Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01012

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01012

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Д ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н.Х.А холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, С.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 1987 онд Анагаах ухааны дээд сургуулийн ХЭФ-г хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн бөгөөд эрүүл мэндийн салбарт нийт 33 жил үр бүтээлтэй ажиллаж, хүүхдийн эмчийн Тэргүүлэх зэрэгтэй Клиникийн профессор цолтой ахмад эмч хүн. 2003 оноос эхлэн Нийслэлийн хүрээ амаржих газарт нярайн их эмч, нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тэтгэвэрт гарч улмаар үргэлжлүүлэн тус байгууллагад нярайн их эмчээр ажиллаж байсан ба 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ёс зүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар гүтгэн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Миний бие нь тус Нийслэлийн Хүрээ амаржих газарт ажиллаж байх хугацаандаа эмчилгээ үйлчилгээний стандартыг чанд баримталж, халдвар хамгааллын дүрэм журмыг хатуу мөрдөж, хамт олноо зохион байгуулж ажилласан ... тус байгууллагад 17 жил идэвхи зүтгэл гаргаж, хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар ажил үүргээ гүйцэтгэж байтал ажлын 2 өдрийн дотор асуудал шийдэгдэж, гэнэт ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. ... миний хувьд ахмад туршлагатай эмчийн зүгээс аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, зарим эмх замбараагүй ариутгал цэвэрлэгээ дутуу дулимаг хийсэн тухай бүрт хэлж, ажлаа сайжруулах талаар зөвхөн ажлын шаардлага тавьж зарчимч байдлаар ажилласаар ирсэн болно. Сүүлийн үед зарим асрагч нар үүрэгт ажлаа дутуу хийх, ариутгал агаарын цацлага зэрэг зохих хугацаандаа хийгдэхгүй байгаад зохих ажлын шаардлагыг тавихад хүлээж авахгүй эсэргүүцэж нийлж гомдол гаргасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 09-ний баасан гаригт дарга Л.Ж нь намайг хүний нөөцийн ажилтнаар дамжуулан өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход хуулийн зөвлөх Оюунбилэг уг өргөдлийг танилцуулсан. Дарга Л.Ж нь дээрэлхүү зандарсан байдлаар харьцаж өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гар гэж тулган дарамталсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу Даваа гаригт ёс зүйн хорооны хурлаар байгууллагын удирдлагын багийн хуралд миний асуудлыг хэлэлцэхээр шийдвэр гарсан тул миний бие дахин хурал болох юм байна гэж ойлгож байсан. Гэтэл маргааш өглөө нь хүний нөөцийн албаны дарга Мөнхбат утсаар дуудан ажлаас халсан тушаал танилцуулсан ... Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газар-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Д эмч нь тус Хүрээ амаржих газарт 2003 оноос нярайн их эмч, нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 9 сарын 27-ны өдрийн Б/140 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөж улмаар мөн оны 9 сарын 28-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар нярайн их эмчээр томилогдон ажиллаж байсан. ... Б.Д эмчийн ёс зүйн харилцаа хандлагын талаар тасгийн эмч ажилчдаас амаар болон бичгээр өргөдөл гомдлууд ирж байсан, тухайн үед Б.Д эмчийг дуудаад анхааруулан хэлж гаргадаг байсан. Тус тасгийн үйлчлэгч Ж.Нарангэрэл, туслах сувилагч М.Н нар нь Хүрээ амаржих газрын дарга болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд гомдол гаргасны дагуу хуулийн зөвлөх С.О хамт Б.Д эмчтэй уулзаж холбогдох гомдол гаргасан эмнэлгийн мэргэжилтнүүдийг дуудаж уулзаж ярилцсан болно. Хүрээ амаржих газрын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороогоор Б.Д эмч, туслах сувилагч М.Навчаа, үйлчлэгч Ж.Н нарын өргөдөл гомдлыг хэлэлцэж 2020 оны 10 сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэр, зөвлөмж саналыг судлан Эрүүл мэндийн тухай 26-р зүйлийн 26.4-т заасны дагуу Хүрээ амаржих газрын даргын 2020 оны 10 сарын 13-ны Б/260 дугаар тушаалаар Б.Д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын 3-р хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны журам, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, Хүрээ амаржих газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд нийцүүлж гаргасан болно ... Иймд Б.Д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэлийн хүрээ амаржих газрын даргын 2020.10.13-ны өдрийн Б/230 дугаар ажлаас чөлөөлсөн тухай тушаал, иргэний үнэмлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Д Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн үнэмлэхийг гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2018.10.01-ний өдрийн №Б/42 дугаар албан тушаалд томилох тухай, 2014.02.14-ний өдрийн А/16 дугаар дүрэм батлах тухай тушаал, хавсралт, Нийслэлийн хүрээ амаржих газрын даргын 2018.09.28-ны өдрийн Б/141 дугаар Б.Д ажилд авах тухай, 2018.09.27-ны өдрийн Б/140 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, Нийслэлийн хүрээ амаржих газрын дүрэм, орон тооны бүтэц, 2020.10.13-ны өдрийн Б/230 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал, 2017.03.17-ны өдрийн А/05 дугаар хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тушаал, хөдөлмөрийн дотоод журам, 2020.10.12-ны өдрийн №1 дугаар Нийслэлийн хүрээ амаржих газрын Ёс зүйн хэсгийн хорооны хурлын тэмдэглэл, Ёс зүйн хэсгийн хорооны 2020.10.12-ны өдрийн Нийслэлийн хүрээ амаржих газрын даргад хүргүүлсэн Зөвлөмж санал хүргүүлэх тухай шийдвэр, Б.Д, Ж.Н, Н.Н нарын өргөдөл, өргөдлийн бүртгэл хяналтын карт, 2020 оны цалингийн хүснэгт, 2021 оны Ёс зүйн хорооны гишүүдийн цалингийн хүснэгт, Нийслэлийн хүрээ амаржих газраас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд явуулж байсан 2019 оны №1/214, 2020 оны №01/257, мөн газрын даргын 2019.07.05-ны өдрийн №А/31 дугаар Амаржих газрын ёс зүйн хэсгийн хороог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, 2020.10.07-ны өдрийн №Б/225 дугаар тушаал, 2021.10.19-ний 01/311 дугаартай албан бичгийг гаргасан.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу: Хүрээ амаржих газрын даргын 2017 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан нярайн эмчийн ажлын байрны тодорхойлолт, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2018 оны 06 дугаар Ёс зүйн хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт, Эрүүл мэндийн сайдын 2017.06.30-ны өдрийн А/256 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны журам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн хүрээ амаржих газрын ёс зүйн хэсгийн хороог шинэчлэн баталсан 2019 оны А/31 дугаар тушаал, 2021 оны А/43 дугаар тушаалыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигч, хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Нийслэлийн хүрээ амаржих газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулбал:

