Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0305

 

2017 оны 04 сарын 25 өдөр                   Дугаар 221/МА2017/0305                          Улаанбаатар хот

        

Ц.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Ц.Н-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал болон тус сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсгийг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр, 2 дахь заалтаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцохоор тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэн О овгийн Ц.А миний бие Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэн Б овогт Ц.Н-ын нэхэмжлэлтэй, тус сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон ба 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсэг, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргав.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Т сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсгийг хэвээр үлдээхээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь анхны нэхэмжлэлдээ тус багийн 5 иргэнийг саналын эрхгүй байж санал өгсөн, сонгуульд намайг тээвэрлэж ирж өөртөө санал өгүүлсэн гэж гомдол мэдүүлсэн. Эдгээр 5 иргэнээс ганц нь би танихгүй, тээвэрлэж аваачиж санал өгүүлээгүй нь тогтоогдохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөр шаардлага тавьсан. Өөрийн найз н.С, багийн иргэдийн хуралд өрсөлдөөд ялагдсан Ш.Д нараар худал мэдүүлэг өгүүлж, хүмүүсийг талцуулан сэтгэл санааг үймүүлж байна.

Миний бие 2017 оны 03 дугаар сарын 17-нд багийн нийтийн хурлаа хийхэд нийт иргэдээс “дахин сонгууль явуулбал оролцохгүй, иргэд бидний сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байгаа бол цаашид сонгууль өгөх шаардлагагүй юм байна” гэсэн хүсэлт гарч байсан. Өмнөх 2012-2016 онд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан Ц.Н өөрийн багийн иргэдээ ямар харьяалалтайг нь мэдэхгүй, тухайн сонгуулийг удирдаж явуулж эхлэхдээ сонгогчдын нэрсийн жагсаалтаа ч гаргаагүй байсан нь сонгуулийг санаатай будлиантуулах үндэслэл болж байсан.

Ганц хүний эрх ашиг, хүсэлт сонирхлыг харгалзан нийт багийн иргэдийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, иргэд нийтийн улс төр, нийгэмд итгэх итгэлийг үгүйсгэж, цаашид сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй идэвхгүй болгох сөрөг талтай байна. Мөн Ц.Н-д шүүх давуу байдал үүсгэж болох талаар ч багийн иргэд ярьж байгаа тул дараагийн шатны шүүхийг бодит, үнэн зөв шийдвэр гаргаж өгөх, хэргийн материалыг зөв үнэлнэ гэдэгт найдаж байна.

Ц.Н-ын гомдол гаргасан 5 иргэн нь сонгуульд оролцоход тооллогын комисс болон иргэдээс ямар ч санал гомдол гараагүй, сонгуулийн дүнг танилцуулахад олон нийтээс гар өргөж дэмжиж тогтоолыг баталсан, бусад нэр дэвшигчдээс ч гомдол гараагүй нь 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хүчин төгөлдөр болсныг нотолж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “...Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд Ц.А нь тус багийн харьяаллын бус иргэдийг тээвэрлэн ирүүлж, өөрийнхөө төлөө санал өгүүлсэн бөгөөд үүнийг тооллогын комисс хянаж шалгалгүй хүчинтэй саналын тоонд оруулан тооцсоноос Ц.А-т саналын давуу байдал үүссэн, миний сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна...” гэх үндэслэлээр “Д.Н, Т.О, С.Г, О.Х, С.У нарын саналын эрхгүй иргэдийн өгсөн саналыг хүчингүйд тооцуулж, Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, тус Хурлын санал тооллогын комиссын мөн өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд Ц.Н-ыг Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг явуулж, 2 дахь удаагийн санал хураалтаар нэр дэвшигч Ц.А-ын төлөө 153, Ц.Н-ын төлөө 152 хүн тус тус санал өгчээ.

Тус багийн иргэдийн Нийтийн Хурал нь дээрх хуралдааны тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Ц.А-ыг олонхийн санал авсан гэж үзэж, 4 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцээгүй байна.

Учир нь 2 дахь удаагийн санал хураалтад С.У, О.Х гэх тус багт харьяалалгүй иргэд оролцож санал өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Ц.А олонхийн санал авсан байх боловч нийт саналын дүнд тус багт амьдардаггүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд санал өгөх эрхгүй иргэдийн саналыг оруулан тооцсон байх тул түүний Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан эсэх нь эргэлзээтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь ...төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ...хууль дээдлэх зарчим баримтална” 8.2-д “Нутгийн өөрөө удирдах ёс нь ...хуулийн хүрээнд...” хэмээн заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурал нь гагцхүү хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.

Дээрхээс үзвэл, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй болох нь тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, тус Хурлын санал тооллогын комиссын мөн өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Т сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй.

Гэтэл анхан шатны шүүх “тус багт харьяалалгүй иргэд оролцож санал өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Харин Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийн дагуу тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт нууцаар явагдсан төдийгүй багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэд, төлөөлөгчдийн санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “... тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон ... захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа ...” гэх шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш, энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул шүүх нэхэмжлэгчийн “Д.Н, Т.О, С.Г, О.Х, С.У нарын саналын эрхгүй иргэдийн өгсөн саналыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах байжээ.

Тэрчлэн Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны санал хураалтын ажиллагаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасныг зөрчиж явагдсан байхын зэрэгцээ тус багт харьяалалгүй иргэд зөвхөн Ц.А-т саналаа өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Иймд “Ц.Н-ыг Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг уг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийг 1, 2 дахь заалтуудыг нэгтгэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ын гаргасан “Д.Н, Т.Отгонтуяа, С.Г, О.Х, С.У нарын саналын эрхгүй иргэдийн өгсөн саналыг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх “Ц.Н-ыг Хөвсгөл аймгийн Т сумын 0 дүгээр багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг тус багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн “3” гэсэн дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                    

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН