Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 32

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                            Хэргийн индекс: 135/2020/01378/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “ДТҮ” ХК-д холбогдох

“ДТҮ хувьцаат компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/853 дугаартай Т.Э-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалыг үндэслэж суутгасан цалин 419.619 төгрөг, урамшуулал 445.536 төгрөг, нийт 865.155 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие “ДТҮ” ХК-д үйлдвэр шугам сүлжээний агаар задлагчийн аппаратчнаар ажилладаг. 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 08 цагт ажилчдын автобусаар ажилдаа очиж үйлдвэр рүү ороход сувилагч Б.Х- маск зүүгээгүй ажилчдыг 150.000 төгрөгөөр торгоно гээд ажилчдын нэрс бичиж байхаар нь би түүнээс яагаад ингэж торгох болов гэж асуухад ерөнхий захирлын тушаал гарсан гэж хэлсэн. Би түүнээс хэзээ тийм тушаал шийдвэр гарсан юм бэ?, хаана байна, үзье гэхэд надад байхгүй гэхэд нь үзүүлж танилцуулаагүй байж яагаад ингэж байгаа юм бэ?, болиоч гэж хэлээд түүний ажилчдын нэрс бичиж байсан балыг нь авчихсан юм. Сувилагч Х-д чи олон жил энэ ажилчидтай цуг ажиллаж ирсэн байж үзүүлж харуулах тушаал, шийдвэр байхгүй байж болохгүй шүү дээ гэж хэлчхээд ажлын мест рүүгээ явсан. Гэтэл Х- үйлдвэрийн захиргаанд гомдол гаргасан юм билээ. 2020 оны 09 сарын 21-ний өдөр компанийн хуулийн зөвлөх Б.Ц- намайг өрөөндөө дуудаж уулзаад ёс зүйн алдаа гаргасан тул чамд сахилгын шийтгэлийн асуудал яригдана шүү гэж хэлэхэд нь маск зүүгээгүй ажилчдыг 150.000 төгрөгөөр торгох тухай гаргасан тушаал шийдвэр чинь хаана байгаа юм бэ?. Ажилчид үзэж танилцаагүй байна гэж асуухад, гуанзны үүдэнд наасан байгаа, уншиж танилцаагүй юм уу гэж хэлсэн.

Гараад гуанз руу очиж үзэхэд гуанзны үүдэнд наасан, хадсан ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй байсан. 2020 оны 09 сарын 30-ны өдрийн өглөө ажилтай байхад хуулийн зөвлөх Д.Э- над руу утсаар залгаж тайлбараа өгөөч гэж шаардахад нь ажилтай байна, ээлжээс буугаад өгье гэж хэлсэн. Би 2020 оны 09 сарын 31-ний өглөө ажлаас буугаад Д.Э-тай уулзаж, тушаал шийдвэр гарсан, гараагүй, танилцуулсан, танилцуулаагүй гэсэн талаар жаахан маргаад салцгаасан. Ингээд энэ асуудал дахин яригдаагүй явсаар 2020 оны 11 сарын 04-ний өдөр цалин буугаад цалингаа авахад цалин дутуу бодогдож суутгал хийгдсэн байсан. Миний бие учир шалтгааныг тодруулахаар хуулийн зөвлөх Б.Ц-тай уулзахад чамд холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн алдаа гаргасан гэж 3 сарын цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл ногдуулсан гэж хэлсэн. Тийм тушаал, шийдвэр гараагүй юм бол зүй ёсны шаардлага тавьсан надад яах гэж сахилгын шийтгэл ногдуулж, энэ хүнд хэцүү цар тахлын үед цалингийн 20 хувиар шийтгэж байгаа юм бэ гэхэд харин ч чамайг ажлаас чинь халах байсан юм, олон жил ажилласан байдлыг чинь харгалзан үзэж 3 сарын цалингийн 20 хувиар шийтгэл ногдуулсан шүү гэж хэлсэн.

