Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 500

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

С.Өлзийбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөнтуяа,

хохирогч Ц.Нарангэрэл, түүний өмгөөлөгч М.Баасанбат,

ялтан С.Өлзийбаяр /online/, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, А.Ариунаа нар гаргасан давж заалдах гомдлуудаар С.Өлзийбаярт холбогдох 2014250004731 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Самдандовжидын Өлзийбаяр, 1977 оны 11 дүгээр сарын 24-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их дарь эхийн 1-9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 65-09 тоот оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ИВ77112413/;

 

С.Өлзийбаяр нь 2011 оны 9 дүгээр сард Солонгос улсаас машин авах гэтэл мөнгө дутаад байна, мөн машин зарагдахгүй эргэлтийн мөнгөгүй болоод байна, доллар зээлчих хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 20,000 ам доллар буюу 25,180,000 төгрөгийг, үргэлжилсэн үйлдлээр буюу 2011 оны 11 дүгээр сард Монголоос мөнгө ирэх ёстой, ирэхгүй байна, одоо үлдэгдэл мөнгө дутаад байна, надад ам доллар зээлчих, уг ам доллараар машиныхаа үлдэгдлийг өгнө хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 10,000 ам доллар буюу 12,910,000 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сард машин зарагдахгүй байна, дахин машин авах гэтэл мөнгө дутаад байна хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 15,000 ам доллар буюу 19,770,000 төгрөгийг, 2013 оны 11 дүгээр сард надад туслаач, надад мөнгөний хэрэг болоод байна, визний хугацаагаа сунгуулна хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 26,030,000 вон буюу 42,428,900 төгрөгийг тус тус залилан мэхэлж, нийт 100,288,900 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх явцад авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр прокурорын хяналтын шатнаас оргож, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Өлзийбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Боржигин овогт Самдандовжидийн Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаяраас 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Өлзийбаярт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаярын урьд цагдан хоригдсон 15 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаяраас 91,665,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Нарангэрэл /РД:ДЮ69121522/-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд С.Өлзийбаяраас шилжүүлэн авсан 3,000,000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө хураах ял болон хохиролд тооцуулан олгохоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Өлзийбаяр давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолд дурдсанаар намайг хохирогч Нарангэрэлийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогчоос 100,288,000 төгрөгийг залилан авсан гэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Нарангэрэлтэй 2010 оны 4 дүгээр сард Солонгос улсад танилцаад 2010 оны 6 дугаар сараас эхлээд Солонгос улс руу байнга хамт нэг газраас онгоцны билетээ авч явдаг байсан. Нарангэрэл бид 2 Солонгос улсад “Аянчин” зочид буудалд буудаг байсан. Нарангэрэлтэй 2014 оны 5 дугаар сар хүртэл нууц амрагийн холбоотой байсан. Нарангэрэл 2010 оны 6 дугаар сараас эхлээд 2014 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд явах болгондоо 200-300 сая төгрөгтэй явдаг, би түүний мөнгийг хамгаалж хамт явж барааг нь авалцаж, би өөрөө машин авч барааг нь ачиж, ажил төрлийн нь амжуулж өгдөг байсан. Би 2009 оноос эхлэн автомашин оруулж ирж эхэлсэн ба 2011 онд гэхэд 80 орчим сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байсан. Анх казино тоглохыг С.Нарангэрэл 2012 оны 5 дугаар сараас зааж өгсөн. Казино тоглож байгаад өөрийн эргэлтийн мөнгөө алдсан. Тухайн үед хохирогч С.Нарангэрэл чи эргэлтийн мөнгөгүй болчихлоо эргэлтийн мөнгөө олох хэрэгтэй гээд надад 10,000 доллар өгч тоглуулсан. С.Нарангэрэл чиний эргэлтийн мөнгө өнгөрсөн миний эргэлтийн мөнгийг олъё гээд хамт тоглож 80 орчим сая төгрөг алдсан. С.Нарангэрэлийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар мөнгө аваагүй. С.Нарангэрэлээс Монгол улсад хүнээр дамжиж ямар ч мөнгө аваагүй, мөнгө өгсөн баримт байхгүй. Намайг мөнгө аваагүй гэж хэлэх байх гэсэн үүднээс өөрийн ажилтан болон нөхөр хүүхдүүдээрээ худал мэдүүлэг өгүүлсэн. Гэрч Батцэцэг нарыг шалгуулж гэм буруугүй гэдгээ нотлуулах хүсэлтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан CD-ний бичлэгийг нотлох баримт болгож байгаад гайхаж байна. Энэ бичлэгийг хууль бусаар хийсэн тул нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Үнэхээр нотлох баримт гэж үзэж байгаа бол бичлэг дээр би казино тоглож мөнгө алдсан гэж хэлсэн байгаа. Тодорхой хэмжээний мөнгөөр тоглож алдсаныг хохирогч С.Нарангэрэл мэдэж байгаа. Би ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдээгүй, тоглож алдсан мөнгөө иргэний журмаар төлөхөд татгалзах зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ялтан С.Өлзийбаярын өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. С.Өлзийбаяр нь Ц.Нарангэрэлийн итгэлийг эвдэн, залилан мэхэлж 100,288,900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон гэх боловч, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд залилан мэхлэх гэмт хэргийн объектив шинж болон субъектив санаа зорилго, сэдэлт тогтоогдоогүй байх тул зүйлчлэл буруу байна гэж үзэж байна.

Хохирогч Нарангэрэлтэй 2010 онд Солонгос улсад анх танилцсан байдаг. Тэгээд 2010 оны 6 дугаар сараас эхлэн Солонгос улс руу байнга хамт явж, ирдэг болсон ба бие биедээ сайн болж нууц амрагийн холбоотой болсон нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хилээр орж гарсан лавлагаа, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогддог. С.Өлзийбаярын хувьд Ц.Нарангэрэлээс итгэл эвдэх, залилан мэхлэх аргаар мөнгө аваагүй, харин хамт казино тоглож байгаад мөнгө алдсан талаараа мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Харин мөрдөн байцаалтаар Нарангэрэлээс залилан мэхлэх аргаар мөнгө авсан гэдгийг тогтоосон хангалттай баримт байдаггүй. Анхан шатны шүүхээс хохирогч Ц.Нарангэрэл, гэрч Т.Батцэцэг, Т.Лхасүрэн, Е.Эрдэнэчимэг, Ч.Тунгалагцэцэг, Д.Даваадорж, Ц.Батхуяг, Б.Чагнаадорж нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан сидиний бичлэг зэргээр бүрэн нотлогдож байна гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан зөвхөн хохирогчийн нөхөр хүүхэд, найз нөхөд, түүний удирдлаган дор ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгийг нотлох баримтаар авч үзсэн нь үндэслэлгүй юм.

Гэтэл гэрч нарын мэдүүлэг худал зөрүүтэй болох нь тогтоогддог. Гэрч Т.Батцэцэг “...2011 оны 9 дүгээр сард намайг ажил дээрээ өөрийн эх Тунгалагцэцэгийн хамт байж байхад Нарангэрэл ажил дээр ирээд надад 20,000 ам доллар үлдээгээд чи миний өгсөн долларыг Өлзийбаярыг ирэхээр өгчих би түүнтэй уулзаж амжихгүй байна гэж хэлээд явсан. Мөн дараа нь буюу 2012 оны хавар 4 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр намайг ажил дээрээ байхад Ц.Нарангэрэл надад 15,000 ам доллар үлдээгээд Өлзийбаярт өгчих гэхээр нь авч үлдээд орой нь Өлзийбаяр ганцаараа ирээд 15,000 доллар аваад явсан...”, шүүхийн хэлэлцүүлэгт “...эх Тунгалагцэцэгийг 2011 оны 9 дүгээр сард байгаагүй, 2012 оны хавар 4 сард байсан...” мэтээр зөрүүтэй мэдүүлдэг.

Харин гэрч Ч.Тунгалагцэцэг нь хохирогч Ц.Нарангэрэлийг гэрч Батцэцэгт 2 удаа доллар өгөхөд нь хоёуланд нь байсан мэтээр илт худал мэдүүлэг өгөөд зогсохгүй мөнгөний тоог зөрүүтэй мэдүүлдэг. Гэтэл Тунгалагцэцэг нэг удаад нь байгаагүй байсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Хохирогч Нарангэрэл нь 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрч Батцэцэгээр дамжуулан С.Өлзийбаярт өгсөн гэх 20,000 ам долларыг нөхөр Батхуягаасаа нууж Батцэцэгээр дамжуулж Өлзийбаярт өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа нь нөхөр Батхуягийн мэдүүлгээс зөрдөг.

Гэтэл Батхуяг нь “2011 оны 9 дүгээр сарын 25-нд мөнгө өгөхдөө надтай ярьж зөвшилцөж байгаад өгч байсан. Өлзийбаяр 20,000 ам доллар зээлээч гээд байна өгөх үү гэж байсан. Би тэр үедээ байгаа бол өгчихгүй юу” гэх мэдүүлдэг. Дээрх мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд хохирогч Ц.Нарангэрэл нь Өлзийбаярт өөр зорилгоор өөрөө өгсөн доллараа эмийн санч Т.Батцэцэгээр дамжуулж өгсөн гэдгийг нотлуулахын тулд гэрч Тунгалагцэцэг, Батхуяг нараар худал мэдүүлэг өгүүлсэн нь тогтоогдож байна. Хохирогч, гэрч нар нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй хэрвээ худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Гэтэл хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрж байгаагаар зогсохгүй худал мэдүүлэг өгсөн нь хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх тэдгээр нотлох баримтыг үнэлж хэт нэг талыг барьсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг тогтоогоогуй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай нотлоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан С.Өлзийбаярын өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй. Ялтан С.Өлзийбаяр нь Ц.Нарангэрэлийн эд зүйлийг залилан мэхэлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байхад ял шийтгэл оногдуулсан байна.

Ялтан С.Өлзийбаярыг хохирогч Ц.Нарангэрэлийн 91,665,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж шүүх дүгнэсэн боловч уг мөнгийг Ц.Нарангэрэл нь С.Өлзийбаярт өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй бөгөөд шүүх уг мөнгийг Ц.Нарангэрэл Ц.Өлзийбаярт өгсөн байх, тэр хоёрын дунд мөнгөний маргаантай байсан гэх таамаглалд үндэслэсэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Мөн гэрч Т.Батцэцэг, Ч.Тунгалагцэцэг нарын 15000, 20000 доллар Ц.Өлзийбаярт дамжуулан өгсөн гэх мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, гэрч нар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байхад яллах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ялтан С.Өлзийбаяр нь Ц.Нарангэрэлийг хуурч мэхлэн итгэлийг эвдэж эд зүйлийг авсан нь тогтоогдохгүй байх бөгөөд харин хохирогч Ц.Нарангэрэл, С.Өлзийбаяртай дотно харьцаатай, Солонгос улсад хамт казино тоглож их хэмжээний мөнгө алдсан гэх ялтан С.Өлзийбаярын мэдүүлэг хэрэгт авагдсан гэрч Г.Мөнхтүвшин, Ш.Наранцэцэг, Г.Бат-Эрдэнэ, А.Батбаяр нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Гэрч Б.Чагнаадоржийн С.Өлзийбаярыг мөнгө авсан болох талаар баримтжуулсан гэх бичлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт биш бөгөөд уг бичлэгт байгаа дуу хоолой нь хэнийх болох нь тодорхойгүй, уг бичлэгт шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ц.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Өлзийбаяр надаас мөнгө авчихаад өгөхгүй байгааг ойлгохгүй байна...” гэв.

 

Хохирогч Ц.Нарангэрэлын өмгөөлөгч М.Баасанбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт...” гэж заасан. Хохирогчийн зүгээс эд мөрийн баримтаар CD өгсөн. Мөрдөн байцаагч CD-г эд мөрийн баримтаар хураан авах тогтоол үйлдэж, 2 хөндлөнгийн гэрчийг байлцуулан үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн. Батцэцэг, Тунгалагцэцэг нарын мэдүүлгийг үндэслэж шүүхийн шийтгэх тогтоол гараагүй. Бусад гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар яллагдагч өөрийн гэм бурууг хүлээх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй этгээд юм. С.Өлзийбаярын хувьд өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй этгээд учраас ямар мэдүүлэг өгөх нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Гагцхүү хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд бусад нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Ялтан өөрийн мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...С.Өлзийбаяр нь Ц.Нарангэрэлийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 100,288,900 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь гэрч Батцэцэг, Тунгалагтуяа, Чагнаадорж, Лхасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Мөнх-Очир, Маналжав, Даваадорж нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогчийн хүү Чагнаадорж ээжийнхээ мөнгийг авахаар С.Өлзийбаяртай Солонгос Улсад очиж уулзаад бичлэгээр баримтжуулж авсан. Энэ бичлэг нь хэрэгт ач холбогдол бүхий байсан учраас эд мөрийн баримтаар тооцон авч үзлэг хийсэн. С.Өлзийбаярт оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

