Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0039

 

 

 

 

 

 

      М.Гт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                          Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Г.Г, Б.Б

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Гт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт М-н Г,

 

М.Г нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ         аймгийн        сумын      багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” төвийн 3 давхрын караокены өрөөнд иргэн Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр          аймгийн      газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн        багийн хэсгийн байцаагч Б.Б-н шалгаж байсан        дугаартай “Д.Д бусдад зодуулсан” гэх зөрчлийн гомдлыг шалгах явцад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахуулийг       аймгийн        сумын     багийн          дугаар байрын 3 дугаар орцны 00 өрөөнд байх     багийн хэсгийн байцаагчийн албан өрөөнд Б.Б-т өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: М.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

А овогт М-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж,

Шүүгдэгч М.Гт Монгол Улсын хилээр гарах, хэргийн оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100 000 төгрөгийг Улсын орлого болгож, 4 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, үс мэт зүйлийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Г нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо:

 

... /1хх 20 тал/ 2020 оны 03 сарын 17-ны өдрийн, Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,             гэсэн нэртэй 1 бичлэгт үзлэг хийсэн байна. Энэ үзлэг хийсэн тэмдэглэл нь цаг хугацааны хувьд 16 цаг 05 минутад эхэлж 14 цаг 15 минутад дуусгасан байна. Цаг хугацаанаас нь харахад бүтэн 22 цагийн турш ярианы бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн байна. Гэтэл тэмдэглэл дээр бичигдсэнийг харахад хэдхэн минутын бичлэг мэт харагдаж байна. Мөн энэ бичлэг нь ямар эх үүсвэрээс сидинд буугдаж бичигдсэн нь тодорхойгүй, хэдэн минутын бичлэгэнд үзлэг хийсэн нь тодорхойгүй, эх бичлэг мөн эсэхийг тодорхойлоогүй юм. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди бичлэгүүдийг үзэхэд дээрх нэрээр хадгалагдсан, адил нэртэй бичлэг байхгүй байгаа бөгөөд энэ нь энэ бичлэг ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл бүхэлдээ нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт юм. Гэрч Б /эрх бүхий албан тушаалтан/ нь хүний ярианы бичлэгийг нууц далд аргаар бичиж авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

/2 хх 20-24тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дуу адилтгалын шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3219 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын тогтоох хэсгийн 3-т шинжээчид 5 асуулт тавьсан байна. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дуу адилтгалын 3219 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт 4 асуултад хариулсан байна.

Тодруулбал мөрдөгчийн 5 дахь асуулт болох гэрч Б.Б, яллагдагч М.Г нарын дуу хоолой нь бичлэгт дурдагдсан хүмүүсийн дуу хоолойтой тохирч байгаа бол ямар содон шинж тэмдгүүдээрээ тохирч байна бэ гэсэн асуултад шинжээч хариулаагүй байна. Шинжээч нь үндэслэлтэй дүгнэлт гаргахын тулд дуу адилтгал тохирч байгаа бол ямар содон шинж тэмдгээрээ тохирч байгаа, уг шинж тэмдэг дүгнэлт гаргах үндэслэл болсон эсэх талаарх мөрдөгчийн асуултад хариулт өгөөгүй учир үндэслэлтэй, хуульд заасан журмын дагуу бүрдсэн нотлох баримт гэж үнэлж дүгнэх боломжгүй юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6-т “шинжилгээний аргачлал ... шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт”заасныг зөрчсөн байна. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” гэж заасныг мөн адил зөрчсөн байна.

/1хх 31-34 тал/ Гэрч Б.Б-н мэдүүлгийн тэмдэглэл, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэх огноотой атлаа, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.М би 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр,... дор дурдсан хүнээс гэрчийн мэдүүлэг авав. Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Л.Б нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газар руу албан бичиг явуулсан байдаг. Тэгэхээр Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс өмнө мэдүүлэг авсан нь дээрх огноогоор харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагааны журам зөрчсөн байна.

1.4/ 1 хх 16-18 тал/ 2020 оны 03 сарын 17-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх ба үзлэгийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад Цагдаагийн газрын 2 дугаар байрны 305 тоот албан тасалгаанд гэрэл эхлэн явуулав ... гэсэн нь цаг хугацааны хувьд худал бичигдсэн байна. Миний үйлчлүүлэгч М.Гийн үйлдсэн гэж буруутгаж байгаа үйлдэл 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн орой болсон байхад болсон явдлаас өмнө гар утсанд үзлэг хийсэн нь энэ үйл явдлыг болж гэж урьдчилж таамаглаж хийсэн байна. Мөн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд ярианы бичлэг байсан талаар огтхон дурдагдаагүй байна.

1.5 /1 хх 128-131 тал/ 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тухай эрх бүхий албан тушаалтны албан бичигт ямар шинжээч нар томилсон нь тодорхойгүй, зөрчлийн хэргийн оролцогч нарт танилцаагүй, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доош хугацаагаар буюу түр сарниулсан, хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдалт байхыг заасан ба дээрх 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Д.Д-н биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэснийг үзвэл уг дүгнэлт нь илт үндэслэлгүй. Мөн хууль бус бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тухай албан бичгийн дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт хууль бус нотлох баримт байна.

1.6 /1хх 92-93, 105-106, 113-114/ гэрч А.Н мэдүүлэг авсан тэмдэглэлүүд авагдсан байна. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02 цаг 55 минутад эхлүүлж гэрчээр мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12-т заасан “Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно” гэж заасныг зөрчиж согтуу байхад нь мэдүүлэг авсан. Гэрч А.Н-н 2020 оны 03 сарын 16-ний өдөр /92-93тал/, 2020 оны 04 сарын 08-ны өдрийн /113-114 тал/ мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, М.Гийг яг цохиж байхыг хараагүй гэсэн мэдүүлгүүд өгсөн байхад зөвхөн миний үйлчлүүлэгч хохирогч Д-н хоолойг боож байсан гэх мэдүүлгийг хэсэгчлэн авч яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил юм. Мэдүүлгийн нотлох баримтыг үнэлэхдээ бүхэлд үнэлж, бусад нотлох баримтуудтай харьцуулна.

1.7 /1 хх 90-91, 101-104 тал/ Хохирогч Д.Д-с мэдүүлэг авсан тэмдэглэлүүд авагдсан. Хохирогч Д.Д-н мэдүүлгүүдийг харвал мэдүүлгүүд нь гэм бурууг шууд нотлогдоогүй таамаглал төдий өгсөн мэдүүлгүүд байна. Мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, М.Г яг цохисон талаар өгсөн мэдүүлэг байхгүй. Хохирогч нь тухайн өдөр болсон зүйлийн талаар мэдүүлэг бүртээ санахгүй байна, бүдэг санаж байна, мэдэхгүй гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасан тул Д.Д-н мэдүүлгүүдийг үнэлж, нотлох баримтаар тооцохгүй боломжгүй байхад шүүх үнэлж, нотлох баримт тооцсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.11 дүгээр зүйл зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдож байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

/1хх 124-125, 13.0-131 тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байхад шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн атлаа зөрүүтэй болох 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ямар учраас үнэлээгүй, үгүйсгэсэн тухай үндэслэлийн талаар Шүүхийн шийтгэх тогтоолдоо тусгаагүй байна.

/1хх 117-118 тал/ Гэрч Ж.Ц-с мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан. Ц нь “... би 6 тоот өрөөнд ороход 2 эмэгтэй хоорондоо үснээсээ зулгаасан байдалтай байсан. Ширээн дээр байсан эд зүйлийг газраар тараачихсан байсан. Г ах буйдан дээр суучихсан болиоч ээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч М.Г нь мөн адил өрөөнд байсан Д, Н 2 хоорондоо маргалдаж үснээсээ зулгаалцсан талаар мэдүүлдэг. Харин Н, Д нар нь огт өөрөөр мэдүүлэг өгсөн байдаг ба харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэхдээ зөрүүтэй мэдүүлгүүдийг алийг нь яаж үнэлж байгаа, нөгөө гэрч нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж, үнэлээгүй тухайг шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... хэргийн үйл баримт шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь өөрөө хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцсэнгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 20-р талд авагдсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь цаг хугацааны хувьд  эрс зөрүүтэй маш богинохон хугацаанд бичигдсэн мэт харагдана, ямар эх үүсвэрээс хуулбарласан нь тодорхойгүй, яг ямар хугацаанд бичлэг хийсэн нь мэдэгдэхгүй, эх бичлэг нь мөн эсэх нь тодорхойгүй эс сурвалжгүй байх тул энэ бичлэг нь нотлох баримтын шаардлагыг бүхэлдээ хангахгүй нотлох баримт болно.

Гэрч Б нь хүний ярианы бичлэгийг сэм нууц далдалсан аргаар өөрийн гар утсаар бичиж авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 23.3 дахь хэсэгт заасныг маш ноцтойгоор зөрчсөн нь тодорхой байна. Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг нь түүний хууль бусаар хулгайгаар хийж авсан ярианы бичлэгийг тэмдэглэлтэй ноцтой зөрүүтэй байдаг. Бичлэг хийж байгаагаа зориудаар үйлдэж буй цагдаагийн албан тушаалтан Б нь шүүгдэгчийг зориудаар буруутгахыг эртнээс төлөвлөсөн байх талтай.

Ярианы бичлэгийн тэмдэглэлд авагдаагүйг бичлэгээс сонсоход хэсгийн байцаагч Б нь .. би одоо танаас юу хүсэх бэ ... одоо л юу яамаар байна ... гэж ярьсан байдаг. Үүнийг улсын яллагч мэдсэн ч мэдэхийг хүсэхгүй байгаад анхан шатны шүүх анхаарсангүй. Б ... одоо л юу яамаар байна ... гэж өөртөө мөнгө өгүүлэхийг хүссэн нь тодорхой байдаг. Үүний цаана үйл хөдлөлөөрөө хүнээс мөнгө авсан байх боломжтой. Б-н гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... авилгад өртчихлөө ... би одоо яахав гэх мэтээр дарга руугаа утасдаж өөрийгөө олны анхааралд оруулан, цалин мөнгөө нэмүүлэх, шагнал урамшуулал авах гэсэн түүний далд санаа биелж энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад Б нь шагнуулж байсан баримт хэрэгт авагдсан.

Хэрэгт цугларсан баримтын нотолгооны ач холбогдолтой эсэхийг улсын яллагч, онцгойлж анхаарсангүй. Зөвхөн яллах сонирхолдоо хөтлөгдөн яллах талыг баримталж яллах сэтгэл зүйд автагдсанаас хэтрүүлэгтэй энэ хэрэгт шүүгдэгч Гийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан.

М.Гийн ... хувийн эрх чөлөө рүү хэтэрхий довтолсон түүний амьдралын нөхцөл байдлыг дордуулсан хуулиар хамгаалагдсан эрхэнд нь халдаж эцэст нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй хэрэгт буруутган яллаж улмаар анхан шатны шүүх прокурорын сэтгэлгээгээр ял оногдуулж байгаад      аймгийн цагдаагийн эрх бүхий албан тушаалтны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш буруу муу жишиг тогтох магадлалтай.

Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авна нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээсэн байдаг.

Хохирогч Д.Д-н биед хөнгөн хохирогч санаатайгаар учруулсан хэрэг нь нотлогдоогүй. Мөрдөгч Б нь ... гэмтлийн зэргийг захиалж тогтоохгүй. Хохирогчийн эрхийг мөрдөгч зөрчихгүй. Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг заахдаа бусдыг үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заагаагүй орхигдуулсан байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Гт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ...Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д  дүгнэлтдээ: ... Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Г нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Гт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ        аймгийн         сумын        багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” төвийн 3 давхрын караокены өрөөнд иргэн Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр          аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн      багийн хэсгийн байцаагч Б.Б-н      дугаартай “Д.Д бусдад зодуулсан” гэх зөрчлийн гомдлыг шалгах явцад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч М.Гийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

        

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г, Б.Б нар нь “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргасан байна.

 

          Хохирогч Д.Д-н эрүүл мэндэд учирсан “... баруун нүдний алимны доргилт, салст доор цус харвалт, баруун нүдний зөөлөн эдэд цус хуралт ...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч М.Гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Д-н “ ... Г гэдэг хуульч миний гар утсыг булааж аваад өгөхгүй гээд байсан ... болохоор нь найз Н-д хандан чи энэ хүнийг таньдаг учраас миний гар утсыг авч өг гэж уурласан. Тэр үед Н манай найзын гар утсыг буцааж өг гэж хэлэхэд Г гэдэг хуульч манай найз Н-г буйдан руу түлхэж унагаасан. Тэгэхээр нь би утас өг гээд гар утсаа авах гэхэд миний баруун нүд рүү нэг удаа цохиж унагаасан. Хоёр гараараа хоолой боож ухаан алдуулах гэсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж эсэргүүцэхэд зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Дээшээ босох гэхэд үснээс үсдэж буйдан дээр дарж унагаан дахин хоолой боосон. Хоолойгоо боолгоод амьсгалж чадахгүй байсан учраас толгой эргэж манарч байсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх 90 дэх тал/,

 

гэрч А.Н-н “... Д утсаараа хүнтэй ярьсан чинь Г ах булааж аваад өгөхгүй байсан. Д гар утсаа авах гэсэн боловч Г ах утсыг нь өгөхгүй хоорондоо маргалдсан. Би болиочээ гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй, хоорондоо маргалдаад байсан. Г ах Д-н гар утсыг өмднийхөө халаасанд хийчхээд хоолойг нь нэг гараараа боосон. Би салгах гэсэн боловч Г ах зүүн гараараа миний хоолойг боогоод тавихгүй байсан. Би Г ахын гарыг салгахад миний үснээс зулгаасан. Миний үснээс зулгааж байх үед баруун гараараа Д-н хоолойг боогоод байсан. Би Г ахын гараас арай гэж салаад хүн дуудах гээд караокены өрөөнөөс гарахад коридорын хаалга цоожтой байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 105-106, 113-114 дэх тал/,

 

гэрч Б.З-н “... Хувцасны өлгүүрийн хажууд байсан эмэгтэйгээс юу болсон талаар асуухад эрэгтэй нь манай ах, эмэгтэй нь миний найз байгаа юм энэ хоёр хоорондоо маргалдсан гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад караокены өрөөнд уйлж байсан эмэгтэй миний хүзүүг энэ ах боосон, үснээс зулгаасан, толгой хэсэг рүү цохисон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 109 дэх тал/

гэрч Н.Б-н “... юу болсон бэ гэж асуусан чинь ширээний хажууд зогсож байсан эмэгтэй наад залуу чинь наад эмэгтэйг зодчихлоо гэсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 110 дахь тал/,

 

гэрч Д.Д-ны “...Г өмгөөлөгч миний хоолойг боосон, нүд рүү цохисон, өшиглөсөн гэж хэлсэн. Би Г гэдэг хүнтэй уулзаад миний охины үнэмлэх хаана байна гэж хэлэхэд Г надад өгсөн. Би Г гэдэг хүнд миний охины нүд болон хүзүүнд гэмтэл гарсан байна. Эмчилгээ хийлгэмээр байна гэж хэлэхэд миний хаан банкны  данс руу эхлээд 3.000.000 төгрөгийг танихгүй хүний данснаас шилжүүлсэн. Тэрнээс дараа дахиад 2.000.000 төгрөгийг танихгүй хүний данснаас шилжүүлсэн. Нийт 5.000.000 төгрөгийг Г эмчилгээний зардал гэж өгсөн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 119-120 дахь тал/,

 

хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай “...Д.Д-н биед баруун нүдний алимны доргилт, салст доор цус харвалт, баруун нүдний зовхи зүүн гарын шуунд зөөлөн эдэд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний алимны доргилт салст доор цус харвалт, баруун нүдний зөөлөн эдэд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь хэсэгт заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт /1 дүгээр хх 130-131 дэх тал/ болон хохирогч Д.Д-н амбулаториор эмчлүүлсэн карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хохирогч Д.Д, гэрч А.Н нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу тэдний эрх, үүргийг тайлбарлаж, гэрч хохирогч худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан байх бөгөөд хохирогч, гэрч нар нь хэргийн үйл баримтын талаар буюу шүүгдэгч М.Гийн гэм буруутай үйлдлийн талаар удаа дараа тодорхой мэдүүлсэн байна.

 

Мөн шүүгдэгч М.Г нь        аймгийн       сумын     багийн хэсгийн байцаагч Б.Б-н шалгаж байсан     дугаартай “Д.Д бусдад зодуулсан” гэх зөрчлийн гомдлыг шалгах явцад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр түүний албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 100.000 төгрөгийн хахуулийг өгсөн болох нь

 

Б.Б-н гэрчээр өгсөн “ ... 18 цагийн орчим    дугаартай хэргийн холбогдогч М.Г миний өрөөнд ганцаараа орж ирээд чам дээр шалгагдаж байгаа миний зөрчлийн материал юу болж байна, хохирогч нар нь мэдүүлэг өгсөн юм уу гэж асуухаар нь би хохирогч нь эмнэлгээр явж байгаа гэсэн. М.Г надад ахын дүүд юу хэрэгтэй байна, ямар туслалцаа хэрэгтэй байна гэхээр нь надад туслалцаа хэрэггүй гэж хэлсэн чинь дүү викси уудаг уу гэхээр нь би виски уудаггүй гэсэн юм. Тэгсэн чинь М.Г нь халааснаасаа мөнгө гаргаж ирээд ширээн дээр тавиад машиндаа бензин хийчих гэсэн юм. Би авахгүй гэсэн чинь би хүнд хэлэхгүй гэж хэлэхээр нь би хүнээс мөнгө авдаггүй гэсэн чинь М.Г мөнгөө орхиод гарахаар нь би хөөе мөнгөө ав гээд араас нь дуудсан чинь мөнгөө авахгүй гүйгээд гараад явчихсан. 5 ширхэг 20.000 төгрөг буюу 100.000 төгрөг орхиод гараад явсан. Би энэ талаар Хэв журмын тасгийн дарга Б.Э-д гар утсаар мэдэгдэхэд Цагдаагийн газрын жижүүр дуудсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 9-10 дахь тал/,

 

дахин өгсөн ... ажлынхаа өрөөнд сууж байхад миний шалгаж байгаа зөрчлийн хэргийн холбогдогч өмгөөлөгч М.Г нь миний        дугаарын утас руу өөрийнхөө             дугаарын утсаар ярьснаа ахын дүү хаана байгаа юм бэ уулзах гэсэн юм аа гэхээр нь ажлынхаа өрөөнд байна гэж хэлсэн чинь 2-3 минутын дараа ажлын өрөөний гадна шатаар хүн орж ирж байгаа чимээ сонсогдсон тэгэхээр нь би гар утасныхаа дуу хураагуурыг ажиллуулан албаны ширээн дээрээ тавьсан гэтэл хаалга онгойн зөрчлийн хэргийн холбогдогч өмгөөлөгч М.Г орж ирснээ нөгөө хэрэг маань юу болж байна н.Н гэдэг хүн мэдүүлгээ өгсөн үү, Д.Д нь шүүх эмнэлэгт үзүүлсэн үү гэж асуухаар нь би Н-с мэдүүлэг аваагүй, дуудаж уулзаагүй Д.Д гэдэг хүн шүүх эмнэлэгтээ үзүүлээгүй байгаа гэж хэлсэн чинь М.Г миний ширээний хажууд ирснээ ахын дүү чи виски уудаг уу, виски авах уу гэхээр нь би уудаггүй ш дээ авахгүй ээ гэсэн чинь тэрээр манай өрөөний 4 булан руу харснаа танай өрөөнд камер байдаг уу, бичлэг хийж байгаа юу гэхээр нь байхгүй ээ гэсэн чинь баруун халааснаасаа 20.000 төгрөгийн дэвсгэрт гарган ирээд тоолсноо 5 ширхгийг над руу май ахын дүү энэ мөнгөнд бензин хийчих гэхээр нь авахгүй гэсэн чинь энэ өрөөнд хоёулхнаа байна, үүнийг авчих би А-д ч хэлэхгүй гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 31-34 дэх тал/,

 

гэрч Б.Э-н “... 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Онцгой комиссын хурал дээр байж байхад        багийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Б өөрийнхөө          дугаарын утаснаас ярьснаа зөрчлийн холбогдогч өмгөөлөгч М.Г өрөөнд орж ирээд танай өрөө чинь камертай юу гэж асуусан, камер байхгүй гэсэн чинь 100.000 төгрөг гаргаж ирээд ширээн дээр тавиад машиндаа бензин хийгээрэй гэж хэлээд гараад явчихлаа ... гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-38-40 дэх тал/,

 

гэрч Д.Т-н “ ... хэсгийн байцаагчийн өрөөнд хахууль өгөхийг завдсан гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Мөрдөгч цагдаагийн ахмад Ж.А, шинжээч цагдаагийн дэслэгч О.А нарын хамтаар         багийн хэсгийн байцаагчийн өрөөнд очиж хэргийн газрын үзлэгийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.А хийсэн ... Зөрчлийн холбогдогч М.Гийн Б.Б-т хахууль өгсөн гэх 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу төгрөгийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.А хэргийн газрын үзлэгээр хураан авсан ба холбогдох материалыг жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Г-д хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-41-42 дахь тал/,

 

гэрч О.А-н “ ... хэргийн газрын үзлэгийг мөрдөгч цагдаагийн ахмад Ж.А явуулсан би хахуулийн мөнгө болох 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан мөн мөнгөн дээр гарын мөр байгаа эсэх талаар соронзон нунтаг ашигласан. Тэгээд дээрх 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрийг гялгар уутанд хийж битүүмжлэн авсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-43-44 дэх тал/,

 

гэрч Д.А-н “ ... Б.Б-н өрөөнд очиход өмгөөлөгч М.Г зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа юм, гэтэл сая өрөөнд орж ирээд 100.000 төгрөг өгөхөөр нь би авахгүй гэж хэлсэн чинь ширээн дээр мөнгөө орхиод явчихлаа мөнгө нь энэ байна гэж ширээн дээр байгаа мөнгийг зааж байсан. Б.Б-т хахуульд өгсөн гэх 100.000 төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 65-67 дахь тал/ болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөнгөн дэвсгэртийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, бичлэг бүхий сиди, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь хахууль өгөх гэмт хэрэгт тооцогдоно.

