Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00009

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэн Боржигон Цэвээнлхазалын Нямхандын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Д.Нандинбилэг, Т.Отгонтуяа, С.Ганболд, О.Хос-Эрдэнэ, С.Уяацэцэг /Хундага/ нарын саналын эрхгүй иргэдийн өгсөн саналыг хүчингүйд тооцуулах, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай тогтоол, мөн тус хуралдааны санал тооллогын комиссын тогтоол зэргийг тус тус хүчингүйд тооцуулах, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд Ц.Нямхандыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах” үндсэн, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн Цагаанбаатарын Анхбаярт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ундрах, нэхэмжлэгч Ц.Нямханд, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга П.Мягмарсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Анхбаяр, түүний өмгөөлөгч В.Энхболд нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Ц.Анхбаяр болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж тус хурлаар багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон. Тус хуралдаанд иргэдээс 4 дүгээр багийн Засаг даргад миний нэрийг дэвшүүлсэн бөгөөд Хурлын санал хураалтаар хуралдаанд оролцсон нийт 307 иргэн саналаа өгч, үүнээс 2 хүний санал хүчингүйд тооцогдсон. Надад 152 иргэн саналаа өгсөн бол харин надтай хамт багийн Засаг даргад нэр дэвшсэн Цагаанбаатарын Анхбаярт хуралдаанд оролцсон 153 иргэн санал өгч дэмжсэн тухай санал хураалтын тооллогын комиссын тогтоол гарсан. Миний өрсөлдөгч Ц.Анхбаяр нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэний харьяаллын бус өөр сум, багт харъяалалтай Д.Нандинбилэг, Т.Отгонтуяа, С.Ганболд, О.Хос-Эрдэнэ, С.Уяацэцэг /Хундага/ нарыг ачиж тээвэрлэн ирүүлж өөрийнхөө төлөө санал өгүүлсэн. Үүнийг тус багийн иргэдийн Нийтийн Хурал, тооллогын комисс хянаж нягтлалгүй иргэдийн хүчинтэй саналын тоонд оруулан тооцсоноос Ц.Анхбаярт саналын давуу байдал үүсэж тус хуралдаанаар түүнийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшин ялсанд тооцсон. Дээрх нэр дурдсан иргэд нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэн биш болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор ч нотлогдож байгаа юм.

Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох ...” гэсэн заалтыг зөрчсөн, улмаар сонгуульд оролцох эрхгүй иргэний Ц.Анхбаярын төлөө өгсөн санал нь түүнд багийн Засаг даргаар сонгогдох давуу байдал үүсгэсэн гэж би үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар миний “төрийн байгууллагад сонгох, сонгогдох” эрхийг зөрчөөд зогсохгүй, монгол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Д.Нандинбилэг, Т.Отгонтуяа, С.Ганболд, О.Хос-Эрдэнэ, С.Уяацэцэг /Хундага/ нарын саналын эрхгүй иргэдийн өгсөн саналыг хүчингүйд тооцож, улмаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр баг /Тээл/-ийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай тогтоол, мөн тус хуралдааны санал тооллогын комиссын тогтоол зэргийг хүчингүйд тооцож, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд Ц.Нямхандыг тус багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, нэр дэвшүүлэхийг даалгаж өгнө үү. ... хууль бусаар, зохих харьяаллын бус иргэд оролцож санал өгч сонгогдсон Ц.Анхбаярыг Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилсон Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн Ц.Анхбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа болон Хурлын дарга П.Мягмарсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тус багийн 2016 оны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Тээл багийн Соёлын төвд эхэлсэн. П.Мягмарсүрэн миний бие тус хуралдаанаас багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдон, хуралдааныг удирдаж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулсан. Тус багийн Засаг даргад 4 дүгээр багийн иргэн Д.Батсайхан, Ц.Нямханд, Ц.Анхбаяр, Д.Одбаяр нар нэр дэвшин, холбогдох хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурлын дотоод журмын дагуу нууцаар санал хураалт явуулахад нэр дэвшигч Ц.Анхбаяр 1 хүний санал илүү авч багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн. Багийн Засаг даргаар нэр дэвшүүлэх санал хураалтыг явуулах үед иргэд, сонгогчдын багийн иргэний харьяаллын талаар болон бусад хууль, журам зөрчсөн асуудлаар иргэдээс болон нэр дэвшигч нараас санал гомдол, маргаан гараагүй болно.

Нэр дэвшигч Ц.Нямхандын хэлсэнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч Ц.Анхбаяр нь манай багийн харъяалалгүй 5 иргэнийг Мөрөнгөөс авчирч санал өгүүлсэн эсэх талаар Ц.Анхбаяраас асууж тодруулан, зарим иргэдээс мэдээлэл авч судлахад уг хүмүүсийг Ц.Анхбаяр авчраагүй, харин нэр дэвшигч Д.Батсайхан нь өөрийн төрсөн дүү Д.Нандинбилэгийг эхнэр Отгонтуяагийн хамт болон 4 дүгээр багийн иргэн С.Уяахундага, С.Ганболд, О.Эрдэнэ нарыг авчирч санал өгүүлсэн гэх мэдээлэл байна. Тухайн үед дээрх хүмүүсийг 4 дүгээр багаас өөр орон нутагт шилжсэн боловч санал өгч байгаа талаар санал тооллогын комиссын гишүүд, иргэдээс мэдэгдэх, санал гомдол гаргах асуудал гаргаагүй тул миний бие уг асуудлын талаар мэдээгүй болно.

