Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 490

 

 

Н.Б, Н.А, Ө.О, Д.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Л.Жавзмаа, хохирогч Т.Ч-ийн өмгөөлөгч Ц.Оргил, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 467 дугаар магадлалтай, Н.Б, Н.А, Ө.О, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Э.Алимаа, Т.Мөнхтуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Н-ын Б

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Ө-ын О нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэгт,    

3. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-н На нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Н-н А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Д.Н, Ө.О  нарыг “Бүлэглэн бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хоорондын танил харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Н-г“Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Н.Аыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Б-д 5 жил 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.О-од 4 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Н-г2 жил 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял, Д.Н-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 сар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 61 хоног, шүүгдэгч Д.Н-гийн цагдан хоригдсон 171 хоног, шүүгдэгч Ө.О-ын цагдан хоригдсон 172 хоногийг...” гэснийг “...шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 65 хоног, шүүгдэгч Д.Н-гийн цагдан хоригдсон 202 хоног, шүүгдэгч Ө.О-ын цагдан хоригдсон 181 хоногийг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б- гаргасан гомдолдоо “...Намайг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол, магадлал хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлийг зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үед надад залилангийн гэмт хэрэг үйлдэх зорилго байсан эсэхийг шалгаагүй.

Мөнхбадрал буюу Ө.О-оор баримт үйлдүүлсэн гэдгээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлснийг миний эсрэг ашиглаж байгаад харамсаж байна. Миний бие 1 төгрөг ч аваагүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв тогтвортой мэдүүлсээр байтал намайг авсан гэж гүтгэж мэдүүлсэн ба тэдний мэдүүлэг зөрүүтэй байдаг.

Шүүх мэдүүлгийн зөрүүг арилгаагүй бөгөөд зөрүүтэй мэдүүлгүүдэд үндэслэн намайг ялласан нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Намайг мөнгө аваагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх авсан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, ...1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Зам тээврийн яамны албан тушаалтан Баатар гэгч хэн болохыг тогтоолгохоор шүүхээс хэргийг буцаасан ч бодитой ажиллагаа хийгээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүй. Т.Ч-гийн нотлох баримтгүйгээр мөнгө өгөөд сурчихсан авилгын хэргийг шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна. Мөн миний хувийн байдлыг тогтоогоогүй, Н- , О-нараас илүү хугацаагаар хорих ял оноосонд гомдож байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Э.Алимаа нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ...шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.

1. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг илүү гэж үзэж бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй.

Шүүгдэгч Н.Б-ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан ...гэмт хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт шалган нотлоогүй байхад гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

...2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3281 тоот шинжээчийн дүгнэлтээр уг баримтын дунд хэсэгт “Иргэн Мөнхбадрал” гэж бичээд “хүлээн авсан” гэж төгссөн гар бичмэлийг шүүгдэгч Ө.О- бичсэн болохыг тогтоосон. Үүнээс үзэхэд Н.Б- нь уг мөнгөнд хамааралгүй болох нь тогтоогдсон болно.

...Мөрдөн шалгах ажиллагаагаар ...Баатар гэгчийг чухам хэн болохыг илрүүлээгүй.

Хоёр шатны шүүх Д.Н-, Н.Б-, Ө.О- нарын өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлснээс өөр баримт хэрэгт авагдаагүй байхад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв үнэлэлгүй үндэслэл муутай дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүхээс шүүгдэгч Д.Н-, Ө.О- нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг шүүгдэгч Н.Б-ын мэдүүлгээс илүү бодитой гэж үзсэн үндэслэлээ шийтгэх тогтоол, магадлалд огт дурдаагүй.

Шүүгдэгч Н.Б- нь 215,000,000 төгрөгөөс огт аваагүй гэдгээ тогтвортой мэдүүлсээр байхад түүнийг ямар ч нотолгоо үндэслэлгүйгээр мөнгөнөөс хувааж авсан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулсан эсэх, нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэт шалган тогтоогоогүй.

Нотлох баримтыг хэргийн оролцогчид болон Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор З.Энхжаргал тус бүрээ өөр өөрийнхөөрөө тайлбарлан шат шатны шүүхэд таамаглал дэвшүүлж байгаагаас үзэхэд хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай, мөрдөн байцаах ажиллагаа хийдээгүй болох нь тодорхой байна.

...Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Анар …Т.Дашдуламыг олж тогтоох, гэрчээр байцааж, эрэн сурвалжилж ...сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулсан атлаа Н.Б-тай нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг огт хийгээгүй, …таниулах ажиллагаанд хөндлөнгийн гэрч П.Анар-Эрдэнийг оролцуулаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасныг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг нотлох бүхий л арга хэмжээг аваагүй, нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэт шалган тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н. Бд 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн.

Н.Б- гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн эсэх, мөн гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан эсэхийг мөрдөн шалгах, прокурорын болон шүүхийн шатанд ч тогтоогүйгээс гадна анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ...зөрчиж шүүгдэгч Н.Б-ын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүгдэгч Н.Б- нь ...бусад шүүгдэгчидтэй мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч …онлайнаар оролцуулахад шаардлагатай чихэвч, техникийн хэрэгсэл байхгүй гэх шалтгаанаар шүүгдэгч Н.Б-ыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа хэлсэн саналдаа “...Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг өөр хоорондоо илтэд зөрүүтэй байхад шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Хохирогч Ч нь замын тендер авахаар хөөцөлдсөн. Ч нь 215,000,000 төгрөгийг О-буюу Мөнхбадрал нэрээр шилжүүлж өгсөн байдаг. Б нь энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй байхад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж байгаад гомдолтой байна. Хохирогч Ч нь 215,000,000 төгрөгийг Мөнхбадралд өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан “Б би 215,000,000 төгрөгийг авлаа, мөн Мөнхбадрал 215,000,000 төгрөгийг авлаа” гэсэн баримтыг үндэслэн түүнийг буруутгаж байгаад гомдолтой байна. Уг баримт нь харин 215,000,000 төгрөгийг Мөнхбадрал авсан болохыг нотолж байхад Б авсан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хохирогч Ч нь мөрдөн байцаалтын шатанд анх өгсөн мэдүүлэгтээ “Бид гурав хамт сууж байгаад 215,000,000 төгрөгийг Мөнхбадралд өгсөн” гэж хэлсэн байдаг. Тендерийн ажлыг Б олж, Н- , Мөнхбадрал нарт зуучлан олж өгсөн. Хэргийг шүүхээс 4 удаа мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч Бын өгсөн мэдүүлэг тогтвортой байсаар ирсэн. Энэ хэрэгт хэрхэн ямар хэлбэрээр оролцсон бэ гэдгийг нотолсон баримт байхгүй. Б нь 20,000,000 төгрөг авсан гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд уг мөнгө нь Бын Өмнөговь аймагт хийсэн ажлын хөлс юм. Бын гэм бурууг нотолсон баримт, хэдэн төгрөг авсан талаар шалган тогтоох шаардлагатай байна гээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг огт хийгээгүй.

