Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00648

 

 

 

 

 

 

 

 

 

Я.М-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00420 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.М-гийн хариуцагч Р.Д-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт нийт 9 953 505 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажлын хөлс болон бусад зардалд 2 055 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Р.Д-тэй түрээсийн гэрээ байгуулж, түүнд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 109 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг ажлын байрны зориулалтаар түрээслүүлэхээр тохирсон. Гэрээнд зааснаар ажлын байрыг түрээслэх хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл байсан бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрт 2 600 000 төгрөгийг тухайн сарын 19-ний дотор төлөх үүрэгтэй боловч хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлж байсан тул гэрээг цуцалж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс түрээсийн байрыг чөлөөлсөн. Бид түрээсийн байрыг ашигласан хугацаанд тооцоо нийлэхэд 6 635 670 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тус 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээний 5.7-д түрээслэгч түрээслүүлэгчээс түрээсийн болон холбогдох бусад төлбөр тооцооны нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор төлбөрийг гүйцэтгээгүй бол төлбөр хожимдсон өдөр тутамд төлөөгүй түрээсийн төлбөрийн 0.5 хувиар бодож мөнгөн дүнг түрээслэгчид нэмж төлнө гэж заасан. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 3 317 835 төгрөгийн алдангийг шаардах үндэслэлтэй байна. Иймд, түрээслүүлэгч Я.М-д түрээсийн гэрээгээр олгогдсон шаардах эрхийн дагуу түрээслэгч Р.Д-гээс гэрээний үндсэн үүрэгт 6 635 670 төгрөг, алданги 3 317 835 төгрөг нийт 9 953 505 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах үл хөдлөх хөрөнгийг түрээслэн ажиллаж байсан. Үүнээс өмнө 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрт сарын 2 600 000.00 төгрөгийг төлж, 1 сар 11 хоног ажиллаж байсан. Энэ хугацаанд кафены үйл ажиллагаа явуулахаар тохирч түрээсийн гэрээ байгуулсан боловч тусгай зөвшөөрөл байгаагүй тул Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус шалгалт ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн хугацаа дууссанаас хойш 11 хоногийн хугацаанд ажилласан учраас 11 хоногийн түрээсийн төлбөрт нэмж 954 000 төгрөгийг төлсөн. Нийслэлийн захирагчийн алба, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр 1 сарын хугацаанд ажиллаагүй. Би хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авахын тулд компани байгуулж, албан ёсоор тусгай зөвшөөрөл авч 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл түрээслэн ажилласан. Нийт 1 сар 14 хоногийн түрээсийн төлбөрт 3 554 000 төгрөг төлж, тооцоо нийлээд цаашид тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлээд түрээслэхээ больсон. Намайг гэрээ байгуулсан хүнтэй уулзахаар очиход Сайн ломбардны менежер н.Золбаяртай уулзаж дахин түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Я.М- гэж хүн байгаагүй. Ингээд түрээслэх байраа шалгаад засвар үйлчилгээ хийгдээгүй, барилгын чанар шаардлага хангахгүй байна гэдгийг хэлсэн. Ажиллаж байсан хугацааны түрээсийн төлбөрт 23 154 000.00 төгрөг өгөх ёстой байсан боловч 16 754 000 төгрөгийг төлж, одоо 6 400 000 төгрөгийг төлөөгүй. Тусгай зөвшөөрөлд 750 000 төгрөг төлсөн ба байранд олон удаа засвар үйлчилгээ хийж, зардал гаргасан. Мөн барилгын засвар болон буйдан засварлуулсан төлбөрийг хасаж, 3 000 000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлдээ: Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх үед эд хөрөнгийн өмчлөгч Я.М- гэх хүнтэй уулзаж байгаагүй. Сайн ломбардны ажилтнууд зуучилж, гэрээнд гарын үсэг зуруулсан. Тиймээс үүнийг хөрөнгийн өмчлөгчийн хүсэл зориг байгаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд заавал улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр зохицуулсан. Гэтэл уг гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Энэ нөхцөл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Тиймээс түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээслэн ажиллаж байсан үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авахад кафены зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж хэлсэн. Уг объект нь кафены зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Учир нь, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хоол үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас цэвэр орчинг бүрдүүлэхийг шаардсан. Тухайн шаардлагын хүрээнд Р.Д- нь тодорхой ажлуудыг Р.Батмөнх, Б.О- нараар хийж гүйцэтгүүлсэн. Кафены 4 ширхэг буйданг Р.Батмөнхөөр бүрүүлж засварлуулсны төлбөрт 450 000 төгрөг, ажлын төлбөрт 150 000 төгрөгийг төлсөн. 10 хоног болсон ажлын төлбөр 600 000 төгрөг болсон. Гэвч төрсөн дүү гэдэг утгаар 150 000 төгрөгийг төлсөн. Гадна фасадын ажлыг Нийслэлийн захирагчийн албанаас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн албан тоотын дагуу Б.О- гэх хүнээр хийж гүйцэтгүүлсэн ба ажлын хөлсөнд 170 000 төгрөг төлж, барилгын материалд 285 000 төгрөгийг төлсөн. Хаалганы нугас, цоож, гэрэл зэргийг тогтмол засварлаж байсан. Уг засварт 250 000 төгрөгийг зарцуулсан. Худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түрээслүүлэгч хариуцах ёстой байсан. Гэвч уг тусгай зөвшөөрлийн түрээслүүлэгч хариуцаагүйн улмаас Р.Д- нь 750 000 төгрөг зарцуулан тусгай зөвшөөрлийг авсан. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Я.М-гээс 2 055 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Р.Д-д олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хууль зүйн үндэслэл нь зөрүүтэй байна. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Я.М- тэрхүү обьектыг миний зөвшөөрөлгүй хийгдсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаагүй. Мөн түрээсийн гэрээнд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдсан. Өмнө нь гэрээнд зурагдсан гарын үсгийг түүний гарын үсэг мөн эсэх асуудлаар шинжээч томилуулах талаар яригдаж байсан боловч уг асуудлыг шүүх хүчингүй болгосон. Магадгүй нэхэмжлэгч Я.М-гийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээд байгуулсан тохиолдолд зохих этгээдийн хийсэн хэлцэл байсан гэж яригдах боломжтой. Түрээсийн гэрээг талууд байгуулсан ба ямар нэгэн байдлаар энэ талаар гомдол гаргаагүй. Харин талуудын хооронд ямар харилцаа үүссэн талаарх асуудал яригдах ёстой. Талууд түрээсийн гэрээ байгуулсан ба түрээсэлж байсан обьект нь 28 хүний суудал, 7 ширээ бүхий тохижуулсан 2 өрөө байр байсан гэдгийг хариуцагч нь тайлбартаа дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс түрээсийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Уг обьектын тодорхой хэсгийг 2017 оноос эхлэн бусад этгээдэд түрээслүүлж эхэлсэн бөгөөд хариуцагч Р.Д-тэй байгуулсан түрээсийн гэрээнээс гадна хэд хэдэн этгээдэд түрээслүүлж байсан гэрээнүүдийн хугацаа дуусгавар болоогүй. Үндсэндээ 3 өрөө орон сууцны 2 өрөөг нь хариуцагч Р.Д-д түрээслүүлж, 1 өрөөг нь бусад этгээд буюу ломбардны үйл ажиллагаа явуулж байгаа талаар тэрээр маргадаггүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслүүлэх, хөлслүүлсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг нэхэмжлэгчид үүсдэггүй. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйл, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тухайн гэрээг бүртгүүлэх асуудал яригдахгүй. Хариуцагчийн гаргасан зардал гэх 2 055 000 төгрөгийн тухайд төлбөр төлсөн талаар үйл баримт тогтоогдох эсэх нь тодорхойгүй. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсэгт төлөөлүүлэгч олгосон итгэмжлэлээ хүчингүй болгосон тохиолдолд төлөөлөх харилцаа дуусгавар болох зохицуулалттай. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэлийн үндсэн дээр 2 этгээд хамтран гаргасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч итгэмжлэлээсээ татгалзсан учраас анх олгосон итгэмжлэлийн хүрээнд цаашид үүсэх хууль зүйн үр дагавар дуусгавар болно. Гэтэл энэ асуудлыг авч хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэг явагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь өнөөдрийг хүртэл Р.Д-гийн гарын үсэгтэй сөрөг нэхэмжлэл хэргийн материалд авагдаагүй, зөвхөн н.Очирваань болон өөр нэг этгээдийн гарын үсэгтэй сөрөг нэхэмжлэл байдаг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Р.Д-гээс 6 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 553 505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Р.Д-гийн гаргасан нэхэмжлэгч Я.М-д холбогдох сөрөг нэхэмжлэлээс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2 055 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 210 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын засвар үйлчилгээний буюу 8 ширхэг буйдан бүрэх, барилгын гадна ханыг засварлахад гаргасан 1 055 000 төгрөгийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэжээ. Нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө 8 ширхэг буйданг засан сайжруулсан, түүнийг гардан хийсэн Р.Батмөнх шүүхэд мэдүүлэхдээ материалын зардал 450 000 төгрөг, ажлын хөлсөнд 150 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийг Р.Д-гээс авсан гэх мэдүүлэг, түүнчлэн, хөдлөх эд хөрөнгийн гадна ханын ажлыг хийж гүйцэтгэсэн Б.О- нь материалын зардалд 285 000 төгрөг, ажлын хөлсөнд 170 000 төгрөг хүлээн авснаа илэрхийлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүрдэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 055 000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Я.М- нь хариуцагч Р.Д-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 6 635 670 төгрөг, алдангид 3 317 835 төгрөг, нийт 9 953 505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажлын хөлс болон бусад зардалд 2 055 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Я.М- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 2 600 000 төгрөгөөр, кафе, паб, рестораны зориулалтаар түрээслүүлэх, хариуцагч Р.Д- нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 19-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч Р.Д- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулсан болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-9-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч Р.Д- нь түрээсийн зүйлийг кафе, паб, рестораны зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олох зорилгоор түрээслэхээр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