 Нэг. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газарт 2003 оноос нярайн тасгийн их эмч, нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан ба өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2018.09.27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү хөдөлмөрийн харилцаа хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон боловч талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр амаржих газрын нярайн тасагт их эмчээр 2018.09.28-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллажээ.

 

Хоёр. Ажил олгогч буюу хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газрын даргын 2020.10.13-ны өдрийн №Б/230 дугаар тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хүрээ амаржих газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6.1, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.6, Хөдөлмөрийн гэрээний 6.2.9, Хүрээ амаржих газрын Ёс зүйн хэсгийн хорооны 03 дугаар хурлын 01 дүгээр шийдвэр зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.Д байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх үйл баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газрын даргын 2018.09.27-ны өдрийн №Б/140 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, 2018.09.28-ны өдрийн №Б/141 дугаар ажилд авах тухай, 2020.10.13-ны өдрийн №Б/230 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ. 

 Хөдөлмөрийн тухай хуульд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтаны, эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар, 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл, журмыг тусгасан.

 Хариуцагч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх ба нэхэмжлэгч Б.Д хүнлэг, энэрэнгүй байх, хүндэтгэлтэй хандаж, хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах, ёс зүйн тулгуур зарчмыг баримтлаагүй, хамтран ажиллагсдыг удаа дараа хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх зэрэг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

            Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэлдээ байгууллагын ажилтан болох Ж.Н, Н.Н нарыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх зэргээр зүй бус үйлдэл гаргасан, үүнийг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн болохыг ёс зүйн хорооны хурлаар шалгаж тогтоосон гэж тайлбарласан байна.

            Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд хууль зүйн үндэслэлтэй байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцэх юм.

            Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 сарын 04-ний өдрийн  А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд зааснаар Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа хүнлэг, энэрэнгүй байх; чин үнэнч, шударга байх, хүндэтгэлтэй хандах; хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах хариуцлагатай байх, боловсорч хөгжих ёс зүйн тулгуур зарчмыг баримтална гэж заасан бөгөөд энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан мөрдөж ажиллахаар тусгасан байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13.2 дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно ... 13.2.6 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих, хөдөлмөрийн гэрээний 6.2-т дараах зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд: ... 6.2.9 ажилтны зан харилцаа, ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны болон бусад эрх бүхий байгууллагаар тогтоогдсон ... гэж тусгажээ.

Үүнээс үзэхэд эмнэлгийн мэргэжилтэн, эмч хүн үйл ажиллагаандаа хүнлэг, энэрэнгүй байх, бусдад хүндэтгэлтэй, хүн бүрт тэгш хандах зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү ёс зүйн дүрмийг зөрчих, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн харилцаан дахь ноцтой зөрчил гаргасанд тооцож, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар байгууллагын дотоод дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулжээ.

            Тиймээс Н.Н, Ж.Н нарын байгууллагын захиргаа, ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, Нийслэлийн Хүрээ амаржих газрын Ёс зүйн хэсгийн хорооны 2020.10.12-ны өдрийн №01 тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Д нь эмнэлгийн мэргэжилтэн, эмч хүний ёс зүйн дүрэмд харш, зүй бус үйлдэл буюу хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байна.

            Гэхдээ хариуцагч ажилтныг ажлаас халах тухай шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй буюу нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байхаас гадна ажилтны гаргасан зөрчил ноцтой зөрчил мөн болохыг, цаашлаад энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл мөн болохыг тогтоогоогүй байна.

            Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нярайн тасгийн асрагч Ж.Н, Н.Н нарын гаргасан өргөдлийг хариуцагч Нийслэлийн хүрээ амаржих газрын Ёс зүйн салбар хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх ба тус салбар хорооны 2020.10.12-ны өдрийн №01 дугаар тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсэгт: ... Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн 8.7, 8.9 дахь хэсэгт ... гэж заасныг зөрчсөн байна. Б.Д эмч нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан ч одоо хүртэл ажиллаж байгаа. Залуу үеийн эмч нартаа ажлын байраар хангах боломж олгох тал дээр удирдлага анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Иймд тус албан хаагчдыг ажил олгогчид нь хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын арга хэмжээг хууль заасан зүйл заалтаар хариуцлага тооцуулах саналтай байна гэж тэмдэглэж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хүрээ амаржих газрын даргад явуулсан Зөвлөмж санал хүргүүлэх тухай албан бичигтээ ... иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4-т заасны дагуу нярайн тасгийн эмч Б.Дэлгэрсайханд Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлж байна ... гэжээ.

            Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болох Ёс зүйн салбар хорооны дээрх хурал нь хуульд заасан журмын дагуу гараагүй, хууль, холбогдох дотоод хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

            Учир нь хэрэгт баримтаар авагдсан Нийслэлийн Хүрээ амаржих газрын даргын 2019.07.05-ны өдрийн №А/31 дугаар тушаалаар тус газрын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсан байх ба боловч 2020.10.02-ны өдрийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнд хэсгийн хорооны нарийн бичгийн дарга О.Т оролцоогүй, харин түүний оронд П.Мг оролцуулсан, хариуцагчийн төлөөлөгч үүнийг тайлбарлахдаа ... О.Т ажлаас гарч түүний ажлын байранд П.М түр томилогдсон байсан ... гэжээ.

            Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны журмын 3.1 Хэсгийн хороо нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, хамтын удирдлагын байгууллага байна, 3.11-д Хэсгийн хорооны гишүүнийг орлон ажиллахгүй, 3.14-д Хэсгийн хорооны гишүүний сул орон тоо гарсан тохиолдолд энэхүү журмын 3.2-т заасны дагуу зарлан, нөхөн сонгож салбар хорооны шийдвэрээр томилно гэж тус тус заасан. Ийнхү журамд хэсгийн хорооны гишүүнийг орлон ажиллахгүй, сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн гишүүнийг сонгууль явуулах байдлаар томилохоор заасан байхад албан тушаалын дагуу хууль бус бүрэлдэхүүнтэйгээр ажилтны ёс зүйн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

 

Мөн журмын 2.1.5-д Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд санал тавьж шийдвэрлүүлэх гэж тусгасан.

 

Өөрөөр хэлбэл ёс зүйн хэсгийн хороо ажилтны үйлдлийг ноцтой зөрчил гэж үзсэн тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг ёс зүйн хяналтын хороонд санал тавьж шийдвэрлүүлэхээр журамд зохицуулжээ. Гэтэл хариуцагч ёс зүйн хэсгийн хорооноос энэ талаар шийдвэр гаргаагүй, харин хууль, хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн хариуцлага тооцуулахаар ажил олгогчид санал гаргасан байхад ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэл зааж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй.

 

Харин ёс зүйн хэсгийн хороо нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, журмын 2.1.4-т заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж ажилтанд арга хэмжээ авах саналыг ажил олгогчид хүргүүлсэн гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны №А/256 дугаар тушаалын хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журам-ын 5.11-д Өргөдөл, гомдол гаргагч болон ёс зүйн зөрчилтэй асуудалд холбогдсон эмнэлгийн мэргэжилтэн нь хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор харьяалах дээд шатны хороонд гомдол гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн буюу нэхэмжлэгчийн хуульд заасан гомдол гаргах эрхийг хангахгүйгээр шийдвэр гаргажээ.

Тодруулбал нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг ёс зүйн хэсгийн хорооны хурлаар хэлэлцсэнтэй холбоотойгоор тухайн хэсгийн хорооны шийдвэрт дээрх журамд заасны дагуу гомдол гаргах эрхийг хангалгүйгээр, шийдвэр гарснаас хойш нэг хоногийн дараа ёс зүйн хэсгийн хорооны тухайн шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцласан нь ажил олгогчийн шийдвэр хуульд үндэслэгдэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Д урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

  Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн хүснэгт, хөдөлмөрийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,210,537 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 18 сарын цалин нийт 21,789,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байх хугацааны нийгмийн, болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газраас улсын тэмдэгтийн хураамж 266,898 төгрөг  гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д Нийслэлийн Хүрээ амаржих газрын нярайн тасгийн эмчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газраас ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 21,789,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дэлгэрсайханы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газраас улсын тэмдэгтийн хураамж 266,898 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ЛХАГВАСҮРЭН