б.О хариуцагч О.Од 2019 оны 1 дүгээр сарын 3-нд 10.000.000 төгрөг, 5 дугаар сарын 3,13,31-ны өдөр бүгд 5.000.000 төгрөг тус тус бэлэн бусаар шилжүүлж зээлдүүлсэн ба талууд энэ талаар маргаагүй байна.

           Хариуцагч О.О, О.Э нар зээлийн төлбөр-23.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, үгүйсгэж буй тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн 2016 оноос 2019 оны 6 дугаар сарын хооронд  мөнгө шилжүүлж гүйлгээ хийгдсэн дансны  хуулбар баримтаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдохгүй    байх тул шүүхээс нотлох чиг үүргийг хариуцагчид хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зээлийн хүү-2.445.000 төгрөгийн зээлийг -15.500.000 төгрөгнөөс хасаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Б.О гаргасан “...шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зээлийн хүү-4.845.000 төгрөгнөөс   зээлийн хүүд тооцож 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр, 3 дугаар сарын 7-ны өдөр, 5 дугаар сарын 7-ны өдөр  тус тус шилжүүлсэн /500.000+500.000+1.000.000/ бүгд 2.000.000 төгрөг,  хариуцагч О.Эоос гаргуулсан 7.700.000 төгрөгнөөс  зээлийн хүүд тооцож шилжүүлсэн 100.000 төгрөгийг тус тус  хасаж тооцож,  шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.

                  

                Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагч Д.Оаас зээл, зээлийн хүү, алданги-15.500.000 төгрөг, хариуцагч О.Оэс зээл-13.000.000 төгрөг, хариуцагч О.Эоос зээл-7.600.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн  шаардлагаас  2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2021/00196 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Д.Оаас  үндсэн зээл, зээлийн хүү, алданги - 15.500.000 төгрөг, хариуцагч О.Оэс зээл-13.000.000 төгрөг, хариуцагч О.Эоос зээл-7.600.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “287.725 төгрөг” гэснийг “300.450 төгрөг”, “138.150 төгрөг” гэснийг “136.550 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгч Б.О 44.950 төгрөг, хариуцагч О.Оюун-Эрдэнийн 240.450 төгрөг, хариуцагч О.Эийн 108.934 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                         Б.ОЮУНЦЭЦЭГ