С.Өлзийбаяр нь Ц.Нарангэрэлтэй дотно харьцаатай байдаг, Солонгос улсаас машин оруулж ирдэг, Ц.Нарангэрэлийн Солонгос улсаас эд зүйл оруулж ирэхэд нь тусалдаг зэрэг байдлаар Ц.Нарангэрэлд олж авсан итгэлээ ашиглаж Ц.Нарангэрэлээс нийт 45,000 доллар, 26,030,000 вон буюу 100,288,900 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан буюу:

 

1. 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ”...Солонгос улсаас машин авах гэтэл мөнгө дутаад байна, мөн машин зарагдахгүй эргэлтийн мөнгөгүй болоод байна, доллар зээлчих...” хэмээн хохирогч Ц.Нарангэрэлээс 20,000 /1$=1259₮/ ам доллар буюу 25,180,000 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь:

хохирогч Ц.Нарангэрэлийн “...Би хувиараа эмийн сан ажиллуулдаг ба мөн Солонгос улсаас барилга болон гэр ахуйн барааг авчирч зарж борлуулдаг юм. Би 2010 онд Солонгос улсаас бараа авчирдаг байхдаа Солонгос улсад Өлзийбаяр гэх залуутай ажил хэргийн шугамаар танилцсан. Өлзийбаяртай анх танилцтал өөрийгөө Солонгос улсаас хуучин машин худалдаж авч, Монголд зардаг гэж хэлж байсан. Өлзийбаяр машинаа Монгол руу явуулахдаа чингэлэгт хийж явуулдаг байсан ба Өлзийбаяраас надтай танилцаад надад хэлэхдээ ачаа, бараагаа машин ачсан чингэлэгийн зай завсар болон машинд хийж Монгол руу явуулж болно шүү гэж хэлэхээр нь би хэлсэн саналыг хүлээж аваад түүний чингэлэг болон машинд ачаа бараагаа хийж явуулж, тодорхой хэмжээний мөнгө, төгрөгийг Өлзийбаярт өгдөг байсан. Би Өлзийбаярын чингэлэгт 2010 оны 6 сараас эхэлж бараагаа явуулж эхэлсэн ба 2-3 сарын хугацаанд 1 удаа явуулдаг байсан. Бараагаа Өлзийбаярын чингэлэгт хийх үед хааяа мөнгө, төгрөг дутчихлаа гэж хэлээд тодорхой хэмжээний мөнгө, төгрөг аваад өгнө гэсэн хугацаандаа өгч байсан. Ойролцоогоор 5 удаа миний барааг зөөсний дараа буюу 2011 оны намар Улаанбаатар хотод Өлзийбаяр надтай уулзаад болон утсаар яриад Солонгос улсаас машин авах гэтэл мөнгө дутаад байна, мөн машин зарагдахгүй эргэлтийн мөнгөгүй болоод байна, 20 мянган доллар зээлчих гэж удаа дараа гуйгаад байхаар нь түүнд итгээд 20.000 доллар өгөхөөр болоод өөрт нь өгч амжихгүй болохоор өөрийн ажиллуулдаг эмийн сангийн жор баригч Батцэцэгт 20.000 долларыг үлдээгээд Өлзийбаярт өгчих гэж хэлээд явсан. Тэгтэл Өлзийбаяр 20.000 долларыг Батцэцэгээс авчихаад надад авлаа гэдгээ хэлсэн ба тухайн үед Батцэцэг надад Өлзийбаярыг 20.000 долларыг авч явсан талаар хэлж байсан. Батцэцэг одоо ажлаа хийхгүй байгаа. Батцэцэгээс тодруулж асуувал намайг Өлзийбаярт 20.000 долларыг өгсөн гэдгийг тодруулж мэдэж болно. С.Өлзийбаяр нь надаас 20.000 долларыг авахдаа Солонгос машин худалдаж авна, тэгээд машинаа зараад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ба 1-2 сарын дараа өгнө гэж хэлж байсан. Тэгээд би 2 сарын дараа С.Өлзийбаяртай уулзаад 20.000 доллараа нэхтэл машин зарагдахгүй байна гэж хэлж байсан. Би Өлзийбаярт 20.000 ам доллар өгөхдөө гэрээ байгуулаагүй ба мөн өгсөн авсан баримт үйлдээгүй...” /1-р хх-ийн 55-61, 245-248 тал/, “...Өлзийбаяр надаас машин авах мөнгө байхгүй байна зээлээчгэдэг байсан ба би Өлзийбаярт мөнгө зээлээд чи наад мөнгөө Монголд аваачиж зараад үндсэн мөнгөө надад өгөөд ашгийг нь өөрөө ав гээд өгдөг байсан. Бас нэг гол шалтгаан нь Өлзийбаяр надад их тусалдаг байсан. Анх танилцаж байхдаа Өлзийбаяр надаас мөнгө зээлчихээд өгдөг байсан болохоор би удаа дараа мөнгө өгсөн...” /2 хх-ийн 93 тал/,

гэрч Т.Батцэцэгийн “...Би Ц.Нарангэрэлтэй бол ажил хэргийн холбоотой ба би түүний Сансарт байдаг Чаг эмийн санд 2009 оноос 2014 оны 4 дүгээр cap хүртэлх хугацаанд жор баригчаар ажиллаж байсан. ...2011 оны 9 дүгээр сард намайг ажил дээрээ өөрийн эх Тунгалагцэцэгийн хамтаар байж байхад Ц.Нарангэрэл ажил дээр ирээд надад 20.000 ам.доллар үлдээгээд чи миний өгсөн 20.000 долларыг Өлзийбаярыг ирэхээр нь өгчих би түүнтэй уулзаж амжихгүй байна гэж хэлээд явсан. Тэгтэл тэр өдрийн орой Өлзийбаяр ганцаараа ирээд надаас 20.000 ам.долларыг авч явсан ба тэр үед нь миний ээж арын өрөөнд байж байсан. Би Өлзийбаярт 20.000 долларыг өгөхөөсөө өмнө Нарангэрэл эгч рүү утсаар яриад мөн Өлзийбаяртай утсаар яриулж байгаад өгсөн. Өлзийбаяр надаас ганцаараа ирж авсан ба би түүнд 20.000 долларыг өгөхдөө бичиг баримт үйлдээгүй...” /1-р хх-ийн 62-63 тал/,

Голомт банкны “...2011.09.25- 20,000.00$-зарлага ДЮ69121522...” гэсэн USD-ийн Ц.Нарангэрэлийн 1901061869 дугаартай дансны хуулга /1 хх-ийн 150 тал/ зэргээр,

 

2. 2011 оны 11 дүгээр сард “...Монголоос мөнгө ирэх ёстой, ирэхгүй байна, одоо үлдэгдэл мөнгө дутаад байна, надад ам доллар зээлчих, уг ам доллараар машиныхаа үлдэгдлийг өгнө...” хэмээн 10,000 /1$=1291₮/ ам доллар буюу 12,910,000 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь:

хохирогч Ц.Нарангэрэлийн “...2011 оны 11 сард би Солонгос улс руу явж бараагаа татахаар болсон ба тэгээд явахаасаа өмнө Өлзийбаяртай уулзаж явах талаараа хэлтэл Өлзийбаяр надад би бас Солонгосоос машин авчрах гэж байгаа чингэлэгийн зай завсараар бараагаа хийж болно гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд С.Өлзийбаяр надаас түрүүлж явсан ба намайг ганцаараа очиход С.Өлзийбаяр тосч авсан. Тэгээд Өлзийбаяртай онгоцны буудалд уулзтал С.Өлзийбаяр надад би чамайг тосохоор ирэхдээ өөрийн найзаа Хаяат гэх нэртэй казинод үлдээчихээд ирсэн, 2-уулаа замаараа дайраад аваад явъя гэж хэлсэн. Тэгээд цугтай тэр казинод очтол С.Өлзийбаяр үл таних 1 залуутай уулзсан ба тэгээд казино дотор С.Өлзийбаяр надаас машин авахаар урьдчилгаагаа өгсөн байгаа Монголоос мөнгө ирэх ёстой ирэхгүй байна, одоо үлдэгдэл мөнгө дутаад байна надад 10.000 доллар зээлчих би уг 10.000 доллараа машиныхаа үлдэгдэлийг өгнө, би 10.000 доллараа урьд өмнө нь зээлсэн 20.000 доллартай цуг өгнө гэж хэлэхээр нь ярианд нь итгээд 10,000 долларыг өгсөн. Тэгээд С.Өлзийбаярт доллар өгснөөс хойш 7 хоногийн дараа би түүний машин ачсан 3 чингэлэгт бараагаа ачсан. 3 чингэлэгт 12 машин байсан ба 12 машин бүгд С.Өлзийбаярын нэр дээр явж байсан. Солонгосоос чингэлэг ирэхэд 1 cap болдог ба би С.Өлзийбаярыг машинаа авсанаас хойш 1 сарын дараа удаа дараа утасдаж, удаа дараа уулзахад С.Өлзийбаяр надад машин зарагдахгүй байна, машинаа зарахаар өгнө гэж хэлдэг байсан. Би С.Өлзийбаяраас 30.000 ам долларыг 2011 оны 12 дугаар сараас 2012 оны 5 дугаар cap хүртэл нэхтэл надад машин зарагдахгүй байна, зарагдахаар нь өгнө гэж хэлдэг байсан. Зарим тохиолдолд С.Өлзийбаяр машинаа миний нэр болон миний дүү Ц.Алтайсайханы нэр дээр оруулж ирдэг байсан ба С.Өлзийбаяр надад хэлэхдээ миний машин таны нэр болон танай дүүгийн нэр дээр орж ирж байгаа болохоор та санаа зоволтгүй гэж хэлдэг байсан ба миний нэр болон дүүгийн нэр дээр орж ирдэг байсан болохоор би түүнд их итгэдэг байсан...” /1-р хх-ийн 55-61, 245-248 тал/,

гэрч Ц.Батхуягийн “...манай эхнэр Ц.Нарангэрэл нь 2011 оны 12 дугаар сарын 10- ны үеэр Солонгос улсад байхдаа бас Өлзийбаяр нь 10,000 доллар зээлээч гэнээ яахуу гэж надаас асууж байсан, би тэр үед Улаанбаатар хотод байж байсан, тэр үед эхнэр бас л түүний тээшинд бараагаа ачсан байсан, мөнгө нь дутсан байна тэрэнд нь нэг ширхэг машины мөнгө дутсан очоод өгье гэж хэлж байсан тул за за наанаа удаж байхаар наадах мөнгийг нь өгөөд хурдан ирээ гэж эхнэртээ хэлж байсан. Эхнэр шууд тэндээсээ 10.000 долларыг Өлзийбаярт өгсөн байсан...” /2-р хх-ийн 6-7, 125-126 тал/ гэх мэдүүлгүүд,

С.Өлзийбаярын анхан шатны шүүх хуралдаанд 26,030,000 воныг авснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /3 хх-ийн 37-39 тал/ зэргээр,

 

3. 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “...Машин зарагдахгүй байна, дахин машин авах гэтэл мөнгө дутаад байна...” хэмээн 15,000 ам доллар /1$=1318₮/ буюу 19,770,000 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь:

хохирогч Ц.Нарангэрэлийн “...2012 оны 5 дугаар сард С.Өлзийбаяр надтай уулзаад машин зарагдахгүй байна, дахин машин авах гэтэл мөнгө дутаад байна, та надад 15.000 ам.доллар зээлчих би машинаа зарчихаад өгнө гэж хэлэхээр нь түүнд нь итгээд 15.000 долларыг өөрөө өгөөгүй ба өөрийн ажилтан Батцэцэгээр дамжуулж өгсөн. Би тэгээд 2012 оны 7 дугаар сараас эхэлж С.Өлзийбаяраас нийт зээлсэн 45.000 доллараа нэхтэл машин зарагдахгүй байна гэж удаа дараа шаардлага тавьж байсан ба 2012 оны 7 дугаар сарын сүүлээр 5000 ам.доллар надад өөрийн биеэр өгсөн. С.Өлзийбаяр надад 5000 ам.долларыг өгч байхыг гэрчлэх хүн байхгүй. Зөвхөн бид 2 л байсан. 2012 оны 7 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд би тасралтгүй С.Өлзийбаяраас 40.000 доллараа нэхэж байсан ба нэхэх хугацаанд машин зарагдахгүй байна гэж хэлдэг байсан...” /1-р хх-ийн 55-61, 245-248 тал/,

гэрч Т.Батцэцэгийн “...2012 оны хавар 4 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр намайг ажил дээр байхад Ц.Нарангэрэл надад 15,000 доллар үлдээгээд үүнийг Өлзийбаярт өгчих гэхээр нь авч үлдсэн ба орой Өлзийбаяр ганцаараа ирээд надаас 15,000 ам доллар аваад явсан. Би Өлзийбаярт 15,000 долларыг өгөхдөө Ц.Нарангэрэл эгчтэй утсаар яриулж байгаад өгсөн. Өлзийбаярт би 15,000 долларыг өгөхдөө баримт үйлдээгүй...” /1-р хх-ийн 62-63 тал/,

гэрч Ч.Тунгалагцэцэгийн “...Би Т.Батцэцэгийг танина. Миний төрсөн охин байгаа юм. Би С.Өлзийбаярыг танихгүй, Ц.Нарангэрэлийг танина. Миний охин Т.Батцэцэг нь Ц.Нарангэрэлийн ажиллуулдаг эмийн санд 5 жил ажилласан болохоор таньдаг юм. Т.Батцэцэг нь Сансарын түнелийн баруун талд байдаг “Чаг” гэх нэртэй эмийн санд нь ажилладаг байсан. 2011 оны намар санагдаж байна. Би өөрийн охины ажилладаг эмийн санд охинтой уулзаад байж байтал түүний захирал Ц.Нарангэрэл нь 15.000 ам.долларыг ганцаараа авчирч ирээд охинд өгөөд С.Өлзийбаяр гэх залууг ирэхээр өгөөрөй гэж хэлчихээд явсан. Тэгээд тун удалгүй намхан биетэй шар залуу орж ирээд охиноос 15.000 ам.долларыг аваад явсан. Би 2012 оны хавар Ц.Нарангэрэлийн эмийн санд үйлчлэгч хийдэг байсан ба бас Ц.Нарангэрэл нь ирээд 15.000 ам.долларыг манай охинд үлдээгээд явахдаа хүн ирэхээр нь өгөөрөй гэж хэлчихээд явсан. Тэгээд байж байтал 2011 оны намар ам доллар авсан залуу ногоон куртик өмсөж ирээд ганцаараа аваад явсан. Охинд Ц.Нарангэрэл нь 15,000 ам доллар өгөхөөр нь би өөрийн хэтэвчиндээ 15.000 ам.доллар хийж үзэж байсан болохоор сайн санаж байна...” /1-р хх-ийн 94-95 тал/,

гэрч Ц.Батхуягийн “...2012 оны 4 дүгээр сарын 23-нд манай эхнэр Ц.Нарангэрэл Солонгос явах гээд миний Голомт банкны 1905002452 данснаас 100.000.000 төгрөг аваад доллар болгож байсан, тэр мөнгөнөөс 15.000 долларыг манай эхнэр Өлзийбаярт өгөөч гэж байна гээд санал болгож байсан тул би тухайн үедээ дургүйцэж байсан, наадах залуу чинь урд өмнөх мөнгөө өгөөгүй байж яагаад дахиад мөнгө зээлээч гээд байгаа юм бэ гэж эхнэртээ хэлж байсан. Тэгтэл эхнэр Өлзийбаярыг Дарь эхэд 200 сая төгрөгний үнэтэй том газартай, Баянмонгол хороололд 3 ширхэг байртай, 13 дугаар хороололд өөрсдөө амьдардаг байртай тэгээд эхнэрт машин зарагдахгүй бол эдгээрээсээ зараад мөнгийг чинь төлж барагдуулна гэж хэлсэн байсан, тэрнийгээ эхнэр надад хэлэхээр нь би давхар итгээд 15,000 доллараа өгчих гэж хэлсэн энэхүү мөнгөө урд нь өгч байсан эмийн сангийн ажилтан Батцэцэгээр дамжуулж өгүүлж байсан...” /2-р хх-ийн 6-7, 125-126 тал/  гэх мэдүүлгүүд,

Голомт банкин дахь Ц.Батхуягийн MNT-ийн 1905002452 дугаартай дансны “...2012.04.23- 100,000,000.00 зарлага-ДЮ69121522...” гэсэн хуулга /1-р хх-ийн 218 тал/ зэргээр,

 

4. 2013 оны 11 дүгээр сард “...Надад туслаач, надад мөнгөний хэрэг болоод байна, визний хугацаагаа сунгуулна...” хэмээн 26,030,000 вон /1вон=1.63₮/ буюу 42,428,900 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь:

хохирогч Ц.Нарангэрэлийн “...Би 2013 оны 11 дүгээр сард Солонгос улсад очоод бараагаа явуулах чингэлэг хайгаад автомашины захад явж байгаад С.Өлзийбаяр руу ярьтал С.Өлзийбаяр надтай уулзая гэхээр нь уулзтал С.Өлзийбаяр надад туслаач надад мөнгөний хэрэг гараад байна, визний хугацаагаа сунгуулах гэсэн юм, Улаанбаатар хотод Баянмонгол хороололд 2 өрөө байр, 13 дугаар хороололд 1 өрөө байр, миний нэр дээр машин байгаа, Их Дарь эхэд байгаа газрыг зараад зээлсэн мөнгөө буцааж өгнө надад одоо 26,030,000 вон зээлчих гэхээр нь түүний ярианд итгээд зээлсэн. ...Солонгос улсад очиход Өлзийбаяр таараад би гадаад паспортаа барьцаанд тавьчихсан байна, Солонгост байх визний хугацаа дуусах гээд байна, эмнэлэгт би хэвтсэн юм, эмчилгээний төлбөр нэхэгдээд байна, надад туслаач чи миний унаж байгаа машин, Баянмонгол хороололд талийгаач дүүгийн 2 өрөө байр байгаа, Дарь-Эхэд байгаа газрыг чамд өгье, би тэгээд бүх өрөө барагдуулъя, чи надад 26.030.000 воныг өгчих гэхээр нь би түүнд 26.030.000 воныг өгсөн юм....” /1-р хх-ийн 55-61, 245-248 тал/,

С.Өлзийбаярын анхан шатны шүүх хуралдаанд 26,030,000 воныг авснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /3 хх-ийн 37-39 тал/ зэргээр,

хохирогч Ц.Нарангэрэлийн “...миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...туслаач чи миний унаж байгаа машин, Баянмонгол хороололд талийгаач дүүгийн 2 өрөө байр байгаа, Дарь-Эхэд байгаа газрыг чамд өгье, би тэгээд бүх өрөө барагдуулъя, чи надад 26.030.000 воныг өгчих гэхээр нь би түүнд 26.030.000 воныг өгсөн юм. С.Өлзийбаяр надаас нийт 45.000 ам доллар, 26.030.000 воныг хуурч авсан юм. Надад Өлзийбаяр өрөө барагдуулж өөрөө 5000 ам долларыг өгсөн, дараа нь найз хүүхэн Эрдэнэчимэгт 1.030.00 вон, хүү Чагнаадоржид 500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би Өлзийбаярт эхэлж 20.000 ам долларыг өгөхдөө Голомт банкны долларын 190106869 дугаартай данснаас 2011 оны 09 сарын 25-ны өдөр авч тэр өдрөө Өлзийбаярт өгөөд маргааш нь цугтай ажлаар Солонгос явсан. Дараа нь өгөхдөө өөрт хадгалж байсан долларыг өгсөн юм. Өлзийбаяр надаас 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 26,030,000 воныг Солонгост байхдаа авахдаа өөрийн эзэмшлийн 08-83 УБЧ улсын дугаартай машиныг барьцаалж авсан юм. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Солонгост байхад Өлзийбаяр надаас зээлсэн 26,030,000 төлөхийн тулд өөрийн эзэмшлийн 08-83 УБЧ улсын дугаартай машинаа зарчихаад ирнэ гэж хэлж яваад тэгээд явсан өдрийнхөө шөнө Монголоос буцаж ирсэн. Тэгээд би машинаа зарсан уу мөнгө яасан юм бэ? би бараагаа авмаар байна гэж хэлтэл Өлзийбаяр надад машинаа зарах боломж гарсангүй, Улаанбаатар хотод очоод машинаа зарж байгаад өгье, аль эсвэл миний машиныг авчих, мөн 13 дугаар хороололд амьдардаг 1 өрөө байрыг авчих гэж хэлж байсан. Тэгээд би Монголд ирээд машиныг авах гэхэд уг машин Өлзйибаярын эхнэрийн төрсөн ах Ж.Болдбаатарын нэр дээр 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шилжсэн байсан. Тэгээд би уг машиныг авмаар байна гэж хэлэхэд дахин Сэлэнгэ аймагруу зарсан байсан. Уг машины дугаар бол 08-83 УБЧ улсын дугаартай хар өнгөтэй “Авенти” маркийн машин байсан...” /1-р хх-ийн 55-61, 245-248, 3 хх-ийн 41-51 тал/,

гэрч Б.Чагнаадоржийн “...Ц.Нарангэрэл миний төрсөн эх байгаа юм. Харин С.Өлзийбаяр нь ээжийн барааг Солонгос улсаас чингэлэгт хийж авчирдаг байсан болохоор мэднэ. Би өөрийн эх Ц.Нарангэрэлийг 2013 оны 6 дугаар сард Өлзийбаярт их хэмжээний мөнгө, төгрөг зээлүүлсэнийг мэдсэн ба ээж түүнд мөнгө зээлэхдээ миний мөнгийг бас зээлүүлсэн байна лээ. Би тэгээд 2014 оны 6 дугаар сараас хойш Өлзийбаяртай утсаар холбогдож мөнгө, төгрөгөө нэхдэг болсон. Өлзийбаяр нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн үеэр над руу залгаад ямар ч хамаагүй дансаа явуулчих гэж хэлэхээр нь би Худалдаа хөгжлийн банкны 499204791 дугаартай данс өгтөл 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.Өлзийбаяр нь Батаа гэх хүний нэрээр өөрөө 500,000 төгрөг миний нэрээрээ шилжүүлсэн байна. Би өөрөө сураглаад байсан чинь Сандэй худалдааны төвд байдаг Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн байна лээ. Би өөрийн эх Ц.Нарангэрэлийн хамтаар Солонгос улсад явж байгаад Өлзийбаяртай тааралдаад уулзахдаа уулзсанаа баримтжуулах зорилгоор утсаараа бичлэг хийсэн ба уг бичлэгт Өлзийбаяр нь нийт авсан доллар, воныхоо хэмжээг хэлж байгаа бөгөөд хэзээ өгөх хугацаагаа хэлж байгаа. ...Манай эх Ц.Нарангэрэл нь Солонгосоос бараа авчрахдаа их хэмжээний бараа авчирдаг юм. Тийм болохоор байнга ойр дотныхоо хүмүүстэй явдаг ба эдгээрт хүмүүс нь төрсөн охин Намуун, ах Алтайсайхан, Алтангэрэл, Дорждэрэм, эмээ Цэрэнпил нар юм. Би хамт сүүлийн 3 явалтанд нь явсан. Манай эх ойролцоогоор 1 удаа явахдаа 10 орчим хоног явдаг. Удлаа гэхэд хааяа нэг 14 хонодог юм. Мөн найз Чимгээтэйгээ цуг явдаг ба Чимгээ нь Солонгос улсад байртай байдаг болохоор түүний гэрт нь байдаг юм. Миний эх Ц.Нарангэрэл нь Д.Өлзийбаяртай ямар нэгэн дотно харьцаа байхгүй. Миний эх Ц.Нарангэрэл бол өөр хүнтэй дотно харьцаанд орох тийм эх хүн биш. Дээрх хугацаанд миний эцэг Батхуягтай байнга цуг байсан ба одоо ч гэсэн хамт амьдарч байгаа. Манай эцэг эх 2 хоорондоо эв найрамдалтай байдаг ба салж сарнина гэж хэрэлдэж огт байгаагүй. Ээж зүгээр сонирхож бага хэмжээний төгрөгөөр тоглож байсан байх. Түүнээс биш Өлзийбаяр шиг их хэмжээний төгрөгөөр тоглож байгаагүй. ...С.Өлзийбаяртай уулзаад та яагаад худлаа яриад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ гэхэд С.Өлзийбаяр нь ах нь ээжээс чинь Монголд мөнгө аваагүй Солонгос улсад байхдаа авсан гэж хэлсэн ба би түүнээс мөнгөө яаж өгөх гэж байгаа юм бэ гэхэд ахад нь өгөх мөнгө алга, 10 жил ял аваад ах нь даахгүй байх гэхээр нь би та Дарь эхийн газраа 70 сая төгрөгөнд бодож өг, үлдсэн мөнгөө өгөх талаар гэрээ хийе гэхэд Өлзийбаяр нь газраа өгөөд л асуудлаа бүрэн шийдвэрлэе гэж хэлсэн ба мөн Өлзийбаяр нь одоо доллараа яагаад одоогийн ханшаар үнэлээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Би уг яриаг нь утсандаа бичлэг хийж авсан байгаа. Би энэ бичлэгээ дараа нь таньд сидинд буулгаж өгье...” /1-р хх-ийн 64-69 тал/,

гэрч Т.Лхасүрэнгийн “...Би Ц.Нарангэрэлтэй гэр бүлийн найзууд ба түүнтэй би 1994 оноос хойш одоог хүртэл найзын холбоотой байна. Харин би С.Өлзийбаярыг 2010 оноос Солонгос улс руу ажил хэргийн шугамаар явж байгаад танилцсан. Би С.Өлзийбаяртай танилцахдаа Ц.Нарангэрэлээр дамжуулж танилцаагүй юм. Би С.Өлзийбаяртай танилцахдаа автомашин зөөж зардаг байсан ба түүгээрээ дамжуулж танилцсан юм. Ц.Нарангэрэл нь С.Өлзийбаярт яг доллар, вон өгч байхыг нь би харж байгаагүй. Харин С.Өлзийбаяр надад би Ц.Нарангэрэлд мөнгө, төгрөг өгөх тооцоотой түүнийгээ өгөх юмсан гэж Солонгост хэлж байсан. Миний санаж байгаагаар 2013 оны намар хэлж байсан. Тухайн үед С.Өлзийбаяр надад хэдэн төгрөг өгөхөө хэлээгүй. Тухайн үед хоол идээд түүнтэй ярилцаж байхад С.Өлзийбаяр надад Солонгост казино тоглоод тодорхой хэмжээний мөнгө, төгрөг алдсан гэж хэлж байсан. Ц.Нарангэрэл, С.Өлзийбаяр бид 3 цугтай орж сонирхож, цаг өнгөрөөн тоглож байсан. Ц.Нарангэрэл нь хааяа нэг тоглохдоо сонирхож тоглодог байсан ба гэхдээ банкаа тус тусдаа барьж тоглодог...” /1-р хх-ийн 70-71 тал/,

гэрч Е.Эрдэнэчимэгийн “...Би Ц.Нарангэрэлийг танина. Ц.Нарангэрэл бол миний багын найз байгаа юм. Би түүнтэй найзалж үерхэж нөхөрлөөд 20 жил гаруй болж байна. С.Өлзийбаярыг 2-3 жилийн өмнөөс мэдэх болсон. Яагаад түүнийг мэдэх болсон гэвэл би өөрөө Солонгос улсаас гэр ахуйн бараа авчирч зарж борлуулдаг ба тэгээд л Солонгос улс руу явахдаа түүнийг мэдэх болсон. Би тэр залууг сайн танихгүй, машин зардаг байсан болохоор ажил хэргийнхээ шугамаар бага зэрэг танина. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн үеэр намайг Солонгос улсад ажлаар явж байхад манай найз хүүхэн Ц.Нарангэрэл над руу утасдаад чи надад Солонгос банкны дансныхаа дугаараа өгч байгаач Өлзийбаяраас би зээлсэн мөнгөө авах гэсэн юм, чи яаралтай өөрийн дансны дугаараа С.Өлзийбаяр луу явуулж өгөөч гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө дансны дугаарыг Өлзийбаярын солонгос дугаар луу мессежээр явуулсан юм. Тэгтэл явуулсан өдөр Өлзийбаяр надад 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад 1.030.000 вон шилжүүлсэн. Тухайн үед Өлзийбаяр миний данс руу вон хийхээс өмнө миний дансанд 10.261.000 вон байсан. Өлзийбаяраа над руу өөрийнхөө данснаас шилжүүлсэн Өлзийбаяр Самдандовжид гэх нэрээр миний данс руу ирсэн. Би тэгээд Ц.Нарангэрэлийг миний араас Солонгос улсад өөрийн хүү Чагнаадоржийн хамтаар ирэхэд Өлзийбаярын өгсөн 1.030.000 воныг өгсөн. Би Ц.Нарангэрэлийг С.Өлзийбаярт доллар, вон зээлүүлж байхыг нь нүдээрээ хараагүй ба Ц.Нарангэрэл, С.Өлзийбаяр 2-ын хоорондох ярианаас нэг нэгэндээ 50.000-60.000 ам.долларын өр авлагатай гэдгийг нь сонсож байсан. Ц.Нарангэрэл нь зээлүүлсэн юм шиг байна лээ. Ц.Нарангэрэл нь Солонгос улсаас барилга, гэр ахуйн бараа зөөдөг ба миний мэдэхээр 1 удаагийн явалтандаа 100.000 доллараас дээш бараа авдаг...” /1-р хх-ийн 72-76 тал/,

гэрч Д.Даваадоржийн “...2014 оны 6 дугаар сард бид нар Солонгос улсаас ачаа ачиж байхад Өлзийбаяр, Нарангэрэл хоёр мөнгөний талаар маргалдаад байсан. Нарангэрэл нь миний мөнгийг өгсөнгүй гэж хэлэхэд Өлзийбаяр нь би өгнө газраа зараад өгсөн ч болно гээд юм яриад байсан. Нарийн утга учрыг нь мэдэхгүй. Юун мөнгө төгрөгийн юм тухайн хэрэлдээд байгаа юм гэж Нарангэрэлээс асуухад надаас 60.000 ам.доллар авчихсан өгөхгүй байгаа юм гэж хэлж байсан. Өөр сайн нарийн юм мэдэхгүй, тэгэхэд тэр хоёр мөнгө төгрөгний талаар маргалдаад байсан...” /1-р хх-ийн 250 тал/,

гэрч С.Энхтуяагийн “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 1-9 тоот газар минийх...” /2-р хх-ийн 187 тал/,

гэрч Ц.Алтангэрэлийн “...Хамгийн сүүлд 2014 оны 06 сард намайг Солонгос улсад очиход эгч Ц.Нарангэрэл, хүү Чагнаадорж нь С.Өлзийбаяртай уулзахад би дэргэд нь байсан ба тэр гурвын хоорондын яриаг сонсоход эгч Өлзийбаярт мөнгө төгрөг өгөөд түүнийгээ нэхээд байх шиг байсан. Өлзийбаяр тэр үед мөнгө авснаа хэлээд эргүүлж төлнө гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 92 тал/,

гэрч Б.Оюунгэрэлийн “...2012 онд С.Өлзийбаярын нэр дээр Баянмонгол хороололд 2 өрөө байр, Баянзүрх дүүрэгт 1 өрөө, мөн газар байгаагүй ба 2012 онд “Авенти хд” 08-83 УНУ улсын дугаартай машин байсан. Би Ц.Нарангэрэл гэх эмэгтэйн талаар сайн сонсож байсан...” /1-р хх-ийн 78 тал/ гэх мэдүүлгүүд,

“...Монгол Улсын иргэн Барга овгийн Самдандовжидийн Энхтуяа ИВ87031481 /нэг хүний өмч/ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 1 дүгээр гудамжны 9 тоот нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 229 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул гэрчилгээ олгов...” гэх Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүүртгэлийн 000038615 дугаартай гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 209 тал/,

“...08-83УБЧ улсын дугаартай “Hyundai Avante” загварын суудлын автомашин ...шилжүүлсэн иргэн Самдандовжидын Өлзийбаяр ИВ77112413 ...шилжүүлэн авсан иргэн Өөлд овгийн Жавзанпагмын Болдбаатар АЕ72031373...” гэсэн 2013 оны 11 сарын 27-ны өдрийн Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

С.Өлзийбаяр нь Ц.Нарангэрэлтэй цуг Солонгос руу 2010 оноос эхлэн удаа дараа цуг явсан, Солонгос улсаас машин оруулж ирж зардаг байсан, Ц.Нарангэрэлийн Солонгос улсаас Монгол улс руу эд зүйл оруулж ирэх ажилд туслалцаж байсан зэргээр Ц.Нарангэрэлд олж авсан итгэлээ ашиглан хохирогч Ц.Нарангэрэлээс 2011 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр “Солонгос улсаас машин авах гэтэл мөнгө дутаад байна, мөн машин зарагдахгүй эргэлтийн мөнгөгүй болоод байна, доллар зээлчих”  хэмээн хэлж 20,000 ам доллар буюу 25,180,000 төгрөгийг, 2011 оны 11 дүгээр сард “Монголоос мөнгө ирэх ёстой, ирэхгүй байна, одоо үлдэгдэл мөнгө дутаад байна, надад ам доллар зээлчих, уг ам доллараар машиныхаа үлдэгдлийг өгнө” хэмээн хэлж 10,000 ам доллар буюу 12,910,000 төгрөгийг, 2012 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр “Машин зарагдахгүй байна, дахин машин авах гэтэл мөнгө дутаад байна” хэмээн хэлж 15,000 ам доллар буюу 19,770,000 төгрөгийг, 2013 оны 11 дүгээр сард “Надад туслаач, надад мөнгөний хэрэг болоод байна, визний хугацаагаа сунгуулна” хэмээн хэлж,  нийт 45,000 доллар, 26,030,000 вон буюу 100,288,900 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас ...онц их хэмжээний хохирол учирсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Түүнчлэн, С.Өлзийбаярын Ц.Нарангэрэлээс залилан мэхлэж авсан 100,288,900 төгрөгийн хохиролдоо өгнө гэж амалж байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 1 дүгээр гудамжны 9 тоот нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 229 м.кв газар нь С.Өлзийбаярын өмч биш, түүний дүү С.Энхтуяагийн өмчлөлийн газар болох нь, мөн 08-83УБЧ улсын дугаартай “Hyundai Avante” загварын суудлын автомашин нь түүний өмч биш, харин Ж.Болдбаатарын өмчлөлд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн өмч болох нь тус тус хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн гэрчилгээ, С.Энхтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний баримт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд С.Өлзийбаяр нь бусдад төлбөр төлөх эд хөрөнгөгүй болох нь батлагдаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоон, С.Өлзийбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний  хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ялын төрөл, хэмжээнд ял оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд С.Өлзийбаярын “...гэмт хэрэг үйлдээгүй...”, түүний өмгөөлөгч А.Ариунаагийн “...хэргийг хэрэгсэхгүй болгох...”, өмгөөлөгч Н.Жамъяндоржийн “...нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаалгах...” талаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

С.Өлзийбаярын хохирогч Ц.Нарангэрэлд 2012 оны 7 сарын сүүлээр төлсөн гэх 5000 долларыг, хүү Б.Чагнаадоржийн дансаар төлсөн 500,000 төгрөгийг, Е.Эрдэнэчимэгийн дансаар дамжуулан төлсөн 1,030,000 вонн зэргийг нийт хохирлоос хасаж тооцон үлдэгдэл 91,665,000 төгрөгийг С.Өлзийбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. С.Өлзийбаяр 5000 долларыг хэзээ өгснийг хохирогч Ц.Нарангэрэл нотолж чадаагүй байх тул Ц.Нарангэрэлийн С.Өлзийбаярт өгсөн долларуудын төгрөгтэй харьцах ханшны дунджийг 1289 төгрөгөөр тооцож, 1,030,000 вонныг 1.63 төгрөгөөр тооцож /1-р хх-ийн 50 тал/ тус тус хассан нь үндэслэлтэй. Хохирогч болон ялтан нар валютын ханшны талаар гомдол саналгүй байгаагаас гадна валютын ханшны талаарх лавлагааг Монгол банкнаас авсан нь /1-р хх-ийн 50 тал/ ялтан С.Өлзийбаярын эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.

 

С.Өлзийбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болгосон /2 хх-ийн 16 тал/ атлаа С.Өлзийбаярт өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг 2016 оны 2 дугаар сарын 5-ний өдөр хүртэл хэрэглээгүй /2 хх-ийн 18 тал/ болох нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх явцад авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр прокурорын хяналтын шатнаас оргож, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн...” гэх Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт зөв. Гэхдээ уг гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул энэ талаар өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар Шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтан С.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, А.Ариунаа нар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧИД                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