Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0202/З |
Дугаар | 187 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 187
Д.Бын нэхэмжлэлтэй, Чингэлтэй
дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын
албанд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Баярсайханд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Баярсайханд олгосон 000651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0624 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2019/0009 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Д.Б нарыг оролцуулж,
Гуравдагч этгээд Д.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0624 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Бд олгосон 000651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2019/0009 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0624 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2019/0009 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Д.Б би Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 79-1113 тоот газрыг эзэмших эрхийн хүсэлтээ 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хорооны Засаг даргад гаргаж, уламжлуулан “Классик лэнд” ХХК-иар 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үйлдүүлсэн 113м2 газрын зураг, акт зэргийг хавсарган дүүргийн Газрын албанд гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар миний хүсэлт гаргасан байршил хэмжээгээр 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 000632017 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын мэдээллийн санд нэгж талбарын 18640315359864 дугаарт бүртгэсэн.
5. Гэтэл давж заалдах шатны шүүх намайг тухайн газарт огт амьдарч байгаагүй байхад Согоотын 79 дүгээр гудамжны 1113 тоот гэсэн хаягыг хэн, хэрхэн олгосон болохыг тогтоосноор түүний газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэхийг тогтоох ач холбогдолтой гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
6. Нэхэмжлэгч дээрхээс өмнө тухайн газрыг ээж Л.Цгийн одоогийн эзэмшиж буй 700м2 газрын хамт нэгтгэн хашаалсан төдийгүй 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар гаргахад Засаг даргаас "түр хойшлуулав" гэсэн цохолт хийгджээ гэж дүгнэсэн.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулахаар гаргасан гэх боловч хорооны Засаг дарга “түр хойшлуулав” хэмээн цохсоныг Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээд болох дүүргийн Газрын албанд ямарваа хүсэлт гаргаагүй байна гэж хуулийн дагуу зөв дүгнэсэн.
8. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй талаарх давж заалдах шатны дүгнэлт зөв байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий газартай холбогдуулан маргаж буй хууль ёсны ашиг сонирхолоо илэрхийлэхдээ тухайн газрыг гуравдагч этгээд Д.Б эзэмших эрхтэй болохоос өмнө ээж Л.Цгийн одоо эзэмшиж буй 700 м.кв газрын хамт нэгтгэн хашаалж амьдарч байсан, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг газрыг эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулан гаргахад Засаг даргаас “түр хойшлуулав” гэсэн цохолт хийсэн, гэтэл Д.Б нь Согоотын 78-1088 дугаар хашаанд амьдардаг атлаа “Согоотын 79-1113 тоотод ам бүл хоёулаа оршин суудаг, өөрийн байгаа газраа хууль журмын дагуу эзэмших хүсэлтэй байна” гэсэн өргөдөл гаргасныг нь хорооны Засаг дарга цохолт хийсэн, гэтэл энэ хаяг нь түүний оршин суудаг хаягтай огт хамааралгүй жалганы эсрэг талд 11 гудамжны цаана байдаг Согоотын 90 дүгээр гудамжны 1302В тоот хашааны газрыг эзэмших эрхтэй болсон нь хууль бус” гэх зэргээр маргасан байхад анхан шатны шүүх эдгээр үндэслэлийг тодруулахад шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
11. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан зарим баримтаар, тухайлбал гуравдагч этгээдийн хүсэлт, газрын байршлын зураг, хаягжилтын зөрчлийн талаарх баримт, тухайн үеийн хорооны Засаг даргаар ажиллаж байсан гэрч Ш.Жын мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэгчийн маргаж буй зарим нэг үндэслэлийг баталж байх тул гуравдагч этгээдийн “хуульд заасан журмын дагуу үүссэн” гэх газар эзэмших эрх нь маргаан бүхий газарт хамааралтай эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоох шаардлагатай юм.
12. Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул гуравдагч этгээд Д.Бы “би хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж газар эзэмших эрхтэй болсон байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-8-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
13. Дээр дурдсан үндсэлэлээр шүүх бүрэлдэхүүн хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2019/0009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