Хахуульд өгсөн эд зүйлийн хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэмт этгээд дээрх үйлдлүүдийн аль нэгийг хийснээр энэхүү гэмт хэрэг төгсөх бөгөөд  хахууль өгөх гэмт хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

Гэрч Б.Б нь тухайн цаг хугацаанд “Д.Д бусдад зодуулсан” гэх дугаартай М.Гт холбогдох зөрчлийн гомдлыг шалгаж байсан бөгөөд шүүгдэгч М.Г нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Б-т 100.000 төгрөгийн хахуулийг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасан бөгөөд дээр дурдсан гэрч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байх тул анхан шатны шүүх дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцож хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнээс гадна гэрч Б.Б, шүүгдэгч М.Г нарын хооронд болсон ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч М.Гийн ашигладаг гар утасны дугаараас гэрч Б.Б-н гар утас руу холбогдож ярьсан үзлэгийн тэмдэглэл /2 дугаар хх 68 дугаар тал/ зэрэг нь шүүгдэгч М.Гийн гэм буруутай үйлдлийг давхар нотолсон байх бөгөөд дээрх ярианы бичлэгийг хийсэн гэрч         аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн        багийн хэсгийн байцаагч ажилтай Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй ба Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрэмт хувцас, албаны өрөө, тээврийн хэрэгсэлд дуу-дүрсний бичлэг хийх техник, хэрэгслийг суурилуулан ашиглаж болно” гэж заасан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх ярианы бичлэгт хуульд заасан журмын дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байх ба энэхүү тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3219 дугаартай дүгнэлтээр гэрч Б.Б-н гар утасны RECORD хэсэгт байх              гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярилцаж буй дуу авиа нь харьцуулах загвар авсан Б.Б, М.Г нарын дуу авиатай тохирч байгааг тогтоосон /2 дугаар хх 22/ байна.

Мөн шинжилгээнд хүргүүлсэн           гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь android version: 9 гэсэн үйлдлийн системтэй төхөөрөмжөөр үүсгэгдсэн эх бичлэг болох нь шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх 24/-ээр тогтоогдсон бөгөөд уг бичлэгийн зам, зурваст өөрчлөлт, тасралт илрээгүй байна.

Дээрх дүгнэлтийг шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шинжээч гаргасан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба шүүгдэгч М.Г нь тухайн цаг хугацаанд хэсгийн байцаагч Б.Б-н ажлын байранд очсоноо үгүйсгээгүй бөгөөд харин торгуулийн мөнгө төлөхөөр очсон гэж мэдүүлдэг боловч уг 100.000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр Б.Б-т өгсөн үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шинжээч Ч.Б-н 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт үндэслэлгүй болох нь бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 130-131/-ээр тогтоогдсон, тодруулбал хохирогч Д.Д-н биед учирсан баруун нүдний алимны доргилт, салст доор цус харвалт, баруун нүдний зовхи зүүн гарын шуунд зөөлөн эдэд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Баруун нүдний алимны доргилт салст доор цус харвалт, баруун нүдний зөөлөн эдэд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон байх тул шинжээчийн 298 дугаартай дүгнэлтийг шийтгэх тогтоолд заавал тусгах шаардлагагүй юм.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, яллах болон цагаатгах талын бүхий л баримтуудыг харьцуулан, шинжлэн судалж дүгнэн үзвэл шүүгдэгч М.Гийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г, Б.Б нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдагдсан ” ... хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс өмнө мэдүүлэг авсан нь дээрх огноогоор харагдаж байна ... болсон явдлаас өмнө гар утсанд үзлэг хийсэн, ... хэрэгт авагдсан нотлох баримтуудын огноо зөрүүтэй, ...” гэх хэсгийн тухайд 1 дүгээр хавтаст хэргийн 20, 16-18, 31-34 дүгээр талд авагдсан нотлох баримтуудад огноог бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г, Б.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЦЭЦЭГМАА

               ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР