Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 31

 

Р.Ш-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/00090/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Ш-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч ДУАНДХ-т холбогдох

“Тэтгэврийн хэмжээг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Ш- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Р.Ш- миний бие 1991 оны 10 дугаар сарын 01-нд Увс аймагт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд сард 350.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Миний бие 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 1991 онд хүүхдээр тэтгэвэр тогтоолгосон.

Гэтэл зарим иргэний тэтгэврийг нэмэгдүүлэх тухай Монгол улсын хууль гарч 2020 оны 02 сараас хүүхдээр тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлсэн боловч миний тэтгэврийг нэмэгдүүлээгүй байна. Иймээс би ДУАНДХ-ийн байцаагч, албаны дарга, хяналтын байцаагч нартай удаа дараа уулзаж тэтгэврээ нэмүүлэх тухай өргөдөл өгсөн боловч намайг 1991 онд анх тэтгэвэрт гарахдаа хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарсан тул тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Би 6 хүүхэд төрүүлж өсгөн 46 насандаа хүүхдээр тэтгэвэрт гарсан байхад нийгмийн даатгалын хэлтэс нь миний тэтгэврийг нэмэгдүүлэхгүй байгаад гомдолтой байна.

Иймээс 2020 оны 02 дугаар сараас эхлэн миний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДУАНДХ- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн

1 дүгээр зүйл. 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50.000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заасны дагуу

1.1.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,

1.2.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,

1.3.нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй,

1.4.нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн 50,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иргэн Д.Ш- нь 1991 онд анх тэтгэвэрт гарахдаа хүнд нөхцөлөөр гарсан байх бөгөөд дээрх нөхцөлд хамаарахгүй байгаа тул түүний тэтгэврийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн нэмэгдүүлэх боломжгүй болно.

Тэтгэвэр олгосон үндэслэлийг хувийн хэргээс нь нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Х.******* шалгаж үзээд яагаад тэтгэвэр нэмэгдээгүй шалтгааны тодорхой тайлбарлаж мэдэгдсэн байдаг. Р.Ш-гийн хөдөлмөрийн дэвтэрт 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд лаборант мэргэжлээр ажилласан байдаг. Лаборант мэргэжлээр одоо тэтгэвэр тогтоолгоход хүнд нөхцөлдөө ордог гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр:

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Р.Ш-гийн тэтгэврийн хэмжээг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгохыг ДУАНДХ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДУАНДХ-ээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Ш-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.М- давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн

1 дүгээр зүйл. 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50.000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заасны дагуу

1.1.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,

1.2.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,

1.3.нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй,

1.4.нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй

Дээр дурдсан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн 50.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Гэтэл иргэн Д.Ш- нь Лаборант мэргэжлээр 1970-1990 он хүртэл 21 жил ажиллаж байгаа 1991 онд анх тэтгэвэрт гарахдаа хүнд нөхцөлөөр гарсан нь тэтгэвэр тогтоолгон тэтгэврийн  хувийн хэрэгт болон цахим программд тэмдэглэсэн байх бөгөөд дээр дурдсан  4 нөхцөлд хамаарахгүй байгаа тул түүний тэтгэврийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжгүй болно.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Ш- нь хариуцагч ДУАНДХ-т холбогдуулж, өөрийн авч буй тэтгэврийн хэмжээг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Р.Ш- нь анх 1991 онд өндөр настны тэтгэвэр тогтоолгохдоо “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-өөр тэтгэвэр тогтоолгосон байх тул одоо Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуульд заасан нөхцөлд хамаарахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Р.Ш- нь 1945 онд төрсөн, одоо 76 настай бөгөөд  6 хүүхэд төрүүлж, өсгөсөн,  Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборантаар  21 жил, 2 сар ажиллаж байгаад 1991 оны 10 дугаар сард өндөр настны тэтгэвэр тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэрэг, иргэний үнэмлэх, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Р.Ш- нь хэдийгээр анх өндөр настны тэтгэвэр тогтоолгохдоо “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-өөр тэтгэвэр тогтоолгосон боловч 20-оос доошгүй жил ажиллаж, 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөсөн болох нь тогтоогдож байх тул Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т  “төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан, 4 түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эх” гэсэн заалтад хамаарч байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн  нэхэмжлэгч Р.Ш- анх тэтгэвэр тогтоолгохдоо хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон тул хуулиар олгосон нэмэгдэлд хамаарахгүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, ДУАНДХ-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ДУАНДХ- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

 

                                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                     ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН                        

                                                                                                                        Л.АМАРСАНАА