Иймд тухайн үед ямар нэгэн санал, гомдол гараагүй тул дээрх 5 иргэн аль нэр дэвшигчийн төлөө санал өгснийг тогтоох үндэслэл байхгүй байна. 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга П.Мягмарсүрэн миний бие багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах “Санал тооллогын комисс”-ийн тогтоолыг үндэслэн санал хураалтад оролцсон иргэдийн олонхийн саналыг авч багийн Засаг даргаар нэр нь дэвшигдсэн Ц.Анхбаярыг батламжлуулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцогчдод танилцуулахад иргэдийн олонхийн саналаар баталсан. Тус иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтын үйл ажиллагаа хэрхэн явагдсан талаар хуралдааны материалд баримтжуулагдсан байгаа болно” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нэр бүхий 5 багийн Засаг даргыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот захирамжаар томилсон болно. Мөн энд багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолд Ц.Анхбаярыг 4 дүгээр багийн Засаг даргаар батламжилж өгөхийг сумын Засаг даргад уламжилсныг үндэслэн батламжилсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд Засаг даргын хувиар оролцох боломжгүй болно. Нэхэмжлэгч Ц.Нямханд нь сумын Засаг дарга миний нэр дээр болон сумын Засаг даргын Тамгын газарт уг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэртэй холбогдуулан биечлэн болон бичгээр ямарваа нэгэн өргөдөл гомдол гаргаж өгөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Анхбаяр, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Нямханд нь нэхэмжлэлдээ намайг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд тус багийн харъяалалгүй иргэн Д.Нандинбилэг, Т.Отгонтуяа, С.Ганболд, О.Хос-Эрдэнэ, С.Уяацэцэг нарын 5 хүнийг ачиж тээвэрлэн ирүүлж өөрийнхөө төлөө санал өгүүлсэн бөгөөд энэ нь Ц.Анхбаярт саналын давуу байдал үүсгэсэн гэжээ.

Миний бие дээрх нэр бүхий иргэдийг тээвэрлэж багийн иргэдийн Нийтийн Хуралд аваачаагүй. Дээрх иргэдээс Д.Нандинбилэг, Т.Отгонтуяа нар нь тус Хурлаар Засаг даргад нэр дэвшихээр өрсөлдсөн Д.Батсайханы төрсөн дүү, бэр хоёр нь юм. Мөн Уяацэцэгийг Д.Батсайхан сонгуульд аваачсан байх үндэслэлтэйгээс гадна энэ хүмүүс нууц санал хураалтаар чухам хэний төлөө саналаа өгсөн нь тодорхойгүй байна. Хэрэв миний төлөө санал өгсөн гэдгийг Ц.Нямханд тодорхой мэдэж байгаа бол нууц санал хураалт явагдсан гэж үзэх үндэслэлгүй болж байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн хууль зөрчигдөж байна. Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох миний эрх ч зөрчигдөж байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-нд би өөрөө тус сумын 2 дугаар багаас 4 дүгээр багт шилжсэн байсан боловч сонгуульд оролцож өөрийн төлөө саналаа өгөөгүй. Хэрэв энэ эрхээ эдэлсэн бол сонгуулийн дүнгийн надад ашигтай байдал улам илүү давуу байдалтай болох байсан нь эргэлзээгүй юм. Уг сонгуульд миний бие 1 иргэний саналын илүүгээр ялалт байгуулсан саналын дүн гарсныг тухайн үед тогтоолын төсөлд дурдаж Хуралд хэлэлцүүлэхэд ямар нэгэн маргаан огт гараагүй болно. Иймээс энэ бодит нөхцөл байдлыг хянан үзэж иргэн Ц.Нямхандын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Нямханд нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Д.Нандинбилэг, Т.Отгонтуяа, С.Ганболд, О.Хос-Эрдэнэ, С.Уяацэцэг /Хундага/ нарын саналын эрхгүй иргэдийн өгсөн саналыг хүчингүйд тооцуулах, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр баг /Тээл/-ийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай тогтоол, мөн тус хуралдааны санал тооллогын комиссын тогтоол зэргийг тус тус хүчингүйд тооцуулах, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд Ц.Нямхандыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн Цагаанбаатарын Анхбаярт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах” шаардлага гаргасан байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл буюу 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргад Ц.Анхбаярыг сонгож, томилуулахаар Төмөрбулаг сумын Засаг даргад уламжилжээ.

Улмаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Цагаанбаатарын Анхбаярыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилсон байна.

