Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

шүүгдэгч Г.Ц /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Цид холбогдох 201725010427 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Г-н Ц, 1967 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ....................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................./,

Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 15-814 тоотод М.Мтай “гэрт угаадас цацлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний толгойн тус газар галын дэгээ төмрөөр цохиж “гавал тархины битүү гэмтэл” учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Цийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Г-н Цийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Цид оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын шивлүүр төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цийн урьд цагдан хоригдсон 336 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Цаас гэм хорын хохиролд 5.420.655 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямбуу овогт Мажигсүрэнгийн Энхжаргалд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өрх толгойлсон эмэгтэй. Хоёр хүү минь орох оронгүй асран хамгаалах хүнгүй үлдсэн. Баасандоржтой 5 жил хамт амьдарсан, хэрэг гарснаас хойш ор сураггүй алга болсон. Баасандорж архи уухаараа агсам тавьж удаа дараа намайг хүүтэй минь гадаа хонуулдаг байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч 2-3 удаа баривчлуулж байсан. Хэрэг болохоос өмнө 1 дүгээр сарын 26-ны өдөр Баасандорж нь хохирогч Мөнхбаттай зодолдож байсан. ...Энэ хэрэг гарсан гол шалтгаан нь хохирогч Мөнхбатаас эхэлсэн юм. Бид хоёрыг унтаж байхад хохирогч Мөнхбат намайг есөн шидээр доромжилж, харааж зүхээд коридорт байсан хувинтай муу усыг авч том өрөө рүү цацахад нь “чи айлд байж яагаад агсам согтуу тавиад байгаа юм бэ” гэхэд намайг цохиж унагаад гал тогооны өрөө рүү чирч оруулаад “би ойрд эмэгтэй хүнтэй унтаагүй, чамайг хүсээд байна” гэхээр нь “чи чинь солиоров уу, эрүүл байна уу, согтуу байна уу” гэхэд жижиг өрөө рүү чирч оруулан намайг хойшоо түлхэн хоолой боогоод “чи ямар онгон хүүхэн юм уу п.... чинь, би заавал санасандаа хүрнэ” гээд хоолойг улам чангалахад би дуугарч чадахаа болиод гартай нь ноцолдож байгаад салгасан. Би “чамайг Баасандоржид хэллээ” гэхэд миний өмдийг тайлж байснаа больсон. Тэгээд өмдөө татах гэтэл “маягтай п.... вэ” гээд галын дэгээ төмрөөр гуя руу цохиход тухайн үед хөл хугарчих шиг болсон. Би хөл хугарчихлаа гээд уйлаад бөгсөөрөө гулсаж коридорт том өрөөний хаалганы хажууд очиход Баасандорж “яасан бэ” гэсэн. Би “Мөнхбат миний хөлийг хугалчихлаа” гэсэн чинь “яасан даварчихсан п... вэ” гээд босоод гал зуухны өрөө рүү орж Мөнхбатын урдаас нь түлхэж хананд шахаж хагалсан модноос авч толгойг нь баруун талаас цохиход Мөнхбат зүүн тийшээ хазайж, дахиад цохих гэхэд нь толгойгоо дээшлүүлж толгойных нь яг урдаас цохисон. Дахин цохих гэхэд нь зүүн гараараа хааж Баасандоржийн гарт байсан мод унаж Мөнхбатын зүүн гарын шуунд урт нарийхан зураас үлдээсэн байсан. Мөнхбат гараад явсан, би уйлаад коридорт сууж байсан юм. Баасандорж намайг унтая гээд баруун гараас дэмжээд том өрөө рүү ороход Мөнхбат ороод ирсэн. Тэгээд “чи Цын хөлийг хугалчихсан байна, хоёулаа