Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00649

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00339 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д-ы хариуцагч Н-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А-н гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д-миний бие 1987 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн бөгөөд эрүүл мэндийн салбарт 33 жил үр бүтээлтэй ажиллаж, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой ахмад эмч хүн. 2003 оноос Н-т нярайн их эмч, нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тэтгэвэрт гарч улмаар үргэлжлүүлэн тус байгууллагад нярайн их эмчээр ажиллаж байсан ба 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ёс зүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие Н-т ажиллаж байх хугацаандаа эмчилгээ үйлчилгээний стандартыг чанд баримталж, халдвар хамгааллын дүрэм журмыг хатуу мөрдөж, хамт олноо зохион байгуулж ажилласан. Ингэж ажилласны үр дүнд нярайн эндэгдлийг 5 тохиолдол хүртэл бууруулж амжилттай ажилласан нь статистик тоо баримтаар нотлогдоно. Нярайн тасгийг шинэчлэн тохижуулах төслийг анх санаачилж, хандивлагч байгууллагуудын тусламжтайгаар тасагтаа иж бүрэн засвар хийлгэж, нярайн эрчимт эмчилгээний фото аппарат 5, дутуу нярайн амьсгал дутлыг засах аппарат байгууллагадаа нийлүүлэн, нярайд ээлтэй орчныг бүрдүүлэн орчин үеийн стандартаар тохижуулсан. Дутуу нярайн уушигны амьсгал дутлыг засах орчин үеийн эмчилгээ болох сурфактанд эмчилгээг анх удаа хийж дутуу нярайн эндэгдлийг 50 хувиар бууруулан нярайн эмчилгээ, халдвар хамгааллын стандартыг мөрдөж ажилласны үр дүнд нярайн тасгийн хамт олон 2016 оны бүтээлч хамт олон, 2017 онд шилдэг аварга тасгаар шалгарч тасгийн хамт олноос байгууллагын аваргууд, дэд аварга, шилдэг бага эмч зэрэг олон эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг үнэлүүлж, жил дараалан баг хамт олноороо дээрх гавъяа шагналуудыг хүртэж амжилттай ажиллаж ирсэн. Тус байгууллагад 17 жил идэвхи зүтгэл гаргаж, хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар ажил үүргээ гүйцэтгэж байтал ажлын 2 өдрийн дотор асуудал шийдэгдэж, гэнэт ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үндсэн цалин 885 763 төгрөг, зэргийн нэмэгдэл цалингийн 15 хувь буюу 132 864 төгрөг, унааны мөнгө 31 500 төгрөг, хоолны мөнгө 73 500 төгрөг юм. Амаржих газар нь шинээр төрж байгаа нярайг хүлээн авдаг онцлогтой тул нярайн тасгийн эмч, мэргэжилтнүүд нярайд үзүүлэх анхан шатны тусламж, сэхээн амьдруулалт, эмчилгээ, асаргаа сувилгааг зохих стандартын дагуу үнэн зөв үзүүлэх халдвар хамгааллын дүрэм, журмыг хатуу чанд биелүүлвэл зохих онцгой хэсэг юм. Иймээс миний хувьд ахмад туршлагатай эмчийн зүгээс аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, зарим эмх замбараагүй ариутгал цэвэрлэгээг тухай бүрт хэлж, ажил сайжруулах талаар зөвхөн ажлын шаардлага тавьж зарчимч байдлаар ажилласаар ирсэн. Сүүлийн үед зарим асрагч нар үүрэгт ажлаа дутуу хийх, ариутгал агаарын цацлага зэрэг хугацаандаа хийгдэхгүй байгаад ажлын шаардлагыг тавихад хүлээж авахгүй эсэргүүцэж нийлж гомдол гаргасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 09-ний баасан гаригт дарга Л.Ж- нь намайг хүний нөөцийн ажилтнаар дамжуулан өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход хуулийн зөвлөх С.Оюунбилэг уг өргөдлийг танилцуулсан. Дарга Л.Ж- нь дээрэлхүү зандарсан байдлаар харьцаж өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гар гэж тулган дарамталсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу даваа гаригт ёс зүйн хорооны хурлаар байгууллагын удирдлагын багийн хуралд миний асуудлыг хэлэлцэхээр шийдвэр гарсан тул миний бие дахин хурал болох юм байна гэж ойлгож байсан. Гэтэл маргааш өглөө нь хүний нөөцийн албаны дарга Мөнхбат утсаар дуудан ажлаас халсан тушаал танилцуулсан. Иймд Нийслэлийн Х- газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/230 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д-эмч нь Н-т 2003 онооос нярайн их эмч, нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/140 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөж, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар нярайн их эмчээр томилогдон ажиллаж байсан. Өмнө нь Б.