 

Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг хэлцлийн үндсэн дээр түрээсийн төлбөр болон алданги төлөх үүрэг үүсэхгүй.

 

Хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч Р.Д- нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан этгээд түүнийг буцаах үүрэгтэйгээс гадна Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дах хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгийг ашиглаж олсон үр шимийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч Р.Д-гийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 6 400 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 3 553 505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Ажлын хөлс болон бусад зардалд 2 055 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд тусгай зөвшөөрлийн үнэ болон хаалганы нугас, цоож, гэрэл зураг авахад зарцуулсан зардал гэх нийт 1 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

Харин кафений 4 ширхэг буйданг бүрүүлж засварлуулсны төлбөрт 450 000 төгрөг, ажлын хөлсөнд 150 000 төгрөг, нийт 600 000 төгрөг төлсөн болох нь гэрч Р.Батмөнхийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарах юм. /хх-ийн 161-165-р тал/. Мөн гадна фасадны ажлыг хийж гүйцэтгүүлэхэд хариуцагч Р.Д- нь нийт 455 000 төгрөгийн зардал гаргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Я.М- нь энэхүү нөхцөл байдлыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байх тул хариуцагч Р.Д- нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт зааснаар бусдын хөрөнгөд гаргасан зардлаа нэхэмжлэх эрхтэй байна. /хх-ийн 184-р тал/

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Я.М-гээс 1 055 000 төгрөг гаргуулж, хариуцагч Р.Д-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт зааснаар 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Я.М-гээс 1 055 000 төгрөг гаргуулж, хариуцагч Р.Д-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дах заалтын ... хариуцагчаас 117 350.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэснийг хариуцагчаас 117 350.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 100 070 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалдтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