Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

иргэдийн төлөөлөгч Ө.Оюунгэрэл,

улсын яллагч С.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э,

гэрч Т.Б,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц холбогдох эрүүгийн 2017 2501 0427 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймаг, Яруу суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч Т.Баасандорж, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 17 дугаар гудамж, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Ц /РД:/,       

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг 15-814 тоотод М.М “гэрт угаадас цацлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний толгойн тус газар галын дэгээ төмрөөр цохиж гавал тархины битүү гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргийг хийгээгүй. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Т.Баасандоржийн худал мэдүүлэг, дарамт шахалтанд орж, гоё үгэнд хууртаж, худал мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна. Би энд 338 хоног хоригдож байна. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зурагт үзээд сууж байтал жижиг өрөөнд том том дуу гараад байсан. Тэгэхээр нь очоод хартал Т.Баасандорж талийгаачийг боосон байдалтай толгойруу нь модоор цохиж харагдсан. Мод нь хоёр хуваагдаад нэг нь газар унаад нөгөө нь гарт нь байж байсан. Т.Баасандоржоо болиоч яаж байгаа юм бэ, хүн аллаа гэхэд Т.Баасандорж намайг “чамд хамаа байхгүй” гээд түлхсэн. Хамаа байлгүй яадаг юм бэ гээд Т.Баасандоржийг татахад Баасандорж намайг ахиад түлхсэн. Ингээд байж байтал гаднаас Баярмагнай орж ирээд тэр хоёр зодолдохоо больсон. 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө манай найз хүүхэн Нямцэцэг манайд орж ирсэн. Би Нямцэцэгт өчигдөр энэ 2 зодолдоод гээд хэлсэн. Мөнхбатыг гэртээ харь гэхэд “би хаачих юм” гээд Отгоо эгчтэй уулзая гээд яриад байж байхад Отгоо эгч орж ирсэн. Отгоо эгч орж ирээд “Мөнхбатаа чи манай дүүгийн гэрт бай, би чамд түлээ нүүрс авч өгье” гээд гараад явсан. Баасандорж “Мөнхбатаа Отгоо эгчийн дүүгийн гэр давхарга байхгүй, хүйтэн гэр, чи энэ өвөл манайд бай” гэсэн. Би “чи дүү нараа ирэхээр юу гэж хэлэх гэж байгаа юм” гэсэн. Гэтэл Баасандорж “миний найз манайд байгаа юм, та нарт хамаа байхгүй” гэж хэлнэ гэсэн. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өглөө бид гурав цай уугаад Амгалан зах явж толгой авч ирж хуйхалж зарахаар ашиг их унадаг гээд толгой авах гээд Мөнхбат бид 2 Амгалан зах явсан. Толгой авах гэхэд 5 ширхэг толгой байна, бусад нь уутны дор орсон байна гэсэн. Тэгээд 5 ширхэг толгой нэгийг нь 4 000 төгрөгөөр аваад Амгалан захруу хоолны хольц ногоо авах гээд ороход Мөнхбат “тамхи, архи аваад өгчих” гэсэн. Маргааш толгойгоо юугаар авах юм,мөнгө байхгүй болчихно гэхэд би маргааш банкнаас мөнгө аваад өгнө гэсэн. Тэгээд нэг шил архи, тамхи аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд Т.Баасандорж, Мөнхбат хоёр нэг шил архиа задлаад ууж байхад нь би гал тогооны өрөөнд хоол бэлдээд орон гаран нэг хундага татсан. Тэгээд байж байтал Т.Баасандоржийн найз Алдар манайд нэг шил архи, нэг тамхитай орж ирсэн. Тэрнээс ууж байгаад Алдар хотын төврүү авгайгаа авна гээд яваад өгсөн. Би хоол идчихээд, зурагт үзэж байгаад хэсэг унтсан байсан. Сэрэхэд талийгаач Мөнхбат намайг янхан, банзал, бөгсөө худалддаг, алруу чинь архины шил хийнэ гээд орос монголоор холиод загнаад байсан. Баасандорж намайг “согтуу хүний үгээр битгий үг хий, унт” гэсэн. Тэгээд бид хоёр ярьж байхад “хоёр пизда минь, юу хуцаад байгаа юм” гээд коридорт байсан муу усны хувинтай угаадас том өрөөрүү шидсэн. Би босоод “чи яасан даварчихсан юм бэ, айлд байж муу ус том өрөөрүү асгаад байхдаа яадаг юм” гэсэн. Мөнхбат намайг түлхэж унагасан, босоод ирсэн дахиад түлхээд унагасан. Тэгээд гал зуухруу намайг үсдээд чирсэн. Гал зуухны өрөөрүү ороод “би ойрд хүнтэй унтаагүй, чамайг хүсээд байна” гэхээр нь “чи эрүүл байна уу, согтуу байна уу,Баасандоржид алуулах чинь дутаа юу” гэхэд дахиад чирээд жижиг өрөөрүү оруулах гэхээр нь хойшоо болоход маягтай пизда чинь гээд хоолой багалзуурдсан. Ингээд гартай нь ноцолдоод арай гэж гарыг нь салгуулсан. Бүх бие  сульдаад үхэх гэж байгаа юм шиг болсон. Тэгэхэд миний өмдийг тайлсан. Өмд тайлж байхад нь миний гар хөл хөдлөөд өмдөө татахад миний хөлрүү шилээгүүр төмөрөөр 2 удаа цохисон. Би уйлаад чи миний хөлийг хугалаад хаячихлаа гэсэн. Би хөлөө даахгүй, том өрөөний хаалга руу мөлхөөд очсон. Баасандорж “яасан бэ” гэсэн. Мөнхбат миний хөлийг хугалчихлаа гэхэд Баасандорж “яасан даварчихсан пизда вэ” гээд босч ирээд гал тогооны өрөөрүү ороод би араас нь эргээд мөлхсөн. Тэгээд харахад Т.Баасандорж Мөнхбатыг багалзуурдаж аваад жижиг өрөөний хана руу шахаад хоёр гарыг нь барьсан юм шиг харагдсан. Тэгээд пийшингийн хажуу талаас мод аваад толгойны баруун талаас, урдаас нь бас цохисон. Дахиад цохих гэхэд нь талийгаач хаасан. Баасандоржийн мод нь арагшаа унаад Мөнхбат Баасандоржийн хажуугаар тойроод гарсан. Баасандорж хоёулаа унтая гээд би босч чадахгүй байна гэхэд Баасандорж миний баруун гараас дэмнээд том өрөөнд ороод намайг орон дээр гаргаж чадахгүй байсан. Ингээд байж байхад талийгаач Мөнхбат орж ирсэн. Орж ирэхэд нь Баасандорж “Мөнхбатаа чи Цэндээгийн хөлийг хугалаад хаясан байна Цэндээг өргөөд орон дээр тавиадхая гээд намайг орон дээр тавьсан. Талийгаач Мөнхбат жижиг өрөөрүү явсан. Баасандорж миний хажуугаар орсон. Хэсэг хугацаа өнгөрсөны дараа Баасандорж жижиг өрөөнд юм дуугараад байна гээд босоод явсан. Баасандорж гал зууханд ороод зөндөө удсан. Тэр хооронд ёо ёо гээд хоёр удаа дуу гарсан.Баасандорж том өрөөнд орж ирэхдээ гартаа галын шилээвэр төмөр барьсан орж ирсэн. Гэрэл унтраахад би харсан. Тэгээд миний хажуугаар хэвтэхдээ “жижиг өрөөнд Мөнхбат мод хагалж байна” гэсэн. Би яах гэж байгаан гэхэд гал түлнэ гэж байна гэсэн. Тэгээд би унтуулчихаад ирлээ гээд унтаад өгсөн. 2017 оны 2 дугаар сарын 01-нд өглөө Баасандорж босч ирээд “одоо гурвуулаа яанаа, гэрийн ажил хэн хийнээ, гурвуулаа өвчтэй” гээд босоод гал зуухруу яваад өгсөн. Иргэж орж ирсэнээ “Мөнхбат босохгүй байна, чи очоод босгоодох, би цай чаная, хөл чинь яаж байна” гэсэн. Миний хөл арай хугараагүй байх шиг байна, хөдөлж байна гэсэн.Баасандорж цай чанаж авчираад надад өгсөн цайг нь уугаад жижиг өрөө ороход Баасандорж толгойны хаанаас нь цус гарч байна үзээдэх нүүрний цусыг нь арч гээд би “Мөөгий” гээд дуудахад дуугарахгүй байсан. Толгойг нь өндийлгөөд энд тэнд нь дарж үзэхэд толгойноос нь цус гараагүй, нүүрнээс нь цус гарсан байсан тул алчуур норгож арчаад талийгаачид аяганы тал цай халбагадаж өгсөн. Даараад байгаа юм бишүү, тен хажууд нь тавья гэхэд Баасандорж тен хэрэггүй, толгой дээр нь хүйтэн жин тавьчих гээд байж байтал манай найз Нямцэцэг орж ирсэн. Нямцэцэг орж ирээд “Цэндээ өчигдөр орой Мөнхбат ах манайд орж ирээд цусаа гойжуулсан сууж байсан. Та яасан юм бэ гэсэн чинь Т.Баасандорж пизда намайг зодоод ийм болгочилоо гэж хэлсэн. Тэгээд би цуснаас айдаг та Т.Баасандоржийнд оч гэж хэлээд гаргасан. Тэгэхэд Мөнхбат ах манай хүргэний хаалгыг нүдээд байж байгаад гадаа цас дуугараад чимээгүй болохоор нь нохой шувуу хог тарааж байгаа юм болов уу гээд гараад харахад Мөнхбат ах нүүрс оруулдаг төмөр тосгуур дэрлээд хэвтэж байсан. Тэгээд Мөнхбат ахаа та хөлдөж үхэж гай болох нуу Т.Баасандоржийн руу яв гээд хашааны хаалгаар гаргаж өгөхөд замдаа манай гэрлийн утсыг салгаад гэрэл тасалчихсан. Тэр үед манай бэр цагдаа дуудаад өгчих гэхээр нь та хоёрыг согтуу байгаа байх гэж бодоод цагдаа дуудаагүй” гэж ярьсан. Би зах явах гээд гарах гэхэд Баасандорж “миний хань нааш ир, юм ярья” гээд юу ярих юм бэ гэхэд чи Мөнхбатыг цохисон гээд хэлээрэй, Мөнхбат чамайг цохисон гэвэл янз бүрийн юм ярихгүй, гомдолгүй гэж хэлнэ, би арын асуудал эмчилгээний зардалыг даана гэсэн. Би юугаар цохисон гэж хэлэх юм, одоо босоод ирэх байлгүй гээд инээгээд гараад явсан. Тэгээд зах явчихаад 19 цагийн үед ирсэн. Тэгэхэд Баасандорж “Мөнхбатын бие муу байна, түргэн дуудах уу, яах уу” гэсэн. Би “хараадхая” гээд харахад дээшээ хараад хэвтэж байсан. Би найз хүүхнийх рүүгээ очиж түргэн дуудсан. Түргэн дуудчихаад эргээд ороод ирэхэд Баасандорж “Мөнхбат орондоо шээсэн байгаа, бие нь муу байгаа, түргэн ирэхэд яаж ийм байдалтай байх юм бэ” гээд би том өрөөнд ор засаад солих хувцас аваад Баасандорж бид хоёр Мөнхбатыг өргөөд том өрөөнд орж дотуур хувцасыг нь солиод цамцыг нь солих гэхэд болохгүй байсан тул солиогүй. 20 цаг болж байхад түргэн ирэхгүй байсан. Түргэн ирэхгүй байсан тул найз хүүхнийдээ очиж түргэн дуудахад түргэний эмч одоо очиж байна гэсэн. Гэртээ ороод байж байтал түргэний машин ирсэн. Түргэний эмч орж ирээд Мөнхбатыг үзээд энэ хүн чинь ухаангүй байна, зүүн гар нь хугарсан байна, эрт түргэн дуудахгүй яасан юм бэ гэсэн. Ингээд жолоочоо машинаас хүзүүний чиг гарын чиг аваад ир гээд жолооч нь гарын чиг байхгүй байна, хүзүүнийх байна гээд хүзүүнд нь чиг тавьсан. Түргэний эмч Баасандорж бид хоёрыг хамт яв гэхэд Баасандорж их айсан “би явахгүй, чи яв” гэсэн. Тэгээд бид хоёр Мөнхбатыг өргөөд түргэний машинд оруулсан. Түргэний машинд оруулаад байж байхад Баярмагнай гэдэг залуу ирсэн. Баасандорж гэртээ үлдээд би Баярмагнайтай хамт Мөнхбатыг авч явсан. Эмнэлэг явж байх замд нэг хүний бие муудаад байна гээд эргээд Хужирбуланруу явж нэг хүний бие үзээд Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиход нэг цагдаа байсан “энэ хүнтэй хэн явж байгаа юм” гэсэн, би явж байна гэхэд та явж болохгүй шүү гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод эмч нар үзээд спирттээ алчуураар биеийг нь арчихад зүүн гар нь хугарсан байна гэж хэлж байсан. Яаралтай хагалгаанд оруулах юм байна гээд бүх хувцасыг нь надад өгөөд Мөнхбатыг цааш нь аваад орсон. Цагдаа намайг та явж болохгүй шүү гээд байсан. Гэмтэлийн эмнэлэгийн цагдаа миний товч анкетийг авсан. Нэмээд энгийн хувцастай хоёр цагдаа нэмж ирээд танай гэрт хэн байгаа вэ гэж надаас асуухад нь гэрт манай нөхөр Баасандорж ганцаараа байгаа гэж хэлсэн.  Ингээд Приус машинтай нэг эмэгтэй цагдаа, нэг эрэгтэй цагдаа нийт таван цагдаа манайх руу Фругон машин, Приус машинтай явсан. Манайд очиход Баасандорж, Наранхүү ах, Ээгий гурав согтуу, архи уусан байдалтай, Баасандорж архиныхаа шилийг барьчихсан угаалганы машины дэргэд том өрөөний хаалган дээр зогсож байсан. Би нүдээ ирэмсэн чинь “Мөнхбатын бие яаж байна” гээд би “эмнэлэгт хэвтүүлчихлээ” гэсэн. Цагдаа нар орж ирээд манай гэрийн зургыг авахад Ээгий олон юм яриад байхад нь эмэгтэй цагдаа нь 2 дугаар сарын 1-ний өдөр хаанаас авч архи уусан юм, бүгдийг нь эрүүжлүүлэхэд хий гэсэн. Цагдаа нар Мөнхбатын сольсон цамцыг нь гаргаад ир гээд цамцыг нь эрээд олдохгүй байсан. Авчирсан хувцсыг нь янзалж байхад тэр дотроос гараад ирсэн. Тэгээд цамцных нь зургийг авхуулаад Баасандорж бид хоёрыг Фругон машинд суулгаад явахад Баасандорж бид хоёр шивнэлдээд юм ярисан. Шивнэж ярихад Баасандорж намайг “чи цохисон” гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа нар энэ хоёрыг хамт байлгаж болохгүй гээд Тэгшин дэлгүүрийн хажуу талд Баасандоржийг Приус 20 машинд суулгаад намайг пругон машинд суулгаад аваад явсан. Тэгээд Цагдаагийн гуравдугаар хэлтэст очиход гэрт нь эд мөрийн баримтаа орхичихож гээд Баасандоржийг аваад цагдаа нар явсан. Би коридорт нэг өвгөнтэй юм яриад сууж байхад жижигхэн шар цагдаа ирээд “та хэргээ хүлээ, танай нөхөр Баасандорж таныг шилээгүүр төмөрөөр цохисон” гэсэн “та байцаалт өг” гэж хэлсэн. Би Баасандоржийн хэлсний дагуу нуруун дундуур нь шилээгүүр төмөрөөр нэг цохих шиг болсон гэж хэлсэн. Баасандорж бид хоёр цагдаагийн гуравдугаар хэлтсийн коридорийн сандал дээр хоноод өглөө Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд Дүүргийн үүдэнд буугаад явж байхад Баасандорж цохисон гэдэг мэдүүлгээрээ яваарай, тэгэхгүй бол ял нэмдэг, би арыг чинь дааж эмчилгээний зардлыг зохицуулна, миний хүүгийн таньдаг цагдаа нар байгаа,тэрүүгээр ар талын асуудлыг бүгдийг нь зохицуулна, өгсөн мэдүүлэгээ өөрчилж болдоггүй юм шүү гэсэн. Ингээд цагдаа дээр ирэхэд цагдаа нар хуралд орсон байсан ба Батсайхан гэдэг цагдаа дээр байцаагдсан. Байцаагдахдаа өмгөөлөгчгүй байцаалт өгсөн. Баасандоржийн зааж өгсөнөөр би нэг удаа нурууруу нь шилээгүүр төмрөөр цохих шиг болсон гэж хэлсэн. Тэр өдөр өдөржин Баянзүрх дүүргийн цагдаа дээр байж байгаад намайг шүүх эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь Баасандоржийг Хужирбуланруу явуулж найз хүүхнээсээ 30 000 төгрөг зээлж авчруулсан. Тэр хооронд манай дүү Нарантуяа ирж надад ундаа, хоёр прошки авч өгсөн. Тэр үед би дүүдээ Баасандорж цохисон юм, намайг цохисон гээд хэлчихвэл Мөнхбат надад арай гомдолтой гэж хэлэхгүй байлгүй гэж хэлэхэд эгч “би яараад байна, хичээлтэй, та энийг идчих, ийм мэдүүлэг өгч болохгүй шүү, үнэнээрээ яваарай” гээд яваад өгсөн. Ингээд намайг миний төрсөн дүү Бурмаа, Баасандорж хоёрын батлан даалтанд өгсөн. Бид хоёрыг Гэмтлийн эмнэлэг орж биеэ үзүүл гэсэн тул Гэмтлийн эмнэлэг орж биеэ үзүүлсэн. Үзүүлчихээд Баасандоржоо хоёулаа Мөнхбат дээр очье, бие нь яаж байгаа бол хувцас хунар ч байхгүй, ах, дүү нарт нь ч мэдэгдээгүй ах, дүү нарт нь мэдэгдэе гээд очиход лавлах нь мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би өчигдөр сэхээн амьдруулах тасагт оруулсан гээд Баасандоржид гутал, куртик хоёроо бариулчихаад сэхээн амьдруулах тасагт нь ороход нэг өрөөнд таван хүн байсан. Мөнхбатын бие нилээн муу байгаа бололтой байсан. Би гарч ирээд уйлаад “Баасандоржоо Мөнхбатын бие нилээн муу байгаа бололтой, хоёулаа яах вэ ах, дүү нарт нь мэдэгдэе, нэгдүгээр хороололд нэг дүүгийнх нь байгаа, би тэрний орцыг мэднэ, хаалгыг нь мэдэхгүй байна” гэхэд Баасандорж “битгий уйл, ухаан орно, тайван бай, одоо гэртээ харья” гээд бид хоёр автобусанд суугаад Хужирбулан явсан. Би утсаа дэлгүүрт тавьсан байсан тул утсаа очиж аваад утасны дугаараа шалгахад Мөнхбатын аавынх нь дугаар байсан. Баасандоржоо одоо ярих уу гэхэд Баасандорж одоо ярьж болохгүй ах, дүү нар нь чамайг загнана гээд тэр орой яриагүй. Ингээд Баасандорж бид хоёр замдаа Цэгмид ахынхаар ороод Отгоо эгчтэй уулзаад Мөнхбатыг ухаан орох нуу гээд асуухад их л ужиг юм байна гэж хэлсэн. Цэгмид ах юм хардаг хүн байдаг. Тэндээс гараад гэртээ ороод байж байхад Баасандорж “Цэндээ хоёулаа Нямцэцэг дээр оръе, Нямцэцэг пивонд дуртай юм чинь чи үлдсэн мөнгөөрөө ганц пиво аваад өгчих, тэгээд чи Нямцэцэг дээр ороод би цохисон гээд хэлчих, намайг цохисон гэвэл надад гомдолтой гээд хоёулаа зэрэг цагдаад орчих юм бол хөөцөлдөх хүн байхгүй” гэхээр нь за тэгье гээд Т.Баасандорж бид хоёр Нямцэцэгийнд орсон. Нямцэцэгийнд ороход Наранхүү ах согтуу сандал дээрээ сууж унтаж байсан. Нямцэцэг халамцуу байсан. Нямцэцэг та хоёр юу болов гэхээр нь эмнэлгээр явж байгаад ирлээ, Мөөгийгийн бие муу байх шиг байна гэсэн. Ингээд гурвуулаа дэлгүүр явья гээд 15-ийн дэлгүүр явсан.  Дэлгүүрээс нэг шил архи, нэг жижиг пиво авчираад Нямцэцэгийнд ороод архиа задлаад уухдаа ярьсан. Нямцэцэгээ миний найз “Баасандорж пизда цохичихлоо” гэдгийг нь “Цэндээ пизда цохичихлоо” гээд хэлчих, тэгвэл Мөнхбат надад гомдолтой гэхгүй гэхэд миний найз хэрэгт орчих юм биш биз, ингэж болох юм уу гэсэн. Тэгэхэд Баасандорж долоо, арвандөрөв хоноод ухаан орчихдог юм, зүгээр айлтгүй гээд тэндийхээс 23 цаг өнгөрч байхад гарсан. Гараад гэрлүүгээ явж байхад хашааны үүдэнд Баасандоржийн төрсөн дүү Пүрэвсүрэнгийн хар машин зогсож байсан. Улиастайнхан ирчихэж, хэн хэн ирсэн юм бол гээд бид хоёр ярилцаад хашааруугаа ороход байшингийн үүдэн дээр Баасандоржийн төрсөн дүү Пүрэвсүрэн, Бямбадорж, Бямбадоржийн эхнэр Алдармаа, Баасандоржийн хүү Жавхланбаяр, Жавхланбаярын эхнэр Ариук гэсэн таван хүн ирсэн байсан. Байшингийнхаа хаалгыг онгойлгоод ороод гэрлээ асаасан, тэд нар том өрөөрүү орсон. Том өрөөрүү орсон дараалалыг ч мэдэж байна. Гэрчийн мэдүүлэг дээр намайг байхгүй байсан. Баасандорж гэртээ ганцаараа орон дээр хэвтэж байсан гэж мэдүүлсэн байдаг. Миний зүүн гар талд Бямбадорж, баруун гар талд Алдармаа, Алдармаагийн хажуу талд Пүрэвсүрэн, Жавхланбаяр, Ариук, Баасандорж ингээд эгнээд зогссон байсан. Тэгээд Бямбадорж юун зодоон болоод байгаа юм гэхэд нь Баасандорж урдуур тойрч орж ирснээ “Цэндээгийн найз зүүн салаанаас ирээд бид гурав архи ууж байгаад маргалдаад тэр хүн ухаангүй эмнэлэгт байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд дүү Пүрэвсүрэн нь намайг “чи хуучин нөхрөө авч ирж миний ахыг хэрэгт хийлээ” гээд намайг хоёр алгадсан. Тэгтэл хүү Жавхланбаяр нь “аав, Цэндээ эгч хоёрын сэтгэл санаа хямралтай байгаа” боль гээд хэлэхэд Пүрэвсүрэн ганцаараа орон дээр суугаад бусад нь зогсож байсан. Ингээд Бямбадорж эргээд гал зуухруу ороод гал зуухны гэрэл асаангуутаа жижиг өрөөрүү хараад харангуутаа энд манай төмпөн байна, төмпөнгөө авъя гээд төмпөн барьж гарч ирээд Баасандоржоос “та утасгүй байгаа юм уу, манайд ноймортой утас байгаа тэрийг авч барь, та хоёр хэзээ цагдаа дээр очих юм, наад үнэр танар чинь аймаар байна” гээд гараад явсан. Гараад явсны  дараа Баасандорж бид хоёр үс толгойгоо угаагаад хувцасаа солиод унтсан. 2017 оны 02 дугаар сарын 3-ны өглөө Цагдаагийн хэлтэс дээр очиход Баасандоржийн төрсөн дүү авгайтайгаа, манай дүү Бурмаа нар ирчихсэн байж байсан. Тэгээд би Батсайхан байцаагчийн өрөөнд байж байхад Баасандоржийн хүү Жавхланбаяр нь байцаагчтай утсаар ярьсан. Тэгээд гарахад Батсайхан байцаагч надад Энхтунгалаг гэдэг өмгөөлөгч авч өгнө гэсэн. Ингээд Баасандорж бид гурав Жавхланбаярын машинд үнэ хөлсөө болон хэрэг болсон талаар ярьсан. Тэгээд байж байтал Жавхланбаяр Батсайхан хошуучтай уулзчихаад “ааваа та энэ Цэндээ эгч тэр хоёр зодолдож байхад босохгүй байдаг чинь буруу байна, та хоёр миний өрөөнд очиж бичиг хийлгэж ав” гээд бид хоёрыг машиндаа суулгаад ажилруугаа очсон. Аавыгаа дагуулж ороод албан тоот хийж өгсөн. Тэрийг нь бид хоёр аваад нэгдүгээр эмнэлэг дээр очсон. Нэгдүгээр эмнэлэгийн лавлах дээр нь очиход ийм бичиг байхгүй, хоёрдугаар давхарт гар гээд хоёр давхарт гарахад байхгүй, таван давхарт гар гэсэн. Гарах гэтэл Баасандорж за за энэ бичгээр яах юм гэртээ харья гээд гэртээ харих гээд явж байхад замд Бямбадорж утасдаад Бямбадоржтой очиж уулзахад 30 000 төгрөг өгөөд хоол унд байхгүй биздээ, энүүгээр хоол ундны юм ав, тэгээд очоод хоол унд хийж идээд архи дарс уулгүй гэртээ амраарай гэсэн. Ингээд 30 000 төгрөгөө аваад Амгалан зах орсон. Баасандорж явж чадахгүй байгаа, гэртээ хэвтэж байсан гээд байгаа тул Баасандоржийг явж чадаж байсан талаар нотлож байна. Талийгаач дээр би нэг удаа очоод тэрнээс хойш очоогүй мөн сахиагүй. Талийгаач нь сэхээнд байгаад байсан. Талийгаач 2 дугаар сарын 6-нд нас барсан байхаа, намайг 6-нд хорьсон. Би нас барсаныг нь бол мэдээгүй. Баасандорж талийгаачийг алсан. Би зодож байхыг нь харсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Батсайхан байцаагч утсаар яриад Гэмтэл дээр очиж мэдсэн. Гэмтэл дээр очиход ах маань ухаангүй байдалтай байсан. Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа. Эцэг эхээсээ 6-лаа. Анх Батсайхан байцаагч Цагдаагийн газраас ярьж байна,эхлээд Гэмтлийн эмнэлэг дээр очиж хараад ирж мэдүүлэг өг гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход Мөнхбат гэдэг хүн энд байхгүй гэж хэлсэн. Батсайхан байцаагч явуулсан юм гээд хэлэхэд Лхагвадорж гэдэг нэрээр аваачсан байсан. Хүргэж өгсөн хүн нь ямар учиртай хүн бэ гэсэн найз нөхөд нь байна гэж аваачсан гэж гэмтлийн эмч надад хэлж байсан. Түргэн тусламжийг хурдан хугацаанд үзүүлээгүй, удаж хугацаа алдаж эмнэлэгт ирсэн. Хэрвээ хурдан хугацаанд ирсэн бол хагалгаа хийгээд хоёр газар цусан хураатай байсан нэгийг нь аваад нөгөөг нь хугацаа алдсан учир авах боломжгүй болсон байна. Амь насыг нь аврах боломжгүй гэж хэлсэн. Ингээд 02 дугаар сарын 6-ны өдөр нас барсан. Манай ахын хувийн мэдээлэлийг Ц  нь Гэмтлийн эмнэлэг дээр үнэн зөв өгөөгүй. Нэрийг нь Мөнхбат гэж хэлээгүй Лхагвадорж гэдэг нэрээр очсон байсан. Түргэн тусламжийг хугацаа алдаж дуудсан. Хэрвээ хугацаа алдаж ирээгүй хурдан ирсэн бол цаана байсан цусан хурааг аваад амийг нь аврах боломж байсан гэж гэмтлийн эмч нар надад хэлсэн.  Иймд маш их гомдолтой байна.Ц  нь 2010 оны зун манай ахтай холбогдсон байсан. Хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай ээж өнгөрөөд очиход манай ахтай цуг байж байсан. Гэр нь Зүүн салаанд байсан. Анх 2010 онд Мөнхбат, Ц  хоёрыг хамт амьдарна гэхэд нь Зүүн салаанд хашаа, байшин авч өгөөд гаргасан. Гэтэл энэ хоёр архи, дарс уугаад болж бүтэхгүй л байсан. Тэгээд гэнэт чимээгүй болсон. Чимээгүй болоход нь хашаа  байшин нь байхгүй болсон, зарсан байсан. Тэгэхээр нь манай ээж, аав хоёр гэр барьж өгч гаргасан. Амьдраад байгааг нь бол хамгийн сүүлд ээжийгээ өнгөрөхөд ахыгаа очиж авахад цуг байсан. Иймээс 2010-2015 оны хооронд цуг амьдарч байсан гэж үзэж байна. Одоо оршуулгын зардал болох 5.420.655 төгрөг нэхэмжилж байгаа. Оршуулгын зардалаас нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Түргэн тусламжийг хурдан үзүүлсэн бол миний ах одоо амьд сэрүүн байж байх байсан. Үүн дээр гомдолтой байна гэв.

Гэрч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгчтэй хамт амьдарч байсан. Хэрэг учрал гардаг өдөр 0.750 граммын Монгол стандарт архи Мөнхбат, Ц бид 3 гуравыг байхад, Алдар гэдэг залуу 0.750 грамын Монгол стандарт архийг намайг өвчтэй болохоор эргэж ирж байна гээд авч орж ирээд тэрийг 4-лээ хувааж уусан. Нилээн орой болтол манай гэрийн том өрөөнд болсон. Би ухаанаа алдтал согтоогүй, хохирогч нилээн согтсон байх шиг байсан. Тэр өдөр Ц ийг элдвээр хэлээд янхан банзалаар нь дуудаад алруу чинь архины шил чихнэ гээд хараагаад орилж байсан. Би орон дээр хэвтэж байсан. Би энэ хоёрыг маргалдаж байхад их эмзэг, шархтай байсан. Тиймээс шархаа хөндүүлчих байх гээд босоогүй. Талийгаач Мөнхбат өөрөө гарч явчихаад орж ирсэн. Ц ийг бол бид хоёр дамжилж орон дээр тавьсан. Мөнхбат намайг зодож байхад галын хажуу талд дэгээ төмөр байсан тэрийг аваад би цохисон гэж Ц  хэлсэн. Сүртэй юм болж байна гэж бодоогүй. Хэрэлдээд байх шиг байсан гэв.