Д-эмчийн ёс зүйн харилцаа, хандлагын талаар тасгийн эмч ажилчдаас амаар болон бичгээр өргөдөл, гомдлууд ирж байсан болно. Тухайн үед Б.Д-эмчийг дуудаж, анхааруулан хэлдэг байсан. Тус тасгийн үйлчлэгч Ж.Нарангэрэл, туслах сувилагч М.Навчаа нар нь Х- газрын дарга болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд гомдол гаргасны дагуу Х- газрын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороогоор Б.Д-эмч, туслах сувилагч М.Навчаа, үйлчлэгч Ж.Нарангэрэл нарын өргөдөл, гомдлыг хэлэлцэж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэр, зөвлөмж, саналыг судлан, Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Х- газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/260 дугаар ташаалаар Б.Д-ы хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Нийслэлийн Х- газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийслэлийн Х- газрын дүрмийн 2.6.1, дотоод журмын 13.2.6, хөдөлмөрийн гэрээний 6.2.9, ёс зүйн хэсгийн хорооны шийдвэрийг тус тус үндэслэн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг удаа дараа гаргасан болон хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан байдаг. Б.Д-эмчийн тухайд сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр биш, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг шууд ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтад заасан ноцтой зөрчлүүдийг дурдсан байх бөгөөд 6.2.9-д ажилтны зан харилцаа, ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн хороогоор тогтоогдсон бол үүнийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож ажил олгогч хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг оногдуулахдаа шат дараалан оногдуулна гэсэн зүйл байхгүй, тухайн сахилгын шийтгэлүүдээс сонгож хэрэглэх боломжийг олгосон. Энэ сахилгын шийтгэлийг оногдуулахдаа тухайн зөрчлийн шинж чанар, үүсгэсэн үр дагавраас хамаараад ажил олгогч өөрөө сонгож хэрэглэх эрхийг олгосон заалт. Өнгөрсөн удаагийн ёс зүйн хуралдаан болон сая ёс зүйн хорооны даргын тайлбар дээр Б.Д-эмчийн ёс зүйн зөрчил гэж үзэх болсон гэдэг талаар тайлбарласан. Б.Д-ы ёс зүйгүй харилцаа бусад багийн гишүүддээ дарамт үүсгэж байгууллагын уур амьсгалыг муутгаж байна. Энэ нь үзүүлэх үр дагавар нь өндөр, хүмүүс сэтгэл санааны дарамттай байсны хувьд үйлчлүүлэгчдэд буруу үйлчилгээ үзүүлэх, алдаа дутагдал гаргах нөхцөлийг бий болгосон. Байгууллагын ажилчидтайгаа хэрхэн зөв харилцах тухай заалтууд нь тухайн төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд тодорхой заагдсан. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8.7.7-д эмнэлгийн мэргэжилтэн хүний эрх, нэр төрийг хүндэтгэн нийгэм шударга ёсны төлөө тэмцэн, хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчилнэ гэж, 8.9-д үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтанд оруулахгүй байх, гэж ёс зүйн дүрмэнд тусгагдсан. Үүнийг зөрчсөнийг ёс зүйн хороо шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д-ы Н-т холбогдуулан гаргасан Нийслэлийн Х- газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/230 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2-т ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийи тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг ойлгохоор тусгажээ. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний 6.2-ийг иш татан ноцтой зөрчил гаргасан нь Нийслэлийн Х- газрын ёс зүйн хэсгийн хорооны хурлын шийдвэрээр Б.Д-ыг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж дүгнэн, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд ёс зүйн хэсгийн хорооны хурлаар Б.