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч Бын үйлдэл холбогдлыг шалган тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл прокуророос шүүгдэгч Быг энэ хэргийг зохион байгуулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг тал бүрээс нь үнэн зөвөөр үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Шүүгдэгч О , Н-  хоёр хоригдож байхад шүүгдэгч Н- гаас цагдаагийн байгууллагын олсон 11х6 хэмжээтэй бичигт “Дүү минь 50/50 гэснийг ойлгож байна уу” гэсэн байдаг. Тэгэхээр энэ хэргийг 50/50 хувиар нь Бд хүлээлгэх санаа байна гэж ойлгож байгаа. Н-  нь уг бичгийг О од өгсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд уг бичгийг Н-  бичсэн болох нь тогтоогдсон. Мөн 215,000,000 төгрөг өгсөн, авсан гэх баримт шинжээчийн дүгнэлтээр уг мөнгийг О-авсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэгт шүүгдэгч Н- гийн оролцоо их байхад шүүхээс хамгийн доод ялыг оногдуулсан. Шүүгдэгч О , Н-  нар гэм буруугаа хүлээж, 70,000,000 төгрөг гаргуулж, 3 жилийн хорих ял авсан учраас шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд ямар нэгэн гомдол гаргаагүй. Учир нь энэ хэрэгт Быг хангалттай гүтгэсэн учраас гомдол гаргаагүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг Бын ар гэрийнхэн гаргасан. Шүүгдэгч Б нь анх гаргасан гомдолдоо “Бид 215,000,000 төгрөг залилуулсан байна, үүнийг шалган тогтоож өгнө үү” гэсэн байдаг. Шүүгдэгч Б нь Н- , Мөнхбадралыг олж тогтооход өөрийн зүгээс бүхий л арга хэмжээг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таниулах ажиллагаа огт хийгдээгүй. Мөрдөн байцаагч Анар шүүгдэгч Н-  нь хүмүүсийг бүгдийг оруулж ирээд, өөрийнх нь анх Ганбаатарыг оруулж, Дашдулам эмэгтэйг харуулаад, таньж олуулах ажиллагаа хийж “Баатар биш байна” гээд хэргийг хаасан байдаг. Хохирогч Чтай хамт явж байгаа А-Эг оролцуулж, таньж олуулах ажиллагаа хийсэн бол бодит байдалтай нийцэх байсан. Ингээд хохирогч Ч, Н-  зэргийг шалгах явцад Д өмнө нь тендерийн ажил олж өгнө гэж хүмүүсээс мөнгө авч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлсэн нь тогтоогдсон. Д-г шүүх хуралдаанд оролцуулахаар удаа дараа хайсан боловч цагдан хоригдож байгаа талаар мөрдөн байцаагчийн тогтоолд дурдагдсан байдаг. Энэ хэрэгт Б нь ямар оролцоотой болохыг тогтоогоогүй, хэнийг хэрхэн залилан мэхэлсэн нь тогтоогдоогүй байхад түүнд ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Харин шүүгдэгч Б нь авилгын эсрэг гэмт хэргийн зуучлагч байхад залилан мэхлэх гэмт хэргийн зуучлагч гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хохирогч Чг сэжигтнээр татах нь зүйтэй гэж үзэж байна. Харин ял авсан шүүгдэгч нар ял завших магадлалтай байгаа учраас тусгаарласан тул хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн зохион байгуулагч нь хэн бэ, мөн хуулийн 3.7 дугаар зүйлд заасан бүлэглэн гүйцэтгэх гэдэг нь өөр хоорондоо ялгаатай. Шүүгдэгч Б нь бусдыг залилан мэхэлж мөнгө авах гэсэн хүмүүстэй огт нэгдээгүй. Хохирогч Чтай хамтран ажил авч, гүйцэтгэвэл компанийн ажилчдыг оруулахаар харилцан тохиролцсон байдаг. Мөрдөн байцаах болон прокурорын шатанд шүүгдэгч Быг зохион байгуулсан, бүлэглэсэн эсэхийг тогтоож чадаагүй тул шүүгдэгч Бд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

Мөн шүүгдэгч Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н-гийн өмгөөлөгч Б.Энхтуяа хэлсэн саналдаа “...Энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар удаа дараа хэлэлцсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч нарын оролцсон оролцоо зэрэгт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

Шүүгдэгч Н-  нь 2014 оны 10 дугаар сар хүртэл энэ үйл ажиллагаанд оролцож, Баатартай уулзсан байдаг. Шүүгдэгч Н-  нь тендерийн бичиг баримтын зургийг авч, Бд өгсөн бөгөөд энэ үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Харин шүүгдэгч Н- гийн цагдан хоригдсон хоногийг шүүхийн шийтгэх тогтоолд 171 хоног гэж дурдсан.

Шүүгдэгч Н- гийн цагдан хоригдсон хоногуудыг шийдвэртээ зөв оруулаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, цагдан хоригдсон хоногийг зөвтгөж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Л.Жавзмаа хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Н.А нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялаа эдлээд гарсан тул хяналтын журмаар гомдол гаргаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд захиргааны актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж гэм буруутайд тооцсон. Шүүхээс хийсэн хэргээ хүлээн зөвшөөрснөөр ял оногдуулахгүйгээр тэнсэх эсхүл хөнгөн ял оногдуулах боломжтой гэж дүгнэсэн. Шүүгдэгч А  нь зам тээврийн гэмт хэрэгт шалгагдаж байсан ба шүүгдэгч Н- , Б нарт холбогдох хэргээс тусгаарлахгүйгээр хамтад нь 2016 оноос хойш 3 жил шалгасан.

Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хянаж өгнө үү. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч А т холбогдох хэргийг тусгаарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч тусгаарлаагүй тул хэргийг тусгаарлаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Т.Ч-гийн өмгөөлөгч Ц.Оргил хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Б мөнгө аваагүй гэж маргадаг. Харин гэмт хэрэг хаана, хэзээ гарсан, төгссөн талаар маргадаггүй. Гэмт хэрэг үйлдэхдээ огт зарлагдаагүй хуурамч тендерийн баримт бичигтэй ирсэн. О ыг Мөнхбадрал гэх хуурамч нэртэйгээр оруулж ирсэн бөгөөд эдгээрийг Б удирдаж, мөнгийг нь авснаар төгссөн. Мөнгө авсан баримт дээр О , Б нар гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б нь эдгээр үйл баримт дээр ямар нэгэн дүгнэлт хийлгүй, зөвхөн мөнгө аваагүй гэж маргадаг. 50х50 гэсэн бичгийг О , Н-  нар хоорондоо солилцсон байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч 50/50 хувь гэж тайлбарладаг. Уг баримт дээр ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй. Хохирлыг 3 хувааж, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Таньж олуулах ажиллагааны хувьд Дашдуламыг Бтай нүүрэлдүүлээгүй гэж маргадаг. 2002 оны хуулиар гэрчийг сэжигтэн, яллагдагчтай нүүрэлдүүлэхийг хориглосон. Шүүх хуралдаанд цахимаар оролцуулах ажиллагааны хувьд цагдан хорих анги дөнгөж нэгдээд, сүлжээнд холбогдоогүй байсан, гэхдээ дүрсээ харж оролцсон, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нь өөрөө шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналаа хэлсэн. Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Т.Ч-д Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй тендерийн хуурамч баримтыг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон, хохирогчийг төөрөгдөлд оруулж, 215,000,000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан. Шүүгдэгч Н-  нь Зам тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, хохирогч Э-д хүнд гэмтэл учруулсан. Шүүгдэгч А  нь бусдад буюу шүүгдэгч Н- д жолоогоо шилжүүлсний улмаас хохирогч Э-ийн бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулан бэхжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзэж, шүүгдэгч Быг уг гэмт хэрэгт оролцсон байна гэж дүгнэсэн талаараа шийтгэх тогтоолд тодорхой тусгасан. Бд 215,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг өгсөн талаар О-болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн шүүгдэгч Бын гомдолд Баатар гэх хүний талаар хэлдэг. Энэ хэрэг 2014 онд үйлдэгдсэн бөгөөд энэ хугацаанд Баатарыг олох ажиллагаа хийсэн боловч овог нэр, хаана амьдардаг, Монгол Улсын иргэн мөн эсэх нь тодорхойгүй байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Быг оролцуулах хүсэлт гаргасан боловч сүлжээ асуудалтай байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгч өөрөө гаргасан болох нь хурлын тэмдэглэлд тодорхой байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Э.Алимаа, Т.Мөнхтуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-, Ө.О-, Д.Н-, Н.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Б-, Ө.О-, Д.Н- нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Т.Ч-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “GP” плаза цамхагт байрлах “Модерн номадс” ресторанд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих” хуурамч мэдэгдлийг үзүүлж, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Т.Ч-гаас 215,000,000 төгрөгийг залилан авсан,

Д.Н- нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Н.Аын эзэмшлийн 53-83 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Монгол 3 дугаар сургуулийн урд замд хохирогч Б.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, С.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Энх-Амгалангийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2,962,000 төгрөгийн, Х.Удвалын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон тээврийн хэрэгсэлд 4,905,000 төгрөгийн, Б.Бямбадуламын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2,240,000 төгрөгийн, Н.Аын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3,610,000 төгрөгийн, Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эзэмшлийн эд хөрөнгөд 194,547 төгрөгийн хохирол учруулсан,

Н.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.6/ “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчин Д.Н-д жолоогоо шилжүүлсний улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч С.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Э эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2,962,000 төгрөгийн, Х.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон тээврийн хэрэгсэлд 4,905,000 төгрөгийн, Б.Бямбадуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон ....улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд 2,240,000 төгрөгийн, Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эзэмшлийн эд хөрөнгөд 194,547 төгрөгийн хохирол тус тус учруулсан талаарх нөхцөл байдал хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Н.Б-, Н.А, Ө.О-, Д.Н- нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Шүүхүүд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-, Н.А, Ө.О-, Д.Н- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Н.Б-, Ө.О-, Д.Н- нарын “Хуурамч мэдэгдлийг үзүүлж, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Т.Ч-гаас 215,000,000 төгрөгийг нь авсан” үйлдлийг “хууль буцаан хэрэглэх” зарчим, “гэмт хэрэгт хамтран оролцох” хэлбэрийн талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн зохих зүйл, хэсэг, заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Д.Н-гийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг “хууль буцаан хэрэглэх” зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар,

Н.Аын согтуу хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлсний улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг “хууль буцаан хэрэглэх” зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр тэдний гэмт үйлдэлд өгсөн шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон бодит оролцоог харгалзан тэдгээрт ялгамжтай ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тус тусын гэм бурууд тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Э.Алимаа нар нь “Н.Б- 215,000,000 төгрөгийг аваагүй, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдаагүй” гэсэн гомдлын үндэслэл гаргасан боловч гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Н.Б- нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж их хэмжээний мөнгийг нь  залилж авах хүсэл зорилгоо хэрэгжүүлэхэд Ө.О-, Д.Н- нартай нэгдэж, гардан гүйцэтгэх, зохион байгуулж оролцсон талаарх нөхцөл байдлыг нотлох баримтыг үнэлэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн үнэлгээ, дүгнэлтийг үгүйсгэсэн нөхцөл байдал, нотолгоо тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч нарын гомдлын хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа хэсэг нь хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах агуулгатай байна.

Гэтэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж тодорхой заасан тул гомдлын дээрх үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд “шүүгдэгч нарыг цахим сүлжээ ашиглан оролцуулах гэтэл хорих ангийн интернетийн хурд муутайгаас их гацаж, тоног төхөөрөмж хүрэлцээгүйгээс цахим сүлжээгээр тэднийг шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй байна, иймд шүүгдэгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх үү” гэсэн асуултыг шүүх хуралдаан даргалагч асуухад тэнд оролцож байсан шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Э.Алимаа, Т.Мөнхтуяа, Х.Даваахүү нар болон бусад оролцогчид “ямар нэг хүсэлт байхгүй” гэдгээ тодорхой илэрхийлж, шүүх хуралдаан үргэлжилсэн байтал ийнхүү хүсэлтээ илэрхийлж байсан өмгөөлөгчид энэхүү үндэслэлээрээ гомдол гаргасан байна.

Хэрвээ гомдол гаргасан өмгөөлөгч нар тухайн шүүх хуралдаанд хүсэлтээ гаргасан тохиолдолд шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангах бүрэн бололцоотой байсан бөгөөд тэднээс ямар нэг хүсэлт гаргаагүй нь шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэх үндэслэл болсон байх тул гомдлын дээрх үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.  

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас цагдан хоригдсон хоногийг зөвтгүүлэх талаар гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зөрчсөн үндэслэлд хамаарахгүй бөгөөд тооцооны шинжтэй алдаа гаргасан нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх үед илэрвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14, 37.11 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүх шийдвэрлэвэл зохино.

Үүнээс гадна хохирогч Т.Ч- нь “нотлох баримтгүйгээр авлигын хэрэг үйлддэг” гэх гомдлын үндэслэлээр мөрдөн байцаалт болон прокурорын шатанд ямар нэг тодорхой ажиллагаа хийгдээгүй бөгөөд энэхүү “Залилах” гэмт хэрэгт уг асуудлыг нэгтгэн шалгасан нотлох баримт, прокурорын дүгнэлт хавтаст хэргийн материалд авагдаагүй тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, түүний үйл баримтын хүрээнээс халихгүйгээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тогтоосон хэм хэмжээний дотор хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Э.Алимаа, Т.Мөнхтуяа нарын хамтран гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 467 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Э.Алимаа, Т.Мөнхтуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН