Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00647

 

 

 

 

 

 

 

 

 

П.Нямбадрахын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00028 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Нямбадрахын хариуцагч О.Баасансүрэнд холбогдуулан гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Түшигээс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000585 дугаартай, 000663067 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 60 дугаар байрны 25 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 10 000 000 төгрөгөөр худалдан авч өмчлөгч болсон. Тухайн үед М.Түшиг орон сууцандаа түр хүн суулгаж байгаа, ямар нэг маргаан байхгүй тул асуудалгүй чөлөөлж өгнө гэсэн. Мөн уг орон сууцны өмчлөх эрх М.Түшигийн нэр дээр байсан тул итгээд шууд худалдаж авсан. Гэтэл тус орон сууцанд түр амьдарч байсан О.Баасансүрэн хэл ам хийж өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Харин О.Баасансүрэн орон сууцыг залилан авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Орон сууц худалдсан талаар гомдолтой байгаа бол М.Түшигтэй ярих хэрэгтэй. Иймээс О.Баасансүрэнг тус орон сууцнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв энэ орон сууцанд О.Баасансүрэн амьдрах хүсэлтэй байгаа бол одоогийн зах зээлийн ханш 25 000 000 төгрөгөөр зарж болно. Харин 10 000 000 төгрөгөөр авах санал тавьж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь одоо мөнгөний ханш унасан тул эвлэрэх боломжгүй. Энэ талаар эвлэрүүлэн зуучлагчид хандах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Би тус орон сууцанд 10 жил амьдарч байна. Гэтэл нэхэмжлэгч П.Нямбадрах үл хөдлөх хөрөнгө авч байж нэг ч удаа үзэлгүй, дотор нь амьдарч байгаа хүнээс хэний өмч болохыг асуухгүйгээр худалдан авсан байгаа нь бодитоор худалдан авсан эсэхэд хардлага төрж байна. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр М.Түшиг, П.Нямбадрах нар худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа бэлнээр 10 000 000 төгрөг өгсөн гэж байгаа ч мөнгөний эх үүсвэрээ нотлоогүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ нь эрхийн болон биет байдлын доголдолгүй байхыг ойлгодог. Гэтэл бодит амьдрал дээр доголдолтой эд хөрөнгө гэж үзэхээр байна. Тухайн үед уг үл хөдлөх эд хөрөнгийг хэн эзэмшиж ашиглаж байгаа нь эргэлзээтэй маргаантай гэдгийг нэхэмжлэгч П.Нямбадрах мэдсээр байж гэрээ байгуулсан. Үүнийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн О.Хишигдулам банкнаас авсан зээлээ төлж чадахгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг орон сууцаа хураалгах болсон тул 7 500 000 төгрөгөөр худалдан авах саналыг дүү О.Баасансүрэнд тавьсан. О.Баасансүрэн нь 4 500 000 төгрөгийг автомашинаа зараад өгсөн. Одоо үлдэх 3 000 000 төгрөгийг төлөөд орон сууц авахад бэлэн байна. Мөн энэ талаар эгч О.Хишигдулам, хүргэн М.Түшиг нартай ярилцаж тохирсон. Харин нэхэмжлэгч П.Нямбадрахад 25 000 000 төгрөг өгөх боломж байхгүй. Хариуцагч О.Баасансүрэн 10 000 000 төгрөг өгч болох ч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа тул эвлэрэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэргсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Пүрэвцогтын Нямбадрахын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207000585 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000663446 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 60 дугаар байрны 25 тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Очирхуягийн Баасансүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 104 750 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн данснаас, 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч О.Баасансүрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч П.Нямбадрахад олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 2007 онд миний ээж Ш.Бадам нас барахад хамаатан садангийн дунд миний эцэг эхийн өв хөрөнгийг буюу 25 тоот орон сууцыг эгч О.Хишигдуламын нэр дээр шилжүүлж, миний бие тус байранд амьдрахаар, цаашлаад миний нэр рүү шилжүүлэхээр ярилцаж тохиролцсон байдаг. Миний эцэг эхийн гал голомт болсон орон байрт хамгийн бага хүүгийн хувьд би 10 гаруй жил амьдарч байна. Гэвч төрсөн эгч болох О.Хишигдулам өөрийн нэр дээр байсан тус үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаанд тавиад мөнгөө төлж чадахгүйд хүрч үл хөдлөх эд хөрөнгөө алдахад хүрэхэд би 2016 онд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ зарж 4 500 000 төгрөгийг эгчдээ өгч банкных нь төлбөрийг барагдуулж дуусгавар болгоход нь туслалцаа үзүүлсэн. Тухайн үед эгч О.Хишигдулам үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд өр зээлийг төлж барагдуулахад туслалцаа үзүүлсэн болохоор үл хөдлөх эд хөрөнгөө чам руу шилжүүлж өгөхөө амлая гэж тохиролцсон, надтай тохиролцсон болохоор миний бие өөрийн төрсөн эгчдээ итгэсэн, үлдэгдэл мөнгийг нь ч шилжүүлэх талаараа ярилцсан. Чухамдаа тус үл хөдлөх эд хөрөнгөд миний бие 10 гаруй жил амьдарсан, хөрш зэргэлдээ айл өрх, хорооны хэсгийн ахлагчаас авахуулаад бүхий л хүн намайг тус байранд амьдарч байгааг мэднэ, гэрчилнэ. Гэзтэл тус үл хөдлөх эд хөрөнгөөс намайг болон миний гэр бүлийг гаргах нэхэмжлэл ирсэн. О.Хишигдуламыг гэрчээр асуулгахад тухайн эд хөрөнгийг О.Баасансүрэн надад өгөх бодолтой хоорондын тохиролцоо байсан гэдгийг тусгасан, мөн 4 500 000 төгрөгийг авсан талаараа ч дурьддаг. Мөн тус орон сууцыг өөрийн өмч мөн болохыг тогтоолгохоор Налайх дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг хүлээж аваагүй буцаасан нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээнд тухайн эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолгүй байхыг шаарддаг, худалдан авагч тухайн худалдан авч буй эд хөрөнгөө шалгаж авах үүрэгтэй бөгөөд нэг ч удаа ирж үзээгүй. П.Нямбадрах, М.Түшиг нарын байгуулсан гэрээ өөрөө дүр үзүүлэн өөр хэлцэл, ашиг сонирхлыг халхавчлах зорилгоор, хийсэн гэрээ байх боломжтой талаар шүүх харгалзаж үзээгүй. Энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх хүлээж аваагүй нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Гэр бүлийн гишүүд хоорондоо үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхдээ ярилцаж тохиролцож байж шийдвзрлэх ёстой атал дур мэдэн авчихаад тухайн гэрээнүүдээ хууль ёсны мэтээр тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгоод байна. Тухайн эд хөрөнгийг хэний нэр рүү шилжүүлэх гэж байсан талаар, тус эд хөрөнгийг худалдаж авах давуу эрх надад байгаа талаар огтоос дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж, процесс алдаа гаргаж шийдсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхзд буцааж шийдвэрлзж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Нямбадрах нь хариуцагч О.Баасансүрэнд холбогдуулан Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 60 дугаар байр, 25 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг О.Баасансүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус орон сууц нь манай аав, ээжийн өмч, би 10 гаруй жил амьдарсан тул давуу эрхээр худалдан авах эрхтэй гэсэн үндэслэл заан маргажээ.

 

Налайх дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг Д.Батсүхэд өмчлүүлэхээр шийдвэрлэж, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүнээр Ш.Бадамыг бүртгэсэн байна. /хх-ийн 45-47-р тал/. Орон сууцны өмчлөгч Д.Батсүх нь 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нас барсан байх бөгөөд 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцыг түүний охин Ш.Бадам өвлөн авчээ. /хх-ийн 49-51-р тал/. Өвлөгч Ш.Бадам нь 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нас барж, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр тус орон сууцыг түүний охин О.Хишигдулам өвлөн авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 52-54-р тал/

 

Дээрх байдлаар орон сууцны өмчлөгч болсон О.Хишигдулам нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн охин С.Мөнхтуяатай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг С.Мөнхтуяагийн нэр дээр шилжүүлжээ. С.Мөнхтуяа нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр М.Түшигтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх 1 өрөө орон сууцыг 7 000 000 төгрөгөөр худалдсанаар М.Түшиг өмчлөгч болжээ. /хх-ийн 55-58-р тал/.

 

Улмаар М.Түшиг нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч П.Нямбадрахтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг 10 000 000 төгрөгөөр худалдсанаар 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч П.Нямбадрах нь тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч П.Нямбадрахад Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ. /хх-ийн 59-60-р тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.Нямбадрахын өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх бөгөөд уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзэх юм. Иймд нэхэмжлэгч П.Нямбадрах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч О.Баасансүрэн нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон хэдий ч хууль ёсоор буюу гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан бөгөөд хариуцагч О.Баасансүрэн нь уг орон сууцыг эзэмшилдээ байлгах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

 

Иймд гэр бүлийн гишүүдийн өмчийг худалдан авах давуу эрхтэй гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй бөгөөд 25 тоот орон сууцыг хариуцагч О.Баасансүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэх боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 104 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