Д-ы гаргасан үйлдэлд нь сахилгын шийтгэл оногдуулах санал гаргасан байх бөгөөд харин хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж шийдвэрлээгүй болно. Өөрөөр хэлбэл ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байна гэж шийдвэрлэсэн байхад захиргааны зүгээс ноцтой зөрчил гаргасан гэж тогтоосон мэтээр шийдвэрийнхээ үндэслэл болгож заасан нь хурлын шийдвэрийн агуулгыг ажил олгогч өөрт ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн болно. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг оногдуулахдаа тухайн зөрчлийн шинж чанар, үүсгэсэн үр дагавраас хамаараад ажил олгогч өөрөө сонгож хэрэглэх зрхийг олгосон заалт гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээр шүүх өөрөө сахилгын шийтгэл байна гзж үзсэн мөртлөө ноцтой зөрчлөөр гэж халсан үндэслэлтэй байна агуулгын хувьд зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Х- газрын ёс зүйн хэсгийн хорооны хурлаас сахилгын зөрчил гаргасан сахилгын шийтгэл оногдуулах санал гарсан болохоос сахилгын нотцой зөрчил гаргасан болохыг нэрлэн заагаагүй болно. Ёс зүйн хэсгийн хорооны хурлаар Б.Д-ы асуудлыг хэлэлцэх үед ажилтны өөрт нь хууль бусаар гомдол гаргасан тул эрхээ хамгаалан гомдол гаргах эрхийг нь хязгаарлан өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах боломж олгоогүй шийдвэрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон зааж байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Мөн эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 8.9-д үйлчлүүлэгч болон хамтран ажилагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтанд оруулахгүй байх гэж дүрмэнд тусгагдсан байх бөгөөд уг хурлаар Б.Д-дээр дурдсан яг ямар зөрчлийг гаргасан талаар огт дурдаагүй, гомдол гаргасан ажилтан нарыг хэл амаар доромжилсон зүйлгүй, бугуйвчаа асуусны төлөө гүтгэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, үнэн зөвийг ололгүй, ямар учир шалтгаантай болохыг тогтоогоогүй хурлын шийдвэртээ заагаагүй бөгөөд энэ талаар өөрийн эрх ашгаа хамгаалан гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй хурлын шийдвэр нь өөрөө хууль бус шийдвэр гэж үзэхзэр байна. Мөн н.Нарангэрэл, н.Навчаа нар ёс зүйн хэсгийн хороонд гомдол гаргаагүй захиргаанд гомдол гаргасан бөгөөд ямар ч газар гомдол гаргаагүй байхад ёс зүйн хэсгийн хорооны дарга Б.Гантөгс бүртгэж авсан байдаг. Иймд хууль бус шийдвэрийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэр нь өөрөө хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадахгүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д-нь хариуцагч Н-т холбогдуулан тус газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/230 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.9-т Ажилтан зан харилцаа, ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн хорооны болон бусад эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байна. /хх-ийн 2-3-р тал/

 

Нэхэмжлэгч Б.Д-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/230 дугаар тушаалд Х- газрын ёс зүйн хэсгийн хороо-ны шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд анхан шатны шүүх дээрх ёс зүйн хэсгийн хороог холбогдох журмыг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны зан харилцаа, ёс зүйн зөрчлийг тогтоох эрх бүхий ёс зүйн хороо нь ажил олгогчийн шийдвэрт заагдсан хэсгийн ёс зүйн хороо мөн эсэх, буюу ажилтныг ёс зүйн зөрчил гаргасныг эцэслэн тогтоох байгууллага мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Уг асуудлыг тодруулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагаар буюу ёс зүйн хороогоор тогтоогдсон эсэх талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчлийг шалган тогтоох байгууллага нь энэхүү ёс зүйн хэсгийн хороогоор хязгаарлагдаж байгаа эсэх нь тодорхой бус байхад талуудыг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00339 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