Шүүгдэгч Г.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Мөнхбат ганц шил архи авъя гээд надаас шалаад байсан, тэгэхлээр нь Найрсаг 0.75 гр архи аваад гэртээ харьсан. 16 цаг өнгөрч байхад Мөнхбаттай гэртээ ирэхэд манай нөхөр Баасандорж байсан. Бид нар архиа уугаад архи ууж байтал Алдараа бас нэг шил архитай орж ирсэн. Тэгээд архи дуусаад Алдар яваад өгсөн. Баасандорж бид хоёр хоол ундаа идчихээд орондоо орсон. Мөнхбат жижиг өрөөнд ороод хэвтсэн. Тэгээд жижиг өрөөнөөс Мөнхбат орилоод намайг элдэв янзаар доромжлоод байсан. Тэгсэн Мөнхбат босож ирснээ үүдний коридорт байсан угаадасыг барьж байгаад цацчихсан, гэрээр нэг болсон. Би уурлаад босож ирээд чи айлд байж яаж байна аа, айл ингэж доромжилж болж байгаа юм уу, арай хэтэрч байгаа юм биш үү гэж хэлээд Мөнхбатыг түлхсэн. Мөнхбат миний толгой руу гараараа хоёр удаа цохиход би хойшоо саваад уначихсан. Мөнхбат миний үс цамцны зах хоёроос татаж чирээд жижиг өрөө рүү оруулсан. Хаалганаас татаад босоод ирэхэд Мөнхбат намайг цохих гээд байхлаар нь би хөлний шилбэ рүү өшиглөсөн. Мөнхбат намайг түлхээд унагаасан. Мөнхбат миний дээр гараад суучихсан намайг зодох гэж байсан. Миний нүдэнд галын шилээгүүр /төмөр/ харагдсан.  Би түүнийг аваад Мөнхбатын нүүр рүү нь цохих шиг болсон. Мөнхбат миний гараас шилээгүүрийг булааж аваад миний гуя руу хоёр удаа цохисон. Би уйлаад чи миний хөлийг хугалаад хаячихлаа шдээ гэхэд Мөнхбат больчихсон. Тэгсэн манай нөхөр Баасандорж гарч ирж Мөнхбаттай хамт өргөж орон дээр гаргаж өгсөн. Би жоохон уйлж байгаад унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Баасандорж “Мөнхбат цай ч уухгүй, тамхи ч татахгүй хэвтээд байна, шартчихсан юм шиг байна, чи очоод босохоор нь аргад” гэсэн. Би Мөнхбатаа “чи яагаад байгаа юм бэ, босоод цай уу” гэхэд Мөнхбат нэг том харснаа ёолоод хэвтээд байсан. Би Амгалан зах руу яваад 19 цагийн үед гэртээ ирэхэд Баасандорж “Мөнхбат орондоо шээчихсэн байна, нэг биш ээ, түргэн тусламж дуудая” гэсэн. Тэгэхлээр нь би дээд айлын хүний утсаар түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 145-161, 2-р хавтас 79-80 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэзээ танилцсан нь мэдэгдэхгүй, 2011 оноос эхлэн Ц  гэдэг эмэгтэйн хамтаар амьдарч байсан. Их л архи уудаг хүүхэн байсан. Манай ах ч архи ууна. Тэгээд сүүлдээ Ц  болон ах Мөнхбат нар хоорондоо хэрэлдэж маргалдсан гэнэ, архи уусан гэнэ гэж зөндөө дуулдаж байсан. Сүүлдээ Мөнхбат Ц даа зодуулсан гэж байсан. Мөнхбат хөдөө явж ажиллана гэсэн байсан. Тэгээд түүнээс хойш миний мэдэхээр сураггүй болсон. Цэнд-Аюуш нь өөрөө манай ахыг уруу татаж архи дарс уудаг байсан. Цэнд-Аюушийн хувьд зан аашийн хувьд маш их хэцүү хүн, маш их худлаа ярьдаг. Их ширүүн зан ааштай, их зальтай, зальжин, гэр бүл их үймүүлдэг” гэх мэдүүлэг /1-р хавтас 29-31 дүгээр хуудас/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц , Мөнхбат хоёр Монгол Стандарт нэртэй 0.75 гр архи авчирсан. Түүнийгээ ууж байтал Алдар ирсэн. Тэрийгээ хувааж ууцгааж байх үед Алдар хот руу орно гээд яваад өгсөн. Үлдсэнийг нь хувааж ууж байгаад зурагт үзээд хэвтэж байсан чинь зүүрмэглэчихсэн байсан. Тэгсэн Мөнхбат Ц ийг загнаад байсан. Тэгж байгаад Мөнхбат угаадасны хувин аваад шидчихээд жижиг өрөө рүү гүйгээд явчихсан. Ц  араас нь гүйгээд тэндээ хэрэлдээд байсан. Би тэр үедээ сүртэй юм болж байна гэж огт бодоогүй. Тэгсэн Ц Мөнхбат миний хөл рүү цохичихлоо гээд босож чадахгүй бөгсөө чирээд мөлхөж том өрөө рүү орж ирсэн. Ц ийг орон дээр гаргах гээд даахгүй Мөнхбаттай өргөж гаргасан. Тэгээд Мөнхбат гал тогооны өрөөнд юм нүдээд байсан. Би гал тогоо руу ороход жижиг мод байсныг хаалганы босгон дээр тавиад хөлөөрөө дэвслээд гал түлэх гэж байна гэсэн. Би том өрөө рүү ороод унтаад өгсөн, удалгүй Мөнхбат чимээгүй болоод унтчихсан. Өглөө 09 цагийн үед сэрэхэд жижиг өрөөнд Мөнхбат гудаснаас мөлхөөд холдчихсон, гудас дээрээ шээсэн, дээшээ хараад унтаж байсан. Архиндаа шартчихаад унтаад байна гэж бодсон. Ц  зах гараад гэртээ 19 цагийн үед ирэхээр нь хэлэхэд тэр түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 36-37 дугаар хуудас/,

Гэрч Л.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой 19 цагийн үед байх Мөхбат манай гэрт ороод ирчихсэн, Мөнхбат нилэнхүүдээ цус болчихсон байсан. Та яачихсан юм бэ гэхэд “Цэндээ намайг ийм болгочихлоо, надад гутал өгөөч” гэсэн. Тэгээд “манайд танд таарах ямар гутал байдаг юм бэ, манай охин таниас айчихна” гээд гэрээсээ гаргасан. Гадаа төмөр дугарахаар нь гараад хартал нүүрс хийдэг тосгуур дэрлээд хэвтэж байсан. Та яаж байгаа юм бэ, хөлдөж үхэх гээ юу гээд хашааныхаа хаалгаар гаргаж явуулсан. Дөнгөж гэртээ ортол тог тасарчихаар нь гараад хартал Мөнхбат манай гэрлийн утаснаас гараараа татаж хаячихаад юу ч болоогүй шинжтэй алхаад явж байсан. Маргааш өглөө нь гэрт нь ороод загнах гэтэл Мөнхбат толгойн дээрээ хөнжлөө нөмөрсөн хэвтэж байхаар би гараад явсан. Тэр үед Ц , Баасандорж нар байсан. Тэгсэн орой 19 цагийн үед Ц  манай гэрт орж ирээд “утсаар ярья, 103 дуудая, Мөнхбат сонин болчихсон байна” гээд түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 44-47, 2-р хавтас 25, 135-136 дугаар хуудас/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Хэрэг асуудлын талаар мэдэхгүй байна. 2017 оны эхээр билүү мэдэхгүй байна. Баасандорж ах надтай утсаар яриад манай гэрт амьдарч байсан залуу гэмтчихээд эмнэлэгт ухаангүй байна гэж хэлэхээр нь дүү Пүрэвсүрэн бид хоёр гэрт нь очсон. Юун хүн яасан юм бэ гэж асуухад манай гэрт амьдарч байсан хүн, ар гэрийнхэнийг нь мэдэхгүй гэж байсан. Тэгээд яриад сууж байтал Ц  гаднаас согтуу ороод ирсэн. Ах Баасандорж дүү Пүрэвсүрэн бид хоёрыг нохой хорьж гаргаж өгөхдөө Ц  тэр хүн хоёр хоорондоо зодолдоод Ц  галын дэгээ төмрөөр цохичихсон юм, ахад нь хамаагүй. Тэгэхдээ эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй учраас ах нь та нарт хэлсэн юм. Нохойд хазуулсан гэж бас худлаа хэлсэн юм. Ц  миний төмсөгийг урж гэмтээчихсэн юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 54-55 дугаар хуудас/,

Гэрч Т.П мөрдөн байцаалтанд өгсөн: “Хэрэг асуудлын талаар би тодорхой мэдэхгүй байна. Баасандорж надад хэлэхдээ бид хоёр хүн зодчихсон юм аа. Тэр хүн маань эмнэлэгт хагалгаанд орж байгаа гэсэн. Сүүлд нь Баасандорж эрэгтэй дүү Бямбадоржид хэлэхдээ надад уг асуудал огт хамаагүй, би хүн зодоогүй, дүү нараасаа мөнгө авах гэсэн юм. Та нар угаасаа Ц ид дургүй юм чинь мөнгө өгөхгүй гэж бодоод бид хоёр сая ярьсан юм шүү, би нохойд хазуулаагүй, Ц  миний төмсөгийг араас татаж зулгаагаад гэмтээсэн. Дүү нарт битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэр үе би дунд ах Бямбадоржийн хамт Баасандоржийн гэрт очиход Баасандорж орондоо хэвтэж байсан. Дараа нь Ц  согтуу халамцуу орж ирсэн. Ах Баасандорж орноосоо босож явахдаа их зовиуртай байсан. Тэгээд яасан юм бэ гэхэд нохойд хазуулсан гэж байсан. Ц  нь орж ирээд “аа нэг асуудал болоод бид нар хамт архи ууцгаагаад, тэгсэн Мөнхбат намайг элдвээр доромжлоод бид хоёр хоорондоо барилцаж аваад зодолдоод, тэгэхлээр нь би галын төмрөөр цохисон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /1-р хавтас 58-59 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹375 дүгнэлтэд “Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зулай, зүүн чамархай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь хэсгийн тархины эдийн цус хуралт няцралт, дух, зүүн чихэнд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар зүүн шуу, баруун тохой, нуруунд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь элэгний архаг идэвхижилт үрэвсэл, хоёр уушгины идээт үрэвсэл өвчтэй байсан үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн тул спиртийн зүйл үзэх боломжгүй. ГССҮТ-н 00866 тоот өвчний түүхэнд талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна” гэжээ /1-р хавтас 61-64 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹257 дүгнэлтэд “Г.Ц  нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээ байхгүй байна. Үйлдсэн хэргийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай, сэтгэцийн өвчингүй, сэтгэцийн өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээ байхгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, үйлдсэн хэргийн хор уршгийг ойлгох чадвартай байсан, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэжээ /1-р хавтас 72-73 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹1920 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн галын шивлүүр төмөр дээр цус илрээгүй” гэжээ /1-р хавтас 75 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹1106 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн галын шивлүүр гэх төмрөөс гарын мөр илрэхгүй” гэжээ /1-р хавтас 104 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Талийгаачийн биед учирсан зулай зүүн чамархай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь хэсгийн тархины эдийн цус хуралт няцралт гэмтэл нь хатуу мохоо зүйлээр нэг удаа цохиход үүснэ. Бусад гэмтлүүд нь дан дангаараа нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд талийгаачийн биед үүссэн нийт гэмтэл нь олон удаагийн хүчин зүйлсээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг. /1-р хавтас 66-67, 2-р хавтас 26 дугаар хуудас/,

Өвчний түүх /1-р хавтас 77-96 дугаар хуудас/,

Хохирлын баримт /1-р хавтас 225-242 дугаар хуудас/,

Цогцост шинжилгээ хийсэн тухай тодорхойлолт /1-р хавтас 246 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 163 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 162 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг 15-814 тоотод М.Мөнхбаттай “гэрт угаадас цацлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний толгойн тус газар галын шивлүүр төмрөөр цохиж гавал тархины битүү гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Г.Ц , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргал, гэрч Т.Баасандорж, гэрч Л.Нямцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 4-9 дүгээр хуудас/,

Цогцогс үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 10-14 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Ц ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас 145-161, 2-р хавтас 79-80 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас 29-31 дүгээр хуудас/,

Гэрч Т.Баасандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас 36-37 дугаар хуудас/,

Гэрч Л.Нямцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас 44-47, 2-р хавтас 25, 135-136 дугаар хуудас/,

Гэрч Т.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас 54-55 дугаар хуудас/,

Гэрч Т.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн Ц  нь орж ирээд “аа нэг асуудал болоод бид нар хамт архи ууцгаагаад, тэгсэн Мөнхбат намайг элдвээр доромжлоод бид хоёр хоорондоо барилцаж аваад зодолдоод, тэгэхлээр нь би галын төмрөөр цохисон” гэж хэлсэн” мэдүүлэг /1-р хавтас 58-59 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹375 дүгнэлт /1-р хавтас 61-64 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹257 дүгнэлт /1-р хавтас 72-73 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹1920 дүгнэлт /1-р хавтас 75 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹1106 дүгнэлт /1-р хавтас 104 дугаар хуудас/,

Шинжээч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас 66-67, 2-р хавтас 26 дугаар хуудас/,

Өвчний түүх /1-р хавтас 77-96 дугаар хуудас/,

Хохирлын баримт /1-р хавтас 225-242 дугаар хуудас/,

Цогцост шинжилгээ хийсэн тухай тодорхойлолт /1-р хавтас 246 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Ц  нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц ид холбогдох үйлдлийг оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ц ид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйг болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Баасандорж намайг “чи цохисон” гэж хэлээрэй гэж хэлсэн. Би Баасандоржийн хэлсний дагуу нуруун дундуур нь шилээгүүр төмөрөөр нэг цохих шиг болсон гэж хэлсэн. Нямцэцэгээ миний найз “Баасандорж пизда цохичихлоо” гэдгийг нь “Цэндээ пизда цохичихлоо” гээд хэлчих гэсэн. Тэгэхэд Наранхүү ах байсан. Манайд байж байхад 2 дугаар сарын 3-ны өглөө Эрдэнээ гэдэг залуу орж ирээд талийгаачийн биеийг яаж байна гэж асуусан. Би “Баасандорж намайг төмрөөр цохисон гэж хэлчихсэн байгаа юм, тэр төмөр чинь аймаар байдаггүй юм уу” гэхэд Баасандорж хажуу талаас “харин тиймээ, миний санаанд орсон болохоор нь би тэгж хэлсэн гэдгийг Эрдэнээ сонсож байсан” гэх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт цугларсан өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд харин

мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа хууль сануулан авсан гэрч Л.Нямцэцэгийн “…Мөнхбат надад Цэндээ пизда намайг ийм болгочихлоо л гэж хэлсэн, өөр хүний нэр хэлээгүй, ...Баасандоржтой хуйвалдаж Ц эсрэг мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй” /2 хх 25/, …Ц надад Бааска цохисон гэдгийг намайг цохисон гээд хэлчих гэж Баасандоржийн хамт манайд орж ирэн уулзаж ярьсан зүйл огт байхгүй, худлаа ярьж байна. Наранхүү нь манайхаар орж ирдэг, гэхдээ Ц ярьж байгаа шиг зүйл огт болоогүй, ямар учраас Цэнд-Аюуш ингэж худлаа яриад байгааг нь мэдэхгүй байна” /1 хх 44-47, 2 хх 135 дугаар хуудас/ гэх,

мөн гэрч Ө.Эрдэнэчулууны “…Тэгээд би түүнээс хойш 2 хоногийн дараа Баасандоржийнд ганцаараа очоод Мөнхбат ахын бие гайгүй юу, юу болсон юм вэ гэж асуухад Баасандорж, Цэнд-Аюуш эгч 2 “сая эмнэлэг ороод ирлээ, Мөнхбат ухаан ороогүй амандаа билүү, хамартаа гуурс хийчихсэн хэвтэж байна” гэсэн. Баасандорж ах “би тухайн үед төмсгөө гэмтээчихсэн согтуу том өрөөний орон дээр хэвтэж байсан чинь Цэндээ, Мөнхбат 2 согтуу хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд маргааш өглөө нь бостол талийгаач Мөнхбат босохгүй хэвтээд байхаар нь хордлогонд орчихсон юм байлгүй гэж бодоод архинаасаа өгтөл уухгүй байсан” гэж ярьж байсан. Цэнд-Аюуш эгчийг яагаад ингэж намайг оролцуулааад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Миний зүгээс Цэнд-Аюуш эгчид аль байдгаараа сайн ханддаг байсан. Баасандорж ах надтай ахынхаа талаар тэгж, ингэж хэлээрэй гэж ярьсан зүйл байхгүй. Харин саяхан буюу 20 хоногийн өмнө Цэнд-Аюуш эгчийн дүү нь гэх эмэгтэй хүн яриад “таныг ирж уулзаач гэнэ, 2 дох болон 3 дахь өдөр эргэлт оруулдаг, таныг очъё гэвэл зөвшөөрлийн бичиг аваад өгье” гэж ярьж байсан. Түүнээс яг 7 хоногийн дараа Цэнд-Аюуш эгч өөрөө над руу утсаар “чи эгчтэйгээ ирж уулзах боломж байна уу” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би “амжихгүй байх” гэхэд Наранхүү ах ирж чадах болов уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би Наранхүү ах утасгүй байгаа, Хужирбулан ороод уулзалдвал хэлье гэсэн” /2 хх 137-138/ гэх,

мөн гэрч Р.Наранхүүгийн “….Би 2017 оны 1 сарын 31-ний өдөр гэртээ эхнэр хүүхдийн хамт байсан ба тэрнээс хойш огт уулзаагүй байж байгаад Мөнхбатыг нас барсан болохыг хүнээс дуулаад 2017 оны 2 сарын 8 билүү 9-ний өдөр Баасандоржтой очиж уулзсан. Тэр үед Баасандорж надад Цэндээ талийгаачийн толгой руу галын төмрөөр цохьчихсон чинь ухаангүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад саяхан буюу 2 хоногийн өмнө нас барчихлаа гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би Баасандоржоос ямар учиртай болохыг лавлаж асуухад Баасандорж, талийгаач Цэндээ бид 3 хамт архи ууж байгаад Цэндээ уурлаад талийгаач Мөнхбатын толгой руу галын дэгээ төмрөөр цохиод авчихсан юм гэж байсан. Түүнээс хойш Нямцэцэг, Эрдээ нартай уулзаагүй.” /2 хх 139/ гэх мэдүүлэгүүдээр няцаагдаж байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц “Баасандорж …тэгээд пийшингийн хажуу талаас мод аваад толгойны баруун талаас, урдаас нь бас цохисон. Дахиад цохих гэхэд нь талийгаач зүүн гараараа хаасан. …Эмч ирээд гар нь хугарсан байна гарын чиг, хүзүүний чиг аваад ир гэхэп жолооч нь яваад гарын чиг байхгүй байна гээд ирсэн, …Баасандорж гэмтэлтэй, босож чадахгүй байсан гэдэг худлаа” гэж мэдүүлж байх боловч

шинжээч Б.Долгормаагийн “….Зүүн шуунд учирсан гэмтэл нь хуучин бороолсон хугаралтай байсан” /2 хх 26/ гэх,

гэрч Д.Энхцэцэгийн “…талийгаач гар нь гэмтэж 2000 оны үед хагалгаанд орж байсан” гэх мэдүүлэгүүдээр

гэрч Х.Энх-Алдарбаясгалангийн “Баасандорж төмсгөндөө оёдол тавиулсан, гэмтсэн гэж дуулдсан. Тэгээд би биеийг нь асуух зорилгоор тэр өдөр тэднийхээр 1 шил архи аваад орсон. Тэгсэн Баасандорж, Цэнд-Аюуш бас хамт амьдраад байдаг залуу 3 байсан” гэх мэдүүлэг /1 хх 53/,

гэрч Т.Бямбадоржийн “…Ахад нь хамаагүй. Тэгэхдээ эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй учраас ах нь та нарт хэлсэн юмаа гэсэн. Тэгээд ах нохойд хазуулсан гэж бас худлаа хэлсэн юм. Цэнд-Аюуш миний төмсгийг урчихсан гэмтээчихсэн юм. Ядаж энийг эмчлүүлмээр байна гэсэн” гэх мэдүүлэг /1 хх 54-55/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4378 дугаар:

Болсон хэргийн товч: “2017.01.24-нд Цэнд-Аюуш нь гараараа төмсөгний арьс хуу татсан, тэр оройдоо УНТЭ-т ирж эмчлүүлж оёдол тавиулж байсан гэнэ. Т.Баасандоржийн биед хуухнагт сорви гэмтэл тогтоогдлоо. …Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Хэргийн 2 хавтас 1 дүгээр хуудас дахь хүлээн авсан хэсэгт “1 сарын 24, 23 цаг 40 минут, 3 цагийн өмнө эхнэр хуйхнаг гэмтээсэн, хуйхнагт том хэмжээний шархтай, 2 талын төмсөг ил гарсан, төмсөг гэмтэлгүй, шарх бохир, шээдэг сүв гэмтэлгүй. Давсагт сүвээр катетар тавив. Шарх цэгцэлгээ, оёдол боолт” гэх үзлэгийн тэмдэглэл,

гэрч Т.Баасандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…миний төмсгийг Цэнд-Аюуш гэмтээсэн учир би хэвтэж байсан, оёдол тавиулсан, шарх хөндуур байсан, гэхдээ ойр зуур явж байсан” гэх мэдүүлгүүдээр талийгаачийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч Цэнд-Аюуш учруулсан болох нь тогтоогдсон байх ба гэрч Т.Баасандоржийг хохирогчид гэмтэл учруулсан гэх байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирч, гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 5.420.655 төгрөгийн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр дүгнэлт,

иргэдийн төлөөлөгч Г.Ц  нь энэ хэрэгт 100 хувь буруутай юм шиг санагдлаа” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Г.Ц тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүх шүүгдэгч Г.Ц ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын шивлүүр төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Ц ийн цагдан хоригдсон 336 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц аас 5.420.655 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргалд олгож шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.