Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

иргэдийн төлөөлөгч Г.Зоригтхүү,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У, түүний өмгөөлөгч Э.М,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Д, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1706 0029 00294 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонд суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 гудамж 253б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Б, /РД:/, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 18-20-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-253б тоотод өөрийн хамтран амьдрагч Д.С “халаасанд байсан 30.000 төгрөгийг авсан” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар нь цохиж, орон дээр түлхэж унагаан амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 7 дугаар сарын 19-ний өдөр архи уусан нь үнэн. Тэр өдөр зодоогүй. Урьд өдөр нь нэг алгадаад авсан нь үнэн. Талийгаач тэгэхэд гараад айлд хоночихоод 20-ны өглөө ирсэн. Тэгээд архи ууж байгаад намайг цагдаад барьж өгөөд би эрүүлжүүлэхэд хоносон. Тэр үед манай хүн гэртээ үлдсэн. Тэгээд ирэхэд өнгөрсөн байсан гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 18-нд хойд айлын Оюунаа гэдэг эгч над руу орой 10 цагт мессэж бичсэн байсан. Тэр мессэжийг нь маргааш өглөө 11 цаг болж байхад утсаа асаагаад уншсан. Ингээд мессэжийг нь уншаад Оюунаа эгч рүү залгахад “чи өчигдөр орой залгахгүй яасан юм бэ, ээжийгээ ирж авахгүй яасан юм, аав чинь ээжийг чинь шөнөжингөө зодоод унтуулаагүй. Тамхи асуугаад орж ирэхэд нь хүртэл араас нь орж ирээд чирээд гаргаж гадаа газар унагаагаад, өшиглөөд байсан. Төрөө ах чинь очиж зодолдох шахам болж гэрт нь оруулсан” гэж хэлсэн. Тэр өдөр ээж утасгүй, би ажилтай байсан учраас ярьж чадаагүй. 19-ний орой ээж над руу өөрөө залгасан. Тэгээд “ээж нь байна, би Сумъяа эгчийнд нь байна” гэхээр нь би “та наанаа зодуулаад байгаад байгаа юм уу, би таныг манайд хүрээд ир гэж хэлдэг биздээ, яагаад наанаа зодуулаад байгаад байгаа юм” гэхэд ээж нь өчигдөр шөнө зодуулаад гадаа хоноод өглөө нь ороход зодох гээд байхаар нь зугтаад хүрээд ирлээ, Сумъяа эгч нь одоо Улиастай орно гэж байна, машинд нь дайгдаад яваад очьё” гэж ярьсан. Ингээд ирээгүй учраас би ээжийг Сумъяа эгчийнд хонож байгаа юм байх гэж бодсон. 20-ны өдөр 17 цагийн үед ээжийн том эгчийн охиноос нь надад дуудлага ирсэн. Ээж чинь моорогт байна гэсэн үнэн үү гэж ярьсан. Энэ зүйлийг тодруулах гээд нөхөр рүүгээ залгахад “1 дүгээр эмнэлгийн моорогт байна, хүрээд ир” гэсэн. Моорог дээр очиход ээжийн бичиг баримтыг нэхсэн. Ингээд гэр рүү нь явж бичиг баримтыг хайхад олдоогүй. Бичиг баримтыг нь хайгаад гэрийг нь янзалж байхад баруун орны ард талд болон ширээ сандал хоёрын хооронд архины шил хагарсан байсан. 21-ний өдөр нь ирж гэрийг нь янзалж цэвэрлэсэн. Гэрийг нь цэвэрлэхдээ шилийг нь хэрэг болно гэж мэдээгүй байсан тул шүүрдээд хаясан. Тэр шилийг манай нөхөр болон дүү нар харсан байгаа. Маралмаа манай бага дүү Нарансолонгод “аав чинь ээжийг чинь архины шилээр цохисон” гэж хэлсэн гэсэн. Тэрийг нь манай ээжийн дүү Насанбуян гэдэг ах манай дүү Нарансолонго хоёр сонссон байсан. Ингээд ээжийн ажил явдал дуусаад нэг хонож байхад надад хэлсэн. Тийм учраас хагарсан архины шилийг ээжийн минь аминд хүрсэн гол зүйл гэж бодож байна. Миний дүү Нарансолонго нь 13 настай. Одоо би асар их гомдолтой байна. Манай ээж Б.Б тай сууснаасаа хойш 17 жилийн турш дарамтанд амьдардаг байсан. Би 2012 онд тусдаа гарсан. Тусдаа гарталаа би Б.Б дарамтанд амьдардаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 18-наас 20-ныг хүртэл гурван хоногийн дотор миний ээжийг 30.000 төгрөгний төлөө амийг нь бүрэлгэсэн тул харамсалтай байна. Миний ээжийн амь нас 30.000 төгрөгөөр хэмжигдэхгүй. Тиймээс ахиж олдохгүй, үнэт эрдэнийг минь хөнөөсөнд асар их гомдолтой байна. Иймд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Ингээд өмнө нь оршуулгын зардалд 2.164.000 төгрөг нэхэмжилж байсан. Одоо нэмэгдээд сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, оршуулгын зардал 2.164.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн дүүгийн хэрэгцээнд сарын 100.000 төгрөг, одоо 7.200.000 төгрөг болно. Үүнийг иргэний журмаар нэхэмжилнэ. Өнөөдрийн байдлаар нийт 12.164.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон байгаа. Энэ сараас эхэлж авна. Би эцэг эхээс гурвуулаа. Миний доор эрэгтэй дүү байгаа. Эрэгтэй дүү 21 настай, бас 13 настай эрэгтэй дүү хөдөө аав дээр өссөн. Одоо хотод байгаа. Би нөхөр, 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Одоо Нарансолонгыг аваад ам бүл 5 болсон байгаа гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цалин буугаад 200.000 төгрөг аваад гэртээ ирээд талийгаачид өгөөд хүүхэд хөдөөнөөс ирэх дөхөж байна, сургуулийн юм хумыг нь бэлд гэж хэлсэн. Эхнэр ганцаараа дэлгүүр ороод хоол хүнсний зүйл аваад нэг шил Монгол Стандарт архи авсныг бид хоёр гэртээ хувааж уучихаад унтаад, үдээс хойш 14 цагийн үед сэртэл талийгаачид байсан үлдэгдэл мөнгө болох 100 гаран мянган төгрөг алга болчихсон байхаар нь бид хоёр маргалдсан. Тэгээд талийгаач гараад явчихсан, би гэртээ унтаад үлдсэн. Шөнийн 03 цагийн үед манай найз Баяраа 20.000 төгрөгтэй хүрч ирээд, архи авах гэтэл дэлгүүр хаачихсан байсан тул Баяраа манай гэрт унтаад өгсөн. Маргааш өглөө нь талийгаач 07 цагийн үед ганцаараа гэртээ ирсэн. Бид гурав Баяраагийн 20.000 төгрөгөөр 0.75 литрийн Монгол Стандарт архи аваад уусан. Удалгүй гаднаас манай найзууд болох Од, Эрдэнэбат хоёр нэг шил архитай орж ирээд хамт архи уусан. Баяраа яваад өгсний дараа нь талийгаач унтлаа гэхээр нь гэрийн баруун орон дээр унтуулсан. Удалгүй Од бид хоёр мөнгөний маргаанаас болж маргалдсан, тэгэхэд Од цагдаа дуудчихсан юм шиг байна лээ. Би талийгаачийг цохиж зодсон зүйлгүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 88-91 дүгээр хуудас/,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б тай суухаасаа өмнө манай ээж ердөө архи уудаггүй байсан ба Б тай сууснаасаа хойш бага зэрэг архи уудаг болсон. Бид нар Багануурт амьдардаг байх үед Б.Б орой болгон согтуу ирээд шөнөжин агсам тавьж ээжийг зоддог. Б ын том охин Оюун-Эрдэнэ нь тухайн үед хамт амьдардаг байсан ба Б.Б бид хэдийг жагсааж зогсоож байгаад алгадаж бах таваа хангадаг байсан. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ээжийн арын айлын Оюунаа эгч над руу орой 22 цагийн үед “аав чинь ээжийг чинь зодоод байна, хурдан залга” гэж мессеж бичсэн байсныг би 7 сарын 19-ний өглөө уншаад Оюунаа эгч рүү залгаад “яасан бэ” гэхэд Оюунаа эгч “аав чинь ээжийг чинь зодоод унтуулсангүй, манай нөхөр өмөөрч аавтай чинь зодолдсон” гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 18-ны шөнө ээж зугтаад Оюунаа эгчийнд ороод байж байтал Б.Б араас нь ороод пизда минь гэртээ ор гээд сууж байхад нь цамцнаас нь угзарч татаж хаалгаар чирч гаргаад шороон дээр чирээд аваад явсан гэсэн. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Оюунаа эгч цагдаа дуудаад хоёр цагдаа ирээд Б ыг аваад явъя гэхэд ээж “одоо наадах чинь ажилтай, захирал нь ирээд аваад явна, битгий авч яв” гэж хэлсэн гэсэн. Гэтэл Оюунаа эгч хажуунаас нь хүүхдүүд айж ичнэ, аваад яв гэхэд тэр хоёр цагдаа авч яваагүй гэсэн. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ээжийг чинь аав чинь архины шилээр толгой руу нь цохисон гэж Оюунаа эгчийн охин нь манай дүү Нарансолонгод хэлсэн байсан. Маргааш нь би ээжийн гэрт очиход ширээн доороос нь хагарсан архины шил гарч ирсэнийг би шүүрдэж цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 19-26 дугаар хуудас/,

Гэрч Ц.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 07 сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг дээр найз Гомбо, Эрдэнэбат нартай уулзаад 1 шил 0.75 литрийн Хараа архи тус тус 1 лааз пиво уучихаад Харуул-Алтай хотхоны хажуу талын дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Хараа архи аваад гараад иртэл хойд талд Б.Б ах хашаандаа нүцгэн зогсчихсон гараараа даллаад байхаар нь гэрт ороход эхнэр нь баруун орон дээрээ хэвтэж байсан. Ингээд бид авч орсон архиа задлаад тус бүр нэг татчихаад сууж байхад Б.Б ахын эхнэр Солонго хөдлөхгүй байхаар нь би эхнэр чинь хөдлөхгүй байна шдээ гэсэн чинь Б.Б ах “үхсэн Доржийн өлөн бөөс үхээгүй” гээд байсан ба манай найз Гомбо гарч цагдаа руу залгаж хэлчихээд ороод ирсэн чинь Б.Б ах эхнэрийгээ орноос татаж унагаасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч П.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг өнгөрч байхад найз Мөнх-Од,Эрдэнэбат нартай хамт Баянзүрх дүүрэг дээр уулзаад Харуул Алтай хотхоны хажуу талын дэлгүүрээс архи аваад гараад иртэл Мөнх-Одыг нэг хүн дуудаад байхаар нь очиж уулзаад гэрт нь орж дэлгүүрээс авсан архиа задлаад тус бүр 1 татчихаад сууж байхад гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан эмэгтэй орон дээр доошоо харсан байдалтай хэвтчихсэн хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би гарч цагдаа руу яриад буцаад ороод иртэл нөхөр нь орон дээрээс татаж унагаасан. Ингээд цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...Талийгаач 2002 оноос хойш архи уудаг болсон. Нөхөр нь архи уугаад байхаар нь нөхрөө согтоохгүй гээд л хамт ууж байгаад уудаг болчихсон юм, тэрнээс өмнө архи уудаггүй байсан. Б.Б талийгаачид ер нь л гар хүрч зоддог байсан. Багануурт амьдарч байхад нь миний хажууд талийгаачийг зодоод би өмөөрч Б тай зодолддог байсан. Талийгаачийн нүүр рүү аяга, заазуур шидэж байсан. 2001 оны үед Багануурт амьдардаг байхдаа талийгаачийг орцон дотор нь зодоод, үсдээд үс нь туг тугаараа уначихсан байсан. Талийгаач зодуулсныхаа дараа зугтаад явчихаар араас нь Б.Б хайсаар байгаад олчихдог байсан. Намайг хамт амьдардаг байх үед Б.Б нь талийгаачийг байнгын зодож гар хүрдэг байсан бөгөөд сүүлийн үед талийгаач надад “чамайг явчихаар цаадах чинь архи уугаад намайг зодно ш дээ” гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 30-31, 56-58 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹1464 дүгээр: “Талийгаач Д.С биед тархины баруун тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохой, ташаанд цус хуралт, дух, баруун нүдний гадна булан, зүүн тохой, шуу, зүүн ташаа, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Д.С биед тархины баруун тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохой, ташаанд цус хуралт, дух, баруун нүдний гадна булан, зүүн тохой, шуу, зүүн ташаа, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байж, цус нь О/I/ бүлгийн харъяалалтай, тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хэргийн 63-65 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹7202 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн “VII/21 А-1464 Д.С 41 эм ш/э Золжаргал” гэсэн хаягтай ходоодны шингэнд 7,0 промилли, цусанд 5,2 промилли спиртийн агууламж илэрч байна” гэх дүгнэлт, /хэргийн 68 дугаар хуудас/,

Шинжээч М.З мөрдөн байцаалтанд өгсөн: “…Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох өшиглөх, өшиглөгдөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гавал тархины битүү гэмтэлд шалтгаант холбоогүй. Үнхэлцэгийн хөндийд 10 мл орчим шар шингэн нь хүний физиологийн хувьд байх ёстой шингэн юмаа. Зүрхний баруун зүүн талын тосгуур ховдолд ногоон шаргал өнгийн жижиг бүлэнтэй гэсэн нь нас барсны дараах зүрхний хөндий дэх цусны бүлэгнэх урвалтай холбоотой үүсэж байгаа урвал юм. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд болно. Талийгаачийн зүрх нь хэвийн хэмжээнээс бага зэрэг томорсон байна. Дээрх зүрхний эмгэг өөрчлөлт нь талийгаачийн үхэлд ямарч шалтгаан нөлөөгүй. Талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас барсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 110-112 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 15-17 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 134-138 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 83 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 84 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь хамтран амьдрагч Д.Солонгод байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар 2017 оны 07 дугаар сарын 18-наас 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-253б тоотод нүүрэн тус газар нь цохиж, орон дээр түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “07 дугаар сарын 18-ны өдөр мөнгө алга болсон шалтгаанаас болж маргалдсан. Би талийгаачийн нүүр рүү нь алгадаж цааш нь ор руу түлхээд унагаасан” гэх мэдүүлэг. /хэргийн 88-91 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б тай суухаасаа өмнө манай ээж ердөө архи уудаггүй байсан ба Б тай сууснаасаа хойш бага зэрэг архи уудаг болсон. Бид нар Багануурт амьдардаг байх үед Б.Б орой болгон согтуу ирээд шөнөжин агсам тавьж ээжийг зоддог. Б ын том охин Оюун-Эрдэнэ нь тухайн үед хамт амьдардаг байсан ба Б.Б бид хэдийг жагсааж зогсоож байгаад алгадаж бах таваа хангадаг байсан. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ээжийн арын айлын Оюунаа эгч над руу орой 22 цагийн үед “аав чинь ээжийг чинь зодоод байна, хурдан залга” гэж мессеж бичсэн байсныг би 7 сарын 19-ний өглөө уншаад Оюунаа эгч рүү залгаад “яасан бэ” гэхэд Оюунаа эгч “аав чинь ээжийг чинь зодоод унтуулсангүй, манай нөхөр өмөөрч аавтай чинь зодолдсон” гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 18-ны шөнө ээж зугтаад Оюунаа эгчийнд ороод байж байтал Б.Б араас нь ороод пизда минь гэртээ ор гээд сууж байхад нь цамцнаас нь угзарч татаж хаалгаар чирч гаргаад шороон дээр чирээд аваад явсан гэсэн. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Оюунаа эгч цагдаа дуудаад хоёр цагдаа ирээд Б ыг аваад явъя гэхэд ээж “одоо наадах чинь ажилтай, захирал нь ирээд аваад явна, битгий авч яв” гэж хэлсэн гэсэн. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ээжийг чинь аав чинь архины шилээр толгой руу нь цохисон гэж Оюунаа эгчийн охин нь манай дүү Нарансолонгод хэлсэн байсан. Маргааш нь би ээжийн гэрт очиход ширээн доороос нь хагарсан архины шил гарч ирсэнийг би шүүрдэж цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 19-26 дугаар хуудас/,

Гэрч Ц.Мөнх-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Б ах хашаандаа нүцгэн зогсчихсон гараараа даллаад байхаар нь гэрт ороход эхнэр нь баруун орон дээрээ хэвтэж байсан. Ингээд бид авч орсон архиа задлаад тус бүр нэг татчихаад сууж байхад Б.Б ахын эхнэр Солонго хөдлөхгүй байхаар нь би эхнэр чинь хөдлөхгүй байна шдээ гэсэн чинь Б.Б ах “үхсэн Доржийн өлөн бөөс үхээгүй” гээд байсан ба манай найз Гомбо гарч цагдаа руу залгаж хэлчихээд ороод ирсэн чинь Б.Б ах эхнэрийгээ орноос татаж унагаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч П.Гомбын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөнх-Одыг нэг хүн дуудаад байхаар нь очиж уулзаад гэрт нь орж дэлгүүрээс авсан архиа задлаад тус бүр 1 татчихаад сууж байхад гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан эмэгтэй орон дээр доошоо харсан байдалтай хэвтчихсэн хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би гарч цагдаа руу яриад буцаад ороод иртэл нөхөр нь орон дээрээс татаж унагаасан. Ингээд цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Д.Отгоннямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Талийгаач 2002 оноос хойш архи уудаг болсон. Нөхөр нь архи уугаад байхаар нь нөхрөө согтоохгүй гээд л хамт ууж байгаад уудаг болчихсон юм, тэрнээс өмнө архи уудаггүй байсан. Б.Б талийгаачид ер нь л гар хүрч зоддог байсан. Багануурт амьдарч байхад нь миний хажууд талийгаачийг зодоод би өмөөрч Б тай зодолддог байсан. Талийгаачийн нүүр рүү аяга, заазуур шидэж байсан. 2001 оны үед Багануурт амьдардаг байхдаа талийгаачийг орцон дотор нь зодоод, үсдээд үс нь туг тугаараа уначихсан байсан. Талийгаач зодуулсныхаа дараа зугтаад явчихаар араас нь Б.Б хайсаар байгаад олчихдог байсан. Намайг хамт амьдардаг байх үед Б.Б нь талийгаачийг байнгын зодож гар хүрдэг байсан бөгөөд сүүлийн үед талийгаач надад “чамайг явчихаар цаадах чинь архи уугаад намайг зодно ш дээ” гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31, 56-58 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 1464 дүгээр  /хэргийн 63-65 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 7202 дугаар дүгнэлтүүд /хэргийн 68 дугаар хуудас/,

Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох өшиглөх, өшиглөгдөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гавал тархины битүү гэмтэлд шалтгаант холбоогүй. Үнхэлцэгийн хөндийд 10 мл орчим шар шингэн нь хүний физиологийн хувьд байх ёстой шингэн юмаа. Зүрхний баруун зүүн талын тосгуур ховдолд ногоон шаргал өнгийн жижиг бүлэнтэй гэсэн нь нас барсны дараах зүрхний хөндий дэх цусны бүлэгнэх урвалтай холбоотой үүсэж байгаа урвал юм. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд болно. Талийгаачийн зүрх нь хэвийн хэмжээнээс бага зэрэг томорсон байна. Дээрх зүрхний эмгэг өөрчлөлт нь талийгаачийн үхэлд ямарч шалтгаан нөлөөгүй. Талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас барсан.” гэх мэдүүлэг /хэргийн 110-112 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 15-17 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 134-138 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 1464 дүгээр дүгнэлтэд “Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан” гэж дүгнэсэн байх боловч прокуророос шүүгдэгчийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алах хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй, шүүх хохирогч нь үхэлд хүргэх хүнд гэмтлийг авах үедээ хүнд зэргийн согтолттой байсан эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд хүнд зэргийн гэмтэл авсны дараа архи үргэлжлүүлэн хэрэглэж байсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг,хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэж үзэх үндэслэлгүй байх тул гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/315 дугаартай захирамжаар хохирогч Солонгын Нарансолонгын асран хамгаалагчаар түүний төрсөн эгч С У тогтоосон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У нь оршуулгын зардал болон өмгөөлөгчийн хөлсөнд 2.164.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэснийг хангаж шийдвэрлэлээ.Учир нь амь хохирогч Д.Солонго нь 41 насандаа нас барж түүний асрамжинд байсан, 2004 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн бага насны С.Н нь эгчийн асрамжинд өнчин хоцорч байгаа байдал болон тэдний сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Г.Зоригтхүү нь “улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс өөр бусад өвчний шалтгаанаар нас барсан гэж тэмдэглэгдээгүй тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн санал гаргасан болно.

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Б.Б нотлох баримтаар тогтоогдсон, оршуулахтай холбоотой 2.164.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийт 12.164.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У олгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У нь гэм хор учруулсаны төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.