Ерөнхий захирлын нэрийг барьж торгох тушаал, шийдвэр гарсан гэж худлаа хэлж, ажилчдад дарамт, шахалт үзүүлсэн учраас л би тэдний нэрийн өмнөөс зүй ёсны шаардлага тавьсан. Ингэлээ гээд надад үндэслэлгүй, буруу сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг 2020 оны 09 сарын 30-ны өдөр гаргачхаад надад хэлж мэдэгдэлгүй цалингаас суутгал хийсэнд гомдолтой байна. Үндэслэлгүй, хууль бус шаардлага тавьж, дарамт шахалт үзүүлж байгааг нь би үнэн зөвөөр нь хэлж, зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө хэлмэгдэж цалин хөлсөөрөө хохирч байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй, өгөөгүй байна. Харин би 2020 оны 09 сарын 30-нд компанийн ерөнхий захирлын Б/853 тоот чамд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан байна гэдгийг 2020 оны 11 сарын 10-ны өдөр бусдаас сонссон. Иймд ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн Б/853 тоот сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байх тул надад буруу ногдуулсан тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзээд ДТҮ ХК-ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/853 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус тушаалыг хүчингүй болгуулж, 2020 оны 10, 11, 12 дугаар сард суутгасан цалин 414.000 төгрөг, 2020 оны 09, 10 дугаар сарын урамшуулал цалин болох 450.000 төгрөг, нийт 864.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 08.00 цагт ажилчдын автобусаар Т.Э- нь үйлдвэр дээр ажил үүргээ гүйцэтгэхээр очсон. Очиход үйлдвэрийн сувилагч Б.Х- гэж хүн нэрс бичээд зогсож байсан. Т.Э- нь ямар учиртай нэрс бичиж байгаа талаар Б.Х-аас асуухад маск зүүгээгүй хүмүүсийг торгож цалингийн арга хэмжээ авна гэж хэлэхэд нь албан ёсны тушаал шийдвэрээ үйлдвэрийн ажилчдад танилцуулаагүй байж яагаад ийм зүйл хийдэг юм бэ гээд сувилагчийн балыг булааж автал хоёр хуваагдсан үйл явдал болсон байдаг. Энэ үйлдэлд нь сувилагч Б.Х-ын биед халдсан, мөн байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8.3.21, 10.2, ёс зүйн дүрмийн 7.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд Т.Э-т сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулахдаа үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Б/853 дугаартай тушаал гаргахдаа хууль зүйн үндэслэлээ тодорхойлж хэд хэдэн заалтуудыг барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 зүгээр зүйлийн 131.1.2-т үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах, дотоод журмын 3.1 дэх хэсэгт компани ерөнхий захирал үйл ажиллагаатай холбогдолтойгоор тушаал шийдвэрийг гаргана, 8.3-т эс үйлдэхүй гаргасан тохиолдолд ажилтанд үндсэн цалингийн 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулна гэх заалтууд барьсан байна. Иймд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, Д.Э- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Сахилгын шийтгэл гаргасан үйл баримтын тухайд: Т.Э- нь 2020 оны 09 сарын 15-ны өдөр Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам-ын дагуу хяналт тавин ажиллаж байсан тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн сувилагч Б.Х-ын биед халдан зөрчил гаргасан нь хяналтын камерын бичлэг, Б.Х-, Хамгаалалт аюулгүй байдлын албаны харуулын ээлжийн ахлах Г.Одбаяр, харуул Я.Жамъяндорж болон нэхэмжлэгчийн өөрийн гараар бичиж өгсөн тодорхойлолтоор тогтоогдсон болно.

Ерөнхий захирлын тушаалын үндэслэлийн тухайд: ДТҮ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.3.21-д Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй нийт журмууд болон энэхүү журамд тусгагдсан холбогдох заалтуудыг зөрчсөн тохиолдолд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар болон Ёс зүйн дүрэм-ийн 7.1.1-д Бусдыг доромжилсон, гүтгэсэн, үндэслэлгүйгээр хов зөөсөн, хүнлэг бус харьцсан, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, зүй бус харьцсан бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоор тусгасан. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журам-ын ажилтны хүлээх үүрэг хэсгийн 10.2.2-т заасан Албан тушаалын ёс зүй, харилцааны соёлыг эрхэмлэн удирдлагын бүх шатанд бие биенээ хүндэтгэн ажиллах..., 2019.03.01-ний өдрийн Гэ2781 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой байгууллагад мөрдөгдөж байгаа бүхий л заавар, журам, энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, техник технологи, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын горимыг чанд сахин биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажилдаа мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд, чанартай хийж гүйцэтгэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Урамшуулалт цалингийн тухайд: Компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн Б/853 дугаартай тушаалд урамшуулалт цалин хасах тухай заалт ороогүй бөгөөд “ДТҮ” ХК-ийн Гангийн үйлдвэрийн ажилтнуудын ажлын үр дүнгээс хамаарч урамшуулалт цалин олгох журам-ын дагуу шалгуур хангасан ажилтанд олгодог олговор юм. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны ажлын үр дүнг журмын дагуу дүгнэж үндсэн цалин дээр нэмэлтээр урамшуулал олгох эсэх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч "ДТҮ хувьцаат компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/853 дугаартай Т.Э-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалыг үндэслэж суутгасан цалин 419.619 төгрөг, урамшуулал 445.536 төгрөг, нийт 865.155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Э- давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02-р сарын 24-ний өдрийн 143 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг тус шүүхэд гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх ба хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд бий болсон үйл явдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв зүйтэй үнэлж чадсангүй гэж миний бие үзэж байна. Учир нь :

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд тайлбар гаргахдаа: Т.Э- нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Ковид-19 коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын дагуу хяналт тавьж ажиллаж байсан эрүүл ахуйн сувилагч Б.Х-ын биед халдан зөрчил гаргасан нь хяналтын камерын бичлэг, Б.Х-, харуулын ээлжийн ахлах Г.Одбаяр нарын тодорхойлолтоор тогтоогдсон, Ерөнхий захирлын тушаалын үндэслэлийн тухайд Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.21-д Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, дүрэм, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй нийт журмууд болон энэхүү журамд тусгагдсан холбогдох заалтуудыг зөрчсөн, “ёс зүйн дүрэм“-ийн 7.1.1-дэх заалтуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан.   

Сахилгын шийтгэл ногдуулсан ерөнхий захирлын Б/853 дугаар тушаал үндэслэлтэй гэж тайлбарласан. Ажил олгогч нь ажилчдад байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг уншуулж танилцуулдаг, бусад дүрэм журмыг гаргаснаа хэлж танилцуулдаггүй мөртлөө гарын үсгийг шууд зуруулдаг нь нууц биш юм.

Би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Корона вирус халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам, ёс зүйн дүрэм гэдгийг баталж компани дээр хэрэгжүүлж байгаа талаар огт мэдэгдээгүй бусад ажилчид ч ийм дүрэм журам компани дээр мөрдөгдөж байсан талаар огт мэдэхгүй байсан. Тэгсэн атлаа үзүүлж харуулаагүй дүрэм журам тушаал шийдвэр дурдаад ажлын байрны дарамт үзүүлж юм л бол арга хэмжээ авна, торгоно цалин хасна гээд байдаг болохоор би тэр тушаал шийдвэр дүрэм журмаа үзүүлж харуулаагүй байж нэрс бичиж хэрэггүй шүү дээ гэсэн шаардлага л тавьсан. Түүнээс биш сувилагчийн бие эрх чөлөөнд халдаж зодоогүй, үг хэлээр доромжилж дайраагүй юм. Тухайн үед үйлдвэр дээр маск зүүгээгүй хүнийг 150.000 төгрөгөөр торгоно гэсэн яриа гараад хүн бүхэн энэ талаар ямар тушаал шийдвэрийг, хэн хэзээ гаргасан, танилцуулсан эсэх талаар бие биеэсээ асууж гайхаж байсан учраас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө нэр бичээд зогсож байсан сувилагч Б.Х-аас ямар учраас нэр бичиж байгаа талаар асуухад. “Торгоно” гэсэн үг хэлэхээр нь би дүрэм журмаа танилцуулаагүй байж үндэслэлгүй шаардлага тавих юмаа гэж балыг нь булаан авсан. Бидний хооронд ердөө ийм л үйл явдал болсон. Энэхүү үнэн бодит байдлыг тэнд байсан ажилчид бүгд л харж байсан атлаа шүүхэд дуудуулаад үнэн бодит байдлыг асуулгаж гэрчлүүлэх гэхээр ажил олгогчийн зүгээс ирэх дарамт шахалт зэргээс айж, ажилгүй болно гэж /энэ талаараа гэрч болно гэж байсан ажилчид надад хэлж байсан/ бүгд дургүйцэж мэдүүлэг өгч чаддаггүй юм билээ. Харин эсрэгээрээ ажилтан миний эсрэг намайг гүтгэсэн худал мэдүүлгүүдийг өгч шударга үнэнийг гуйвуулж байх юм Тухайлбал Б.Х- нь намайг үг дуугүй ирээд биед халдаж, бал булааж авсан гэж мэдүүлэг өгсөн байсан.

Шүүх ажил олгогчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийн мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь учир дутагдалтай юм шиг санагдсан.

Ажил олгогч нь гаргасан дотоод дүрэм журмаа ажилчдад дор бүр нь танилцуулсны дараа зүй ёсны шаардлагаа тавьж, хариуцлага тооцож, хүлээлгэх нь зүйд нийцнэ гэж үздэг хүнийхээ хувьд үнэн үг хэлсний төлөө надад сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэж ерөнхий захирлын Б/853 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч Т.Э- нь тус шүүхэд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Дэлхий нийтийг хамарсан цар тахал /Сovid-19/-аас урьдчилан сэргийлэх Улсын болон Аймгийн онцгой комиссын шийдвэрийг биелүүлэх зорилгоор компанийн хэмжээнд мөрдөх Ерөнхий захирлын тушаалаар баталсан “Корона вируст халдвар /Сovid-19/-аас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны түр журам”-ыг хэрэгжүүлж байсан ажилтны эд зүйлийг булаах зэргээр ёс зүйгүй үйлдэл гарган компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ийн 8.3.21 болон компанийн “ЁС зүйн дүрэм-ийн 7.1.1-т заасан зөрчил гаргасан, 2019.03.01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ’-ний 3.2.1-д болон “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийн талаар маргаагүй болно.

2. Гомдолд миний эсрэг намайг гүтгэсэн худал мэдүүлгүүдийг өгч шударга үнэнийг гуйвуулж байх юм” гэжээ. Хэрвээ гүтгүүлсэн гэж үзэж байгаа бол иргэний шүүхэд биш эрүүгийн журмаар шалгуулж нэр төрөө сэргээлгэх боломж нэхэмжлэгчид байгаа. Гэрчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоосон бөгөөд гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа нь шүүхийн хэрэгжүүлдэг онцгой ажиллагаа байдаг билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, тайлбарыг үгүйсгэх нотлох баримтаа бүрдүүлэх үүрэг нь талуудад байдаг.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн зүгээс гэрчийн мэдүүлэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, хүсэлт гаргаагүйг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

“ДТҮ” ХК нь ёс зүйг үнэт зүйлээ болгон тунхагласан үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 143 дугаартай шийдвэр нь үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Э- “ДТҮ” ХК-нд холбогдуулан тус компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/833 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалыг үндэслэж, цалингаас суутгасан 419.619 төгрөг, урамшуулал 445.536 төгрөг нийт 865.155 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч “ДТҮ” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  маргаж буй компанийн ерөнхий захирлын дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын маргаж буй тушаалын гол үндэслэл нь нэхэмжлэгч Т.Э-ыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ёс зүйн зөрчил гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдсон байна  гэж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын  3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.3.21, 10 дугаар зүйлийн 10.2.2, Ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн гарсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, болсон үйл баримтаас үзвэл 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус компанийн харуулын 1 дүгээр хэсгийн ажилтнуудын нэвтрэх цэг дээр  болсон үйл баримт байх бөгөөд нэхэмжлэгч Т.Э- нь харуулын хэсгээр нэвтрэхдээ тэнд ажил үүргээ гүйцэтгэж,  “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын дагуу хяналт тавин ажиллаж байсан тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сувилагч Б.Х-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдан эд зүйлийг нь булаан авч, эвдэлж, хаясан үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйлдэл нь компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.3.21-д “Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй холбогдох хууль дүрэм, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй нийт журмууд болон энэхүү журамд тусгагдсан холбогдох заалтуудыг зөрчсөн”, 10 дугаар зүйлийн 10.2.2-т “Албан тушаалын ёс зүй, харилцааны соёлыг эрхэмлэн, удирдлагын бүх шатанд бие биенээ хүндэтгэн, ажлын байрны эрүүл аюулгүй орчин бүрдүүлж ажиллах, өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх”, Ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “...бусадтай зүй бус харьцсан”, ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой байгууллагад мөрдөгдөж байгаа бүхий л заавар, журам, энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, техник технологи, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын горимыг чанд сахин биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх” гэж тус тус заасныг зөрчсөн үйлдэл болсон байна.

Нэхэмжлэгч Т.Э-ын энэхүү үйлдэл нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн харуулын 1 дүгээр хэсгийн хяналтын камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд тэрхүү бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад болон болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Э-ын компанийн зүгээс гаргаж буй дүрэм, журмаа танилцуулалгүй, үндэслэлгүй шаардлага тавьдаг, компанийн бусад ажилчид бодит үнэн байдлыг бүгд харж байсан атлаа ажил олгогчийн зүгээс ирэх дарамт шахалтаас айж, ажилгүй болно гэж дургүйцэж үнэн зөв мэдүүлдэггүй гэсэн давж заалдсан гомдлоор түүнийг ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийг зөвтгөх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Э- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                    

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                                     ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН                         

                                                                                                                      Л.АМАРСАНАА