2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 307 иргэн оролцож, хүчингүй саналын хуудас 2, хүчинтэй саналын хуудас 305 гарснаас нэр дэвшигч Ц.Анхбаяр 153 хүний, нэр дэвшигч Ц.Нямханд 152 хүний санал авч Ц.Анхбаяр нэг хүний саналын илүүгээр ялсан болох нь Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны материал, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Нямханд “Д.Нандинбилэг, Т.Отгонтуяа, С.Ганболд, О.Хос-Эрдэнэ, С.Уяацэцэг /Хундага/ нарын саналын эрхгүй иргэдийн өгсөн саналыг хүчингүйд тооцуулах” шаардлага гаргасан. Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн харьяат бус гэх эдгээр таван хүнээс Д.Нандинбилэг, Т.Отгонтуяа нар нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэд болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолтуудаар тогтоогджээ.

Харин С.Ганболд нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 41 дүгээр гудамжны 5 тоотод, С.Уяахундага нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт, О.Хос-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багт байнга оршин суудаг болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Улмаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн харьяат биш С.Ганболд, С.Уяахундага, О.Хос-Эрдэнэ нараас С.Ганболд нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцоогүй, харин С.Уяахундага, О.Хос-Эрдэнэ нар оролцсон болох нь гэрч С.Ганболд, С.Уяахундага, О.Хос-Эрдэнэ нарын мэдүүлэг, Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт зэргээр тогтоогдож байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг сонгох санал хураалтад тус багийн харьяалалгүй иргэн О.Хос-Эрдэнэ, С.Уяахундага нар оролцож санал өгсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болохоор заасныг зөрчжээ. Энэ нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дүнд нөлөөлөхүйц, ноцтой зөрчил юм.

Учир нь нэр дэвшигч Ц.Анхбаяр 153 хүний, нэр дэвшигч Ц.Нямханд 152 хүний санал авч, Ц.Анхбаяр нэг хүний саналын илүүгээр багийн Засаг даргаар томилогдох нөхцөл байдал үүссэн байна. Гэтэл тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, санал өгөх эрхгүй хоёр хүн санал хураалтад оролцсон нь Ц.Анхбаяр, Ц.Нямханд нарын саналын зөрүүнээс их байх тул сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөхүйц байна.

Хэрэв багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож санал өгсөн харьяалалгүй иргэдийн тоо, нэр дэвшигч нарын саналын зөрүүнээс бага байсан бол тухайн Хурлын хуралдааныг хүчинтэй гэж үзэх үндэслэл болно. Харин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож санал өгсөн харьяалалгүй иргэдийн тоо, нэр дэвшигч нарын саналын зөрүүнээс их буюу тэнцүү байвал санал хураалтын дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарсанд тооцно.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэг”-ийн Тавын 3-т “Тухайн сонгуульт албан тушаалд нэр дэвшигдсэн хүн 2 буюу түүнээс дээш бол саналыг нууцаар гаргана ...” гэж заасан байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс тухайн багийн харьяалалгүй нэр бүхий 5 иргэн Ц.Анхбаярт санал өгч, түүнд саналын давуу байдал бий болгосон тул тэдний саналыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаж байгаа боловч багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон тухайн багийн харьяат бус С.Уяахундага, О.Хос-Эрдэнэ нар хэний төлөө санал өгснийг тогтоох боломжгүй, иргэдийн саналаа нууцаар гаргах эрхэд халдах хууль зүйн үндэслэл үгүй тул хэргийн нөхцөл байдал шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ц.Нямханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.Уяацэцэг /Хундага/ нарын саналын эрхгүй иргэдийн саналыг хүчингүйд тооцуулах гэсэн шаардлага гаргасан ба С.Уяацэцэг /Хундага/-ийн жинхэнэ нэрийг Сүхбаатарын Уяахундага гэдэг, тэрээр Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцож багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаан, түүний шийдвэр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.2-т зааснаар багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн сумын Засаг даргад уламжлах нь багийн Хурлын бүрэн эрх тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасныг баримтлан Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.

Хариуцагч, гуравдагч этгээд нараас 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдын харьяаллын асуудлаар тухайн үед маргаан гараагүй гэх боловч тухайн үед маргаан гараагүй гэдэг нь нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацааны дотор шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүйг дурдъя.

Хэдийгээр Ц.Анхбаярыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилсон нь хариуцагч Төмөрбулаг сумын Засаг даргын буруу биш боловч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсгийг зөрчсөн болох нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул тус Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, энэхүү тогтоолыг үндэслэн гарсан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Ц.Анхбаярт холбогдох хэсгийг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, энэхүү тогтоолыг үндэслэн гарсан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Ц.Анхбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.5, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гэрчийн мэдүүлгийг очиж авсаны зардал 53 400 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, улсын орлогын 100170005401 тоот дансанд тушаалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Цагаанбаатарын Анхбаярт холбогдох хэсгийг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” тогтоол, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Цагаанбаатарын Анхбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.5, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гэрчийн мэдүүлгийг очиж авсаны зардал 53 400 /тавин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, улсын орлогын 100170005401 тоот дансанд тушаалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид Ц.Нямхандад олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