өргөөд орон дээр тавиадхая” гээд тэр хоёр намайг өргөж орон дээр хэвтүүлсэн. Мөнхбат жижиг өрөө рүү явсан. Баасандорж миний хажуугаар хэвтэж байхад юм түжигнээд байна гээд Баасандорж жижиг өрөө рүү ороод хэсэг алга болсон. Мөнхбат “ёо ёо” гэж дуугарсан. Би Мөнхбатыг архи нь гарч байгаа юм болов уу гээд бодоод өнгөрсөн. Баасандорж орж ирэхдээ галын дэгээ төмөр барьж орж ирснээ орны хажууд тавьсан. Миний хажуугаар хэвтэхдээ “Мөнхбат гал зуухны өрөөнд гал түлэх гээд мод хагалж байна” гэхэд нь “тэгээд унтав уу” гэж асуухад Баасандорж “бид хоёр жаахан маргалдаж байгаад жижиг өрөөнд унтуулчихлаа” гэсэн. Бид хоёр ч унтсан. Маргааш өглөө нь буюу Баасандорж эрт босоод одоо гурвуулаа яанаа хэн нь гэр орны ажил хийнэ ээ, би босоод цай чаная гэснээ энэ галын дэгээ төмрийг чи тэгшилчих гэсэн. Би “яаж тэгшилдэг юм, хөл муу байна, чи эр хүн байж өөрөө тэгшил” гэсэн. Тэгснээ Баасандорж “Мөнхбат босохгүй байна” гэхээр нь “шартсан юм болов уу” гэхэд хэдэн минут унт дараа нь очоод Мөнхбатын толгойны хаанаас нь цус гарч үзээдэх, нүүрний цусыг цэвэрлээд хувцасыг нь солиодох гээд байхаар нь очоод үзсэн чинь тааруу ч юм уу, шартсан ч юм уу нэг тиймэрхүү би харагдсан. Толгойны энд тэндээс нь цус гараагүй нүүрийг нь цэвэрлээд Баасандорж толгой дээр нь хүйтэн жин тавьчих гэхээр нь жин тавьсан. Тэгээд Нямцэцэг ороод ирээд “...өчигдөр орой намайг бие засчихаад гэртээ орж ирэхэд Мөнхбат ах манайд нүүрнээс нь цус гарчихсан сууж байсан. Би цуснаас айдаг болохоор “та яачихсан юм бэ” гэхэд “Бааска п... намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн. Би “та яв, Баасандоржийнд оч” гэхэд гарч яваад тог тасалсан, тэгээд манай хүргэний хаалгыг нүдээд гадаа цас дуугараад байхаар нь нохой шувуу хог тарааж байгаа юм болов уу гээд хартал Мөнхбат ах манай баруун талд нүүрс оруулдаг тосгуур дэрлээд хэвтэж байсан. Би хөлдөж үхэж гай болох нь уу гээд хашааны хаалгаар гаргаж өгөхөд манай бэр цагдаа дуудаад өгчихье гэсэн” гэж ярьсан. Би зах явах гээд гарах гэтэл Баасандорж “миний хань ярих юм байна” гэхээр нь “яасан бэ” гэхэд “Мөнхбатыг чи цохисон гээд хэлчих, чамайг цохисон гэвэл гомдолтой гэхгүй, би хоёр хүүг чинь харж хандана, эмчилгээний мөнгө гаргана, чамайг байнга эргэж тойрно” гэсэн. “Юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь “би чамд ярьдаггүй байсан юм, би цэрэгт байхдаа чөлөөгөөр ирээд шоронд хоригдож байсан. Эрэгтэй хүн шоронд байх хэцүү, шүүх цагдаагийнхантай ярина, шинжилгээний хариуг чиний талд гаргуулна. Чи надад хайртай л юм бол цохисон гэж хэл” гээд энэ хэргийг эхлэхээс гуйсан. Би орой 19 цагийн үед ирэхэд “Мөнхбатын бие муу байх шиг байна, эмчид үзүүлэх үү” гэхээр нь “тэгвэл түргэн дуудая” гээд найз хүүхнийдээ орж түргэн дуудаад гэртээ орж ирээд Баасандорж “Мөнхбат орондоо шээчихсэн  байгаа, түргэн ирэхэд яаж ийм байх вэ” гэхээр нь би том өрөөнд ор засаад солих хувцсыг нь бэлдээд бид хоёр жижиг өрөөнөөс өргөж том өрөөнд дамжлан оруулж хэвтүүлсэн. Би найз хүүхнийхээ гэрт орж түргэн дуудсан, түргэн 20 цагт ирсэн. Түргэний эмч үзээд энэ хүн ухаангүй байна зүүн гар нь хугарсан байна, овог нэр насыг нь асуухад Мөнхбат гэж хэлсэн. Эмч “та хоёр цуг явна аа” гэхэд Баасандорж маш их айсан байдалтай байсан. Амь хохирогч эмнэлэгт хэвтээд 5 хоноод өнгөрсөн гэдгийг сүүлд мэдсэн.

Гэрч Баатархүү мэдүүлэхдээ “...тэгээд би маргалдсан байхдаа намайг цохисон дэгээ төмрийг булаан авах гээд ноцолдож байхдаа Мөнхбат зуухан дээр цаашаа хараад уначихаар нь би Мөнхбатыг араас нь дэгээ төмрөөр цохьчихлоо гэж надад Баасандорж хэлсэн.” Баасандорж яагаад ийм болоогүй юм яриад байгаа юм бэ. Ийм үйл явдал ерөөсөө болоогүй, миний хөлийг цохиод намайг орон дээр хэвтсэнээс хойш Баасандорж гал зуух руу ороход Мөнхбат “ёо ёо” гэж 2 удаа дуугарсан. Би айгаад худлаа хэлэхдээ гудамжинд зодуулсан, дээрэмдүүлсэн гэж хэлсэн учраас гутлыг нь нуугаад жижиг өрөөний хаалганы ард нуучихсан байгаа. Манай жижиг өрөө хаалга байхгүй. Баасандоржид зодуулаад хөл нүцгэн дан өмд цамцтай манайхаас гарсан. Ц хэлэхдээ “Мөнхбат зуухан дээр арагшаа хараад уначихсан араас нь дэгээ төмрөөр нэг удаа цохисноо санаж байна би согтуу байна. Намайг цохисны дараа Мөнхбат нэг их сонин болчихоор нь би Мөнхбатыг жижиг өрөөнд хэвтүүлээд дээрээс нь хөнжил хаясан” гэж хэлсэн. Баатархүү цагдаа нарын үгээр үг хийгээд гэрч болоод байгаа. Хууль сануулсан нэрийдлээр хүнийг гүтгэж болдог юм уу. Надаас байцаалт аваагүй ахлах дэслэгч Баатархүү хаанаас ийм яриа сонсоод намайг хийсэн мэт үзсэн мэт яриад байгаа юм бэ. Энэ хүн тангараг өргөсөн хуулийн хүн мөн үү. Баатархүүгийн энэ яриаг дахин шалгаж хэрэгтэй. Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр бид хоёрыг авч очиход энэ Баатархүү цагдаа Баасандоржийг гэрээс нь хэргийн газрын баримт орхисон байна гэж яваад нилээд удаж ирсэн.

Гэрч Пүрэвсүрэн, Бямбадорж нар мэдүүлэгтээ “Баасандоржийнд очиход Баасандорж орондоо хэвтэж байсан. Ц гэртээ байгаагүй. Бид хоёрыг орж ирсний дараа халамцуу орж ирсэн. Тэгээд ах Баасандорж орноосоо босож ирсэн. Баасандорж явж чадахгүй зовиуртай байсан. “Та яасан юм бэ” гэхэд “нохойд хазуулсан” гэж хэлсэн. 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр бид хоёр цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр хоноод өглөө нь цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өдөржин байж, миний дүү Бурмаа Баасандорж хоёр намайг батлан даалтад авах гэж шат руу дээш доошоо гүйж гадагшаа бичиг баримт канондуулах гээд явж байхад зүгээр байсныг миний дүү Бурмаа, Нарантуяа нар гэрчилнэ. Отгоо эгчид Баасандорж “би толгой руу нь модоор цохиод ухаан орохгүй эмнэлэгт байгаа” гэж ярьсныг сайн санаж байна. Дараа нь Баасандоржийн төрсөн хүү Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Жавхланбаяр, түүний эхнэр Ариука, төрсөн дүү Бямбадорж, түүний эхнэр Алдармаа, төрсөн дүү Бямбадорж нар ирсэн байсан. Тэд “миний ахыг хүн алсан хэрэгт хийлээ” гэж над руу дайрахад Баасандорж “би зодсон юм” гэж хэлэхэд больцгоосон. ...Бид замдаа Амгалан зах орж 3 ширхэг цувдаа, хүнсний ногоо авсан. Хэрэв үнэхээр явж чадахгүй байсан бол тортой юм барьж чадахгүй байсан. Шөнө унтаж байсан чинь Баасандорж гэнэт босож ирээд “чи олон хоног хоригдоод ирэхээрээ намайг илчилж үнэнээ хэлнэ биз дээ” гэсэн. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баасандорж хорих ангид эргэлтээр ирэхдээ маш их баяр баясгалантай ирж “би шүүх эмнэлгийн дүгнэлтийг чиний талд гаргуулсан, байцаагч прокурор хоёр чамд 5 жилийн ял өгнө гэсэн, чамайг хорих ангид хөнгөн ажил хийлгэхээр ярьчихсан” гэж ярьсан. Би “эмчид нь юу өгсөн юм бэ” гэхэд “эмчийн дүүг миний ах Оюу толгойд ажилд оруулж өгсөн” гэсэн. Би хоёр хүүхэдтэйгээ уулзахад царай алдаад, үс нь ургаад, хиртэй хувцас өмссөн байхаар нь гэнэт ухаан орж хоёр хүүхэддээ амьдын хагацал үзүүлж байхаар үнэнгээ хэлье гэж бодсон. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Батсайхан байцаагч “прокурорт хэргийг чинь шилжүүллээ, хэргээ унш” гэхээр нь “би энэ хэргийг хийгээгүй” гэхэд маш их уурлаж “хүний хамаг ажил баллаад хаячихлаа, чамд энэ хэргийг дуустал эргэлт оруулахгүй” гээд явсан. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Батсайхан байцаагч ирээд “та хоёр тохиролц, Баасандорж хохирол төлбөрийг төл, чи ялаа ав, өмгөөлөгчөөрөө бичиг хийлгэж ав” гээд явсан. Би анхан шатны шүүх хуралдааны дараа хэргийн материалтай танилцсан. Хавтаст хэрэгт “хэрэгтэй танилцлаа” гэсэн гарын үсэг зурагдсан нь миний бичиг биш байсан. Энэ гарын үсгийг шинжлүүлэх хүсэлтэй байна. Би бусдын амь насыг санаатай хохироогоогүй. Надтай хамтран амьдрагч Баасандоржийн шахалт хүчирхийлэлд автан худал мэдүүлэг өгсөн. Урьд нь “миний хань энэ хэргийг хүлээчих, анхны мэдүүлгээсээ буцаж болохгүй шүү, хань нь байнга эргэж тойрч байна, ар талын асуудлыг зохицуулж хохирлын мөнгийг төлнө, шүүх эмнэлгийн дүгнэлтийг чиний талд гаргуулна, хань нь шоронг мэднэ, тэвчээд байж байгаарай” гэдэг байсан. Баасандоржийг энэ хэрэгт ямар ч холбогдолгүй болгосон хүн бол түүний хүү Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн байцаагч хийдэг ахлах дэслэгч Жавхланбаяр юм. Түүний тусламжтайгаар бүх гэрч, хохирогч нарыг миний эсрэг болгож үгсэн тохирч байцаалт өгүүлсэн. Мөн хэргийг намайг үйлдсэн болгож хэргийн материалыг бүрдүүлж, өнөөдөр миний араас хөөцөлдөөд явах хүнгүйг далимдуулан 10 жилийн ял шийтгэл оногдуулсан. Баасандорж, түүний хүү Жавхланбаяр, Бямбадорж, Пүрэвсүрэн, Алдармаа, Ариука, Нямцэцэг нарт маш их гомдолтой байна. Жинхэнэ гэмт хэрэг үйлдсэн Баасандорж ял завшиж энэ хэрэгт холбогдолгүй болсонд туйлын их гомдож байна. Надад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ болсон үйл явдлыг бүрэн гүйцэд шалгаагүй. Үүнд: Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн. Шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Нотлох баримт зөрүүтэй байхад гэрч Баасандорж нь авч үзэж, миний нотлох баримт болон мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй. Миний хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй. Хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, мөн зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийгээгүй. Түүнчлэн хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг эд мөрийн баримтуудыг шаардан гаргуулж аваагүй. Хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоолгохоор миний гаргасан хүсэлтийг хангаагүй орхигдуулсан. Хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан. Өмнө хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлээгүй. Шүүхээс хэргийн бодит байдлыг зөв шударгаар тогтоож хэргийн бүх талыг бүрэн гүйцэт хянаж чадалгүйгээр надад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн байр суурь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Баасансүрэнтэй хамтран амьдарч, гэр бүлийн харьцаатай байсан хүмүүсийн хооронд болсон маргаан болж, намайг энэ хэргийг хүлээчих гэхээр нь би хүлээсэн. Энэ бол туйлын алдаа болсон” гэсэн байр суурийг баримталдаг. Шүүгдэгч Г.Ц өөрөө энэ байр сууриа тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн хувьд энэ болсон үйл явдал өмгөөлөгчийн хувиас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Гэмтэл согог үндэсний төвийн эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ түүнтэй холбогдсон нотлох баримт бичиг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байсан, тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан. Нас барах хүртлээ эмнэлгийн туслалцаа авч байсан. Энэ хоёр гол үндсэн шинж нь амь хохирсон шалтгаан нь хүнд гэмтлийн улмаас нас барсан гэсэн байдал тогтоогддог гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ гол хоёр шинж нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой дараах байр суурьтай байна. Хууль сануулж мэдүүлэг авсан энэ хэргийн хамгийн хэрэгт ач холбогдол бүхий Баасандорж гэх гэрч энэ хэрэгт гэрчээр оролцсон. Гэвч шүүгдэгч Г.Цийн гэр бүлийн хүн. Энэ гэрчийн мэдүүлгүүд нь агуулга нь зөрүүтэй байдаг. Тухайлбал “би өвчиндөө эмзэглээд хөдлөхгүй байсан. Тухайн үед би ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй цаад талын өрөөнд ийм үйл явдал болсон” гэж мэдүүлдэг. Цагдаагийн хэлтэст зүгээр болоод явдаг, бусад болсон байдлыг хараагүй гэсэн боловч бусад мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэрэгт Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байдаг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхны шинжээчийн дүгнэлтэд “үхэлд хүргэсэн шалтгаан тархины цусан хураа” гэдэг. Гэтэл цогцост үзлэг хийсэн тэмдэглэл бусад шинжээчийн дүгнэлтүүдийг харахад амь хохирогчийн биед шарх, зулгарал байдлууд харагдаж байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “нэг удаагийн үйлчлэлээр” гэж шинжээчийг байцаасан байцаалтад “нэг бус удаагийн үйлчлэлээр” гэж шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан байцаалт хоёр эргэлзээ бүхий байдаг. Өөрөөр хэлбэл үйлчилж байгаа чиглэлийн хувьд “нэг удаагийн үйлчлэлээр”, шинжээч дүгнэлтдээ “нэг бус удаагийн үйлчлэлээр” гэсэн. Энэ гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр эсхүл нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн юм бол үүссэн чиглэлээс гадна шинэ, хуучин, хуучивтар чиглэлээс үүссэн гэмтэл бусад зулгарал тэр нөхцөл байдлыг дүгнэлтдээ тусгаж өгөөгүй байдал ажиглагддаг. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаж үзэх учраас хэргийг буцааж өгнө үү.” гэв.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Энэ хэрэгт холбогдуулан шалгуулна гэж байгаа Баасандоржийг мөрдөн байцаалтын шатан цагдан хорьж шалгасан. Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хэргийн талаар гэрч Баасандорж тодорхой мэдүүлдэг. Мөн талийгаач нас барахаасаа өмнө уулзсан Нямцэцэг гэж гэрчийг удаа дараа буюу гурван удаа байцаасан. Энэ хүн мэдүүлгээ маш тогтвортой мэдүүлдэг. Гэрч Нямцэцэг “нүүрэндээ цус хуралттай орж ирсэн”, хэн ийм болгосон юм бэ гэхэд “Цэндээ ийм болгочихлоо” гэж байсныг тодорхой мэдүүлж байсан. Хавтаст хэргийн хувьд хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан  учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай ахыг гэр оронгүй гэж ярьж байгаа. Анх 2011 онд Цтай гэр бүл болсон. Зүүн салаанд 11.000.000 төгрөгөөр хашаа байшин энэ хоёрт авч өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 15-814 тоотод М.Мтай “гэрт угаадас цацлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний толгойн тус газар галын дэгээ төмрөөр цохиж “гавал тархины битүү гэмтэл” учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Мөнхбат ганц шил архи авъя гээд надаас шалаад байсан, тэгэхлээр нь Найрсаг 0.75 гр архи аваад гэртээ харьсан. 16 цаг өнгөрч байхад Мөнхбаттай гэртээ ирэхэд манай нөхөр Баасандорж байсан. Бид нар архиа ууж байтал Алдараа бас нэг шил архитай орж ирсэн. Тэгээд архи дуусаад Алдар яваад өгсөн. Баасандорж бид хоёр хоол ундаа идчихээд орондоо орсон. Мөнхбат жижиг өрөөнд ороод хэвтсэн. Тэгээд жижиг өрөөнөөс Мөнхбат орилоод намайг элдэв янзаар доромжлоод байсан. Тэгсэн Мөнхбат босож ирснээ үүдний коридорт байсан угаадасыг барьж байгаад цацчихсан, гэрээр нэг болсон. Би уурлаад босож ирээд “чи айлд байж яаж байна аа, айл ингэж доромжилж болж байгаа юм уу, арай хэтэрч байгаа юм биш үү” гэж хэлээд Мөнхбатыг түлхсэн. Мөнхбат миний толгой руу гараараа хоёр удаа цохиход би хойшоо саваад уначихсан. Мөнхбат миний үс цамцны зах хоёроос татаж чирээд жижиг өрөө рүү оруулсан. Хаалганаас татаад босоод ирэхэд Мөнхбат намайг цохих гээд байхлаар нь би хөлний шилбэ рүү өшиглөсөн. Мөнхбат намайг түлхээд унагаасан. Мөнхбат миний дээр гараад суучихсан намайг зодох гэж байсан. Миний нүдэнд галын шилээгүүр /төмөр/ харагдсан. Би түүнийг аваад Мөнхбатын нүүр рүү нь цохих шиг болсон. Мөнхбат миний гараас шилээгүүрийг булааж аваад миний гуя руу хоёр удаа цохисон. Би уйлаад “чи миний хөлийг хугалаад хаячихлаа шүү дээ” гэхэд Мөнхбат больчихсон. Тэгсэн манай нөхөр Баасандорж гарч ирж Мөнхбаттай хамт өргөж орон дээр гаргаж өгсөн. Би жоохон уйлж байгаад унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Баасандорж “Мөнхбат цай ч уухгүй, тамхи ч татахгүй хэвтээд байна, шартчихсан юм шиг байна, чи очоод босохоор нь аргад” гэсэн. Би Мөнхбатаа “чи яагаад байгаа юм бэ, босоод цай уу” гэхэд Мөнхбат нэг том харснаа ёолоод хэвтээд байсан. Би Амгалан зах руу яваад 19 цагийн үед гэртээ ирэхэд Баасандорж “Мөнхбат орондоо шээчихсэн байна, нэг биш ээ, түргэн тусламж дуудая” гэсэн. Тэгэхлээр нь би дээд айлын хүний утсаар түргэн тусламж дуудсан.” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 145-161, 2 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэзээ танилцсан нь мэдэгдэхгүй, 2011 оноос эхлэн Ц гэдэг эмэгтэйн хамтаар амьдарч байсан. Их л архи уудаг хүүхэн байсан. Манай ах ч архи ууна. Тэгээд сүүлдээ Ц болон ах Мөнхбат нар хоорондоо хэрэлдэж маргалдсан гэнэ, архи уусан гэнэ гэж зөндөө дуулдаж байсан. Сүүлдээ Мөнхбат Цдаа зодуулсан гэж байсан. Мөнхбат хөдөө явж ажиллана гэсэн байсан. Тэгээд түүнээс хойш миний мэдэхээр сураггүй болсон. Ц нь өөрөө манай ахыг уруу татаж архи дарс уудаг байсан. Цийн хувьд зан аашийн хувьд маш их хэцүү хүн, маш их худлаа ярьдаг. Их ширүүн зан ааштай, их зальтай, зальжин, гэр бүл их үймүүлдэг.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

гэрч Т.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Ц, Мөнхбат хоёр Монгол Стандарт нэртэй 0.75 гр архи авчирсан. Түүнийгээ ууж байтал Алдар ирсэн. Тэрийгээ хувааж ууцгааж байх үед Алдар хот руу орно гээд яваад өгсөн. Үлдсэнийг нь хувааж ууж байгаад зурагт үзээд хэвтэж байсан чинь зүүрмэглэчихсэн байсан. Тэгсэн Мөнхбат Цийг загнаад байсан. Тэгж байгаад Мөнхбат угаадасны хувин аваад шидчихээд жижиг өрөө рүү гүйгээд явчихсан. Ц араас нь гүйгээд тэндээ хэрэлдээд байсан. Би тэр үедээ сүртэй юм болж байна гэж огт бодоогүй. Тэгсэн Ц Мөнхбат миний хөл рүү цохичихлоо гээд босож чадахгүй бөгсөө чирээд мөлхөж том өрөө рүү орж ирсэн. Цийг орон дээр гаргах гээд даахгүй Мөнхбаттай өргөж гаргасан. Тэгээд Мөнхбат гал тогооны өрөөнд юм нүдээд байсан. Би гал тогоо руу ороход жижиг мод байсныг хаалганы босгон дээр тавиад хөлөөрөө дэвслээд гал түлэх гэж байна гэсэн. Би том өрөө рүү ороод унтаад өгсөн, удалгүй Мөнхбат чимээгүй болоод унтчихсан. Өглөө 09 цагийн үед сэрэхэд жижиг өрөөнд Мөнхбат гудаснаас мөлхөөд холдчихсон, гудас дээрээ шээсэн, дээшээ хараад унтаж байсан. Архиндаа шартчихаад унтаад байна гэж бодсон. Ц зах гараад гэртээ 19 цагийн үед ирэхээр нь хэлэхэд тэр түргэн тусламж дуудсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

гэрч Л.Нямцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 31-ний орой 19 цагийн үед байх Мөхбат манай гэрт ороод ирчихсэн, Мөнхбат нилэнхүүдээ цус болчихсон байсан. Та яачихсан юм бэ гэхэд “Цэндээ намайг ийм болгочихлоо, надад гутал өгөөч” гэсэн. Тэгээд “манайд танд таарах ямар гутал байдаг юм бэ, манай охин таниас айчихна” гээд гэрээсээ гаргасан. Гадаа төмөр дугарахаар нь гараад хартал нүүрс хийдэг тосгуур дэрлээд хэвтэж байсан. Та яаж байгаа юм бэ, хөлдөж үхэх гээ юу гээд хашааныхаа хаалгаар гаргаж явуулсан. Дөнгөж гэртээ ортол тог тасарчихаар нь гараад хартал Мөнхбат манай гэрлийн утаснаас гараараа татаж хаячихаад юу ч болоогүй шинжтэй алхаад явж байсан. Маргааш өглөө нь гэрт нь ороод загнах гэтэл Мөнхбат толгойн дээрээ хөнжлөө нөмөрсөн хэвтэж байхаар би гараад явсан. Тэр үед Ц, Баасандорж нар байсан. Тэгсэн орой 19 цагийн үед Ц манай гэрт орж ирээд “утсаар ярья, 103 дуудая, Мөнхбат сонин болчихсон байна” гээд түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-47, 2 дугаар хавтаст хэргийн 25, 135-136 дугаар хуудас/,

гэрч Т.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэрэг асуудлын талаар мэдэхгүй байна. Баасандорж ах надтай утсаар яриад “манай гэрт амьдарч байсан залуу гэмтчихээд эмнэлэгт ухаангүй байна” гэж хэлэхээр нь дүү Пүрэвсүрэн бид хоёр гэрт нь очсон. “Юун хүн яасан юм бэ” гэж асуухад “манай гэрт амьдарч байсан хүн, ар гэрийнхэнийг нь мэдэхгүй” гэж байсан. Тэгээд яриад сууж байтал Ц гаднаас согтуу ороод ирсэн. Ах Баасандорж дүү Пүрэвсүрэн бид хоёрыг нохой хорьж гаргаж өгөхдөө Ц тэр хүн хоёр хоорондоо зодолдоод Ц галын дэгээ төмрөөр цохичихсон юм, ахад нь хамаагүй. Тэгэхдээ эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй учраас ах нь та нарт хэлсэн юм. Нохойд хазуулсан гэж бас худлаа хэлсэн юм. Ц миний төмсөгийг урж гэмтээчихсэн юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

гэрч Т.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэрэг асуудлын талаар би тодорхой мэдэхгүй байна. Баасандорж надад хэлэхдээ “бид хоёр хүн зодчихсон юм аа. Тэр хүн маань эмнэлэгт хагалгаанд орж байгаа” гэсэн. Сүүлд нь Баасандорж эрэгтэй дүү Бямбадоржид хэлэхдээ “надад уг асуудал огт хамаагүй, би хүн зодоогүй, дүү нараасаа мөнгө авах гэсэн юм. Та нар угаасаа Цид дургүй юм чинь мөнгө өгөхгүй гэж бодоод бид хоёр сая ярьсан юм шүү, би нохойд хазуулаагүй, Ц миний төмсөгийг араас татаж зулгаагаад гэмтээсэн. Дүү нарт  битгий   хэлээрэй” гэж хэлсэн. Тэр үед би дунд ах Бямбадоржийн хамт Баасандоржийн гэрт очиход Баасандорж орондоо хэвтэж байсан. Дараа нь Ц согтуу халамцуу орж ирсэн. Ах Баасандорж орноосоо босож явахдаа их зовиуртай байсан. Тэгээд “яасан юм бэ” гэхэд “нохойд хазуулсан” гэж байсан. Ц нь орж ирээд “аа нэг асуудал болоод бид нар хамт архи ууцгаагаад, тэгсэн Мөнхбат намайг элдвээр доромжлоод бид хоёр хоорондоо барилцаж аваад зодолдоод, тэгэхлээр нь би галын төмрөөр цохисон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаачийн биед учирсан зулай зүүн чамархай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь хэсгийн тархины эдийн цус хуралт няцралт гэмтэл нь хатуу мохоо зүйлээр нэг удаа цохиход үүснэ. Бусад гэмтлүүд нь дан дангаараа нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд талийгаачийн биед үүссэн нийт гэмтэл нь олон удаагийн хүчин зүйлсээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 66-67, 2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зулай, зүүн чамархай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурь хэсгийн тархины эдийн цус хуралт няцралт, дух, зүүн чихэнд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар зүүн шуу, баруун тохой, нуруунд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь элэгний архаг идэвхижилт үрэвсэл, хоёр уушгины идээт үрэвсэл өвчтэй байсан үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн тул спиртийн зүйл үзэх боломжгүй. ГССҮТ-н 00866 тоот өвчний түүхэнд талийгаач нь 0/1/ бүлгийн цустай байна.” гэх 375 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,

Цогцост шинжилгээ хийсэн тухай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар хуудас/,

Хохирлын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 225-242 дугаар хуудас/,

Өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 77-96 дугаар хуудас/ зэрэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Цийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Цийн гаргасан “Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн. Шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, Г.Ц нь амь хохирогч М.Мын толгойн тус газар нь галын дэгээ төмрөөр цохисон болох нь шүүгдэгч Г.Цийн “...Миний нүдэнд галын шилээгүүр /төмөр/ харагдсан. Би түүнийг аваад Мөнхбатын нүүр рүү нь цохих шиг болсон.” гэх, гэрч Л.Нямцэцэгийн “...Мөнхбат нилэнхүүдээ цус болчихсон байсан. “Та яачихсан юм бэ” гэхэд “Цэндээ намайг ийм болгочихлоо...” гэсэн.” гэх, гэрч Т.Бямбадоржийн “Ах Баасандорж бид хоёрыг гаргаж өгөхдөө “Ц тэр хүн хоёр хоорондоо зодолдоод Ц галын дэгээ төмрөөр цохичихсон юм, ахад нь хамаагүй гэсэн.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд эдгээр баримтуудаас үзэхэд давж заалдах гомдолд дурдсанаар Т.Баасандорж нь амь хохирогч М.Мыг цохисон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Г.Ц “Баасандорж “шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг чиний талд гаргуулсан, байцаагч, прокурор хоёртой ярьж тохирсон, хорих ангид хөнгөн ажил хийлгүүлэхээр ярьчихсан” гэсэн. Баасандоржийг энэ хэрэгт ямар ч холбогдолгүй болгосон хүн бол түүний хүү Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн байцаагч хийдэг ахлах дэслэгч Жавхланбаяр юм. Түүний тусламжтайгаар бүх гэрч, хохирогч нарыг миний эсрэг болгож, үгсэн тохирч байцаалт өгүүлсэн.” гэж гомдол гаргасан байх боловч Баасандорж болон түүний хүү Жавхланбаяр нар цагдаа, прокурор, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нөлөөлсөн, мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгийг өөрчилсөн, үгсэн тохиролцож мэдүүлэг өгсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Харин хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд амь хохирогч М.М нь айлын гэрт архи ууж, улмаар хэрүүл маргаан үүсгэж Г.Цтай бэлгийн харилцаанд орохыг шаардаж, түүнийг зодон, гэрт нь угаадас цацсан гэх мэт амь хохирогчийн буруутай үйлдэл энэхүү хэрэг гарахад нөлөөлсөн байдал, түүнчлэн шүүгдэгч Г.Цын 50 настай, эмэгтэй, өмнө ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                      Ц.ОЧ